Улсын дээд шүүхийн Тогтоол

2023 оны 04 сарын 26 өдөр

Дугаар 80

 

Ж.Дд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Улсын дээд шүүхийн шүүгч М.Пүрэвсүрэн даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, С.Батдэлгэр, Б.Батцэрэн, Б.Цогт нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор О.Сарангэрэл, шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Батзаяа, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

 

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 15ы өдрийн 223 дугаар шийтгэх тогтоол, Хэнтий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 09 дүгээр магадлалтай, Ж.Дд холбогдох 2239002570353 дугаартай хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч М.Билгүтэй, Ц.Батзаяа нарын гаргасан гомдлыг үндэслэн 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Цогтын танилцуулснаар хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1983 онд төрсөн, 39 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ял шийтгэлгүй, Д.

 

Шүүгдэгч Ж.Д нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ эхнэр Г.Ө-ыг 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдөр ... тоот гэртээ хэрүүл маргаан үүсгэж, улмаар гэмтэл учруулахгүйгээр зодсон,

мөн 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдөр эхнэр Г.Ө-ыг гэртээ гэмтэл учруулахгүйгээр зодсон,

2022 оны 06 дугаар сарын 28-ны шөнө 01 цагийн орчим согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ эхнэр Г.Ө-ыг гэртээ зодож эрүүл мэндэд нь умайн доргилт бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан,

2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын нутаг дэвсгэрт гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн буюу эхнэр Г.Ө-ы хуваарьт эд хөрөнгө буюу хувийн хэрэгцээний эд зүйлсийг Хэнтий аймгийн ... тоотод иргэн О-ын гэрт байхад нь авч яван эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд нь халдаж гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэргүүдэд тус тус холбогджээ.

 

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Ж.Дыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1, 1.3, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2239002570353 дугаартай хэргээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1, 1.3-т заасан хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож,

шүүгдэгч Ж.Дыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

шүүгдэгч Ж.Дыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар таван зуун жаран цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1.1-д заасныг баримтлан шүүгдэгч Ж.Дд оногдуулсан таван зуун жаран цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял дээр нэмж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авч,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.2, 3 дахь хэсгийн 3.1-т заасныг тус тус баримтлан шүүгдэгч Ж.Дд оногдуулсан таван зуун жаран цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын хугацаанд зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэж, Хэнтий аймгийн ... тоотод хаягт очих, хохирогч Г.Ө-тай харилцахыг хязгаарлаж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ж.Дд оногдуулсан ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг,

мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ж.Дд шүүхээс хүлээлгэсэн үүргийг, тогтоосон хязгаарлалтыг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг, албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг тус тус мэдэгдэж,

хохирогч Г.Ө- нь гэмт хэргийн улмаас үүссэн хохирол, хор уршигтай холбоотой 3.250.000 /гурван сая хоёр зуун тавин мянга/ төгрөгийн баримтаа бүрдүүлж, Ж.Даас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэсэн байна.

 

Хэнтий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Ж.Дд холбогдох эрүүгийн хэргийг Хэнтий аймгийн прокурорын газарт буцааж, хэргийг прокурорт очтол шүүгдэгч Ж.Дд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

 

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч М.Билгүтэй, Ц.Батзаяа нар хамтран гаргасан гомдолдоо “... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлд давж заалдах шатны шүүхээр гаргах шийдвэрийг хуульчилсан. Уг зүйлд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг прокурорт буцаах хуулийн заалт огт байхгүй. Гэтэл давж заалдах шатны шуух Ж.Дд холбогдох эрүүгийн хэргийг шийдвэрлэхдээ өөрт хуулиар олгоогүй эрхийг хэрэгжүүлж шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Хуулийн уг заалтаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох эрх хэмжээг л хуулиар давж заалдах шатны шүүхэд олгосон.

Энэ тохиолдолд давж заалдах шатны шүүхийн магадлал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй бөгөөд өөрөөр хэлбэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1.2, 1.3-т заасан “Хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, “Хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн” гэж үзэх үндэслэлд хамаарахаар байгаа болно.

Түүнчлэн давж заалдах шатны шүүх магадлалын үндэслэлээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.3 заасныг үндэслэл болгодог бөгөөд энэхүү хуулийн заалт нь шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.2-т заасан заалтад л хамаарах “хэргийг хэрэгсэхгүй болгох” тохиолдолд л хэрэглэх хуулийн заалт болно.

Хүчин төгөлдөр үйлчилж байгаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд “Хэргийг прокурорт буцаах эрх хэмжээг давж заалдах шатны шүүхэд олгоогүй.

Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3-т заасан гэмт хэргийн талаар “... үйл баримтуудыг нотлохдоо хуульд заасныг зөрчиж цуглуулж шалгаж, бэхжүүлж авсан гэх мэдүүлгийн болон мэдүүлгийн бус нотлох баримтуудыг нотлох баримтаар тооцохгүй...” гэж хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийсэн.

Харин давж заалдах шатны шүүх “... Б.Цолмонхүү, Р.Болор-Эрдэнэ, Н.Номинтунгалаг            нар мөрдөн шалгах ажиллагаа явуулах албаны даргын шийдвэрээр тухайн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулсан гэх баримт хэрэгт байхгүй байна. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарыг, мөн хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль энэ хууль бусад хуулийн заалтыг чанд сахина гэсэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх зарчмыг тус тус гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна. Харин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчлийг үндэслэн Ж.Дд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3 дахь хэсэгт заасан хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-т заасан гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хуульд нийцээгүй байна гэж зөрүүтэй дүгнэлт хийжээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1, 1.3-т заасан гэмт хэргийн тухайд:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт Энэ хуульд заасан үндэслэл, журмыг зөрчиж авсан баримтад мэдээллийг нотлох баримтаар тооцохгүй. гэж заасан үндэслэл бий болж байх тул нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.11 дүгээр зүйлийн 1.1-д “энэ хуульд заасныг зөрчиж мэдүүлэг авсан” гэж заасантай нийцэж байгаа юм.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.11 дүгээр зүйлийн 2.3-т “Тодорхой мөрдөн шалгах ажиллагаагаар цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтын заримыг нь нотлох баримтаар тооцохгүй байх” гэж хуульчилсан бөгөөд мөрдөгч гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад хуульд заасан эрх, үүргийн дагуу, эсхүл прокурорын даалгавраар энэ хуулиар харьяалуулсан эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулна.” гэж заасан.

Энэ хуулиар мөрдөгчид мөрдөн шалгах ажиллагаа явуулах эрх, үүрэг үүсэх талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.3 дугаар зүйлийн 1.2-т “Мөрдөн шалгах ажиллагаа явуулах үүргийг нэг, эсхүл хэд хэдэн мөрдөгчид даалгах”, мөн 1.3-т “Шаардлагатай гэж үзвэл тухайн хэрэгт хяналт тавьж байгаа прокурорт мэдэгдэж хэргийг нэг мөрдөгчөөс нөгөө мөрдөгчид шилжүүлэх”, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 2.10-д “энэ хуульд заасны дагуу мөрдөн шалгах ажиллагаа явуулах зөвшөөрлийг мөрдөгчид олгох” гэж зааснаар даалгасан шинжтэй мөрдөн шалгах ажиллагаа явуулах албаны даргын тогтоолоор, эсхүл прокурорын зөвшөөрөл, даалгавраар мөрдөгчид хуульд заасан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.2 дугаар зүйлд заасан эрх, үүрэг үүснэ.

Гэтэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.2 дугаар зүйл, 6.3 дугаар зүйлийн 1.2, 1.3, мөн хуулийн 4.1 дүгээр зүйлийн 2.10-д заасан үндэслэлүүдээр эрх, үүрэг үүсээгүй мөрдөгчид тухайн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж нотлох баримтыг цуглуулж, шалгаж, бэхжүүлж авсан нөхцөл байдал тогтоогдож байна.

Нотлох баримт гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу олж авсан аливаа баримтат мэдээллийг нотлох баримт гэнэ.” гэж тодорхойлсон.

Энэ хуульд тодорхойлж өгсөн нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Мөрдөгч энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу нотлох баримтыг цуглуулж, шалгаж, бэхжүүлнэ” мөн хуулийн 16.1 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт Энэ хуульд заасан үндэслэл журмыг зөрчиж авсан баримтат мэдээллийг нотлох баримтаар тооцохгүй.” гэж тус тус заасан.

Үүнтэй холбоотойгоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.2 дугаар зүйлд заасан эрх үүрэг үүсээгүй буюу мөрдөн шалгах ажиллагаа явуулах эрхгүй мөрдөгч нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад цуглуулж, шалгаж, бэхжүүлж авсан бүх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт Энэ хуульд заасан үндэслэл, журмыг зөрчин цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцэж байгаа эсэхийг харгалзан бүхэлд нь эсхүл зарим хэсгийг нь тодорхой мөрдөн шалгах ажиллагаагаар цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтын зармыг нотлох баримтаар тооцохгүй хууль зүйн үндэслэлтэй юм.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа хүчин төгөлдөр үйлчилж байгаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу явагдана” гэсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хязгаарыг,

Мөн хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина.” гэж заасны дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх зарчмыг мөрдөж эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулах ёстой байтал тус тус зөрчсөн өмгөөлөгчдийн үзэж байна.

Б.Цолмонхүү, Р.Болор-Эрдэнэ, Н.Номинтунгалаг нарын мөрдөн шалгах ажиллагаа явуулж цуглуулж, шалгаж, бэхжүүлж авсан нотлох баримтууд нь хуульд тодорхойлж өгсөн нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт Мөрдөгч энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу нотлох баримтыг цуглуулж, шалгаж, бэхжүүлнэ гэснийг зөрчсөн.

Түүнчлэн мөрдөн шалгах ажиллагаа явуулах прокурорын даалгавар, мөрдөн шалгах ажиллагаа явуулах албаны даргын тогтоолгүйгээр мөрдөн шалгах ажиллагаа явуулж цуглуулж, шалгаж, бэхжүүлж авсан нотлох баримтууд нь шүүгдэгч Ж.Дыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1, 1.3-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцоход хангалттай бус, эргэлзээтэй нөхцөл байдлыг үүсгэж байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

 

Мөн шатны шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Батзаяа хэлсэн саналдаа “... бичгээр гаргасан гомдлоо бүхэлд нь дэмжиж байна. Анхан шатны шүүх хэргийг үндэслэлтэй зөв шийдвэрлэсэн. Харин давж заалдах шатны шүүх хуулиар өөрт олгогдоогүй эрх хэмжээний хүрээнд шийдвэр гаргасан. Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлд заагаагүй үндэслэлээр шийдвэр гаргасан. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлд заасан шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлийг гаргаагүй учир шийтгэх тогтоолыг хүчингүй болгох шаардлагагүй. Харин зорчих эрхтэй холбоотой асуудлыг шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах замаар шийдвэрлэх боломжтой байсан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, магадлалыг хүчингүй болгож өгнө үү” гэв.  

 

 Прокурор О.Сарангэрэл шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.2 дугаар зүйлд мөрдөгч хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад хуульд заасан эрх, үүргийн дагуу, эсхүл прокурорын даалгавраар энэ хуулиар харьяалуулсан эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулах талаар хуульчилсан. Өөрөөр хэлбэл, мөрдөгч нь мөрдөн байцаалтын ажиллагааны явцад болон прокурорын даалгаварт заасан ажиллагааг хийх ёстой. Үүнээс гадна прокурорын зөвшөөрлөөр явуулах мөрдөн шалгах ажиллагаа, мөрдөгчийн бие даан явуулах мөрдөн шалгах ажиллагааг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1 дүгээр зүйлд зохицуулсан. Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.3 дугаар зүйлд мөрдөн шалгах ажиллагаа явуулах албаны даргын эрх хэмжээг хуульчилсан. Тодруулбал, хэргийг шуурхай шалгаж шийдвэрлэх үүднээс мөрдөн шалгах ажиллагаа явуулах үүргийг нэг, эсхүл хэд хэдэн мөрдөгчид даалгах, шаардлагатай гэж үзвэл тухайн хэрэгт хяналт тавьж байгаа прокурорт мэдэгдэж хэргийг нэг мөрдөгчөөс нөгөө мөрдөгчид шилжүүлэх зэрэг зохион байгуулалтын шинжтэй арга хэмжээ авах ёстой. Энэ хэрэгт хохирогч Г.Ө-, гэрч н.У, н.Д, н.Б, н.Т, н.У, н.Ю нараас хуульд заасан журмын дагуу мэдүүлэг авсан байна. Өөрөөр хэлбэл эдгээр нотлох баримтуудыг хууль бусаар цуглуулж бэхжүүлсэн гэж үзэх боломжгүй. Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.11 дүгээр зүйлд заасан нотлох баримтаар тооцохгүй үндэслэл илрээгүй. Анхан шатны шүүх мөрдөн шалгах албаны даргад хуулиар олгосон эрх хэмжээг үүрэг болгосон хэм хэмжээ гэж тайлбарлан хуульд заасан журмын дагуу цуглуулсан нотлох баримтыг нотлох баримтаар тооцоогүй нь үндэслэлгүй болжээ. Түүнчлэн шүүгдэгчийг оршин суугаа хаягтаа очиж хохирогчтой уулзахыг хориглосон нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлд заасныг буруу хэрэглэсэн төдийгүй Үндсэн хуулийг зөрчсөн байна. Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон нь үндэслэлтэй. Харин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн өөрчлөлтөөр хүчингүй болгосон хэргийг буцаах зохицуулалтыг сэргээн хэрэглэсэн нь буруу байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалыг тус тус хүчингүй болгох дүгнэлтийг гаргаж байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Анхан шатны шүүх нь нотолгооны эх сурвалж, нотлох баримт цуглуулж бэхжүүлэх ажиллагааны тухайд үндэслэл бүхий дүгнэлт хийсэн боловч хэргийг илт үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгосны улмаас шүүхийн тогтоолд заасан дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцээгүй байна гэж хяналтын шатны шүүхээс дүгнэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь гэмт хэргийг шуурхай бүрэн илрүүлж, гэмт хэрэг үйлдсэн хүнийг олж тогтоон шударгаар ял оногдуулахаас гадна хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршино.

Мөрдөгч, прокурор, шүүгч хэн боловч хууль дээдлэх зарчмын дагуу хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулийн заалтыг чанд сахиж хэлбэрэлтгүй мөрдөж хэрэгжүүлэх үүрэгтэй бөгөөд хуулиар тогтоосон журмыг баримтлаагүй, хуулийг зөрчиж гаргасан шийдвэр хүчингүйд тооцогддог нь хууль хэрэглээний хэвшиж тогтсон жишиг юм.    

Гэвч тухайн шийдвэр хүчингүйд тооцогдсоноор шүүгдэгчид ял завших боломжийг олгох ёсгүйгээс гадна гэмт хэргийн улмаас бие махбодийн болон эд хөрөнгийн хохирол хүлээсэн хүний хууль ёсны эрх ашигт сөргөөр нөлөөлж зөрчигдсөн эрхийг нь нөхөн сэргээхэд харшлах шалтгаан болох учиргүй.

Өөрөөр хэлбэл, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хэрэгжүүлэгч хэн нэгний санаатай болон болгоомжгүй үйл ажиллагаанаас улбаатай сөрөг үр дагавар нь хэргийн зүйлчлэлийг өөрчлөх, гэмт хэргийн шинжийг үгүйсгэх нөхцөл байдал биш болно.  

Мөн анхан шатны шүүх “үйл баримт бол гэмт хэрэг мөн” гэж тодорхойлсон нь учир дутагдалтай бөгөөд гэмт хэрэг хэрхэн үйлдэгдсэнийг тогтооход ач холбогдол бүхий баримт сэлтийг цуглуулж бэхжүүлсэн мөрдөгчийн үйл ажиллагааны зөрчлийг гэмт хэргийг үгүйсгэх, гэмт хэрэг үйлдсэн хүний хууль бус үйлдлийг цагаатгах, гэмт явдлыг зөвтгөх үндэслэлд тооцож хэрхэвч болохгүй.

Тухайлбал, анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим зүйл, заалтыг хэт явцуу байдлаар тайлбарлаж, нэр бүхий мөрдөгч нарыг “мөрдөх албаны даргын тогтоолоор томилогдоогүй” гэсэн үндэслэлээр тэдний цуглуулсан нотлох баримт болох хохирогч, гэрчийг байцаасан тэмдэглэлүүдийг бүхэлд нь нотлох баримтаар тооцохгүй хэмээн дүгнэж Ж.Дын холбогдсон гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх хэргийг хэрэгсэхгүй болгосон нь учир дутагдалтай, энэ талаарх давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэл бүхий болжээ.

Харин давж заалдах шатны шүүх нь анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгохдоо хүчингүй болсон хуулийн заалтыг агуулгаар нь сэргээн хэрэглэж, Ж.Дд холбогдох хэргийг прокурорт буцаахаар шийдвэрлэсэн нь хуульд нийцэхгүй тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг “илт үндэслэлгүйгээр хэргийг хэрэгсэхгүй болгосон” гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон давж заалдах шатны шүүхийн магадлалын “... хэргийг Хэнтий аймгийн прокурорт буцаасугай” гэсэн хэсгийг хүчингүй болгосон өөрчлөлтийг оруулж, хэргийг илт үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээлгэхээр гаргасан шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.2-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Хэнтий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 09 дүгээр магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтын “... хэргийг Хэнтий аймгийн прокурорт буцаасугай” гэсэн хэсгийг хүчингүй болгосон өөрчлөлтийг магадлалд оруулж, шүүгдэгчийн өмгөөлөгч М.Билгүтэй, Ц.Батзаяа нарын хамтран гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

                       ДАРГАЛАГЧ                                                           М.ПҮРЭВСҮРЭН

 

                  ШҮҮГЧ                                                           Б.АМАРБАЯСГАЛАН

 

                                                                              С.БАТДЭЛГЭР

 

                                                                              Б.БАТЦЭРЭН

 

                                                                     Б.ЦОГТ