| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэргэлэн Энхбаяр |
| Хэргийн индекс | 102/2024/07890/И |
| Дугаар | 210/МА2025/01425 |
| Огноо | 2025-08-25 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 08 сарын 25 өдөр
Дугаар 210/МА2025/01425
*******гийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, шүүгч Т.Гандиймаа, С.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 сарын 14-ний өдрийн 192/ШШ2025/02927 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: *******гийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: ******* ХХК-д холбогдох,
36,089,480 төгрөг гаргуулах тухай тухай иргэний хэргийг нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч С.Энхбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
1.1. Нэхэмжлэгч нь ******* ХХК-д 2018 оны 04 сарын 09-ний өдөр ажилд орж, энэ цагаас ажил үүргээ цаг тухай бүр хангалттай гүйцэтгэн эмч төлөөлөгч, ахлах брэнд менежер, эмч төлөөлөгчийн албаны дарга гэсэн албанд тушаалд дэвшин ажилласаар ирсэн. 2024 оны 05 сарын 06-ны өдөр 10477 дугаартай Хөдөлмөрийн гэрээг шинээр байгуулан ******* ХХК-ийн Захирал албан тушаалд томилогдсон.
1.2. Нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажилтан санаачилж цуцлах эрхтэй гэж зааснаар ажлаас чөлөөлөгдөх хүсэлтэй байгаа талаар анх 2024 оны 08 сарын сүүлээр хүний нөөцийн албаны дарга *******д мэдэгдсэн.
1.3. Улмаар 2024 оны 09 сарын 30-ны өдөр хөдөлмөрийн харилцааг цуцлах мэдэгдлийг бичгээр өгсөн ба ажил олгогчоос 2024 оны 10 сард дагалдан ажиллах хүнийг томилж өгөөгүй. ******* ажилласан хугацаанаасаа эхлэн ажил үүргээ цаг тухай бүр хангалттай гүйцэтгэн хөдөлмөрийн сахилгын шийтгэл нэг ч удаа авагдаж байгаагүй, 2024 оны 07 сард хагас жилийн тайлангаа тайлагнасан. Тухайн сард ажилласан ажлын гүйцэтгэлээ тухай бүрд ажил олгогчоор үнэлүүлж үндсэн цалин 5,000,000 төгрөг, нэмэлт урамшуулал 2,000,000 төгрөгийг cap бүр авч хангалттай сайн ажилласан.
1.4. Нэхэмжлэгч нь 2024 оны 09 сарын 30-ны өдөр хөдөлмөрийн харилцааг цуцлах мэдэгдлийг бичгээр өгснөөр Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.2 дахь хэсэгт зааснаар хөдөлмөрийн харилцааг цуцлах үндэслэл бүрдсэн.
1.5. Харин ******* ХХК өнөөдрийг хүртэл миний хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгох шийдвэрийг гаргалгүй Хөдөлмөрийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.3, 83.4, 83.5, 83.6 дах заалтыг зөрчсөн. ******* ХХК-ийн дээрх хууль бус үйлдлээс миний ажилласан хугацааны цалин, ээлжийн амралтын цалин, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэл төлөлт тасалдсан, үл өрсөлдөх гэрээний олговор авах эрх ноцтойгоор зөрчигдсөн, хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон шийдвэр гаргаагүйн улмаас ажилгүйдлийн тэтгэмж авах эрх зөрчигдөх нөхцөл бүрдсэнд гомдолтой байна.
1.6. Хөдөлмөрлөх эрх зөрчигдсөн асуудлаар Баянгол дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороо, хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс улсын байцаагчид хандан гомдол тус тус гаргасан. Баянгол дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны хурлаар 2024 оны 11 сарын 19-ний өдөр хуралдах үеэр ажлаас чөлөөлөх болон 2024 оны 10 сарын 01-ний өдрөөс 2024 оны 10 сарын 30-ны өдрийн хүртэлх хугацааны цалин хөлсийг олгож шийдвэрлэсэн ба тус хурлын тэмдэглэлийг 2024 оны 11 сарын 29-ний өдөр гардан авсан.
1.7. Иймд 2024 оны 11 сарын 01, 04, 05-ны өдрийн цалин 2024 оны 11 сарын 18-ны өдрийн цалин, 2024 оны 11 сарын 19-ний өдрийн цалинд нийт 1,468,665 /1 өдрийн цалин 2024 оны 10 дугаар сарын дундаж цалин 293,733 төгрөг/ төгрөг, 2024 оны 11 сарын 01, 04, 05-ны өдрийн цалин 2024 оны 11 сарын 18-ны өдрийн цалин, 2024 оны 11 сарын 19-ний өдрийн цалинд хамаарах нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийлгэхийг даалгах, 9 хоногийн ээлжийн амралтын цалин 2,209,835 төгрөг, үл өрсөлдөх нөхцөлийн дагуу олговор 32,410,980 төгрөг нийт 36,089,480 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн хариу тайлбарын агуулга:
2.1. ******* нь 11 сард 4 өдөр ажилласан буюу цаг бүртгэлийн системд өөрийнх нь цагаа бүртгүүлсэн баримт байгаа болно. Ажилласан 4 өдөр буюу 32 цагт ногдох цалин /1,000,000/ төгрөгийг 2025 оны 01 сарын 06-ны өдөр олгоно.
2.2. Ажилласан хугацаанд нь ногдох ээлжийн амралтын мөнгийг ажлаас чөлөөлөх тушаалд заасны дагуу 9 хоногоор тооцож ногдох /2,928,801.33/ төгрөгийг 2025 оны 01 сарын 06-ны өдөр олгоно. Дээрх бодогдсон цалин болон ээлжийн амралтын мөнгөн дүнгээс хувь хүний орлогын албан татвар, нийгмийн даатгалын шимтгэл тус тус суутгаж нийт /3,129,290/ төгрөгийг гарт олгох болно. ******* нь 47.1 заалтаар ажил олгогчтой харилцан тохиролцож энгийн хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байсан.
2.3. *******тэй Хөдөлмөрийн тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1 дэх хэсэгт зааснаар Онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй болно. *******тэй онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.1 дэх хэсэгт заасан нэмэлт нөхцөл бүхий даалгах гэрээг ажилтантай байгуулаагүй мөн нэмэлт үл өрсөлдөх үүрэг хүлээлгээгүй болно.
2.4. Иймд *******тэй байгуулсан энгийн хөдөлмөрийн гэрээнд Хөдөлмөрийн тухай хуулийн 72 дугаар зүйлийг тусгаагүй, ашиглаагүй болно. ******* нь Хөдөлмөрийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.2 дахь хэсэгт зааснаар ажлаа хүлээлгэж өгөөгүй тул ажлаа хүлээлгэж өгөх болон тойрох хуудсаа зуруулж дуусгах тухай мэдэгдлийг хүргүүлж байсан болно гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Хөдөлмөрийн тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1-т заасныг баримтлан 32,410,980 төгрөг гаргуулах нэхэмжлэгч *******гийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 408,597 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлын агуулга:
4.1. Хөдөлмөрийн гэрээ болон түүний хавсралтад дурдсан нууцын баталгаа баримт бичигт үл өрсөлдөх гэрээний нөхцөлийг тусгасан бөгөөд ажил олгогч гэрээний үүргээ биелүүлж нөхөн төлбөр олгох үүрэгтэй.
4.2. 2024 оны 05 сарын 06-ны өдөр 10477 дугаартай Хөдөлмөрийн гэрээнд ******* ХХК-ийн өрсөлдөгч ******* группийн харьяа охин компани, хувь нийлүүлсэн компани, ******* ХХК, ******* ХК, ******* ХХК, ******* ХХК, ******* ХХК, *******ХХК, ******* ХХК-ийн охин болон оролцоотой компаниудад 5 жилийн хугацаатай ажиллахыг хориглоно гэж тусгасан. Дээрх заалтын 5 жилийн хугацаатай гэсэн хэсэг нь Хөдөлмөрийн тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3 дахь хэсэгт заасныг зөрчсөн.
4.3. Харин Хөдөлмөрийн тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.4 дэх хэсэгт Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болсноос хойш үл өрсөлдөх нэмэлт нөхцөл, эсхүл дагалдах гэрээ үйлчлэх хугацаанд ажил олгогч ажилтанд хамгийн сүүлийн сарын цалин хөлснийх нь 50-аас доошгүй хувийн олговрыг cap бүр олгоно гэж зохицуулсан.
4.4. Хөдөлмөрийн гэрээ хүчин төгөлдөр бөгөөд ажил олгогч хөдөлмөрийн гэрээг шинэчлэн байгуулах эрх эдлээгүй нь хөдөлмөрийн гэрээнд тусгасан үл өрсөлдөх гэрээний үүргээс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй.
4.5. Хөдөлмөрийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.4-т Хөдөлмөрийн хууль тогтоомжид нийцсэн хамтын гэрээ, хамтын хэлэлцээр, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээг холбогдох талууд дагаж мөрдөх үүрэгтэй., 2.5-д Энэ хуулийн 2.3-т заасан хөдөлмөрийн эрх зүйн хэм хэмжээ тогтоосон актууд хоорондоо зөрчилдвөл ажилтанд илүү таатай нөхцөлийг олгосон зохицуулалтыг хэрэглэнэ гэж, Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1-д ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн өөрчлөх, цуцлах, дуусгавар болгох эрхийг Ажил олгогч эдэлнэ, 43.2.10-д хөдөлмөрийн гэрээг цуцлах, эсхүл дуусгавар болгож байгаа үндэслэлээ тайлбарлаж танилцуулах үүргийг ажил олгогч хүлээхээр зохицуулсан.
4.6. 2024 оны 05 сарын 06-ны өдөр 10477 дугаартай Хөдөлмөрийн гэрээг Хөдөлмөрийн тухай хуульд нийцүүлж өөрчлөх эрхийг хариуцагч болох ажил олгогч ******* ХХК эдлэх эрхтэй бөгөөд энэ эрхээ хэрэгжүүлээгүй үндэслэлээр ажилтанд нөхөн олговор олгох үүргээс чөлөөлөгдөх үндэслэлгүй.
4.7. Түүнчлэн туршилтын хугацааны гэрээг өөрчлөх, дуусгавар эсэхийг ажилтанд танилцуулах үүргийг хариуцагч ******* ХХК Хөдөлмөрийн тухай хуулиар хүлээсэн тул ажилтанд үл өрсөлдөх гэрээний нөхөн олговор татгалзах үндэслэлгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэгчийн гаргасан үл өрсөлдөх нөхцөлийн дагуу олговор 32,410,980 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.
5. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч талын тайлбарын агуулга:
5.1. Онцгой нөхцөл бүхий гэрээг заавал онцгой нөхцөлт гэрээ болохыг нь тодруул гэж хууль тогтоогч хуулиар зохицуулсан нь тодорхой эрх үүргийг зааглах эрх зүйн ач холбогдолтой юм.
5.2. *******гийн хувьд ажиллаж байгаа байгууллагынхаа тодорхой мэдээллүүдийг авч байгаа. Тиймээс энэ нь онцгой, нууц хадгалалтын гэрээ болон нууцын баталгаатай эсэхээс үл хамааран байгууллагын нууцаар хамгаалагдаж байх ёстой асуудал юм. Түүнээс биш энэ байгууллагуудад ажиллахгүй, өрсөлдөхгүй гэх зохицуулалтыг гэрээнд тусгайлан оруулж өгөөгүй.
5.3. Энэ нь энгийн хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр хийгдэж байгаа ажиллагаа учир онцгой нөхцөлтэй хөдөлмөрийн гэрээ гэж үзэлгүйгээр нэхэмжлэлийн шаардлагыг хангахгүй шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* ХХК-д холбогдуулан үл өрсөлдөх нөхцөлийн олговор 32,410,980 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нь ... *******тэй Онцгой нөхцөл бүхий үл өрсөлдөх гэрээ байгуулаагүй ... гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргажээ.
3. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмаар үнэлээгүй алдаа гаргаснаас онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээ байгуулагдаагүй гэж дүгнэж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн алдаа гаргасныг залруулж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангана.
3.1. ******* ХХК-ийн захирлын 2024 оны 05 сарын 06-ны өдрийн тушаалаар *******г ******* ХХК-ийн захирлын албан тушаалд томилсон байна.
3.2. *******тэй 2024 оны 05 сарын 06-ны өдөр Хөдөлмөрийн гэрээ болон Эд хөрөнгийн хариуцлагын гэрээг тус тус байгуулж, нууцын баталгааг гаргуулсан.
3.3. ******* ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2024 оны 11 сарын 13-ны өдрийн Б-7/008 дугаартай *******г ажлаас чөлөөлөх тухай тушаалын 1 дэх заалтаар ... ******* ХХК-ийн захирал албан тушаалтай *******ын *******г 2024 оны 11 сарын 22-ны өдрөөр тасалбар болгон, үүрэгт ажлаас нь чөлөөлсүгэй гэж Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.9, 79 дүгээр зүйлийн 79.1, Компанийн Хөдөлмөрийн дотоод журмын 10 дугаар зүйлийн 10.12, Ажил хүлээн авах, хүлээлцэх, үүрэг хариуцлагыг шилжүүлэх журмын 3 дугаар зүйлийн 3.3, 4 дүгээр, 5 дугаар зүйл, ажилтан *******гийн 2024 оны 09 сарын 30-ны өдрийн өргөдлийг тус тус үндэслэн *******г ажлаас нь чөлөөлжээ.
3.4. Нэхэмжлэгч нь ... Хөдөлмөрийн тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3 дахь хэсэгт зааснаар үл өрсөлдөх гэрээ байгуулсан тул олговор 32,410,980 төгрөг гаргуулна гэж, хариуцагч нь ... үл өрсөлдөх нэмэлт гэрээ байгуулаагүй ... гэж тус тус тайлбарласан байна.
3.5. Талуудын хооронд байгуулсан Нууцын баталгаа-нд ... ажилтан нь хөдөлмөрийн гэрээг цуцалснаас хойш эрхэлж байсан ажил үүрэгтэй нь холбоотой өрсөлдөгч ******* группийн харьяа охин компани, хувь нийлүүлсэн компани, ******* ХХК, ******* ХК, ******* ХХК, ******* ХХК, ******* ХХК, *******ХХК, ******* ХХК-ийн охин болон оролцоотой компаниудад 5 жилийн хугацаанд ажиллахыг хориглоно гэж *******гээр гарын үсэг зуруулжээ.
Хөдөлмөрийн гэрээний 9.2-д ... нууцын баталгаа нь гэрээний хавсралт, салшгүй бүрэлдэхүүн хэсэг бөгөөд эдгээрийг хүлээн зөвшөөрсөн болно гэж талууд тохиролцсон байна.
Дээрх тохиролцоо нь Хөдөлмөрийн тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.1 дэх хэсэгт заасан ажилтан өөрөө ажил олгогчтой шууд өрсөлдөх үйл ажиллагаа эрхлэхгүй байх тухай үүрэг хүлээх нэмэлт нөхцөлийг хөдөлмөрийн гэрээнд тусгасан гэж үзнэ.
3.6. Хөдөлмөрийн тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3, 72.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч байгууллагаас үл өрсөлдөх нэмэлт нөхцөлийн олговорт 32,410,980 төгрөг /нэг сарын дундаж цалин хөлс 5,401,830 төгрөгийн 50 хувиар 2,700,915 төгрөг*12=32,410,980/ шаардах эрхтэй.
4. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 сарын 14-ний өдрийн 192/ШШ2025/02927 дугаар шийдвэрийн
тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Хөдөлмөрийн тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ******* ХХК-аас 32,410,980 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******д олгосугай. гэж,
тогтоох хэсгийн 2 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 408,597 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 320,005 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******д олгосугай гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 320,005 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЦЭНД
ШҮҮГЧИД Т.ГАНДИЙМАА
С.ЭНХБАЯР