| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Тогтох Гандиймаа |
| Хэргийн индекс | 102/2024/05772/И |
| Дугаар | 210/МА2025/01380 |
| Огноо | 2025-08-20 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 08 сарын 20 өдөр
Дугаар 210/МА2025/01380
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхбаяр даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Т.Гандиймаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 192/ШШ2025/04435 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: *******ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******, ******* нарт холбогдох
*******аас 24,500,000 төгрөг, *******ээс 23,981,000 төгрөг гаргуулах үндсэн, орон сууц ашигласан хугацааны хөлс 43,400,000 төгрөг гаргуулах тухай *******ын сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагч *******ын өмгөөлөгч ******* нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Т.Гандиймаа илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагч *******, түүний өмгөөлөгч *******, хариуцагч *******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Тэмүүлэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:
1.1. 2018 оны 7 дугаар сарын 24-ний өдөр фейсбүүк зарын дагуу *******-ийн захирал *******тэй уулзахад “...манай компани байрыг барьж ашиглалтад оруулсан, айлууд эхнээсээ орж байгаа, урьдчилгаа төлбөрөө одоо төлөөд, үлдэгдэл төлбөрийг 2 жилийн хугацаанд төлж дуусгаад гэрчилгээ гаргаж өгнө, захиалгаа баталгаажуулахын тулд 3,000,000 төгрөг хийчих, эргэж ирээд гэрээгээ хийгээрэй, улсын комисс хүлээж авах дутуу байгаа” гэж хэлсний дагуу *******ийн ******* банк дахь ******* тоот дансанд 3,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Улмаар 2018 оны 8 дугаар сарын 09-ний өдөр 18,981,000 төгрөг, 9 дүгээр сарын 15-ны өдөр 1,000,000 төгрөг, 10 дугаар сарын 09-ний өдөр 1,000,000 төгрөг нийт 23,981,000 төгрөгийг *******т төлсөн.
1.2. Ингээд 2018 оны 8 дугаар сарын эхээр ******* нүүж орсны дараа *******тэй уулзаж гэрээ байгуулахыг хэлэхэд “манай хөрөнгө оруулагч *******тай гэрээ байгуулна” гэж танилцуулж, ******* нь “би энэ компанийн хөрөнгө оруулагч, надтай гэрээ хийж болно, цаашид мөнгөө надад төлж яваарай” гэсний дагуу 2018 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр 08 тоот “Орон сууц захиалгын гэрээ”-г байгуулсан. Уг гэрээгээр ******* байрны 10 давхарт байрлах 42,44 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 72,148,000 төгрөгөөр худалдан авч, төлбөрийн хуваарийг тохиролцон, гэрээний хавсралтад тодорхойлсон.
1.3. 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөс 2021 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийг хүртэлх хугацаанд *******т 24,500,000 төгрөг төлж, нийт байрны төлбөрт 48,481,000 төгрөг төлсөн. 2020 оны 8 дугаар сард *******-ийн ажилтан гэрт ирж тус байрыг чөлөөлөх мэдэгдэл үлдээсэн байсан. Мэдэгдлийг уншсан даруй *******аас лавлахад “банкин дээр жаахан асуудал байгаа, санаа зоволтгүй, төлбөрөө хуваарийн дагуу төлөөд явж бай” гэсний дагуу 2020 оны 8-12 сар, 2021 оны 1 дүгээр сарын төлбөрийг шилжүүлээд байтал *******-ийн зээлийн барьцаанд *******-ийн ******* байрны хэд хэдэн орон сууцыг тавьсан, зарим нь тус банкны өмчлөлд шилжсэн гэх яриа оршин суугчдын дунд гарах болсон тул 2021 оны 2, 3 дугаар сарын төлбөрийг шилжүүлээгүй ба 4 дүгээр сарын 16-нд 1,000,000 төгрөг төлсөн.
1.4. ******* нь 2018 оны 8 дугаар сарын 28-ны өдөр *******-тай ЗГ-МГ-З-2018-150 тоот зээлийн гэрээ, Б-МГ-ҮХХ-2018-151 тоот үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг байгуулж, 80 хувийн гүйцэтгэлтэй барилгыг барьцаалан, ******* зээлийн зөрчил гаргасан тул талууд 2019 оны 8 дугаар сарын 26-ны өдөр 2/122 тоот зээлийн төлбөрт барьцаа хөрөнгө шилжүүлэх гэрээ байгуулж, хавсралтаар ******* байрнаас 45 орон сууцыг *******-ийн өмчлөлд шилжүүлж, *******-ийн зээлийн үлдэгдлээс суутгахаар тохиролцсон байсан. Эдгээр 45 орон сууцанд ******* буюу миний худалдаж авахаар захиалсан байр орсон байсан.
1.5. ******* нь гэрээний 3.6-д заасныг зөрчиж, надад мэдэгдэхгүйгээр *******-ийн зээлийн төлбөрт суутгуулан *******-д шилжүүлэх гэрээнд гарын үсэг зурсан, банк өмчлөгч болсон байгаа учир *******тай байгуулсан гэрээнээс татгалзаж, түүнд төлсөн 24,500,000 төгрөгөө буцаан гаргуулахаар шаардаж байна.
1.6. Дээрх гэрээний дагуу *******, ******* нарын хооронд үүрэг үүсээгүй тул Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 493 дугаар зүйлийн 493.1 дэх хэсэгт зааснаар 23,981,000 төгрөгийг *******ээс буцаан гаргуулахаар шаардаж байна.
2. Хариуцагч *******ийн тайлбар, татгалзлын агуулга:
2.1. ******* нь *******-ийн хувьцаа эзэмшдэг, компанийн гүйцэтгэх захирал бөгөөд *******тай 2017 онд хамтран ажиллах гэрээ байгуулж, тухайн гэрээний дагуу *******т нэр бүхий 45 орон сууцыг барилга баригдаж дууссаны дараа хүлээлгэж өгсөн.
2.2. ******* нь 45 айлын орон сууцыг *******-д барьцаалж зээл авахаар болж, *******-ийн хувьцаа эзэмшигч биш учраас компанийн нэрээр зээл гарч, зээлийн барьцаанд 45 айлын орон сууцыг барьцаалсан. Нэхэмжлэгчийн өгсөн 23,981,000 төгрөг нь *******-ийн захирал *******ийн хувийн данс руу орсон боловч бүгд *******ын оруулсан хөрөнгө оруулалт болж, ******* нь тус мөнгөөр дараагийн төслөө санхүүжүүлсэн ба ******* хувьдаа хэрэглэж, үрж зараагүй. *******ийн мөнгө хүлээн авсан данс нь *******-ийн кассын дансаар ашиглагддаг байсан тул үндэслэлгүйгээр хөрөнгөжөөгүй, ******* мөнгийг захиран зарцуулсан. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.
3. Хариуцагч *******ын тайлбар, татгалзлын агуулга:
3.1. ******* нь *******, ******* байрнаас зөвхөн *******т ногдох орон сууц борлуулагдсан, захиалагч нарын төлбөрөө төлсөн орон сууцнуудыг мэдэгдэлгүйгээр *******-д барьцаалж зээл авсан болохыг мэдсэн ба улмаар гэрээний үүргээ зөрчиж, зээлийн төлбөрт дээрх барьцаа хөрөнгүүдийг шилжүүлсэн байдаг.
*******той байгуулсан орон сууц захиалгын гэрээнд заасан орон сууцыг *******, түүний захирал ******* нь залилж, бусдын барьцаанд тавьж, өр төлбөртөө шилжүүлсэн асуудлаар эрүүгийн журмаар *******, ******* тус тус шалгагдаж байгаа тул эрүүгийн журмаар шийдвэрлэгдсэний дараа энэ маргаан шийдвэрлэгдэх шаардлагатай гэж үзэж байна.
3.2. Нэхэмжлэлд дурдсанаар ******* нь гэрээний үүргээ зөрчиж, захиалсан орон сууцыг *******-д шилжүүлсэн гэх боловч үүнд *******, захирал *******ийн хууль бус буруутай үйлдлийн улмаас уг нөхцөл байдал үүсэж, олон захиалагч болоод хөрөнгө оруулагч ******* мөн хохирч үлдсэн. ******* нь *******-ийн дээрх үйлдлийн улмаас өөрт ногдох хөрөнгийг шилжүүлэн авах боломжгүй болж, цаашлаад захиалагч нартай байгуулсан гэрээний үүргээ биелүүлж, өмчлөх эрхийн гэрчилгээг гаргаж өгч чадахгүйд хүрсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй.
4. Хариуцагч *******ын сөрөг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:
4.1. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасны дагуу өгсөн авснаа буцаах буюу *******ын зөвшөөрлөөр орон сууцыг эзэмшиж байсан учир *******-иас худалдаж авах хүртэл амьдарсан цаг хугацааны төлбөрийг нэхэмжлэгч нь хариуцагчид төлөх үүрэгтэй гэж үзэж байна.
4.2. Иймд *******-иар маргаан бүхий ******* байр үл хөдлөх хөрөнгийн 2018 оны 9 дүгээр сараас 2023 оны 10 дугаар сар хүртэл хугацааны түрээсийн төлбөрийн зах зээлийн үнэлгээг хийлгэж, нэхэмжлэгчийн эзэмшсэн хугацааны төлбөрт 43,400,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна.
5. Сөрөг нэхэмжлэлд нэхэмжлэгчийн гаргасан тайлбар, татгалзлын агуулга:
5.1. *******т 2018 оны 8 дугаар сард урьдчилгаа төлбөр шилжүүлээд орон сууцанд амьдарсан ба *******ын зөвшөөрлөөр орон сууцанд орсон гэдэг нь бодит байдалд нийцэхгүй. Талуудын хэн аль нь гэрээнээс татгалзсанаар би ямар ч орлого олоогүй бөгөөд харин ч *******тай байгуулсан гэрээний дагуу төлөх төлбөрөөс илүү төлбөрийг *******-д төлж орон сууцыг худалдаж авснаар нэмэлт хохирол учирсан.
5.2. Бидний хооронд түрээсийн гэрээний харилцаа үүсээгүй, гэрээнээс татгалзсан тохиолдолд орон сууцанд амьдарсан хугацааг түрээсээр тооцож төлбөр төлөх, эсвэл суутгуулах зэрэг хэлцэл хийгээгүй тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй.
6. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******аас 24,500,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******ид олгож, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч *******ээс 23,981,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч *******ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй тул нэхэмжлэгч *******оос 43,400,000 төгрөг гаргуулах тухай хариуцагч *******ын сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 400,355 төгрөг, хариуцагч *******аас сөрөг нэхэмжлэлийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 374,950 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******аас 234,450 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******ид олгож шийдвэрлэжээ.
7. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:
7.1. 2017 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн гэрээгээр *******, ******* нь 132 айлын орон сууцыг ашиглалтад орсны дараа ашигтай талбайг 70/30 харьцаатайгаар тус бүрдээ захиран зарцуулах эрх олж авсан, харин ******* хувь хүнийхээ хувьд бусдад орон сууц худалдах, төлбөр авах эрхгүй байсан.
Гэтэл ******* өөрөө зарах эрхтэй гэж *******ид тайлбарлан урьдчилгаа төлбөр авч түүнийг орон сууцанд оруулсан. *******ийг орон сууцанд орсны дараа ******* “...*******тай орон сууц захиалгын гэрээ байгуулж, төлбөрөө төлөөрэй” гэсэн нь ******* бусдад зарах эрхгүй орон сууцыг *******ид зарж, төлбөр авсан гэдгээ мэдэж байсны илэрхийлэл юм.
7.2. ******* зарах эрхгүй орон сууцыг ямар нэг гэрээ, тодорхой тохиролцоогүйгээр урьдчилгаа төлбөр авч, *******ийг орон сууцанд оруулж хөрөнгөжсөн байхад шүүх үүнд дүгнэлт хийгээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т нийцээгүй. Өөрөөр хэлбэл, ******* нь *******оос төлбөр авах эрхтэй байсан эсэх, тэдгээрийн хооронд гэрээний эрх зүйн харилцаа байсан эсэх, хэрэв тийм бол ******* нь эрх, үүргээ *******т шилжүүлсэн эсэхийг шүүх дүгнээгүй нь шүүхийн шийдвэр үндэслэлгүй гарахад нөлөөлсөн.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү.
8. Нэхэмжлэгч талын гомдолд хариуцагч *******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:
8.1. Анхан шатны шүүх хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг тал бүрээс нь үнэн бодитой дүгнэж шийдвэр гаргасан. Нэхэмжлэгч *******оос хариуцагч *******т төлсөн гэх мөнгийг хариуцагч хувьдаа авч ашигласан зүйл огт биш гэдэг нь хэрэгт авагдсан нотлох баримт, гэрч *******-ийн нягтлан бодогч *******ийн мэдүүлгээр нотлогддог.
8.2. Тухайн маргаанд дурдагдаж байгаа орон сууцыг ******* барьсан. Тухайн орон сууцыг *******ид өгөхдөө *******ын хөрөнгө оруулалт хэлбэрээр урьдчилгаа мөнгийг ******* авсан. *******ийн *******-ийн ******* тоот дансыг компанийн кассын буюу бэлэн мөнгөний дансаар ашигладаг. Тухайн дансанд байгаа мөнгийг компанийн шууд орлого, зарлагаар бүртгэдэг гэх *******ийн мэдүүлгээс харахад ******* нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх үндэслэлд хамаарахгүй.
8.3. Нэхэмжлэгчээс орж ирсэн мөнгийг ******* буюу өөрийнх амьдарч буй байранд зарцуулсан гэдгийг нотлох баримтаар тогтоосон. *******-иас зарлагын баримтын жагсаалтыг анхан шатны шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн. Хэргийн материалд өгсөн баримтуудаар тухайн орж ирсэн мөнгөнөөс буюу *******оос шилжүүлэгдсэн эхний төлбөр болох 19,000,000 төгрөг, дараагийн төлбөрүүд 2,000,000 төгрөг 1,000,000 төгрөг, 1,000,000 төгрөг нийт 4,000,000 төгрөгийг энэхүү барилгад зарцуулсан гэх баримттай. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 9 дүгээр хэсгийн 9.2, 9.3, 9.4-т хангалттай үндэслэл бүхий дүгнэлт хийсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.
9. Хариуцагч *******ын өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:
9.1. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 10.1, 10.2 дахь хэсэгт дүгнэсэн дүгнэлт нь илэрхий алдаатай болсон буюу анхан шатны шүүх Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дахь хэсэгт заасан зохицуулалт сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг буруу тодорхойлсон буюу шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчмыг зөрчсөн гэж үзэж байна.
Хариуцагч ******* нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д заасны дагуу нэхэмжлэгч нь өгсөн зүйлээ буцаан авах авах шаардлага гаргаж байгаа бол хариуцагч *******ын хувьд 2018-2023 оныг хүртэл зөвшөөрөл өгч маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгөд амьдруулж байсан олох ёстой орлого буюу үр шимийг шаардсан. Ингэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу шаардлагын үндэслэлээ өөрөө нотлох баримтыг цуглуулж, түрээс нь тухайн цаг хугацаанд ямар үнэтэй байсан талаар хөндлөнгийн үнэлгээний компаниар үнэлүүлж шаардлага гаргасан.
Нэхэмжлэгч ******* нь *******-ийн өмч болох үл хөдлөх эд хөрөнгийг 2023 онд худалдаж авсан. Тухайн цаг үеэс уг үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч болсон. Гэтэл 2023 оны өмнөх цаг хугацаанд *******ын зөвшөөрлөөр *******ын хөрөнгөөр бий болсон үл хөдлөх хөрөнгөнд үнэ төлбөргүй амьдарсан.
Хариуцагч ******* нь үндсэн нэхэмжлэлийн шаардлагын татгалзал болгож хэлсэн тайлбарыг анхан шатны шүүхийн шийдвэрийн 10.1-т заасан хэсэгт үндэслэсэн байна. Гэвч энэ нь илт үндэслэлгүй бидний зүгээс өгсөн, авснаа буцаах агуулгаар сөрөг нэхэмжлэлээ гаргасан болно.
Хууль зүйн үндэслэлийн хувьд, Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-зааснаар гэрээнээс татгалзсан тохиолдолд хэн аль нь гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар, түүнчлэн биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй буюу нэхэмжлэгч анх төлсөн төлбөрөө бүхэлд нь шаардаж байгаа бол хариуцагч нэхэмжлэгчийн амьдарсан хугацааны түрээсийг гэрээ биелснээс олсон ашиг гэж үзэн буцаан шаардах эрхтэй байхаар хуульчилсан.
Иргэний хуулийн 88 дугаар зүйлийн 88.1-д “Эд юмсын төрөлх шинж чанарын дагуу шинээр бий болсон буюу эд юмсыг зориулалтын дагуу ашигласны үр дүнд гаргаж авсан бүтээгдэхүүн нь эд юмсын үр шим байна” гэж хуульчилсан бөгөөд тухайн үл хөдлөх хөрөнгийг нэхэмжлэгч нь *******-иас худалдан авахаас өмнө амьдрах зориулалтын дагуу ашиглаж, тухайн байранд оршин сууж, үр шимийг хүртсэнтэй нэхэмжлэгч маргадаггүй.
9.2. Мөн Иргэний хуулийн Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д “хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон”, 493 дугаар зүйлийн 493.6-д “Бусдын эд хөрөнгийг үндэслэлгүйгээр, шударга бусаар олж авсан этгээд ийнхүү эд хөрөнгийг олж авсан үеэс, шударгаар олж авсан этгээд нь үндэслэлгүйгээр олж авсан гэдгээ мэдсэн буюу мэдэх ёстой байсан үеэс эхлэн уг хөрөнгөөс олсон буюу өөрийн буруугаас олж чадаагүй зайлшгүй олох ёстой байсан орлого үр шимийг хууль ёсны өмчлөгч буюу эзэмшигчид буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэг хүлээнэ” гэж тус тус хуульчилсан бөгөөд нэхэмжлэгч ******* болон ******* нарын хооронд үүссэн орон сууц худалдах худалдан авах гэрээний үүрэг хожим 2023 онд буюу нэхэмжлэгч нь *******-иас маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийг худалдан авснаар дуусгавар болсон. Иймээс хариуцагч *******ын сөрөг нэхэмжлэл нь хангагдах үндэслэлтэй байсан.
9.3. Нэхэмжлэгч нь *******-иас маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авч, өмчлөгч болсон гэж тайлбарладаг. Дээрх үйлдэл нь хууль ёсны дагуу байсан эсэх нь эргэлзээтэй. Үүнд:
*******-д уг маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэн худалдах эрхийг хариуцагч ******* олгоогүй. Нэхэмжлэгч нь олгосон гэж маргадаг боловч хэрэгт авагдсан барьцаа хөрөнгө шилжүүлэх гэрээний хавсралтад *******ын гарын үсэг зурагдаагүй. Үүнийг гэрчилсэн нотариатын үйлдэл хууль бус байсан. Энэ талаар нотариатаас гэрч асуулгах гэсэн боловч шүүхээс хангаагүй бөгөөд шүүх ямар үндэслэлээр гэрч асуулгах хүсэлтийг хангахаас татгалзаж байгаагаа тайлбарлаагүй шууд шүүх хуралдааныг үргэлжлүүлсэнд гомдолтой байна.
******* нь Банкны тухай хууль зөрчиж, маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч болсон бөгөөд үүний дараагаар зах зээлийн үнээс хямдаар нэхэмжлэгчид худалдсан байдаг. Банкны тухай хуулийн 7.1-т “Банк, энэ хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.2.1-6.2.6-д зааснаас бусад үйл ажиллагаа эрхлэхийг хориглох бөгөөд зээлийн барьцаалсан эд хөрөнгийг зээлийн төлбөр төлүүлэх, өр барагдуулах зорилгоор түр эзэмших болон өмчлөх, үйл ажиллагааны зардлаа нөхөх зориулалтаар хөлслүүлэх, түрээслүүлэх, худалдах үйл ажиллагаа үүнд хамаарахгүй” гэж хуульчилсан бөгөөд банк нь зээлдэгчийн барьцаа хөрөнгийг шууд зээлийн төлбөртөө тооцон худалдан авахыг уг зохицуулалтаар хориглосон.
Гэвч үүнийг зөрчиж, маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авч, ******* гэх хүнд худалдсан. Энэхүү үйлдэл нь өр барагдуулах зорилгоор түр эзэмших болон өмчлөхөд хамаарахгүй. Үүнээс үүдэн Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хууль зөрчсөн хэлцлийг ******* нь иргэн *******той хийсэн. Тэгэхээр нэхэмжлэгч нь хууль ёсны өмчлөгч биш байх эрх зүйн үр дагавар бий болж байна.
10. Хариуцагч *******ын өмгөөлөгчийн гаргасан гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:
10.1. *******, ******* нарын хооронд түрээсийн гэрээний харилцаа үүсээгүй. Мөн үл хөдлөх хөрөнгийн түрээсийн гэрээ улсын бүртгэлд бүртгэгдсэнээр хүчин төгөлдөр болдог. 2019 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн зээлийн өр төлбөрт барьцаа хөрөнгө шилжүүлэх гэрээгээр ******* нь 2,186,000,000 төгрөгт ноогдох 45 орон сууцыг *******-ийн өмчлөлд шилжүүлж өрнөөсөө суутгуулсан. Энэ гэрээнд ******* гэх хүн гарын үсэг зурсан. Энэ хэмжээний үнийн дүнд гарын үсэг зурж байгаа хүн 45 ширхэг орон сууцыг хэнийх болж байгааг мэдэхгүй байна гэдэг нь бодит байдалд нийцэхгүй. Анхан шатны шүүхээс ч мөн 45 ширхэг орон сууцыг шилжүүлж байгааг мэдээгүй гэдгийг баримтаар нотолж чадахгүй байна гэж дүгнэсэн нь үндэслэлтэй. Талуудын хооронд байгуулсан гэрээнд орон сууцны өмчлөлийг бусад этгээдэд шилжүүлэхгүй гэж заасан. Гэрээний үүргийг зөрчсөнөөс үүдэж ******* орон сууцны өмчлөгч болох боломжгүй болсон. Хэрэв үүргээ зөрчөөгүй бол үлдэгдэл төлбөрөө хуваарийн дагуу төлөөд өмчлөлтэй орон сууцыг авах боломжтой байсан. *******-ийн өмчлөлд очсон учраас гэрээний үүрэг огт биелэгдэх боломжгүй болсон. *******-иас орон сууцыг худалдан авч гэрээнээс татгалзаж төлсөн мөнгөө буцааж авах агуулгаар нэхэмжлэл гаргасан. 2019 оны 9 дүгээр сараас 2023 оны 12 сар хүртэл бусдын буюу *******-ийн өмчлөлд байсан байрны түрээсийг ******* авах ёстой гэх сөрөг нэхэмжлэл гаргаж байгаа нь бодит байдалд нийцэхгүй учраас зөвшөөрөхгүй.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлын зарим хэсгийг хангаж, хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******ыг гэрээний үүргээ биелүүлээгүй зөрчсөн үндэслэлээр 24,500,000 төгрөг, *******ийг үндэслэлгүй хөрөнгөжсөн үндэслэлээр 23,981,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч, хариуцагч ******* нь орон сууц ашигласан хугацааны хөлс 43,400,000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.
3. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлээд дараах үйл баримтыг зөв тогтоосон байна. Үүнд:
3.1. *******, ******* нар 2018 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр “Орон сууц захиалгын гэрээ” байгуулж, уг гэрээгээр ******* нь ******* гудамж ******* байр 10 дугаар давхрын ******* байршилтай 42,44 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг хүлээлгэн өгөх, ******* нь орон сууцны үнэ 72,148,000 төгрөг үүргийг тус тус хүлээжээ. /1хх-ийн 7-12 дугаар тал/
3.2. ******* гудамж ******* тоот хаягт байршилтай 6,816 м.кв талбай бүхий эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, 80 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдөр, 100 хувийн гүйцэтгэлтэй болоход 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр тус тус *******-ийг улсын бүртгэлд бүртгэж, гэрчилгээ олгожээ. /1хх-ийн 80-81 дүгээр тал/
3.3. ******* нь *******-тай 2018 оны 8 дугаар сарын 28-ны өдөр ЗГ-МГ-З 2018-150 дугаартай “Зээлийн гэрээ” байгуулж, уг гэрээгээр ******* хотхоны 2 дугаар ээлжийн ******* байрны барилгын ажлыг санхүүжүүлэх зориулалтаар 4,000,000,000 төгрөгийг 36 сарын хугацаатай, жилийн 11,09 хувийн хүүтэйгээр зээлэх, тус гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2018 оны 8 дугаар сарын 28-ны өдөр Б-МГ-ҮХХ 2018-151 дугаартай “Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ” байгуулж, *******-ийн өмчлөлийн ******* гудамж, ******* тоот хаягт байршилтай 6,816 м.кв талбай бүхий, эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, 80 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх хөрөнгийг барьцаалж, гэрээг улсын бүртгэлд бүртгүүлжээ. /1хх-ийн 84-100 дугаар тал/
3.4. Улмаар, ******* нь *******-тай 2019 оны 8 дугаар сарын 26-ны өдөр 2/122 дугаартай “Зээлийн төлбөрт барьцаа хөрөнгө шилжүүлэх гэрээ”, “Орон сууц худалдах, худалдан авах гэрээ”-г тус тус байгуулж, *******-ийн зээлийн төлбөр болох 2,183,280,000 төгрөгт тооцож, нэгж талбайн үнэлгээг 1,000,000 төгрөгт дүйцүүлэн гэрээний хавсралтад дурдсан 2,183.28 м.кв талбай бүхий 45 ширхэг орон сууцыг *******-ийн өмчлөлд шилжүүлэхээр тохиролцож, гэрээг *******-ийн гүйцэтгэх захирал *******, төслийн удирдагч ******* нар байгуулж, гарын үсэг зурж баталгаажуулжээ. Дээрх гэрээний 1 дүгээр хавсралтын жагсаалтын 3-т ******* байрны *******ын 42.44 м.кв талбай бүхий орон сууц бичигдсэн байна. /1хх-ийн 101-105, 124-126 дугаар тал/
3.5. ******* нь *******-тай 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдөр 2/103 тоот “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ” байгуулж, ******* гудамж, ******* байрны ******* хаягт байршилтай 42.44 м.кв талбай бүхий орон сууцыг 1 м.кв талбайн үнийг 1,187,500 төгрөгөөр тооцож, 50,397,500 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож, уг төлбөрийг төлж, 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр дээрх орон сууцны өмчлөгчөөр улсын бүртгэлд бүртгэгджээ. /1хх-ийн 44-48 дугаар тал/
3.6. Дээрх орон сууцны төлбөрт ******* нь *******т 23,981,000 төгрөг, *******т 24,500,000 төгрөгийг тус тус төлж, 2018 оны 8 дугаар сард орон сууцыг эзэмшилдээ авсан нь талуудын тайлбар болон хэрэгт авагдсан мөнгөн шилжүүлгийн баримтаар тогтоогдсон. /хх-ийн 13-43 дугаар тал/
4. Анхан шатны шүүх *******, ******* нарын хооронд худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр, тус гэрээгээр худалдан авсан орон сууцны өмчлөх эрх гуравдагч этгээдэд шилжсэний улмаас ******* гэрээний үүргээ биелүүлэх боломжгүй болсон үндэслэлээр *******ийг гэрээнээс татгалзах эрхтэй, үүний үр дагавар нь гэрээгээр өгсөн, авсан зүйлээ харилцан буцаах үүргийн харилцаагаар солигдоно гэж дүгнэж, гэрээний дагуу шилжүүлсэн 24,500,000 төгрөгийг хариуцагч *******аас гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 226 дугаар зүйлийн 226.1.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт тус тус нийцсэн, энэ шийдэлд хариуцагч ******* гомдол гаргаагүй тул талуудын зарчмыг үндэслэн давж заалдах шатны шүүхээс нэмж эрх зүйн дүгнэлт хийхгүй.
5. Харин шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг хуульд заасан журмаар үнэлж чадаагүйн улмаас *******, ******* нарын хооронд үүссэн эрх зүйн харилцааг буруу тодорхойлсон алдааг давж заалдах шатны шүүхээс залруулан дүгнэж, *******т холбогдох нэхэмжлэлийг хангасан өөрчлөлт оруулна.
5.1. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ “...******* байрыг барьж ашиглалтад оруулах гэж байна, урьдчилгаа төлөөд 2 жилийн хугацаанд компанийн лизингээр авах боломжтой” гэсэн зараар *******-ийн захирал *******тэй уулзаж, захиалгаа баталгаажуулж 3,000,000 төгрөг, урьдчилгаа төлбөрт 20,981,000 төгрөгийг *******ийн дансанд шилжүүлж, хөрөнгө оруулагч *******тай гэрээ байгуулна гэсний дагуу 2018 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр 72,148,000 төгрөгийн худалдах, худалдан авах гэрээ байгуулж, *******т төлсөн төлбөрийг орон сууцны төлбөрт тооцож, үлдсэн төлбөрийг хуваарийн дагуу *******т төлөхөөр тохирсон гэж тайлбарлажээ.
Дээрх тайлбарыг хариуцагч нар эсэргүүцээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4 дэх хэсэгт зааснаар тайлбарыг бодитой гэж үзнэ. Иймд талуудын тайлбар, орон сууцны эзэмшил 2018 оны 8 дугаар сард нэхэмжлэгчид шилжсэн, мөн *******тай бичгээр хийсэн худалдах, худалдан авах гэрээнд орон сууцны үлдэгдэл төлбөр 50,167,000 төгрөгийг 2018 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс 2020 оны 8 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл хугацаанд төлөхөөр тохирсон зэргээс үзвэл худалдах, худалдан авах гэрээний гол нөхцөлийн талаар *******, ******* нар аман хэлбэрээр харилцан тохиролцсон гэж дүгнэх үндэслэлтэй.
Худалдах, худалдан авах гэрээний хувьд гол нөхцөл нь эд хөрөнгө болон түүний үнэ бөгөөд энэ талаар харилцан тохиролцсон тохиолдолд уг гэрээг байгуулагдсан гэж үздэг. Иймд ******* нь ******* тоот орон сууц, түүний үнийг *******тэй тохиролцсоны үндсэн дээр урьдчилгаа төлбөрийг төлж, эзэмшилдээ авсан үйл баримт тогтоогдож байх тул тэдний хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хүчин төгөлдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулагджээ. Өөрөөр хэлбэл, ******* болон *******, ******* нар нь гэрээний нэг тал болжээ.
Анхан шатны шүүх ******* нь *******тэй аман хэлбэрээр гэрээ байгуулсан гэж дүгнэсэн атлаа түүний гэрээний дагуу *******т шилжүүлсэн мөнгөн хөрөнгө нь *******-ийн барилгын ажилд зарцуулагдсан гэх үндэслэлийг зааж, хариуцагчийг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэхгүй гэж дүгнэсэн нь хууль зүйн хувьд алдаатай болжээ.
5.2. Хэрэгт авагдсан баримтуудаар талуудын байгуулсан худалдах, худалдан авах гэрээ хэрэгжиж байх үед ******* болон *******-ийн хооронд 2019 оны 8 дугаар сарын 26-ны өдөр байгуулагдсан “Орон сууц худалдах, худалдан авах гэрээ”-гээр /1хх-101-105/ *******-ийн зээлийн төлбөрт 45 ширхэг орон сууцыг *******-ийн өмчлөлд шилжүүлэхээр тохирсон, үүнд нэхэмжлэгчийн хариуцагч нараас худалдан авсан орон сууц багтсан үйл баримт тогтоогдсон, энэ талаар зохигч маргаагүй.
Ийнхүү нэхэмжлэгчийн худалдан авсан орон сууцны өмчлөх эрх гуравдагч этгээдэд хадгалагдаж байгаа нөхцөлд хариуцагч нар гэрээний үүргээ биелүүлэх боломжгүй, гэрээ хэрэгжихгүй нь илт болсон тул Иргэний хуулийн 226 дугаар зүйлийн 226.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч гэрээнээс татгалзах эрхтэй.
Гэрээнээс татгалзсаны үр дагавар нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар талууд гэрээгээр өгсөн, авсан зүйлээ харилцан буцаах үүрэг хүлээх бөгөөд гэрээний дагуу нэхэмжлэгчийн төлсөн 23,981,000 төгрөгийг хариуцагч *******ээс гаргуулж шийдвэрлэх нь хуулийн дээрх зохицуулалтад нийцнэ.
6. Хариуцагч *******ын сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь зөв боловч анхан шатны шүүх зарим үндэслэлд дүгнэлт хийлгүй орхигдуулсныг давж заалдах шатны шүүхээс нэмж дүгнэх боломжтой байна.
6.1. Анхан шатны шүүх үндсэн нэхэмжлэлийн хүрээнд хариуцагч ******* гэрээний үүргээ биелүүлэх боломжгүй болсон, үүнд хариуцагч буруутай, энэ үндэслэлээр гэрээний харилцаа дуусгавар болсон тохиолдолд орон сууц хөлсөлсний адил төлбөр төлөхөөр талууд тохиролцоогүй гэж дүгнэж сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 226 дугаар зүйлийн 226.1.1, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт нийцжээ.
Өөрөөр хэлбэл, талуудын хооронд байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээ хэрэгжих боломжгүй болсонд нэхэмжлэгч буруугүй тул хариуцагч хохирол шаардах эрхгүй талаар зөв дүгнэсэн.
6.2. Түүнчлэн, Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасан гэрээ биелсэнээс олсон ашиг гэдэгт мөн хуулийн 88 дугаар зүйлийн 88.1-д заасан үр шим хамаарах бөгөөд үүнд тухайн эд хөрөнгийг зориулалтын дагуу ашигласнаас олж авсан ашиг хамаарах юм. Харин амьдран суух зориулалт бүхий орон сууцны хувьд орон сууц хөлслөх үнээр харилцан буцаах үүргийг тодорхойлохгүй.
Иймд анхан шатны шүүх сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасныг баримталсан нь оновчтой бус болсныг залруулж, хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, энэ талаар гаргасан хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхино.
7. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гаргасан хариуцагчийн өмгөөлөгчийн дараах гомдлыг хангахгүй орхино. Үүнд
7.1. 2025 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн шүүх хуралдаанд хариуцагчийн өмгөөлөгчийн зүгээс нотариатч *******аас гэрчийн мэдүүлэг авхуулах хүсэлтийг хангахаас татгалзсан үндэслэлийг шүүгч захирамждаа тодорхой заасан байх ба уг үндэслэлийг буруутгах үндэслэл тогтоогдсонгүй.
7.2. Хариуцагч *******ын өмгөөлөгч нь *******, *******-ийн байгуулсан гэрээ нь банкны хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус байх хэлцэл тул нэхэмжлэгч нь орон сууцны хууль ёсны өмчлөгч биш гэх агуулга бүхий гомдол гаргажээ.
Энэ талаар хариуцагчийн зүгээс бичгээр тайлбар гарган мэтгэлцээний байр суурь илэрхийлээгүй байх тул гомдолд дурдсан асуудлаар талуудын хооронд мэтгэлцэх зарчим хэрэгжсэн гэж үзэхгүй тул дээрх гомдлыг хүлээн авахгүй.
8. Нэхэмжлэлээс хангасан дүнд өөрчлөлт орсонтой холбогдон улсын тэмдэгтийн хураамжийн хуваарилалтад өөрчлөлт орно.
9. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлын зарим хэсгийг хангаж, хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 192/ШШ2025/04435 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн
1 дэх заалтыг “Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******аас 24,500,000 төгрөг, хариуцагч *******ээс 23,981,000 төгрөг тус тус гаргуулж, нэхэмжлэгч *******ид олгосугай.” гэж,
2 дахь заалтыг “Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул *******ид холбогдох 43,400,000 төгрөг гаргуулах тухай хариуцагч *******ын сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.” гэж,
3 дахь заалтыг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 400,355 төгрөг, хариуцагч *******аас сөрөг нэхэмжлэлийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 374,950 төгрөгийг тус тус улсын орлогод үлдээж, улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч *******оос 157,950 төгрөг нөхөн гаргуулж улсын орлогод оруулж, хариуцагч *******аас 280,450 төгрөг, хариуцагч *******ээс 277,855 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч *******ид олгосугай.” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 , 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас урьдчилан төлсөн 374,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн 278,000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2,119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЭНХБАЯР
ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ
Т.ГАНДИЙМАА