| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Тогтох Гандиймаа |
| Хэргийн индекс | 183/2024/05175/И |
| Дугаар | 210/МА2025/01313 |
| Огноо | 2025-08-11 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 08 сарын 11 өдөр
Дугаар 210/МА2025/01313
*******гийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, шүүгч С.Энхбаяр, Т.Гандиймаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 192/ШШ2025/04398 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: *******гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******-д холбогдох
Гэрээ цуцалсны улмаас учирсан хохирол, алданги 172,158,000 төгрөг гаргуулах тухай үндсэн, илүү шилжүүлсэн 9,597,337 төгрөгийг буцаан гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Т.Гандиймаа илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Ариунзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:
1.1. *******-тай 2023 оны 5 дугаар сарын 29-ний өдөр 0170/2023 тоот Үйлчилгээний талбай захиалгын гэрээ байгуулж, ******* байрлах ******* барилгын А блокын 3 дугаар давхарт 85.74 м.кв талбайтай үйлчилгээний талбайг захиалан бариулахаар тохиролцож, урьдчилгаа төлбөрт 448,736,000 төгрөг төлж, үлдэх төлбөрийг 2023 оны 6 дугаар сараас эхлэн сар бүр 8,333,333 төгрөг төлөхөөр заасны дагуу хугацаандаа төлж ирсэн.
1.2. Тус барилга хугацаандаа ашиглалтад ороогүй 2024 он гарсан бөгөөд 2024 оны 5 дугаар сарын эхээр компанийн гүйцэтгэх захирал *******тай уулзахад “алдаа гарч, захиалсан талбайн дугаар буруу бүртгэгдэж, гэрээнд заасан талбайг өөр иргэнд худалдсан” гэж хэлээд нэр бүхий иргэнтэй байгуулсан гэрээг танилцуулсан.
1.3. Хариуцагч талаас өөр талбай санал болгож, 5 удаа санал тавьсныг зөвшөөрөөгүй. Үүний дараа гэрээнд заасан талбайн м.кв тутмыг 7,800,000 төгрөгөөр тооцож буцаан олголт хийх санал тавьсныг зөвшөөрсөн. Ингээд ******* нь 2024 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 24/198 тоот албан бичгээр “гэрээнд тусгагдсан талбайн төлбөр болох 660,438,667 төгрөгийг 2024 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн дотор багтаан шилжүүлэхээ үүгээр мэдэгдэж байна. Төлбөрийг заасан хугацаанд төлж барагдуулаагүй тохиолдолд хоног тутамд 0,5 хувь алданги төлөх болохыг мөн баталгаа болгон илэрхийлж байна” гэж буцаан олголт хийхээ мэдэгдсэн. Хариуцагч нь 7 дугаар сарын 02-ны өдөр 300,000,000 төгрөг, 7 дугаар сарын 5-ны өдөр 250,000,000 төгрөг нийт 550,000,000 төгрөгийг төлсөн, үлдэгдэл 110,438,667 төгрөгийг төлөөгүй байна.
Иймд үлдэгдэл 110,438,667 төгрөг, алданги 61,719,333 төгрөг нийт 172,158,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү.
2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:
2.1. ******* нь зохисгүй ааш авир гаргаж, өмгөөлөгчөөрөө түрий барьж, ямар ч хамаагүй аргаар 660,438,667 төгрөгийг авч болох юм байна гэдэг бодлоор манай компанид ирж үймээн шуугиан үүсгэсэн, заримдаа аргаа өөрчилж танай байгууллагыг хэвлэл мэдээлэлд өгнө гэж дарамталдаг байсан. Мөн барилгын талбайд хүн төрчих вий гэсэн айдас байсан, ирж байгаа захиалагч нарт буруу сэтгэгдэл төрүүлж байсан учраас 660,438,667 төгрөгийг өгнө гэж албан бичиг бичиж өгсөн. Уг албан бичгийг гэрээ байгуулсан санал, тохиролцоо гэж үзэхгүй.
2.2. Нэхэмжлэгч нь гэрээ цуцалсантай холбоотой хохирол шаардаад байгаа юм уу, эсхүл талуудын хооронд хүчин төгөлдөр байдлаар байгуулагдсан гэрээний дагуу төлбөрийн зөрүү, алданги шаардаад байгаа юм уу гэдэг нь ялгагдахгүй байна.
2.3. Манай компани *******тэй гэрээ байгуулахаас өмнө *******тэй гэрээ байгуулж, 100 хувь бартераар буюу хуучин автомашинуудаар төлбөрийг нь хийнэ гэж тохиролцсон байсан. *******д зарсан талбайг *******д зарсан байсныг мэдээд гэрээг цуцлахгүйгээр тухайн талбайн оронд өөр талбай санал болгосон. Гэтэл ******* нь татгалзсан учраас гэрээг цуцлаад өгсөн авснаа буцаах асуудал яригдсан. Гэтэл *******тэй байгуулсан гэрээний зөрүүгээр хохирол учирсан гэж шаардаж байгаа нь үндэслэлгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.
3. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:
3.1. ******* барилгын А блокны 3 давхар байрлах 85.74 м.кв үйлчилгээний талбайг 2023 оны 5 дугаар сарын 29-ний өдөр гүйцэтгэгч болох *******-ийн гүйцэтгэх захирал ******* болон захиалагч ******* нар үйлчилгээний талбай захилгын гэрээг байгуулсан бөгөөд уг гэрээний 3.1-т зааснаар үйлчилгээний талбайн нийт дүнг 548,736,000 төгрөг буюу 1 м.кв үнэ 6,400,000 төгрөг гэж тохиролцсон.
3.2. *******-ийн гүйцэтгэх захирал ******* өмнө нь гэрээ байгуулсан байсан талбайг *******д давхардуулан худалдсан байсан. Өөрөөр хэлбэл нэг талбай дээр хоёр өөр хүн гэрээ байгуулсныг *******-ийн дараагийн удирдлагаас мэдээд гэрээг цуцлах эсхүл өөр талбай яг ижил хэмжээтэйгээр авахыг *******д санал болгосон. *******гийн хувьд өөр үйлчилгээний талбай авахыг зөвшөөрөөгүй, мөнгөө буцааж авахаар тохиролцсон.
3.3. ******* нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар *******д 550,000,000 төгрөгийг 2 хувааж шилжүүлсэн. ******* нь *******-д гэрээний үнэ 540,402,663 төгрөг шилжүүлсэн, гэрээ цуцлагдсан тул энэ мөнгийг манай компани буцааж төлөх учиртай. Гэвч компанийн нягтлан 550,000,000 төгрөг шилжүүлсэн байна. Иймд Иргэний хуулийн 492 дугаар зүйлд заасны дагуу *******д илүү төлсөн 9,597,337 төгрөгийг буцаан гаргуулж өгнө үү.
4. Сөрөг нэхэмжлэлд нэхэмжлэгчийн гаргасан тайлбар, татгалзлын агуулга:
4.1. Гэрээгээ цуцлаад метр квадратыг нь 7,800,000 төгрөгөөр тооцож буцаалт хийхээ баталгаажуулж 2024 оны 6 дугаар сарын 10-ны өдөр албан бичиг хийж өгсөн. Уг албан бичгийн дагуу 550,000,000 төгрөгийн буцаалт хийсэн, үлдэгдэл төлбөрөө төлөөгүй. Үлдэгдэл төлбөрийг төлөх үүрэг хэвээр хадгалагдаж байгаа тул сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй.
5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 225 дугаар зүйлийн 225.1, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч *******-иас 110,438,667 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлээс 61,719,333 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулж, 9,597,337 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2 дахь хэсэгт заасныг баримтлан 1,186,691 төгрөг, хариуцагчийн төлсөн 168,507 төгрөгийг тус тус улсын орлогод үлдээж, хариуцагчаас 710,144 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:
6.1. Анхан шатны шүүх “...албан бичиг нь гэрээ цуцалснаас учирсан хохирлыг нэхэмжлэгчид төлөхөө хариуцагч хүлээн зөвшөөрсөн агуулгатай байна” гэж дүгнэн алдангийг хэрэгсэхгүй болгосон атлаа 110,438,667 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Учир нь тухайн албан бичиг нь төлсөн төлбөрийг буцаан төлнө гэсэн илэрхийлэл бөгөөд талууд үйлчилгээний талбай захиалгын гэрээг албан ёсоор дүгнэж буй зүйл биш юм. Өөрөөр хэлбэл, гэрээний асуудлаа хэрхэн шийдвэрлэх талаар солилцож буй санал, мөн нэхэмжлэгч талын дарамт, шахалт бодитоор бий болсон байдаг. Анхан шатны шүүх нотлох боломж олгоогүй байж дарамт, шахалт тогтоогдохгүй байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил юм.
Үйлчилгээний 1 м.кв талбайн үнийг 6,400,000 төгрөгөөр тооцон худалдан авсан атлаа гэрээ цуцлагдах үед бусдад 1 м.кв талбайг 7,800,000 төгрөгөөр худалдсан учир энэхүү үнийн дүнгээр шаардах эрхтэй гэж үзэх боломжгүй. Учир нь барилгын ажил хэдэн хувьтай байгаагаас хамаараад м.кв талбайн үнэ нэмэгдэж байдаг. Хэрэв гэрээнээс учирсан хохирол гэж үзэх гэж байгаа бол хохирол нь бодитой байх ёстой бөгөөд хохирол учирсан болохыг нотлоогүй байна.
Анхан шатны шүүх сөрөг шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй ба Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт тус тус заасныг буруу тайлбарлан хэрэглэсэн. Хариуцагч талаас илүү мөнгө төлсөн байгаа учир буцаан шаардах эрхтэй.
6.2. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг гэрээ цуцалсантай холбоотой хохирол шаардаж байна уу, хүчин төгөлдөр байгуулсан гэрээний дагуу төлбөрийн зөрүү алданги шаардаж байна уу гэдгийг тодруулалгүйгээр үндэслэлгүй дүгнэлт хийж нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэнд гомдолтой байна.
Шүүхийн шийдвэрийн үндэслэх нь хэсэгт “...2024 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн бичгийг анзын талаар тохирсон бичгээр байгуулсан гэрээ биш харин гэрээ цуцалсны төлбөрийн хэмжээг тогтоосон, түүнийг төлөхөө илэрхийлсэн гэж үзэх үндэслэлтэй” гэжээ.
Гэтэл шүүх гэрээ цуцалсны төлбөр гэх үндэслэлээр ямар нэг хууль зүйн үндэслэлийг дурдалгүйгээр, хууль хэрэглэхгүйгээр нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасныг зөрчсөн байна.
6.3. Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2, 40.3-т заасныг зөрчиж, хэт нэг талыг барьж шийдвэр гаргасанд гомдолтой байна.
Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг няцаах зорилгоор 2024 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн бичгийг яагаад нэхэмжлэгч талд хийж өгсөн талаар нотлох зорилгоор гэрч асуух хүсэлтийг 1 удаа, камерын бичлэгт үзлэг хийлгэх хүсэлтийг 2 удаа, гар утсаар харилцсан мессежинд үзлэг хийлгэх хүсэлтийг 2 удаа гаргасан.
Шүүх тухай бүрд үндэслэлгүйгээр хариуцагч талын хүсэлтийг хэрэгсэхгүй болгож байсан нь мөн хуулийн 40.3-т заасныг зөрчсөн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримт гаргах, цуглуулах, бүрдүүлэх эрхийг хариуцагч талд олгоогүй, мэтгэлцэх эрхийг хязгаарласан тэгш оролцоог хангаагүй.
Мөн түүнчлэн шийдвэрийн үндэслэх хэсгийн 6 дугаар талд “...үйлчилгээний талбайг өөр этгээдэд 7,800,000 төгрөгөөр худалдсан тул энэ дүнгээр буюу 668,772,000 төгрөгөөс нэхэмжлэгчийн 2024 оны 5 дугаар сард төлөх байсан төлөөгүй 1 сарын төлбөр хасаж тооцсон байна” гэж, мөн “2023 оны 04 сарын 19-ний өдөр *******д 7,800,000 төгрөгөөр худалдсан...” гэх мэтээр *******тэй байгуулсан гэрээний талаар дүгнэж, эх хувиар нь хэрэгт гаргаж өгч чадаагүй гэрээг хэрэгт ач холбогдолтой талаас нь дүгнэж байгаа нь нотлох баримтыг үнэлэх журмыг зөрчсөн гэж үзэж байна.
Шийдвэрийн үндэслэх нь хэсгийн 7 дугаар талд “... Бичгээр байгуулсан гэрээ бус харин гэрээ цуцалсны төлбөрийн хэмжээг тогтоосон түүнийг төлөхөө илэрхийлсэн гэж үзэх үндэслэлтэй” гэж дүгнэсэн атлаа дараагийн мөрөнд Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2, 43.2.1-д заасан хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичиг үйлдэж гарын үсэг зурснаар бичгээр хэлцэл хийсэн гэж үзэхээр заасан бөгөөд дурдсан албан бичиг нь гэрээ цуцалснаас учирсан хохирлыг нэхэмжлэгчид төлөхөө хариуцагч хүлээн зөвшөөрсөн агуулгатай байна” гэж дүгнэжээ.
Шийдвэрт “Бичгээр байгуулсан гэрээ биш”, “бичгээр байгуулах гэрээний шаардлага хангасан байна” гэсэн хоёр эсрэг дүгнэлт хийсэн нь ойлгомжгүй байна.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа тодорхой гаргаагүй, 110,438,667 төгрөгийн хохирол учирсан гэдгийг нотлох баримтаар хангалттай нотлоогүй.
6.4. Хариуцагч нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар талуудын хооронд 9,597,337 төгрөгийн үнэ бүхий гэрээ байгуулагдаагүй, ийм хэмжээний мөнгийг *******д төлөх үүрэг бас үүсээгүй гэж тайлбарлан *******гээс үндэслэлгүй хөрөнгөжсөн 9,597,337 төгрөгийг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан. Гэтэл шүүх “...үндсэн нэхэмжлэлийн үлдэгдэл төлбөр гаргуулах шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь үндэслэлтэй” гэсэн ганц өгүүлбэрээр хууль хэрэглэхгүйгээр, нотлох баримтад үндэслэлгүйгээр сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой байна.
Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү.
7. Давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:
7.1. Хариуцагч нь үл хөдлөх хөрөнгийг ашиглалтад орсны дараа өөр этгээдэд нэхэмжлэгчтэй байгуулсан гэрээний үнийн дүнгээс м.кв тутамд 1,400,000 төгрөгөөр өндөр үнээр худалдсан асуудал үүссэн. Нэхэмжлэгч “та нар миний үл хөдлөх хөрөнгийг бусдад худалдсан, өмнө нь худалдсан гэрээгээ 1 сарын дараа үйлдсэн мэтээр хуурамчаар үзүүлж байна” гэж маргасан. Уг маргааны үеэр нэхэмжлэгч нь гуравдагч этгээд болох ******* гэх хүнтэй ярихад уг гэрээ нь үнэндээ ашиглалтад орох үед нь худалдсан гэрээ байсан болохыг тодорхой болгосон. Ингээд талууд м.кв тутмыг 7,800,000 төгрөгөөр тооцож, төлбөрийн зөрүүг буцаан олгохоор тохиролцсон бөгөөд тохиролцсоныхоо дагуу 2024 оны 6 дугаар сарын 10-ны өдөр албан тоот илгээсэн. Улмаар уг зөрүү төлбөрөө авах хүсэлтээр нэхэмжлэл гаргасан тул нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй гэж үзэхгүй.
7.2. Компани гэдэг нь хуулийн этгээдийн бүртгэлийн гэрчилгээ төдий зүйл бус, шийдвэр гаргаж, төлөөлөл үзүүлдэг эрх бүхий албан тушаалтан буюу гүйцэтгэх захирлаар дамжин үйл ажиллагаа явуулдаг. Гэтэл гүйцэтгэх захирлаа гэрчээр асуулгах хүсэлт нь миний зүгээс нэхэмжлэгчийг гэрчээр асуулгахтай адил ач холбогдолтой гэж үзэх үндэслэлгүй. Энэ хүсэлтийг шүүх хангаагүй нь үндэслэлтэй.
7.3. Хариуцагч байгууллага камерын бичлэгт үзлэг хийлгэх хүсэлт гаргасныг анхан шатны шүүх хангахгүй орхисон. Уг бичлэг дээр нэхэмжлэгч зохисгүй авир гаргасан учраас 2024 оны 6 дугаар сарын 10-ны өдөр албан бичиг өгсөн гэж хариуцагч байгууллага үзэж байгаа нь үндэслэлгүй. Мөн гүйцэтгэх захирал *******ын гар утсанд үзлэг хийлгэх хүсэлт гаргасан бөгөөд анхан шатны шүүх хангаж шийдвэрлэсэн боловч шүүх хуралдаан болох өдөр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тухайн хүсэлтээсээ татгалзаж, шүүх хуралдааныг үргэлжлүүлэхийг хүссэн.
Түүнчлэн эх хувиар нь гаргаж өгөөгүй гэрээг нотлох баримтаар үнэлсэн гэх асуудал яригдаж байгаа боловч үүнийг талуудын хооронд маргаагүй нөхцөл байдал гэж үзэх үндэслэлтэй.
7.4. Сөрөг нэхэмжлэлийн хувьд хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байгаа тул давж заалдах гомдол нь мөн үндэслэлгүй болно. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******-д холбогдуулан гэрээ цуцалсны төлбөрт 110,438,667 төгрөг, алдангид 61,719,333 төгрөг нийт 172,158,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, илүү төлсөн 9,597,337 төгрөгийг буцаан гаргуулах сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.
3.1. ******* болон *******-ийн хооронд 2023 оны 5 дугаар сарын 29-ний өдөр 0170/2023 дугаартай “Үйлчилгээний талбай захиалгын гэрээ” байгуулагдаж, уг гэрээгээр ******* нь ******* байрлах, ******* барилгын А блок, 3 давхарт, 85,74 м.кв талбай бүхий үйлчилгээний талбайг 2023 оны 3 дугаар улиралд багтаан хүлээлгэн өгөх, ******* нь 1 м.кв талбайн үнийг 6,400,000 төгрөгөөр тооцож, нийт 548,736,000 төгрөгийг хуваарийн дагуу төлөх үүргийг тус тус хүлээжээ. /хх-ийн 5-8 дугаар тал/
Дээрх гэрээгээр талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр гэж анхан шатны шүүх зөв дүгнэсэн.
3.2. Тус гэрээний дагуу нэхэмжлэгч нь 540,402,663 төгрөг төлсөн, хариуцагч байгууллага нь гэрээний зүйл болох үйлчилгээний талбайг бусдад худалдан борлуулсны улмаас талуудын хооронд байгуулагдсан гэрээ цуцлагдаж, дуусгавар болсон, ийнхүү үүргийн гүйцэтгэл боломжгүй болсонтой холбогдуулан хариуцагч байгууллагаас 2024 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 24/198 дугаартай албан бичгээр 660,438,667 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан төлөхөө илэрхийлсэн, үүнээс 550,000,000 төгрөгийг төлсөн үйл баримт тогтоогдсон, энэ талаар зохигч маргаагүй. /хх-ийн 9, 11, 53-64 дүгээр тал/
3.3. Дээрх албан бичигт “...гэрээнд тусгагдсан талбайн төлбөр болох 660,438,667 төгрөгийг 2024 оны 6 дугаар сарын 30-ны дотор багтаан *******гийн харилцах дансанд шилжүүлэхээ үүгээр илэрхийлж байна. ...” гэж тусгаж, хариуцагч байгууллагыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд гарын үсэг зурж, тамга дарж баталгаажуулсан, уг хүсэл зоригийн илэрхийллийг нэхэмжлэгч хүлээн авсан байна. Иймд Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1, 39.2, 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар дээрх мөнгөн төлбөрийн асуудлаар талуудын хооронд эрх, үүрэг үүссэн тул хариуцагч байгууллага нь гэрээ цуцалснаас учирсан хохиролд 660,438,667 төгрөг нэхэмжлэгчид төлөхийг хүлээн зөвшөөрсөн гэж шүүх дүгнэсэн нь үндэслэл бүхий болжээ.
Түүнчлэн, хариуцагч нь дээрх албан бичгээр мөнгөн төлбөр төлөхөөр илэрхийлэгдсэн хүсэл зоригийг нэхэмжлэгчийн дарамт, шахалтын улмаас өөрийн хүсэл зоригоос гадуур илэрхийлсэн тул хүчин төгөлдөр бус гэх агуулгаар маргасан боловч энэ талаарх хариуцагчийн тайлбар, татгалзал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй гэж шүүх дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсгийг зөрчөөгүй байна.
4. Иймд анхан шатны шүүх хэрэгт авагдсан дээрх баримтууд болон талуудын тайлбарыг харьцуулан дүгнэж гэрээ цуцалснаас нэхэмжлэгчид учирсан хохиролд хариуцагч байгууллагаас 110,438,667 /660,438,667 – 550,000,000/ төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.
5. Анхан шатны шүүх алдангид холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд нэхэмжлэгч гомдол гаргаагүй тул давж заалдах шатны шүүхээс эрх зүйн дүгнэлт хийхгүй байх нь талуудын зарчимд нийцнэ.
6. Сөрөг нэхэмжлэлийн тухайд;
6.1. Хариуцагч байгууллагын 2024 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 24/198 дугаартай албан бичгээр төлбөр төлөхөө илэрхийлсэн нэг талын буюу хариуцагчийн хүсэл зоригоор хийгдсэн хэлцийг нөгөө талын буюу нэхэмжлэгчийн дарамт, шахалтын улмаас хийсэн болох нь баримтаар нотлогдоогүй тул нэхэмжлэгчийг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэхгүй. Иймд сөрөг нэхэмжлэл бүхэлдээ хангагдахгүй, энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болсон.
7. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбогдуулан гаргасан дараах гомдлыг мөн хангахгүй орхино. Үүнд:
7.1. Шүүгчийн 2025 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 192/ШЗ2025/20952 дугаар захирамжаар *******, ******* нарын харилцсан мессежид үзлэг хийлгэх тухай хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэжээ. 2025 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн анхан шатны шүүх хуралдааны явцад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь дээрх хүсэлтээсээ татгалзсан байх тул энэ талаарх гомдол үндэслэлгүй.
7.2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.8.1 дэх хэсэгт “үүргээ гүйцэтгэх замаар уг хэргийн байдлыг мэдэх болсон ..., зохигчийн төлөөлөгч”-өөс гэрчийн мэдүүлэг авч болохгүй тул анхан шатны шүүх *******-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд *******аас гэрчийн мэдүүлэг авхуулах хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийг хангахаас татгалзсан нь зөв болсон. Иймд шүүх хүсэлтийг үндэслэлгүйгээр хангахаас татгалзаж, хууль зөрчсөн гэх агуулга бүхий гомдлыг хүлээн авахгүй.
7.3. 2025 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн анхан шатны шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс 2024 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн албан бичгийг үйлдэх үндэслэл болсон гэх нэхэмжлэгчийн хашхирч, загнасан гэх бичлэгт үзлэг хийлгэх хүсэлт гаргасныг мөн өдрийн шүүгчийн 192/ШЗ2025/20952 дугаар захирамжаар хангахаас татгалзаж шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай гэж үзэхгүй гэж дүгнэснийг буруутгах үндэслэл тогтоогдсонгүй. Учир нь, зөвхөн бичлэгээр дарамт, шахалт үзүүлсний улмаас хүсэл зоригт нөлөөлсөн гэх байдлыг тогтоохгүй, харин нэхэмжлэгчийн үйлдэл нь хариуцагчийн гаргасан шийдвэрт нөлөөлсөн гэж үзэх обьектив, субьектив нөхцөл байдал баримтаар тогтоогдсон байх учиртай.
7.4. Хэргийн 106-111 дүгээр талд *******, ******* нарын байгуулсан гэх “Үйлчилгээний талбай захиалгын гэрээ” нэртэй баримт хуульд заасан нотлох баримтын шаардлага хангаагүй хэлбэрээр авагдсан байх боловч уг баримт нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болоогүй байна. Иймд нотлох баримтын шаардлага хангаагүй баримтыг дүгнэсэн нь нотлох баримт үнэлэх журмыг зөрчсөн гэх агуулга бүхий гомдлыг хангахгүй.
8. Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн харилцааг зөв тодорхойлсон боловч талууд гэрээг цуцалж, дуусгавар болгосон тохиолдолд үүрэг зөрчсөний улмаас гэрээнээс татгалзах журмын зохицуулалтыг баримталсан нь оновчтой бус болсныг залруулж, Иргэний хуулийн алданги болон үндэслэлгүйгээр хөрөнгөжихтэй холбоотой шаардах эрхийн зохицуулалтыг нэмж, хууль хэрэглээний болон найруулгын өөрчлөлтийг оруулав.
9. Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхив.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 192/ШШ2025/04398 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн
1 дэх заалтыг “Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 219 дүгээр зүйлийн 219.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан *******-иас 110,438,667 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлээс үлдэх 61,719,333 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж,
тогтоох хэсэгт 2 дахь заалт нэмж, “Иргэний хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул *******д холбогдох 9,597,337 төгрөг гаргуулах тухай хариуцагч *******-ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.” гэж,
тогтоох хэсгийн дугаарлалтын “2” гэснийг “3” гэж, “3” гэснийг “4” гэж тус тус өөрчилж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 878,694 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЦЭНД
ШҮҮГЧИД С.ЭНХБАЯР
Т.ГАНДИЙМАА