| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пүрэвээгийн Ариунболд |
| Хэргийн индекс | 186/2019/0566/Э |
| Дугаар | 618 |
| Огноо | 2019-08-07 |
| Зүйл хэсэг | 17.1.3.1., |
| Улсын яллагч | М.Энхбаатар |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 08 сарын 07 өдөр
Дугаар 618
2019 08 07 2019/ШЦТ/618
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Мөнхбаяр даргалж, шүүгч П.Ариунболд, Д.Ренченхорол нарын бүрэлдэхүүнтэй
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Буянхишиг,
улсын яллагч М.Энхбаатар,
хохирогч В.Бат-Орших,
шүүгдэгч Ж.Д, түүний өмгөөлөгч Н.Намжилцогт,
иргэдийн төлөөлөгч Э.Ариунзаяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Жамсранжавын Даваасүрэнд холбогдох эрүүгийн 201625031852 дугаартай хэргийг 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1994 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Архангай аймгийн Ихтамир суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эцгийн хамт амьдардаг, Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо Жаргалантын 33-0550 тоотод оршин суух хаягтай,
Урьд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдөр 259 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 cap 10 хоногийн хугацаагаар баривчлах ялаар шийтгэгдэж байсан /1 хх-н 81-83/,
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 417 тоот шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгэгдэж шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 5.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг үндэслэн 6 cap баривчлах ялаас чөлөөлөгдөж байсан /1 хх-н 77-79/, Боржигон овогт Ж Д /РД:............
Шүүгдэгч Ж.Д нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч
2016 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэр 10 дугаар байрны 15 тоотод оршин суух В.Бат-Оршихын гэрээс “Эйсер” зөөврийн компьютер, “самсунг трэнд 2” гар утас хулгайлж 342,000 төгрөгийн хохирол учруулсан,
2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо Хайлаастын 20 гудамжны 618Б тоотод оршин суух иргэн П.Оюунсүрэнгийн эзэмшлийн өвлийн сууцны цонхоор нэвтрэн орж “Делл” брендийн суурин компьютер, “Самсунг Эс-3”, “Айфон-4” маркийн гар утас, хүүхдийн хувцас, дэвтэр зэрэг эд зүйлийг хулгайлж 562,400 төгрөгийн хохирол учруулсан,
2016 оны оны 09 дүгээр сарын 24-ний өдөр Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо Жаргалантын 33-р гудамжны 555 тоотод оршин суух Г.Номингийн эзэмшлийн байшингийн цонхоор нэвтрэн орж монетон бөгж, гинж кулон, “Самсунг Галакси Эс-6” гар утас, эмэгтэй хүний булган шуба, зөөврийн компьютер, хард диск зэрэг эд зүйлийг хулгайлж 2,347,500 төгрөгийн хохирол учруулсан,
2017 оны 09 дүгээр сарын 31-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороо Чулуут 9-18 тоотод оршин суух иргэн П.Мягмаржавын өвлийн байшинд нэвтрэн орж “делл” маркийн зөөврийн комьпютер, бэлэн 1 сая төгрөг, монетон ээмэг 2 хос, монетон бөгж 5 ширхэгийг хулгайлан авч 2,457,300 төгрөгийн хохирол учруулсан,
2017 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо Хайрханы 4 гудамжны 136 тоотод оршин суух иргэн Т.Цэрэнжавын эзэмшлийн байшингийн цонхоор нэвтрэн орж их гарын мөнгөн аяга 4 ширхэг, дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг, бага гарын мөнгөн аяга 2 ширхэг, бүрмэл аяга 1 ширхэг, алтны хольцтой мөнгөн бүсний даруулга 1 ширхэг зэрэг эд зүйлийг хулгайлж 2,640,000 төгрөгийн хохирол учруулсан,
2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо Дунд нарангийн 6 дугаар гудамжны 177 тоотод оршин суух иргэн Б.Сарангоогийн эзэмшлийн байшингийн цонхоор нэвтрэн орж Э.Уянгын эзэмшлийн “Самсунг” брендийн зөөврийн компьютер хулгайлж 270,000 төгрөгийн хохирол учруулсан,
2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо Алтайн 2 гудамжны 168 тоотод оршин суух Э.Анандын эзэмшлийн байшинд нэвтрэн орж “Эйч-Пи” загварын зөөврийн компьютерыг хулгайлж 290,000 төгрөгийн хохирол учруулсан,
2018 оны 08 дугаар сарын 20-ны өдөр Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо Хайлаастын 16 дугаар гудамжны 324 тоотод оршин суух Д.Ганцоожийн өвлийн байшингийн цонхоор нэвтрэн орж мөнгөн аяга, Делл загварын зөөврийн компьютер хулгайлж нийт 1,491,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.Д мэдүүлэхдээ: “...Би 2016 оноос 2018 оны хооронд үйлдсэн гэх найман үйлдэлд шалгагдаж байна. Номин, Оюунсүрэн, Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст очсон юм. Би Бат-Эрдэнэ гэх мөрдөгчид мэдүүлэг өгчихөөд батлан даалтанд гарсан. Ананд Сарангоо гэх хүмүүсийн гэрээс эд зүйлийг авсан. Мөрдөгч нь хэргийг татаж авч ирээд шидээд өгье өөр хэрэг байгаа юу гэж асууж байсан хамгийн сүүлд нэмэгдсэн хоёр хэрэг болох Мягмаржав, Цэрэнжав гэх хүмүүсийн гэрээс авсан эд зүйлийг авсан гэж мэдүүлэг өгөх үү дөрөв болон зургаа байсан ч адилхан шүүдээ гэж хэлсэн юм. 2018 оны наадмын дараа мөрдөгч миний хэргийг Чингэлтэй дүүрэг рүү шилжүүлсэн гэж хэлсэн юм. Би 2018 оны 8 дугаар сарын 17-ны өдөр баригдаж цагдан хоригдсон юм. 2016 оны хохирогч В.Бат-Оршихын хэрэг байна гэж надтай ирж уулзсан. Би В.Бат-Оршихтой 2017 онд цэргээс халагдсан. В.Бат-Оршихын гэрт архи уусан. Тэр орой хохирогч болох В.Бат-Оршихын гэрээс эд зүйл алга болсон байна гэж хэлсэн. Дараа нь В.Бат-Орших над дээр ирж уулзаж байсан. Би өөрт нь би аваагүй гэдгээ хэлсэн. 2017 онд шүүхээр орсон. 2016 оны В.Бат-Орших гэх хэрэг байна гэхээр нь би хохирогчид эд зүйлийг авсан хохиролгүй гэж хэлж байсан гэж хэлэхэд хаагдаагүй байна гэж хэлсэн. Ингээд миний үйлдэл 8 болсон. Бат-Эрдэнэ болон Нямцэцэг прокурор хоёр дагуулж яваад Чингэлтэй дүүрэгт байрлах нэг хохирогчийн гадна очоод чи анхныхаа мэдүүлгийг өгсөн учраас дахин мэдүүлэг өгөх шаардлагтай гэсэн. Манай аав, ээж нарын зүгээс хохирол төлөхөөр болсон. Ингээд Б.Бат-Эрдэнэ гэх мөрдөгчийн 2 үйлдлийн хохирол нийтдээ 5,000,000 төгрөг болсон. Би өмгөөлөгчгүй явж байгаад сая 2019 оны 8 дугаар сараас эхлэн өмгөөлөгч авсан. Би 3 үйлдлийг хасуулах хүсэлттэй байна. Би хохирогч нарт учруулсан хохиролыг төлж барагдуулах болно ....” гэсэн мэдүүлэг
Нэг: Хохирогч В.Бат-Орших шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...2015 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Даваасүрэн, Бат-Эрдэнэ бид гурав архи согтууруулах ундааны зүйл хэрэглсэн. Даваасүрэн манай гэрээс гарахдаа гэрийн түлхүүр аваад гарсан. Би маргааш нь залгаад түлхүүрээ авъя гэж хэлсэн. Би 23-ны өдөр гэртээ буцаж ирэхэд манай гэрт хулгай орсон байдалтай байсан. Би Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст очиж мэдүүлэг өгсөн. Би Даваасүрэнтэй хохирол төлөөд өгчихөө гэж хэлсэн. Шүүгдэгчийн яриад байгаа зүйл нь дуу хураагуур биш байсан. Дараа нь Бат-Эрдэнэ над руу залгаад миний төрсөн өдөр болж байна хүрээд ирэх үү гэж ярьсан. Тухайн үед би танай гэрээс хулгай хийсэн гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Бид гурав дахь удаагаа уулзахдаа манайд цагийн ажил хийхээр ирсэн. Дараагаар нь Бат-Эрдэнэ гэх хүн залгаж хэлсэн. Би зөөврийн компьютер болон “самсунг трэнд-2” гар утас алдсан...” гэсэн мэдүүлэг,
Хохирогч В.Бат-Орших мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: /3-р хх-н 22-23/ “2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр би Баянгол дүүргийн 13 дугаар хороо 10А байрны 15 тоот дахь гэрээсээ гараад Эрдэнэт хотод очоод 2 хоногийн дараа буюу 1 сарын 24-ний өдөр орой 19 цагийн орчим гэртээ ирсэн. Намайг гэрийн хаалгаа түлхүүрдээд нээхэд коридорын гэрэл асаалттай шалан дээр гутлын шавхай гарсан байсан. Том өрөөний ширээний тавиур дээр байсан “Эйсер” зөөврийн компьютер болон “самсунг трэнд” гар утас байхгүй байсан. Би гэртээ ганцаараа амьдардаг. Гэрийн түлхүүр ээж, аавд 1 ширхэг, манай найз Даваасүрэнд 1 ширхэг түлхүүр байсан. 2015 оны 12 сарын 30-ны өдөр манай гэрээс хамт машин халааж байхдаа түрүүвчээ мартсанаа мэдээд Даваасүрэнд түлхүүр өгөөд оруулсан. Тэр үед гэрийн түлхүүрээ мартсан байсан. Тэр орой гэртээ орох үед Даваасүрэн хаалга онгойлгож орсон”, “... миний курткыг өмсөөд сууж байсан юм...” гэсэн мэдүүлэг,
Шүүгдэгч Ж.Д мөрдөн шалгах ажиллагаанд сэжигтнээр мэдүүлэхдээ: /3-р хх-н 56х/ “ Би 2015 оны 10 дугаар сард хугацаат цэргийн албанаас халагдсан. 2016 оны 1 сард цэргийн албаны найзуудаараа уулзаад Бат-Оршихын гэрт очсон юм. Бид нар 3-4 шил архи хувааж уусан. Мөн Бат-Оршихын хамт ажилладаг гэх 4 найз нь ирсэн. Тэгсэн Бат-Орших хамт ажилладаг хүмүүстэйгээ маргалдаад зодолдох гээд байсан болохоор нь ганцаараа гэрээс нь гараад явсан. Гарч явахдаа Бат-Оршихын өвлийн курткийг нь өмсөөд гараад явсан байсан. Тэр курткэний халаасанд нь гэрийнх нь түлхүүр байсныг нь би мэдээгүй. Тэр өдрөөс хэд хоногийн дараа Бат-Оршиход гэрийнх нь түлхүүрийг, куртиктэй нь өгөх санаатай гэрт нь очсон чинь хүн байхгүй байсан. Тэгэхээр нь том өрөөнийх нь ширээн дээр нь байсан “Эйсер” брендийн зөөврийн компьютер, хар өнгөтэй жижиг гар утас байсныг нь аваад явсан юм.... гэсэн мэдүүлэг,
Эд зүйлийн үнэлгээ хийх эрх бүхий байгууллагаас нөүтбүүк, гар утсыг нийт 342,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ /3 хх-н 70/,
шүүгдэгч Ж.Дгийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан мэдүүлэг /2-р хх-ийн 224-228х/,
Хоёр: Хохирогч П.Оюунсүрэн мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: /1 хх-н 24/ “...Би 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн өглөө 07 цагт гэрээс гараад эмнэлэгт үзүүлэх гээд гарсан. 15 цагт манай охин Д.Уранчимэг гэртээ хичээлээ тарж ирээд гэрлүүгээ орсон чинь хоёр хаалга цоожтой хэвээрээ дотогш ороход гэрийн доторх хувцасны шүүгээний хаалгаа онгорхой доторх эд зүйлсийг гадна нь талд гаргаж хаясан байдалтай байхаар нь гэрээс буцаж гараад ойр хавиасаа утас хайж олоод над руу залгаад “ээж хурдан гэрт ирээрэй” гээд надад хэлээд би гэртээ ирээд цагдаагийн 102 дугаар утсанд дуудлага өгч мэдээлсэн”, “...Манай гэрээс “делл” маркийн иж бүрэн суурин комьпютер, “Самсунг эс-3”, “Айфоне-4” маркийн гар утас, эмэгтэй хүүхдийн хөх өнгийн куртик, сурагчийн 48 хуудастай дэвтэр 6 ширхэг зэрэг эд зүйл алдагдсан байсан” гэсэн мэдүүлэг,
Шүүгдэгч Ж.Д мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: /1-р хх-ийн 56-57/ “...2015 оны 10 дугаар сард цэргийн албанаас халагдаж ирсэн 2016 онд Улаанбаатар хотод аав Жамсранжавын хамт Хайлаастын тоот хашаанд амьдардаг байсан. Очвол тухайн үед амьдарч байсан газраа мэднэ. 2016 оны 09 дүгээр сарын дундуур Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо Хайлаастын гудамжинд буюу манай амьдарч байсан хашааны чанх урд байх блокон хашаатай саарал өнгийн гүйдэг хаалгатай Г хэлбэрийн шар өнгийн байшинтай айл руу усны тэрэг гуйх гээд ороход уг айлын гэрийн хаалга цоожтой байшингийн хаалганы дэргэд байх вакум цонх онгорхой гадна талдаа ялааны тортой байхаар нь торыг урж аваад байшин руу нэвтэрч ороод иж бүрэн суурин компьютер, самсунг загварын гар утас “ай фоне-4” эс зэрэг эд зүйл хулгайлж аваад дотогш орсон газраараа буцаад гарсан. 2 ширхэг гар утсыг нь хорооллын гар утас засварын газар зарж борлуулсан суурин компьютерыг нь зар тавьж зарж борлуулсан....”гэсэн мэдүүлэг,
Эд зүйлийн үнэлгээ хийх эрх бүхий байгууллагаас “делл” маркийн суурин компьютер 300,000 төгрөг/1 хх-н 29/, самсунг эс 3 маркийн гар утас 130,000 төгрөг, “ай фоне 4” маркийн гар утас 100,000 төгрөг, эмэгтэй хүний куртик 30,000 төгрөг, 6 ширхэг дэвтэр 2400 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ /1-р хх-н 30х/,
Насанд хүрээгүй гэрч Д.Уранчимэг мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ /1 хх-н 31-32/ “Би 2016 оны 09 дүгээр сарын 14- ний өдөр хичээлээ тараад гэртээ ирэхэд хашааны ордог хаалга дутуу хаагдсан байдалтай байхаар нь дотогшоо ороод харсан чинь цонхны доод талд нь манай гэрийн цонхны ялааны торны цагаан төмөр нь газарт унасан, цонх онгорхой байхаар нь цонхоороо гэрийн доторхийг харахад хувцасны шүүгээний хаалга онгорхой эд зүйлс болон хувцаснууд газраар тарсан байдалтай байсан”, “...Манай гэрээс жижиг өрөөнд байдаг байсан иж бүрэн суурин “Делл” брендийн компьютер, миний “самсунг эс-3” загварын гар утас, цэнэглэгчийн хамт, ажилдаггүй байсан “айфоне-4” гар утас, миний өмсөхөөр авсан байсан куртка, сурагчийн 6 ширхэг дэвтэр зэрэг эд зүйл алдагдсан байсан..” гэсэн мэдүүлэг
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн Шинжилгээнд тэнцсэн 4,5,6 дугаартай гарын мөр гарын хээний нэгдсэн санд MN000120003411 дугаараар бүртгэгдсэн Жамсранжавын Даваасүрэнгийн баруун гарын эрхий хурууны дардастай тохирч байна. ...” гэх 221 тоот дүгнэлт/1 хх-н 42/,
Гурав: Хохирогч Г.Номин мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: /1 хх-ийн 108-109/ “...Би Чингэлтэй дүүргийн 15-р хороо Жаргалантын 33-555 тоотод нөхөр хүүхдийнхээ хамт амьдардаг. 2016 оны 09 сарын 24-ний өдөр 19:00 цагийн үед нөхөр бид хоёр хүүхдийнхээ хамт найзынхаа байрны найранд явсан. 2016 оны 09 сарын 25-ны 01:00 цагийн үед гэртээ ирсэн. Тэгээд урд талын хаалгаараа гэртээ орсон чинь манай хойд зүг рүү харсан унтлагын өрөөний вакум цонх хагархай байсан. Тэгээд доторх эд зүйлсээ шалгаж үзтэл шкафанд байсан эд зүйл болон гал тогооны шүүгээнүүд эмх замбараагүй болсон байсан. Манай гэрийн хувцасны шкафнаас миний богино загварын цагаан өнгөтэй булган шуба алга болсон. Том өрөөний шүүгээнд байсан эрэгтэй хүний монетон гинж, “самсунг эс-6” маркийн гар утас /шинэ/, 50 төгрөгийн дэвсгэрт 1 ширхэг, унтлагын өрөөний шкафнаас “компак” маркийн нөүтбүүк нэг ширхэг, эмэгтэй хүний монетон гинж кулоны хамт, эмэгтэй хүний монетон бөгж хоёр ширхэг тус тус алга болсон байсан...” гэсэн мэдүүлэг,
Шүүгдэгч Ж.Д мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: /1-р хх-ийн 135-136/ “ ...2016 оны 09 дүгээр сард Улаанбаатар хотод аав Жамсранжавын хамт Хайлаастын хашаанд түрээсээр гэр бариад суудаг байсан. Тэгээд 2016 оны 09 дүгээр сарын сүүлээр өдрийг нь санахгүй байна. Манай амьдардаг байсан хашаанаас хойд зүгт ногоон өнгийн хаалгатай модон хашаатай айлын хашаагаар нь давж ороод байшингийн урд талын вакум цонхыг хөлөөрөө өшиглөн хагалж дотогш нэвтэрч ороод уг айлаас нөүтбүүк, монетон бөгж, /эрэгтэй хүний/ ногоон өнгийн өвлийн урт куртик, эмэгтэй хүний монетон гинж, кулон, хард диск, зэрэг эд зүйлийг хулгайлж авсан...” гэсэн мэдүүлэг,
Эд зүйлийн үнэлгээ “Эмэгтэй хүний богино загварын цагаан өнгийн үнэгэн захтай булган шуба 600,000, самсунг галакси эс 6 маркийн гар утас 300,000, “компак” загварын зөөврийн компьютер 600,000, эмэгтэй хүний монетон бөгж 266,000 төгрөг, эмэгтэй хүний монетон гинж 140,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ /1 хх-н 111-112х/, зөөврийн хард диск 27,000 төгрөг, эмэгтэй хүний монетон бөгж 283,500 төгрөг, эмэгтэй хүний монетон гинж кулон 126,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ /3 хх-н 85х/,
Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн "...Шинжилгээнд тэнцэж буй 4 гэж дугаарласан ямар нэгэн тайлбаргүй нэг ширхэг гарын мөр санд
MN000120003411 дугаараар буртгэгдсэн Жамсранжавын Даваасүрэн гэх хүний зүүн гарын дунд хурууны хээ байна ...” гэх 710 дугаартай дүгнэлт /1 хх-ийн 129/,
Дөрөв: Хохирогч П.Мягмаржав мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: /2хх-н 178, 180/ “...2017 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр би өөрийн гэр Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороо Чулуут 9-18 тоотод 13 цагийн үед очиход хулгай орсон байсан. Би тухайн үед цагдаагийн байгууллагад мэдэгдсэн. Миний санаж байгаагаар делл маркийн нөүтбүүк 1 ширхэг, монетон бөгж 5 ширхэг, 2 хос монетон ээмэг алдагдсан” гэсэн мэдүүлэг,
Шүүгдэгч Ж.Д мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: /2-р хх-ийн 189-190/ “...2017 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 16 цагийн үед Сонгинохайран дүүргийн Ханын материалд байдаг ах болох Алтантөр ахынд очоод буцаад гэрлүүгээ буюу Чингэлтэй дүүргийн хайлааструу явах замдаа Сонгинохайран дүүргийн 30 хорооны чулуутын 9-18 тоот буюу тоосгон нэг давхар байшинтай модон хашаатай нэг айлын ерөнцийн зүгээр урд рүү харсан 2 ширхэг цонхны зүүн талын цонхоор нь зүүн цонхыг нь түлхэн орж том өрөөний мөлхөө тавилганы шүүгээнээс нь 2 ширхэг том 2 ширхэг жижиг нийт 4 ширхэг монетон бөгж 2 хос монетон ээмэг буюу 4 ширхэг монетон ээмэг хулгайлж аваад орж ирсэн цонхоороо гараад явсан...” гэсэн мэдүүлэг,
Эд зүйлийн үнэлгээ хийх эрх бүхий байгууллагаас “Делл” маркийн зөөврийн комьпютерийг 750,000 төгрөгөөр /2-р хх-н 191х/, монетон бөгж зэрэг 5 нэр төрлийн эд зүйлийг нийт 1,707,300 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ /3 хх-н 89х/,
Тав: Хохирогч Т.Цэрэнжав мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: /2 хх-ийн 27-28/ “...Би 2017 оны 10 дугаар сарын 12-ны өглөө 07 цагийн үед ажилдаа явахаар эрт гарсан. Тухайн үед манай эхнэр гэртээ үлдсэн, хэдэн цагийн орчимд гарсан тухай нь би мэдэхгүй байсан. Ингээд өдөр ажил дээрээ байж байтал оройхон 18 цагийн орчимд манай эхнэр над руу залган гэрт хулгай орсон юм шиг байна хурдан ир гэж хэлсэн. Гэртээ ирэхэд гэрийн вакум цонхны салхивч нээлттэй байсан. Иймд би цагдаагийн 102 дугаартай залган дуудлага өгсөн. Удалгүй цагдаа нар ирээд гэрт үзлэг хийсэн. Манай гэрээс нийт 9 ширхэг янз бүрийн хэмжээтэй мөнгөн аяганууд, хуучны эмэгтэй үсний алтны хольцтой мөнгөн даруулга, монетон ээмэг зэрэг эд зүйлс алга болоод байна. Мөнгөн аяганууд нь их гарын 2 ширхэг, дунд гарын 2 ширхэг болон 1 ширхэг бүрмэл байсан...” гэсэн мэдүүлэг,
Шүүгдэгч Ж.Д мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: /2-р хх-н 37-38/ “...миний бие 2017 оны 10 дугаар сард Сонгинохайран дүүргийн Цамбагаравын ар талын гэр хороолол дунд засмал зам дагуу банзан хашаатай хөх өнгийн төмөр хаалгатай хашаан дотроо ягаан өнгийн блокон байшинтай айлын баруун тийш харсан вакум цонхыг түлхэж ороод хойд унтлагын өрөөнд байсан шүүгээнээс 6-7 орчим ширхэг үүнээс 2 ширхэг том гарын, үлдсэн нь жижиг мөнгөн аяга байсныг авсан. Монетон ээмэг байгаагүй бөгөөд үсний даруулга байсан үгүйг санахгүй байна. Ингээд би авсан эд зүйлээ явуулын үл таних ченжид зарсан...” гэсэн мэдүүлэг,
Эд зүйлийн үнэлгээ хийх эрх бүхий байгууллагаас их гарын мөнгөн аяга 4 ширхэг, дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг, бага гарын мөнгөн аяга 2 ширхэг, бүрмэл аяга 1 ширхэг, үсний алтны хольцтой мөнгөн даруулгыг нийт 1,860,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ /2 хх-н 30/, мөнгөн аяга, монетон ээмгийг нийт 780,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ /2 хх-н 231/,
Зургаа: Хохирогч Э.Уянга мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: /1 хх-ийн 226-227/ “Би 2017 оны 05 дугаар сард анх Түвшинболд гэх залуутай танилцсан. Эхэндээ бид 2 мессеж бичиж ярьдаг байсан ба сүүлд буюу 2017 оны 08 дугаар сараас эхлэн бид үерхэх болсон. Бид 2 байнга холбоотой байдаг байсан боловч Түвшээ нь 12 дугаар сарын эхээр гар утсаа манай таньдаг дүүд зарсан учраас бид 2 холбоо барихад жаахан хэцүүхэн болж эхэлсэн. Надад гэртээ ашигладаг хуучны саарал өнгийн самсунг маркийн зөөврийн комьпютер байдаг байсан ба би нөүтбүүкээ тэр болгон ашигладаггүй байсан. Гар утсаараа интернет орох боломжтой байсан учраас өөрийн зөөврийн комьпютерээ найз залуу Түвшинболдод өгсөн. Түүнээс хойш холбоо бариад уг нь зүгээр байсан юм. Тэгтэл өнөөдөр над руу залгаад гэрт хулгай орчихсон байна, чиний нөүтбүүкийг л аваад гарчихсан байна гэж хэлсэн. Миний зөөврийн компьютерийг аав, ээж хоёр маань 2016 оны 05 дугаар сард өөрийн таньдаг хүнээс 500,000 төгрөгөөр хуучин хэрэглэж байсан компютер худалдан авч байсан” гэсэн мэдүүлэг
Шүүгдэгч Ж.Д мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: /1-р хх-ийн 248-249х/ “...Би 2017 оны 12 дугаар сарын 20-ны үед хулгай хийж мөнгө олох зорилгоор цамбагаравын арын гэр хорооллын тоотыг нь сайн мэдэхгүй байна. Блокон хашаатай улаан тоосгон байшинтай айлын цонхоор нь орж маркыг мэдэхгүй байна нөүтбүүк хулгайлан авсан өөр эд зүйл аваагүй. Хулгайлан авсан нөүтбүүкээ комьпютер ланд төвийн гадаа явуулын хүнд 100 /зуу/ гаруй мянган төгрөгөнд зарсан...” гэсэн мэдүүлэг,
Эд зүйлийн үнэлгээ хийх эрх бүхий Дамно ХХК-иас “самсунг брэндийн зөөврийн компьютерыг 270,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ /1-р хх-ийн 231/
Гэрч Б.Сарангоо мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: /1-р хх-ийн 235/ “...2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 12 цагийн үед төрсөн дүү Түвшинболд байшингийнхаа хаалгыг цоожлоод хамгийн сүүлд гэрээс гарсан гэсэн. Ингээд өдөр 14:40 цагт би дүү Түвшинболдтой гэртээ ирж гражнаас ёлконы мод авахаар иртэл том өрөөний цонхыг түлхэн хулгайч орж жижиг өрөөнд байсан зөөврийн компьютерийг хулгайлсан байсан...” гэсэн мэдүүлэг
Гэрч С.Тамир мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: /1-р хх-ийн 239/ “...Түвшинболд бид хоёр 12 цагийн орчимд гэрээс нь гарч намайг сургуульд машинтайгаа хүргэж өгөөд өөрөө таксинд явлаа гээд бид 2 салсан. “ ...Бид 2 зөөврийн компьютерээ авч гараагүй, жижиг өрөөний ширээн дээр үлдээгзэд гарсан...” гэсэн мэдүүлэг
Долоо: Хохирогч Э.Ананд мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: /1-р хх-ийн 177-178/ “... Би 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн өглөө 07 цаг 30 минутын орчимд гэрээсээ гараад шууд хичээлдээ явсан. Өдөржин сургууль дээрээ би хичээлтэй байсан ба хичээлээ тараад найзуудтайгаа байж байгаад 18 цагийн орчимд гэртээ буцаад ирсэн. Ирэхэд гэрт маань ямар нэгэн сэжигтэй зүйл байгаагүй, түлхүүр цоож бүгд хэвийн байсан. Гэртээ ороод хэсэг байж байгаад өөрийн “HP” маркийн зөөврийн компьютераа хэрэглэх гээд шкафаа ухтал байгаагүй. Иймээс яачихсан юм бол гээд хартал үүдэнд орон дээр байсан нөүтбүүкний цүнх, залгууранд байсан цэнэглэгч зэрэг байгаагүй. Аав, ээж маань ирсэн юм болов уу гэж бодоод утсаар ярьтал гэрийнхэн маань Хэнтий аймгаас ирээгүй, гэрт хүн ирэх ёсгүй болов уу гэж хэлэхээр нь хулгай орсон байна гэж бодоод шууд цагдаад дуудлага өгсөн болно. Манай гэрээс 15.6 инчийн хэмжээтэй “HP” маркийн саарал өнгийн зөөврийн компьютер цэнэглэгч, цүнхний хамт алдагдсан байсан...” гэсэн мэдүүлэг
Шүүгдэгч Ж.Д мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:/1-р хх-ийн 188-189/ “...Би ганцаараа 2018 оны 1 дүгээр сарын дундуур 15-16ны үеэр Цамбагаравын арын гэр хорооллын банзан хашаатай хашаан дотроо 2 байшинтай айлын баруун талын блокон шаргал өнгийн байшинтай айлд өдөр ирэхэд үүдний амбаарын төмөр хаалга нь нээлттэй байхаар нь орсон. Тэгээд хаалгаар нь ороход дотор хаалга нь цоожтой хажуугийн шүүгээн дээр нь түлхүүр нь байхаар онгойлгоод дотогш ороод үүдний шүүгээ дотор байсан маркийн санахгүй байна нөүтбүүкийг авсан...” гэсэн мэдүүлэг,
Эд зүйлийн үнэлгээгээр “HP-15” инчийн зөөврийн компьютерыг 290,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ /1-р хх-н 179х/,
Найм: Хохирогч Д.Ганцоож мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: /2-р хх-н 123/ “... Манай гэрийн том өрөөний сервантанд байсан 3 ширхэг мөнгөн аяга, 2 давхрын өрөөний орон дээр байсан хар өнгийн цүнхтэй “Делл” маркийн нөүтбүүк ягаан өнгийн цүнх зэрэг эд зүйл алдагдсан. Мөнгөн аяга нэг нь дунд гарын хуучны аяга 500,000 төгрөгөөр үнэлж байгаа, нөгөө 2 нь арай жижиг шинэ цагийн аяга байсан, тус бүрийг 100,000 төгрөгөөр үнэлнэ. Нөүтбүүкийг 1,149,000 төгрөгөөр Нэкст электроникс дэлгүүрээс 2016 оны 10 сард худалдаж авч байсан. Ягаан өнгийн цүнхийг 35000 төгрөгөөр үнэлнэ” гэсэн мэдүүлэг,
Эд зүйлийн үнэлгээ хийх эрх бүхий байгууллагаас 7 нэр төрлийн эд зүйлийг нийт 1,491,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ /2 хх-н 126/,
Шүүгдэгч Ж.Дгээс зургийн аппарат, хар өнгийн оруулгатай дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг, жилет брэндийн үнэртэй ус, романа брэндийн сахлын хөөс зэргийг хууран авч хохирогч Д.Ганцоожид хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2 хх-н 128/,
Иргэний нэхэмжлэгч С.Уранчимэг мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: /2 хх-н 130/ “...“Би 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг эртний эдлэлийн дэлгүүрт байж байтал 20-25 орчим насны эрэгтэй манай дэлгүүрт орж ирээд нэг мөнгөн аяга, хуулсан мөнгөн аяганы базсан мөнгө байсныг грамлаж аваад 210,000 төгрөг өгсөн. 2018 оны 09 сарын эхээр манай дэлгүүрт мөнгөн аяга зарсан залуу цагдаагийн ажилтны хамт ирээд 1 ширхэг 150,000 төгрөгөөр үнэлж авсан мөнгөн аягыг цагдаагийн ажилтанд хураалгасан. Одоо надад 150.000 төгрөгийн хохирол учирсан” гэсэн мэдүүлэг,
Шүүгдэгч Ж.Д мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: /2-р хх-ийн 138-139/“...Урьд үйлдсэн хэргийнхээ хохирлын мөнгийг ольё гэж бодоод зам дагуу буюу төв замаас баруун тийш хойшоо харсан ногоон хаалгатай дотроо тоосгон байшинтай айлын хашааны хаалгыг түлхэж онгойлгож ороход байшингийн урагшаа харсан 2 цонхны баруун талынх нь цонх түгжээгүй байхаар нь түлхэн онгойлгон ороод том өрөөний сервантан дотроос 3 ширхэг мөнгөн аяга дээд давхрын өрөөнөөс делл загварын нөүтбүүк, фужифильм маркийн зургийн аппарат авсан. Замдаа явж байхдаа ягаан цүнхийг онгойлгон үзэхэд жолооны үнэмлэх үнэртэй ус, хөлс дарагч зэрэг эд зүйл байсан. Тэгээд би хулгайлж авсан эд зүйлс буюу 3 ширхэг мөнгөн аягаа урт цагааны урд байх эртний эдлэлийн худалдааны газарт 250.000 төгрөгөөр өгсөн юм...” гэсэн мэдүүлэг зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн нотлох баримтуудыг шүүх хуралдаанаар шинжлэн судлалаа.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ж.Д нь тогооч мэргэжилтэй, ам бүл эцгийн хамт амьдардаг, өмнө хулгайлах гэмт хэрэгт хоёр удаа ял шийтгэгдэж гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрөө барагдуулах зорилгоор ажил хөдөлмөр эрхлэлгүй 2016 оны 01 дүгээр сарын 24-ний өдрөөс 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн хооронд хохирогч П.Оюунсүрэнгийн эзэмшлийн өвлийн сууцны цонхоор нэвтрэн орж “Делл” брендийн суурин компьютер, “Самсунг Эс-3”, “Айфон-4” маркийн гар утас, хүүхдийн хувцас, дэвтэр зэрэг эд зүйлийг хулгайлж 562,400 төгрөгийн хохирол, гэм хорын хохиролд 168,000 төгрөг буюу нийт 730,400 төгрөгийн хохирол,
хохирогч Г.Номингийн эзэмшлийн байшингийн цонхоор нэвтрэн орж монетон бөгж, гинж кулон, “Самсунг Галакси Эс-6” гар утас, эмэгтэй хүний булган шуба, зөөврийн компьютер, хард диск зэрэг эд зүйлийг хулгайлж 2,347,500 төгрөгийн хохирол,
хохирогч Э.Анандын эзэмшлийн байшинд нэвтрэн орж “Эйч-Пи” загварын зөөврийн компьютерыг хулгайлж 290,000 төгрөгийн хохирол,
хохирогч Э.Уянгын эзэмшлийн “Самсунг” брендийн зөөврийн компьютер хулгайлж 270,000 төгрөгийн хохирол,
хохирогч Т.Цэрэнжавын эзэмшлийн байшингийн цонхоор нэвтрэн орж их гарын мөнгөн аяга 4 ширхэг, дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг, бага гарын мөнгөн аяга 2 ширхэг, бүрмэл аяга 1 ширхэг, алтны хольцтой мөнгөн бүсний даруулга 1 ширхэг зэрэг эд зүйлийг хулгайлж 2,640,000 төгрөгийн хохирол,
хохирогч Д.Ганцоожийн өвлийн байшингийн цонхоор нэвтрэн орж мөнгөн аяга, Делл загварын зөөврийн компьютер хулгайлж нийт 1,491,000 төгрөгийн хохирол учруулснаас аяга, аддарат, цүнх, сахлын ус зэрэг 731,000 төгрөгийн үнэ бүхий эд зүйл хүлээлгэн өгч үлдэгдэл 760,000 төгрөгийн хохирол,
хохирогч П.Мягмаржавын өвлийн байшинд нэвтрэн орж “делл” маркийн зөөврийн комьпютер, бэлэн 1 сая төгрөг, монетон ээмэг 2 хос, монетон бөгж 5 ширхэгийг хулгайлан авч 2,457,300 төгрөгийн хохирол,
хохирогч В.Бат-Оршихын гэрээс “Эйсер” зөөврийн компьютер, “самсунг трэнд 2” гар утас хулгайлж 342,000 төгрөгийн хохирол тус тус учруулж, хулгайлах гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйлээ зарж борлуулж, өөрийн хувийн хэрэгцээг хангаж амар хялбар аргаар мөнгө олж, амьдралын эх үүсвэрээ болгож байсан болох нь нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Ж.Д мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар мэдүүлэхдээ: /3-р хх-169-171/ “..Би сонсгож байгаа ял болон холбогдох зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна ..” гэсэн мэдүүлэг, шүүгдэгч Ж.Дгийн иргэний үнэмлэхний лавлага /3-р хх-33/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас зэрэг мөдөн шалгах ажиллагааны үед хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шүүх хуралдаанаар шинжлэн судаллаа. Эдгээр нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой үнэн зөв гэж үзсэн болно.
Шүүгдэгч Ж.Д шүүхийн хэлэлцүүлэгт “..Би П.Мягмаржав, Т.Цэрэнжав В.Бат-Оршин нарт учруулсан 3 үйлдлийг хасуулах хүсэлттэй байна энэ хэргийг үйлдээгүй. Би хохирогч нарт учруулсан хохиролыг төлж барагдуулах болно..” гэх боловч Ж.Д нь мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар татагдан мэдүүлэг өгөхдөө хэргийг хүлээн мэдүүлсэн /2-р хх-ийн 37-38х/, /2-р хх-ийн 189-190х/ байна. Эдгээр мэдүүлэг нь гэмт гарсан байдалтай тохирч байгаа буюу хохирогч нарын мэдүүлэг, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд зэргүүдтэй нийцэж байх тул шүүгдэгчид холбогдох хэргээс хохирогч П.Мягмаржав, Т.Цэрэнжав В.Бат-Оршин нарын гэрээс эд зүйлс хулгайлсан хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх боломжгүй байна.
Мөн шүүгдэгчийн өмгөөлөгөөс: “шүүгдэгч Ж.Д нь 2016 оноос хойш гэмт хэрэг үйлдсэн. Миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлж 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дугаар зүйлд зааснаар зүйлчлүүлэх хүсэлттэй байна. Сонгинохайрхан дүүргийн 2 үйлдэлийг яллагдагчийн мэдүүлгээс өөрөөр нотлож чадахгүй байна. Яллагдагчийн мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болохгүй. Миний үйчлүүлэгч нь тодорхой ажил эрхлэдэг, амьдралын эх үүсгэвэр болгосон нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдохгүй байна. Эрх зүйн байдлыг дээрдүүлэх үүднээс 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дугаар зүйлд зааснаар зүйлчилж өгнө үү” гэжээ. Шүүгдэгч Ж.Д нь дээрхи хулгайлах гэмт хэргийг 2016 оны 01 дүгээр сарын 24-ний өдрөөс 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн хооронд хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч, 8 удаа буюу байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон байх тул үргэлжилсэн хулгайн үйлдлээс дээрхи хэсгийг өөрчлөн зүйлчлэх хууль зүйн үндэслэлгүй байна.
Шүүгдэгч Ж.Д нь 8 удаагийн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч, байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал бусдад учруулсан хохирлын хэр хэмжээ, гэм буруугаа хүлээж буй байдал, бусдад төлөх төлбөртэй зэргийг харгалзан үзэж эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хорих ялыг оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шүүх шийдвэрлэв.
Шүүгдэгч Ж.Д нь: Иргэний нэхэмжлэгч С.Уранчимэгт 150,000 төгрөг төлсөн /хх-ийн 146х/, хохирогч Д.Ганцоожид учруулсан 1,491,000 төгрөгийн хохирлоос 731,000 төгрөгийн үнэ бүхий эд зүйлийн буцааж хүлээлгэн өгч, шүүгдэгч Ж.Дгээс нийт 9,837,200 төгрөгийг гаргуулан хохирогч Д.Ганцоожид 760,000 төгрөг, хохирогч П.Оюунсүрэнд 730,400 төгрөг, хохирогч Г.Номинд 2,347,500 төгрөг, хохирогч Э.Анандад 290,000 төгрөг, хохирогч Э.Уянгад 270,000 төгрөг, хохирогч Т.Цэрэнжавд 2,640,000 төгрөг, хохирогч П.Мягмаржавд 2,457,300 төгрөг, хохирогч В.Бат-Оршиход 342,000 төгрөгийг тус тус төлүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Шүүгдэгч Ж.Д нь энэ хэрэгт нийт 372 хоног цагдан хоригдсон, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг дурдав.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Боржигон овогт Ж ДЭрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч, байнга үйлдэж, амьдарлын эх үүсвэр болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Дг 6 /зургаа/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч Ж.Дд оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ж.Дд энэ хэрэгт цагдан хоригдсон нийт 372 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ж.Дгээс хохирогч П.Оюунсүрэнд 730,400 төгрөг, хохирогч Г.Номинд 2,347,500 төгрөг, хохирогч Э.Анандад 290,000 төгрөг, хохирогч Э.Уянгад 270.000 төгрөг, хохирогч Т.Цэрэнжавд 2,640,000 төгрөг, хохирогч Д.Ганцоожид 760,000 төгрөг, хохирогч П.Мягмаржавд 2,457,300 төгрөг, хохирогч В.Бат-Оршиход 342,000 төгрөг тус тус гаргуулан олгосугай.
6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Дд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МӨНХБАЯР
ШҮҮГЧИД П.АРИУНБОЛД
Д.РЕНЧЕНХОРОЛ