| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Багашарын Азбаяр |
| Хэргийн индекс | 102/2016/05867/И |
| Дугаар | 102/ШШ2016/04860 |
| Огноо | 2016-08-12 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2016 оны 08 сарын 12 өдөр
Дугаар 102/ШШ2016/04860
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, Бага тойрууу 7/1 тоот өөрийн байранд байрлах “Төрийн банк” ХХК /РД:5341469/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, 16 байр, 39 тоотод оршин суух Орлой овогт Эрдэнэхуягийн Өсөхбаяр /РД:ЛЮ84020794/-д холбогдох зээлийн гэрээний үүрэг 7,004,348.31 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Төрийн банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бат-Эрдэнэ, хариуцагч Э.Өсөхбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Анхцэцэг нар оролцов.ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Төрийн банк” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Эрдэнэхуяг овогтой Өсөхбаяр /РД:ЛЮ84020794/ болон Төрийн банк нар нь харилцан тохиролцож 2014 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр 14/159 тоот Зээлийг гэрээг байгуулсан бөгөөд уг зээлийн гэрээгээр Төрийн банк нь иргэн Э.Өсөхбаярт 9,872,350 төгрөгийг жилийн 21.6 хувийн хүүтэй, 29 сарын хугацаатайгаар зээлдүүлсэн болно. Зээлдэгч Э.Өсөхбаяр нь Зээлийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.2.3-т заасан Зээлийн төлбөрийг зээл буцаан төлөх хуваарийн дагуу хугацаанд нь бүрэн төлөх үүргээ зөрчсөн бөгөөд банкны зүгээс гэрээний 5 дугаар зүйлийн 5.1.1-д заасан үндсэлэлээр зээлийг бүхэлд нь буцаан шаардаж байна. Зээлдэгч нь нэхэмжлэл гаргах үеийн байдлаар үндсэн зээлд 5,943,408.89 төгрөг үндсэн хүүд 972,060.87 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 88,878.55 төгрөг, нийт 7,004,348.31 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байгаа бөгөөд цаашид зээл төлөгдөхгүй байх, зээлийн өр нэмэгдэх магадлалтай байна. Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.5, 222.7-д тус тус заасны дагуу Э.Өсөхбаяраас зээлийн нийт үлдэгдэл 7,004,348,31 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна. Мөн хуулийн 227 дугаар зүйлийн 227.3, 227.4-т тус тус заасны дагуу “Төрийн банк”-ны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 127,019 төгрөг, нотариатын зардалд төлсөн 29,500 төгрөгийг гаргуулж хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч Э.Өсөхбаяр шүүхэд гаргасан тайлбартаа: Төрийн банкны нэхэмжилсэн 7,004,348,31 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Уг төлбөрийг нэг жилийн хугацаанд буюу 2016 оны 6 сарын 23-ны өдрөөс 2017 оны 6 сарын 23-ны өдрийн хооронд бүрэн төлж барагдуулна гэжээ.
Шүүх хуралдааны явцад Зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээнд: Э.Өсөхбаяр нь “Төрийн банк”-ны нэхэмжилсэн 7,004,348,31 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч 2016 оны 9 сарын 10-ны өдрийн дотор 2,000,000 төгрөг, 2016 оны 10 сарын 10-ны өдрийн дотор 2,000,000 төгрөг, 2016 оны 11 сарын 11-ний өдрийн дотор үлдэгдэл төлбөр болох 3,004,348.31 төгрөгийг төлж барагдуулахаар харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулав гэжээ. ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Төрийн банк” ХХК нь Э.Өсөхбаярт холбогдуулан зээлийн гэрээний үүрэг 7,004,348.31 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан байна.
Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч “Төрийн банк” ХХК-ийн нэхэмжилсэн зээлийн гэрээний үүрэгт 7,004,348.31 нэхэмжилснийг хариуцагч Э.Өсөхбаяр хүлээн зөвшөөрч 2016 оны 9 сарын 10-ны өдрийн дотор 2,000,000 төгрөг, 2016 оны 10 сарын 10-ны өдрийн дотор 2,000,000 төгрөг, 2016 оны 11 сарын 11-ний өдрийн дотор үлдэгдэл төлбөр болох 3,004,348.31 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар эвлэрлийн гэрээ байгуулсан байна.
Зохигч нэхэмжлэлийн шаардлагын талаар эвлэрсэн эвлэрэл нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч “Төрийн банк” ХХК-ийн нэхэмжилсэн зээлийн гэрээний үүрэгт 7,004,348.31 нэхэмжилснийг хариуцагч Э.Өсөхбаяр хүлээн зөвшөөрч 2016 оны 9 сарын 10-ны өдрийн дотор 2,000,000 төгрөг, 2016 оны 10 сарын 10-ны өдрийн дотор 2,000,000 төгрөг, 2016 оны 11 сарын 11-ний өдрийн дотор үлдэгдэл төлбөр болох 3,004,348.31 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжид урдчилан төлсөн 127,019 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 127,019 төгрөгийг хариуцагч Э.Өсөхбаяраас гаргуулж нэхэмжлэгч “Төрийн банк” ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т заасны дагуу захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.АЗБАЯР