| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Тогтох Гандиймаа |
| Хэргийн индекс | 184/2024/09858/И |
| Дугаар | 210/МА2025/01378 |
| Огноо | 2025-08-20 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 08 сарын 20 өдөр
Дугаар 210/МА2025/01378
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, шүүгч С.Энхбаяр, Т.Гандиймаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 192/ШШ2025/04198 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: *******-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******, *******-д холбогдох
Түрээсийн гэрээний үүрэг болон алданги, хохиролд 55,841,025 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч *******-ийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Т.Гандиймаа илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч *******-ийн өмгөөлөгч *******, хариуцагч *******-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Тэмүүлэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:
1.1. *******-тай 2024 оны 8 дугаар сарын 13-ны өдөр түрээсийн гэрээ байгуулж, уг гэрээгээр 1.7м-3.0 м хэмжээ бүхий нийт 400 ширхэг тулаасыг 30 хоногийн хугацаатай, 1 хоногийн үнийг 99 төгрөгөөр тооцож, түрээсийн төлбөрт 1,188,000 төгрөг, барьцааны төлбөрт 1,188,000 төгрөг нийт 2,376,000 төгрөг төлөхөөр тохирсон. Мөн 2024 оны 8 дугаар сарын 15-ны өдөр түрээсийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж, нэмэлтээр ижил хэмжээ бүхий 500 ширхэг тулаасыг 30 хоногийн хугацаатай, 1 хоногийн үнийг 99 төгрөгөөр тооцож, түрээсийн төлбөрт 1,485,000 төгрөг, барьцааны төлбөрт 1,485,000 төгрөг нийт 2,970,000 төгрөг төлөхөөр тохирсон. Дээрх гэрээний дагуу нийт 5,346,000 төгрөгийг төлсөн.
1.2. 2024 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр түрээсийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж, 400 ширхэг тулаасыг 30 хоногоор, 500 ширхэг тулаасыг 28 хоногоор ашиглах хугацааг сунгаж, 2024 оны 10 дугаар сарын 12-ны өдөр буцааж өгөхөөр тохиролцсон, түрээсийн төлбөрийг төлөөгүй, мөн түрээсийн зүйл болох 900 ширхэг тулаасыг буцаан өгөөгүй бөгөөд өгөхийг шаардсан боловч өгнө гэдэг ч өгөөгүй байна.
1.3. Иймд түрээсийн төлбөр 4,266,900 төгрөг, 80 хоногийн алданги 2,074,125 төгрөг, эд барааны хорогдол буюу буцааж өгөөгүй 900 ширхэг тулаасны үнэ 49,500,000 төгрөг нийт 55,841,025 төгрөгийг хариуцагч *******-иас гаргуулж өгнө үү.
2. Хариуцагч *******-ийн тайлбар, татгалзлын агуулга:
2.1. *******-тай 2024 оны 8 дугаар сарын 13-ны өдөр түрээсийн гэрээ байгуулж, 400 ширхэг тулаас, мөн 2024 оны 8 дугаар сарын 15-ны өдөр нэмж 500 ширхэг тулаас түрээсэлж авсан ба түрээсийн болон барьцааны төлбөрт 5,346,000 төгрөгийг төлсөн.
2.2. 2024 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр гэрээний хугацааг дахин нэг сараар сунгасан. Гэвч манай компанитай гэрээ байгуулсан захиалагч компани болох ******* төлбөр тооцооны талаар үндэслэлгүй маргаан үүсгэж, урьдчилан мэдэгдэлгүй гэнэт барилгын талбайд нэвтрэхийг хориглож, тус компанийн барилгын талбайд тулаас үлдсэн учраас эргүүлж өгөх боломжгүй болсон.
2.3. Түрээсийн гэрээний үүргээ биелүүлээгүй нь манай талаас хамааралгүй шалтгаан нөхцөлөөс болсон тул тулаасны үнийг хариуцан төлөх боломжгүй, ******* нь барилгын хашаанд нэвтрүүлэхээс татгалзаж, оруулахгүй байсныг нэхэмжлэгч тал мэдэж байгаа. Иймд *******-ийг хариуцагчаар татаж, маргааныг шийдвэрлэж өгнө үү.
3. Хариуцагч *******-ийн тайлбар, татгалзлын агуулга:
3.1. ******* нь *******-тай 2024 оны 5 дугаар сарын 02-ны өдөр орон сууцны зориулалттай төмөр бетон цутгамал барилгын угсралтын гэрээ байгуулж, 2024 оны 9 дүгээр сарын 04-ний өдрөөр гэрээг цуцалсан. Гэрээг дуусгавар болгосноос хойш *******-ийн захирал ******* болон ажилчид нь барилгын материал, багаж хэрэгслээ хэд хэдэн удаагийн ачилтаар барилгын талбайгаас ачаад аваад явсан. ******* нь *******-тай ямар нэгэн гэрээ хийж хамтран ажиллаагүй тул манайд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.
4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 326 дугаар зүйлийн 326.1, 232 дугаар зүйлийн 232.1-д заасныг баримтлан хариуцагч *******-иас 55,841,025 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******-д олгож, хариуцагч *******-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 437,155 төгрөгийг улсын орлогод үлдээн, хариуцагч *******-иас 437,155 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
5. Хариуцагч *******-ийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:
5.1. ******* нь манай компанитай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээгээ гэнэт цуцалж, ажлын талбайгаас хөөж гаргахад тулаас төмөрүүд үлдсэн. Бид ашиглаагүй үлдсэн цөөн хэдэн тулаас болон бусад материалыг авсан. Бидний барилгын ажлыг гүйцэтгэхэд шаардлагатай байсан бүх материалыг ******* өгөлгүй дараагийн туслан гүйцэтгэгчийг оруулж бидний материалаар ажлаа цааш явуулж барилгын ажлаа дуусгасан.
5.2. Нэхэмжлэгчийн танайх түрээслэн авсан учир танайх төлөх ёстой гэх байр суурийг үгүйсгэх арга байхгүй ч хэрэв манайх төлөх бол шударгаар төлөх нь хуульд нийцнэ гэж үзэж байна. Гэрээнд нэг ширхэг тулаас хэдэн төгрөг байх талаар тусгаж өгсөн боловч энэ нь зах зээлийн үнээс хэт өндөр үнэ байгаа. Талууд анх гэрээ байгуулахдаа ийм нөхцөл үүснэ гэж огт тооцоолоогүй, ажил гүйцэтгэх явцад ганц нэг тулаас ашиглалтаас гарах, дахин ашиглах боломжгүй болох үед тухайн гэрээнд заасан үнээр хохирол барагдуулах тухай ойлгож байсан ба одоо үүссэн нөхцөлд гэрээнд заасан үнээр бүх хохирлыг төлнө гэсэн агуулга байхгүй. Иймд манай компани хохирлыг шударгаар төлөх ба хуучин тулаас нэг бүрийн зах зээлийн үнэлгээг шинжээчээр тогтоолгон хохирлыг барагдуулах хүсэлтэй байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү.
6. Давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:
6.1. Анхан шатны шүүх хариуцагчид тулаасны үнэлгээ тогтоолгох шинжээчийн дүгнэлт гаргуулах, зах зээлд ямар ханштай байгааг нотлох боломжоор хангаж, эрхийг нь олгосон. Талуудын хооронд байгуулсан гэрээнд 1 ширхэг тулаасны үнийг 55,000 төгрөгөөр төлөхөөр тохирсон. Хэрвээ тулаасны үнэ зах зээлийн ханшаас үнэтэй байна гэж байгаа бол та бүхэн зах зээлээс тулаасаа худалдаж аваад манайхаас түрээсэлсэн тоо ёсоор хүлээлгэн өгнө гэвэл бид тулаасыг хүлээн авахад бэлэн байна.
7. Давж заалдах гомдолд хариуцагч *******-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:
7.1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарыг дэмжиж байна. Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гарсан тул хэвээр үлдээж өгнө үү.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад хариуцагч *******-ийн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******, *******-д холбогдуулан түрээсийн төлбөр 4,266,900 төгрөг, алданги 2,074,125 төгрөг, хохирол 49,500,000 төгрөг нийт 55,841,025 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч ******* нь гэрээний үүргээ биелүүлээгүйд буруугүй, ******* нь нэхэмжлэгчтэй ямар нэг эрх зүйн харилцаа үүсээгүй гэх агуулгаар тус тус татгалзлын үндэслэлээ тайлбарлан, маргажээ.
3. Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тодорхойлж, нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь зөв боловч түрээсийн төлбөр болон хохирол шаардах эрхийн үндэслэлийн талаар хууль хэрэглээний алдаа гаргасныг давж заалдах шатны шүүхээс залруулж, шийдлийн хувьд хэвээр үлдээнэ.
3.1. ******* нь *******-тай 2024 оны 8 дугаар сарын 13-ны өдөр “Түрээсийн гэрээ” байгуулж, уг гэрээгээр ******* нь 400 ширхэг тулаасыг 2024 оны 8 дугаар сарын 13-ны өдрөөс 2024 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр хүртэл, 500 ширхэг тулаасыг 2024 оны 8 дугаар сарын 15-ны өдрөөс 2024 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр хүртэл, 1 хоногийн 99 төгрөгөөр барилга угсралт, засварын ажлын зориулалтаар ашиглуулах, ******* нь төлбөр төлөх үүргийг тус тус хүлээжээ. /хх-ийн 9-18 дугаар тал/
Талуудын хооронд дээрх гэрээгээр Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан түрээсийн гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр талаар шүүх зөв дүгнэсэн.
Дээрх гэрээний хугацааг 2024 оны 10 дугаар сарын 12-ны өдөр хүртэл сунгасан, хариуцагч ******* нь 2024 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэл хугацааны түрээсийн төлбөрт нийт 2,673,000 төгрөг, барьцааны зүйл болох 2,673,000 төгрөгийг тус тус төлсөн, түрээсийн эд зүйлийг буцаан өгөөгүй үйл баримт хэрэгт авагдсан баримт болон талуудын тайлбараар тогтоогдсон, энэ асуудлаар зохигч маргаагүй. Тэдний маргааны зүйл нь хариуцагч түрээсийн эд зүйлийг буцаан өгөөгүйд буруутай эсэх, түрээсийн төлбөр болон хохирол төлөх эсэх асуудал болжээ.
Иргэний хуулийн 292 дугаар зүйлийн 292.4 дэх хэсэгт “Хөлслөн авагч өөрийн буруугаар эд хөрөнгийг ашиглаж чадаагүй бол хөлс төлөхөөс чөлөөлөгдөхгүй” гэж заасан.
Хариуцагч байгууллага нь ******* гэрээгээ цуцалж, барилгын талбайгаас хөөж гаргасны улмаас түрээсийн эд зүйл болох 900 ширхэг тулаас тус компанийн барилгын талбайд үлдэж, нэхэмжлэгчид буцаан өгөх боломжгүй болсон гэж тайлбарласан ба энэ нөхцөл байдал нь түрээсийн төлбөрийг төлөхгүй байх үндэслэл болохгүй. Өөрөөр хэлбэл, дээрх үйл явдлын улмаас түрээсийн эд зүйлийг ашиглаж чадаагүйд нэхэмжлэгчийг буруутгах үндэслэлгүй тул хариуцагч байгууллага нь түрээсийн гэрээний хугацаа дууссанаас хойших хугацааны түрээсийн төлбөрийг төлөх үүргээс чөлөөлөгдөхгүй.
Анхан шатны шүүх нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргах хүртэл буюу 2024 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл хугацааны түрээсийн төлбөрийг шаардах эрхтэй гэж зөв дүгнэсэн боловч талуудын маргаанд хамааралгүй Иргэний хуулийн 326 дугаар зүйлийн 326.1, 326.2-т заасан түрээсийн эд зүйлийг буцаан өгөх хугацаа хэтрүүлсэнтэй холбоотой хуулийн зохицуулалтыг хэрэглэсэн нь алдаатай болжээ.
Хэргийн 13, 18-19 дүгээр талд авагдсан гэрээний хавсралтаас үзвэл хариуцагч байгууллага нь 2024 оны 8 дугаар сарын 13-ны өдрөөс мөн оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл 400 ширхэг тулаасны түрээсийн төлбөрт 4,316,400 төгрөг /400 х 99 төгрөг х 109 хоног/, 2024 оны 8 дугаар сарын 15-ны өдрөөс мөн оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл 500 ширхэг тулаасны түрээсийн төлбөрт 5,296,500 төгрөг /500 х 99 төгрөг х 107 хоног/ нийт 9,612,900 төгрөг төлөх үүрэгтэй ба үүнээс түрээсийн төлбөрт төлсөн 2,673,000 төгрөг, барьцааны зүйл болох 2,673,000 төгрөгийг тус тус хасаж, 4,266,900 төгрөг гаргуулахаар шүүх шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт нийцсэн.
3.2. Гэрээний 3.6-д “...гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээр хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.5 хувиар алданги тооцож авах, хохирлоо түрээслэгчээр төлүүлэх эрхтэй” гэж талууд тохирсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3, 232.6 дахь хэсэгт заасан алдангийн тохиролцоонд нийцсэн байх тул нэхэмжлэгч алданги шаардах эрхтэй, энэ талаар шүүх зөв дүгнэсэн.
Түрээсийн төлбөрийг урьдчилан төлөхөөр тохирсон талуудын тохиролцоог үндэслэн үүрэг гүйцэтгэх болон хэтрүүлсэн хугацааг тодорхойлж, алдангид 2,074,125 төгрөг гаргуулахаар шүүх шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт нийцжээ. Харин шүүх алданги шаардах эрхийг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1 дэх хэсгийг баримталсан нь оновчтой бус болсныг залруулна.
3.3. Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт “Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй” гэж заасан. Энэхүү шаардах эрх нь үүрэг гүйцэтгэгчийн үүргийн зөрчил, үүрэг гүйцэтгүүлэгчид учирсан хохирол хоорондоо шалтгаант холбоотой нөхцөлд хэрэгжинэ.
Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.1.5-д зааснаар хариуцагч байгууллага нь түрээсийн эд зүйлийг бүрэн бүтэн буцааж өгөх үүрэгтэй, уг үүргийн гүйцэтгэл боломжгүй болсон нь нэхэмжлэгчийн өмнө гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байх үндэслэл болохгүйгээс гадна уг үүргийн зөрчлийн улмаас үүсэх үр дагаврыг арилгах хариуцлагаас чөлөөлөгдөхгүй. Иймд нэхэмжлэгч нь түрээсийн эд зүйл болох 900 ширхэг тулаасны үнийг хариуцагч *******-иас шаардах эрхтэй, энэ талаар шүүх зөв дүгнэжээ.
Талууд түрээсийн эд зүйлийг бүрэн бүтэн буцаан өгөөгүйтэй холбогдон гарах хариуцлагын талаар гэрээний 2.8-д “Хэрэв түрээслэгч тал бараа материалыг буцааж хүлээлгэн өгөхдөө анх хүлээн авсан тоо ширхгийг дутаасан, эсвэл дахин ашиглах боломжгүйгээр эвдэж гэмтээсэн бол дутсан гэмтсэн ширхэг тус бүрийг гэрээний Хавсралт №1-т заасан үндсэн үнэ болон сэргээн засварлах үйлчилгээний тарифийн аль тохирохоор тооцож хохирлыг барагдуулна” гэж тохирсон нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1, 39 дүгээр зүйлийн 39.1, 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт нийцжээ.
Иймд анхан шатны шүүх түрээсийн эд зүйл болох 900 ширхэг тулаасны үнийг гэрээгээр тохирсон үндсэн үнэ 55,000 /хх-ийн хавсралт №1/ төгрөгөөр тооцож, хохиролд 49,500,000 /900 х 55,000/ төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь нотлох баримт үнэлэх зарчмыг зөрчөөгүй.
Талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй болохын хувьд түрээсийн эд зүйлийн үнийг тохиролцон тогтоосон тул зах зээлийн үнээс хэт өндөр гэх үндэслэлээр тулаасны үнийг шинжээчээр тогтоолгох агуулга бүхий хариуцагчийн төлөөлөгчийн гомдлыг хүлээн авахгүй.
4. Анхан шатны шүүх ******* болон *******-ийн хооронд иргэний эрх зүйн аливаа харилцаа үүсээгүй гэж дүгнэж, холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд талуудын хэн аль нь гомдол гаргаагүй тул талуудын зарчимд нийцүүлэн энэ шийдлийг хэвээр үлдээнэ.
5. Дээрх үндэслэлээр хариуцагч *******-ийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 192/ШШ2025/04198 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн
1 дэх заалтын “326 дугаар зүйлийн 326.1” гэснийг “219 дүгээр зүйлийн 219.1” гэж, “232.1” гэснийг “232.6” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч *******-ийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 437,161 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЦЭНД
ШҮҮГЧИД С.ЭНХБАЯР
Т.ГАНДИЙМАА