| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Тогтох Гандиймаа |
| Хэргийн индекс | 102/2024/06878/И |
| Дугаар | 210/МА2025/01311 |
| Огноо | 2025-08-11 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 08 сарын 11 өдөр
Дугаар 210/МА2025/01311
*******ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Ч.Цэнд, Т.Гандиймаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 192/ШШ2025/04368 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч *******-д холбогдох
Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай үндсэн, зээлийн гэрээний үүрэгт 15,789,363 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Гандиймаа илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Ариунзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:
1.1. Миний бие “урьдчилгаа төлбөргүй 13,000,000 төгрөгөөр автомашин зээлээр өгнө” гэсэн зарын дагуу 2024 оны 8 дугаар сарын 21-ний өдөр *******-д очиход зээлийн эдийн засагч *******, түүний нөхөр ******* нар Toyota Crown S204 маркийн автомашины гоё зураг үзүүлээд, зээлээр 13,000,000 төгрөгт бодоод өгье, банк бус санхүүгийн байгууллагаас зээл гаргаж өгнө гэсэн учир гэрээ хийж нотариат орсон, маргааш автомашинаа үзүүлнэ, гоё автомашин байгаа гэхээр нь итгээд явсан.
1.2. Маргааш нь хуучин муу эвдэрхий дөнгөж асаад унтардаг автомашин үзүүлсэн тул ийм автомашин авахгүй, үзүүлсэн зурагтайгаа таарахгүй байна гэхэд та авчих, бид нар таны өмнөөс сар бүрийн 20-ны өдөр 640,000 төгрөгийг 6 сар төлөөд өгнө, *******-тай байгуулсан 13,000,000 төгрөгийн зээлийн гэрээний үнийн дүнгээс 3,800,000 төгрөгийг хасаад 9,200,000 төгрөгийн зээлийн гэрээ хийгээд өгье, өнөөдөр амжихгүй болчихлоо, маргаашнаас болгоод өгнө гэсэн. Энэ хүмүүст итгээд автомашиныг нь аваагүй, гэрээгээ өөрчлөөд дуудна гэж бодоод явсан боловч үүнээс хойш тэр хүмүүсийн утас холбогдоогүй, ажил дээр нь очтол ажлаасаа гарсан байсан, *******-ийн менежертэй явж Дарь-Эхийн кровн засварын газраас автомашиныг олж авсан.
1.3. *******-ийн эдийн засагч, түүний нөхөр ******* нар нь 2024 оны 8 дугаар сарын 24-ний өдөр миний нэр дээр 13,000,000 төгрөгийг авч, залилж, өрөнд оруулж, 9 сар хохирч байна. Иймд зээлийн гэрээний үүргийн биелэлтийг зээлийн гэрээнд заасан барьцаа хөрөнгөөр хангуулахаар нэхэмжлэл гаргаж байна.
2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:
2.1. Зээлдэгч ******* нь зээлийн өргөдөлд чанар хэвийн, Toyota Crown S204 маркийн автомашиныг худалдан авахаар 13,000,000 төгрөгийн зээлийг 3,5 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээл авахаар гарын үсэг зурж, 4146 дугаартай “Худалдах худалдан авах гэрээ”-г байгуулж, зээлийн барьцаанд барьцаалсан тээврийн хэрэгслийг 19,000,000 төгрөгөөр худалдан авч, урьдчилгаа 6,000,000 төгрөг төлж, үлдэгдэл 13,000,000 төгрөгийг *******-ийн зээлээр төлөхөөр хүлээн зөвшөөрсөн байдаг.
2.2. Дээрх зээл нь зээлдэгчийн автомашин худалдан авах өөрийн өргөдөл хүсэлт, худалдах, худалдан авах гэрээний дагуу байгуулагдсан хүчин төгөлдөр гэрээ, энэ автомашиныг ******* болон түүний хүү эвдэж, гэмтээсэн үү, анх тийм байсан юм уу гэдэг талаар нотлох баримт байхгүй. Иймд нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй.
3. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:
3.1. ******* нь 2024 оны 8 дугаар сарын 21-ний өдөр М24/142 тоот “Зээлийн гэрээ”, М24/142-1 тоот “Эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ” /фидуци/-г тус тус байгуулан 13,000,000 төгрөгийг, сарын 3,5 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай, автомашин худалдан авах зорилгоор, үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож ******* улсын дугаартай, ******* арлын дугаартай, мөнгөлөг өнгөтэй, Toyota Crown S204 маркийн автомашин барьцаалуулсан.
3.2. 2025 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн байдлаар зээлдэгч нь үндсэн зээл болон хүүний төлөлтийг огт төлөөгүй ба зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, зээлээ төлөлгүй, зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа ноцтойгоор зөрчсөн. *******-ийн зүгээс зээлдэгчид удаа дараа өөрийн биеэр болон шуудангаар мэдэгдэх хуудас илгээж, зээлийн төлөлт болон гэрээний үүргээ биелүүлэхийг сануулж утсаар холбогдож байсан бөгөөд тодорхой үр дүнд хүрээгүй.
Иймд үндсэн зээл 13,000,000 төгрөг, зээлийн хүү 2,767,397 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 21,966 төгрөг нийт 15,789,363 төгрөгийг гаргуулж өгнө үү.
4. Сөрөг нэхэмжлэлд нэхэмжлэгчийн гаргасан тайлбар, татгалзлын агуулга:
4.1. Миний зээл судлуулсан материалд иргэн ******* нь *******-д сар бүрийн 20-ны өдөр 640,000 төгрөг төлнө гэж баталгаа гаргаж нотариатаар батлуулж хийсэн байсан. Яагаад миний өмнөөс сар бүрийн 20-ны өдөр 640,000 төгрөг төлнө гэж баталгаа гаргасан хүнээсээ аваагүй юм. Надад автомашинаа хүлээлгэж өгөөгүй, миний дансанд мөнгөө хийгээгүй, эвдэрхий автомашинаа манай хүүхдэд аваачаад орхичихсон байсан. Танай байгууллагад ******* төлбөр хийх юм уу, би хийх болж байна уу, гэрээнд чинь ийм ойлгомжгүй юм байгаа. Мөн миний зээл хүссэн материалыг ашиглаад миний нэр дээр 13,000,000 төгрөг авч ашигласан *******ын эхнэр *******-ийн мэргэжилтэн зээлийн эдийн засагч яагаад ажлаасаа гарсан юм, энэ бүгдийг шалгуулж, зээлийн гэрээнд ямар алдаа байгааг шийдвэрлүүлнэ.
5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
5.1. Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг фидуцийн зүйл болох ******* улсын дугаартай, Toyota Crown /Тоёота Кроун/ S204 маркийн автомашинаар хангах тухай нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгч *******аас 15,789,363.55 төгрөгийг гаргуулан хариуцагч *******-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 236,896.82 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч *******аас улсын тэмдэгтийн хураамжид 236,897 төгрөгийг гаргуулан хариуцагч *******-д олгож шийдвэрлэжээ.
6. Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:
6.1. Миний зүгээс уг зээлийн гэрээг байгуулсан хэдий ч надад зарсан автомашин нь маш муу автомашин байсан тул авахаа больсон. Гэрээ цуцлаарай гэж хэлээд 2024 оны 8 дугаар сарын 22-ны өдөр явсан. Мөн банк бус санхүүгийн байгууллагаас тус автомашиныг гэрээнд зааснаар хүлээлгэн өгөөгүй.
Гэтэл 1 сарын дараа миний утас руу зээлээ төл гэсэн мессеж ирсэн, мөн манай хүүгийн утас руу авто засварын газраас автомашинаа ирж ав гэж утсаар ярьсан, *******-ийн хүмүүс рүү ярьтал надад автомашин зарсан зээлийн эдийн засагч, нөхөртэйгээ хамт ажлаасаа гарсан, миний нэр дээр 13,000,000 төгрөгийн зээлийг авсан байсан. *******-ийн менежертэй хамт Дарь-Эх дэх авто засвараас автомашиныг олж аваад *******-ийн менежерийн хүсэлтийн дагуу манай хашаанд хадгалахаар болсон.
6.2. *******-ийн эдийн засагч, нөхрийнхөө хамтаар миний нэр дээр зээл аваад хариуцлага алдаад ажлаасаа гарсан гэж ойлгосон. Би тэр автомашиныг нэг ч удаа унаж ашиглаагүй атлаа зээлийн өр төлбөрт орж байгаа тул цагдаагийн байгууллагад хандсан. Цагдаагаас хэргийг иргэний хэрэг гээд хаасан. Анхан шатны шүүх хэргийн нөхцөл, бодит байдал зэргийг бүрэн дүгнэлгүй шийдвэрлэсэн гэж үзэж байна.
6.3. Миний зүгээс зээлээр авсан автомашинаа унаж ашиглаад зээлээ төлөөд явахыг хүссэн ч шаардлага хангахгүй автомашиныг худал хэлж өгөх гэсэн тул авахгүй, гэрээгээ цуцал гэж хэлээд явсан байхад надад өгөхгүйгээр миний нэр дээр зээл гаргаад зээлийн мөнгийг хариуцагч *******-ийн эдийн засагч аваад явсан байгааг би мэдэх боломжгүй.
Харин ийм залилан мэхлэгчийг ажиллуулж байсан ******* хариуцлага хүлээх ёстой. Энэ байдлыг шүүх тал бүрээс нь дүгнэх ёстой байсан. Би өөрөө эрх зүйн мэдлэггүй тул шаардлагаа өөрчлөх, зөвтгөх талаар мэдээгүй, шүүхийн шийдвэрт итгээд өөрт тохиолдсон зүйлээ л ярьж байсан. Сөpөr нэхэмжлэлийн эрх зүйн үр дагаврыг ойлгоогүй. ******* хамтраад үнэн зөвийг олох гээд явж байна гэж бодсон ч бид нэг тал биш харин харилцан мэтгэлцэх талууд байсан байна.
Иймд шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчим алдагдаж хуулийг ноцтойгоор зөрчиж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлж өгнө үү.
7. Давж заалдах гомдолд хариуцагч тал тайлбар гаргаагүй болно.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх зөвхөн нэхэмжлэгчийн гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаав.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******-д холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг “эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ”-ний зүйл болох автомашинаар хангуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, зээлийн гэрээний үүрэгт 15,789,363 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.
3. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага болон хэргийн үйл баримт тодорхой бус байхад хэргийг шийдвэрлэсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болж байна.
3.1. Нэхэмжлэгч нь урьдчилгаагүй зээлээр автомашин зарна гэсэн зарын дагуу *******-ийн зээлийн эдийн засагч *******той 2024 оны 8 дугаар сарын 21-ний өдөр уулзаж, тухайн өдөртөө зээлийн гэрээ байгуулж, *******ын нөхөр *******аас ******* улсын дугаартай автомашин худалдан авахаар автомашин нь өнгө үзэмж муутай, эвдэрхий байсан тул хүлээн аваагүй, миний зээлийн материалыг ашиглаж ******* нь нөхөр *******т 13,000,000 төгрөгийг гэрээгээр халхавчилж авч өгсөн, эдгээр хүмүүст залилуулсан, гэрээ бодит бус гэж тайлбарлаж, гэрээг цуцлах нэхэмжлэлийн шаардлага гаргасан байх ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа “зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг автомашинаар хангуулах” гэж өөрчилжээ.
Дээрх тайлбараас үзэхэд нэхэмжлэгч нь 2024 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн зээлийн гэрээгээр “зээлийн мөнгөн хөрөнгийг хүлээн аваагүй, гэрээ бодитой бус” гэх агуулгаар нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарласан атлаа уг гэрээний үүргийг мөн өдөр хариуцагчтай байгуулсан “Эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ”-ний зүйл болох автомашинаар хангуулахаар шаардаж буй нь нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага хоорондоо уялдаа холбоогүй, тодорхой бус байгааг анхан шатны шүүх анхааралгүй хэргийг хянан шийдвэрлэсэн нь буруу болжээ.
3.2. Түүнчлэн, талуудын байгуулсан гэх зээлийн гэрээний дагуу зээлийн мөнгөн хөрөнгө болох 13,000,000 төгрөгийг хэзээ, хэний зөвшөөрлөөр, хэний дансанд шилжүүлсэн талаарх баримтгүй нөхцөлд дээрх гэрээний үүргийн гүйцэтгэлийн асуудлаар шүүх дүгнэлт хийх боломжгүй тул хэргийн үйл баримтыг бүрэн тогтоогдсон гэж үзэхгүй.
Иймд нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл тодорхой байснаар маргааны зүйл тодорхой болох, энэ талаарх нотлох баримтыг гаргаж өгөх, цуглуулах, бүрдүүлэх замаар зохигч мэтгэлцэх, улмаар шүүх хэргийн үйл баримтыг зөв тогтоох, шаардах эрхийн үндэслэлийн талаар холбогдох хуулийг оновчтой, зөв тайлбарлан хэрэглэх боломж бүрдэнэ.
4. Давж заалдах шатны шүүхээс дээрх ажиллагааг нөхөн гүйцэтгэх, хэрэгт авагдсан баримтын хүрээнд маргааны үйл баримтад эрх зүйн дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэх боломжгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 192/ШШ2025/04368 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 236,897 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ
ШҮҮГЧИД Ч.ЦЭНД
Т.ГАНДИЙМАА