Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 648

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Оюунчимэг даргалж,

нарийн бичгийн дарга Б.Төгөлдөр,

улсын яллагч Х.Онолт,

шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт  үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1908019800765 дугаартай 1 хавтаст хэргийг 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, 2019 оны 6 дугаар сарын 12-ны өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Н овогт Б.Б, Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод  1986 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр төрсөн, 33 настай, эрэгтэй, дээд боловсролтой, компьютерийн техник  мэргэжилтэй, “Би Ти Ар Эс” ХХК-д  худалдааны менежер ажилтай, ам бүл-3, эхнэр хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, Өнөр хороолол, 44-12 тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, регистрийн дугаар ...,

ТОДОРХОЙЛОХ нь

Шүүгдэгч Б.Бнь 2019 оны 04 дүгээр сарын 02-ноос 03-нд шилжих шөнө 00 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, 44 дүгээр байрны урд иргэн Д.Етэй маргалдаж, улмаар толгой хэсэгт нь гараараа цохиж эрүүл мэндэд нь “...тархи доргилт, баруун чихний хэнгэргэн хальсны цоорол, зүүн нүдний алиманд цус хуралт, зүүн хөмсөг, зүүн хацар, эрүү, баруун сарвуунд зулгаралт” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Бмэдүүлэхдээ:

Би мэдүүлэг өгөхгүй, болсон явдал үнэн зөв. Гэм буруугийн талаар маргахгүй, санал болгосон ялыг зөвшөөрч байгаа гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

Хохирогч Д.Е  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ:

2019 оны 04-р сарын 02-ны орой 22 цагийн үед ажлаа тараад гэртээ харих замдаа Сонгинохайрхан дүүргийн 14-р хороо Цамбагаравын автобусны буудал дээр хүнтэй уулзах гэж ирсэн юм. Тэгээд надтай уулзах хүн ирэхгүй байхаар нь би замын эсрэг талд байдаг нэрийг нь мэдэхгүй бааранд ганцаараа орж 05 гр нэг шил пиво аваад ууж байгаад тамхи татаад буцаад ороод иртэл миний ширээнд танихгүй нэг эмэгтэй сууж байсан. Тэгээд би захиалсан пиво ууж дуусаад гарах гэтэл тэр эмэгтэй “чи миний тооцоог хийчих, би гараад АТМ-ээс картаа уншуулаад аваад өгье” гэхээр нь би тэр эмэгтэйд итгээд тооцоог нь хийгээд хамт баарнаас гарсан юм. Бид хоёр замын эсрэг тал буюу 44-р байрны урд очсон. Нөгөө эмэгтэй гар утсаараа яриад яваад байхаар нь би араас нь дагаад мөнгөө өгөөч гэхэд тоохгүй яваад байсан...гар утсаараа яриад явж байхад нэг залуу гараад ирэхэд нөгөө эмэгтэй тэр залуу дээр гүйж очоод туслаарай гэж хэлэхэд нь тэр залуу...чи яв гэж хэлснээ тэр эмэгтэйг явуулчихлаар нь би тэр залууд хандан “чи яагаад эмэгтэйг явуулчихаж байгаа юм бэ, чи хамаатай юм уу, чи миний 30.000 төгрөгийг өг” гэхэд тэр залуу надад хамаагүй гээд байрны хоёр тал руу гүйгээд байсан. Тэгээд араас нь хөөж бариад авахад тэр залуу газар унахаар нь би дээр нь суугаад “чи миний мөнгийг өг” гэж хэлээд дараад байж байхад нэг танихгүй залуу хүрч ирээд...намайг татаад газар унагаад миний дээр дарсан...нөгөө залуу буюу Б хүрч ирээд миний дээр дараад суусан...миний дээр дарж сууж байгаад гараараа толгой руу хэд хэдэн удаа цохисон...Миний чих, толгой руу Б цохиж гэмтэл учруулсан...гэжээ. /хх-18-19/,  

Гэрч О.Эмөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ:

2019 оны 04-р сарын 02-ны орой өөрийн машинтай халтуур хийж байгаад шөнийн 00 цаг өнгөрч байхад гэртээ ирсэн юм. Тэгээд машинаа тавих гэтэл зогсоол олдохгүй байрны урд зогсож байхад эрэгтэй эмэгтэй хоёр хүн хоорондоо маргалдаад...тэр эрэгтэй нөгөө эмэгтэйгээсээ миний 30.000 төгрөгийг өг гээд хашгираад байсан...гэжээ. /хх-24/,

Гэрч Б.Ө мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ:

Би 2019 оны 04-р сарын 02-ноос 03-нд шилжих шөнө Бүргэд 113 чиглэлд СХД-ийн 15-р хорооны нутаг дэвсгэрт машинт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байхад 01 цагийн үед СХД-ийн 15-р хороо 44-р байрны хойно зодоон болоод байна гэх дуудлага мэдээллийн дагуу цагдаа жолооч цагдаагийн ахлах ахлагч М.Ггийн хамт очиход цэнхэр бэлтгэлийн цамцтай, саарал бэлтгэлийн өмдтэй залуугийн дээр нэг залуу дараад суучихсан байдалтай байсан. Тэгээд би очоод дээр нь сууж байсан залуугаас юу болсон талаар асуухад “энэ залуу нэг эмэгтэй хүнийг өдөөн хоргоож, хэрэлдэж маргалдаад байхаар нь би болиулсан, тэгтэл энэ залуу миний өөдөөс зодолдсон” гэж хэлсэн. Тэгээд би нөгөө залуугийн биеийг хартал зүүн талын шанаа орчим нь шалбарч, зулгарч, цус гарч шороотой бохирлогдсон байхаар нь энэ залуугийн нүүр ам нь яачихсан юм бэ гэхэд энэ залуу миний өөдөөс зодолдох гээд байхаар нь би дээр нь дараад сууж байна гэж хэлсэн...Д.Е гэх залуугаас юу болсон талаар асуухад “би нэг хүүхнээс 30.000 төгрөг авах гээд маргалдаад зогсож байхад Б гэх залуу хүрч ирээд нөгөө эмэгтэйг явуулчихсан, тэрнээс болоод зодоон болсон...гэжээ. /хх-25/,

Шүүх эмнэлгийн 2019 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн №4395 дугаар дүгнэлтэнд:

Хэсэг газрын үзлэгт: зүүн нүдний алимны гадна хэсэг хүрэн улаан өнгийн цус хуралттай, зүүн хөмсөгний гадна хэсэгт 4x2,5см, зүүн хацрын хажуу дээд хэсэгт 4хЗсм, эрүүний зүүн доод хэсэгт 5x1,5см, баруун сарвууны дээд хэсэгт олон тооны хүрэн улаан өнгийн тав нь захаасаа хууларсан зулгаралттай.

ДҮГНЭЛТ:

1. Д.Е-н биед тархи доргилт, баруун чихний хэнгэргэн хальсны цоорол, зүүн нүдний алиманд цус хуралт, зүүн хөмсөг, зүүн хацар, эрүү, баруун сарвуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна.

4. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /хх-33/,

Шүүгдэгч Б.Бмөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ:

...байрныхаа үүдэнд гараад орцны хажууд хүнтэй уулзах гээд хүлээгээд зогсож байхад Етэй гэдэг залуу үл таних эмэгтэйгийн араас хөөгөөд байсан. Тэгтэл нөгөө эмэгтэй ахаа авраарай гээд гүйж ирснээ миний гарнаас бариад авахаар нь яасан бэ, цагдаа дуудаа гэж хэлэхэд цаанаас нь Етэй хүрч ирснээ “энэ эмэгтэй миний 30.000 төгрөгийг авчихсан, мөнгөө авмаар байна” гээд нөгөө эмэгтэйг цохих гээд дайрахаар нь би зүгээр байгаач ээ гэж хэлэхэд Етэй намайг цохих гээд дайрахаар нь “би чамтай асуудал үүсгэмээргүй байна, чамтай зодолдохгүй” гэж хэлээд зугтаахад араас хөөгөөд намайг бариад авахаар нь би гарыг нь тавиулаад байрны нөгөө тал руу зугтаасан. Тэр хооронд нөгөө эмэгтэй надтай хамт зугтаж байгаад өөр тийшээ гүйгээд явчихсан. Етэй миний араас хөөгөөд намайг бариад авахаар нь...манай байрны залуу хажуугаар явж байснаа хүрч ирээд Етэйг татаад надаас холдуулсан...Би цагдаа иртэл босгохгүй гээд Етэйгийн дээр нь дарж суусан. Етэй босох гээд газар тийчлээд байхаар нь “чамайг цагдаад өгнө, цагдаад дуудлага өгчихсөн байгаа, чи зүгээр бай” гэж хэлээд гараараа толгой дээр нь хэд хэдэн удаа цохиж алгадсан...гэжээ. /хх-46-49/,

Шүүгдэгч Б.Бгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-43/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-56/, оршин суугаа хаягын тодорхойлолт /хх-57/, бусад лавлагаа /хх-58-59/, хохирлын мөнгө хүлээлгэн өгсөн баримт /хх-61/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгч Б.Бт холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Б.Бнь 2019 оны 04 дүгээр сарын 02-ноос 03-нд шилжих шөнө 00 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, 44 дүгээр байрны урд иргэн Д.Етэй маргалдаж, улмаар толгой хэсэгт нь гараараа цохиж, эрүүл мэндэд нь тархи доргилт, баруун чихний хэнгэргэн хальсны цоорол, зүүн нүдний алиманд цус хуралт, зүүн хөмсөг, зүүн хацар, эрүү, баруун сарвуунд зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь

Хохирогч Д.Ен өгсөн “...Б хүрч ирээд миний дээр дараад суусан...миний дээр дарж сууж байгаад гараараа толгой руу хэд хэдэн удаа цохисон...Миний чих, толгой руу Б цохиж гэмтэл учруулсан...” гэх мэдүүлэг /хх-18-19/,  

Гэрч О.Эн өгсөн “...эрэгтэй эмэгтэй хоёр хүн хоорондоо маргалдаад...тэр эрэгтэй нөгөө эмэгтэйгээсээ миний 30.000 төгрөгийг өг гээд хашгираад байсан...” гэх мэдүүлэг /хх-24/,

Гэрч Б.Өийн өгсөн ”...зодоон болоод байна гэх дуудлага мэдээллийн дагуу цагдаа жолооч цагдаагийн ахлах ахлагч М.Ггийн хамт очиход цэнхэр бэлтгэлийн цамцтай, саарал бэлтгэлийн өмдтэй залуугийн дээр нэг залуу дараад суучихсан байдалтай байсан... иргэн Д.Егийн биеийн байдал муудаж 103 дуудаж үзүүлэхэд эмч үзээд баруун чихнээс нь цус гарсан байна. ГССҮТ эмнэлэгт авч явж үзнэ гээд аваад явсан...” гэх мэдүүлэг /хх-25/,

“...Д.Е-н биед тархи доргилт, баруун чихний хэнгэргэн хальсны цоорол, зүүн нүдний алиманд цус хуралт, зүүн хөмсөг, зүүн хацар, эрүү, баруун сарвуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо...” гэх дүгнэлт /хх-33/,

Шүүгдэгч Б.Бийн яллагдагчаар өгсөн “...Би цагдаа иртэл босгохгүй гээд Етэйгийн дээр нь дарж суусан. Етэй босох гээд газар тийчлээд байхаар нь “чамайг цагдаад өгнө, цагдаад дуудлага өгчихсөн байгаа, чи зүгээр бай” гэж хэлээд гараараа толгой дээр нь хэд хэдэн удаа цохиж алгадсан...” гэх мэдүүлэг /хх-46-49/ зэрэг хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.

Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан, ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бол Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулахаар хуульчилсан байна.

Хууль зүйн хувьд Б.Бнь хохирогч Д.Ег эмэгтэй хүнээс мөнгө нэхлээ гэх шалтгааны улмаас зодож бие махбодийн хүчирхийлэл үйлдэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан байгаа нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзнэ.

Иймд шүүгдэгч Б.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан улсын яллагчийн саналыг хүлээн авч тус зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Энэ гэмт хэргийн улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь энэ гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагаварт тооцогдох бөгөөд хохирогч Б.Бнь эмчилгээний зардалд 1.200.000 төгрөг төлүүлж авсан, гомдол саналгүй, одоо нэхэмжилсэн зүйлгүй байна.

Шүүгдэгч Б.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байх ба шүүгдэгч нь хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж буй хувийн байдал зэргийг харгалзан прокурорын саналын хүрээнд дээрхи зүйл, хэсэгт зааснаар торгох ялыг оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Б.Бт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсан ба цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн 1 ширхэг СД-ийг хэрэгт хавсарган үлдээж, хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг,  36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.12, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Н овогтБ.Бийг  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт зааснаар Б.Бийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.Бторгох ялын биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1  хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 4. Б.Бцагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, хохирогч Д.Е нэхэмжлэх зүйлгүй гэснийг,  Б.Бийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн СД-ийг хэрэгт хавсарган үлдээсүгэй.

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих  эрхтэйг дурдсугай.

6. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Бт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

         ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Ц.ОЮУНЧИМЭГ