Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 2017/ДШМ/030

 

Т.Пунцагбалжирт холбогдох эрүүгийн хэргийн тухай

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч М.Мөнхдаваа даргалж, шүүгч Д.Эрдэнэбилэг, Т.Даваасүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Э.Гантулга

Яллагдагчийн өмгөөлөгч Л.Батбаяр

Нарийн бичгийн дарга Ч.Цэрэндулам нарыг оролцуулан;

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбатын гаргасан 2017 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 112 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Э.Гантулгын бичсэн 2017 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 9 тоот эсэргүүцлээр Т.Пунцагбалжирт холбогдох эрүүгийн 201505000362 дугаартай хэргийг 2017 оны 5 дугаар сарын 2-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч М.Мөнхдаваагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, Захирагч овогт Тогоогийн Пунцагбалжир, ...... тоотод оршин суудаг, хэрэгт холбогдох үедээ Зэвсэгт хүчний 326 дугаар ангид салаан захирагч ажилтай байсан, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй, регистрийн дугаар /ВТ92021713/

Т.Пунцагбалжир нь Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Дуурсах ....... тоотод 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс 2015 оны 11 дүгээр сарын 12-нд шилжих шөнө Х.Батбаяртай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан улмаар Х.Батбаярын толгой, нүүр хэсэгт төмрөөр цохиж бие махбодид нь хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Баянхонгор аймгийн прокурорын газраас Т.Пунцагбалжирт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх: Т.Пунцагбалжирт холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг шүүхээс нөхөн гүйцэтгэх боломжгүй бүрэн биш хийсэн гэж үзэх нөхцөл тогтоогдов.

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн 1 дугаартай магадлалаар хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр прокурорын газарт буцаан шийдвэрлэсэн бөгөөд 2017 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн 3 дугаартай прокурорын тогтоолоор мөрдөн байцаалт явуулах хугацаа тогтоон нэмэлт мөрдөн байцаалтыг явуулсан байна.

Нэмэлт мөрдөн байцаалт явуулахдаа дээрх магадлалд заагдсан “...Т.Пунцагбалжирын биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон шинжээчийн 3 удаагийн дүгнэлтүүд хоорондоо эрс зөрүүтэй, Т.Пунцагбалжирт учирсан гэмтлүүд нь анх учрах үедээ ямар шинж байдалтай байсан, уг байдлаараа гэмтлийн ямар зэрэгт хамаарч байсан зэрэг дээрх шинжээчийн дүгнэлтүүдийн зөрүүг арилгасны эцэст хэргийг эцэслэн шийдвэрлэх нь зүйтэй...” гэх заалтыг биелүүлээгүй байна.

Уг заалтаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн Т.Пунцагбалжирын биед тухайн үед үүссэн гэмтлийг тогтоох, шинжээчийн дүгнэлтүүдийн зөрүүг арилгуулах байсан байхад Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 20 дугаар зүйлд заасны дагуу дахин шинжилгээ хийлгэж Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 594 дугаартай шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 58/, Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 257 дугаартай шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 184/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 1171 дугаартай шинжээчийн дүгнэлт /2-р хх-ийн 69-70/-үүдийн зөрүүг арилгаагүй байна. Дээрх ажиллагааг хийж гүйцэтгээгүй байгаагаараа Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 328, 329 дугаар зүйлүүдийг тус тус зөрчин шүүхийн магадлалыг биелүүлээгүй гэж үзнэ.

Иймд дээр дурьдсан ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчихгүйн тулд хэргийг мөрдөн байцаалтанд буцаах нь зүйтэй гэж үзэн хэргийг прокурорын газарт буцаан шийдвэрлэжээ.

Прокурор Э.Гантулга 2017 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 9 тоот эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Т.Пунцагбалжирт холбогдох хэргийг Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхээс 2017 оны 01 сарын 31-ний өдөр хянан хэлэлцээд 01 дугаартай магадлалаар нэмэлт мөрдөн байцаалтанд буцааж шийдвэрлэсэн ба уг магадлалд заагдсан ажиллагааг мөрдөн байцаалтаар бүрэн хийсэн. Уг магадлалд заасан Т.Пунцагбалжирын биед учирсан гэмтэлд гаргасан дүгнэлтүүд хоорондоо зөрүүтэй байх тул дахин шинжээч томилж зөрүүг гаргах гэсэн заалтын дагуу Т.Пунцагбалжирын биед учирсан гэмтлийн зэргийг дахин гаргуулахаар Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд тогтоол болон хэрэг материалыг хүргүүлсэн боловч шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгээс Т.Пунцагбалжирын биед учирсан гэмтлийг хэрэг, материалд үндэслэн гаргах боломжгүй, Т.Пунцагбалжирын тухайн үед авахуулсан рентген зургийг үндэслэн дүгнэлт гаргахаар шаардсан.

Эрүүгийн 201505000362 дугаартай хэргээс яллагдагч Х.Батбаярт холбогдох хэргийг прокуророос 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2, 208 дугаар зүйлийн 208.1.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, хохирогч Т.Пунцагбалжирт толгойн рентген зургийг 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр хүлээлгэн өгсөн ба Т.Пунцагбалжир нь уг рентген зургийг Прокурорын газраас хүлээн аваад ахынд тавьсан гэх бөгөөд уг зураг нь олдоогүй талаар Т.Пунцагбалжир, түүний эгч Т.Энхцэцэг нь мэдүүлсэн. Т.Пунцагбалжирын биед учирсан гэмтлийг харуулсан рентген зураг нь эх хувиараа олдоогүй бөгөөд шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгээс дүгнэлт гаргах боломжгүй талаараа албан бичиг ирүүлсэн. Дээрх гэмт хэрэг үйлдэгдсэнээс хойш 2 жилийн хугацаа өнгөрсөн бөгөөд Т.Пунцагбалжирт тухайн үед үүссэн гэх гэмтэл нь одоо эдгэрч арилсан тул дахин рентген зураг авахуулаад уг байдлыг тогтоох боломжгүй юм.

Иймд Т.Пунцагбалжирын биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 1171 дугаартай шинжээч нарын гаргасан дүгнэлтийг үндэслэн прокурорын газраас Х.Батбаярт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэгт заасан заалттай нийцэж байна гэж үзэхээр байна.

Иймд шүүгчийн захирамжийг хүчингүй болгож хэргийг анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцүүлэхээр эсэргүүцэл бичсэн гэв.

Яллагдагч Т.Пунцагбалжирын өмгөөлөгч Л.Батбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцааж өгнө үү гэв.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхээс Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн 1 дугаартай магадлалд заагдсан “...Т.Пунцагбалжирын биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон шинжээчийн 3 удаагийн дүгнэлтүүд хоорондоо эрс зөрүүтэй, Т.Пунцагбалжирт учирсан гэмтлүүд нь анх учрах үедээ ямар шинж байдалтай байсан, уг байдлаараа гэмтлийн ямар зэрэгт хамаарч байсан зэрэг дээрх шинжээчийн дүгнэлтүүдийн зөрүүг арилгасны эцэст хэргийг эцэслэн шийдвэрлэх нь зүйтэй...” гэх заалтыг биелүүлээгүй хэмээн үзэж хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцаан шийдвэрлэжээ.

Хавтаст хэргийн 193 дугаар талд авагдсан Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгээс 2017 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 04/1166 тоот албан бичгээр “...Т.Пунцагбалжирын биед учирсан гэмтэл болон бусад асуудлыг тогтоож шинжээчийн дүгнэлт гаргахад толгойн рентген болон КТГ-н зургууд зайлшгүй шаардлагатай байх тул одоогоор дүгнэлт гаргах боломжгүй байна...” хэмээн хариу ирүүлжээ.

Мөрдөн байцаалтын шатанд Т.Пунцагбалжирын урд авахуулсан гэх толгойн рентген зургийг гаргуулан авах талаар тодорхой нэр бүхий гэрчүүд болон яллагдагч Т.Пунцагбалжир нарыг байцаасан байх бөгөөд уг зураг нь одоо хаана байгаа эсэх нь тогтоогдохгүй байх тул Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 04/1166 тоот албан бичгийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 46 дугаар зүйлийн 46.3 дахь хэсэгт заасантай нийцсэн гэж үзэхээр байна.

Хэрэв цаашид шаардлагатай гэж үзвэл дээрх асуудлыг тусад нь шалган шийдвэрлэх, эсхүл зайлшгүй шаардлагатай гэж үзвэл шүүх шинжээч томилох боломжтой юм.

Иймд прокурорын эсэргүүцлийг бүхэлд нь хүлээн авч хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр буцаасан анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.

Анхан шатны шүүх яллагдагчийг шүүхэд шилжүүлж шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцээгүй атлаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 230 дугаар зүйлийн 230.1 дэх хэсэгт зааснаар хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр буцаасан нь буруу буюу шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй бөгөөд шүүгчийн захирамжийг хууль ёсны болсон гэж үзэх боломжгүй байгааг болон шүүгч прокуророос шилжүүлж ирүүлсэн хэргийг хүлээн авсан даруйдаа өөрийн эрх хэмжээний хүрээнд яллагдагч нарт Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 62 дугаар зүйлд заасан таслан сэргийлэх арга хэмжээнүүдээс аль тохирохыг оновчтой зөв сонгон хэрэглэж шүүгчийн захирамж гарган шийдвэрлэж байх нь зүйтэй зэргийг дурдав.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.2,

317 дугаар зүйлийн 317.1.2, 322 дугаар зүйлийн 322.1 дэх хэсэгт тус тус

заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 112 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож Т.Пунцагбалжирт холбогдох эрүүгийн 201505000362 тоот хэргийг яллагдагчийг шүүхэд шилжүүлэх шатнаас шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Хэргийг анхан шатны шүүхэд очтол Т.Пунцагбалжирт хэрэглэсэн батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 326 дугаар зүйлийн 326.1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн магадлалыг уншиж сонсгомогц нэн даруй заавал биелүүлэх бөгөөд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхгүй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ М.МӨНХДАВАА

        ШҮҮГЧИД Д.ЭРДЭНЭБИЛЭГ

                     Т.ДАВААСҮРЭН