Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 08 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2025/01388

 

 

*******-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Цогтсайхан даргалж, шүүгч Д.Золзаяа, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 191/ШШ2025/03426 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: *******

Хариуцагч: *******

Нэхэмжлэлийн шаардлага: Алданги 131,969,420 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалан илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1 ******* нь *******-тай 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдөр 22/03 дугаартай Шатахуун худалдах, худалдан авах тухай гэрээ байгуулсан. Гэрээгээр худалдагч ******* нь худалдан авагч *******-д чанар стандартын шаардлагыг хангасан газрын тосны бүтээгдэхүүн, бүх төрлийн шатахуун нийлүүлэх, худалдан авагч ******* нь үнийг төлөхөөр харилцан тохиролцсон.

1.2 Гэрээний 4.7-д худалдан авагч нь шатахууны үнийг гэрээний 4.6-д заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар тооцон худалдагчид алданги төлөхөөр заасан.

1.3 ******* нь 2022 оны 03 дугаар сарын 08-ны өдөр ******* улсын дугаартай автомашинд 143,113,300 төгрөгийн түлш, 2022 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр ******* улсын дугаартай автомашинд 153,781,000 төгрөгийн түлш, 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдөр ******* улсын дугаартай автомашинд 169,915,400 төгрөгийн түлш, 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдөр ******* улсын дугаартай автомашинд 190,587,600 төгрөгийн түлш тус тус худалдан авсан.

Гэтэл ******* нь шатахууныг хүлээн авснаас хойш хуанлийн 30 хоногийн дотор шатахууны үнийг бүрэн төлж барагдуулах үүргээ удаа дараа зөрчсөн. Иймд 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдрөөс 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдөр хүртэл хугацаанд 43,113,300 төгрөг төлөөгүйгээс 7,329,261 төгрөгийн алданги, 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдрөөс 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл 153,781,000 төгрөг төлөөгүйгээс 6,151,240 төгрөгийн алданги, 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдрөөс 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хүртэл 46,894,300 төгрөг төлөөгүйгээс 11,958,047 төгрөгийн алданги, 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хүртэлх хугацаанд 169,915,400 төгрөг төлөөгүйгээс 16,991,540 төгрөгийн алданги, 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд 116,809,700 төгрөг төлөөгүйгээс 584,049 төгрөгийн алданги, 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл 16,809,700 төгрөг төлөөгүйгээс 8,068,656 төгрөгийн алданги, 2022 оны 07 дугаар сарын 16-ны өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл 190,587,600 төгрөг төлөөгүйгээс 77,187,978 төгрөгийн алданги, 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс өнөөдрийг хүртэл 7,397,300 төгрөг төлөөгүйгээс гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиар тооцож 3,698,650 төгрөгийн алданги тооцсон.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг 3,517,793 төгрөгөөр багасгаж, нийт 131,969,420 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1 ******* нь *******-тай 2022 оны 03 дугаар сарын 07- ны өдөр ВГ-22/08 дугаартай Шатахуун худалдах, худалдан авах гэрээ-г байгуулж, шатахуун худалдан авсан. Гэрээний дагуу худалдан авсан шатахууны төлбөрт 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр 100,000,000 төгрөг, 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдөр 150,000,000 төгрөг, 2022 оны 06 дугаар сарын 30, 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрүүдэд 200,000,000 төгрөг, 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 200,000,000 төгрөг тус тус төлж, гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн. Ийнхүү бид *******-аас гэрээний дагуу худалдан авсан шатахууны төлбөрийг төлж үүргээ биелүүлснээр алданги төлөх үндэслэлгүй.

2.2 Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3 дахь хэсэгт зааснаар одоо гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн нь 7,397,300 төгрөг байгаа тул уг үнийн дүнгийн 50 хувь болох 3,698,650 төгрөгийг хүлээн зөвшөөрч, үлдэх 131,969,420 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй.

2.3 Хариуцагчийн хамаарал бүхий компани болох ******* нь -д холбогдуулан эрүүгийн хэргээр шалгагдаж байсан. *******-ийн хувьцааг эзэмшдэг. -ийг 100 хувь гэх хүн эзэмшдэг. нь *******-ийн хувьцаа эзэмшигч байсан тул бүх хамаарал бүхий компаниудын арилжааны банкны дансыг битүүмжлэхээр 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр шийдвэр гарсан. Данс битүүмжлэх тухай Нийслэлийн прокурорын газраас 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 4/3485 дугаартай хариу хүргүүлсэн албан бичиг хэрэгт авагдсан.

*******-тай хамаарал бүхий ч тусдаа компанийн үйл ажиллагаанаас болж хариуцагч компанийн дансыг хаах, шалгагдах тухай таамаглах боломжгүй байсан. -ийн хэрэг нь *******-д хамаагүй болох нь хэрэгт авагдсан Нийслэлийн прокурорын газрын 2022 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 1/2361 дугаартай хариу хүргүүлсэн *******-ийн хувьцаа эзэмшигч, түүний хамаарал бүхий хуулийн этгээдийн хөдлөх хөрөнгө, үл хөдлөх хөрөнгө, арилжааны банкны дансны шилжилт хөдөлгөөнийг хаах тухай албан бичгээр тодорхой болж байна. ******* нь уг хэрэгт шууд хамааралгүй, шүүгдэгч болох *******-ийн хамаарал бүхий компаниудын дансыг хааснаас болж, хариуцагч үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон. Энэ нь Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2 дахь хэсэгт заасан нөхцөлд хамаарч байна гэж үзэж байна.

2.4 Манай компанийн данс 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр хаагдсан, 07 дугаар сарын 01-ний өдөр хүртэл үйл ажиллагаа явуулж байсан тухайд гүйцэтгэх захирал шатахууны төлбөрийг төлж байсан. Мөн бусад авлагатай компаниудаас авлагын оронд төлбөрийг шилжүүлж байсан нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна. Хариуцагчийн зүгээс боломжит аргаар гэрээний үүргийг гүйцэтгэж байсан.

Иймд Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2, 232 дугаар зүйлийн 232.2 дахь хэсэгт тус тус заасны дагуу нэхэмжлэлийн шаардлага 131,969,420 төгрөгийг зөвшөөрөхгүй гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

3.1 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч ******* нь нийт 135,487,213 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын 3,517,793 төгрөгөөс татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6, 222 дугаар зүйлийн 222.2-т тус тус заасныг баримтлан, хариуцагч *******-иас 43,014,137 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 88,955,283 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 59 дүгээр зүйлийн 59.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 835,387 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******-иас улсын тэмдэгтийн хураамж 373,020.68 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******-д олгож шийдвэрлэсэн.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

4.1 Хариуцагч нь шатахууныг хүлээн авсан хэдий ч гэрээний хугацаанд төлбөрөө барагдуулах үүргээ хангалттай биелүүлээгүй. Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2 дахь хэсэгт заасныг Иргэний хуулийн тайлбарт үүргийн зүйл нь төрлийн шинжээр тодорхойлогдох эд хөрөнгө байх үүрэгт уг нийлүүлэх эд зүйлс байхгүй тохиолдолд хугацаанд олж нийлүүлэх үүрэгтэй буюу төрлийн шинжээр тодорхойлогдох мөнгийг төлөх тохиолдолд хариуцагч хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хугацаа хэтрүүлсэн гэж үзэх үндэслэл болохгүй. Цаашлаад тус газар төсөл хөтөлбөр хэрэгжүүлж байснаа зогсоосон талаар бичиж өгсөн байна гэжээ. Харилцааны тухайд авч үзвэл гэрээний хугацааг ямар нэгэн төсөл хөтөлбөртэй хамааралтайгаар гэрээний үүргийг биелүүлэх хугацаа тогтоогоогүй бөгөөд ******* нь ашигт малтмал ашиглалт, ашигт малтмал хайгуулын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компани. Шатахууныг ямар зориулалтаар юунд ашиглахаар авч байгаа асуудал бидэнд хамааралтай биш. Хариуцагч нь дансаа хаагдсанаас хойш шатахуун худалдаж авч байсан ба хамгийн сүүлд 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдөр төлбөрөө төлсөн.

Шүүхээс хариуцагч нь 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдөр төслөө зогсоосон, 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр данс хаагдсан зэрэг мэдээллээ нэхэмжлэгч компанид 2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 16/23 албан бичгээр мэдэгдсэн байна гэжээ. Гэвч тус бичиг нь бид үлдэгдэл төлбөр, алдангиа нэхэмжилж эхлэхэд 1 жил 2 сарын дараа явуулсан бичиг юм.

4.2 ******* нь өөрсдийн данснаасаа төлбөрөө төлж байгаагүй. Хэрвээ данс нь битүүмжлэгдээгүй бол төлөх боломжтой мөнгөтэй байснаа ч нотлоогүй байхад шүүхээс төсөл хөтөлбөр зогссон нь хариуцагчаас хамааралгүй гэж үзсэн нь буруу юм. Прокуророос данс хаахад хүргэсэн бүхий л шийдвэр тогтоол нь *******-ийн хувьцаа эзэмшигч, эцсийн өмчлөгч нарын хүсэл зориг бөгөөд өөрсдийнх нь гаргасан шийдвэрийн үр дүн юм.

Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3 дахь хэсэгт зааснаар хувьцаа эзэмшигч нь хүртэл компанийнхаа өмнө өөрсдийн хувьцааны хэмжээгээр хариуцлага хүлээж байхад манай компани бусад компанийн данс өөрсдийнх нь шийдвэр, үйл ажиллагааны улмаас хаагдаж, өөрсдөө шийдэж төслөө зогсоосонтой шууд хамааралтай байхад манай компанийг гэрээгээр тохиролцсон хариуцлагаа бусад компаниас нэхэмжилж авах эрхгүй гэж дүгнэсэн нь шүүхийн шийдвэр хуульд нийцсэн байх шаардлагад нийцээгүй.

Энэхүү хэрэг маргаан талуудын хооронд үүссэн албан ёсны гэрээтэй, тодорхой нийлүүлэлттэй, хүлээн авсан тухай баримт бүхий нөхцөл байдал байгаа тул эдгээрийг харгалзан анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагаас хэрэгсэхгүй болгосон 88,955,283 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, давж заалдах гомдлыг хангаж өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга:

5.1 Анхан шатны шүүх Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал үүссэн гэж зөв дүгнэсэн. Хугацаа хэтрэхэд хүргэсэн нөхцөл байдал нь хариуцагч компанийн буруугаас болоогүй гэдэг нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогддог. *******-ийн хувьцааг эзэмшдэг. -ийн хувьцааг гэх иргэн эзэмшдэг бөгөөд тухайн иргэн нь *******-ийн хувьцааг эзэмшдэг.

Түүнчлэн, *******-д холбогдох -ийн нэхэмжлэлтэй иргэний хэрэг үүсэж, шалгагдаж байх явцад *******-ийн хувьцаа эзэмшигчийн хөрөнгийг битүүмжлэхээр шийдвэрлэсэн байдаг. Ийнхүү хувьцаа эзэмшигчтэй хамаарал бүхий эд хөрөнгийг битүүмжлэх үед хувьцаа эзэмшигчийн эзэмшиж байсан компани нь ******* байсан учир хамаарал бүхий гэж үзэж манай компанийн эд хөрөнгө болон арилжааны банкны данснуудыг хаасан. Манай компани нь *******-аас тусдаа үйл ажиллагаа явуулдаг компани бөгөөд хувьцаа эзэмшигч нь *******-ийн хувьцаа эзэмшигч байсан. Хариуцагч компани нь *******-д холбогдох эрүүгийн хэрэг үүссэнээр манай компанийн данс хаагдана гэх нөхцөл байдлыг таамаглах ямар ч боломжгүй.

5.2 Дээрх эрүүгийн хэрэг маргаанд манай компани хамааралгүй гэдэг нь хэрэгт авагдсан 2022 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 1/2361 тоот ...*******-ийн хувьцаа эзэмшигчийн хамаарал бүхий компаниудын эд хөрөнгө болон дансны хөдөлгөөнийг зогсоосугай гэх албан бичгээр тогтоогддог. Компанийн эд хөрөнгө болон арилжааны дансны гүйлгээг бүгдийг нь хаасан тул манай компани эд хөрөнгө, тоног төхөөрөмжөө худалдан борлуулах боломжгүй буюу үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх боломжгүй байсан.

Компанийн данс хаагдсанаас хойш буюу 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш болон манай компанид өгөх өглөгтэй байсан хүмүүсээс авах авлагынхаа хүрээнд нэхэмжлэгч тал руу төлбөрөө төлүүлж байсан нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтаар нотлогдоно. Бид өөрт байсан бүх боломжоо ашиглаж нэхэмжлэгчид төлөх төлбөрөө төлж байсан. 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдөр манай компанийн үйл ажиллагаа зогссон. Нэхэмжлэгч тал өмнө нь ямар нэгэн байдлаар алдангийг нэхэмжилж байгаагүй. Анх 2023 оны 09 дүгээр сарын эхээр алдангийн талаар мэдэгдсэний дагуу манай компанийн зүгээс үйл ажиллагаа зогсоох хүртэлх хугацааны алдангийг төлье гэх албан бичгийг 2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр өгсөн. Гэтэл нэхэмжлэгч тал ямар нэгэн хариу тайлбар өгөлгүйгээр буюу ямар нэгэн байдлаар манай компанитай тохиролцолгүйгээр шүүхэд нэхэмжлэл гаргасан байсан.

5.3 Нэхэмжлэгч компани нийт 657,397,300 төгрөгийн түлш нийлүүлснээс манай компани 650,000,000 төгрөгийн төлбөрийг төлсөн ба 7,397,300 төгрөгийн үлдэгдэл төлбөрийн хэмжээнд алданги төлөхөө хүлээн зөвшөөрсөн. Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2 дахь хэсэгт заасны дагуу хугацаа хэтэрсэн нөхцөл байдал нь үүрэг гүйцэтгэгчийн буруугаас болоогүй гэж анхан шатны шүүх зөв дүгнэсэн тул анхан шатны шүүхийн шийдвэрийг дэмжиж байна гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад шийдвэрийг хэвээр үлдээв.

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний алдангид 135,487,213 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагыг 131,969,420 төгрөг болгон багасгасан. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагаас 3,698,650 төгрөг төлөхийг зөвшөөрч, үлдэх хэсгийг эс зөвшөөрч маргажээ.

2.1 Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаас 3,517,793 төгрөгт холбогдох хэсгээс татгалзсан байх тул анхан шатны шүүх нэхэмжлэгчийг 3,517,793 төгрөгөөс татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт нийцсэн байна.

3. ******* болон ******* нь 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдөр 22/03 дугаартай Шатахуун худалдах, худалдан авах гэрээ байгуулж, худалдагч ******* нь худалдан авагч *******-д чанар стандартын шаардлагыг хангасан газрын тосны бүтээгдэхүүн, бүх төрлийн шатахууныг нийлүүлэх, худалдан авагч ******* нь үнийг төлөхөөр харилцан тохиролцсон байна. /хх 6-11/

3.1 Гэрээний дагуу ******* нь 2020 оны 03 дугаар сарын 08-ны өдрөөс 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл 657,397,300 төгрөгийн шатахууныг *******-д нийлүүлсэн. ******* нь гэрээний төлбөрт 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр 100,000,000 төгрөг, 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдөр 150,000,000 төгрөг, 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 100,000,000 төгрөг, 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдөр 100,000,000 төгрөг, 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 200,000,000 төгрөг, нийт 650,000,000 төгрөг төлсөн.

3.2 Анхан шатны шүүх талуудын хооронд худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

4. Хэргийн 66 дугаар талд авагдсан ******* /2022.03-2024.03/ гэх баримтаар ******* нь 43,113,300 төгрөгийн төлбөрийг 34 хоногоор, 153,781,000 төгрөгийн төлбөрийг 8 хоногоор, 46,894,300 төгрөгийн төлбөрийг 51 хоногоор, 169,915,400 төгрөгийн төлбөрийг 20 хоногоор, 116,809,700 төгрөгийн төлбөрийг 1 хоногоор, 16,809,700 төгрөгийн төлбөрийг 96 хоногоор, 190,587,600 төгрөгийн төлбөрийг 81 хоногоор, 7,397,300 төгрөгийг шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл хугацаагаар хэтрүүлсэн болох нь тогтоогдож байна. Төлбөрийг хугацаа хэтрүүлж төлсөн талаар зохигч маргаагүй.

4.1 Гэрээний 4.6-д худалдан авагч нь энэхүү гэрээний 2.1-т заасан нөхцөлөөр авсан шатахууныг хүлээн авснаас хойш хуанлийн 30 хоногийн дотор буюу дараа сарын 25-ны дотор шатахууны үнийг бүрэн төлж барагдуулсан байх үүрэгтэй гэж, 4.7-д худалдан авагч нь шатахууны үнийг гэрээний 4.6-д заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үнийн дүнгийн 0,5 хувиар тооцон худалдагчид алданги төлнө гэж тус тус заасан. Гэрээний 4.6-д заасан алдангийн тохиролцоо нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасанд нийцсэн. Иймд нэхэмжлэгч нь хариуцагчаас алданги шаардах эрхтэй.

5. Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2 дахь хэсэгт Хугацаа хэтрэхэд хүргэсэн нөхцөл байдал нь үүрэг гүйцэтгэгчийн гэм буруугаас болоогүй бол үүрэг гүйцэтгэгчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй гэж заасан.

5.1 Нийслэлийн Прокурорын газрын 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 4/3485 дугаар хариу мэдэгдэх хуудаст ...Тус прокурорын газраас 2022 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн прокурорын зөвшөөрлөөр эрүүгийн дугаартай хэрэгт *******-ийн нэр дээр бүртгэлтэй эд хөрөнгийн болон арилжааны банкнууд дахь дансны шилжилт хөдөлгөөнийг хязгаарлаж шийдвэрлэсэн байна. Улмаар дээрх хэрэгт 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 06 дугаартай яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт Яллах дүгнэлт гардуулсны дараа хэргийн талаар гаргасан хүсэлт, гомдлыг шүүхэд шилжүүлнэ гэж заасан байх тул таны гаргасан гомдлыг Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн болохыг мэдэгдье. гэжээ. /хх 124/

5.2 ******* нь 2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 16/23 дугаар Хүсэлт гаргах тухай албан бичгээр ...2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр хамаарал бүхий компанийн наас авсан зээлтэй холбоотойгоор Авлигатай тэмцэх газрын Мөрдөн байцаах хэлтэс, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хэрэг үүсгэгдэн шалгуулж, манай компанийн нэр дээрх эд хөрөнгө, банкны бүх дансыг битүүмжилсэн учир компанийн дансаар орлого зарлага хийх боломжгүй болж, 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс төслийг зогсоон, өнөөдрийг хүртэл ямар ч үйл ажиллагаа явуулаагүй байна. Иймд гэнэтийн давагдашгүй хүчин зүйлсийн нөлөөгөөр 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хойш хугацаанд үүссэн алдангийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэх хүсэлтийг *******-д хүргүүлсэн. /хх 107/

5.3 Анхан шатны шүүх дээрх үйл баримтыг үндэслэн хариуцагчийн дансны зарлагын хөдөлгөөн хязгаарлагдсан, банкны данс битүүмжлэгдсэнээс орлого, зарлага хийх боломжгүй болсон, хариуцагчийг төслөө зогсоосон, үүргээ гүйцэтгэх боломжгүй болсноо 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдөр мэдэгдсэн гэж дүгнэж, уг хугацаанаас өмнөх хугацааны алданги 43,014,137 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт нийцсэн байна. Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...хариуцагчийн данс өөрсдийнх нь шийдвэр, үйл ажиллагааны улмаас хаагдаж, өөрсдөө шийдэж төслөө зогсоосон байхад нэхэмжлэгчийг гэрээгээр тохиролцсон хариуцлагаа бусад компаниас нэхэмжилж авах эрхгүй гэж дүгнэсэн нь хуульд нийцээгүй гэх давж заалдах гомдлыг хангахгүй.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 191/ШШ2025/03426 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгч талаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 602,726 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах бөгөөд энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦОГТСАЙХАН

 

ШҮҮГЧИД Д.ЗОЛЗАЯА

 

М.БАЯСГАЛАН