| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мянгаагийн Баясгалан |
| Хэргийн индекс | 183/2023/03082/И |
| Дугаар | 210/МА2025/01454 |
| Огноо | 2025-08-29 |
| Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 08 сарын 29 өдөр
Дугаар 210/МА2025/01454
*******-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Алтанцэцэг даргалж, шүүгч Д.Цогтсайхан, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 191/ШШ2025/05139 дугаар шийдвэртэй
Нэхэмжлэгч: *******
Хариуцагч: *******, *******
Нэхэмжлэлийн шаардлага: хохиролд 14,865.4 ам.доллар буюу 52,176,150 төгрөг гаргуулж, ******* 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 9/815 дугаартай шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоолыг хүчингүй болгож, Монголын Үндэсний Арбитрын 2009 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 05 дугаар шийдвэр, Хан-Уул дүүргийн шүүхийн 2009 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 71 дугаар шүүхийн гүйцэтгэх хуудасны дагуу шийдвэр гүйцэтгэх газарт ажиллагаа явуулахыг даалгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалан илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагч ******* итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч *******-ийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Минжин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:
1.1 Монголын Үндэсний Арбитрын 2009 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 05 дугаар шийдвэрээр *******-аас 35,855.7 ам.доллар гаргуулж *******-д олгохоор шийдвэрлэсэн. Улмаар 2009 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр шүүгчийн 1136 дугаар захирамжаар арбитрын шийдвэрийг баталгаажуулж, 2009 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 71 дугаар гүйцэтгэх хуудас бичигдсэн.
1.2 ******* нь шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 10 жилийн дараа тус төлбөрийг өгч дууссан. Шүүхийн шийдвэрт тус төлбөрийг ам.доллароор гаргуулахаар шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар манай компани руу байнга төгрөгөөр шилжүүлдэг байсан.
1.3 2019 онд шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба нь манайд өгөх байсан 35,000 ам.долларын өглөгөөс *******-ийн 21,000 ам.доллар, математик тооцооллоор бодоход *******-аас 35,855 ам.долларыг гаргуулаад 20,990 ам.доллар ******* манай компанид 14,000 ам.долларын зөрүүг гаргуулсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 10 жилийн хугацаанд ямар ч үйл ажиллагаа явуулаагүй. 2019 онд ирүүлсэн албан бичигт *******-аас гаргуулан ******* руу шилжүүлээд тус хэрэг хаагдаж шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон гэсэн мэдэгдэл ирсэн. *******-аас манай компанид өгөх ёстой мөнгийг дуусгавар болгосон тогтоолыг огт танилцуулаагүй. ******* нь ямар ч хариуцлагагүйгээр шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаныханд мөнгөө төлөөгүй.
1.4 Тухайн үеийн ханшийн зөрүүг нь харахад ам.долларын ханш өдрөөс өдөрт өсөж байсан. Гэтэл ******* нь санаатайгаар дээрх мөнгийг цагтаа өгөөгүй тул ханш их сулрах явцад 10 жилийн дараа 2009 оны ханшаар бодож тус мөнгийг гаргуулсан. Иймд зөрүү болох 14,865.40 ам.долларыг эсхүл төгрөгөөр бодоход 52,176,150 төгрөгийг гаргуулж өгнө үү.
1.5 Мөн төлбөр төлж дуусгасан гэсэн шүүхийн шийдвэр гүйцэтгэх тогтоолыг огт танилцуулаагүй тул ******* 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 9/815 дугаартай шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоолыг хүчингүй болгож, Монголын Үндэсний Арбитрын 2009 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 05 дугаар шийдвэр, Хан-Уул дүүргийн шүүхийн 2009 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 71 дугаар шүүхийн гүйцэтгэх хуудасны дагуу шийдвэр гүйцэтгэх газарт ажиллагаа явуулахыг даалгаж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч ******* тайлбар, татгалзлын агуулга:
2.1 Монголын Үндэсний Арбитрын 2009 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 05 дугаар шийдвэрээр *******-аас 35,855.7 ам.долларыг гаргуулж *******-д олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж шийдвэрт заасан 35,855.7 ам.долларыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.5, 2017 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсэгт зааснаар 46,837,583 төгрөгийн төлбөрөөс 2009 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр 1,739,120 төгрөг, 2010 оны 08 дугаар сарын 11-ний өдөр 2,500 ам.доллар буюу 3,345,475 төгрөг, мөн өдөр 1,000,000 төгрөг, нийт 4,345,475 төгрөгийг тус тус төлбөр авагчид шилжүүлсэн бөгөөд төлбөр авагч *******-ийн 2019 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 19/07/19 дугаартай албан бичгээр гаргасан хүсэлтийг үндэслэн *******-ийн төлбөрт 31,974,203 төгрөгийг суутгаж, үлдэгдэл 8,828,785 төгрөгийг *******-д шилжүүлж, гүйцэтгэх баримт бичгийг дуусгавар болгосон байна.
2.2 2002 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.5, 2017 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсэгт заасны дагуу 2009 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн Монгол банкны ам.долларын ханш 1,306.28 төгрөг буюу шүүхийн шийдвэрт заасан 35,855.7 ам.доллар нь 46,837,583 төгрөг байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3 дахь хэсэгт зааснаар иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох тухай шийдвэрт гомдол гаргах эрхгүй.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Хариуцагч *******-ийн тайлбар, татгалзлын агуулга:
3.1 Монголын Үндэсний Арбитрын 2009 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 05 дугаартай шийдвэрээр *******-аас 35,885 ам.долларыг гаргуулж *******-д олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байхад Сүхбаатар дүүргийн шүүхийн шүүгчийн 2010 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 3040 дүгээр захирамж гарч, 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 287 дугаартай Монголын Үндэсний Арбитрын шийдвэртэй маргаан ажиллагаанд байсантай холбоотойгоор 2009 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 05 дугаартай Монголын Үндэсний Арбитрын шийдвэрийг гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн. Түүнээс ******* нь сайн дураар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хийлгээгүй гэсэн агуулга огт биш юм.
3.2 Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь ойлгомжгүй шүүхээс ямар зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр гаргаад байгаа нь ойлгомжгүй нэхэмжлэлийн хоёр шаардлага нь бие биенээ үгүйсгэсэн байна. ******* нь Монголын Үндэсний Арбитрын 2009 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 05 дугаартай шийдвэр, Хан-Уул дүүргийн шүүхийн 2009 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн дугаар 71 дугаар шүүхийн гүйцэтгэх хуудасны дагуу *******-д төлбөрийг өгч дуусгасан, ******* 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 9/815 дугаартай тогтоолоор баталгаажсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль /2002 оны/-ийн 72 дугаар зүйлийн 72.5, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль /2017 оны/-ийн 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсэгт зааснаар шийдвэрлэж, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хүчин төгөлдөр болсон.
3.3 Нэхэмжлэгч нь анх 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 052623-01 дугаар нэхэмжлэл гаргасан ба энэ нэхэмжлэлийг гаргахад л ******* 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 9/815 дугаартай тогтоолыг мэдсэн байсан, гэтэл огт мэдээгүй байсан мэт тайлбарлан нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй юм.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлд нэгэнт дуусгавар болсон шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд гомдол гаргах эрхгүйг хууль тогтоогчид хуульчилсан байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
4. Иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийн агуулга:
4.1 Хоёр компани миний ойлгосноор төлбөр төлсөн гэж ойлгосон. Мөнгө төлөгдсөн гэжээ.
5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
5.1 Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.2-т заасныг тус тус баримтлан *******, ******* нарт холбогдуулан хохиролд 14,865.4 ам.доллар буюу 52,176,150 төгрөг гаргуулах, ******* 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 9/815 тоот шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоолыг хүчингүй болгож, Монголын үндэсний арбитрын 2009 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 05 дугаар шийдвэр, Хан-Уул дүүргийн шүүхээс 2009 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 71 дугаар шүүхийн гүйцэтгэх хуудасны дагуу ******* ажиллагаа явуулахыг даалгах тухай нэхэмжлэгч *******-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч *******-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 555,213 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн.
6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:
6.1 ******* нь 2009 оны 09 дүгээр сарын 04-ний өдрөөс 2023 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл хугацаанд нийт 21,418.05 ам.долларыг гаргуулсан атлаа 35,855.7 ам.долларын төлбөрийг бүрэн барагдуулсан мэтээр 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 9/815 тоот шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болгох тухай тогтоол гаргасан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3 дахь хэсэгт заасантай нийцээгүй байна. Гэтэл анхан шатны шүүх ******* хууль бус үйлдлийг хууль ёсны мэтээр тайлбарлаж, төлбөр төлөгч *******-д хууль бус давуу байдал олгосон шийдвэр гаргасан нь үндэслэлгүй.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.5 /2002 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.5/ дахь зохицуулалт нь шүүхийн шийдвэр төлбөр төлөгч болон бусад этгээдээс бэлэн мөнгө хүлээн авах тохиолдолд хэрэглэгдэх зохицуулалт болохоос биш шүүхийн шийдвэр, гүйцэтгэх хуудаст заасан төлбөр, төлбөрийг гаргуулах хэлбэрийг өөрчлөх тухай зохицуулалт биш байна. Шүүхийн шийдвэр, гүйцэтгэх хуудаст гаргуулах валютын ханшийг нэгэнт тодорхойлж заасан төлбөрийг төлөхдөө тухайн өдрийн ханшаар тооцох нь шүүхийн шийдвэр, гүйцэтгэх хуудас, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасантай нийцнэ. Нөгөө талаас шүүхийн шийдвэрээр төлбөл зохих төлбөрүүдийг хооронд тооцоход ч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.5 /2002 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.5/ дахь зохицуулалт хамааралгүй.
6.2 Хариуцагч нь шүүхээс шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг түдгэлзүүлсэн байсан гэх боловч энэ нь хариуцагч *******-ийг хууль зүйн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй. Учир нь, ******* нь шүүхэд хандаж Монголын Үндэсний Арбитрын 2009 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 05 дугаар шийдвэр, түүний гүйцэтгэлийн ажиллагаатай холбогдуулж хандсан гэх боловч шүүхээс шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаатай болон уг арбитрын шийдвэрийн хууль зүйн үндэслэлтэй холбоотой ямар ч шийдвэр гараагүй. Уг шүүхийн болон шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд өөрчлөлт оруулаагүй. Тиймээс шүүхэд үндэслэлгүй байдлаар хандаж шүүхээр шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг удаашруулсан тул уг асуудалд хүлээх хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг түдгэлзүүлсэн гэх захирамжийг хариуцагчаас шүүхэд гаргаж өгдөг боловч уг захирамж нь шийдвэр гүйцэтгэлийн материалд огт байдаггүй. Уг захирамж гарсан боловч бодитойгоор шийдвэр гүйцэтгэлийн байгууллагад очиж, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа түдгэлзэж байсан, эрх зүйн үр дагавар үүсэж байсан эсэх нь эргэлзээтэй. Уг захирамжийн биелэлтийн хүрээнд шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг түдгэлзүүлсэн гэж үзсэн ч хэдийгээс хэдий хүртэл хугацаанд түдгэлзүүлсэн нь тодорхойгүй.
6.3 Нөгөөтэйгүүр, хариуцагч ******* нь 2009 оны 01 дүгээр сард эсвэл 02 сард арбитрын шийдвэрийн дагуу төлбөл зохих ам.долларыг төлчихсөн бол 35,855.7 ам.доллароос 2018 оны 10 дугаар сард 20,990 ам.долларыг төлсөн ч цаана нь 14,865.7 ам.доллартой байх байсан. ******* нь хууль хяналтын үндэслэлгүй гомдол гаргаж 12 гаруй жилийг өнгөрүүлсний улмаас энэхүү нөхцөл байдал үүсэж нэхэмжлэгч хохирч гэм хорын хохирол учирсан.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийн шаардлагыг хангасан тухай өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.
7. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч ******* тайлбарын агуулга:
7.1 Хэрэгт холбогдох нотлох баримтуудыг гаргаж өгсөн. Анхан шатны шүүх хэргийг үндэслэл бүхий шийдвэрлэсэн гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
8. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч *******-ийн тайлбарын агуулга:
8.1 Анхан шатны шүүх давж заалдах гомдолд дурдагдсан асуудлуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэсэн гэж үзэж байна. Хариуцагч тал Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль болон шүүгчийн захирамжийн тухай давж заалдах гомдолдоо дурдсан. 2010 онд шүүхээс шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг түдгэлзүүлсэн. Уг асуудлыг шүүхийн шийдвэрт дэлгэрэнгүй тайлбарласан. Тус шийдвэрт гомдол гаргах эрхтэй байсан ч нэхэмжлэгч тал тус эрхээ хэрэгжүүлээгүй. ******* болон нар нь нэг эзэмшигчтэй бөгөөд төлбөр төлөхөө хүлээн зөвшөөрсөн бичиг үйлдэж, шийдвэр гүйцэтгэлийн хавтаст хэрэгт гаргаж өгсний дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******, *******-д холбогдуулан хохиролд 14,865.4 ам.доллар буюу 52,176,150 төгрөг гаргуулж, ******* 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 9/815 дугаартай шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоолыг хүчингүй болгож, Монголын Үндэсний Арбитрын 2009 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 05 дугаар шийдвэр, Хан-Уул дүүргийн шүүхийн 2009 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 71 дугаар шүүхийн гүйцэтгэх хуудасны дагуу шийдвэр гүйцэтгэх газар ажиллагаа явуулахыг даалгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.
3. Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын дэргэдэх Монголын Үндэсний Арбитрын 2009 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 05 дугаар шийдвэрээр *******-аас 35,855.7 ам.долларыг гаргуулан *******-д олгож шийдвэрлэжээ. /1хх 13-16/
3.1 Хан-Уул дүүргийн шүүхийн шүүгчийн 2009 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 1136 дугаар захирамжаар дээрх шийдвэрийг баталгаажуулсан. Мөн 2009 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр 71 дугаар гүйцэтгэх хуудас бичигдсэн.
3.2 Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын дэргэдэх Монголын Олон Улсын ба Үндэсний арбитрын 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 287 дугаар шийдвэрээр -с 21,897.3 ам.доллар гаргуулж, -д олгож шийдвэрлэсэн байна. /1хх 17-26/ Улмаар, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 183/ШЗ2019/02686 дугаар захирамжаар дээрх арбитрын шийдвэрийг баталгаажуулж, мөн өдөр 183/ГХ2019/00260 дугаар гүйцэтгэх хуудас бичигджээ. /2хх 13-14/
4. Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын дэргэдэх Монголын Үндэсний Арбитрын 2009 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 05 дугаар шийдвэрт заасан төлбөр авагч *******-ийн болон Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын дэргэдэх Монголын Олон Улсын ба Үндэсний арбитрын 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 287 дугаар шийдвэрт заасан төлбөр төлөгч -ийн хувьцаа эзэмшигч нь мөн эсэхэд зохигч маргаагүй.
4.1 -ийн 2019 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 190719 дугаар Гомдол гаргах тухай албан бичгээр танайхаас ирүүлсэн *******-ийн авах авлагыг *******-д төлөх ёстой төлбөрийг шууд суутгана гэсэн мэдэгдлийг танилцаж мэдлээ. Нэгэнт хуулийн байгууллага ингэж шийдэж мэдэгдэж байгаа тул манай зүгээс татгалзах зүйлгүй байна. Арбитрын шийдвэрийн дагуу ам.доллар төгрөгөөр төлбөр төлөгдөх тухай заалтыг хуульд нийцүүлэн зөв тооцно гэдэгт найдаж байна. 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 287 дугаар шийдвэртэй хэргийн дүн монгол төгрөгөөр гарсан гэдэгт анхаарлаа хандуулахыг хүсье гэжээ. /1хх 68/
4.2 Мөн *******-ийн 2019 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 19/07/19 дугаар Танай 2019.07.01 өдрийн №4/15400 тоот бичгийн хариу гэх албан бичгээр ...Арбитрын шийдвэрүүдэд заасны дагуу ам.доллар, төгрөгөөр төлбөр төлөгдөх тухай заалтыг хуульд нийцүүлэх зөв тооцож шийднэ гэдэгт найдаж байна. 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 287 дугаар шийдвэртэй хэргийн дүн монгол төгрөгөөр гарсан гэдэгт анхаарлаа хандуулахыг хүсье гэсэн байна. /1хх 69/
5. ******* нь Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын дэргэдэх Монголын Үндэсний Арбитрын 2009 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 05 дугаар шийдвэрт заасан төлбөр авагч *******-д олгох 35,855.7 ам.доллар буюу 2009 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн Монголбанкны ам.долларын ханш 1,306.28 төгрөгөөр тооцон нийт 46,837,583 төгрөгөөс 2009 оны 11 дүгээр сарын 23-ны өдрөөс 2010 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн хооронд нийт 6,084,585 төгрөгийг төлбөр авагч *******-д шилжүүлсэн. Улмаар, нэхэмжлэгчийн дээрх хүсэлтийн дагуу ******* нь Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын дэргэдэх Монголын Олон Улсын ба Үндэсний арбитрын 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 287 дугаар шийдвэрт заасан төлбөр төлөгч -с төлбөр авагч -д олгох 21,897.3 ам.доллар буюу 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн Монголбанкны ам.долларын ханш 2,563.79 төгрөгөөр тооцон нийт 56,140,078 төгрөгөөс Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын дэргэдэх Монголын Үндэсний Арбитрын 2009 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 05 дугаар шийдвэрт заасан төлбөр авагч *******-д олгох төлбөрөөс 31,974,203 төгрөгийг нэхэмжлэгчээс -д төлөх төлбөрт суутган тооцож, үлдэх 8,828,785 төгрөгийг нэхэмжлэгчид шилжүүлсэн үйл баримтын талаар зохигч маргаагүй. /1хх 70, 73, 75/
5.1 Хариуцагч ******* нь төлбөр авагч ******* болон төлбөр төлөгч -ийн хувьцаа эзэмшигч нь ийн хүсэлтийг үндэслэн төлбөрийг харилцан суутган тооцож, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын дэргэдэх Монголын Үндэсний Арбитрын 2009 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 05 дугаар шийдвэрийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг шийдвэр гүйцэтгэгчийн 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 9/815 дугаар тогтоолоор, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын дэргэдэх Монголын Олон Улсын ба Үндэсний арбитрын 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 287 дугаар шийдвэрийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2023 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 23-7/570 дугаар тогтоолоор тус тус дуусгавар болгосон байна. /2хх 12, 38/
5.2 Ийнхүү хариуцагч ******* нь төлбөрийг харилцан тооцож суутгахдаа дээрх арбитрын шийдвэрт заасан ам.долларын ханшийг шүүхийн шийдвэр гарсан өдрийн Монголбанкнаас зарласан албан ёсны ханшаар тус тус тодорхойлж, мөн төлбөрийн зарим хэсгийг төлбөр авагчид шилжүүлснээр шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3, 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсэг болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль /2002 он/-ийн 72 дугаар зүйлийн 72.5 дахь хэсгийг тус тус зөрчөөгүй, энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болсон байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үндэслэлгүй дуусгавар болгосон, ... Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсэг болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль /2002он/-ийн 72 дугаар зүйлийн 72.5 дахь хэсгийн зохицуулалт төлбөрийг гаргуулах хэлбэрийг өөрчлөх зохицуулалт биш гэх давж заалдах гомдол үндэслэлгүй.
6. Сүхбаатар дүүргийн шүүхийн шүүгчийн 2010 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 3040 дугаар захирамжаар *******-ийн нэхэмжлэлтэй, нд холбогдох иргэний хэргийг шийдвэрлэж, шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаанд Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын дэргэдэх Монголын Үндэсний Арбитрын 2009 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 05 дугаартай шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн байна. /1хх 124-125/
6.1 Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дээрх байдлаар түдгэлзэж, үүнтэй холбоотой шийдвэр гүйцэтгэх ажиллагаа удааширсанд хариуцагч ******* болон хариуцагч *******-ийн гэм буруутай үйл ажиллагаа нөлөөлсөн гэж үзэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй. Анхан шатны шүүхийн гэм буруугийн талаарх дүгнэлт Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсгийг зөрчөөгүй байна. Иймд энэ талаарх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй.
7. Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг анхан шатны шүүх харгалзан үзсэн байна.
Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 191/ШШ2025/05139 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч *******-аас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 559,231 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах бөгөөд энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.АЛТАНЦЭЦЭГ
ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН
М.БАЯСГАЛАН