| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Тогтох Гандиймаа |
| Хэргийн индекс | 183/2024/07505/И |
| Дугаар | 210/МА2025/01344 |
| Огноо | 2025-08-15 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, Цалин хөлсний маргаан, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 08 сарын 15 өдөр
Дугаар 210/МА2025/01344
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхбаяр даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Т.Гандиймаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 192/ШШ2025/04268 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: *******ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* холбогдох
Тушаал хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, баталгаажуулахыг даалгах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Гандиймаа илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:
1.1. Миний бие *******хангамжийн ахлах менежерийн албан тушаалд ажиллаж байгаа ба 2024 оны 8 дугаар сард нийт 69 минут хоцорсон шалтгаанаар 2024 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай Б/293 дугаартай тушаал гарч, ажлаас халсан. Дараа нь дээрх тушаалыг өөрчилж, 2024 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн огноотой Б/293 дугаартай “Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай” тушаал гаргасан байсан. Уг тушаалд сахилгын шийтгэлтэй байх хугацаандаа 2024 оны 8 дугаар сард 8 удаагийн үйлдлээр 69 минут ажил тасалж, давтан зөрчил гаргасан гэж заасан.
1.2. Дээрх тушаалыг 2024 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр танилцуулахдаа *******-ийн ерөнхий захирлын 2024 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн Б/111 дугаартай “Сахилгын шийтгэл оногдуулах тухай” тушаалыг мөн танилцуулсан. Уг тушаалын агуулга нь 2024 оны 3 дугаар сарын цагийн бүртгэлээр 5 удаагийн нийт 56 минут ажил тасалсан зөрчил гаргасан гэх үндэслэлээр сануулах сахилгын шийтгэл ногдуулсугай...” гэсэн байсан. Энэ тушаалыг намайг ажлаас халахын тулд нөхөж гаргасан гэж үзэж байна.
Иймд *******-ийн ерөнхий захирлын 2024 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн Б/111 дугаартай “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаал, мөн 2024 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн Б/293 дугаартай “Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай” тушаалыг тус тус хүчингүй болгож, хангамжийн ахлах менежерийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн бичилт хийхийг даалгаж өгнө үү.
2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:
2.1. ******* нь 2024 оны 3 дугаар сарын цагийн бүртгэлийн нэгтгэлээр 5 удаагийн 56 минут ажил тасалсан зөрчил гаргасан болох нь тогтоогдсон тул *******-ийн ерөнхий захирлын 2024 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн Б/111 дугаартай “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаалаар түүний гаргасан зөрчлийн шинж, үр дагаврыг харгалзан “өөрт нь ганцаарчилсан хэлбэрээр хаалттай сануулах” сахилгын шийтгэл ногдуулсан.
Уг тушаалыг 2024 оны 4 дүгээр сарын 17-ын өдөр *******-ийн захиргаа хүний нөөцийн менежер ******* нь *******д танилцуулсан, ******* нь Зөрчлийн бүртгэлийн хуудсанд гарын үсгээ зурж баталгаажуулсан.
Нэхэмжлэгч нь дээрх тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2, 154.2.2-т зааснаар Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст гомдол гаргаагүй, гомдол гаргах эрхээ хэрэгжүүлээгүй тул хуульд заасан урьдчилан шийдвэрлүүлэх хугацаа хэтэрсэн. Энэ тушаал нь хүчин төгөлдөр бөгөөд нэхэмжлэгчийн нэхэмжлэлдээ дурдсан “...намайг ажлаас халахын тулд нөхөж гаргасан...” гэх тайлбар худал агуулгатай, үндэслэлгүй байна.
2.2. Нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.8-д заасан хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулснаас хойш нэг жил өнгөрөөгүй байх хугацаанд буюу сахилгын шийтгэлтэй байх хугацаандаа ижил төрлийн зөрчил буюу 2024 оны 8 дугаар сарын цагийн бүртгэлийн нэгтгэлээр 8 удаагийн 69 минут ажил тасалж, давтан зөрчил гаргасан.
Давтан зөрчил гаргасан нь Хөдөлмөрийн гэрээний 6.6.13-т заасан хөдөлмөрийн ноцтой зөрчилд хамаарах тул Хөдөлмөрийн гэрээний 6.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, 80.1.4-т заасныг тус тус үндэслэн *******-ийн ерөнхий захирлын 2024 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн Б/293 дугаар тушаалаар ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан. Энэ тушаалыг нэхэмжлэгч *******д танилцуулсан.
Иймд *******-ийн ерөнхий захирлын дээрх 2 тушаалыг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Хөдөлмөрийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 158 дугаар зүйлийн 158.1.1, 127 дугаар зүйлийн 127.1, 43 дугаар зүйлийн 43.2.7 дахь заалт, Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.1, 369.3 дахь хэсгийг тус тус заасныг баримтлан хариуцагч *******-ийн ерөнхий захирлын 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн Б/111 дугаартай “Сахилгын шийтгэл оногдуулах тухай” тушаалыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, 2024 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн Б/293 дугаартай “Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох тухай” тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч *******ыг *******-ийн хангамжийн ахлах менежерийн ажилд эгүүлэн тогтоож, хариуцагч *******-иас ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 6,204,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 76,724,528 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, баталгаажилт хийхийг хариуцагч *******даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, нэхэмжлэлийн зарим хэсэг хангагдсан тул хариуцагч *******-иас 70,200 төгрөгийг гаргуулж улсын төсөвт оруулж шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:
4.1. Шүүх 2 тушаалын үндэслэлийг хянаж, ажилтны хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах нөхцөл бүрдсэн эсэхийг дүгнэх байсан. Мөн нэхэмжлэлийн шаардлагын нэг болох 2024 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн Б/111 дугаартай тушаалыг гарсан эсэхийг мэдээгүй бөгөөд хэрэгт авагдсан хариуцагч *******-ийн Ерөнхий захирлын 2024 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн Б/293 дугаартай “Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай” тушаалыг гардаж авахдаа ийм тушаал гарсан байсан гэдгийг мэдсэн. Иймд энэ хугацаанаас хөөн хэлэлцэх хугацаа тоологдох ёстой гэж үзэж байна.
4.2. Хариуцагч *******-ийн Ерөнхий захирлын 2024 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн Б/111 дугаартай “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаалд нэхэмжлэгчийг 2024 оны 3 дугаар сарын цагийн бүртгэлээр 5 удаагийн 56 минут ажил тасалсан зөрчил гаргасан үндэслэлээр өөрт нь ганцаарчилсан хэлбэрээр хаалттай сануулах арга хэмжээг авсан. Өөрөөр хэлбэл, хэргийн 34 дүгээр талд авагдсан Зөрчлийн бүртгэлийн хуудсаар нэхэмжлэгчийн 2024 оны 3 сард 5 удаагийн 56 минут ажил тасалсан зөрчлийг хариуцагч бүртгэж, тус хуудсанд нэхэмжлэгчийг гарын үсгээ зурсан байх тул нэхэмжлэгчийг 2024 оны 3 сард ажил тасалсан зөрчлийг гаргасан болох нь тогтоогдсон гэж анхан шатны шүүхээс үзсэн нь үндэслэлгүй.
Учир нь, хангамжийн ахлах менежерийн ажлын байрны үндсэн зорилт нь байгууллагын үйл ажиллагаанд шаардлагатай бараа материал, сэлбэг хэрэгслийг үр ашигтай, хугацаанд нь худалдан авч нийлүүлэн, өртөг зардлыг оновчтой зохицуулах юм. Иймээс нэхэмжлэгчид гадуур явах ажил их, ажлын цагаа бүртгүүлэхгүйгээр шууд харих тохиолдол байдаг. Ийм тохиолдлууд байсан боловч манай компанийн захирал ерөнхий захиралтай маргалдсаны улмаас зөрчлийн хуудсанд гарын үсэг зурчих гэсний дагуу зурсан бөгөөд хүлээн зөвшөөрч гарын үсэг зураагүй атал шүүхээс хүлээн зөвшөөрсөн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.
Нэхэмжлэгчийн ажилласан цагийг цагийн дэлгэрэнгүй балансаас харахад дутуу мэт харагдаж байгаа боловч 2024 оны 3, 8 дугаар саруудын цалингийн хүснэгтээс харвал цалингаа бүрэн авч байсан. Хэрэв хоцролттой бол ажил олгогч цалингаас хасаж тооцох ёстой байсан гэж үзэж байгаа тул хариуцагчийн гаргасан тушаал болон шүүх хуралд гаргаад байгаа тайлбар огт үндэслэлгүй болно.
4.3. Хариуцагч *******-ийн Ерөнхий захирлын 2024 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн Б/293 дугаар тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4, хөдөлмөрийн гэрээний 6.6.13 дахь заалтыг үндэслэн нэхэмжлэгч миний хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцалж шийдвэрлэсэн.
Энэ тушаалтай нэхэмжлэгч 2024 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр танилцахад 2024 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн огноотой хаалттай сануулах сахилгын шийтгэл ногдуулах тухай байсан. Тиймээс нэхэмжлэгчид тушаалыг өгөөгүй. Гэтэл 2 захирлын үл ойлголцол улам гүнзгийрэн ерөнхий захирал нэхэмжлэгчийг нэг талын захирлын хүн гээд тушаалын утга агуулга нь өөрчлөгдөөд 2024 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр Б/293 дугаартай “Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай” тушаал гаргасан.
Хөдөлмөрийн дотоод журмын 10 дугаар зүйлийн 10.10-т “Өөрт нь ганцаарчилсан хэлбэрээр хаалттай сануулах сахилгын шийтгэл ногдуулахад зөрчил гаргасан ажилтан, захиргаа хүний нөөцийн алба хариуцсан дэд захирал, хүний нөөцийн менежер хамт байна” гэж заасан байхад аль ч шийтгэл ногдуулах тушаалд энэ порцессын ажил хийгдээгүй.
Мөн тус журмын 10.4-д “Ажил олгогч хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулахаас өмнө ажилтанд мэдэгдэж, тайлбар авч, зөрчлийн бүртгэл үйлдэж, сахилгын зөрчлийн шинж, үр дагаврыг харгалзан хөдөлмөрийн сахилгын шийтгэлийг сонгож хэрэглэнэ. Хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулсан шийдвэрийг бичгээр гаргана” гэж заасан процессын алдаа гаргасан.
Анхан шатны шүүхээс хуулийн дагуу сахилгын зөрчил гаргасныг ажил олгогч тогтоох үүрэгтэй, уг ажиллагааны явцад хөдөлмөрийн гэрээ, дотоод хэм хэмжээ, хууль тогтоомж зөрчсөн ажилтнаас тайлбар авах ажиллагааг хийх ёстой. Сахилгын зөрчилд ажилтан буруутай байж, үүнийхээ төлөө шийтгэл хүлээдэг үндсэн зарчимтай. Буруутгагдаж буй ажилтнаас тайлбар авч болсон үйл явдлыг тодруулж, өөрийгөө өмгөөлөх холбогдох баримт сэлтийг гаргаж өгөх боломж олголгүйгээр ажилтныг зөрчил гаргасан хэмээн буруутган шийтгэж болохгүй гэж дүгнэсэн боловч 2025 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн Б/111 дугаар “Сахилгын шийтгэл оногдуулах тухай” тушаалыг хүчингүй болгоогүй нь эрх зүйн үндэслэлгүй байна.
4.4. Шүүхээс хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй үндэслэлээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцож олгохоор шийдвэрлэж байгаа нь Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 2021 оны А/192 дугаар тушаалаар баталсан “Дундаж цалин хөлс тооцох журам”-ын 2.3-т заасныг тус тус зөрчсөн.
Иймд анхан шатны шүүх хэрэглэх ёстой хуулиа зөв хэрэглэлгүй шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчмыг алдуулсан байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан байдлаар өөрчлөлт оруулж өгнө үү.
5. Давж заалдах гомдолд хариуцагч тал тайлбар гаргаагүй болно.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.
2. Нэхэмжлэгч ******* нь *******холбогдуулан тус компанийн ерөнхий захирлын 2024 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн Б/111 дугаартай “Сахилгын шийтгэл ногдуулах тухай”, 2024 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн Б/293 дугаартай “Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай” тушаалуудыг тус тус хүчингүй болгож, хангамжийн ахлах менежерийн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, баталгаажуулахыг даалгах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.
3. *******-ийн ерөнхий захирлын 2024 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн Б/293 дугаартай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4, хөдөлмөрийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.6.13, Ерөнхий захирлын 2024 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн Б/111 тоот тушаалыг тус тус баримтлан, хангамжийн ахлах менежер албан тушаалтай ******* нь сахилгын шийтгэлтэй байх хугацаа дуусаагүй байхад байгууллагын хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ дахин зөрчиж 2024 оны 8 дугаар сарын цагийн бүртгэлийн нэгтгэлээр 8 удаагийн 69 минут ажил тасалсан давтан зөрчил гаргасан гэх үндэслэлийг зааж, хөдөлмөрийн гэрээг цуцалж, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгожээ. /хх-ийн 46-49, 66 дугаар тал/
4. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийг ажилд нь эгүүлэн тогтоосон атлаа түүний ажилгүй байсан хугацааны олговрыг тооцохдоо хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн алдааг давж заалдах шатны шүүхээс дараах байдлаар залруулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хууль хэрэглээний болон найруулгын өөрчлөлт оруулна.
4.1. Хариуцагч байгууллагаас нэхэмжлэгчийг сахилгын зөрчлийг давтан гаргасан үндэслэлээр ажлаас чөлөөлсөн ба тухайн зөрчлүүдийг нэхэмжлэгч гаргасан нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон боловч ажил олгогч сахилгын шийтгэл ногдуулахаас өмнө ажилтанд мэдэгдэж, тайлбар авах талаар хуульд заасан журмыг хариуцагч байгууллага хэрэгжүүлээгүй буруутай гэж анхан шатны шүүх дүгнэж, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон 2024 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн Б/293 дугаартай тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоосон хэсгийг хариуцагч нь эс зөвшөөрч гомдол гаргаагүй тул талуудын зарчмыг үндэслэн давж заалдах шатны шүүхээс эрх зүйн дэлгэрэнгүй дүгнэлт өгөхгүй.
4.2. Мөн *******-ийн ерөнхий захирлын 2024 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн Б/111 дугаар тушаалаар ******* нь хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж 2024 оны 3 дугаар сарын цагийн бүртгэлийн нэгтгэлээр 5 удаагийн 56 минут ажил тасалсан зөрчил гаргасан гэх үндэслэлээр түүнд өөрт нь ганцаарчилсан хэлбэрээр хаалттай сануулах сахилгын шийтгэл ногдуулжээ. /хх-ийн 33 дугаар тал/
Хэргийн 34 дүгээр талд авагдсан “Зөрчлийн бүртгэл” гэх баримтад дээрх тушаалд заасан зөрчлийг бүртгэж, ******* нь тухайн зөрчлийг гаргаснаа хүлээн зөвшөөрч, 2024 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр гарын үсэг зурсан байх ба тус баримтыг үгүйсгэж, няцаасан баримт гаргаж өгөөгүй байх тул дээрх тушаалыг мэдээгүй буюу мэдэх боломжгүй байсан гэж дүгнэх үндэслэл тогтоогдсонгүй. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.1 дэх хэсэгт зааснаар дээрх тушаалтай холбогдох хөдөлмөрийн эрхийн маргааныг нэхэмжлэгч нь эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш буюу 2024 оны 4 дүгээр сарын 17-ны өдрөөс 90 хоногийн дотор хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах байгууллагад гаргах эрхтэй ба уг эрхээ алдсан талаарх шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1, 76.2 дахь хэсэгт нийцсэн, энэ талаарх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхино.
4.3. Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт “Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно.” гэж заасан.
Гэтэл анхан шатны шүүх ажилтныг урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоосон атлаа түүний үр дагаврыг шийдвэрлэхдээ хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг үндэслэсэн нь Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт заасантай тус тус нийцэхгүй.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 дугаар тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журамд зааснаар нэхэмжлэгчийн нэг өдрийн дундаж цалин хөлсийг тооцоход 320,696 төгрөг /7,000,000 + 6,263,158 + 6,940,738= 18,789,858 : 3 =6,734,632 : 21 = 320,696/, 2024 оны 9 дүгээр сарын 03-ны өдрөөс 2025 оны 5 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл ажлын 181 өдрийн дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 58,045,976 төгрөгийг хариуцагч байгууллагаас гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй. Мөн уг үнийн дүнгээс зохих шимтгэлийг төлж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулахыг хариуцагчид даалгах нь Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7 дахь хэсэгт заасантай нийцнэ.
Иймд ажил олгогчийн нөхөн төлөх дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг буруу тооцсон гэх агуулга бүхий нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол хангагдана.
5. Анхан шатны шүүх хөдөлмөрийн эрхийн маргаанд Иргэний хуулийн зохицуулалтыг баримталсан нь оновчтой бус болсныг хасаж, тогтоох хэсэгт найруулгын өөрчлөлтийг оруулна.
6. Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 192/ШШ2025/04268 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн
1 дэх заалтыг “Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1, 127 дугаар зүйлийн 127.1, 43 дугаар зүйлийн 43.2.7 дахь хэсэгт заасныг баримтлан *******ыг *******-ийн хангамжийн ахлах менежерийн ажилд эгүүлэн тогтоож, хариуцагч *******-иас 58,045,976 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******д олгож, уг дүнгээс нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, баталгаажуулахыг хариуцагч *******даалгаж, нэхэмжлэлээс *******-ийн ерөнхий захирлын 2024 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн Б/111 тоот “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаалыг хүчингүй болгуулах тухай шаардлагад холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж,
2 дахь заалтыг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар *******ын нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч *******-иас улсын тэмдэгтийн хураамжид 448,179 төгрөг гаргуулж улсын орлогод оруулсугай.” гэж тус тус өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЭНХБАЯР
ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ
Т.ГАНДИЙМАА