| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Тогтох Гандиймаа |
| Хэргийн индекс | 191/2025/01638/И |
| Дугаар | 210/МА2025/01379 |
| Огноо | 2025-08-20 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 08 сарын 20 өдөр
Дугаар 210/МА2025/01379
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, шүүгч С.Энхбаяр, Т.Гандиймаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 191/ШШ2025/05114 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: *******-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******-д холбогдох
Худалдах, худалдан авах гэрээний дагуу төлсөн 28,000,000 төгрөгийг буцаан гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Т.Гандиймаа илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Тэмүүлэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:
1.1. *******-иас суудлын автомашин худалдан авах зорилгоор 2024 оны 7 дугаар сарын 31-ний өдөр 100,000,000 төгрөгийг тус компанийн *******дахь ******* тоот дансанд шилжүүлсэн.
1.2. Гэвч ******* нь анх тохиролцсон нөхцөл шаардлагыг хангах автомашин нийлүүлж чадахгүй байсан тул манай компанийн зүгээс урьдчилан шилжүүлсэн 100,000,000 төгрөгөө буцаан авах хүсэлтийг 2024 оны 9 дүгээр сард тавьсан, хариуцагч хүсэлтийг хүлээн зөвшөөрсөн боловч төлбөрийг бүрэн барагдуулаагүй. Иймд үлдэгдэл 28,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.
2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:
2.1. ******* нь BMW X6 маркийн автомашин захиалж, 100,000,000 төгрөг төлсөн байсан боловч 2024 оны 9 сард өөр автомашин авъя гээд Fors bronco маркийн автомашин сонгоод баталгаажуулаад явсан.
2.2. Захиалгын дагуу автомашинаа баталгаажуулж хадгалалтад оруулж төлбөр тооцоо төлөх үед нэхэмжлэгч талаас гэнэт 5 хоногийн дараа болилоо, мөнгөө авъя гэж шалтгаангүй дайрч эхэлсэн. Ямар ч боломжгүй, аль хэдийн автомашиныг хадгалалтад оруулсан гэсэн боловч манай бизнест хүндрэл учруулж мөнгөө нэхэж өдөр болгон хэл амаар доромжилж байсан учраас зарим мөнгийг буцааж төлсөн.
2.3. Манай ажилтан ******* нь гааль дээр BMW X6, Fоrd bronco, Mercedes Benz, Jeep Cherokee зэрэг нийт 6 орчим автомашиныг буулгаад явж байсан, эдгээр автомашинууд нь бүгд *******-ийн *******ийнх байсан. Нэхэмжлэгч нь манай ажилтантай хуйвалдаж, компанийн бүх бизнесийн нууцыг ашигтайгаар эргүүлж бүх үйл ажиллагааг даган дуурайж ашиг олж байгаа учир үлдэгдэл 28,000,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэг, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт тус тус зааснаар хариуцагч *******-иас 28,000,000 төгрөгийг гаргуулж, *******-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч *******-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 297,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******-иас 297,950 төгрөгийг гаргуулж *******-д олгож шийдвэрлэжээ.
4. Хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:
4.1. *******-ийн захирал ******* нь автомашин захиалах нэрийдлээр олон сар манай бизнесийн үйл ажиллагааг судалж манай ажилчдын толгойг эргүүлж, автомашин захиалгын бизнесийг хуулбарлан яг адил бизнесийн үйл ажиллагаа явуулж манай компанийг үлэмж их хэмжээгээр хохироосон. Мөн манай олон жил хийсэн дүрэм журам, захиалгын гэрээг 100 хувь хуулбарлаж, сошиал хаяг, реклам сурталчилгаа нь 100 хувь дуурайж, манай авчирж зардаг автомашинуудыг авчирч зараад захиалга аваад явж байгаа нь ёс зүйгүй үйлдэл юм. Иймд *******-ийн 28,000,000 төгрөгийг төлөх ёсгүй гэж үзэж байгаа. Мөн хуулийн дагуу нотлох баримтууд бүрдүүлж хохирол нэхэх нь зүйтэй гэж үзэж байгаа тул шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүх рүү буцааж өгнө үү.
5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:
5.1. Энэ бизнес нь нарийн мэргэжлийн үйл ажиллагаа шаардсан зүйл биш, ямар ч хүн хийх боломжтой автомашины ченжийн бизнес юм. Хариуцагчийн тайлбарласан шиг үйл ажиллагааг нь хуулбарласан зүйл байхгүй. Мөн энэ тайлбар нь мөнгийг буцааж өгөхгүй байх шалтгаан биш.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний дагуу төлсөн төлбөрийн үлдэгдэл 28,000,000 төгрөгийг буцаан гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.
3. Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тогтоосон боловч уг харилцаа дуусгавар болсон үндэслэлийг үүргийн зөрчил гэж алдаатай дүгнэснийг давж заалдах шатны шүүхээс залруулан дүгнэж, шийдлийг хэвээр үлдээнэ.
3.1. Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр талаар анхан шатны шүүх зөв дүгнэсэн.
Дээрх гэрээгээр ******* нь BMW X6 маркийн автомашин нийлүүлэх, ******* нь автомашины үнэ 100,000,000 төгрөгийг төлөх үүргийг тус тус хүлээсэн. Уг гэрээний дагуу ******* нь 2024 оны 7 дугаар сарын 31-ний өдөр 100,000,000 төгрөгийг төлсөн боловч гэрээнээс татгалзаж, улмаар хариуцагч байгууллага нь 72,000,000 төгрөгийг буцаан шилжүүлж, талуудын хооронд байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээний харилцаа дуусгавар болсон үйл баримт тогтоогдсон, энэ талаар зохигч маргаагүй.
Ийнхүү гэрээнээс татгалзсан үндэслэлээ нэхэмжлэгч байгууллага нь “тохиролцсон нөхцөл шаардлагыг хангах автомашин нийлүүлж чадахгүй байсан” гэж тайлбарладаг боловч энэхүү тайлбар нь хэрэгт авагдсан баримт болон талуудын тайлбараар тогтоогдоогүй байна. Өөрөөр хэлбэл, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан журмаар нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн үндэслэлээ нотолж чадаагүй байна.
Иймд анхан шатны шүүх хариуцагч байгууллагыг гэрээний үүргээ зөрчсөн үндэслэлээр Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч гэрээнээс татгалзах эрхтэй гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэл муутай болжээ.
3.2. Харин нэхэмжлэгч тал гэрээнээс татгалзах хүсэл зориг илэрхийлснээр хариуцагчийн зүгээс 72,000,000 төгрөгийг буцаан өгсөн нь хүсэл зоригийн илэрхийллийг хүлээн авсан гэж үзэх тул Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1, 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан журмаар талууд харилцан тохиролцож, гэрээнээс татгалзсан гэж дүгнэнэ.
Энэ тохиолдолд Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар талууд гэрээгээр өгсөн, авсан зүйлээ харилцан буцааж өгөх үүрэгтэй бөгөөд анхан шатны шүүх үлдэгдэл төлбөр 28,000,000 төгрөгийг хариуцагч байгууллагаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь хуулийн дээрх зохицуулалтад нийцжээ.
Иймд нэхэмжлэгч нь хариуцагч байгууллагын бизнесийн үйл ажиллагааг хуулбарлаж, ашиг олж байгаа үндэслэлээр хариуцагч нь үлдэгдэл төлбөрийг төлөхгүй байх үндэслэл болохгүй тул хариуцагчийн татгалзал маргаанд хамааралгүй талаарх шүүхийн дүгнэлт зөв болсон.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1 дэх хэсэгт заасан үндэслэл байвал анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох бөгөөд хариуцагчийн хувьд нотлох баримт бүрдүүлж, хохирол шаардах байсан нь дээрх үндэслэлд хамаарахгүй тул энэ талаарх хариуцагчийн төлөөлөгчийн гомдол хангагдахгүй.
5. Дээрх үндэслэлээр хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 191/ШШ2025/05114 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 297,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЦЭНД
ШҮҮГЧИД С.ЭНХБАЯР
Т.ГАНДИЙМАА