| Шүүх | Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баасанжавын Байгалмаа |
| Хэргийн индекс | 107/2019/0086/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/92 |
| Огноо | 2019-09-04 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Буяндэлгэр |
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 09 сарын 04 өдөр
Дугаар 2019/ШЦТ/92
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Байгалмаа даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулж, Нийслэлийн Багануур дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Хатанбаатарт холбогдох эрүүгийн 1904001260083 дугаартай хэргийг 2019 оны 8 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нарийн бичгийн дарга З.Ганцоож
Улсын яллагч Б.Буяндэлгэр
Шүүгдэгч Д.Хатанбаатар нар оролцов.
Монгол улсын иргэн, 1985 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Багануур дүүрэгт төрсөн, эрэгтэй, 34 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа улирлын чанартай ажил хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр Т.Шинэцэцэг, 3 хүүхдийн хамт /цахим үнэмлэхний хаяг: Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Баянхошууны 8 дугаар гудамжны 19 тоот/ одоо Багануур дүүргийн 3 дугаар хороо, Замчны 1 дүгээр гудамжны 6 тоотод оршин суух, урьд Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2003 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн 39 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар 3 жил 1 хоногийн хугацаагаар хорих ял оногдуулж, 1 жилийн хугацаагаар ял хойшлуулсан, Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2011 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 446 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 97 дугаар зүйлийн 97.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял оногдуулж, 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, Боржигин овгийн Даваасүрэнгийн Хатанбаатар /РД:ЧБ85102574/
Прокурорын яллах дүгнэлтэд дурдсанаар Д.Хатанбаатар нь 2019 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 16:30 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Багануур дүүргийн 3 дугаар хороо, Замчны 1 дүгээр гудамжны 6 тоот хашаанд байх өөрийн гэртээ эхнэр Т.Шинэцэцэгтэй “архи уулаа” гэж маргалдсаны улмаас түүний нүүрэн тус газарт гараараа хэд хэдэн удаа цохих, нүүр лүү нь хуванцар сандал шидэх зэргээр зодож, Т.Шинэцэцэгийн биед дээд доод уруулын дотор салстад язарсан шарх, зүүн нүдний дээд доод зовхи, зүүн хацарт зөөлөн эдийн гэмтэл, цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах баримтуудыг хэлэлцүүлэв. Үүнд:
Шүүгдэгч Д.Хатанбаатарын шүүх хуралдаанд мэдүүлсэн: “...2019 оны 6 дугаар сарын 27-ны өдөр гэртээ эхнэр Шинэцэцэгийг “архи уулаа” гэж уурлан хуванцар сандал аваад түүний нүүр лүү шидэж, гараараа нүүрэнд нь цохьсон. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг,
Хохирогч Т.Шинэцэцэгийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Манай нөхөр Хатанбаатар гэртээ ирээд намайг архи уусан байна гэж уурлаад миний нүүр лүү гараараа нилээн хэдэн удаа цохьсон. Тэгээд над руу сандал аваад шидээд миний нүүрэнд оноод хагарсан. Би газар унахдаа зүүн хавиргаа юманд цохьчихсон. Тухайн үед миний уруул язарсан, зүүн нүд хөхөрч хавдсан зүүн хавирга хөндүүр болсон. Д.Хатанбаатар урьд нь намайг зодож цохьсон юм байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 37-41/
Мөрдөн байцаалтад гэрч Б.Амарбаясгалангийн мэдүүлсэн: “...2019 оны 6 дугаар сарын 27-ны өдөр Лхагважаргалын хүү Билгүүнээ манайд 15 цаг өнгөрч байхад орж ирээд Шинэцэцэг эгчийг нөхөр нь зодчихсон байна гэж хэлэхээр нь би Лхагважаргалын гэр лүү очиход эмнэлгийн машин ирчихсэн байсан. Шинэцэцэгийг харахад зүүн талын нүд нь хавдчихсан байсан. Шинэцэцэг нилээн согтуу байсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 46/,
Мөрдөн байцаалтад насанд хүрээгүй гэрч А.Билгүүний мэдүүлсэн: “...Би 11 цагийн үед гэрээсээ гараад Шинэцэцэг эгчийн охинтой гадаа тоглож байгаад гэртээ ороход аав согтуу унтаж байсан, Шинэцэцэг эгч манайд орж ирсэн. Тэгэхэд нүүр нь хавдчихсан амнаас нь цус гарчихсан юм ярихгүй байснаа Шинэцэцэг эгч Хатанбаатар намайг зодсон гэж хэлсэн. Тэгээд би Амарбаясгалан эгчийнх рүү орж хэлсэн..” гэсэн мэдүүлэг /хх-ийн 48/
Мөрдөн байцаалтад насанд хүрээгүй гэрч Т.Хүслэнгийн мэдүүлсэн: “...Ээж Шинэцэцэг, Хатанбаатар ах хоёр хоёулаа согтуу орж ирэхэд ээжийн зүүн нүд нь овойгоод хавдчихсан байсан. Би ээжийг хараад таны нүд яачихсан юм бэ гэхэд Хатанбаатарт цохиулчихсан гэхээс өөр юм хэлээгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 50/
Мөрдөн байцаалтад гэрч О.Сүхбатын мэдүүлсэн: “...Би 2019 оны 6 дугаар сарын 27-ны өдөр яаралтай түргэн тусламжийн эмчээр үүрэг гүйцэтгэж байхад 17 цагийн үед Замчны 4 дүгээр гудамжны 6 тоотод эмэгтэй хүн амьсгалж чадахгүй байна гэх дуудлагаар ирэхэд Шинэцэцэг гэх эмэгтэй 2 дугаар зэргийн согтолттой, биеийн байдал дунд зэрэг, даралт ихэссэн, зүүн хавирга хөндүүрлээд байна гэхэд нь дарж үзэхэд хугарал мэдэгдэхгүй, ил харагдах шарх, хөхрөл няцралтгүй, зүүн нүд нь хөхрөөд хавдчихсан байсныг өвчин намдаах тариа хийгээд онош тогтоохоор эмнэлэгт тээвэрлэсэн. Үзүүлэгч Шинэцэцэг нь өөрт учирсан гэмтлийн талаар нөхөртөө зодуулсан гэж хэлж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 51/
Шүүхийн шинжилгээний газрын үндэсний хүрээлэнгийн Шинжээчийн 2019 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн №09шэ/157 дугаартай дүгнэлтэд: “Т.Шинэцэцэгийн биед дээд доод уруулын дотор салстад язарсан шарх, зүүн нүдний дээд доод зовхи, зүүн хацар зөөлөн эдийн гэмтэл, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо хүчин зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой, шинэ гэмтэл. Дээрх гэмтлүүд нь нэг цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх дээд, доод уруулын язарсан шарх гэмтэл нь гэмтлийн зэргийн тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх-ийн 54/,
Мөрдөгчийн эд мөрийн баримтаар тооцох тухай “Багануур дүүргийн 3 дугаар хороо, Замчин 1 дүгээр гудамж 6 тоотод Д.Хатанбаатарын ахуйн хэрэглээнд ашигладаг цайвар ногоондуу саарал завсарын өнгөтэй булан нь хагарч эмтэрсэн цоорхойтой хуванцар сандлыг эд мөрийн баримтаар тооцсугай” гэсэн тогтоол, прокурорын зөвшөөрөл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-н 34-35/
Хохирогчийн нүүрэнд үүссэн гэмтлийг харуулсан гэрэл зургийн үзүүлэлтүүд. /хх-ийн 5/
Хохирогчийн согтуурлын зэргийг шалгасан тэмдэглэлээр “Т.Шинэцэцэгийн согтолтын зэрэг 1.76 хувийн согтолттой гарсан” гэжээ, гэрэл зургийн үзүүлэлт. /хх-ийн 19/
Шүүгдэгч Д.Хатанбаатарын эрүүлжүүлэгдсэн хүний бүртгэл, тэмдэглэлээр “Д.Хатанбаатар нь дунд зэргийн согтолттой, эхнэрээ зодсон” гэжээ. /хх-ийн 29/
Яаралтай тусламжийн хуудсаар “...Т.Шинэцэцэг нь зүүн хөхний доогуур амьсгал авахад өвдөнө, толгой өвдөнө гэсэн зовиуртай. Зүүн шанаа хацар хавдсан, мэдрэлийн үзлэгт өөрчлөлтгүй, 2 бугалга хуруу даран хөхөрсөн, зөөлөн эдийн гэмтэлтэй...” гэжээ. /хх-ийн 24/
Шүүгдэгч Д.Хатанбаатар нь “Цагдаагийн ерөнхий газрын МНБГ-ын лавлагаа санд 2 удаагийн ял шийтгэлтэй” гэх эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 81/, шийтгэх тогтоолын хуулбарууд /хх-н 91-96/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-н 72/ болон бусад бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.
Прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчид холбогдох эрүүгийн хэрэгт гэм буруу болон эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хэргийн үйл баримт, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн, хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн дараахь дүгнэлтийг гаргаж шийдвэрлэлээ.
I. Гэм буруугийн болон гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар:
Шүүгдэгч Д.Хатанбаатар нь согтуугаар 2019 оны 6 дугаар сарын 27-ны өдөр 16 цагийн үед Багануур дүүргийн 3 дугаар хороо, Замчны 1 дүгээр гудамжны 6 тоот хашаанд байх өөрийн гэртээ эхнэр Т.Шинэцэцэгийг “архи уулаа” гэж уурлаж улмаар түүний нүүрэн тус газарт гараараа хэд хэдэн удаа цохих, нүүр лүү нь хуванцар сандал шидэх зэргээр зодож, түүний биед дээд доод уруулын дотор салстад язарсан шарх, зүүн нүдний дээд доод зовхи, зүүн хацарт зөөлөн эдийн гэмтэл, цус хуралт бүхий гэмтэл учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн “би эхнэрийнхээ нүүр лүү гараараа цохиж, сандал шидсэнээ хүлээн зөвшөөрч байна” гэсэн мэдүүлэг, мөрдөн байцаалтад хохирогч Т.Шинэцэцэгийн “Хатанбаатар намайг зодохдоо нүүр лүү гараараа нилээн хэдэн удаа цохиж, над руу сандал аваад шидсэн” гэсэн мэдүүлэг /хх-ийн 37-41/, гэрч Б.Амарбаясгалангийн “Шинэцэцэгийн зүүн талын нүд нь хавдчихсан байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 46/, насанд хүрээгүй гэрч А.Билгүүний “Шинэцэцэг эгч манайд орж ирэхдээ нүүр нь хавдчихсан амнаас нь цус гарчихсан байсан. Хатанбаатар намайг зодсон гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 48/, насанд хүрээгүй гэрч Т.Хүслэнгийн “...Ээж Шинэцэцэг, Хатанбаатар ах хоёр хоёулаа согтуу орж ирэхэд ээжийн зүүн нүд нь овойгоод хавдчихсан байсан. Хатанбаатарт цохиулчихсан гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг /хх-ийн 50/, гэрч О.Сүхбатын “...Шинэцэцэг гэх эмэгтэй 2 дугаар зэргийн согтолттой, зүүн нүд нь хөхрөөд хавдчихсан байсан. Өөрт учирсан гэмтлийн талаар нөхөртөө зодуулсан гэж хэлж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 51/, хохирогчийн биед хөнгөн хохирол учирсан болохыг тогтоосон шинжээчийн 2019 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн №09шэ/157 дугаартай дүгнэлт /хх-ийн 54/, хохирогчийн нүүрэнд үүссэн гэмтлийг харуулсан гэрэл зургийн үзүүлэлтүүд, яаралтай туслажийн хуудас, эрүүлжүүлэгдсэн хүний бүртгэл зэрэг болон бусад бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтууд нь тус хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үнэлэв.
Улсын яллагчаас шүүгдэгч Д.Хатанбаатарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргасан. Шүүгдэгч нь гэм буруугийн талаар маргаагүй ба түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь хохирогч Т.Шинэцэцэг, гэрч Б.Амарбаясгалан, О.Сүхбат, насанд хүрээгүй гэрч А.Билгүүн, Т.Хүслэн нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон бусад нотлох баримтуудаар давхар нотлогдож байна.
Хэргийн үйл баримт, цугларсан нотлох баримтуудыг дүгнэвэл шүүгдэгч Д.Хатанбаатар нь эхнэр Т.Шинэцэцэгийг “архи уулаа” гэж дургүйцэж, тэдний хооронд хэрүүл маргаан үүсч, улмаар хохирогчийн биед хүч хэрэглэн, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан байх тул шүүгдэгчийг үйлдэлдээ хувийн сэдэлтээр шууд санаатай хандсан гэж үзнэ. Уг гэмт хэрэг гарахад “шүүгдэгч, хохирогч нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн” нь нөлөөлжээ.
Иймд Д.Хатанбаатарын үйлдэл нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан байх тул улсын яллагчийн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг хүлээн авч, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогчийн биед дээд доод уруулын язарсан шарх бүхий хөнгөн хохирол учирчээ. Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Т.Шинэцэцэг нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлжээ. /хх-н 38, 41, 118/ Иймд шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
II.Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Шүүгдэгчийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга зурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ гэж заасан.
Д.Хатанбаатар нь “улирлын чанартай барилгын ажил хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр Т.Шинэцэцэг, 3 хүүхдийн хамт амьдардаг, урьд 2 удаагийн ял шийтгэлтэй” зэрэг хувийн байдлууд тогтоогдов. Тэрээр хамгийн сүүлд Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2011 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 446 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 97 дугаар зүйлийн 97.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгүүлж, мөн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан байх бөгөөд уг хугацаа нь 2012 оны 12 дугаар сарын 28-ны өдөр дуусгавар болжээ./хх-н 93-97/
Д.Хатанбаатарт эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Улсын яллагчаас Д.Хатанбаатарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгж буюу 600.000 төгрөгөөр торгох ялыг оногдуулах дүгнэлтийг гаргасан бөгөөд шүүгдэгчийн зүгээс нь улсын яллагчийн торгох ял оногдуулах саналтай мэтгэлцээгүй болно. Шүүхээс Д.Хатанбаатарт эрүүгийн хариуцага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан үзэж, түүнд 650 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй.
Шүүгдэгчийн “торгуулийн ялыг хэсэгчлэн төлж барагдуулахаар хугацаа тогтоож өгнө үү” гэсэн хүсэлт болон Д.Хатанбаатарын хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан уг торгуулийн ялыг 2020 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр хэсэгчлэн төлж барагдуулахаар хугацаа тогтоов.
Шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгч нь энэ хэрэгтээ цагдан хоригдоогүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй ба эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн 1 ширхэг хуванцар сандлыг устгахаар шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БАЙГАЛМАА