Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 404

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: Т.Сарантуяа,

Улсын яллагч: Н.Энхболд,

Шүүгдэгч/хохирогч: С.Н-,

Шүүгдэгч/хохирогч: М.М- нар өөрөө өөрийгөө өмгөөлөн тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт С.Н-, М.М--д холбогдуулж яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1905012360357 дугаартай хэргийг 2019 оны 5 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

1. Шүүгдэгч С.Н-, ........ аймагт төрсөн, .... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ....... ажилтай, ам бүл 3, ээж, дүүгийн хамт ............. тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, ......... тоот регистртэй,

2. Шүүгдэгч: М.М-, ........ хотод төрсөн, .... настай, эрэгтэй, дээд боловсролтой, ...... мэргэжилтэй, .......... ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт ..............тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, ........ тоот регистртэй,

Шүүгдэгч С.Н- нь 2019 оны 3 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Энжоё” баарны гадаа хохирогч М.М--ийн чихийг хазаж биед нь хөнгөн хохирол учруулсан,

Шүүгдэгч М.М- нь 2019 оны 3 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Энжоё” баарны гадаа хохирогч С.Н--ыг цохиж биед нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэх судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч М.М-гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

 Шүүгдэгч С.Н--ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

Хохирогчоор М.М-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Гомдол санал нэхэмжлэх зүйлгүй...” гэв.

Хохирогчоор С.Н--ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Гомдол санал нэхэмжлэх зүйлгүй...” гэв.

Хохирогчоор М.М-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Зөөгч “чи ширээгээ сольж суучихаад яагаад байгаа юм” гэхээр нь би “олуулаа явж байгаа хүмүүс хүн болоод бид хоёр хүн биш юм уу” гэсэн. Тэгэхэд зөөгч нь “чи тэгээд надтай яаж харьцаад байгаа юм” гэхээр нь би “чи уурлаад байгаа юм чинь би инээхгүй яах юм, би уурлавал бүр л таагүй байдал үүснэ биз дээ” гээд инээхэд уг зөөгч “инээд чинь таалагдахгүй байна шүү” гэсэн. Тэгээд намайг багалзуурдаж түлхсэн. Тэгээд би холдсон над руу хүрээд ирэхээр нь нүүр рүү нь нэг удаа цохьсон. Тэгээд зууралдаад шилэн хүзүүн дээрээс нь бариад толгойг нь баруун мөрөн дээрээ татаад наахад миний баруун чихийг хазсан. Тэгээд хамгаалагч, манай найз хоёр ирж салгасан. Тэгээд цагдаа дуудаж цагдаагийн газар ирсэн...” гэсэн мэдүүлэг /хх-н 10/,

Хохирогчоор С.Н-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...2019 оны 3 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө БГД-н 14 дүгээр хороо, Энжое бааранд ажлаа хийж байхад манай баараар үйлчлүүлж байсан хоёр залууг том ширээн дээрээс шилжүүлье, та хоёр жижиг ширээн дээр суучих том ширээн дээр олон хүн суулгачихъя гэсэн. Тэгэхэд босохгүй чи яахын гээд бид хоёр хэрэлдээд баарнаас гараад уг залууд ширээн дээр чинь хүн суулгая, та хоёр жижиг ширээн дээр суучих гэсэн. ...Уг залуу над руу хэл амаар доромжлоод байсан. ...Уг залуу руу очиход уг залуу намайг цохьсон. Тэгээд би уг залуутай зууралдаад намайг тавихгүй байхаар нь чихийг нь хазсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 7/,

Гэрч Б.У-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...би араас нь гарахад уг залуу Н-ын нүүрэн хэсэг рүү нь нэг удаа гараараа цохьсон. Тэгээд Н- уг залуутай зууралдаад авахаар нь би салгаад уг залууг холдуулахад уг залуугийн чихийг Н- хазчихсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 12/,

Шинжээчийн 3293 тоот дүгнэлтэд: “...М.М-гийн биед баруун чихний дэлбэнд шарх, хүзүүнд цус хуралт, зүүн гарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо болон ирмэгтэй зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь шинэ байна...” гэсэн дүгнэлт /хх-н 16/,

Шинжээчийн 3290 тоот дүгнэлтэд: “...С.Н-ын биед доод уруулын няцарсан шарх, дээд эрүүний 1-р шүдний эмтрэл гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт /хх-н 17/,

Яллагдагчаар С.Н-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Яллагдагчаар татсан тогтоолтой танилцсан. Сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байна. ...Мөнхдалайгийн биед гэмтэл учруулсан гэм буруугаа ухаарч байгаа хохирол мөнгө барагдуулсан. Бид хоёр сайн дурын үндсэн дээр эвлэрсэн, одоо бид хоёр ямар нэгэн гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-н 31-32/,

Яллагдагчаар М.М-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Яллагдагчаар татсан тогтоолтой танилцсан. Сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байна. Н-ыг цохисон гэм буруугаа ухаарч байгаа. Хохирол мөнгө барагдуулсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 33-34/,

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 2/, Хохирогчийн өргөдөл /хх-н 3/, шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 35-53/, хохирогч нарын хүсэлт /хх-н 64-65/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Шүүгдэгч нарын гэм буруу болон хохирол, хор уршигийн талаар:

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасны дагуу шүүгдэгч, хохирогч нар нь хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна.

Уг хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хэргийг хялбаршуулсан журмаар ял оногдуулах шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч С.Н- нь 2019 оны 3 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Энжоё” баарны гадаа хохирогч М.М-гийн чихийг хазаж биед нь хөнгөн хохирол учруулсан,

Шүүгдэгч М.М- нь 2019 оны 3 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Энжоё” баарны гадаа хохирогч С.Н-ын нүүрэн тус газарт нь гараараа цохиж биед нь хөнгөн хохирол учруулсан тус тус гэм буруутай болох нь:

Шүүгдэгч нарын мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогчоор М.М-гийн: “...над руу хүрээд ирэхээр нь нүүр рүү нь нэг удаа цохисон. Тэгээд зууралдаад шилэн хүзүүн дээрээс нь бариад толгойг нь баруун мөрөн дээрээ татаад наахад миний баруун чихийг хазсан....” гэсэн мэдүүлэг /хх-н 10/, хохирогчоор С.Н-ын: “...Уг залуу над руу хэл амаар доромжлоод байсан. ...Уг залуу руу очиход уг залуу намайг цохисон. Тэгээд би уг залуутай зууралдаад намайг тавихгүй байхаар нь чихийг нь хазсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 7/, гэрч Б.У-ын: “...би араас нь гарахад уг залуу Н-ын нүүрэн хэсэг рүү нь нэг удаа гараараа цохисон. Тэгээд Н- уг залуутай зууралдаад авахаар нь би салгаад уг залууг холдуулахад уг залуугийн чихийг Н- хазчихсан...” гэсэн мэдүүлэг, шинжээчийн 3293, 3290 тоот дүгнэлтүүд болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч М.М, С.Н- нарын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул шүүгдэгчид холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч М.М, С.Н- нар нь хоорондоо маргалдан, зодолдож бие биенийхээ эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нь өөрийн үйлдэлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон тул гэм буруутайд тооцох нь зүйтэй байна. 

Хохирогч нар шүүхийн хэлэлцүүлэгт гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн, хавтаст хэрэгт бичгээр /хх-н 64-65/ хүсэлт гаргасан тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч нар гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтуудаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болох нь хавтаст хэрэгт авагдсан шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байна. Хохирол нөхөн төлж хохирогчтой эвлэрсэн. Прокурорын санал болгосон эрүүгийн хариуцлагыг бүрэн хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэсэн мэдүүлэг, хүсэлтүүд, хохирогчийн хүсэлт, эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын саналтай танилцаж зөвшөөрсөн талаарх баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдож байна.  

Прокуророос ялын төрөл хэмжээний талаар гаргасан “шүүгдэгч С.Н-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ял”, шүүгдэгч М.М-г 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ял”, оногдуулах саналыг шүүгдэгч нарт танилцуулсан байх ба прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

          Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй болно.

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч С.Н, М.М нарыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Н- 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар,

- шүүгдэгч М.М-г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

              3. Шүүгдэгч нар нь торгуулийн ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

6.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Н-, М.М- нарт хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмээ авсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Ч.ОТГОНБАЯР