Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 08 сарын 11 өдөр

Дугаар 210/МА2025/01312

 

*******-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхбаяр даргалж, шүүгч Д.Дэлгэр*******, Т.Гандиймаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 191/ШШ2025/04236 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: *******-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******-д холбогдох

Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 64,375,455 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Т.Гандиймаа илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Ариунзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. ******* нь 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр байгуулсан 19/04/15 дугаартай “Шатахуун худалдах, худалдан авах гэрээ”-ний дагуу ******* аймгийн ******* сумын ******* сумын ******* байрлах ШТС-аас 2019 онд 106,169,000 төгрөгийн үнэтэй 48,212 литр түлш авч, 2020 оны 1 дүгээр сарын 02-ны өдрөөс 3 дугаар сарын 02-ны өдрийн хүртэл хугацаанд 105,885,400 төгрөг төлсөн, үлдэгдэл 283,600 төгрөгийг төлсөнд тооцсон бөгөөд 2019 оны түлшний тооцоо дууссан. 

1.2. Дээрх гэрээний дагуу 2020 онд 134,120,650 төгрөгийн үнэ бүхий 80,546 литр шатахуун, 2021 оны 1, 2 дугаар сард 747,000 төгрөгийн үнэ бүхий 415 литр шатахуун авч, нийт 134,867,650 төгрөг төлөх үүрэгтэй болсон. Тус төлбөрөөс 2020 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр хүртэлх хугацаанд 80,390,000 төгрөг, 2022 оны 5 дугаар сарын 22-ны өдөр 15,000,000 төгрөгийг тус тус төлж үлдэгдэл 39,476,650 төгрөг төлөөгүй. Мөн гэрээний 4.3, 4.4, 11.4-т зааснаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар тооцож алданги төлөхөөр тохирсон тул үлдэгдэл 39,476,650 төгрөгийн 50 хувиар алданги тооцож 19,738,325 төгрөгийн алданги гаргуулна.

1.3. Гэрээний дагуу нийлүүлэх шатахууныг ОХУ-аас ам.доллароор худалдан авдаг бөгөөд хариуцагч гэрээний үүргийг гэрээнд заасан хугацаанд нь зохих ёсоор гүйцэтгээгүйгээс тэр хэмжээний валют эргэлтэд ороогүй алдагдал болдог тул валютын ханшийн зөрүүгээр хохирол шаардах эрхтэй. 2020, 2021 оны 12 дугаар сард ******* банкны ам.долларын ханш 1 ам.доллар 2,850 төгрөгтэй тэнцэж, 54,475,650 төгрөг нь 19,114 ам.доллар байсан. Нэхэмжлэл гаргасан 2022 оны 6 дугаар сарын 21-ний өдрөөр ам.доллар 3,120 төгрөг буюу 54,475,650 төгрөг нь 17,460 ам.доллар болж байгаа юм. Иймд зөрүү 1,654 ам.доллар буюу 5,160,450 төгрөгийг гаргуулна.

Иймд шатахууны үлдэгдэл төлбөр 39,476,650 төгрөг, алданги 19,738,325 төгрөг, хохирол 5,160,480 төгрөг нийт 64,375,455 төгрөгийг гаргуулж өгнө үү.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1. Гэрээний дагуу 2020 он болон 2021 оны 1, 2 дугаар сард авсан шатахууны үнийн үлдэгдэл 19,377,500 төгрөг төлнө. Харин алдангийг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь, нэхэмжлэгчээс албан ёсоор тамга, тэмдэгтэй нэхэмжлэхийг 2021 оны 12 дугаар сарын 29-ний өдөр 39,897,400 төгрөгийн үлдэгдэлтэй гэж явуулсан. 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар 34,377,500 төгрөгийн үлдэгдэлтэй талаарх баримтаа и-мэйл хаяг руу нь явуулсан. 2022 оны 5 дугаар сарын 22-ны өдөр 15,000,000 төгрөг шилжүүлсэн ба үлдэгдэл төлбөрийг тооцоогоо нийлснээр шилжүүлнэ гэж хэлсэн.

2.2. Нэхэмжлэлд дурдсан 2020 оны 3 дугаар сарын 02-ны өдөр төлсөн 15,558,000 төгрөг нь 2019 оны бус 2020 оны шатахууны төлбөр юм. Энэ талаар удаа дараа баримтаа авч ирж, 2 талаас тооцоогоо тулгаж үзье гэж 2020 оны 4 дүгээр сараас хойш байнга шаарддаг байсан боловч баримт явуулаагүй, ирж уулзаагүй, тооцоо нийлж чадаагүй. Харин жолооч нарын гарын үсэгтэй, засвартай баримтыг фэйсбүүк групп чатаар зураг хэлбэрээр ирүүлж байсан. Тооцоо нийлээгүй удсан нь нэхэмжлэгчийн буруутай үйлдлээс болсон. Мөн 2020, 2021 онд бичгээр байгуулсан гэрээ байхгүй тул алданги шаардаж байгаа нь үндэслэлгүй.

2.3. Бидний зүгээс төлбөрөө тухай бүр төлөх боломжтой байсан бөгөөд нэхэмжлэгч талын зүгээс тухайн үед бидний явуулсан баримтын дагуу албан ёсоор тооцоо нийлж, төлбөрийн үлдэгдлээ баталгаажуулаагүй нь өөрийнх нь буруутай эс үйлдэхүйгээс болж цаг хугацаа алдсан тул хохирол төлөх үндэслэлгүй.

Иймд нэхэмжлэлийн шаардлагаас 2020, 2021 оны 1, 2 дугаар сарын шатахууны үнийн үлдэгдэл төлбөрөөс 19,377,500 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, бусад шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6, 232.4, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч *******-иас 55,722,300 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 8,653,155 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч *******-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 479,827 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******-иас 436,561 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******-д олгож шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

4.1. ******* болон *******-ийн хооронд 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр 19/04/15 дугаартай “Шатахуун худалдах, худалдан авах гэрээ” байгуулагдсан.

Талууд гэрээний 4.2-т заасны дагуу худалдагч талаас ирүүлсэн санхүүгийн анхан шатны баримтыг үндэслэн төлбөр тооцоог хийхээр тохиролцсон боловч *******-ийн зүгээс хавтаст хэргийн 17-34 дүгээр талд авагдсан *******-иас түлш авсан жагсаалт, ******* шатахуун олгосон тэмдэглэл гэх шаардлага хангахгүй, хүлээн авсан жолоочийн нэр тодорхойгүй, тээврийн хэрэгслийн дугаар зөрүүтэй, худалдан авагч компанийн эзэмшилд бүртгэлгүй автомашинд олгосон гэх мэт зөрчилтэй баримтыг цахимаар ирүүлдэг байсан бөгөөд *******-ийн зүгээс шаардлага хангасан санхүүгийн анхан шатны баримтыг ирүүлэх, сар бүр тооцоо нийлэхийг удаа дараа шаардсан боловч дээрх зөрчлийг арилгахгүй байснаас энэхүү маргаантай байдал үүссэн байдаг.

Нэхэмжлэгчээс шүүхэд гаргаж өгсөн *******-иас түлш авсан жагсаалт, ******* шатахуун олгосон тэмдэглэл гэх баримтууд нь санхүүгийн анхан шатны баримтад тавигдах шаардлагыг хангахгүйгээс гадна Сангийн сайдын 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 347 дугаартай тушаалын хавсралтаар батлагдсан “Өмчийн бүх хэлбэрийн аж ахуйн нэгж, байгууллагад нийтлэг хэрэглэгдэх анхан шатны бүртгэлийн маягт нөхөх заавар”-т заасан шаардлагыг хангахгүй байхад шүүх нотлох баримтаар үнэлж хэрэг маргааныг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна.

4.2. Мөн нэхэмжлэгч тал гэрээнд заасан үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүйгээс маргаан үүссэн учир шүүхийн шийдвэрт хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн 18,574,100 төгрөгийн алдангийг хүлээн зөвшөөрөхгүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлж, нэхэмжлэгч тал нэхэмжлэлийнхээ шаардлагаа нотолсны дараа уг маргааныг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэж байна.

5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

5.1. Талуудын хооронд байгуулагдсан шатахуун худалдах, худалдан авах гэрээний  2.2-т “нийлүүлсэн шатахууныг падаан буюу баримтаар баталгаажуулна” гэж тодорхой заасан. Мөн гэрээний 3.2-т заасны дагуу ******* нь тухайн сард шатахуун худалдан авсан жолоочийн нэр, тээврийн хэрэгслийн дугаар, авсан шатахууны хэмжээ, авсан огноо, аль түгээгүүрээс авсан болохыг тусгасан шатахуун олгосон тэмдэглэл үйлдэж, худалдан авагч талд хүргүүлдэг. Хариуцагч тал эдгээр баримтад үндэслэн төлбөрөө төлж ирсэн. Нэхэмжлэгч тал санхүүгийн баримтын шаардлагыг зөрчсөн ямар нэг үйлдэл хийгээгүй бөгөөд төлбөрийн тооцоо нь гэрээнд заасны дагуу хийгдэж байсан гэж үзэж байна.

5.2. Хариуцагч тал гомдолдоо зарим тээврийн хэрэгслийн дугаар нь эзэмшигчийн бүртгэлд байхгүй байхад шатахуун олгосон мэт зөрчил гарсан гэдэг. Гэвч хариуцагч тал уг зөрчлийг тодорхой тайлбарласангүй. Анхан шатны шүүх хуралдааны явцад 70-68 улсын дугаартай тээврийн хэрэгсэл 670 литр шатахуун авсан гэх боловч уг дугаар бүхий машин 2019 онд шатахуун авсан талаар тэмдэглээгүй тул нэхэмжлэлд ороогүй. Харин 01-84 улсын дугаартай тээврийн хэрэгсэл 526 литр шатахуун авсан гэх боловч 2020 оны 10 дугаар сарын тооцооноос хасагдаж, төлбөрөө төлсөн. Эдгээр хоёр дугаараас бусад маргаантай асуудлыг хариуцагч тал дурдаагүй тул хариуцагчийн бүртгэлгүй машинд шатахуун олгосон гэх зөрчил нотлогдоогүй.

5.3 Талуудын харилцан тохиролцсон шатахуун худалдах, худалдан авах гэрээний дагуу нийлүүлэлт болон төлбөрийн тооцоо нь шаардлага хангасан баримтаар нотлогдож байгаа тул төлөгдөөгүй үлдэгдэл төлбөрийг нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй гэж үзнэ. Мөн гэрээнд алданги тооцох зохицуулалт тодорхой тусгагдсан бөгөөд гэрээ хүчин төгөлдөр байгаа гэдгийг хариуцагч тал шүүх хуралдаанд хүлээн зөвшөөрсөн. Тодруулбал, гэрээний 4.4, 11.4 болон гэрээний хавсралт 1.5-д гүйцэтгээгүй үүргийн дүнгээс алданги тооцохоор заасан тул нэхэмжлэгч үлдэгдэл төлбөрөөс алданги нэхэмжлэх эрхтэй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 39,476,650 төгрөг, алданги 19,738,325 төгрөг, хохирол 5,160,480 төгрөг нийт 64,375,455 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч зарим хэсгийг эс зөвшөөрч, маргажээ.

3. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлээд дараах үйл баримтыг зөв тогтоосон байна. Үүнд:

3.1. Талууд 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр 19/04/15 дугаартай “Шатахуун худалдах, худалдан авах гэрээ”-г байгуулж, уг гэрээгээр худалдагч ******* нь Олон улс болон ******* улсын чанар стандартын шаардлагад нийцсэн түлшийг ******* аймгийн *******, Улаан үзүүр дэх ******* шатахуун түгээх станцаар нийлүүлэх, худалдан авагч ******* нь худалдан авсан түлшний үнийг төлөхөөр харилцан тохиролцжээ. /хх-ийн 8-13 дугаар тал/

4. Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр талаар анхан шатны шүүх зөв дүгнэсэн.

4.1. Дээрх гэрээгээр нэхэмжлэгч байгууллага нь 2019 онд 103,558,400 төгрөгийн үнийн дүнтэй 47,072 литр түлш, 2020 онд 134,119,200 төгрөгийн үнийн дүнтэй 80,545 литр түлш, 2021 оны 1, 2 дугаар сард 747,000 төгрөгийн үнийн дүнтэй 415 литр түлш тус тус нийлүүлж, хариуцагч байгууллага нь түлшний үнэ нийт 238,424,600 төгрөг төлөхөөс 201,276,400 төгрөг төлж, гэрээний үлдэгдэл төлбөрийг 37,148,200 төгрөг гэж шүүх дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримт үнэлэх зарчмыг зөрчөөгүй байна.

4.2. *******-д шатахуун олгосон баримтаас үзэхэд нэхэмжлэгч байгууллага нь 2020 оны 1 сард 18,894 литр /1хх-ийн 17, 25, 26/, 2 сард 1,493 литр /1хх-ийн 18, 27/, 6 сард 6,635 литр /1хх-ийн 19, 28/, 7 сард 10,068 литр /1хх-ийн 20, 29/, 8 сард 13,678 литр /1хх-ийн 21, 30/, 9 сард 8,805 литр /1хх-ийн 22, 32/, 10 сард 20,708 литр /1хх-ийн 23, 33, 34/, 11 сард 790 литр /1хх-ийн 24, 35/ түлш нийлүүлснээс 10 сард ******* улсын дугаартай автомашинтай жолооч ******* олгосон 526 литр түлшийг хасаж, тухайн сард 20,182 литр түлш, 8 сард 13,679 литр гэж тооцооллын алдаа гаргасныг залруулж нийт 80,545 литр түлш нийлүүлсэн гэж шүүх зөв тогтоожээ. Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгсэлд олгосон 526 литр түлшийг нэмж нэхэмжилсэн гэх тайлбар үндэслэлгүй.

4.3. Нэхэмжлэгч нь 2020 оны 10 сард жолооч *******,*******, ******* улсын дугаартай тээврийн хэрэгсэлд нийт 1,130 литр түлш олгосон байх ба энэ талаар *******-ийн нягтлан бодогч ажилтай байсан *******оос гэрчийн мэдүүлэг авахад “...*******, ******* манай дээр нэг удаа тээвэрт явсан, нэхэмжлэгч талаас өмнөх компани дээр байсан өр барагдуулах хүсэлт ирсэн, тухайн үед манайх зөвшөөрсөн, өр барагдуулах тээврийн хөлс орж ирээгүй, энэ талаар нэхэмжлэгч талд танилцуулсан, манай тооцооноос хасаагүй...” гэжээ. Үүнээс үзэхэд дээрх тээврийн хэрэгслүүдэд олгосон түлшний үнийг хариуцагчийн төлбөл зохих төлбөрөөс хасаж тооцох үндэслэл тогтоогдоогүй талаарх шүүхийн дүгнэлт зөв болсон. /1хх-ийн 33-34, 123-126 дугаар тал/

Дээрх шатахуун олгосон баримтуудыг хариуцагч байгууллага нь санхүүгийн анхан шатны баримтын шаардлага хангахгүй, үнэлэх боломжгүй гэж маргасан боловч эдгээр баримтад жолооч, тээврийн хэрэгслийн дугаар тодорхой тусгагдсан, шатахуун хүлээн авсан нь жолоочийн гарын үсгээр баталгаажсан байхаас гадна тухайн баримтуудыг үгүйсгэж, няцаасан баримтыг хариуцагч гаргаж өгөөгүй тул анхан шатны шүүх хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн хариуцагч байгууллагын 2020 онд хүлээн авсан шатахууны хэмжээг тогтоосон нь үндэслэлтэй байна.  

4.4. Анхан шатны шүүх 1хх-ийн 137 дугаар талд авагдсан баримтад *******-д 2019 оны 12 сард 8 тээврийн хэрэгсэлд нийт 1,140 литр түлш олгосон гэх боловч хүлээн авсан жолоочийн гарын үсэг зурагдаагүй үндэслэлээр хариуцагч байгууллагын 2019 оны түлшний тооцооноос дээрх түлшний үнэ 2,610,600 төгрөгийг хасаж, нийт 103,558,400 төгрөг төлөх үүрэгтэй гэж шүүх дүгнэснийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

4.5. Хариуцагч байгууллага нь 2019-2020 он, 2021 оны 1, 2 дугаар сард худалдан авсан түлшний төлбөрт 19,377,500 төгрөг төлөх үлдэгдэлтэй гэж маргасан боловч энэхүү тайлбар, татгалзлаа баримтаар нотолж чадаагүй байх тул энэ талаарх шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт нийцжээ.

5. Талуудын байгуулсан гэрээний 11.4, гэрээний хавсралтад хугацаа хэтэрвэл төлөгдөөгүй үнийн дүнгээр хоног тутамд 0,5 хувийн алданги төлөхөөр тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3, 232.6 дахь хэсэгт заасан алдангийн тохиролцоонд нийцсэн байх тул нэхэмжлэгч алданги шаардах эрхтэй. 

5.1. Гэрээний 1.3-т “гэрээ нь …2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл хүчинтэй”, 9.3-т “Гэрээний хугацаа дуусах үед талуудын аль нэг нь энэ гэрээг дуусгавар болгох талаар бичгээр санал гаргаагүй тохиолдолд гэрээ дахин нэг жилээр сунгагдсанд тооцно” гэжээ. Хэрэгт авагдсан баримтаар талуудын хэн аль нь гэрээг дуусгавар болгох талаар хүсэл зориг илэрхийлээгүй байх тул гэрээний хугацаа сунгагдсанд тооцно.

Иргэний хуулийн 72 дугаар зүйлийн 72.7 дахь хэсэгт зааснаар талуудын байгуулсан гэрээний хугацаа 2021 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр дуусах тул нэхэмжлэгч байгууллага нь 2020, 2021 онд нийлүүлсэн шатахууны төлбөрт анз тооцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3 дахь хэсэгт нийцсэн байна.  Энэ үндэслэлээр алданги төлөхөөс татгалзсан хариуцагчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй болно.    

5.2. Түүнчлэн, нэхэмжлэгч байгууллагаас нийлүүлсэн шатахууны санхүүгийн анхан шатны баримтыг хариуцагчид хүргүүлээгүй нь хариуцагчийг хүлээн авсан шатахууны үнэ болон гэрээгээр тохиролцсон анзыг төлөхөөс чөлөөлөх үндэслэл болохгүй тул энэ талаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхино. 

Иймд анхан шатны шүүх хариуцагчийн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрүүлэхгүйгээр алдангийг тооцож, 18,574,100 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт нийцжээ.

6. Анхан шатны шүүх нэхэмжлэлээс валютын ханшийн зөрүүний хохирол 5,160,480 төгрөгийн шаардлагад холбогдох хэсгийг хэрэгт авагдсан баримтаар нотлогдоогүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй, энэ шийдэлд нэхэмжлэгч тал гомдол гаргаагүй тул талуудын зарчмыг үндэслэн давж заалдах шатны шүүхээс нэмж эрх зүйн дүгнэлт хийх шаардлагагүй.  

7. Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 191/ШШ2025/04236 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 350,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                            С.ЭНХБАЯР

 

                                                ШҮҮГЧИД                                            Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

                                                                                                             Т.ГАНДИЙМАА