Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 526

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: Б.Баттулга,

Улсын яллагч: Э.Ундраххэрлэн,

Шүүгдэгч: Н.М өөрөө өөрийгөө өмгөөлөн тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Тээврийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Н.М- д холбогдуулж яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1903002930205 дугаартай хэргийг 2019 оны 5 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Н.М, ...... төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ....... ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт ........ тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, .... тоот регистртэй,

Шүүгдэгч Н.М нь 2019 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 20 цаг 50 минутын үед Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр, 25 дугаар эмийн сангийн уулзварын хойд замд Тоёота Приус маркийн .....улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 16.1-т заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтын зөрчсөний улмаас явган хүний зохицуулдаггүй гарцаар гарч явсан явган зорчигч М.О-ийг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэх судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Н.М шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

Хохирогч М.О-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2019 оны 3 дугаар сарын 17-ны өдөр 20 цаг өнгөрч байхад би найз залуу Булгантамирын хамт Баянгол дүүргийн Кекүшю цамхагийн хажуу замаар явж байгаад зам хөндлөн гарахаар явган хүний гарцаар гарч байхад хойноосоо урагшаа явсан нэг саарал өнгийн Т.Приус маркийн автомашин ирж намайг болон манай найз залууг мөргөсөн. Машинд мөргүүлээд бид хоёр хоёулаа газарт унасан. Бид машин ирж байгааг харсан. Машин нилээд хол байсан ба замын зүүн хойд талаас ирж байсан. Замын хойшоо явсан хэсгийг туулж өнгөрөөгөөд замын голд байсан хайсны хажууд ирэх үед 2-р эгнээнд явж байсан машин зам тавьж өгөөд нөгөө машины урдуур гараад 1-р эгнээнд орох гэж байхад нөгөө машин ирж мөргөсөн. Осол хэрэг гарах үед үзэгдэх орчин муутай, замын гэрэлтүүлэг асчихсан байсан. Одоогоор 400.000 төгрөг бэлнээр гаргаж өгөөд байгаа. ...Цашид гарах эмчилгээ болон цалингаа гаргуулж авмаар байна...” гэсэн мэдүүлэг /хх-н 19-21/,

Иргэний нэхэмжлэгч Э.Б-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2019 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 20 цаг 50 минутын орчимд Баянгол дүүргийн 2 дугаар хороо, Кекүшю цамхагийн хажуу замд Тоёота Приус маркийн .....улсын дугаартай тээврийн хэрэгсэлд мөргүүлж манай эхнэрийн гар хугарсан. Миний толгой хөдөлж зүүн хөл тухайн үед алхаж болохгүй байсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 39/,

Шинжээчийн 3686 тоот дүгнэлт: “...И.О-ийн биед баруун атгаалын хүзүү хэсгийн далд хугарал бүхий гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт /хх-н 46/,

Мөрдөгчийн 168 дугаар магадлагаад: “...Тоёота Приус маркийн .....улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Н.М нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-д “...Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. Тээврийн явган зорчигч Э.Б, М.О- нар нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн зүйл заалт зөрчсөн үндэслэл тогтоогдохгүй байна. Зам тээврийн осол нь замын байгууламж, замын тэмдэг тэмдэглэгээ болон бусад нөхцөл байдлаас болсон гэх үндэслэлгүй байна...” гэжээ. /хх-н 55/,

Яллагдагчаар Н.М-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...2019 оны 3 дугаар сарын 17-ны орой 21 цагийн үед би Баянгол дүүргийн нутаг хорооллоос 25-р эмийн сан орох гэж яваад явган хүний гарцан дээр 2 хүн замаар зүүнээс баруун гар тийш гарч байхад нь мөргөсөн. Тэгээд би түргэн цагдаа дуудаж хэмжилт хийлгэсэн. Би осол хэрэг гарсанаас хойш нөгөө хохирогч талтай хоорондоо тохирч эмчилгээ сувилгаанд нийт 3.000.000 төгрөг гаргаж өгөөд байгаа...” гэсэн мэдүүлэг /хх-н 68-69/,

Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 4-9/, явган зорчигч, жолоочийн согтуурал шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-н 12-17/, Хохирлын баримтууд /хх-н 26, 85-86/, Хохирогчийн өвчний түүх /хх-н 28-34/, Техникийн шинжээчийн 55 дугаар дүгнэлт /хх-н 50-54/, Хохирогч, иргэний нэхэмжлэгч нарын хүсэлт /хх-н 62-63/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 70-79/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршигийн талаар:

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасны дагуу шүүгдэгч, хохирогч нар нь хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна.

Уг хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хэргийг хялбаршуулсан журмаар ял оногдуулах шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч Н.М нь 2019 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 20 цаг 50 минутын үед Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр, 25 дугаар эмийн сангийн уулзварын хойд замд Тоёота Приус маркийн .....улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 16.1-т заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтын зөрчсөний улмаас явган хүний зохицуулдаггүй гарцаар гарч явсан явган зорчигч М.О-ийг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэм буруутай болох  нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч М.О-ийн: “...2019 оны 3 дугаар сарын 17-ны өдөр 20 цаг өнгөрч байхад би найз залуу Булгантамирын хамт Баянгол дүүргийн Кекшю цамхагийн хажуу замаар явж байгаад зам хөндлөн гарахаар явган хүний гарцаар гарч байхад хойноосоо урагшаа явсан нэг саарал өнгийн Т.Приус маркийн автомашин ирж намайг болон манай найз залууг мөргөсөн. Машинд мөргүүлээд бид хоёр хоёулаа газарт унасан...” гэсэн мэдүүлэг /хх-н 19-21/, иргэний нэхэмжлэгч Э.Б-ын: “...2019 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 20 цаг 50 минутын орчимд Баянгол дүүргийн 2 дугаар хороо, Кекшю цамхагийн хажуу замд Тоёота Приус маркийн .....улсын дугаартай тээврийн хэрэгсэлд мөргүүлж манай эхнэрийн гар хугарсан. Миний толгой хөдөлж зүүн хөл тухайн үед алхаж болохгүй байсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 39/, шинжээчийн 3686 тоот дүгнэлт, мөрдөгчийн 168 дугаар магадлагаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Н.М-ы үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Н.М-ын үйлдэл нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон тул гэм буруутайд тооцох нь зүйтэй.

Хохирогч, иргэний нэхэмжлэгч нар нь мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгчээс хохирлын мөнгө хүлээн авсан гомдол саналгүй гэж мэдүүлсэн, бичгээр хүсэлт /хх-н 62-63/ гаргасан тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтуудаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болох нь хавтаст хэрэгт авагдсан шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байна. Хохирол нөхөн төлж хохирогчтой эвлэрсэн. Прокурорын санал болгосон эрүүгийн хариуцлагыг бүрэн хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэсэн мэдүүлэг, хүсэлтүүд, хохирогчийн хүсэлт, эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын саналтай танилцаж зөвшөөрсөн талаарх баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдож байна.  

Прокуророос ялын төрөл хэмжээний талаар гаргасан “шүүгдэгч Н.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ял” оногдуулах саналыг шүүгдэгчид танилцуулсан байх ба прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Улсын яллагч ялын саналдаа тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах талаар санал гаргаагүй тул шүүгдэгчид тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах нэмэгдэл ял хэрэглээгүй болно.

          Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болно.

   Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Н.М- ыг “автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.М-ыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
  3. Шүүгдэгч нь торгуулийн ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.
  4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
  5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.М-д хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмээ авсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Ч.ОТГОНБАЯР