| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Багашарын Азбаяр |
| Хэргийн индекс | 102/2016/04155/И |
| Дугаар | 102/ШШ2016/04823 |
| Огноо | 2016-08-08 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 08 сарын 08 өдөр
Дугаар 102/ШШ2016/04823
2016 оны 08 сарын 08 өдөр
| Дугаар 102/ШШ2016/04823 | Улаанбаатар хот |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 12 дугаар хороо, 6 дугаар бичил хороолол, 24 дүгээр байранд байрлах, “Түшээ” сууц өмчлөгчдийн холбооны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 12 дугаар хороо, 6 дугаар бичил хороолол, 26 дугаар байрны 14 тоотод оршин суух, 1971 онд төрсөн, эмэгтэй, Харнууд овогтой Цуйлангийн Цэвэлмаа /РД:ЧМ71051969/-д холбогдох сууц өмчлөгчдийн дундын өмчлөлийн ашиглалт, засвар үйлчилгээний зардал болох 676,600 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч “Түшээ” сууц өмчлөгчдийн холбооны итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Гэрэл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Анхцэцэг нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Түшээ” сууц өмчлөгчдийн холбоо нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Гэрэл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянгол дүүрэг, 12 дугаар хороо, 6 дугаар бичил хороолол, 26 дугаар байрны 14 тоотод оршин суудаг Ц.Цэвэлмаа нь 2009 оны 07 дугаар сараас 2016 оны 04 дүгээр сар хүртэлх хугацааны дундын өмчлөлийн эд зүйл, ашиглалт засвар үйлчилгээтэй холбогдсон зардалд нийт 676,600 төгрөгийг төлөөгүй. Ц.Цэвэлмаагаас СӨХ-ны төлбөрөө төлөхийг шаардаж байсан. Бид Ц.Цэвэлмаад 2015 оны 06 дугаар сар, 2015 оны 11 дүгээр сар, 2015 оны 02 дугаар сар, 2016 оны 03 дугаар сард тус тус СӨХ-ны төлбөрөө төлөхийг шаардаж, албан бичиг хүргүүлж байсан. Хариуцагч нь байраа өрөө өрөөгөөр нь хүнд түрээсэлчихсэн байдаг. Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагчаас дундын өмчлөлийн эд зүйл, ашиглалт засвар үйлчилгээтэй холбогдсон зардалд нийт 63 сарын төлбөр 676,600 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Түшээ" сууц өмчлөгчдийн холбоо нь хариуцагч Ц.Цэвэлмаагаас 676,600 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан байна.
Тодруулбал орон сууцны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардал болох 2009 оны 07 дугаар сараас 2012 оны 06 дугаар сар, 2014 оны 01 дүгээр сараас 2016 оны 05 дугаар сарыг хүртэл хугацааны төлбөр нийт 676,600 төгрөгийг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Баянгол дүүрэг, 12 дугаар хороо, 6 дугаар бичил хороолол, 26 дугаар байрны 14 тоотод оршин суух Ц.Цэвэлмаа нь Иргэний хуулийн 143 дугаар зүйлийн 143.4 дэх хэсэгт зааснаар сууцны сууц өмчлөгчдийн холбооны гишүүн, сууц өмчлөгч байна.
Тэрээр 2009 оны 07 дугаар сараас 2016 оны 04 дүгээр сар хүртэлх хугацааны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардал нийт 670,600 төгрөгийг төлөөгүй нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүнд хавсаргасан Төрийн банкны дансны хуулга зэрэг баримтаар тогтоогдож байна. /хх-ийн 5 дугаар тал/
Нийтийн зориулалттай орон сууцанд сууц өмчилдөг өмчлөгч Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт заасны дагуу орон сууцны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбоотой зардлыг санхүүжүүлэхэд сар бүр оролцож, зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд төлөх үүрэгтэй.
Гэвч нэхэмжлэгч “Түшээ” сууц өмчлөгчдийн холбоо нь Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.3 дахь хэсэгт заасан “тогтсон хугацааны туршид гүйцэтгэх үүрэгтэй холбогдон шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил” байх хугацааг хэтрүүлсэн буюу 2009 оны 07 дугаар сараас 2012 оны 05 дугаар сарыг дуустал нийт 305,200 төгрөгийн төлбөртэй холбоотой шаардлага гаргасан байна.
Иймд хариуцагч Ц.Цэвэлмаагаас 676,600 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч “Түшээ” сууц өмчлөгчдийн холбооны нэхэмжлэлийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаас 305,200 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, үлдэх 371,400 төгрөгийг хариуцагч Ц.Цэвэлмаагаас гаргуулан нэхэмжлэгч “Түшээ” сууц өмчлөгчдийн холбоонд олгох нь үндэслэлтэй гэж дүгнэв.
Хариуцагч Ц.Цэвэлмаа нь нэхэмжлэлийн хувийг 2016 оны 06 сарын 13-ны өдөр гардан авсан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т зааснаар 14 хоногийн дотор нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй, түүнчлэн мөн хуулийн 77 дугаар зүйлийн 77.1-д зааснаар шүүхийн мэдэгдэх хуудсыг түүнд хүргүүлсэн боловч бүртгэлтэй хаягтаа оршин суудаггүй гэсэн хорооны засаг даргын тодорхойлолт ирсэн байна.
Шүүх Ц.Цэвэлмаад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.8-д заасны дагуу шүүхийн мэдэгдэх хуудсыг хүргүүлсэн боловч тэрээр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т зааснаар хариуцагч нь тайлбараа шүүхээс тогтоосон хугацаанд гаргаж өгөөгүй, шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул хариуцагчийг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр шүүх хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.3, 147 дугаар зүйлийн 147.1-д зааснаар хариуцагч Ц.Цэвэлмаагаас дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардал 371,400 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Түшээ” сууц өмчлөгчдийн холбоонд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 305,200 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч “Түшээ” сууц өмчлөгчдийн холбооноос улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 20,789 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Цэвэлмаагаас 11,792 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.АЗБАЯР