Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 403

 

 

 

                                           

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

         Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: Б.Баярмаа,  

Улсын яллагч: Б.Батсайхан,

Шүүгдэгч: И.Н- өөрөө өөрийгөө өмгөөлөн тус шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт И.Н-өд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1905013890453 дугаартай хэргийг 2019 оны 5 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, И.Н-, 1976 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, бүрэн бус дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, “Эко Алтан заамар” ХХК-д гагнуурчин ажилтай, ам бүл 2, охины хамт, ...... тоот регистртэй,

Шүүгдэгч И.Н- нь 2019 оны 3 дугаар сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хөх тэнгэр” нэртэй зочид буудлын өрөөнд Г.Д-ийг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч И.Н-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

Хохирогч Г.Д-ий мөрдөн байцаалтад өгсөн: “...2019 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 22 цагийн орчим хамт ажилладаг манай компанид гагнуурчин ажилтай Н ахын хамт Улаанбаатар хотод орж ирээд Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хөх тэнгэр” нэртэй караокены дээд талд байрлах зочид буудалд орсон. ...Би уусан архиндаа согтчихсон байсан учраас болсон асуудлын талаар сайн санахгүй байна. Нэг ухаан ороход би зочид буудлын өрөөний душинд бүх хувцсыг маань тайлчихсан, ...хамар, амнаас цус гарчихсан угааж байсан. Буудлын өрөөнд Н “Д-өө пизда минь, гараад ир” гээд орилж байсан. Тэгээд У-, Э- хоёрын нэг нь намайг нойлын өрөөнөөс гаргатал Н миний нүүрэн тус газарт нэг удаа цохиод би газар унасан. Би газар унатал Н дахиад миний нүүр лүү өшиглөсөн. Тэгээд би ухаан алдаад тэрнээс хойш юу болсныг санахгүй байна...” гэсэн мэдүүлэг /хх-н 10-11/,

Гэрч О.У-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Д- гэнэт намайг заамдахаар нь Н ах Д-ийг боль гээд бид хоёрын дундуур ороод Д-ийг орон дээр суулгатал Д- гэнэт Н ахыг боогоод нүүр лүү нь цохиход нь Н ах зөрүүлээд хоёр гараараа нэг, нэг удаа цохьсон...” гэсэн мэдүүлэг /хх-н 12-13/,

Гэрч Г.Э-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...бид нар нэг цаг орчим караокед сууж байгаад буцаад буудал руугаа ороод байж байтал Д-, У- руу “Зүүн хараагийн новш” гэх зэргээр дайраад байсан. Н ах тэр хоёрын голоор ороод Д-ийг тэврээд “боль ахын дүү” гээд салгасан. Н ах Д- хоёр ноцолдоод байхаар нь У- бид хоёр салгасан. У-, Н ахыг салгаад хойшоо таттал Д-, Н ахын нүүрэнд 2 удаа цохьсон. Н ах Д-д “чи ахыгаа яаж байгаа юм” гэж байгаад Д-ий нүүр рүү хоёр гараараа хоёр удаа цохьсон. Тэгтэл Д- нүүрээ дараад доошоо суусан...” гэсэн мэдүүлэг /хх-н 14-15/,

Шинжээчийн 4543 тоот дүгнэлтэд: “...Г.Д-ийн биед тухайн үед тархи доргилт, зүүн зовхины зөөлөн эдийн няцарал цус хуралт, нүдний салстын цус хуралт, нүдний алимны доргилт, хамар ясны хугарал, уруул, хацрын зөөлөн эдийн няцрал, уруулд шарх гэмтэл учирчээ. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Гэмтлүүд нь тус тусдаа хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Дархан-Уул аймаг нэгдсэн эмнэлгийн №2614 тоот өвчний түүх, 2019 оны 3 дугаар сарын 10-ны толгойн КТГ зэрэг шинжилгээгээр Г.Д-ий биед тогтоогдсон гэмтлүүд нь шинэ гэмтэл байна...” гэсэн дүгнэлт /хх-н 21/,

Яллагдагчаар И.Н-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...буудалдаа ороод байж байтал гэнэт Д-өө, У- руу “Зүүн хараагийн пизда новшнууд” гээд дайраад байхаар нь би тэр хоёрын дундуур ороод Д-ийг тэврээд ахын дүү согтсон байна, одоо унтаж амар гээд ор руу түлхсэн, тэгтэл Д- намайг боогоод над руу агсараад дайраад байсан. Миний нүүр рүү нэг удаа цохьсон. Тэгэхээр нь би зөрүүлээд хоёр удаа цохьсон. Тэгтэл Д-өө доошоо гулжигнаад уначихсан. ...Би шүүх эмнэлгийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна....” гэсэн мэдүүлэг /хх-н 56-57/,

Хохирогчийн өргөдөл /хх-н 2/, Хохирлын баримтууд /хх-н 25-26/, хохирогчийн өвчний түүх /хх-н 31-40/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 45-50/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршигийн талаар:

Шүүгдэгч И.Н- нь 2019 оны 3 дугаар сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хөх тэнгэр” нэртэй зочид буудлын өрөөнд Г.Д-тэй маргалдан зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутай болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч Г.Д-ий: “...Би уусан архиндаа согтчихсон байсан учраас болсон асуудлын талаар сайн санахгүй байна. Нэг ухаан ороход би зочид буудлын өрөөний душинд бүх хувцсыг маань тайлчихсан, нэг нь миний хамар, амнаас цус гарчихсан угааж байсан. Буудлын өрөөнд Н “Д-өө пизда минь, гараад ир” гээд орилж байсан. Тэгээд У-, Э- хоёрын нэг нь намайг нойлын өрөөнөөс гаргатал Н миний нүүрэн тус газарт нэг удаа цохиод би газар унасан. Би газар унатал Н дахиад миний нүүр лүү өшиглөсөн. Тэгээд би ухаан алдаад тэрнээс хойш юу болсныг санахгүй байна...” гэсэн мэдүүлэг /хх-н 10-11/, гэрч О.У-ын: “...Д- гэнэт намайг заамдахаар нь Н ах Д-ийг боль гээд бид хоёрын дундуур ороод Д-ийг орон дээр суулгатал Д- гэнэт Н ахыг боогоод нүүр лүү нь цохиход нь Н ах зөрүүлээд хоёр гараараа нэг, нэг удаа цохьсон...” гэсэн мэдүүлэг /хх-н 12-13/, гэрч Г.Э-ын: “...Д-, У- руу “Зүүн хараагийн новш” гэх зэргээр дайраад байсан. Н ах тэр хоёрын голоор ороод Д-ийг тэврээд боль “ахын дүү боль” гээд салгасан. Н ах Д- хоёр ноцолдоод байхаар нь У- бид хоёр салгасан. У-, Н ахыг салгаад хойшоо таттал Д-, Н ахын нүүрэнд 2 удаа цохьсон. Н ах Д-д “чи ахыгаа яаж байгаа юм” гэж байгаад Д-ий нүүр рүү хоёр гараараа хоёр удаа цохьсон. Тэгтэл Д- нүүрээ дараад доошоо суусан...” гэсэн мэдүүлэг /хх-н 14-15/, шинжээчийн 4543 тоот дүгнэлт болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч И.Н-ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч И.Н- нь согтуурсан үедээ хохирогч өөрийг нь цохилоо гэх шалтгаанаар зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нь гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

Уг гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Г.Д-ий биед хөнгөн хохирол учирсан болох нь шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна.

Хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон шүүх эмнэлэгт үзүүлсэн 8.000 төгрөг, эм тариа авсан, эмчилгээ хийлгэсэн 460.600 төгрөг, нийт 468.600 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогч Г.Д-д олгохоор шийдвэрлэв.

Хохирогч нь хор уршгийн талаарх нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх шүүгдэгч И.Н-ийн үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул түүнийг гэм буруутайд тооцсон бөгөөд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нь И.Н- нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүгдэгчид ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийг 600  нэгж буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан бөгөөд шүүх шүүгдэгч И.Н-ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, эрхэлсэн тодорхой ажилтай,  гэмт хэрэг гарахад хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлсөн,  хохирогчийн хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн зэргийг харгалзан улсын яллагчийн саналыг хүлээн авах нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч И.Н- нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болно.

 

 

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч И.Н-ийг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч И.Н-ийг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
  3. Шүүгдэгч нь торгуулийн ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.
  4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
  5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч И.Н-өөс 468.600 төгрөг гаргуулж хохирогч Г.Д-д олгосугай.
  6. Хохирогч Г.Д- нь хор уршгийн талаарх нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
  7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч И.Н-өд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ч.ОТГОНБАЯР