Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 08 сарын 25 өдөр

Дугаар 210/МА2025/01429

 

*******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Ч.Цэнд, Т.Гандиймаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 192/ШШ2025/05130 дугаар шийдвэртэй, 

Нэхэмжлэгч: *******ын нэхэмжлэлтэй,   

Хариуцагч: *******ид холбогдох 

Гэм хорын хохиролд 13,833,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Гандиймаа илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Минжин нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. Миний бие 2022 оны 9 дүгээр сарын 23-ны өглөө 9 цаг 15 минутын орчим ******* урд замын уулзвар дээр өөрийн өмчлөлийн ******* улсын дугаартай, Mercedes benz GLE 400 маркийн тээврийн хэрэгслийг жолоодон явж байхад ******* улсын дугаартай, Toyota land cruiser J200 маркийн тээврийн хэрэгслийн жолооч ******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11 дүгээр зүйлийн 11.3 дахь заалтыг зөрчсөний улмаас миний автомашиныг мөргөж их хэмжээний хохирол учруулсан.

1.2. Автомашинд учруулсан хохирлыг *******-ийн үнэлгээгээр 13,833,000 төгрөг гэж тогтоож, уг төлбөрийг хариуцагч ******* нь 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн дотор төлж барагдуулахаар тохиролцсон боловч өнөөдрийг хүртэл төлж барагдуулаагүй байна.  

Иймд гэм хорын хохиролд 13,833,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1. Осол хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч зурагт миний тойрч гарсан саад болох дүрэм зөрчиж нэгдүгээр эгнээнд зогссон автомашин тусгагдаагүй, ослын газрын гэрэл зураг хавтаст хэрэгт тусгагдаагүй тул зам тээврийн осол тогтоосон актыг хүчингүй болгож дахин бүрэлдэхүүнтэй шинжээч томилуулах хүсэлтэй.

2.2. ******* нь автомашиныхаа гэрлийг сольж шинэ гэрэл авч хийсэн байх тул тус осолд орж эвдэрч зурагдсан их гэрлийг хариуцагч тал хүлээн авах, мөнгөн төлбөрийг төлөхөд график тогтоох зэргээр нэхэмжлэгчтэй эвлэрэх саналыг гаргаж байна.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******оос гэм хорын хохиролд 11,112,640 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******т олгож, илүү нэхэмжилсэн 2,720,360 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 227,115 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******оос улсын тэмдэгтийн хураамжид 192,752 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******т олгож шийдвэрлэжээ.

4. Хариуцагч талын давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

4.1. Хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн үнийн дүн дээр Mercedes benz GLE 400 маркийн автомашины баруун талын их гэрлийн үнэлгээ хэт өндөр тул маргаж шүүхэд хүсэлт гаргасны дагуу *******-иас үнэлгээ хийсэн ба тус үнэлгээний тайлантай хариуцагч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар албан ёсоор танилцаагүй.

Өөрөөр хэлбэл, хэргийн материалтай танилцах хүсэлт гомдол гаргах эрхээр хангалгүй харилцан мэтгэлцэх бололцоо олголгүй шүүх хуралдааныг явуулсан.

4.2. Мөн хариуцагчаас нэхэмжлэгч *******ын жолоодож явсан ******* улсын дугаартай Mercedes benz GLE 400  маркийн автомашины баруун талын их гэрлийн үнэлгээ хэт өндөр бөгөөд нэхэмжлэгчээс их гэрлийг сольж шинэ гэрэл авч хийсэн байх тул тус осолд орж эвдэрч зурагдсан их гэрлийг хариуцагч тал хүлээн авах, төлбөр төлөхөд график тогтоох зэргээр нэхэмжлэгчтэй эвлэрэх санал гаргасан байсныг шийдвэрлэж эвлэрэн хэлэлцэх хугацаа олгоогүй.

4.3. Тус гэм хорын шүүх хуралдаанд хуульд заасны дагуу иргэдийн төлөөлөгч оролцуулаагүй зэргээр иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаануудыг ноцтой зөрчсөн. Иймд шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчим алдагдаж хуулийг ноцтойгоор зөрчиж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү.

5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

5.1. Шүүхээс 2025 оны 5 дугаар сарын 29-ний өдөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээсэн талаар талуудад мэдэгдсэн. Мөн 2025 оны 6 дугаар сарын 05-ны өдөр шүүх хуралдааны тов мэдэгдсэн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 25.2 дахь хэсэгт зааснаар хэргийн материалтай танилцах боломжтой байсан.

5.2. Хариуцагч тал *******-ийн үнэлгээний тайлан дахь дүн буюу 11,112,000 төгрөгийн үнийн дүнд эвлэрэх санал гаргасан бөгөөд шүүх хуралдааны явцад бид дээрх үнийн дүнгээр эвлэрэх боломжгүй гэх байр сууриа илэрхийлсэн тул хариуцагчийн гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй. Мөн шүүхээс эвлэрэх хугацаа олгоогүй гэж гомдолдоо дурдсан нь үндэслэлгүй. Хариуцагч тал автомашины хуучин их гэрлийг авч, засварлуулаад худалдан борлуулсны дараа үнэлгээний дүнгээр хуваарь гаргаж төлөх боломжтой гэх агуулгаар эвлэрэх санал тавьсан. Бид автомашины их гэрлийг 2025 оны 1 дүгээр сарын 09-ний өдөр солиулсан ба энэ талаар хариуцагчид мэдэгдсэн боловч тухайн үед хуучин гэрэл авах хүсэлт гаргаагүй.

5.3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8 дахь хэсэгт “...томилогдсон иргэдийн төлөөлөгч энэ хуулийн 76.1.2-т заасны дагуу мэдэгдсээр байхад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол зохигчийн зөвшөөрлөөр түүний эзгүйд шүүх хуралдаан явуулж болно. Харин зохигчийн аль нэг нь үүнийг зөвшөөрөхгүй бол шүүх хуралдааныг хойшлуулна...” гэж заасан. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан эхлэх үед хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр явсан, иргэдийн төлөөлөгчтэй холбоотой ямар нэгэн байр суурь илэрхийлээгүй. Бид иргэдийн төлөөлөгч оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг үргэлжлүүлэх санал гаргасны дагуу шүүх хуралдаан үргэлжилсэн. Иймд хариуцагч талын давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******ид холбогдуулан автомашинд учирсан хохиролд 13,833,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан  нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмаар үнэлж, дарааах үйл баримтыг зөв тогтоосон.

3.1. ******* нь 2022 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр ******* урд замд эмнэлгийн зүүн уулзарт ******* улсын дугаартай, Toyota land cruiser-J200 маркийн автомашиныг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.3-т “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно.” гэж заасныг зөрчсөний улмаас *******ын эзэмшлийн ******* улсын дугаартай, Mercedes benz GLE 400 маркийн автомашиныг мөргөж зам тээврийн осол гаргасан болох нь талуудын тайлбар, эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл, шийтгэлийн хуудас зэрэг баримтуудаар нотлогдсон. /хх-ийн 4-6, 99-100, 102 дугаар тал/

3.2. 2022 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн эрх бүхий албан тушаалтны шийтгэлийн хуудсаар *******ийг Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.3 дахь заалтыг зөрчсөн буруутай үндэслэлээр түүнд Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 51 дэх хэсэгт зааснаар 200,000 төгрөгөөр торгох шийтгэлийг ногдуулсан. /хх-ийн 102 дугаар тал/

4. Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тодорхойлж, нотлох баримтыг хуульд заасан журмаар үнэлсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шаардлагыг хангажээ.  

4.1. Хариуцагч нь гэм буруугийн асуудлаар маргасан байх боловч зам тээврийн осол гаргасан буруутай болохоо хүлээн зөвшөөрсөн байх тул түүнд холбогдох зөрчлийг Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, эрх бүхий албан тушаалтны шийтгэлийн хуудсаар Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.3-т заасныг зөрчсөн гэж дүгнэж, шийтгэл оногдуулсан, уг шийдвэр хүчин төгөлдөр болсон байна.

Иймд анхан шатны шүүх дээрх тогтоогдсон үйл баримтуудыг үндэслэн хариуцагчийн замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн гэм буруутай үйлдлийн улмаас нэхэмжлэгчийн эд хөрөнгөд хохирол учирсан нь шалтгаант холбоотой тул хохирлыг хариуцагч хариуцан арилгах үүрэгтэй гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт нийцжээ.

4.2. Бусдын эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөх зарчимтай.  

Зөрчлийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх ажиллагааны явцад *******-ийн 2022 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн үнэлгээний тайлангаар нэхэмжлэгчийн өмчлөлийн автомашинд учирсан эвдрэл, хохирлыг 13,833,000 төгрөг гэж тогтоосон, тухайн үед хариуцагч уг хохирлыг төлөхийг хүлээн зөвшөөрсөн /хх-7, 11-12/ байх боловч иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирлын үнэлгээг тогтоолгох түүний хүсэлтийг үндэслэн шүүх *******-ийг шинжээчээр томилжээ.

Шинжээчийн дүгнэлтээр /хх-ийн 136-145/ Mercedes benz GLE 400 маркийн автомашинд учирсан эвдрэл, хохирлын үнэлгээг 11,112,640 төгрөг гэж тогтоосон, энэ үнэлгээний асуудлаар хариуцагч маргаагүй байх тул шүүх хэрэгт авагдсан баримтыг үндэслэн хохирлын хэмжээг тогтоож, хариуцагчаас 11,112,640 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь нотлох баримт үнэлэх зарчмыг зөрчөөгүй байхаас гадна Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт нийцсэн.

5. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гаргасан хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн дараах гомдлыг мөн хангахгүй орхино.

5.1. Шүүх *******-ийн шинжээчийн дүгнэлтийг 2025 оны 5 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгчийн 2025 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 192/ШЗ2025/24419 дугаартай захирамжаар /хх-ийн 152/ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээж, мөн өдөр талуудад мэдэгджээ. /хх-ийн 153 дугаар тал/

Мөн шүүх хуралдааныг 2025 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 14 цаг 00 минутад товлож, энэ талаар зохигчдод мэдэгдсэн байх ба хариуцагчийн зүгээс 2025 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтийг шүүхэд ирүүлсэн байна. /хх-ийн 152, 164 дүгээр тал/

Дээрх хугацаанд хариуцагч тал хэргийн материалтай танилцах эрхтэй бөгөөд уг эрхийг шүүх хязгаарласан гэх байдал хэргийн баримтаар тогтоогдохгүй байх тул энэ талаарх гомдол хангагдахгүй.

5.2. Мөн хариуцагчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч эвлэрэх үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтийг шүүхэд бичгээр ирүүлж, шүүх хуралдаанд оролцоогүй байх ба энэ талаар шүүх нэхэмжлэгчийн саналыг асуухад эвлэрэх боломжгүйгээ илэрхийлжээ. Иймд талуудад эвлэрэн хэлэлцэх хугацаа олголгүй хэргийг шийдвэрлэсэн гэх гомдлыг хүлээн авахгүй. /хх-ийн 162, 164, 166 дугаар тал/

5.3. Шүүх томилогдсон иргэдийн төлөөлөгчид шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч иргэдийн төлөөлөгчийн зүгээс шүүх хуралдаанд хүрэлцэн очих боломжгүй байдлаа мэдэгдсэн байх ба түүний эзгүйд шүүх хуралдаан явуулахыг нэхэмжлэгч тал зөвшөөрснийг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8 дахь хэсгийг зөрчөөгүй байна. Иймд энэ талаар гаргасан гомдол хангагдахгүй. /хх-ийн 155-158, 163 дугаар тал/

6. Дээрх үндэслэлээр хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 192/ШШ2025/05130 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч талын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт заасны дагуу хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 192,752 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                             Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

                                             ШҮҮГЧИД                                             Ч.ЦЭНД

 

                                                                                                           Т.ГАНДИЙМАА