Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 08 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2025/01436

 

 ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Цогтсайхан даргалж, шүүгч Ч.Мөнхцэцэг, С.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 сарын 12-ны өдрийн 192/ШШ2025/05072 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: *******ад холбогдох,

Ажил гүйцэтгэх гэрээнээс учирсан хохиролд 175,392,477 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг зохигчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч С.Энхбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Минжин нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. ******* ХХК нь *******тай 2024 оны 03 сарын 27-ны өдөр ******* тоот хаягт байршилтай, амины орон сууцны дотор заслын ажлыг хийж гүйцэтгүүлэхээр харилцан тохиролцож, ажлын хөлс нийт 125,018,720 төгрөг байхаар харилцан тохиролцож, гэрээ байгуулсан.

1.2. Манай компанийн зүгээс гэрээний үүргийн дагуу 2024 оны 04 сарын 02-ны өдөр 14,429,370 төгрөг, 2024 оны 05 сарын 06-ны өдөр 31,249,307 төгрөг, 2024 оны 05 сарын 21-ний өдөр 4,300,000 төгрөг, 2024 оны 07 сарын 05-ны өдөр 20,000,000 төгрөг, 2024 оны 07 сарын 08-ны өдөр 10,000,000 төгрөг, нийт 79,978677 төгрөгийг ******* руу шилжүүлсэн.

1.3. Гэтэл ******* нь ажлын хөлсөө авчхаад 2024 оны 07 сарын 26-ны өдрөөс эхлэн ямар нэгэн шалтгаан хэлэхгүй алга болж, хийсэн ажлаа хүлээлгэж өгөхгүй, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, ажлаа хаяж манай байгууллагыг хохироосны улмаас өөр иргэн, байгууллагаар тус ажлыг хийж гүйцэтгүүлэх шаардлагатай болсон

1.4. *******ын хийж гүйцэтгэсэн ажлыг ******* ХХК-аар үнэлгээ тогтоолгоход 31,786,200 төгрөгийн дотор заслын ажил хийж гүйцэтгэсэн гэсэн дүгнэлт гаргасан. Иймд *******аас дотор заслын ажил гүйцэтгэх гэрээний дагуу илүү төлсөн 48,192,477 төгрөг, хөрөнгийн үнэлгээ хийлгэсэн 1,700,000 төгрөг, нийт 49,892,477 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн хариу тайлбарын агуулга:

2.1. ******* миний бие ******* ХХК-ийн барилгад дотор заслын ажил гүйцэтгэх явцдаа барилга хариуцсан инженер н.*******ы удирдлага, хяналт дор үйл ажиллагаа явуулж түүний гаргасан график төлөвлөгөөгөөр ажил хөлс санхүүжилтээс авч байсан.

2.2. Мөн биднийг ажиллаж байх хугацаанд нэг ч удаа энэ чанарын шаардлага хангаагүй, муухай болсон байна гэж хэлж байгаагүй. Мөн ажлын гүйцэтгэлийн төлбөрийг тухайн байгууллагын инженер болон хяналтын ажилтны зөвшөөрлөөр тэдний график төлөвлөгөөнд хүрсэн тохиолдолд авдаг байсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.1-д заасныг баримтлан хариуцагч *******аас 44,501,864 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 5,390,613 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 105.5-д зааснаар нэхэмжлэгч ******* ХХК нь нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага 125,500,000 төгрөгөөс татгалзсан болохыг баталж, холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,187,862 төгрөгийн 795,137 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 392,725 төгрөгийг, хариуцагч *******аас 380,459 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. Гэрчийн мэдүүлэг, хариуцагчийн тайлбарыг үнэлэхэд гэрч нь *******ын ажил нь 60-65 орчим гүйцэтгэлтэй байсан гэх мэдүүлэг нь субьектив шинжтэй баримтаар баталгаажуулаагүй эх сурвалжийг зааж өгч чадаагүй, хариуцагч болон нэхэмжлэгч, гэрч хэн аль нь гүйцэтгэлийг хэмжээгүй, ажлын үе шат, блок тус бүр дээр хийсэн ажлыг дүгнээгүй, ил далд ажил хүлээлцсэн акт үйлдээгүй, хийсэн ажлын үр дүн, гүйцэтгэсэн ажлаа хувь, хэмжээ актаар хүлээлгэн өгөөгүй, акт үйлдээгүй тул түүнийг гэрчийн мэдүүлсэн хэмжээгээр ажлыг гүйцэтгэсэнд тооцох үндэслэлгүй, тухайн үед цагийн бүртгэл, ажлын нарийн хэмжилт, гүйцэтгэлийн акт үйлдээгүй тул түүнийг гэрчийн мэдүүлсэн хэмжээгээр ажлыг гүйцэтгэсэнд тооцох үндэслэлгүй, тухайн цаг үеийн бүртгэл, ажлыг нарийн хэмжилт, гүйцэтгэлийн акт үйлдээгүй байна гэж зөв дүгнэсэн хэр нь нэхэмжлэлийн шаардлагыг буруу тооцож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

4.2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй гэж заасны дагуу хариуцагч ******* нь нэхэмжлэлийн шаардлагын татгалзлаа нотолсон баримт хэрэгт гаргаж өгөөгүй. ******* нь зүгээр амаараа дотор заслын ажлыг 60-65 хувьтай хийж гүйцэтгэсэн гэж ярьдаг. Хэрэг хянагдаж байх хугацаанд ******* нь гэрчээр ******* ыг оролцуулсан, гар утсандаа үзлэг хийлгэсэн боловч дотор заслын ажлыг 60-65 хувьтай хийж гүйцэтгэсэн талаараа нотолж чадаагүй.

4.3. Нэгэнт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх баримтаа хэрэгт гаргаж өгөөгүй, нотолж чадаагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах учиртай байсан гэтэл анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь шинжлэн судлаагүй, нотлох баримт дээр тулгуурлаж хэргийг шийдвэрлээгүй нь анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны үндэслэл бүхий болж чадаагүй байна.

4.4. Учир нь ******* ХХК-аар үнэлгээ гаргуулахад *******ын хийж гүйцэтгэсэн ажил нь 25.4 хувьтай ажлын хөлс нь 31,786,200 төгрөгийн ажлыг хийж гүйцэтгэсэн гэж шинжээч байгууллагын дүгнэлт гарсан түүнийг хариуцагч тал эсэргүүцэж шүүх хурлын явцад ямар нэгэн хүсэлт гаргаагүй. Гэтэл шүүхээс хийж гүйцэтгэсэн ажлыг хүлээлгэж өгсөн баримт байхгүй байхад таамгаар 13 төрлийн ажлыг хийсэн үү гэж асуух мөн нотлох баримтын шаардлага хангахгүй байгаа гар утсанд дээр хэн хийсэн эсэх нь үл мэдэгдэх гарын үсэг зураагүй зүгээр компьютерын эксел хэлбэрээр байгаа хүснэгтийг үнэлж бодолт хийж тоо тооцоолол хийж хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

4.5. Иймээс хариуцагчаас 48,192,477 төгрөг, үнэлгээ хийлгэсэн ажлын хөлс 1,700,000 төгрөг, нийт 49,892,477 төгрөгийг нэхэмжилсэн байхад анхан шатны шүүхээс нийт 44,501,864 төгрөгийг хангаж шийдвэрлэсэн тул зөрүү 5,390,613 төгрөгийг хариуцагчаас нэмж гаргуулж анхан шатны шүүхийн шийдвэрт нэмэлт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч талын тайлбарын агуулга:

5.1. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлүүлэх, мөн хариуцагч *******ыг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа татгалзлаа нотлоогүй гэх агуулгаар давж заалдах гомдол гаргасан байсан. Ажил гүйцэтгэх гэрээний дагуу ажлаа хийж гүйцэтгэж байх явцдаа нэхэмжлэгч байгууллагын захиралтай тохиролцож, ажлаа зогсоосон.

5.2. Үүнээс хойш шүүхэд хариуцагчаар дуудагдах хүртэлх хугацаанд ******* асуудал үүссэн тухай мэдээгүй. Хэргийн материалтай танилцахад ******* ХХК-ийн үнэлгээний дүгнэлт хэрэгт нотлох баримтаар авагдсан байсан. Хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч буй татгалзлаа хэд хэдэн баримтаар нотолдог.

5.3. Тухайн үед нэхэмжлэгч байгууллагад ажиллаж байсан ерөнхий инженер н.******* нь гэрчээр оролцож ажил 60-70 хувийн гүйцэтгэлтэй байсан тухай мэдүүлсэн. Тус гэрчийн мэдүүлэг нь өөр баримтаар давхар нотлогдож байгаа бөгөөд гэрчийн вайбер хаягт 2024 оны 07 сард үзлэг хийсэн байдаг. Вайбер хаягт хийсэн үзлэгээр инженер нь нийт 13 ажлаас тэдэн ажил нь тэдэн хувьтай байна гээд нийт ажлын гүйцэтгэлийн хувийг бичээд өөрийн компьютер дээрээ файл хэлбэрээр хадгалчихсан байсан бөгөөд тус файлынхаа зургийг нь хариуцагч руу явуулсан болох нь тогтоогдсон.

5.4. Гэрч нь ажлын гүйцэтгэлийн хувь бичигдсэн файлыг хараагүй ба шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө уг файл дээрх хувь хэмжээтэй адил байдлаар мэдүүлэг өгсөн. Нэхэмжлэгч тал дахин шинжээч томилж үнэлгээ хийлгээгүй гэж маргадаг. Засвар үйлчилгээ хийгдэж, орон сууц нь ашиглалтад орчихсон тул тус ажилд үнэлгээ хийлгэх боломжгүй.

5.5. Мөн нэхэмжлэгч байгууллагаас гаргаж өгсөн үнэлгээний тайланд нийт 13 ажлаас хэдийг нь хэдэн хувьтай хийсэн талаар нарийвчлан тогтоогоогүй. Нийт ажлын хөлс тэдэн төгрөг байна, хийж гүйцэтгэх ёстой ажлаас 25 хувийг нь гүйцэтгэсэн байна гэх ерөнхий агуулгатай шинжээчийн дүгнэлт гарсан бөгөөд тус үнэлгээний дүгнэлтийг шүүх нотлох баримтаар үнэлээгүй буюу шүүгч өөрийн дотоод итгэл үнэмшлээр хэргийг шийдвэрлэсэн. Хийж гүйцэтгэх ёстой ажлаас 48 хувийг нь хийж гүйцэтгэсэн байна гэж шүүх дүгнэсэн тул нэхэмжлэгчийн давж заалдах гомдолдоо дурдсан үлдэгдэл төлбөрийг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй гэжээ.

 

6. Хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

6.1. Гүйцэтгэгч ******* нь гэрээ байгуулагдсанаас хойш 07 сарын 20-ны өдрийг хүртэл ******* ХХК-ийн инженер н.*******ы хяналт доор ажлыг чанарын доголдолгүй хийж гүйцэтгэж гэрээнд заасны дагуу ажлын гүйцэтгэлийг инженертэй тооцоо нийлж, санхүүжилтийг 2025 оны 04 сарын 02-ны өдөр 14,429,370 төгрөг, 2024 оны 05 сарын 06-ны өдөр 31,249,307 төгрөг, 2024 оны 05 сарын 21-ний өдөр 4,300,000 төгрөг, 2024 оны 07 сарын 05-ны өдөр 20,000,000 төгрөг, 2024 оны 07 сарын 08-ны өдөр 10,000,000 төгрөг нийт 79,978,677 төгрөг авсан.

6.2. 2025 оны 07 сард инженер н.******* ажлаасаа гарч, мэргэжлийн бус хүмүүс ажлыг шалгаж байгаа асуудлаар ******* ХХК-ийн захирал *******тэй түүний оффисын өрөөнд уулзахад чи ажлаа зогсоо, би ажлаа хэнээр шалгуулахаа мэднэ гэж хэлсний дагуу тухайн үед ******* ХХК-ийн ажилтан гэх хүнд ажлаа зогсоон хүлээлгэж өгсөн.

6.3. Гэрээт хугацаанд хийж гүйцэтгэж буй ажлын талаар инженер н.*******тай биечлэн болон вайбераар ярилцаж явсан бөгөөд 2024 оны 06 сарын 27-ны өдөр гэрээнд заасан 13 ажлаас хийсэн гүйцэтгэлийн хувь заасан эксел файлын хүснэгтийн зургийг н.*******ы хаягаас гүйцэтгэгч ******* руу явуулсан, тухайн баримтанд шүүхээс үзлэг хийж баталгаажуулсан.

6.4. Хариуцагч талын зүгээс ******* ХХК-ийн инженерээр ажиллаж байсан н.*******ыг гэрчээр оролцуулах хүсэлт гаргаж, түүнээс мэдүүлэг авсан бөгөөд гэрээнд заасан 13 ажлаас хариуцагч *******ын хийж гүйцэтгэсэн хувь хэмжээг дээрх хүснэгтэд заасантай тохирсон байсан гэж мөн хариуцагчийн ажлын гүйцэтгэлийг хувийг би дүгнэж, компанид өгдөг байсан, миний дүгнэсний дагуу санхүүжилтийг олгодог байсан, ажлыг чанарын шаардлага хангасан гүйцэтгэж байсан гэх мэдүүлэг өгдөг.

6.5. Шүүхийн зүгээс гэрчийн мэдүүлэг болох 60-65 хувийн гүйцэтгэлтэй байсан гэх мэдүүлгийг субьектив шинжтэй, баримтаар баталгаажуулаагүй, эх сурвалжийг зааж өгч чадаагүй гэх мэтээр няцаасан бөгөөд шүүхийн үзлэг хийсэн 2024 оны 06 сарын 27-ны өдөр гэрч өөрөө эксел файлаар ажлын гүйцэтгэлийг хийж вайбераар харилцсан баримттай гэрчийн мэдүүлэг тохирч байхад баримтаар баталгаажуулаагүй, эх сурвалжийг заагаагүй гэж дүгнэсэн үндэслэлгүй байна.

6.6. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт ... 13 нэр төрлийн ажлаас хариуцагч ******* 2 төрлийн цонх суулгах /100,000 төгрөг/, 2 ширхэг цонх шиллэх /50,000 төгрөг/, 220.54 м.кв ашиглалттай дээврийн хөлс /4,410,800 төгрөг/, дээвэр засвар /1,700,000 төгрөг/ нийт 6,260,800 төгрөгийн 4 ажлыг 100 хувь хийж гүйцэтгэсэн, үүнд талууд маргаагүй.

6.7. Харин хананы плитаны ажил /9,960,000 төгрөг/, 42 ширхэг дотор хаалганы ажлаас 2 хаалга буюу 2*50=100,000 төгрөгийн ажлыг хийсэн үлдэх 40 ширхэг хаалга суулгах ажил /2,000,000 төгрөг/, Консолын дам нуруу цэтгэх ажил /1,000,000 төгрөг/, шалны плита наах ажил /1,306,800 төгрөг/, нийт 14,266,800 төгрөгийн ажил гүйцэтгээгүй. Үлдэх Ротбанд тэгшилгээг 39,327,120 төгрөгөөр хийх, тоосгон өрлөгт 7,502,000 төгрөг, цагаан замаск 34,606,000 төгрөг, тааз тэгшилгээ 15,246,000 төгрөг, хар шал 7,710,000 төгрөг, нийт 104.391.120 төгрөгийн ажлын хөлс бүхий 5 ажлаас /42,801,861-14,266,800/ 28,535,064 төгрөгийн ажлыг гүйцэтгээгүй буюу 48.2 хувийг гүйцэтгээгүй байна.

6.8. Шүүхийн зүгээс дээрх 5 ажлын хийж гүйцэтгээгүй хувийг 48.2 хувь гэж дүгнэсэн бөгөөд хийж гүйцэтгэсэн хувь нь 51.8 хувь буюу 104,391,120 төгрөгөөс 54,074,600 төгрөгийн ажлыг хийж гүйцэтгэсэн гэж дүгнэсэн. Гэрчийн мэдүүлэг, үзлэг хийсэн баримтаас үзэхэд Ротбанд тэгшилгээ 39,327,120 төгрөгийн ажил хийхээс 31,461,696 төгрөг буюу 80 хувь, тоосгон өрлөг 7,502,000 төгрөгийн ажил хийхээс 6,076,620 төгрөг буюу 81 хувь, цагаан замаск 34,606,000 төгрөгийн ажил хийхээс 25,608,440 төгрөг буюу 74 хувь, тааз тэгшилгээ 15,246,000 төгрөгийн ажил хийхээс 7,623,000 төгрөг буюу 50 хувь, хар шал 7,710,000 төгрөгийн ажил хийхээс 3,623,700 төгрөгийн ажил буюу 47 хувь, нийт хийж гүйцэтгэсэн ажлын дүн 74,393,456 төгрөг буюу 71.27 хувь байна.

6.9. Шийдвэрийн үндэслэх хэсэгт Үйл баримтыг нэгтгэн дүгнэвэл гэрээний нийт үнэ: 125,018,720 төгрөг, нийт шилжүүлсэн төлбөр 79,978,677 төгрөг, гүйцэтгэсэн ажил ******* ХХК-ийн дүгнэлтээр 31,786,200 төгрөг, гүйцэтгэлийн хувиар тооцвол 125,018,720/31,786,200=25,4% бус 48,1 хувь байна гэжээ. Дээрх нэгтгэн дүгнэснээс харахад хариуцагч *******ын гүйцэтгэсэн ажлыг 25.4 хувь бус 48.1 хувь байна гэж дүгнэсэн бөгөөд гэрээний нийт дүн 125,018,720 төгрөгийн 48.1 хувь нь 60,134,004 төгрөг байна.

6.10. Шүүхийн зүгээс хариуцагчийн хийж гүйцэтгэсэн ажил болох Ротбанд тэгшилгээ, тоосгон өрлөг, цагаан замаск, тааз тэгшилгээ, хар шалны нийт 104.391.120 төгрөгийн үнэ бүхий 5 ажлыг үнэлэхдээ тодорхой бус дүгнэсэн. Хариуцагч *******аас гүйцэтгээгүй ажлын хөлс 42,801,864 төгрөг гаргуулсан бөгөөд нийт авсан 79,978,677 төгрөгөөс гүйцэтгээгүй 42,801,864 төгрөгийг хасахад хийж гүйцэтгэсэн ажлын хөлс 37,176,813 төгрөг, үүнд маргаагүй 4 ажил болох цонх суулгах, 2 цонх шиллэх, ашиглалттай дээврийн хөлс, дээвэр засвар нийт үнэ 6,260,800 төгрөг, 2 хаалга суурилуулсан буюу 100,000 төгрөгийг хасахад 30,816,013 төгрөгийг үлдэх 5 ажлыг хийж гүйцэтгэсэн гэж харагдах боловч энэ талаар дүгнэлт өгөөгүй.

6.11. Хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч татгалзлаа нотлохын тулд тухайн үед ******* ХХК-ийн инженертэй харилцаж байсан вайберт үзлэг хийлгэж, гэрчээр оролцуулсан бөгөөд шүүхэд нэхэмжлэл гаргах үед дээрх хийж гүйцэтгэсэн ажил дээр нэмж ажил хийсэн байсан учир дахин шинжээч томилуулах боломжгүй байсан.

6.12. Мөн нэхэмжлэгч талын хийж гүйцэтгэсэн ажлыг үнэлүүлсэн ******* ХХК-ийн дүгнэлт нь гэрээнд заасан 13 ажлын гүйцэтгэлийг нэг бүр үнэлээгүй, зөвхөн ажиллах хүчний зардлыг үнэлж дүгнэлт гаргасан нь нотлох баримтын шаардлага хангаагүй, шүүх ч үүнийг анхаарч хийж гүйцэтгэсэн ажлын хэмжээг 25.4 хувь бус 48.1 хувь байна гэж дүгнэсэн.

6.13. Хариуцагч ******* нь гэрээнд заасан ажлыг цаг тухайд нь чанарын шаардлага хангасан байдлаар хийж гүйцэтгэж байсан, гэрээнд заасны дагуу ажлын гүйцэтгэлээрээ санхүүжилтээ авсан, хийсэн ажилдаа тохирох төлбөрөө авсан гэдэг нь хэрэгт цугларсан баримтаар тогтоогдож байна.

6.14. Анхан шатны шүүх хуралдаан 2025 оны 06 сарын 12-ны өдөр болсон бөгөөд хариуцагч ******* шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй, хэргийн оролцогч нар буюу нэхэмжлэгчийн төлөөлөгч ******* хариуцагчийн өмгөөлөгч ******* миний зүгээс хариуцагчийг шүүх хуралдаанд биечлэн оролцуулах, мэтгэлцэх эрхийг хангах нь зүйтэй гэж хүсэлт гаргасан боловч хариуцагчийн эрхийг зөрчиж, шүүх хуралдаанд оролцуулаагүй, тухайн хуралд нэхэмжлэгчийн төлөөлөгчийн зүгээс нотлох баримт гаргаж өгсөн бөгөөд тэр баримттай хэргийн оролцогчийн танилцах эрхийг хангаагүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

7. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга:

7.1. Барилгын дотор заслын ажлыг 60-70 хувьтай гүйцэтгэсэн болохыг нотлох баримт хэрэгт авагдаагүй. Гэрчийн мэдүүлгээр нотлогдож байгаа гэж хариуцагч тал тайлбарласан боловч хүснэгтэлсэн хэнээс, хэд очиж байгаа нь мэдэгдэхгүй ямар нэгэн гарын үсэг байхгүй баримтыг шүүх нотлох баримтаар үнэлэх боломжгүй тул гэрчийн мэдүүлгээр хариуцагчийг 60-70 хувьтай ажил хийсэн болохыг нотолж чадаагүй.

7.2. Мөн хариуцагч тал шинжээчийн дүгнэлтийн талаар гомдолдоо дурдсан. Тус хөндлөнгийн байгууллагын дүгнэлт нь хууль зөрчсөн эсвэл буруу тооцоолж дүгнэлт хийсэн гэх зүйл байхгүй.

7.3. Хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэж байна. Мөн ажлаа хүлээн авсны дараа санхүүжилт олгогдсон гэж хариуцагч тал тайлбарласан нь үндэслэлгүй. ******* ямар ч ажил хүлээлгэж өгөөгүй, мөнгө хэрэгтэй байна, удахгүй ажлыг чинь дуусгана гэх байдлаар гуйж мөнгө авсан. Мөнгө авсныхаа дараа инженер н.*******тай нийлж, ажлаа орхиж явсан. Үүнээс хойш холбоо барих ямар ч боломжгүй болсон тул бид цагдаагийн байгууллагад хандаж утасны дугаар, гэрийн хаягийг нь олж авсан. Эх сурвалжаа нотолж чадаагүй, ажил хүлээлгэж өгсөн акт байхгүй, хариуцагч тал татгалзлаа нотолж чадаагүй гэж шүүх дүгнэсэн нь үндэслэлтэй гэж үзэж байна.

7.4. Харин 44,000,000 төгрөгийн тооцооллыг ойлгож чадаагүй, шүүх буруу тооцоолол хийсэн. Нэхэмжлэлийн шаардлага болон шинжээчийн дүгнэлтийг үгүйсгэсэн баримт хэрэгт авагдаагүй байх тул зөрүү 5,000,000 төгрөгийг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зохигчдын гаргасан гомдлоор хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч *******ад холбогдуулан 49,892,477 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нь эс зөвшөөрч маргажээ.

 

3. ******* ХХК нь *******тай 2024 оны 03 сарын 27-ны өдөр Дотор заслын ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, уг гэрээгээр ******* тоот хаягт байрлах 4 ширхэг амины орон сууцны дотор заслын ажлыг гүйцэтгэх, захиалагч нь ажлын хөлс 125,018,720 төгрөгийг төлөхөөр тохиролцсон байна.

 

4. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр талаар эрх зүйн дүгнэлт үндэслэлтэй байна.

 

5. Нэхэмжлэгч байгууллага нь *******ад ажлын хөлс 79,978,677 төгрөгийг шилжүүлсэн, мөн дээрх гэрээнд заасан дотоод заслын ажлыг бүрэн гүйцэтгэж, үр дүнг хүлээлгэн өгөөгүй үйл баримтад талууд маргаангүй.

 

6. Анхан шатны шүүх ******* ХХК-ийн үнэлгээний тайланг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмаар үнэлээгүйгээс ажлын гүйцэтгэлийн тооцооллыг буруу гаргасан алдааг залруулна.

6.1. Хариуцагч ******* нь ... ажлын гүйцэтгэл 60-65 хувийн гүйцэтгэлтэй байсан талаар хүрсэн гэсэн тайлбар татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлох үүргээ биелүүлээгүй.

 

6.2. Нэхэмжлэгч нь өөрийн шаардлага, түүний үндэслэлийг нотлох зоригоор шүүхэд гаргасан ******* ХХК-ийн үнэлгээний тайланг хариуцагч эс зөвшөөрч, шүүхийн журмаар үнэлгээ тогтоолгох хүсэлтийг гаргаагүй тул уг үнэлгээний тайланг хэрэгт ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь үнэлнэ.

 

6.3. ******* ХХК-ийн гүйцэтгэсэн үнэлгээний тайланд ... ******* тоот хаягт байрлах дутуу гүйцэтгэсэн ажлын *******ын гүйцэтгэсэн ажлын гүйцэтгэлийг 31,786,200 төгрөг болно гэж тодорхойлжээ.

 

6.4. Иргэний хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.1-д зааснаар хариуцагч нь гэрээнд заасан ажлыг гүйцэтгэх, ажлын үр дүнг хүлээлгэн өгөх үүргээ биелүүлээгүй үүргийн зөрчил гаргасан тул нэхэмжлэгч нь гэрээнээс татгалзаж, уг гэрээгээр шилжүүлсэн мөнгөн хөрөнгийг буцаан шаардсан нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт нийцжээ.

 

6.5. Нэхэмжлэгч байгууллагын хариуцагчид ажлын хөлсөнд зориулж шилжүүлсэн 79,978,677 төгрөгөөс *******ын гүйцэтгэсэн ажлын үнэлгээгээр тогтоогдсон 31,786,200 төгрөгийг хасаж тооцон 48,192,477 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгосон өөрчлөлт оруулна. Энэ үндэслэлээр гаргасан нэхэмжлэгч талын давж заалдах гомдлыг хангана.

 

7. Анхан шатны шүүх шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 105.5 гэж техник шинжтэй алдаа гаргасан байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан бүрэн эрхийн хүрээнд давж заалдах шатны шүүхээс залруулна.

 

8. Зохигчдын гаргасан давж заалдах гомдлыг дараах үндэслэлээр хангахгүй орхив.

 

8.1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт зааснаар гэрчийн мэдүүлэг, үзлэгийн тэмдэглэл нь нотолгооны хэрэгсэл болох боловч маргааны үйл баримтаас шалтгаалан маргааны зүйл ямар нотолгооны хэрэгслээр тогтоогдох нь харилцан адилгүй байдаг.

 

Ажил гүйцэтгэх гэрээгээр гүйцэтгэсэн ажлын үр дүнгийн гүйцэтгэлийн хувийг үзлэгийн тэмдэглэл болон гэрчийн мэдүүлгээр бүрэн тогтоох боломжгүй тул уг баримтыг тухайн хэрэгт хамааралтай эргэлзээгүй баримт гэж үзэхгүй тул давж заалдах шатны шүүхээс үнэлгээний тайланд дурдсан хэмжээг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлж маргааныг шийдвэрлэсэн байх тул энэ талаар гаргасан хариуцагч талын гомдлыг хангахгүй.

 

8.2. Нэхэмжлэгч нь үнэлгээ хийлгэсэн ажлын хөлс 1,700,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардсан нь Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт нийцэхгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагыг нотлох зорилгоор бусдаар гүйцэтгүүлсэн үнэлгээний ажлын хөлсийг хохиролд тооцох үндэслэлгүй байх тул хохирол 1,700,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэнэ. Энэ талаар гаргасан нэхэмжлэгч талын давж заалдах гомдлыг хангахгүй.

 

9. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч талыг гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 сарын 12-ны өдрийн 192/ШШ2025/05072 дугаар шийдвэрийн

 

тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 343 дугаар зүйлийн 343.3, 355 дугаар зүйлийн 355.1-д зааснаар хариуцагч *******аас 48,192,477 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1,700,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж,

 

тогтоох хэсгийн 2 дахь заалтад ... 105.5 ... гэснийг ... 106.5 ... гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 101,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 380,460 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Д.ЦОГТСАЙХАН

 

ШҮҮГЧИД  Ч.МӨНХЦЭЦЭГ

 

С.ЭНХБАЯР