Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 519

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

         Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: Т.Сарантуяа,  

Улсын яллагч: Г.Эрдэмбаатар /томилолтоор/,

Шүүгдэгч: З.А өөрөө өөрийгөө өмгөөлөн тус шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт З.А-д холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1905010360442 дугаартай хэргийг 2019 оны 5 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, З.А-, 1...... суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, хамтран амьдрагчийн хамт ....... тоотод түр оршин суух, урьд Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 39 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэгдсэн, ......... тоот регистртэй,

Шүүгдэгч З.А нь 2019 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Д.Б-ыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч З.А-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

Хохирогч Д.Б-ын мөрдөн байцаалтын өгсөн: “...Би А-ээс “цүнх хаана байна” гээд асуутал орон дээр сууж байсан нэг залуу нь над руу агсраад босоод ирэхээр нь “чамд хамаагүй, чи сууж бай” гэтэл шууд намайг үсдээд тэр айлд нэг хэсэг газар чирж байснаа тавьчихаар нь би тэр айлаас гартал араас А- дагаад гараад ирсэн. Ингээд А- бид хоёр дэлгүүрийн тийш алхаж явтал нөгөө залуу араас гүйж ирсэнээ намайг тийрч унагаагаад толгой дээр дэвссэн. Тэгтэл А- “наад хүн чинь бие муутай” гээд тэврээд авсан. ...Тэр залуу А-ийн шинэ нөхөр байгаа юм. А гэдэг. ...Шинжээчийн дүгнэлт дээрхи гэмтлийг А намайг дэлгүүрийн гадаа зодож учруулсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 9-10/,

Гэрч С.А-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Б нь А бид хоёрыг хараад “зайл хоёр гөлөг минь” гэж хэлэн Агийн өөдөөс нулиман салаавч өгөөд байхаар нь би Быг “гар” гэж хэлэн гарнаас нь татаад гарах гэсэн чинь эргэж харж байгаад миний өөдөөс салаавч гаргаад байсан. Би Быг “яв согтуу байна” гэж хэлэн гудамжаар алхаж байсан чинь А хойноос гараад ирсэн чинь Б эргэж харж А рүү дахин салаавч гаргаад байсан. Тэгтэл хойноос А гүйж ирэн нуруу хэсэг рүү нь гараараа цохиод арагш татсан чинь Б бид хоёр давхарлагдан унасан. Би Бын доор нь орон дээш харан, харин Б миний мөрөн дээгүүр даран доош харан нүүрээрээ харуулдан унасан. Бын унасан газар архиний хагархай шил ихтэй, цементэн гадаргуутай газар байсан. Бын доороос арай хийн боссон чинь Б бас босч ирээд Аг “хоёулаа зодолдъё” гэж хэлэн хашгираад байсан чинь А нүүрэн тус газар нь нэг удаа цохьсон чинь шүднээс нь цус гараад байсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 49-52/,

Гэрч Б.О-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2019 оны 02 дугаар сарын 17-ны өдөр би хадам ах Бын гэрт нь очсон. Б нь гэртээ ганцаараа босч чадахгүй нүүрний зүүн хацар хэсэгт зулгарсан байдалтай хэвтэж байхаар нь юу болсон талаар асуусан чинь “2019 оны 02 дугаар сарын 16-ны өдөр хамтран амьдарч байсан А-ийн шинэ суусан нөхөр А гэх залуу намайг зодчихлоо” гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-н 54-55/,

Шинжээчийн 2580 тоот дүгнэлтэд: “...Д.Б-ын биед тархины зүүн чамархайн хатуу хальсан доорх болон эд дэх жижиг хэмжээний цусан хураа, зүүн хацар болон шанаа орчмын зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун чихний дэлбэнд цус хуралт, доод зовхи, баруун шанаа, хацар, зүүн хөмсөгний гадна үзүүр, хацарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг бус удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой...” гэсэн дүгнэлт /хх-н 12/,

Яллагдагчаар З.А-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Хашаанд Б, А- хоёр юм яриад зогсож байхаар нь би очоод зогссон. Намайг хажууд нь очиж зогссон чинь Б нь агсараад байхаар нь нүүр хэсэг рүү нь нэг удаа түлхсэн чинь А-ийн хамт нүүр хэсгээрээ харуулдан унасан. Б босоод ирэхээр нь нүүр хэсгийг нь харсан чинь цус болчихсон байсан бөгөөд хиймэл шүд хугарчихлаа гээд хашгираад байсан... Би толгой хэсэг рүү нь нэг л удаа өшиглөсөн. ...Тухайн айлд Б миний өөдөөс нулиман салаавч өгөхөөр нь би босоод толгойтой үснээс нь зулгаасан нь үнэн...” гэсэн мэдүүлэг /хх-н 32-36/,

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 3/, илтгэх хуудас /хх-н 4/, хохирогчийн өргөдөл /хх-н 5/, хохирогчийн гэмтэл авсан гэх фото зургийн үзүүлэлтүүд /хх-н 13-14/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 20, 25-28, 84/, хохирогчийн өвчний түүх /хх-н 57-67/, хохирлын баримтууд /хх-н 68/,  

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршигийн талаар:

Шүүгдэгч З.А нь 2019 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Д.Б-ыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэм буруутай болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч Д.Б-ын: “...Би А-ээс “цүнх хаана байна” гээд асуутал орон дээр сууж байсан нэг залуу нь над руу агсраад босоод ирэхээр нь “чамд хамаагүй, чи сууж бай” гэтэл шууд намайг үсдээд тэр айлд нэг хэсэг газар чирж байснаа тавьчихаар нь би тэр айлаас гартал араас А- дагаад гараад ирсэн. Ингээд А- бид хоёр дэлгүүрийн тийш алхаж явтал нөгөө залуу араас гүйж ирсэнээ намайг тийрч унагаагаад толгой дээр дэвссэн. ...Тэр залуу А-ийн шинэ нөхөр байгаа юм. А гэдэг. ...Шинжээчийн дүгнэлт дээрхи гэмтлийг А намайг дэлгүүрийн гадаа зодож учруулсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 9-10/, гэрч С.А-ийн: “...Би Быг аваад “яв согтуу байна” гэж хэлэн гудамжаар алхаж байсан чинь А хойноос гараад ирсэн чинь Б эргэж харж А рүү дахин салаавч гаргаад байсан. Тэгтэл хойноос А гүйж ирэн нуруу хэсэг рүү нь гараараа цохиод арагш татсан чинь Б бид хоёр давхарлагдан унасан. ...Б бас босч ирээд Аг “хоёулаа зодолдъё” гэж хэлэн хашгираад байсан чинь А нүүрэн тус газар нь нэг удаа цохьсон чинь шүднээс нь цус гараад байсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 49-52/, гэрч Б.О-ийн: “...2019 оны 02 дугаар сарын 17-ны өдөр би хадам ах Бын гэрт нь очсон. Б нь гэртээ ганцаараа босч чадахгүй нүүрний зүүн хацар хэсэгт зулгарсан байдалтай хэвтэж байхаар нь юу болсон талаар асуусан чинь “2019 оны 02 дугаар сарын 16-ны өдөр хамтран амьдарч байсан А-ийн шинэ суусан нөхөр А гэх залуу намайг зодчихлоо” гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-н 54-55/, шинжээчийн 2580 тоот дүгнэлт болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч З.А-ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч З.А нь хохирогчтой маргалдан түүнийг газар унагаж, нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нь гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

Уг гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Д.Б-ын биед хөнгөн хохирол учирсан болох нь шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна.

Хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон эм тариа авч хэрэглэсэн төлбөр 57.563 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогч Д.Б-т олгохоор шийдвэрлэв.

Хохирогч нь хор уршгийн талаарх нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх шүүгдэгч З.А-ийн үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул түүнийг гэм буруутайд тооцсон бөгөөд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгчид ял хөнгөрүүлэх болон ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийг 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах санал гаргасан бөгөөд шүүх шүүгдэгч З.А-ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогчийн хохирлыг нөхөн төлөөгүй зэргийг харгалзан улсын яллагчийн саналыг хүлээн авах нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нь Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 39 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн байна.

Шүүгдэгч нь уг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй болох нь Төв аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын албан бичгээр тогтоогдсон байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн эдлэх ялын хэмжээг тогтооно” гэж заажээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.А-ийн урьд Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 39 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэх нь зүйтэй гэж дүгнэсэн болно.

Шүүгдэгч нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч З.А-г “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.А- 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял дээр урьд Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 39 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 540 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоосугай
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.А нь шүүхээс оногдуулсан 540 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.
  5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
  6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.А-ээс 57.563 төгрөг гаргуулж хохирогч Д.Б-т олгосугай.
  7. Хохирогч Д.Б- нь хор уршгийн талаарх нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
  8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч З.А-д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ч.ОТГОНБАЯР