| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Тогтох Гандиймаа |
| Хэргийн индекс | 101/2023/02151/И |
| Дугаар | 210/МА2025/01408 |
| Огноо | 2025-08-22 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 08 сарын 22 өдөр
Дугаар 210/МА2025/01408
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Ч.Цэнд, Т.Гандиймаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 191/ШШ2025/04665 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: *******ы нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******-д холбогдох
Худалдах, худалдан авах гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохирол 23,827,766 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Т.Гандиймаа илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Ариунзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:
1.1. Цэвэр, бохир усны кольцо хийж зах зээлд борлуулж бизнес хийх зорилгоор 2022 оны 3 дугаар сарын 07-ны өдөр зарын дагуу *******-ийн ажилтан *******тэй уулзаж, 3 ширхэг хэв үзэхэд шаардлага хангаж байсан. Компанийн байранд өөр хэвнүүд байгаа гэсний дагуу хамт очиж үзэхэд задалсан хэвнүүд байсан бөгөөд ажиллагаа нь хэвийн үү нарийвчилж шалгаж үзье гэж хэлэхэд гэхэд хэвийн, ямар ч асуудалгүй, манайх 10 жил үйл ажиллагаа явуулж байгаа гэж хэлэхээр нь итгээд тэр өдөртөө 2 краныг тус бүрийг нь 250,000 төгрөгөөр хөлсөлж, ачуулаад аваад явсан. 23 ширхэг хэвний төлбөрийг *******ийн хэлсний дагуу *******-ийн захирал *******гийн дансанд 18,770,000 төгрөг шилжүүлж, бэлнээр 1,000,000 төгрөг нийт 19,770,000 төгрөг төлсөн.
1.2. Хэвнүүдээ угсраад үзтэл кольцоны хэвнүүдийн дийлэнх хэсэг нь зориулалтын дагуу ашиглах боломжгүй, хэрвээ ашиглавал бүтээгдэхүүний шаардлага хангахгүй, мөн зарим хэсэгтээ 8-10 см хүртэл хэлбэлзэлтэй байсан учраас энэ талаар хариуцагч талд мэдэгдэхэд 2022 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн дотор мөнгийг төлж барагдуулна гэсэн боловч хугацаандаа төлөөгүй. Дээрх хэвнүүдээс 1000 диаметртэй 650,000 төгрөгийн 3 ширхэг хэв, 1500 диаметртэй 1,500,000 төгрөгийн 3 ширхэг хэв нийт 6 ширхэг хэв шаардлага хангаж байсан, үүнээс 2 ширхэгийг хариуцагчид өгч 2,000,000 төгрөг авсан.
1.3. Мөн шаардлага хангахгүй хэвнүүдийн амсар цуурсныг нимгэн хавтгай төмөр тавьж гагнах, дотор гадна талд төмрөөр бариул хийх, түгжээ, өнгөлсөн зэрэг засвар болон бусад зардалд 3,000,000 төгрөг гарсан. Бизнесийнхээ хөрөнгийг дахин босгох зорилгоор *******-тай 2022 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 20,000,000 төгрөгийг сарын 2.9 хувийн хүүтэй зээлж, хүүнд 7,007,766 төгрөг төлсөн. Хариуцагч талын хариуцлагагүй үйлдлээс болж банк бус санхүүгийн байгууллагаас дахин зээлж авч, сар болгон зээлийн хүүгийн төлбөрт төлсөн 7,007,766 төгрөгийг шаардах эрхтэй гэж үзэж байна.
Иймд шаардлага хангахгүй, доголдолтой 17 ширхэг хэвний үнэ 13,320,000 төгрөг, кран хөлсөлсөн зардал 500,000 төгрөг, засвар болон бусад зардалд 3,000,000 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт төлсөн 7,007,766 төгрөг нийт 23,827,766 төгрөгийг гаргуулж өгнө үү.
2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:
2.1. ******* нь дээрх утгатай өргөдлийг өмнө нь гаргаж байсан ба тус шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 177 дугаартай шийдвэрээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Тухайн шүүхийн шатанд хариуцагч талын хүсэлтээр шинжээч томилж, 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын ус хангамж ариутгах татуурга хариуцсан барилгын техникийн хяналтын улсын ахлах байцаагч дүгнэлт гаргасан ба дүгнэлтийн 3-р асуултанд “...хэрэглэгч байгууллагад хэвийг ачуулсан өдрөөс хойш 12 сарын дотор буюу ашиглаж эхэлснээс хойш 6 сарын дотор баталгаат засварын хугацаанд энэхүү стандартын шаардлагад тохироогүй зүйл гарвал түүнийг үйлдвэрлэсэн байгууллага нь үнэ төлбөргүйгээр засах буюу сольж өгнө. Энэ стандартаар тогтоогдсон тээвэрлэлт, угсралт, ашиглалт ба хадгалалтын нөхцөл түүнчлэн үйлдвэрлэгч байгууллагын угсралт ба ашиглалтын зааврыг мөрдсөн тохиолдолд баталгаат засвар хийнэ ...” заалтуудыг онцлон дурдсан.
Гэтэл ******* худалдаж авсан хэвнүүдэд зөвшөөрөлгүй, зориулалтын бус засвар хийж өөрчилсөн, тухайн эд хөрөнгүүдийг анх худалдан авахдаа доголдолтой байсныг мэдэж байсан талаараа шүүхийн хэлэлцүүлэгт өөрөө тайлбарладаг. Энэ нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан ба доголдолтой байснаа мэдэж байсан үйлдэл нь хуульд заасан шаардах эрхээ алдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 255 дугаар зүйлийн 255.1.1, 227 дугаар зүйлийн 227.3-т тус заасныг баримтлан, хариуцагч *******-иас нийт 23,827,766 төгрөг гаргуулах *******ы нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 369,124 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлын агуулга:
4.1. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ ******* нь Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.2-т заасан эд хөрөнгийг шилжүүлэх үед доголдолтой байсныг мэдсээр байж нуун дарагдуулсан, нэхэмжлэгчийг эд хөрөнгийн доголдлыг мэдэх боломжтой эсэх, хариуцагч нотлох үүргээ биелүүлсэн эсэх, эд хөрөнгийг хүлээн авсан гэх шалтгаанаар хариуцагч үүргээ гүйцэтгэсэн, хариуцлага хүлээхгүй гэх нөхцөл байдал зэргийг тодруулаагүй. Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.2-т заасан шаардах эрхээ алдаагүй тул мөн хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 227.3-т зааснаар гэрээнээс учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй.
4.2. Хариуцагч нь худалдсан кольцоны хэвнүүдийг ашиглах боломжгүй байсан гэдгийг өөрөө хүлээн зөвшөөрч буцаахаа илэрхийлж 2,000,000 төгрөг өгсөн бөгөөд үлдэгдэл мөнгөө 2022 оны 5 дугаар сарын 10-ны өдөр өгнө гэж тохирсон, энэ нь шүүхээс *******ы утсанд хийсэн үзлэгээр нотлогдсон ба 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн шинжээчийн дүгнэлт, 2025 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн шинжээчийн дүгнэлт, *******-ийн 2025 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 01/53 тоот “Нэмэлт тайлбар” зэргээр доголдолтой, ашиглах боломжгүй бүтээгдэхүүн нийлүүлсэн болохыг хангалттай нотолсон.
Гэтэл анхан шатны шүүх дээрх үйл баримтыг хариуцагч үгүйсгэх, доголдолгүй хөрөнгө шилжүүлснээ нотлоогүй байхад худалдан авагч буюу нэхэмжлэгчийг эд хөрөнгийг шалгаж хүлээж авах үүргээ биелүүлээгүй гэж дүгнэн, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зохигчийн нотлох үүргийг буруу хуваарилсан гэж үзэж байна.
Худалдан авагч кольцоны хэвүүдийг эд хөрөнгийн доголдолтой гэх үндэслэлээр татгалзаж, энэ тухайгаа худалдагч талд мэдэгдсэн болох нь зохигчийн тайлбар болон хэргийн үйл баримтаар тогтоогдож байгаа. Хариуцагчийн зүгээс доголдолгүй ашиглах боломжгүй кольцоны хэв худалдсан талаараа нотолсон нэг ширхэг баримт байхгүй.
Нэхэмжлэгч нь худалдан авсан эд хөрөнгийн доголдолтой холбогдуулан гэрээг цуцалж, учирсан хохирлоо шаардаж нэхэмжлэл гаргасан. Гэвч анхан шатны шүүх дээрх нөхцөл байдлыг харгалзан үзээгүй, хуульд үндэслэх, нотлох баримтыг үнэлэх үүргээ биелүүлээгүй хэт нэг талыг барьсан шийдвэр гаргасанд гомдолтой байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү.
5. Давж заалдах гомдолд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:
5.1. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 255 дүгээр зүйлийн 255.1 дэх хэсэгт үндэслэн шийдвэр гаргасан. Харин нэхэмжлэгч талын зүгээс уг асуудалд 255 дугаар зүйлийн 255.2 дахь хэсгийг хамааруулан, хариуцагч тал доголдолтойг мэдсээр байж нуун дарагдуулсан гэж маргаж байна. Нэхэмжлэлийн шаардлагад дурдсанаар хэвүүдийг шинэ биш, 10 жил ашигласан хуучин хэв гэдгийг худалдагч урьдчилан мэдэгдэж, худалдан авагч тал “шинэ хэв авах боломжгүй, хуучин хэвийг авъя” гэж өөрсдийн сонголтоор хүлээн авсан. Тухайн хэвийг задалж угсрах үед эв дүйтэй хүнээр хийх шаардлагатайг анхааруулсан бөгөөд хүчээр хийх тохиолдолд хэв эвдрэх эрсдэлтэйг тайлбарласан.
Шинжээчийн анхны дүгнэлтэд “хуучин хэвийг өөрсдөө засвар хийсэн, хэрэв мэргэжлийн хүнээр хийлгэсэн бол ашиглах боломжтой” гэж тусгагдсан байдаг. Худалдан авагч тал хэвийг шалгаж үзээд, сайн дураараа хүлээн авч, төлбөрийг төлсөнд маргаангүй. Тухайн хэвийг 10 жил ашигласан хуучин хэв гэдгийг худалдан авагч тал мэдэж байсан бөгөөд өөрсдийн сонголтоор хүлээн авсан нь баримтаар тогтоогдсон. Түүнчлэн өөрсдөө сайн дураар засвар хийсэн нь шинжээчийн дүгнэлтээр нотлогдсон нөхцөлд “доголдолтой эд хөрөнгө шилжүүлсэн” гэх нэхэмжлэгчийн гомдол үндэслэлгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад нэхэмжлэгч талын гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******-д холбогдуулан доголдолтой эд хөрөнгө худалдсаны улмаас учирсан хохирол кольцоны үнэ 13,320,000 төгрөг, засварлахад гарсан зардал 3,000,000 төгрөг, банкны зээлийн хүү 7,007,766 төгрөг нийт 23,827,766 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.
3. Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тодорхойлсон боловч нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүйн улмаас эд хөрөнгийн доголдлын талаар худалдан авагчийн шаардах эрхийн асуудлаар алдаатай дүгнэлт хийснийг давж заалдах шатны шүүхээс залруулж, нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангасан өөрчлөлт оруулна.
3.1. ******* нь 2022 оны 3 дугаар сарын 07-ны өдөр цэвэр, бохир усны 23 ширхэг кольцоны хэвийг *******-иас 19,770,000 төгрөгөөр худалдан авахаар амаар харилцан тохиролцжээ.
Дээрх гэрээгээр талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр гэж анхан шатны шүүх зөв дүгнэсэн.
Гэрээний дагуу нэхэмжлэгч нь кольцоны хэвний үнэ 19,770,000 төгрөгийг төлж, 23 ширхэг кольцог хүлээн авсан, энэ талаар зохигч маргаагүй, тэдний маргааны зүйл нь эд хөрөнгө доголдолтой эсэх асуудал болжээ.
3.2. Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.2 дахь хэсэгт “Хэрэв гэрээнд эд хөрөнгийн чанарын талаар заагаагүй бол гэрээнд заасан зориулалтаар ашиглах боломжтой эд хөрөнгийг биет байдлын доголдолгүй гэж үзнэ.” гэж заасан.
Энэ тохиолдолд нотолгооны үүргийн хуваарилалтын хувьд нэхэмжлэгч нь худалдан авсан кольцоны хэвнүүдийг зориулалтын дагуу ашиглах боломжгүй байдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан журмаар нотлох үүрэгтэй.
Дээрх зорилгоор нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хүсэлтийг үндэслэн шүүх *******-ийг шинжээчээр томилсон, шинжээч нь талуудын маргааны зүйл болж буй кольцоны хэвнүүд Бетон ба төмөр бетон бүтээц, үндсэн дүрэм /БНбД 52-01-10/-ийн бетон ба төмөр бетон бүтээцэд тавих ерөнхий шаардлагыг хангахгүй, цаашид ашиглах, хүчитгэх боломжгүй, ашиглахыг хориглоно гэж дүгнэжээ. /1хх-ийн 205-210 дугаар тал/
Мөн дээрх маргаан бүхий кольцоны хэвний асуудлаар өмнө нь ******* нь *******т /*******-ийн хувьцаа эзэмшигч гэх/ холбогдуулан гаргасан нэхэмжлэл нь хариуцах этгээд биш үндэслэлээр хэрэгсэхгүй болж шийдвэрлэгдсэн /1хх-ийн 37-41/ байх ба уг хэрэгт Барилгын техникийн улсын байцаагч шинжээчийн дүгнэлт гаргажээ. Тус шинжээч кольцоны хэвнүүдийг зориулалтын дагуу шууд ашиглах боломжгүй, харин ур чадвар бүхий мэргэжлийн хүнээр нарийн засвар үйлчилгээ хийлгэж ашиглах боломжтой гэжээ. /1хх-ийн 42-44 дүгээр тал/
Түүнчлэн, хариуцагч байгууллага нь нэхэмжлэгч хэвнүүдэд зориулалтын бус засвар хийж өөрчилсөн гэж маргадаг боловч ийнхүү засвар хийсэн нь хэвний эдлэлд хонхор үүсгэх, эд ангийн хэмжээнд зөрүү үүсгэх тохиолдол бий болгохгүй гэж шинжээч дүгнэсэн.
Иймд хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаас үзэхэд нэхэмжлэгчийн худалдан авсан кольцоны хэвнүүдийг зориулалтын дагуу ашиглах боломжгүй нь тогтоогдож байх ба үүнд нэхэмжлэгчийг буруутгах үндэслэл тогтоогдоогүй тул Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.2 дахь хэсэгт зааснаар биет байдлын доголдолтой гэж үзнэ.
3.3. Дээрх доголдлын талаар нэхэмжлэгч нь хариуцагчид мэдэгдэж, 2022 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн дотор мөнгийг буцаан төлөхөөр тохиролцсон гэх агуулга бүхий тайлбар гаргасан, уг тайлбарыг хариуцагч тал эсэргүүцээгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4 дэх хэсэгт заасан журмаар нэхэмжлэгчийн тайлбар бодитой, энэ талаар зохигч маргаагүй гэж үзнэ. Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6 дахь хэсэгт заасан хугацаанд буюу зургаан сарын дотор доголдлыг илрүүлсэн байна.
Энэ тохиолдолд худалдан авагчид эрсдэл шилжих үед буюу эд хөрөнгийг хүлээн авахад доголдлыг байсан гэж үзэх тул Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч гэрээнээс татгалзах эрхтэй.
3.4. Харин эд хөрөнгө хүлээж авах үедээ уг эд хөрөнгийн доголдлын талаар мэдсэн буюу мэдэх боломжтой байхад түүнийг хүлээж авсан бол худалдан авагч шаардлага гаргах эрхээ алдах талаар Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1 дэх хэсэгт заасан.
Хуулийн дээрх зүйл, хэсгээр худалдан авагч нь анхаарал болгоомжтой байх үүргийн хүрээнд ердийн нөхцөлд, хялбар байдлаар мэдэх боломжтой байхад эд хөрөнгийг хүлээн авсан бол тухайн хөрөнгийн доголдолтой холбогдох шаардлага гаргах эрхээ алдах болохыг зохицуулсан.
Талуудын тохиолдолд мэргэжлийн шинжээч кольцоны хэвнүүдэд хэмжилт хийж, түүний үр дүнг үндэслэн хэвний элементийн хэмжээний зөрүү нь зөвшөөрөгдсөн хэмжээнээс хэтэрсэн, хэвний зүрхэвч, гадны цамцны хийц эдлэлд 3мм дээш хотойлт овойлт үүссэн, тэдгээрийн хооронд байх ёстой хэмжээний зөрүү 5-12 мм болсон нь Монгол Улсад мөрдөгдөж байгаа барилгын норм, дүрэмд заасан шаардлага хангахгүй, цаашид ашиглах боломжгүй, ямар ч засвар хийсэн байсан барилгын хийц эдлэл хийхийг зөвшөөрөхгүй /1хх-205, 207, 217/ гэж дүгнэснээс үзэхэд нэхэмжлэгчийг эд хөрөнгийн доголдлын талаар мэдсэн буюу мэдэх боломжтой байсан гэж буруутгах үндэслэлгүй байна.
Түүнчлэн, Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч байгууллага нь барилгын материалын худалдаа эрхэлдэг аж ахуйн нэгжийн хувьд худалдан борлуулж буй барааны талаар үнэн зөв мэдээллээр хангах, доголдолтой тохиолдолд мэдэгдэх үүрэгтэй, энэхүү үүргээ хэрэгжүүлсэн байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй байх тул нэхэмжлэгчийг шалгаж авах үүргээ биелүүлээгүй, доголдлыг мэдсэн буюу мэдэх боломжтой байсан гэж буруутгах боломжгүй, энэ талаарх шүүхийн дүгнэлт алдаатай болсон.
Иймд Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь гэрээг цуцлах эрхтэй байх тул түүнийг эд хөрөнгийн доголдлын талаар шаардлага гаргах эрхээ алдсан талаарх шүүхийн дүгнэлт нотлох баримт үнэлэх зарчмыг зөрчжээ.
3.5. Эд хөрөнгийн доголдолтой холбогдуулан худалдагч, худалдан авагчийн аль нь ч гэрээг цуцлах эрхтэй, энэ тохиолдолд худалдагч нь худалдан авагчид учирсан хохирол, зардлыг нөхөн төлөх үүрэгтэй гэж Иргэний хуулийн 256 дугаар зүйлийн 256.1 дэх хэсэгт заасан.
Нэхэмжлэгч гэрээг цуцалсантай холбогдуулан учирсан хохирлыг 17 ширхэг хэвний үнэ 13,320,000 төгрөг, тээвэрлэлтийн зардал 500,000 төгрөг, засвар болон бусад зардалд 3,000,000 төгрөг, зээлийн хүүнд төлсөн 7,007,766 төгрөг гэж тодорхойлон нийт 23,827,766 төгрөг нэхэмжилснээс хэвний үнэ 13,320,000 төгрөг, тээврийн зардалд 200,000 төгрөг нийт 13,520,000 төгрөгийг гаргуулж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв. Учир нь:
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нийт 19,770,000 төгрөгийн 23 ширхэг кольцоны хэв авснаас 6,450,000 төгрөгийн 6 ширхэг /1,500,000 х3ш + 650,000 х 3ш, үүнд хариуцагчаас авсан 2,000,000 төгрөг орсон/ шаардлага хангасан хэвний үнийг хасаж, шаардлага хангаагүй хэвний үнийг 13,320,000 төгрөг гэж тодорхойлсныг хариуцагч эсэргүүцээгүй, хэргийн 1хх-ийн 11 дүгээр талд авагдсан нэхэмжлэгчийн эзэмшлийн данснаас 2022 оны 3 дугаар сарын 07-ны өдөр “кран” гэсэн утгаар 200,000 төгрөгийн зардал гарсан зэргийг үндэслэн 13,520,000 төгрөгийн бодит хохирол гарсан гэж үзлээ.
Харин кольцоны хэвнүүдийг зориулалтын дагуу ашиглах зорилгоор амсарт нимгэн төмөр тавьж гагнах, дотор, гадна талд төмрөөр бариул түгжээ хийж, өнгөлсөн зэрэг засвар, үйлчилгээ, түүнтэй холбоотой бусад зардалд 3,000,000 төгрөгийн зардал гарсан гэх боловч ийм зардал гарсан нь хэрэгт авагдсан дансны хуулга болон *******ийн мэдүүлэг гэх бичгийн баримтуудаар /1хх-11-16, 78-79/ нотлогдохгүй байна. Уг данснаас “ulmaa”, “ajil ulmaa” гэх утгаар тодорхой хэмжээний зарлагууд гарсан боловч ямар зориулалтаар, хэнд шилжүүлсэн нь тодорхойгүй нөхцөлд дээрх зардалд хамаатай гэж дүгнэхгүй. Мөн ******* нь 20 ширхэг кольцо цэвэрлэсэн ажлын хөлсөнд 1,690,000 төгрөг авсан гэх боловч энэ нь хэрэгт авагдсан өөр баримтаар эргэлзээгүйгээр нотлогдоогүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй.
Гэрээний үүргийн зөрчлийн улмаас хохирол шаардахад уг үүргийн зөрчил болон учирсан хохирол хоорондоо шалтгаант холбоотой байх учиртай. Нэхэмжлэгчийн бусдад төлбөл зохих зээлийн хүүгийн төлбөр нь хариуцагчийн гэрээний үүргийн зөрчилтэй шалтгаант холбоогүй тул зээлийн хүүнд төлсөн 7,007,766 төгрөгийг хохиролд тооцохгүй.
4. Иймээс Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 256 дугаар зүйлийн 256.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч байгууллагаас 13,520,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэлээс үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
5. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 191/ШШ2025/04665 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн
1 дэх заалтыг “Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 256 дугаар зүйлийн 256.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******-иас 13,520,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлээс үлдэх 10,307,766 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж,
2 дахь заалтыг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 369,124 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч *******-иас улсын тэмдэгтийн хураамжид 225,550 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******д олгосугай.” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 369,124 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ
ШҮҮГЧИД Ч.ЦЭНД
Т.ГАНДИЙМАА