Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 528

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

         Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: Т.Сарантуяа,  

Улсын яллагч: Н.Анхбаяр,

Шүүгдэгч: Б.П  өөрөө өөрийгөө өмгөөлөн тус шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1  дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.П д холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1905014420491 дугаартай хэргийг 2019 оны 5 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Б.П , Улаанбаатар хотод төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ам бүл 6, эцэг, эх, дүү нарын хамт ........ гэх газар оршин суух бүртгэлтэй боловч ......... дотуур байрны 10 тоотод түр оршин суух, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 737 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, ......... тоот регистртэй,

Шүүгдэгч Б.П  нь 2019 оны 3 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө 01 цагийн үед Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Эрмон билэг” нэртэй караокений гадна иргэн Х.Б-ийг нүүрэн тус газарт самардлаа гэх шалтгаанаар зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.П ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

Хохирогч Х.Б-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2019 оны 3 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Эрмон нэртэй зочид буудал караокений дотор байрлах пабад би ганцаараа пиво ууж байсан. Тэгтэл шөнийн 01 цагийн орчим нэг залуу гадаа 3-4 залуутай маргалдаж байхаар нь би гарсан. Учир нь тухайн пабад дандаа ижил хүйстэнүүд байсан бөгөөд нэг залуу ганцаараа нөгөө ижил хүйстэн 3-4 залуутай маргалдаад байхаар нь зодуулчих байх гэж бодоод гарсан. Тэгтэл нөгөө залуу 3-4 залуутай зууралдчихсан байсан бөгөөд салгах гээд очсон чинь ганцаараа байсан залуу чи энэ буудал, караокений хамгаалагч юм уу, энэ ижил хүйстэнүүдээ өмөөрөөд байгаа юм уу гэж хэлэн над руу дайрч эхлэхээр нь би цээжин тус газар нь өөрөөсөө холдуулах гээд өшиглөсөн. Тэгтэл нөгөө залуу миний уруул хэсэг рүү нэг удаа гараараа цохьсон. Тэгтэл миний амнаас цус гарсан ...гомо нарыг өмөөрлөө гээд дайрсан бөгөөд би өөрөөсөө холдуулах гээд цээж хэсэг рүү нь нэг удаа өшиглөсөн. ...мөн хажууд байсан цагаан өнгийн приус 20 маркийн машин дээр дарж унасан чинь намайг машин дээр дарж унасан гэх шалтгаанаар миний нүүрэн тус газар цохьсон...” гэсэн мэдүүлэг /хх-н 8-10/,

Гэрч Б.Б-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...дуудлага шалгах зорилгоор зочид буудал руу орсон. Угтагч 50 орчим насны эмэгтэй байхаар нь юу болсон талаар асуухад хажууд нь 30-35 насны согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн нилээн согтолттой залуу амаа цаасаар дарчихсан би дуудлага өгсөн юм бусдад зодуулчихсан юм байна гэж хэлээд сууж байсан. Тухайн залууг Б  гэж би таньсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 11-13/,

Гэрч ын мөрдөн байцаалтад өгсөн: “...01 цагийн орчимд Эрмон нэртэй зочид буудалд найз Марал дээр зочид буудалд орох гэсэн чинь зочид буудлын гадна талд Б, П нар сая хүнтэй маргалдчихлаа гээд зогсож байсан. ...Б нь надад хэлэхдээ би Эрмон зочид буудлын пабад 2-3 залуутай маргалдсан чинь энэ зочид буудлын хамгаалагч гэх залуу маргалдсан хүнийг өмөөрөн намайг цохьсон. Тэгтэл намайг П өмөөрөн нөгөө хамгаалагч гэх залууг цохьчихлоо гэж хэлж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 17-19/,

Гэрч Ц.Б-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...би яг П хаашаа нь яаж цохьсон эсэхийг мэдэхгүй байна. Харин сүүлд нь П надад чамайг өмөөрсний улмаас Б ийг цохьсон талаар хэлсэн. Б  бид хоёр заамдалцсан газар унасан түүнээс биш намайг зодож цохисон зүйл байхгүй. Миний эрх чөлөөнд халдаагүй, биед ямар нэгэн шарх учраагүй...” гэсэн мэдүүлэг /хх-н 54-56/,

Шинжээчийн 3907 тоот дүгнэлтэд: “...Х.Б-ийн биед уруулд няцарсан шарх, эрүүнд цус хуралт, баруун сарвууны ядам хуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн хоёроос доошгүй удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна...” гэсэн дүгнэлт /хх-н 21/,

Яллагдагчаар Б.П гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...би очоод Б-ийг татаж босгосон. Би нөгөө ах буюу Б ийг татаж босгох гэсэн чинь миний зүүн талын нүдийг самардах шиг болсон. Би уурандаа нөгөө Б  гэх залуугийн нүүрэн тус газар нь нэг удаа цохьсон...” гэсэн мэдүүлэг /хх-н42-45/,

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 3/, Хохирогчийн өргөдөл /хх-н 4/, хохирлын баримтууд /хх-н 22-23/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 59-63, 65-70/, Хохирогчийн хүсэлт /хх-н 75/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршигийн талаар:

Шүүгдэгч Б.П нь 2019 оны 3 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө 01 цагийн үед Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Эрмон билэг” нэртэй караокений гадна иргэн Х.Б-ийг нүүрэн тус газарт самардлаа гэх шалтгаанаар зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэм буруутай болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч Х.Б-ийн: “...нөгөө залуу 3-4 залуутай зууралдчихсан байсан бөгөөд салгах гээд очсон чинь ганцаараа байсан залуу “чи энэ буудал, караокений хамгаалагч юм уу, энэ ижил хүйстэнүүдээ өмөөрөөд байгаа юм уу” гэж хэлэн над руу дайрч эхлэхээр нь би цээжин тус газар нь өөрөөсөө холдуулах гээд өшиглөсөн. Тэгтэл нөгөө залуу  нь миний уруул хэсэг рүү нэг удаа гараараа цохьсон. Тэгтэл миний амнаас цус гарсан ...гомо нарыг өмөөрлөө гээд дайрсан бөгөөд би өөрөөсөө холдуулах гээд цээж хэсэг рүү нь нэг удаа өшиглөсөн. ...мөн хажууд байсан цагаан өнгийн приус 20 маркийн машин дээр дарж унасан чинь намайг машин дээр дарж унасан гэх шалтгаанаар миний нүүрэн тус газар цохьсон...” гэсэн мэдүүлэг /хх-н 8-10/, гэрч М.Ц-ын: “...зочид буудлын гадна талд Б-, П нар сая хүнтэй маргалдчихлаа гээд зогсож байсан. ...Б нь надад хэлэхдээ би Эрмон зочид буудлын пабад 2-3 залуутай маргалдсан чинь энэ зочид буудлын хамгаалагч гэх залуу маргалдсан хүнийг өмөөрөн намайг цохьсон. Тэгтэл намайг П өмөөрөн нөгөө хамгаалагч гэх залууг цохьчихлоо гэж хэлж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 17-19/, гэрч Ц.Б-ийн: “...би яг П хаашаа нь яаж цохьсон эсэхийг мэдэхгүй байна. Харин сүүлд нь П надад чамайг өмөөрсний улмаас Б ийг цохьсон талаар хэлсэн. Б  бид хоёр заамдалцсан газар унасан түүнээс биш намайг зодож цохисон зүйл байхгүй. Миний эрх чөлөөнд халдаагүй, биед ямар нэгэн шарх учраагүй...” гэсэн мэдүүлэг /хх-н 54-56/, шинжээчийн 3907 тоот дүгнэлт болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Б.П гийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Б.П  нь согтуурсан үедээ хохирогч найзыг нь цохилоо гэх шалтгаанаар зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нь гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

Уг гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Х.Б-ийн биед хөнгөн хохирол учирсан болох нь шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна.

Хохирогч нь мөрдөн байцаалтын шатанд гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй 280.000 төгрөг хүлээн авсан гэж мэдүүлсэн, бичгээр хүсэлт /хх-н 75-76/ гаргасан тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх шүүгдэгч Б.П гийн үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул түүнийг гэм буруутайд тооцсон бөгөөд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нь Б.П  нь учруулсан хохирлыг нөхөн төлсөнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүгдэгчид ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийг 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах санал гаргасан бөгөөд шүүх шүүгдэгч Б.П гийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал буюу урьд нь уг гэмт хэргээр ял шийтгүүлсэн зэргийг харгалзан улсын яллагчийн саналыг хүлээн авах нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Б.П  нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болно.

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Б.П г “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.П г 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.П  нь шүүхээс оногдуулсан 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.
  4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
  5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.П д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ч.ОТГОНБАЯР