| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэндийн Цогт |
| Хэргийн индекс | 128/2025/0194/З |
| Дугаар | 001/ХТ2025/0107 |
| Огноо | 2025-12-02 |
| Маргааны төрөл | Бусад, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2025 оны 12 сарын 02 өдөр
Дугаар 001/ХТ2025/0107
“Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт холбогдох
захиргааны хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч шүүгч: Д.Батбаатар
Танхимын тэргүүн: Д.Мөнхтуяа
Шүүгчид: Г.Банзрагч
П.Соёл-Эрдэнэ
Илтгэгч шүүгч: Ц.Цогт
Нарийн бичгийн дарга: Б.Энхжаргал
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 128/ШШ2025/0387 дугаар шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 221/МА2025/0545 дугаар магадлалтай,
Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 471 дүгээр хэлэлцүүлэх тогтоолтой захиргааны хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.С, Ж.Н, Б.Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.У, А.У, Г.А нарыг оролцуулан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэлийн шаардлага:
1.“Б” ХХК-ийн 2023 оны 5, 6 дугаар саруудын эрүүл мэндийн тусламж үйлчилгээний төлбөр болох 570,193,750 төгрөгийг олгохоос татгалзсан 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 06/4336 дугаар захиргааны актыг хууль бус болохыг тогтоолгох, 570,193,750 төгрөгийг олгохыг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт даалгах.
Хэргийн нөхцөл байдал:
2.Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 06/4336 дугаар албан бичгээр “... хяналтаар Эрүүл мэндийн сайдын 2019 оны “Эрүүл мэндийн салбарын статистик, мэдээ мэдээллийн журам, бүртгэлийн маягтыг шинэчлэн батлах тухай” 611 дүгээр тушаалын 11 дүгээр хавсралт, Эрүүл мэндийн бүртгэлийн маягт СТ-1, 6-р маягтаар батлагдсан “Мэс заслын тэмдэглэл”, “Мэс заслын өмнөх дүгнэлтийн хуудас”-ыг огт хөтлөөгүй, өвчний түүхэнд хавсаргаагүйн улмаас нэхэмжлэлийн нарийвчилсан хяналтын шалгуур хангаагүй” хэмээн 7 зөрчлийг жагсаан нэхэмжлэгчид хүргүүлжээ.
3.Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “... Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын 2023 оны 05, 06 дугаар сарын нэхэмжлэлийг олгохгүй байгаа үйлдэл нь хууль бус. Холбогдох журмын дагуу цаг хугацаанд нь төлбөрийн нэхэмжлэх, өвчтөний эмчилгээний түүхийг илгээсэн бөгөөд журам болон гэрээнд заасан шалгууруудыг хангасан, санхүүжүүлэхгүй байх нөхцөл бүрдээгүй. Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлөөс 2022 оны 12 дугаар тогтоолоор баталсан “Чанар, төлбөрийн хяналтын журам”-д амжилтгүй нэхэмжлэл хэмээн үзэх талаар зохицуулалт байхгүй. Гэтэл энэ журамд үндэслэн төлбөр олгохоос татгалзсан хариуцагчийн тайлбар үндэслэлгүй. Чанар, төлбөрийн хяналтын журамд төлбөрийг гүйцэтгэхгүй байх 3 үндэслэлийг заасан. Тухайн үндэслэл манай тохиолдолд хамаарахгүй” гэж,
4.Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч буй татгалзлын үндэслэлээ “... “Чанар, төлбөрийн хяналтын журам”-ын 3.4, 4.1.2.2-т зааснаар нэхэмжлэлийн хяналтыг хэрэгжүүлсэн. Нэхэмжлэгчийн ирүүлсэн түүвэрлэгдсэн тохиолдлын баримтууд нь журмын хавсралтад заасан нэхэмжлэлийн нарийвчилсан хяналтын шалгуурыг хангаагүй. Гэрээний 2.1.6-д заасныг үндэслэн тусламж, үйлчилгээний төлбөр олгох боломжгүй. Эрүүл мэндийн сайдын 2019 оны “Эрүүл мэндийн салбарын статистик, мэдээ, мэдээллийн журам, бүртгэлийн маягтыг шинэчлэн батлах тухай” А/611 дүгээр тушаалыг өмчийн бүх хэлбэрийн эрүүл мэндийн байгууллага хэрэгжүүлэн ажиллах үүрэгтэй” гэж маргажээ.
Анхан шатны шүүхийн шийдвэр:
5.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 128/ШШ2025/0387 дугаар шийдвэрээр: Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.1, 14 дүгээр зүйлийн 14.8.7, 16 дугаар зүйлийн 16.1.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч “Б” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 06/4336 дугаартай албан бичгээр 2023 оны 05, 06 дугаар саруудын эрүүл мэндийн тусламж үйлчилгээний төлбөрийг олгохоос татгалзсан нь хууль бус болохыг тогтоож, тус хугацаанд үзүүлсэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрт 570,193,750 төгрөгийг “Б” ХХК-д олгохыг хариуцагч Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт даалгаж шийдвэрлэсэн.
Давж заалдах шатны шүүхийн магадлал:
6.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 221/МА2025/0545 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 128/ШШ2025/0387 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдлыг хангахгүй орхижээ.
Хяналтын журмаар гаргасан гомдол:
7.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.У шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргажээ.
7.1.Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.8.7-д “даатгалын гэрээний дагуу худалдан авсан эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанарын болон төлбөрийн хяналтыг хэрэгжүүлэх журмыг олон улсын эмнэл зүйн удирдамж ашиглан батлах;” гэж хуулиар тусгайлан эрх олгосон заалтын дагуу Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлөөс “Чанар, төлбөрийн хяналтын журам”-ыг баталсан.
7.2.Дээрх журмын 3.4-т “Олон улсын эмнэл зүйн удирдамж ашиглан аргачлалын дагуу боловсруулсан нэхэмжлэлийн хяналтын шалгуурыг энэхүү журмын нэгдүгээр хавсралтад заасан бөгөөд уг шалгуурыг баримталж чанар, төлбөрийн хяналтыг хийж нэхэмжлэлийг хянана.”, 4.1,2.2-т “Чанар, төлбөрийн хяналтыг хийж нэхэмжлэлийг хянахдаа зөвхөн энэхүү журмын хавсралтаар батлагдсан шалгуурыг баримтлах” гэж зааснаар нэхэмжлэлийн хяналтыг хэрэгжүүлэн ажилласан.
7.3.Хяналтаар “Б” ХХК-аас ирүүлсэн түүвэрлэгдсэн тохиолдлын баримтууд нь “Чанар, төлбөрийн хяналтын журам”-ын хавсралтад заасан нэхэмжлэлийн хяналтын шалгуурыг хангаагүй болно.
7.4.Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ худалдан авах гэрээний 2.1,6-д эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.8.6, 14.8.7-д заасан холбогдох журмын шалгуурыг хангаагүй тусламж, үйлчилгээний тохиолдлын төлбөрийн санхүүжүүлэхгүй байх гэснийг үндэслэн тусламж, үйлчилгээний төлбөр олгох боломжгүй.
7.5.Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ худалдан авах гэрээний 1.2-т “Талууд үйл ажиллагаандаа Захиргааны ерөнхий хууль, Эрүүл мэндийн даатгалын тухай хууль, Эрүүл мэндийн тухай хууль, Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хууль холбогдох бусад хууль, тэдгээрт нийцүүлэн эрх бүхий байгууллагаас баталсан журам, заавар болон энэхүү гэрээг дагаж мөрдөнө.” гэж заасан.
7.6.Эрүүл мэндийн сайдын 2019 оны “Эрүүл мэндийн салбарын статистик, мэдээ, мэдээллийн журам, бүртгэлийн маягтыг шинэчлэн батлах тухай” А/611 дүгээр тушаалын 3 дахь заалтаар “бүртгэл, тайлангийн маягтуудыг хэвлүүлэх хөрөнгийн эх үүсвэрийг жил бүрийн төсөвт тусгах, өвчний түүхийг архивлах, хадгалах өрөөг орчин үеийн шаардлагад нийцсэн тоног төхөөрөмжөөр тоноглохыг аймаг, нийслэлийн эрүүл мэндийн байгууллагын дарга, захирал нарт үүрэг болгосугай.” гэж, 4 дэх заалтаар “тушаалыг 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөн ажиллахыг өмчийн бүх хэлбэрийн эрүүл мэндийн байгууллагын дарга, захирал нарт даалгасугай.” гэжээ. Иймд Сайдын тушаалыг өмчийн бүх хэлбэрийн эрүүл мэндийн байгууллага хэрэгжүүлэн ажиллах үүрэгтэй. Гэтэл “Б” ХХК нь мэс заслын тэмдэглэл, мэс заслын өмнөх дүгнэлт хуудсыг огт хэрэглэдэггүй, өөрсдөдөө тохируулан гаргаж баталсан гэх маягтаар тэмдэглэл хөтлөн нэхэмжлэлээ илгээдэг.
7.7.Сайд 2019 оны А/611 дүгээр тушаалаар загвар батлаагүй маягт баталсан. Гэтэл давж заалдах шатны шүүх маргаан бүхий харилцаанд Эрүүл мэндийн сайдын А/611 дүгээр тушаалын хавсралтаар батлагдсан маягтыг хэрэглэх ёсгүй гэж үзсэн нь үндэслэл бүхий болж чадаагүй. Гэрээний 2.4.3-д “нарийвчилсан хяналт хийхээр сонгосон түүврийн жагсаалтыг эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг худалдан авагчаас хүлээн авснаас хойш ажлын 1 хоногт багтаан холбогдох маягтуудын дагуу гаргаж хүргүүлэх” гэж заасан үүргийг нэхэмжлэгч байгууллага хүлээдэг.
7.8.Гэтэл гэрээний нэг тал болох нэхэмжлэгч байгууллага нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэн ажиллаагүй. Эрүүл мэндийн даатгалын байгууллага нь Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлөөс 2022 оны 12 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Чанар, төлбөрийн хяналтын журам”-д заасан шалгуур хангасан эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд төлбөр олгох чиг үүргийг хэрэгжүүлдэг.
7.9.Чанар, төлбөрийн хяналтын журмын 3.1.1 дэх заалтаар нэхэмжлэлийн хяналтын төрлүүдийг заасан бөгөөд 3.2-т “3.1.1-д заасан нэхэмжлэлийн хяналт нь эрүүл мэндийн байгууллагаас даатгуулагчид үзүүлсэн тусламж, үйлчилгээнд үндэслэн төлбөр төлөх тухай илгээсэн хүсэлт буюу нэхэмжлэлд ЭМДЕГ-ын зүгээс чанар, төлбөрийн хяналт хийж төлбөр төлөх үйл явц” гэж заасан. Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
8.Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 471 дүгээр тогтоолоор хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.1, 123.2.3-т заасан үндэслэлээр хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.
ХЯНАВАЛ:
9.Шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэлээ.
10.Шүүхийн шийдвэрийн дагуу хариуцагчаас “Б” эмнэлгийн хэвтүүлэн эмчлэх мэс заслын тусламж, үйлчилгээний 2023 оны 05, 06 дугаар сарын түүвэрлэгдсэн 60 тохиолдолд нэхэмжлэлийн нарийвчилсан хяналт хийж, Чанар, төлбөрийн хяналтын журамд заасан нэхэмжлэлийн нарийвчилсан хяналтын шалгуурыг хангаагүй үндэслэлээр тусламж, үйлчилгээний төлбөрийг олгохоос татгалзжээ.
11.Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 06/4336 дугаар албан бичгээр “... хяналтаар Эрүүл мэндийн сайдын 2019 оны “Эрүүл мэндийн салбарын статистик, мэдээ мэдээллийн журам, бүртгэлийн маягтыг шинэчлэн батлах тухай” 611 дүгээр тушаалын 11 дүгээр хавсралт, Эрүүл мэндийн бүртгэлийн маягт СТ-1, 6-р маягтаар батлагдсан “Мэс заслын тэмдэглэл”, “Мэс заслын өмнөх дүгнэлтийн хуудас”-ыг огт хөтлөөгүй, өвчний түүхэнд хавсаргаагүйн улмаас зөрчил илэрч, нэхэмжлэлийн нарийвчилсан хяналтын шалгуур хангаагүй” талаар хариуг хүргүүлсэн байна.
12.Нэхэмжлэгчээс “... “Б” ХХК-ийн нарийвчилсан хяналт хийлгэхээр түүвэрлэгдсэн өвчний мэдээлэл нь зохих шалгууруудыг хангаж байхад үндэслэлгүйгээр шалгуур хангаагүй мэтээр тайлбарлаж байна, Чанар, төлбөрийн хяналтын журамд төлбөрийг гүйцэтгэхгүй байх 3 үндэслэлийг заасан. Тухайн үндэслэл манай тохиолдолд хамаарахгүй. Манайд хамаарахгүй шаардлагаар үнэлсэн, мэс заслын тэмдэглэл гэж өөрсдийн баталсан актыг хөтөлдөг” зэргээр тайлбарлан маргажээ.
13.Анхан шатны шүүх маргааныг шийдвэрлэхэд хамааралгүй асуудалд дүгнэлт хийж, Эрүүл мэндийн даатгалын тухай хууль, Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2022 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 12 дугаар тогтоолоор баталсан “Чанар, төлбөрийн хяналтын журам”-ын холбогдох заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн, давж заалдах шатны шүүх энэхүү алдааг залруулаагүйн улмаас шийдвэр, магадлал үндэслэл бүхий болж чадаагүй байна.
14.Тодруулбал, шийдвэрийн үндэслэх нь хэсгийн 9-д “... нэхэмжлэлд төлбөрийн хяналт хийх ёстой атал эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанарын хяналтад хамаарах ... зөрчил гаргасан хэмээн төлбөр олгохоос татгалзсан”, 12-т “... журмын 3.7, гэрээний 2.1.7-д заасан төлбөр олгохоос татгалзах тохиолдлууд үүсээгүй, хариуцагчаас энэ үндэслэлээр татгалзаагүй бөгөөд хүлээн зөвшөөрсөн атлаа чанараас шалтгаан төлбөр төлөхөөс татгалзсаныг хуульд заагаагүй үндэслэлээр шийдвэр гаргасан гэж үзнэ”, 13-т “... нэгэнт даатгуулагчийн худалдан авсан үйлчилгээний төлбөрийг төлөхөөс татгалзах эрхгүй, төлбөрийн хяналт хийхэд даатгуулагч эрүүл мэндийн даатгалын сангаас зардлын төлбөрийг хариуцагч үйлчилгээг авсан эсэхийг хянахаас биш үзүүлсэн үйлчилгээний чанарт хяналт хийхгүй, энэ үндэслэлээр татгалзах эрхгүй”, 15-д “... гэрээгээр тохиролцсон чанартай үйлчилгээ үзүүлэх үүргээ биелүүлээгүй үндэслэлээр гэрээг цуцлах эсэхийг шийдвэрлэхэд хамаарах асуудал бөгөөд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний төлбөрийг олгохтой огт хамааралгүй асуудал байна” гэх зэргээр хууль, журамд заасан чанар, төлбөрийн хяналтын шалгуурт заагдсан асуудлаар хэргийн оролцогчдын маргаж буй асуудалд өгөлгүй хэргийг шийдвэрлэжээ.
15.Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.8.Үндэсний зөвлөл дараах эрхтэй, 14.8.7.даатгалын гэрээний дагуу худалдан авсан эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанарын болон төлбөрийн хяналтыг хэрэгжүүлэх журмыг олон улсын эмнэл зүйн удирдамж ашиглан батлах, 16 дугаар зүйлийн 16.1.3-т “даатгуулагчийг төлөөлж эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэгч байгууллагатай тусламж, үйлчилгээ худалдан авах даатгалын гэрээ байгуулах, гэрээний биелэлтэд хяналт тавих, дүгнэх”, 16.1.5-д “даатгуулагчид үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар болон зардлын төлбөрт хяналт тавьж, энэ хуулийн 14.8.7-д заасан журамд тусгагдсан шалгуур хангасан эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд төлбөр олгох” гэж тус тус зааснаар эрүүл мэндийн даатгалын байгууллага нь гэрээний биелэлтэд хяналт тавих, журамд заасан “чанар болон зардлын төлбөр”-ийн шалгуур хангасан тусламж, үйлчилгээнд төлбөр олгох үүрэгтэй.
16.Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2022 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 12 дугаар тогтоолоор баталсан “Чанар, төлбөрийн хяналтын журам”-ын 3.7-д нэхэмжлэхийг хянаад 3.7.1, 3.7.2, 3.7.3-т заасан зөрчил илэрсэн тохиолдолд төлбөрийг олгохоос татгалзахаар заасан. Энэ нь эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ худалдан авах гэрээний 2.1.7-д заасан тусламж, үйлчилгээний төлбөрийг санхүүжүүлэхээс татгалзах үндэслэлд хамаарч байна.
17.Харин журмын 4.1.1.5-д чанар, төлбөрийн хяналтыг хийж, түүврийн тохиолдлуудаас шалгуур хангаагүй хасагдлын хувийг нийт нэхэмжлэлийн мөнгөн дүнгээс хасаж тооцохоор заасан. Энэ нь эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ худалдан авах гэрээний 2.1.6-д заасан журмын шалгуурыг хангаагүй тусламж, үйлчилгээний тохиолдлын төлбөрийг санхүүжүүлэхгүй байх үндэслэлд хамаарахаар байна.
18.Чанар, төлбөрийн хяналтын журмын 3.1-д “Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас худалдан авах тусламж, үйлчилгээний чанар, төлбөрийн хяналт нь дараах төрлүүдтэй байна”, Үүнд: 3.1.1-д “Нэхэмжлэлийн хяналт”, 3.1.1.2-т “Нарийвчилсан хяналт” гэж зааснаар Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас түүвэрлэгдсэн 60 тохиолдолд журмын 3.1.1.2-т заасан нэхэмжлэлийн нарийвчилсан хяналт хийсэн. Харин нарийвчилсан хяналтын хүрээнд түүвэрлэгдсэн өвчний мэдээлэл нь зохих шалгуур хангасан эсэх дээр буюу гэрээний 2.1.6-д заасан тусламж, үйлчилгээний тохиолдлын төлбөрийг санхүүжүүлээгүйтэй холбоотой маргаан гарсан.
19.Гэтэл анхан шатны шүүх зөвхөн журмын 3.7, гэрээний 2.1.7-д заасан үндэслэлээр эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг санхүүжүүлэхээс татгалзах эрхтэй, нэхэмжлэлийн хяналтын хүрээнд тусламж, үйлчилгээний тохиолдлын төлбөрийг санхүүжүүлэхээс татгалзах эрхгүй мэтээр маргаанд шууд хамааралгүй асуудлаар дүгнэлт хийсэн байна.
20.Энэ тохиолдолд нэхэмжлэгч хуулийн этгээд батлагдсан “Мэс заслын тэмдэглэл”, “Мэс заслын өмнөх дүгнэлтийн хуудас” маягтыг хөтлөх үүрэгтэй эсэх, нэхэмжлэгчийн бөглөж илгээсэн баримт нарийвчилсан хяналтын шалгуурыг хангасан эсэхэд шүүхээс дүгнэлт хийж, хэрэг маргааныг шийдвэрлэх ёстой байтал маргааны үйл баримтыг буруу тодорхойлж, хэргийг шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэж заасанд нийцэхгүй.
21.Иймд нэхэмжлэгч хуулийн этгээдийн илгээсэн өвчний мэдээлэл, баримт нь “Чанар, төлбөрийн хяналтын журам”-ын хавсралтад заасан нэхэмжлэлийн нарийвчилсан хяналтын шалгуур хангасан эсэх, нэхэмжлэгч, хариуцагчийн маргаж буй Эрүүл мэндийн сайдын 2019 оны “Эрүүл мэндийн салбарын статистик, мэдээ мэдээллийн журам, бүртгэлийн маягтыг шинэчлэн батлах тухай” 611 дүгээр тушаалын 11 дүгээр хавсралт, Эрүүл мэндийн бүртгэлийн маягт СТ-1, 6-р маягтаар батлагдсан “Мэс заслын тэмдэглэл”, “Мэс заслын өмнөх дүгнэлтийн хуудас”-ыг заавал хөтлөх шаардлага тавигдах эсэх, нэхэмжлэгчийн өөрийн боловсруулан бөглөж буй маягт нь хэлбэр, агуулгын хувьд дээрх батлагдсан маягтад нийцэх эсэхэд шүүхээс дүгнэлт хийх шаардлагатай.
22.Ийнхүү шүүхүүдээс нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага, хариуцагчийн татгалзлын хууль зүйн үндэслэлд дүгнэлт хийгээгүй энэ тохиолдолд хяналтын шатны шүүхээс хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаав.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 20-ны 128/ШШ2025/0387 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 221/МА2025/0545 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийн дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.5-д зааснаар Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны тогтоол шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд тогтоолд гомдол гаргахгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Д.МӨНХТУЯА
ШҮҮГЧИД Г.БАНЗРАГЧ
П.СОЁЛ-ЭРДЭНЭ
Ц.ЦОГТ