| Шүүх | Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамдинсүрэнгийн Оюунбат |
| Хэргийн индекс | 107/2019/0081/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/88 |
| Огноо | 2019-08-27 |
| Зүйл хэсэг | 10.6., |
| Улсын яллагч | Б.Оюунцэцэг |
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 08 сарын 27 өдөр
Дугаар 2019/ШЦТ/88
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Оюунбат даргалж тус шүүхийн танхимд нээлттэй явуулж, Нийслэлийн Багануур дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Т-т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1904000010078 дугаартай хэргийг 2019 оны 7 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нарийн бичгийн дарга Б.Баттуяа
Улсын яллагч Б.Оюунцэцэг
Хохирогчийн хууль ёсны
төлөөлөгч Д.Ц-
Хохирогчийн өмгөөлөгч Ш.С-
Иргэний хариуцагч: Багануур ХК-ны
төлөөлөгч С.С-
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Д.О-,
Х.Б-
Шүүгдэгч Д.Т- нар оролцов.
Шүүгдэгч:
Монгол улсын иргэн, 19.. оны .. дүгээр сарын ..-ны өдөр .. аймгийн .. суманд төрсөн, .. настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, оператор, жолооч мэргэжилтэй, энэ хэрэгт татагдах үедээ .. ажилтай байсан, ам бүл ., эхнэр И.У-, 0-.. насны .. хүүхэд нарын хамт .. хороо, .. 15 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, Б- овгийн Д-ийн Т-, РД: /...................../
Прокурорын яллах дүгнэлтэд тодорхойлсноор :
Яллагдагч Д.Т- нь 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Нийслэлийн Багануур дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Багануур” ХК-нд САТ-777 №01 дугаарын авто самосвалын оператор жолоочийн үүрэг гүйцэтгэж уулын 1 дүгээр хэсгийн 1 дүгээр аманд нүүрс ачихаар ухрах үйлдэл хийхдээ Монгол Улсын Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль, Үйлдвэр худалдааны сайдын 2003 оны 98 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Ил уурхайн аюулгүй ажиллагааны нийтлэг дүрэм, “Багануур” ХК-ний захирлын тушаалаар батлагдсан “Автосамосвалын операторын мөрдөх аюулгүй ажиллагааны заавар зэрэг хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас “...........” ХХК-ний хамгаалалтын ажилтан Д.Д-г дайрч, амь насыг нь хохироосон гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Д.Т- мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
“2018 оны 12 дугаар 28-ны өдрийн 16 цаг 30 минутын үед Багануур ХК-ны уулын нэгдүгээр хэсгийн 1 дүгээр аманд САТ-777 01 дугаартай автосамосвалыг жолоодож нүүрс ачуулахаар 114 дугаартай экскаваторын урд зогссон. Миний урд 151 хятачи маркийн автосамасмол нүүрс ачуулж байсан, түүний баруун талд Хово маркийн машин нүүрс ачуулаад зогсож байсан. 151 хятачи нүүрсээ ачуулаад гарахад нь би хөл сигнал өгөөд ухрахын сигнал дуугараад ухрах үед талийгчийг дайрсан байсан. Машины богино долгионы станцаар доор чинь хүн орчихлоо гэхээр нь зогсоох арга хэмжээ авч 50 см орчим урагш хөдөлсөн.. ” гэжээ. Шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй гэв.
/2 хх-н 116-117 дахь тал, шүүх хуралдааны тэмдэглэл/
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Ц-гийн өгсөн:
Талийгаач Д- миний төрсөн ах байгаа юм. Нас барахынхаа урьд орой надтай утсаар яриад би энэ газар 1 сар ажиллачихлаа. Дахиад 1 сар сунгаад ажиллана. Өдөр ажиллаад орой амардаг болохоор гайгүй юм гэж байсан. Маргааш нь буюу 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 16 цагийн үед хэрэг гарсан гэдгийг дүүгээсээ сонсож мэдсэн. Миний ах Д- нь 1970 онд төрсөн, айлын 5 дахь хүүхэд. Одоогийн байдлаар дээрээ 2 эгч, доороо 3 дүүтэй, бага насаа хөдөө мал дээр өнгөрүүлсэн, бүрэн дунд боловсролтой, тракторын жолооч мэргэжилтэй хүн байсан. Миний хувьд хамгаалалтын алба, Багануур ХК, жолооч Т- гуравт маш их гомдолтой байна. Том машин ажиллаж байгаа газарт хамгаалагчаар ажиллуулсан, хамгаалагч ажлын байрандаа заасан ажил үүрэг гүйцэтгээгүй гэж үзэж байгаа юм байна. Тус уурхайд ажиллаж байгаа хүмүүс, хөдөлмөр аюулгүй байдлын тал дээр үнэхээр муу байна. Бид 1000 гаруй километрийн зайнаас байнга ирж очиж зардал их гарсан. Ах маань хөдөлмөрийн чадваргүй дүүгээ гэр бүлтэй нь асрамжилж байсан” гэсэн мэдүүлэг
/1 дүгээр хх 44-47 дахь тал/
Гэрч Д.Э-гийн мөрдөн байцаалтад өгсөн:
“...Би 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 15 цагийн үед Хово маркийн тээврийн хэрэгсэлд нүүрсээ ачуулаад дуусаж байхад САТ-777 том техник орж ирээд миний тээврийн хэрэгслийн хажуугаар ертөнцийн зүгээр зүүн талаар ухарч орж ирэхэд хажууд нь зогсож байсан 22 дугаартай Камацу сигналаа удаан дуугаргаад байхаар нь харахад ухарч байсан САТ-777-ийн зөв талын дугуйн доор ногоон хантаазтай хамгаалалтын ажилтан хэвтэж байхыг харсан. Тэгээд би САТ-777 самосвалын хажуу талаар гүйж очоод чи хүн дайрчихлаа гэж хэлэхэд САТ-777 –ийн жолооч бууж ирээд дайрагдсан байсан хүнийг хараад буцаж очоод орж хөдлөөд урагшаа зогссон юм. САТ-777 D01 маркийн техник ухарч байхдаа сигнал дараагүй юм. Харин 22 дугаартай Камацу сигналаа их удаан дарсан юм” гэх мэдүүлэг /1-хх 58 дугаар хуудас/,
Гэрч Г.Батбилэгийн мөрдөн байцаалтад өгсөн:
“Т- нүүрс ачуулах гээд зогсож байхдаа САТ-ынхаа цонхыг онгойлгоод хамгаалалтын залуутай юм яриад зогсож байсан ба хамгаалалтын залуу нь Т-тэй ярьж байгаад жолоочийн зөв талаар гүйгээд нүүрс ачдаг экскаваторын зүг явсан. Т- нүүрсээ ачуулахаар ухрах үйлдэл хийхэд би хамгаалалтын залууг машины хойно явж байхыг хараад өөрийнхөө машины дуут дохиог тасралтгүй дуугаргасан. Т- ухарч байгаад хамгаалалтын залууг зөв талын хойд дугуйгаар дайраад зогссон” гэсэн мэдүүлэг /1-р хх-54 дэх тал, 2-р хх-107 дахь тал/
Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ Сонгинохайрхан техникийн хяналтын үзлэгийн төвийн 2019 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн 004435 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:
Цогцост хийсэн шүүх шинжилгээний 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 004 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:
“Талийгаач нь 1-р бүлгийн цустай байна. Талийгаач нь нас барах үедээ шинжилгээгээр архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байна. Талийгаач нь дээрх Авто ослын улмаас гэмтлийн шоконд орж нас баржээ. Талийгаачид шинжилгээгээр шууд үхэлд хүргэх өвчин эмгэг тогтоогдсонгүй” гэсэн дүгнэлт, /1-хх 78-79 дүгээр тал/
Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлд:
Үзлэгийг 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 17 цагт эхлүүлэв. Хэрэг учрал болсон гэх газар нь Багануур дүүргийн 3-р хороо Багануур ХК-ний уулын 1 дүгээр хэсэг нүүрс гаргалтын 1 дүгээр аманд болсон байх ба уг амаар орж ирэхэд нүүрс ачих гэж байгаа том оврын ачааны тээврийн хэрэгслүүд ертөнцийн зүгээр баруун хойшоо харж эгнэсэн байдалтай зогссон, түүний хойд талд САТ-777D загварын 01 дугаартай тээврийн хэрэгсэл нь ертөнцийн зүгээр урагш харан зогссон байдалтай байв. Уг тээврийн хэрэгслийн хойд талд доош харсан байдалтай хар хөх өнгийн ажлын хувцас, ногоон өнгийн хантаазтай хэлбэр дүрсээ алдсан бяцарч дарагдсан хүний цогцос, ойр орчим улаан хүрэн өнгийн цус мэт зүйлээр бохирлогдсон байв. .тээврийн хэрэгслийн жолооны хүрдний арын дугуйны дээд хэсэг цус мэт зүйлээр бохирлогдсон байв” гэж тэмдэглэсэн, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх 10 17 дахь тал/
Үйлдвэрлэлийн осол тогтоосон комиссын актын:
Осолдогч Д.Д- нь “Хамгаалалтын ажлын байрны тодорхойлолт”-д заасан үүргийн “Барилга байгууламж болон тоног төхөөрөмж, тээврийн хэрэгслүүдэд хяналт тавих замаар аюулгүй орчинг хадгалж ажиллах” улирлын “Аюулгүй ажиллагааны зааварчилгаа”-ны 5 “Нүүрс мөргөцгүүд, нүүрс буулгасан складууд дээр үүрэг гүйцэтгэж байх үедээ нүүрс ачиж буй экскаватор, ковшноос хол зогсох, нүүрс ачсан технологийн тээврийн хэрэгслүүд болон гадны тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс хол зогсож аюулгүй ажиллагааг хангаж ажиллах” гэсэн заалтуудыг тус тус зөрчин экскаваторын ажлын талбай буюу хориглосон бүсэд дур мэдэн нэвтэрч, ачилтанд орохоор дуут дохио өгөн ухрах үйлдэл хийж байсан технологийн тээврийн хэрэгсэл САТ-777D маркийн №01 автосамосвалын опеоаторын үл харагдах бүсэд орж дайрагдан амь нас хохирсон байна гэсэн дүгнэлт /2-р хх- 69-70 дахь тал/
Шинжээч /Хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагч М.Ууганбаатар/ дүгнэлтдээ:
2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Багануур дүүргийн 3 дугаар хороо Багануур ХК-ийн уулын 1 дүгээр хэсгийн 1 дүгээр аманд гарсан осолд
Талийгаач Д.Д- нь Чинхутаг-Өндөр ХХК-ны Эрчим харуул хамгаалалтын албаны даргын баталсан ажлын байрны тодорхойлолтод зааснаар “нүүрс ачилтын тээврийн хэрэгслийн жолооч нарыг удирдаж хөдөлгөөнийг хянах, дарааллыг сахиулах үүрэгтэй байсан байна. ХАБЭАтХуулийн 18 дугаар зүйлийн 18.2.1 заалтын “Хөдөлмөрийн аюулгүй байдал, Эрүүл ахуйн шаардлага, стандарт, дүрэм, технологийн горимыг чанд мөрдөх” гэсэн, мөн хуулийн 8.2.2 дахь заалтын “хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалтад хамрагдсан байх, хуульд тусгайлан заасан бол шалгалт өгсөн, аюулгүй ажиллагааны зааварчилга авсан байх” гэсэн үүргээ биелүүлээгүй байна.
/1-р хх-88-92 дахь тал/
Тээврийн хэрэгсэлд хийсэн үзлэгийн тэмдэглэлд:
“КАТ гэсэн бичигтэй 01 дугаартай том оврын ачааны техник байх ба хаалга шил 2 талын толь бүрэн бүтэн, урд болон хойд гэрэл дохио бүрэн,ухрах араанд хийхэд дуут дохио ажиллаж 2 цагаан гэрэл асч байв. Сигналийн ажиллагаа хэвийн байв. Тээврийн хэрэгслийн толгойн дээд хэсгээс газар хүртэл 4,98 метр, өргөний хэмжээ 5.40 метр, дугуйны өндөр 2,54 метр, тэвшний урт 7,10 метр, тэвшний өргөн 5,55 метр, тэвшний доод хэсэг 6,10 метр байна. Дугуйнууд бүрэн бүтэн урд дугуй дан хойд дугуй давхар, дугуйны өргөн 160 см, дан дугуй, 70 см байв. Тээврийн хэрэгслийн кабин дотор орж толинд харахад харагдах хэсэг муу байх ба уг тээврийн хэрэгсэл нь 7 араа 4 тоормозтой,хөдөлгүүр удаашруулах, ослын болон гар тоормоз, хөл тоормозтой байв. Ухрахын камергүй байна” гэсэн байна /1-р хх-18-23 дахь тал/
Багануур хувьцаат компаний гүйцэтгэх захирлын 2013 оны Б/100 дугаартай ажилд томилох тухай тушаалд:
“Технологийн автомашины ашиглалтын хэсгийн оператор жолоочийн дагалдан Д.Т-...нарыг 6 дугаар сарын 01-нээс мөн хэсгийн САТ-777 –ийн оператор жолоочоор ажиллуулан цагт ...төгрөгийн цалин олгох” гэсэн байна
/1-р хх-191 дэх тал/
Хөдөлмөрийн гэрээний:
Ажил олгогчийг төлөөлж ТАМАХ-ын дарга ажилтай Н.Болдбат нөгөө талаас ажилтан Д- овогтой Т- нар харилцан тохиролцож энэхүү гэрээг байгуулав. Албан тушаалын нэр нь САТ-777D-ийн оператор...ажилтан Хөдөлмөрийн дотоод журам...хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны зааврууд, Компаний хэмжээнд мөрдөгдөж байгаа бусад заавар журамд заагдсан үүргийг бүрэн биелүүлэх үүрэгтэй...гэсэн тохиролцоо 1-р хх-168-169 дэх тал/
Багануур Хувьцаат компаний гүйцэтгэх захирлын 2018 оны а/190 тоот тушаалын 1-р хавсралтаар баталсан “Автосамосвалын операторын мөрдөх аюулгүй ажиллагааны заавар”-т:
2.3.1 заалт “Оператор нь үйлдвэрлэгчээс өгсөн ашиглалтын зааврын дагуу автосамосвалыг жолоодох бөгөөд хөдөлгөөнийг эхлэх, ухрахаас өмнө хөдөлгөөнд саад болох, аюул эрсдэл учрах хүн болон бусад эд зүйл байгаа эсэхийг сайтар нягтлан аюулгүй байдлыг бүрэн хангасны дараа хөдөлгөөнийг эхэлнэ”
2.3.2 заалт “бусадтай хамтран ажиллах үед гүйцэтгэх ажил үүргийнхээ талаар харилцан ойлголцсон дохио зангааг тохирсон байна” гэж журамласан /1-р хх-177 дахь тал/
Д.Т-ийн согтуурлыг шалгасан тухай
Д.Т-ийг 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 23 цаг 10 минутад драгер багжаар үлээлгэхэд 0.000% гарч байна гэсэн тэмдэглэл Гэрэл зургийн үзүүлэлт / 1 дүгээр хх 27-28 дахь тал/
Улсын яллагч дүгнэлтдээ:
Д.Т-ийг Эрүүгийн хуулийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож 1 жил 6 сарын хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэх саналтай байна гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч дүгнэлтдээ:
Д.Т- нь гэм буруугаа хүлээж, гэмшиж байгаа ба гэм хорын хохиролд 6 000 000 төгрөгийн хохирол төлсөн, анх удаа гэмт хэрэгт холбогдсон. Ар гэрийн байдал нь өөрөө хөдөлмөр эрхэлж гэр бүлээ тэжээдэг, эхнэр нь 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдөр төрсөн нялх биетэй байгаа зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч дүгнэлтдээ:
Улсын яллагчийн саналыг дэмжиж байна. Мөн технологийн автомашин жолоодох эрхийг 2 жилийн хугацаатай хязгаарлах нэмэгдэл ял оногдуулах нь зүйтэй гэж үзэж байна гэв.
Шүүх хэлэлцүүлсэн нотлох баримтууд болон талуудын дүгнэлтийг сонсоод дараах дүгнэлтүүдийг хийж байна. Үүнд:
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Яллагдагч Д.Т- нь “Багануур” хувьцаат компаний САТ-777 №01 дугаарын авто самосвалын операторын үүрэг гүйцэтгэж байхдаа 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 16 цагийн үед Уулын 1-р хэсгийн нүүрс гаргалтын 1-р аманд нүүрс ачихаар ухрах үйлдэл хийхдээ Чинхутаг Өндөр ХХКомпаний хамгаалалтын ажилтан Д.Д-г дайрч амь насыг нь хохироосон байна.
Энэ үйлдэл нь хэргийн газрын үзлэгийн “Багануур дүүргийн ...-р хороо Багануур ХК-ны уулын 1 дүгээр хэсэг нүүрс гаргалтын 1 дүгээр аманд САТ-777D загварын 01 дугаартай тээврийн хэрэгсэл нь ертөнцийн зүгээр урагш харан зогссон байдалтай байв. Уг тээврийн хэрэгслийн хойд талд доош харсан байдалтай хар хөх өнгийн ажлын хувцас, ногоон өнгийн хантаазтай бяцарч дарагдсан хүний цогцос, ойр орчим улаан хүрэн өнгийн цус мэт зүйлээр бохирлогдсон байв...тээврийн хэрэгслийн жолооны хүрдний арын дугуйны дээд хэсэг цус мэт зүйлээр бохирлогдсон байв” гэсэн тэмдэглэл, гэрч Э-гийн “Би 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 15 цагийн орчим Хово маркийн тээврийн хэрэгсэлд нүүрсээ ачуулаад дуусаж байхад САТ-777 том техник миний тээврийн хэрэгслийн хажуугаар ухарч орж ирэхэд зөв талын дугуйн доор ногоон хантаазтай хамгаалалтын ажилтан хэвтэж байхыг харсан” гэсэн мэдүүлэг, гэрч Г.Батбилэгийн “Т- ухарч байгаад хамгаалалтын залууг зөв талын хойд дугуйгаар дайраад зогссон” гэсэн мэдүүлэг, хэргийн газрын үзлэгийн “САТ-777D загварын 01 дугаартай тээврийн хэрэгслийн хойд талд доош харсан байдалтай хүний цогцос байв. Жолооны хүрдний арын дугуйны дээр хэсэг цус мэт зүйлээр бохирлогдсон байв” гэсэн тэмэдэглэл, шинжээч эмчийн “талийгаач нь дээрх авто ослын улмаас гэмтлийн шоконд орж нас баржээ” гэсэн дүгнэлт, нас барсны бүртгэлийн “Монгол улсын иргэн Олохнууд овогтой Догсомжавын Д- нь 2018 оны 12 дугаар сарын 28-нд нас барсныг Улаанбаатар хот Багануур дүүргийн 2019 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн 11000008 дугаарт бүртгүүлсэн“ гэсэн лавлагаа, үйлдвэрлэлийн ослыг тогтоосон актын “Догсомжав овогтой Д- нь 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 16 цаг 05 минутад осолд орсон, амь нас эрсэдсэн” гэсэн дүгнэлт зэрэг баримтуудаар нотлогдлоо.
Д.Т- нь осол гарах үед Ил уурхайн аюулгүй ажиллагааны нийтлэг дүрмийн 16-д “Уул, тээврийн машин механизмын ажиллах зарчим, тэдгээрийн ажлын уялдаа холбоог зохицуулахад дуут болон гэрлэн дохио хэрэглэнэ” гэж заасныг болон Үйлдвэр худалдааны сайдын 2003 оны 93 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Ил уурхайн аюулгүй ажиллагааны нийтлэг дүрэм”-ийн 15-д “Машин механизмыг ажиллуулах, тээврийн хэрэгслийг хөдөлгөхийн өмнө аюулгүй байдлыг сайтар магадлан анхааруулах гэрлэн болон дуут дохиог үзэгдэж, сонсогдохоор өгөх ёстой” гэж заасныг, Багануур хувьцаат компаний захирлын 2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн А/190 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Автосамосвалын операторын мөрдөх аюулгүй ажиллагааны заавар”-ын 2.3.1заалтын “Оператор нь үйлдвэрлэгчээс өгсөн ашиглалтын зааврын дагуу автосамосвалыг жолоодох бөгөөд хөдөлгөөнийг эхлэх, ухрахаас өмнө хөдөлгөөнд саад болох, аюул эрсдэл учрах хүн болон бусад эд зүйл байгаа эсэхийг сайтар нягтлан аюулгүй байдлыг бүрэн хангасны дараа хөдөлгөөнийг эхэлнэ” гэснийг,
2.3.2 заалтын “бусадтай хамтран ажиллах үед гүйцэтгэх ажил үүргийнхээ талаар харилцан ойлголцсон дохио зангааг тохирсон байна” гэснийг тус тус зөрчиж ухрах үйлдэл хийхдээ дуут дохионы /хөл сигнал/ шаардлагыг дагаж биелүүлээгүй байна.
Энэ тухай гэрч Д.Э-гийн “2018 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хэрэг болох үед CAT-777 өөрөө буулгагч техник нь ухрахдаа дуут дохио, сигналаа ажиллуулаагүй” гэсэн мэдүүлэг, гэрч Г.Батбилэгийн “Т- нүүрс ачуулахаар зогсож байхдаа САТ-ынхаа цонхыг онгойлгоод хамгаалалтын залуутай юм яриад байсан ба хамгаалалтын залуу нь Т-тэй ярьж байгаад жолоочийн зөв талаар гүйгээд нүүрс ачдаг экскаваторын зүг явсан. Т- нүүрсээ ачуулахаар ухрах үйлдэл хийхэд би хамгаалалтын залууг машины хойно явж байхыг хараад өөрийнхөө машины дуут дохиог тасралтгүй дуугаргасан. Т- ухарч байгаад хамгаалалтын залууг зөв талын хойд дугуйгаар дайраад зогссон” гэсэн мэдүүлэг зэргээр тогтоогдсон.
Д.Т- нь хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны журамтай зохих ёсоор танилцсан, сургалтад хамрагдсан зэрэг нь аюулгүй ажиллах зааварчилга өгсөн баримтуудаас /2-р хх-7-18 дахь талууд/ харагдаж байгаа ба үйлдвэрлэлийн талбайд эдгээр журмуудын заалтыг зөрчвөл “хүний амь нас, эрүүл мэндэд хохирол учруулна гэдгийг мэдэж анхаарал болгоомжтой байх үүрэгтэй. Т- нь машиныхаа ойролцоо хамгаалалтын ажилтан байх боломж байгааг ухамсарлах боломжтой байсан нь “Т- ачилтад орохоор зогсож байхдаа САТ-ынхаа цонхыг онгойлгоод хамгаалалтын залуутай юм ярьж байгаад хамгаалалтын залуу нь жолоочийн зөв талаар гүйгээд нүүрс ачдаг экскаваторын зүг явсан, ингэж явахдаа дайруулсан тухай гэрчийн мэдүүлгээс харагдаж байна. Иймд оператор жолооч нь анхааруулах хөл дохио өгөх, хамгаалалтын ажилтантай ярьж байхдаа ухрах үед хаана байхыг нь тохиролцох зэргээр аюулгүй ажиллагаанд заасан бүхий л үүргээ биелүүлээгүй ба хамгаалалтын ажилтныг машины ард үл харагдах орчинд ороогүй гэж хөнгөмсгөөр найдсан байна гэж дүгнэлээ.
Иймд Д.Т-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актаар хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний амь насыг хохироосон” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгчийн гэм буруугийн улмаас хохирогч нас барсан бөгөөд хохирогч нь гэр бүлгүй болох нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2019 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн 05/000959 дугаартай лавлагаагаар, хохирогчийн эгч Д.Эрдэнэчимэг ах Д.Эрдэнэбат, дүү Д.Чимэд, Д.Жаргал, Д. Ц- зэрэг хүмүүс байдаг нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын төрөл садангийн тухай лавлагаагаар тус тус тодорхойлогдсон ба ах эгч нарыг нь төлөөлж дүү Д.Ц- нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хохирогчоор тогтоогджээ. Д.Ц- нь өмгөөлөгч Ш.С-тэй өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх гэрээ /2-р хх-74-76 дахь тал/ гэрээ хийжээ.
Хохирогч нас барсны улмаас учирсан гэм хорын хохирлыг авч үзэхэд:
Хохирогчийн ажиллаж байсан байгууллага буюу иргэний хариуцагч болох Чинхутаг Өндөр ХХК-аас Хөдөлмөрийн хуулийн 97 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 97.1.2 дахь заалтад заасан үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас нас барсан ажилтны ар гэрт 36 сарын цалинтай тэнцэх нөхөн төлбөрт есөн сая /9 000 000/ төгрөгийг хохирогч Ц-д олгосон /2-р хх-83 дахь тал/ мөн оршуулахтай холбогдсон бусад зардалд гурван сая /3 000 000/ төгрөг тус тус олгосон нь иргэний хариуцагчийн төлөөлөгч Б.Цог-Эрдэнийн мэдүүлгээр /2-хх-126-127 дахь тал/ нотлогдож байх тул хохирогчийг оршуулах хайрцаг болон бусад материал зардлыг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид төлөгдсөн гэж дүгнэлээ.
Хохирогч талаас хэргийг шүүхэд шилжиж ирэх үед өмгөөллийн хөлс 8 000 000 төгрөг, 2018 оны 12 дугаар сарын 28-наас 2019 оны 1 дүгээр сарын 02-ны өдрүүдэд хувийн машинаар Говь-Алтай аймгийн төвөөс Багануур дүүрэгт ирж буцаж Говь-Алтай аймагт очсон зардал 2 000 000 төгрөг /2-р хх-87 дахь тал/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Ц- 2019 оны 1 дүгээр сарын 27-ны өдрөөс 1 дүгээр сарын 28-ны өдрүүдэд Аяны зам Алтай нийтийн тээврээр Говь-Алтайгаас Багануур ирж очсон зардал 100 000 төгрөг /2-р хх-89 дэх тал/, 2019 оны 3 сарын 22-ны өдрөөс мөн сарын 28-ныг дуустал Говь-Алтайгаас Багануур дүүрэгт ирсэн тээврийн хэрэгслийн шатахууныг зардал 389 900 төгрөг /2-р хх-9091 дэх тал/, тээврийн зардалд нийт 2 489 900 төгрөг, 2019 оны 1 дүгээр сарын 03-ны өдрийн буяны ажилд зарцуулсан хүнсний зардал 3 108 500 төгрөг /2-р хх-94 дэх тал/, 2019 оны 2 дугаар сарын 15-ны өдөр хоног хураахад зарцуулсан 1 535 000 төгрөг /2-р хх-93 дахь тал/, буяны зэдэд зарцуулсан 4 057 500 төгрөг нийт 19 190 900 төгрөгийг иргэний хариуцагч Багануур хувьцаат компанаас нэхэмжилжээ.
Эдгээр зардлаас Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар хохирогчийг оршуулахтай холбогдсон зайлшгүй зардалд 2019 оны 1 дүгээр сарын 03-ны өдрийн хэрэглэсэн 3 108 500 төгрөгийн хүнсний зардал, 2 000 000 сая төгрөгийн унааны зардал тус тус хамаарч байна. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Ц- нь 2019 оны 1 дүгээр сарын 29-ны өдөр Багануур дүүрэг дэх Цагдаагийн газарт ирж хохирогчоор тогтоогдож хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон нь мөрдөгчийн тогтоол, Ц-гийн мэдүүлэг /1-р хх-42-45 дахь тал/, 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдөр Д.Ц-д шинжээчийн дүгнэлт танилцуулсан /1-р хх-119 дэх тал/ зэрэг 489 900 төгрөгийн зардал нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсоны зардалд хамаарч байна.
Харин оршуулгын дараах хоног хураах үеийн хүнсний болон зэдэд зарцуулсан 5 592 500 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг оршуулгын зайлшгүй зардалд хамаарахгүй гэсэн үндэслэлээр, ЭХХШтХ-ийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан өмгөөлөгчийн зардалд Засгийн газрын 2018 оны 161 дүгээр тогтооолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан журмын 2 дугаар зүйлийн 22.6 дахь хэсгийн 2.6.6-д зааснаар “насанд хүрээгүй, төлбөрийн чадваргүй хохирогч”-ийн өмгөөллийн хөлс хамаардаг тул хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Ц-гийн нэхэмжилсэн өмгөөллийн 8 000 00 төгрөгийн хөлс нэхэмжилсэн шаардлагыг нийт 13 592 500 /арван таван сая таван зуун ерэн хоёр мянга таван зуун/ төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон өмгөөлөгч нар нь талийгчийн асрамжид дүү Жаргал болон түүний гэр бүл амьдардаг байсан, Жаргал нь хөдөлмөрийн чадваргүй тухай багийн засаг даргын тодорхойлолт, хөдөлмөрийн чадварын 70 хувийн алдалтыг 2017 оны 5 дугаар сарын 21-ний өдрөөс 2019 оны 5 дугаар сарын 21-ныг хүртэл тогтоосон зэрэг баримтыг /2-р хх-77-78 дахь тал/ ирүүлжээ. Хохирогч дүү Ц-, Чимэд, Жаргал, ах Эрдэнэбат, эгч Эрдэнэчимэг нарын 5 хүн байгаа, тэднийг төлөөлж Д.Ц- хууль ёсны төлөөлөгчөөр томилогдсон, улмаар өмгөөлөгчийн туслалцаа авах гэрээг Д.Ц- хийсэн, Жаргалын хөдөлмөрийн чадвар алдалтын хугацаа сунгагдаагүй зэрэг байдлууд тогтоогдож байгааг харгалзан хохирогч нарыг төлбөрийн чадвартай гэж дүгнэсэн болно.
МУ-ын Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэгт “хөдөлмөрийн гэрээний дагуу үүргээ гүйцэтгэх явцдаа гэм буруутай үйлдэхүйгээрээ бусдад учруулсан Т-ийн гэм хорын хохирлыг ажиллуулж байсан байгууллага болох Багануур хувьцаат компанаас гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгох, Багануур хувьцаат компани нь уг хохирлыг төлсний дараа байгууллагат учирсан хохирлыг гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй” гэж заасан байдаг. Гэвч Багануур ХК-аас гаргуулбал зохих 5 598 400 төгрөгийн шаардлагыг шүүгдэгч Т- шүүх хуралдааны өмнө урьдчилан төлсөн нь хохирогчид тухайн мөнгийг шилжүүлсэн тухай 2019 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн орлогын баримтуудаар тогтоогджээ. Иймд Багануур ХК-д холбогдох 5 598 400 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангасан гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болговол зохино.
Шүүгдэгчийн Эрүүгийн хуулийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэм бурууг үндэслэн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх үндэслэлтэй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасан “хохирогчийн хууль бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн” гэсэн заалтад хохирогчийн “аюулгүй ажиллагааны дүрэм журмыг биелүүлээгүй болон хохирогчийг ажиллуулж байсан Чинхутаг Өндөр ХХК-ний хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны мэдлэг, мэдээллийг хууль тогтооомжийн дагуу хохирогчид олгоогүй байдал, Багануур ХК-ны хууль тогтоомжид заасан тухайн ажлын байранд буюу ачилтын аманд аюулгүй ажиллагааны тэмдэг тэмдэглэгээ хийх үүргээ биелүүлээгүй” хууль зөрчсөн ажиллагаанууд хамаарч байна. Үүнийг Д.Т-т хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцно.
Гэм хор учруулсны зайлшгүй зардлыг шүүгдэгч Д.Т- сайн дураар нөхөн төлсөн, холбогдох хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “хөнгөн” гэмт хэргийн ангилалд хамаарагдсан, шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа зэрэг байдлуудыг үндэслэн шүүгдэгчид ял оногдуулахгүйгээр тэнсэж, тэнссэн хугацаанд тодорхой төрлийн үйл ажиллагаа явуулахыг хориглох буюу уул уурхайн технологийн автомашин жолоодохыг хязгаарлах албадлагын арга хэмжээ авахаар шийдвэрлэх нь зүйтэй.
Шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй зэргийг дурдвал зохино.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ОЮУНБАТ