Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 08 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2025/01409

 

*******

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Ч.Цэнд, Т.Гандиймаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 191/ШШ2025/05115 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч *******нэхэмжлэлтэй,  

Хариуцагч *******-д холбогдох

Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 78,543,031.5 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Гандиймаа илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.    Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. *******-тай 2020 оны 5 дугаар сарын 09-ний өдөр “Бетон зуурмаг нийлүүлэх гэрээ” байгуулж, уг гэрээгээр М400-В30 маркийн бетон зуурмагийг 1 м.куб-н үнэ 235,000 төгрөгөөр 166 м.куб-ыг бэлтгэн нийлүүлж, нийт үнэ 27,260,000 төгрөг, М400-В30+ маркийн бетон зуурмагийг 1 м.куб-н үнэ 270,000 төгрөгөөр 286 м.куб-ыг нийлүүлж, нийт үнэ 76,320,000 төгрөг болсон. Мөн *******-ийн хүсэлтээр М400-В30 маркийн бетон зуурмагийг нэмэлтээр нийлүүлсэн ба тээврийн зардал 8,278,707 төгрөг, нийт 100,524,707 төгрөг болсон.

1.2. Дээрх төлбөрөөс ******* нь 48,162,686 төгрөгийг төлж, 52,362,021 төгрөг үлдсэн. Үлдэгдэл төлбөрийг гэрээгээр тохирсон хугацаандаа төлөөгүй тул гэрээний 2.6-д зааснаар алдангид 26,181,010.5 төгрөг гаргуулахаар байна. Иймд гэрээний үүрэгт 52,362,021 төгрөг, алданги 26,181,010.5 төгрөг нийт 78,543,031.5 төгрөгийг гаргуулж өгнө үү.

2. Хариуцагч ******* хариу тайлбар гаргаагүй.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан хариуцагч *******-иас х/07 дугаартай бетон зуурмаг бэлтгэн нийлүүлэх гэрээний төлбөрийн үлдэгдэл 52,362,021 төгрөг, алданги 26,181,010.5 төгрөг, нийт 78,543,031.5 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.3, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч *******-иас улсын тэмдэгтийн хураамжид 550,665 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. Анхан шатны шүүх хариуцагч талын шүүх хуралд оролцох, мэтгэлцэх эрхийг хангахгүйгээр шүүх хурлыг хийж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Учир нь, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хариуцагч компаниас итгэмжлэл авсны дагуу шүүх хуралдаанд орсон боловч энэ хэрэгт төлөөлөх итгэмжлэл биш гэж үзэж, гомдол гаргах эрхгүйгээр шүүх хуралдааныг 6 дугаар сарын 06-ны өдөр хүртэл хойшлуулсан. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие шүүх хуралдаан давхацсан талаар хэлсэн боловч шүүх хурлыг товлосон. Шүүгчийн хүлээж аваагүй итгэмжлэл нь хариуцагч компани хүсэл зоригоо илэрхийлж, хуулийн шаардлага хангасан Иргэний хуульд заасан төлөөлөх, төлөөлүүлэх итгэмжлэлийн шаардлага хангасан байхад анхан шатны шүүгч хүчингүйд тооцож, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гаргасан хүсэлтийг хүлээн аваагүй нь хууль зүйн үндэслэлгүй.

4.2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс шүүх хуралдаан хойшлуулах хүсэлтээ шүүхэд өгсөн боловч хариуцагч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй гэх үндэслэлээр шүүх хурлыг хариуцагчийн эзгүйд, мэтгэлцэх эрхийг хангалгүйгээр, хэт нэг талыг баримталж шийдвэр гаргасан.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагчийн мэтгэлцэх эрхийг хангаж, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүхээс зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэг болон алдангид 78,543,031 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргажээ.

3. Анхан шатны шүүх хариуцагчаас 78,543,031.5 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож  шийдвэрлэсэн, уг шийдвэрийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талууд маргааны зүйлийн талаар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулжээ.

3.1. Талуудын байгуулсан эвлэрлийн гэрээгээр нэхэмжлэгч ******* нь 78,543,031.5 төгрөг гаргуулахаар нэхэмжилснээс алданги 26,191,010.5 төгрөгт холбогдох хэсгээс татгалзаж, үлдэх 52,362,021 төгрөгийг хариуцагч ******* төлөхийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2025 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн дотор төлөхөөр харилцан тохиролцжээ.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.3 дахь хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч шатанд зохигч эвлэрэх эрхтэй бөгөөд талуудын эвлэрлийн гэрээний нөхцөл нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх, эрх чөлөө, ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 191/ШШ2025/05115 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагч ******* нь нэхэмжлэлээс 52,362,021 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2025 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн дотор нэхэмжлэгч *******д төлөх, нэхэмжлэгч ******* нь нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 26,191,010.5 төгрөгт холбогдох хэсгээс татгалзсан зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 550,665 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү магадлалд зохигч хяналтын журмаар шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

                       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ 

 

                                                      ШҮҮГЧИД                                     Ч.ЦЭНД

 

                                                                                                            Т.ГАНДИЙМАА