Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 387

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: Б.Баярмаа,

Улсын яллагч: Ж.Энхжаргал,

Хохирогч: Д.Ч, түүний өмгөөлөгч С.Мягмарсүрэн,

            Шүүгдэгч: Э.Д өөрөө өөрийгөө өмгөөлөн тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Тээврийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Э.Д-д холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1903001500159 дугаартай хэргийг 2019 оны 5 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

     Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Э.Д, .......тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, ....тоот регистртэй,

Шүүгдэгч Э.Д нь 2019 оны 02 дугаар сарын 08-ны орой 21 цаг 25 минутын үед Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг “Аялгуу” төвийн хойд замд Тоёота Кровн маркийн ...... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-д заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Д.Ч-ыг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Э.Д-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2019 оны 02 дугаар сарын 08-ны өдөр хороололд Гэмтлийн эмнэлгийн хойно гарцны ойрхон явж байхад урдуур нэг эгч орж ирсэн. Би хурд багатай явж байсан учир тулаад зогссон. Тэгээд шууд буугаад очиход нэг эгч орилоод хэвтэж байсан. Тухайн үед би цагдаа дуудах бодол толгойд орж ирээгүй юун түрүүнд хүн ёолоод хэвтэж байхад эмнэлэг л санаад орсон. Тэгээд түргэн дуудсан, түргэн яг хаана вэ гэхээр нь Гэмтлийн эмнэлгийн хойно гэсэн. Би түргэн ирэх гэж удах байх цаг хугацаа алдаж байхаар өөрөө аваад оръё гэж бодоод шууд гэмтэл рүү аваад орсон. Эмнэлэг рүү манай эхнэр түрүүлж ороод эмчид нь хэлээд цагдаад бүртгүүлсэн...” гэв.

Хохирогч Д.Ч-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2019 оны 02 дугаар сарын 08-ны өдөр ажлаа тараад явган хүний гарцаар явж байгаад .......улсын дугаартай машинд мөргүүлж баруун хөлний дунд чөмөг хугарсан гэмтэл авсан. Тэгээд хугарсан чөмгөө хадуулах мэс ажлыг 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдөр хийлгэж эмнэлэгт 02 дугаар сарын 19-ний өдөр хүртэл нийт 9 хоног хэвтсэн. Миний эмчилгээний зардал болон бусад хохирлыг барагдуулаагүй байгаа. Мөнгө байхгүй тул эмнэлэгт үзүүлж дараагийн эмчилгээ хийлгэж чадахгүй байгаа тул хагалгааны зардал болон бусад зардалд зарцуулсан нийт 1.970.000 төгрөгийг мөн ажил хийж байгаад машинд мөргүүлсэн учраас авах ёстой байсан цалин 2.400.000 төгрөгийг нэхэмжилж байна...” гэв.

Хохирогч Д.Ч-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...2019 оны 02 дугаар сарын 08-ны өдөр 18 цагийн орчимд найзындаа очиж цай уучихаад 19 цаг өнгөрч байхад тэндээс гарсан. Манай найзынх харанхуй гэх гэр хороололд байдаг юм. Би өөрөө Парадоксын арын автобусны буудлын харалдаа ард байрлах “Love” нэртэй шөнийн клубд үйлчлэгчээр ажилладаг юм. Шинэ сар болж байсан болохоор 21 цагт ажил дээрээ очих ёстой байсан. Тэгээд Дүүхээ төв дээрээс автобусанд суух гээд зам хөндлөн явган хүний гарцаар хойноосоо урагшаа чигтээ зам хөндлөн гарах үед хар өнгийн Тоёота Кровн маркийн автомашин ирээд миний баруун хөл рүү мөргөхөд би үсрээд газарт унасан. Тэгэхэд хөл тас гээд явсан. Би нэг хартал зүүн талаараа газарт хэвтэж байсан. Тэгээд хамаг бие бадайраад нүд бүрэлзээд бие чичрээд байсан. Та яав гээд жолооч асуусан. Тэгэхээр нь би “чи яагаад намайг мөргөчихвөө, хөл хугарчихлаа” гэж хэлсэн. Тэгтэл жолооч 102-т дуудлага өгнө гэж хэлснээ утсаар яриад би хүн мөргөчихлөө гэж хэлсэн. Тэгээд гэмтлийн эмнэлэг дээр ирсэн. Эмч ирээд баруун хөлийн дунд чөмөг хугарсан байна гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-н 22-25/,

Шинжээчийн 229 тоо дүгнэлтэд: “...Д.Ч-ын биед баруун дунд чөмөгт ясны хөндлөн зөрүү бүхий далд хугарал, баруун зүүн гуянд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүсэх байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт /хх-н 35/,

Мөрдөгчийн 84 дугаартай магадлагаанд: “...Тоёота кровн маркийн ......улсын дугаартай автомашиныг жолоодон явсан Э.Д нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 16.1-д заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө.” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. Явган зорчигч Д.Ч нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн гэх үндэслэлгүй байна. Зам тээврийн осол нь замын байгууламж, замын тэмдэг тэмдэглэгээ болон бусад нөхцөл байдлаас болсон гэх үндэслэлгүй байна...” гэсэн магадлагаа /хх-н 63-64/,

Иргэний хариуцагч А.А-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Зам тээврийн ослын улмаас учирсан хохирлыг төлөхөд татгалзах зүйлгүй. Хагалгаанд орсон эмчилгээний зардал болох 161.000 төгрөг төлсөн. Ор хоногийн мөнгө 110.000 төгрөг төлсөн. Хувиараа 50.000 төгрөгний тос, 300.000 төгрөгөөр тэрэг авч өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх-н 28/,

Яллагдагчаар Э.Д-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...2019 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 20 цаг 05 минутын орчимд Баянгол дүүргийн 7 дугаар хороо, Аялгуу төвийн хойд замд өөрийн эхнэр А.А-гийн эзэмшлийн Тоёота Кровн маркийн ......улсын дугаартай автомашиныг жолоодон явахдаа явган зорчигч дээр очоод эмнэлэг, түргэн дуудсан. Тэгээд мөргүүлсэн явган зорчигч орилоод байхаар нь өөрийн машинаараа авч явсан. Тэгээд осол хэргийн газраас хөдөлсөн юм...” гэсэн мэдүүлэг /хх-н 75-76/,

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 3/, Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 4-5/, Зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-н 6-9/, хохирогч, шүүгдэгчийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх-н 10-11/, Зам тээврийн осол, хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-н 14-18/, техникийн шинжээчийн 22 тоот дүгнэлт /хх-н 40-47/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 77-82/, Хохирлын баримтууд /хх-н 89-98, 101-102/ зэрэг болно.

          Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

          Гэм буруу болон хохирол, хор уршигийн талаар:

Шүүгдэгч Э.Д нь 2019 оны 02 дугаар сарын 08-ны орой 21 цаг 25 минутын үед Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг “Аялгуу” төвийн хойд замд Тоёота Кровн маркийн ......улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-д заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Д.Ч-ыг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэм буруутай болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч Д.Ч-ын: “...Дүүхээ төв дээрээс автобусанд суух гээд зам хөндлөн явган хүний гарцаар хойноосоо урагшаа чигтээ зам хөндлөн гарах үед хар өнгийн Тоёота Кровн маркийн автомашин ирээд миний баруун хөл рүү мөргөхөд би үсрээд газарт унасан. Тэгэхэд хөл тас гээд явсан. Би нэг хартал зүүн талаараа газарт хэвтэж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 22-25/, шинжээчийн 229 тоо дүгнэлт, мөрдөгчийн 84 дугаартай магадлагаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Э.Д-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Э.Д-ын үйлдэл нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон тул гэм буруутайд тооцох нь зүйтэй.

Шүүгдэгч нь гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

Уг гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Д.Ч-ын биед хүндэвтэр хохирол учирсан болох нь шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна.

Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4-т “Тээврийн хэрэгсэл ашиглагчийг өмчлөгч буюу эзэмшигч өөрөө томилсон буюу өөрөө түүнд уг хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй” гэж заасан байх ба хохирогчийг мөргөсөн, тухайн үед шүүгдэгч Э.Д-ын унаж явсан Тоёота Кровн загварын автомашин нь иргэний хариуцагч А.А-гийн дэр дээр бүртгэлтэй байх тул уг хохирлыг иргэний хариуцагч болон шүүгдэгч нар хариуцах хууль зүйн үндэслэлтэй байна.

Хохирогч нь шүүхийн хэлэлцүүлэгт хагалгааны зардал болон бусад зардалд зарцуулсан нийт 1.970.000 төгрөгийг мөн ажил хийж байгаад машинд мөргүүлсэн учраас цалингийн алдагдал болох 2.400.000 төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд шүүх хавтаст хэрэгт баримтаар авагдсан хохирлын баримтуудаас хоол, хүнс авсан зардлыг хохирлоос хасаж үлдэх 1.710.230 төгрөгийн хохирлыг иргэний хариуцагч А.А- болон шүүгдэгч Э.Д нараас гаргуулж хохирогч Д.Ч-д олгохоор шийдвэрлэв.

Хохирогч нь гэмтэл авсан эсэхээс үл шалтгаалан хоол, хүнс хэрэглэх тул дээрх хохирлыг гэмт хэргийн улмаас учирсан хохиролд оруулан тооцох үндэслэлгүй гэж үзнэ.

Хохирогч нь ажилгүй байсан хугацааны цалин 2.400.000 төгрөг нэхэмжилсэн бөгөөд Коко Дрийм ХХК-д сарын 600.000 төгрөгийн цалинтай ажилладаг гэсэн тодорхойлолт хавтаст хэрэгт байх боловч тухайн байгууллагаас авсан цалингийн хүснэгт, хөдөлмөрийн гэрээ болон нийгмийн даатгал төлсөн гэх баримт байхгүй тул энэ талаарх нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь хохирол, хор уршгийн талаарх нотлох баримтаа бүрдүүлж жич иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч нь хохирогчид 271.029 төгрөг төлсөн, тэрэг авч өгсөн болохыг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хариуцлагын талаар:

   Шүүх шүүгдэгч Э.Д-ыг гэм буруутайд тооцсон бөгөөд энэ талаар шүүгдэгч маргаагүй тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүгдэгчид ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийг 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах санал гаргасан ба шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учруулсан зарим хохирлыг нөхөн төлсөн зэргийг харгалзан улсын яллагчийн санал болгосон нийтэд тустай ажил хийлгэх ялаас доогуур нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдэх нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр заасан ба шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2-т заасан нөхцөлийг харгалзан эрх хасах нэмэгдэл ял хэрэглэх шаардлагагүй гэж үзсэн болно.

Шүүгдэгч Э.Д нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, хураагдаж ирсэн бичиг баримтгүй болно.

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Э.Д-г “автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Д-ыг 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Днь шүүхээс оногдуулсан 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.
  4. Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нь хохирогчид 271.029 төгрөг төлсөн болохыг тус тус дурдсугай.
  5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Д-а, иргэний хариуцагч А.А- нараас 1.710.230 төгрөг гаргуулж хохирогч Д.Ч-д олгосугай.
  6. Хохирогч Д.Ч нь хохирол, хор уршгийн талаарх нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
  7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сидийг хэрэгт хавсаргасугай.
  8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Д-д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ч.ОТГОНБАЯР