| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Багашарын Азбаяр |
| Хэргийн индекс | 102/2016/06185/И |
| Дугаар | 102/ШШ2016/04872 |
| Огноо | 2016-08-12 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2016 оны 08 сарын 12 өдөр
Дугаар 102/ШШ2016/04872
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр би,
Нэхэмжлэгч:Хан-уул дүүргийн 2 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө-34, БТТ төвийн 303 тоотод байрлах “Төгс Ариун Цэвэр” ХХК /РД:5613167/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч:Баянгол дүүргийн, 16 хороо, Орхоны 8 дугаар гудамж, 12 тоотод оршин суух Гүен овогт Жунайн Энх-Отгон /РД:ЧВ69041062/-д холбогдох худалдах худалдан авах гэрээний үүрэг 5,135,714 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 6 сарын 30-ны өдөр хүлээн авч, 2016 оны 7 сарын 07-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Төгс Ариун Цэвэр” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч Ж.Энх-Отгон нь 2014 оны 11 сарын 15-ны өдөр тус компанитай Худалдах, худалдан авах гэрээ байгуулж 6,200,000 төгрөгийн үнэ бүхий "Kirby Sentria" маркийн стандарт иж бүрдлийн үнэд 300,000 төгрөгийн урьдчилгаа төлж үлдэгдэл 5,900,000 төгрөгийг 20 сарын хугацаанд, сар бүрийн 5-ны өдөр сар бүр 300,000 төгрөг төлж барагдуулах нөхцөлтэйгөөр гэрээнд гарын үсэг зурж худалдан авсан. Ж.Энх-Отгон нь бүтээгдэхүүний эргэн төлөлтөд 1,200,000 төгрөгийг төлсөн. Манай компанийн зүгээс гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж Ж.Энх-Отгонд 2014 оны 11 сарын 15-ны өдөр “Kirby Sentria” маркийн стандарт иж бүрдлийг хүлээлгэн өгсөн болно. Гэтэл Ж.Энх-Отгон нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй үлдэгдэл төлбөр болох 2900000 төгрөгийг төлөлгүй өнөөдрийгхүрлээ. Компаний зүгээс төлбөрөө төлөхийг удаа дараа сануулсан боловч гэрээний үүргээ биелүүлэхгүй байгаа тул "Kirby Sentria" маркийн стандарт иж бүрдлийн үндсэн үнэ 4,700,000 төгрөг, алданги 435,714 төгрөг нийт 5,135,714 төгрөгийг иргэн Ж.Энх-Отгоноос гаргуулж өгнө үү гэжээ.
Зохигчдын 2016 оны 8 сарын 11-ний өдөр шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээнд: “Төгс Ариун Цэвэр” ХХК нь Ж.Энх-Отгоноос "Kirby Sentria" маркийн иж бүрдлийн үнэ болох 4,700,000 төгрөг, алданги болох 435,714 төгрөг нийт 5,135,714 төгрөгийг нэхэмжилсэн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигч эвлэрч нэхэмжлэлийн шаардлага 5,135,714 төгрөгийг хариуцагч Ж.Энх-Отгон хүлээн зөвшөөрч 2016 оны 10 сарын 20-ны өдрөөс 2025 оны 3 сарын 20-ны өдрийг хүртэл сар бүр 50,000 төгрөгөөр төлж барагдуулахаар эвлэрлийн гэрээ байгуулав гэжээ. ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Төгс Ариун Цэвэр” ХХК нь Ж.Энх-Отгонд холбогдуулан 5,135,714 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ж.Энх-Отгон нь “Төгс Ариун Цэвэр” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 5,135,714 төгрөгийг хүлээн зөвшөөрч 2016 оны 10 сарын 20-ны өдрөөс 2025 оны 3 сарын 20-ны өдрийг хүртэл сар бүр 50,000 төгрөгөөр төлж барагдуулахаар эвлэрлийн гэрээ байгуулсан байна.
Зохигч нэхэмжлэлийн шаардлагын талаар эвлэрсэн эвлэрэл нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч “Төгс Ариун Цэвэр” ХХК нь Ж.Энх-Отгонд холбогдуулан 5,135,714 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч Ж.Энх-Отгон хүлээн зөвшөөрч 2016 оны 10 сарын 20-ны өдрөөс 2025 оны 3 сарын 20-ны өдрийг хүртэл сар бүр 50,000 төгрөгөөр төлж барагдуулахаар эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 97,122 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.Энх-Отгон болон Баянгол дүүргийн Татварын хэлтэс /2602002965 тоот данс/-ээс 48,561 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “Төгс Ариун Цэвэр” ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасны дагуу хариуцагч захирамжийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгэх болохыг тайлбарласугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.