Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 08 сарын 15 өдөр

Дугаар 210/МА2025/01342

 

*******ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Ч.Цэнд, Т.Гандиймаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 191/ШШ2025/04600 дугаар шийдвэртэй, 

Нэхэмжлэгч: *******ийн нэхэмжлэлтэй,   

Хариуцагч: *******, ******* нарт холбогдох

Ажил гүйцэтгэх гэрээ цуцлагдсаны улмаас учирсан хохирол, алданги 49,160,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Гандиймаа илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч *******-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч бөгөөд хариуцагч *******гийн өмгөөлөгч ******* /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Тэмүүлэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. *******-ийн гүйцэтгэх захирал *******тэй 2023 оны 7 дугаар сарын 06-ны өдөр “Амины орон сууц захиалгаар бариулах гэрээ”-г байгуулж, уг гэрээгээр өөрийн эзэмшлийн газарт 56 м.кв талбайтай, 75,000,000 төгрөгийн үнэ бүхий амины сууцыг бариулах, урьдчилгаа төлбөрт 35,000,000 төгрөгийг шилжүүлэх, үлдэгдэл 40,000,000 төгрөгийг байшин ашиглалтад оруулж хүлээлгэн өгснөөс хойш сар бүрийн 15-ны өдөр 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахаар тохиролцсон.

1.2. Гүйцэтгэгч тал гэрээний 4.1-т зааснаар амины орон сууцыг хуанлийн 45-60 хоногийн дотор барьж гүйцэтгэн захиалагчид хүлээлгэн өгөх байсан боловч өнөөдрийг хүртэл баригдаж дуусаагүй, 53 м.кв талбайтай, нягт бус, дутуу, далий, сул шороотой, суурь цутгасан, байшингийн рам гэх төмрийг дутуу, мөчид гагнасан, бетонон суурьтай нь огт бэхлээгүй гэх мэт чанарын шаардлага хангахгүй доголдолтой хундаам цутгаж гэрээний үүргээ зөрчсөн.

1.3. Захиалагчийн зүгээс гэрээний 5.5, 5.6 дахь хэсэгт заасны дагуу гүйцэтгэсэн барилгын ажилд гэмтэл согог илрэх үед засаж сайжруулах, гэрээнд заасан хугацаандаа хийж гүйцэтгэн хүлээлгэн өгөхийг удаа дараа мэдэгдэн нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүнд хүрээгүй. Ингээд гэрээ цуцлах тухай мэдэгдэхэд гүйцэтгэгч тал 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 23/22 тоот албан бичгээр барилгын ажлыг 2023 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр захиалагчид хүлээлгэн өгөх, хугацаа хэтрүүлсэн тохиолдолд үл маргах журмаар урьдчилгаа төлбөрийг захиалагчид 100 хувь буцаан олгохоо мэдэгдсэн.

Гэтэл уг хугацаанд амины орон сууцыг барьж гүйцэтгээгүй, захиалагчийн төлбөрийг ч буцааж өгөлгүй гэрээний үүргээ удаа дараа зөрчсөн тул захиалагч нэг талын санаачилгаар 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 1/19 тоот албан мэдэгдлээр гэрээ цуцалсан талаар мэдэгдсэн.

Иймд урьдчилгаа төлбөр 35,000,000 төгрөг, гэрээний 3.4-т заасны дагуу 2023 оны 9 дүгээр сарын 06-ны өдрөөс 2024 оны 1 дүгээр сарын 04-ний өдрийг хүртэлх 118 хоногийн алданги 14,160,000 төгрөг нийт 49,160,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.

2. Хариуцагч *******-ийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1. ******* нь 2023 оны 7 дугаар сарын сарын 06-ны өдөр 56 м.кв талбайтай, 2 давхар амины орон сууц бариулахаар, урьдчилгаа 35,000,000 төгрөгийг төлж, үлдэгдэл 40,000,000 төгрөгийг 3 жилийн хугацаатай, хүүгүй зээлээр төлөхөөр тохирсон.

2.2. 2023 оны 7 дугаар сараас баяр наадам болж мөн их бороотой байсан тул ажил удааширсан нь үнэн. Тухайн нөхцөл байдал болгонд утсаар болон биечлэн уулзаж хугацаа алдаж байгаадаа уучлалт хүсэж нэмэлтээр засал болон террас хийж өгөхөөр тохирсон.

2.3. Энэ хугацаанд нийт 21,576,600 төгрөгийн ажил үүргийг гүйцэтгэсэн. Иймд үлдэгдэл 13,423,400 төгрөгийг төлөхөд татгалзахгүй.

3. Хариуцагч *******гийн тайлбар, татгалзлын агуулга:

3.1. ******* болон *******-ийн хооронд иргэний эрх зүйн харилцаа үүссэн. *******тай байшин барихтай холбоотой маргаан үүсээгүй учир нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй.

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 232 дугаар зүйлийн 232.6, 343 дугаар зүйлийн 343.1-д заасныг баримтлан хариуцагч *******-иас 16,886,620 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлээс 32,273,380 төгрөгт холбогдох хэсгийг болон хариуцагч *******д холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 403,750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******-иас 242,383 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

5.1. Анхан шатны шүүхийн шийдвэрийн 4.7-д “Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.4, 355.5 дахь заалтыг баримтлан хариуцагчийн гүйцэтгэсэн ажлын хөлс гэх 21,576,600 төгрөгийг нэхэмжлэлийн шаардлагаас хасаж тооцсон нь хуульд нийцэхгүй.

Тодруулбал, дээрх хуулийн заалт нь ажил гүйцэтгэгч өөрөө гэм буруугүй, эсхүл хүндэтгэн үзэх онцгой нөхцөл байдал бий болсны улмаас гэрээ цуцлагдсантай холбоотой шаардах эрхийн зохицуулалт бөгөөд эдгээр нөхцөл байдал тогтоогдоогүй, ажил гүйцэтгэгчийг үүргээ зөрчсөн гэж шүүхээс дүгнэсэн атлаа энэхүү заалтыг баримталсан нь хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна.

Нэхэмжлэгч нь 56 мк.в талбайтай амины орон сууц захиалсан байтал ажил гүйцэтгэгч нь 53 м.кв талбайтай, чанарын шаардлага хангахгүй бараа материалаар суурь хундаамыг цутгасан, талбайн хэмжээний талаар шинжээчийн дүгнэлтэд тодорхой тусгагдсан, ашигласан бараа материалууд нь хуучирч муудсан, чанарын шаардлага хангахгүй, нэхэмжлэгч цаашид хүлээн авч ашиглах боломжгүй талаар тайлбарласан, хариуцагч нь үнэлгээгээр тогтоогдсон 21,576,600 төгрөгийг сөрөг нэхэмжлэлийн шаардлагаар нэхэмжлэгчээс буцаан гаргуулахаар шаардах эрхээ хэрэгжүүлээгүй байхад шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд бус Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.4, 355.5-д заасныг баримтлан 21,576,600 төгрөгийг хасаж тооцсон нь хууль зүйн үндэслэлгүй.

5.2. Ажил гүйцэтгэгчийн хугацаа хэтрүүлсэн 86 хоног ба 40,000,000 төгрөгийн 0,3 хувийн нэг өдрийн алданги 120,000 төгрөг бөгөөд 86 хоногт үржүүлэхэд 10,320,000 төгрөгийн алдангийг төлөх үүрэгтэй байхад шүүхээс 13,423,400 төгрөгөөс алданги тооцож 3,463,220 төгрөгийн алдангийг гаргуулахаар шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Иймд анхан шатны шүүх нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрхийг сэргээж чадаагүй тул хэргийг бүхэлд нь хянаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж урьдчилгаа төлбөрт төлсөн 35,000,000 төгрөг, хугацаа хэтрүүлсэн 86 хоногийн алданги 10,320,000 төгрөг нийт 45,320,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэж өгнө үү.

6. Давж заалдах гомдолд хариуцагч *******-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч бөгөөд хариуцагч *******гийн өмгөөлөгч *******гийн гаргасан тайлбарын агуулга:

6.1. Хариуцагч тал шинжээч томилуулах хүсэлт гаргасан. Шинжээчийн дүгнэлтээр 21 сая төгрөгийн ажил хийж гүйцэтгэсэн дүгнэлт гарсан. Иймд урьдчилгаа төлбөрөөс үнэлгээний дүнг хасаж, шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл хугацааны алдангийг гэрээнд зааснаар 0,3 хувиар тооцсон нь хууль зүйн үндэслэлтэй.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******, ******* нарт холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний дагуу төлсөн урьдчилгаа төлбөр 35,000,000 төгрөг, алданги 14,160,000 төгрөг нийт 49,160,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч ******* зарим хэсгийг эс зөвшөөрч, хариуцагч ******* бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ. 

3. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлээд дараах үйл баримтыг зөв тогтоосон байна. Үүнд:

3.1. ******* болон ******* нь 2023 оны 7 дугаар сарын 06-ны өдөр “Амины орон сууц захиалгаар бариулах гэрээ”-г байгуулж, уг гэрээгээр ******* нь ******* байршилтай, нэгж талбарын ******* дугаартай 1,400 м.кв талбай бүхий газарт 56  м.кв талбайтай амины орон сууцыг хуанлийн 45-60 хоногийн дотор гүйцэтгэж хүлээлгэн өгөх, ******* нь ажлын хөлс 75,000,000 төгрөгийг төлөх үүргийг тус тус хүлээжээ. /хх-ийн 8-11 дүгээр тал/

3.2. Дээрх гэрээний дагуу хариуцагч ******* нь  урьдчилгаа төлбөрт 35,000,000 төгрөгийг нэхэмжлэгчээс хүлээн авсан, гэрээгээр тохирсон хугацаанд ажлыг бүрэн гүйцэтгээгүй хугацаа хэтрүүлсэн, нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүйгээс гэрээ цуцлагдаж, дуусгавар болсон үйл баримт тогтоогдсон, энэ талаар талууд маргаагүй. /хх-ийн 14-15 дугаар тал/

4. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр гэж  дүгнэсэн нь үндэслэлтэй.

4.1. Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.1, 222 дугаар зүйлийн 222.1.1 дэх хэсэгт “Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ”, “үүргээ хугацаанд нь биелүүлээгүй бол үүрэг гүйцэтгэгч хугацаа хэтрүүлсэн гэж үзнэ” гэж тус тус зохицуулсан. 

Хариуцагч ******* нь гэрээний 4.1-д заасан хугацаанд буюу 2023 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн дотор 56 м.кв талбай бүхий амины орон сууцыг барьж гүйцэтгэх үүргээ биелүүлээгүй хугацаа хэтрүүлсэн, нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй болох нь талуудын тайлбараар тогтоогдсон, энэ үндэслэлээр гэрээг цуцалсан нь Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1, 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт нийцжээ.

Харин хэрэгт авагдсан баримтуудаар хариуцагч байгууллагын гүйцэтгэсэн ажил доголдолтой байсны улмаас гэрээг цуцалсан гэж дүгнэх үндэслэл тогтоогдсонгүй. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь хариуцагч байгууллага чанарын шаардлага хангахгүй доголдолтой суурь цутгаж гэрээний үүргээ зөрчсөн гэж тайлбарладаг боловч уг тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38.1 дэх хэсэгт заасан журмаар нотолж чадаагүй байна.

4.2. Ажил гүйцэтгэх гэрээ цуцлагдсанаар гүйцэтгэсэн ажил хэвээр үлдэж, гүйцэтгээгүй ажлын хувьд талуудын үүргийн харилцаа дуусгавар болох учиртай. Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 351 дүгээр зүйлийн 351.1.1 дэх хэсэгт заасан үүргийн хүрээнд гүйцэтгэсэн ажлын үр дүн болон түүнд тохирсон ажлын хөлс талуудад үлдэнэ.

Гэрээний дагуу хариуцагч *******-ийн гүйцэтгэсэн ажлын хэмжээг тогтоохоор хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийг үндэслэн шүүх *******-ийг шинжээчээр томилсон, шинжээчийн дүгнэлтээр /хх-ийн 81-98/ гүйцэтгэсэн ажлын хэмжээг 21,576,600 төгрөг гэж тогтоожээ. Энэхүү үнэлгээний асуудлаар талуудын хэн аль нь үгүйсгэж, няцаасан баримт гаргаж маргаагүй байх тул ******* нь гэрээ цуцлагдах хүртэл хугацаанд 21,576,600 төгрөгийн ажлыг гүйцэтгэсэн гэж шүүх дүгнэсэн нь талуудын зарчмыг зөрчөөгүй байна.

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгч нь хариуцагч байгууллагын гүйцэтгэсэн ажлын хөлсийг шаардах эрхгүй, харин хийгээгүй ажлын хөлсийг буцаан шаардах эрхтэй тул хариуцагчаас 13,423,400 /35,000,000 – 21,576,600/ төгрөгийг гаргуулахаар шүүх шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт тус тус нийцжээ. Иймд нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагчийн гүйцэтгэсэн ажлын хөлс гэх 21,576,600 төгрөгийг хассан нь үндэслэлгүй гэх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхино.   

5. Талууд гэрээний 3.4-т хугацаа хэтэрсэн тохиолдолд үлдэгдэл үнийн дүнгийн 0.3 хувийн алданги тооцохоор тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3, 232.6 дахь хэсэгт заасан алдангийн зохицуулалтад нийцсэн байх тул нэхэмжлэгч алданги шаардах эрхтэй, энэ талаарх шүүхийн дүгнэлт зөв.

5.1. Харин анхан шатны шүүх алдангийн шаардлагаас зарим хэсгийг хангаж шийдвэрлэхдээ үүрэг гүйцэтгэх хугацаа болон гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнг буруу тодорхойлж, алдангид 3,463,220 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэнд хариуцагч тал гомдол гаргаагүй тул талуудын зарчимд нийцүүлэн шийдлийг хэвээр үлдээнэ. Учир нь:

Талууд гэрээгээр ажлыг хуанлийн 45-60 хоногийн дотор буюу 2023 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн дотор гүйцэтгэхээр тохирсон боловч уг хугацаанд хариуцагч байгууллага ажлыг бүрэн гүйцэтгээгүйн улмаас нэмэлт хугацаа тогтоосон асуудлаар талууд маргаагүй. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...гүйцэтгэгч тал барилгын ажлыг 2023 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр хүлээлгэн өгнө, ...уг хугацаандаа амины орон сууцыг барьж гүйцэтгээгүй ...тул гэрээг цуцалж, 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр 1/19 тоот мэдэгдлээр гэрээг цуцалсан” гэж тайлбарласнаас дүгнэвэл талууд ажил гүйцэтгэх нэмэлт хугацааг 2023 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөр тогтоосон гэж үзэхээр байна.  

Иймд хариуцагч байгууллагыг 2023 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр буюу гэрээ цуцлах хүртэлх 19 хоногийн хугацаа хэтрүүлсэн гэж үзэх бөгөөд нийт гүйцэтгээгүй үүрэг болох 53,423,400 төгрөгөөс алдангийг тооцоход 3,045,130 төгрөг болно. Гэвч анхан шатны шүүхийн алдангийн тооцоололд хариуцагч гомдол гаргаагүй тул алдангитай холбогдох шийдлийг хэвээр үлдээх нь талуудын зарчимд нийцэх бөгөөд энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол хангагдахгүй. 

6. Анхан шатны шүүх *******, ******* нарын хооронд ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй үндэслэлээр *******д холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв болсон, энэ талаар зохигч хэн аль нь гомдол гаргаагүй тул давж заалдах шатны шүүхээс нэмж эрх зүйн дүгнэлт хийхгүй.  

7. Ажил гүйцэтгэх гэрээг цуцалж, хохирол шаардах эрхийг Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт нарийвчлан зохицуулсан тул шүүх үүргийн ерөнхий зохицуулалтыг баримталсан нь оновчтой бус болсныг залруулж, зохих хууль хэрэглээний өөрчлөлт оруулна. 

8. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний болон найруулгын өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 191/ШШ2025/04600 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг “Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч *******-иас 16,886,620 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлээс 32,273,380 төгрөгт холбогдох хэсгийг болон хариуцагч *******д холбогдох нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.” гэж өөрчлөн найруулж, бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 384,550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

                             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                             Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

                                             ШҮҮГЧИД                                             Ч.ЦЭНД

 

                                                                                                           Т.ГАНДИЙМАА