| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Багашарын Азбаяр |
| Хэргийн индекс | 102/2016/05874/И |
| Дугаар | 102/ШШ2016/04837 |
| Огноо | 2016-08-10 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2016 оны 08 сарын 10 өдөр
Дугаар 102/ШШ2016/04837
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр би,
Нэхэмжлэгч: Багануур дүүргийн 3 дугаар хороо, төмөр замын 1-7 тоотод оршин суух Мөөнүүрхэн овогт Төмөрбаатарын Ганбат /РД:УГ77101018/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч:Баянгол дүүрэг 3 дугаар хороо, өөрийн байранд байрлах Монгол Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замд холбогдох 2016 оны 5 сарын 17-ны өдрийн 295 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгож, Нийгмийн даатгал болон Эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийг 2016 оны 6 сарын 08-ны өдөр хүлээн авч, 2016 оны 6 сарын 15-ны өдөр иргэний хэргийг үүсгэн хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Т.Ганбат шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Т.Ганбат миний бие Улаанбаатар төмөр замын татах хэсэгт 16 дахь жилдээ ажиллаж байгаа бөгөөд илчит тэрэгний туслах машинч, илчит тэрэгний машинчийн ажлыг үр бүтээлтэй, нэр хүндтэй хийж гүйцэтгэж ирсэн. Дээрхи хугацаанд миний хөдөлмөр зүтгэлийг үнэлэн Зам тээврийн сайдын 2015 оны 38 дугаар тушаалаар “Онц тээвэрчин” УБТЗамын даргын 2016 оны 5 дугаар сарын 4-ний өдрийн Б-2-58 тоот тушаалаар “Онц хөдөлгөөнчин” тэмдэгээр тус тус шагнасан юм. Би 2016 оны 5 дугаар сарын 09-ний өдөр 19 цаг 32 минутад эмчийн үзлэгт орон туслах машинч Т.Баярмагнайгийн хамт ээлжийн ажилдаа гарч ажиллаж байхад буюу 20 цаг 30 минутад зааварлагч машинч Г.Эрдэнэбаатарт эргүүл хийж ирээд сорил тавина гэж хэлсний дагуу эмч Г.Нямсүрэн сорил тавьж үзэхэд согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй болох нь тогтоогдсон юм. Тухайн үед хамт ажиллаж байсан машинчийн туслах Т.Баярмагнай, өртөөний орлогч Мөнхзул, найруулагч Ж.Эрдэнэчулуун, холбогч Б.Элдэв-Очир нар намайг архи уугаагүй, мөн шинжилгээ хийлгээд согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй гэсэн дүгнэлт гарсан болохыг бүгд мэдэж байсан, гэрчилнэ гэж бодож байна. Миний хүү Г.Тэмүүжин нь 2016 оны 5 дугаар сарын 06-ны өдөр Улаанбурхан өвчинөөр өвчилж, өрхийн эмч гэр бүлийн гишүүд дархлаагаар сайжруулан салимон уух талаар зөвлөмжилсний дагуу салимоныг ууж хэрэглэж байсан. Энэ тухайгаа ч ажил олгогчид үнэнээр нь хэлсэн. Миний энэхүү тайлбарыг хүлээж авахыг огтхон ч хүсээгүйд гомдолтой байна. 2016 оны 5 дугаар сарын 10-ны өдөр Ашиглалт эрхэлсэн орлогч дарга Э.Батдэлгэр хурал хийж архи ууснаа салимон гэж хаацайллаа гэж намайг 3 сар үндсэн цалинг 20 хувиар бууруулах сахилгын шйитгэл ногдуулсанд гомдолтой байна. 2016 оны 5 дугаар сарын 11-ний өглөө 8 цагт гарч орой 20 цагт буухад маргааш Депогийн дарга дээр чиний асуудлаар хуралдана, Улаанбаатарт бэлэн бай гэж хэлсэн. Ингээд Улаанбаатар татах хэсгийн дарга Д.Хуяг-Эрдэнэ нь намайг архи уусан гэж үзэж хөдөлмөрийн гэрээг бодит үндэслэлгүйгээр цуцлан миний амьжиргаагаа залгуулан 4 хүүхдээ тэжээдэг ажлаас халах сахилгын шийтгэлийг ногдуулсанд гомдолтой байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 зүйлд ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах тухай зохицуулалтыг тусгасан байдаг. Энэхүү тушаалын эрх зүйн үндэслэл нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 зүйлийн 40.1.4 дахь заалт буюу “ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан” зохицуулалт байна. Т.Ганбат миний ажил олгогчтой байгуулсан хөдөлмөрийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.3-т “...ажлын байранд архи уусан, ажилдаа согтуу, мансуурсан ирсэн...” гэсэн зөрчлийг гаргасан тохиолдолд хөдөлмөрийн гэрээг цуцлахаар заажээ. Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг УБТЗамын Улаанбаатар татах хэсгийн даргын 2016 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 295 пугаар тушаалд “Илчит тэрэгний жолоон дээр архи уусан 6 дугаар цувааны машинч Т.Ганбаттай байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2016 оны 5 дугаар сарын 17-ны өдрөөр тасалбар болгон цуцалж, сахилгын шийтгэл ногдуулсугай” гэсэн байна. Өөрөө хэлбэл ажлын байранд архи уусан гэж үзжээ. Гэтэл Т.Ганбат миний бие ажлын байрандаа архи огт уугаагүй болохыг хамт ажилладаг хүмүүс тодорхой мэдэж байгаа. Мөн архины сорил тавихад “согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй нь тогтоогдсон” байхад архи уусан болгож харагдуулах бүхий л аргыг хайж СА-2000 гэдэг аппаратаар 2 удаа үлээлгэж 0,90 гэсэн заалт гарсан гэх бөгөөд энэхүү заалтыг нь үндэслэн архи уусан гэж үзжээ. Миний бие СА-2000 аппрат үнэ зөв заасан эсэхэд эргэлзэж, тухан үед үнэхээр гайхсан. Тэгээд би үүнийг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ ч хэлсэн юм. Миний ажил амьдралын чухал асуудлыг ямар ч гэрчилгээ, баталгаа байхгүй аппаратад үндэслэн шийдвэрлэхээр оролдож байгааг хэрхэвч хүлээн зөвшөөрөхгүй. Улаанбаатар Төмөр Замын хувьд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг рапортын аргаар үздэг бөгөөд энэ аргаар 2 удаа шалгахад намайг согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй гэж гарсан. Рапортын аргаар ямар ч согтууруулах ундааны зүйл илрэхгүй болохоор СА-2000 гэх тэр аппратаар үлээлгэсэн боловч тэр аппрат нь салимон исгэлэн тараг зэрэг эм, хүнсний бүтээгдэхүүн хэрэглэсний дараа бага хэмжээний согтуурлын зэрэг гардаг болох нь тогтоогдсон. Миний бие ажлын байран дээр архи уугаагүй, ажилдаа согтуурсан, мансуурсан байдалтай ирээгүй гэдгээ хариуцлагатайгаар мэдэгдэж байна. Олон жил алдаа дутагдалгүй ажиллаж, ар гэр бүлээ тэжээн тэтгэж ирсэн ажлаас минь бодит үндэслэлгүйгээр халах тушаал гаргасанд гомдолтой байна. Миний хөдөлмөрийн гэрээг цуцалсан асуудлын бодит үнэн, зөвийг шүүхээр тогтоолгохоор энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна гэжээ.
Нэхэмжлэгч Т.Ганбат шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие Монгол Оросын хувь нийлүүлсэн хувь нийгэмлэг Улаанбаатар төмөр замд холбогдох иргэний хэрэгт дараах хүсэлтийг гаргаж байна. Хариуцагчаас ирүүлсэн тайлбарт Т.Ганбат намайг ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн байх тул ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах, Нийгмийн Даатгал болон Эрүүл Мэндийн даатгалыг төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэх нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна. Иймд хариуцагчийн ажилд эгүүлэн тогтоох тухай зөвшөөрлийг баталж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагч Монгол Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр зам шүүхэд гаргасан тайлбартаа: Иргэн Т.Ганбат нь Монгол Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын Улаанбаатар татах хэсгийн даргын 2016 оны 5 сарын 17-ны өдрийн 295 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, Нийгмийн даатгал, Эрүүл Мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийг гаргажээ. Энэ онд Монгол Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын Улаанбаатар Татах хэсгийн 60 жилийн ой болж байгаа бөгөөд энэхүү ойн арга хэмжээний хүрээнд ажлаас халагдсан зарим ажилтныг ажилд эгүүлэн авч байгаа тул Т.Ганбатыг өөрийнх нь хүсэлтийн дагуу ажилд нь эгүүлж авахаар шийдвэрлэж байна. Иймд Т.Ганбатын гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ. ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Т.Ганбат нь хариуцагч Монгол Оросын хувь нийлүүлсэн Нийгэмлэг Улаанбаатар төмөр замд холбогдуулан 2016 оны 5 сарын 17-ны өдрийн 295 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгож, Нийгмийн даатгал болон Эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Т.Ганбат нь ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах, Нийгмийн Даатгал болон Эрүүл Мэндийн даатгалыг төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэх нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, хариуцагч Монгол Оросын хувь нийлүүлсэн Нийгэмлэг Улаанбаатар төмөр зам нь ажилд эгүүлэн тогтоох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлтийг ирүүлсэн байна.
Зохигчийн эвлэрэл нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч Т.Ганбат нь нэхэмжлэлийн шаардлага болох ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж, хариуцагч Монгол Оросын хувь нийлүүлсэн Нийгэмлэг Улаанбаатар төмөр зам нь ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3.Шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4.Зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.