Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 2017/ДШМ/031

 

*******өд холбогдох эрүүгийн хэргийн тухай

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч М.Мөнхдаваа даргалж, шүүгч Д.Эрдэнэбилэг, Т.Даваасүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор В.Дэлгэрмаа

Хохирогч *******

Яллагдагчийн өмгөөлөгч *******

Нарийн бичгийн дарга Ч.Цэрэндулам нарыг оролцуулан;

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбатын гаргасан 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 133 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор В.Дэлгэрмаагийн бичсэн 2017 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 12 тоот эсэргүүцлээр *******өд холбогдох эрүүгийн 201705000053 дугаартай хэргийг 2017 оны 5 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч Ерөнхий шүүгч М.Мөнхдаваагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, ******* ******* овогт *******ын *******, 1979 оны 10 дугаар сарын 15-нд Баянхонгор аймгийн Баянхонгор суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Баянхонгор аймаг, Баянхонгор сум, 1 дүгээр баг, 60-16 тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, регистрийн дугаар /*******/

******* нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2016 оны 12 дугаар сарын 26-наас 2016 оны 12 дугаар сарын 27-нд шилжих шөнө Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газрын саатуулах байранд албадан саатуулах үед саатуулах байрны цагдаа *******ыг хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэж байхад нь нүүрэн тус газар нь гараараа 1 удаа цохиж хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлсэн гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Баянхонгор аймгийн прокурорын газраас *******өд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 230 дугаар зүйлийн 230.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх: Яллагдагчид холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг шүүхээс нөхөн гүйцэтгэх боломжгүй бүрэн биш хийсэн гэж үзэх дараах үндэслэл, нотолгоо тогтоогдов.

Баянхонгор аймгийн прокурорын газраас 38 дугаартай яллах дүгнэлтийг үйлдэж яллагдагч *******өд холбогдох 20170500053 дугаартай хэргийг шийдвэрлүүлэхээр Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэнийг Шүүх байгуулах тухай хуулийн 2 дугаар зүйл “Анхан шатны шүүхийн байршил, тэдгээрийн нутаг дэвсгэрийн харьяаллыг дор дурдсанаар тогтооно” гэсэн заалтыг зөрчиж огт байхгүй шүүхэд хэргийг шилжүүлсэн гэж үзнэ.

Мөн яллах дүгнэлтийн хавсралтыг үйлдэхдээ хэд дугаартай яллах дүгнэлтийн хавсралт эсэх нь тодорхойгүй, “энэ хэргийн цагдан хоригдсон хоноггүй болно” гэсэн нь утга агуулгын алдаатай, ойлгомжгүй бичигдсэн байгааг зөвтгөх нь зүйтэй.

2017 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 27 дугаартай “байцаан шийтгэх ажиллагаанд оролцогчоос гаргасан хүсэлтийг хангахаас татгалзах тухай” прокурорын тогтоолын 1 дэх заалтаар “өмгөөлөгч *******гаас танаас гаргасан хүсэлтийг хэсэгчлэн хангасугай” гэж шийдвэрлэсэн байгаа нь хууль ёсны болж чадаагүй байна. Мөн тогтоолын 3 дахь заалтаар “Энэ шийдвэрийг хүсэлт гаргагч нь эс зөвшөөрвөл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 106 дугаар зүйлд заасны дагуу тогтоолтой танилцсан өдрөөс хойш 7 хоногийн дотор дээд шатны прокурорт гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай” гэж шийдвэрлэсэн атлаа тухайн хэргийг 2017 оны 5 дугаар сарын 9-ний өдөр шүүхэд шилжүүлсэн байгаа нь хүсэлт гаргасан оролцогчийн дээд шатны прокурорт хандан гомдол гаргах эрхийг ноцтой зөрчиж, эдлүүлээгүй байна. Уг тогтоолд хүсэлт гаргагч болон бусад этгээд 7 хоногийн дотор гомдол гаргаж түүнийг нь эрх бүхий албан тушаалтан Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасны дагуу шийдвэрлэхээр хуульчилсан байхад хэргийн оролцогчийн уг эрхийг нь эдлүүлээгүй нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчсөн байна.

2017 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 9 дугаартай “сэжигтэнд холбогдох зарим хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” прокурорын тогтоолын огноо болон гарчиг нь гараар засварласан засвартай, зарим сэжигтэнд холбогдох үйлдлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж байгаа гэж ойлгож болохоор байгаа ч энэ нь уг тогтоолын шийдвэрлэх гэж байгаа асуудал биш юм. Уг прокурорын тогтоолоор зарим сэжигтэнд холбогдох үйлдлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй. Эрүүгийн хэргийг прокурорт шилжүүлэх тогтоолын 2 дахь заалтаар 20170500053 дугаартай 1 хавтас хэдэн хуудастай хэргийг прокурорт шилжүүлсэн болох нь тодорхойгүй байна.

Хавтаст хэргийн 233-234 дүгээр талд мөрдөн байцаалтын ажиллагааг дуусгаж, хэргийн материалыг байцаан шийтгэх ажиллагаанд оролцогчдод танилцуулсан тэмдэглэл үйлдэгдсэн байгаа ба уг тэмдэглэлд “оролцогч нарт 1-ээс 226 хүртэл дугаартай 226 хуудас бүхий 1 хавтастай хэргийн материалыг танилцуулсан” гэжээ. Хавтаст хэргийн 227-232 дугаар талд авагдсан баримтууд болох 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 2 дугаартай прокурорын “байцаан шийтгэх ажиллагаанд оролцогчоос гаргасан хүсэлтийг хэсэгчлэн хангах тухай" тогтоол, прокурорын газрын хариу мэдэгдэх хуудас, 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл зэргийг оролцогч нарт танилцуулаагүй байна.

Баянхонгор аймгийн ЗДТГ-ийн дэргэдэх эд хөрөнгө үнэлэх орон тооны бус комиссын 2017 оны 3 дугаар сарын 4-ний өдрийн шинжээчийн дүгнэлтээр яллагдагч ******* болон иргэн ******* нарт учирсан хохирлыг тогтоосон байна. Уг хохирлыг хэн учруулсан, хэн хэрхэн барагдуулсан болон барагдуулах эсэх тодорхойгүй байна. Энэ талаар ямар нэгэн ажиллагаа огт хийгдээгүй байна.

2017 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн болон 2017 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн “Шинжээч томилж, шинжилгээ хийлгэх” мөрдөн байцаагчийн тогтоолоор Баянхонгор аймаг дахь шүүхийн шинжилгээний албаны кримналистикийн шинжээчийг томилсон байна. Уг тогтоолоос үзэхэд шинжээчид ямар баримт материал, эд зүйл хүлээлгэн өгсөн, шинжээч юуг 2017 оны 2 дугаар сарын 21-нд хүлээн авч байгаа нь тодорхойгүй байна.

Мөн шинжилгээ хийсэн гэх хувцасыг хэзээ хурааж авсан эсэх талаар баримт хэрэгт байхгүй байна.

2017 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн “Шинжээч томилж, шинжилгээ хийлгэх” мөрдөн байцаагчийн тогтоолоос үзэхэд шинжилгээ хийлгэх гэж байгаа хантаазыг шинжилгээний албанд хүргүүлээгүй, шинжээч ямар нэгэн материал, эд зүйл хүлээж аваагүй атлаа шинжээчийн дүгнэлт гаргасан байна.

Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 029 дугаартай шинжээчийн дүгнэлтээр цагдаа зохицуулагч Т.Маналын өмсөж байсан гэх ******* өнгийн хантаазыг шинжлэж, уг хантаазанд шинэвтэр урагдал гэмтэл үүссэн гэжээ.

Уг хэрэг 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр болсон байхад 2017 оны 3 дугаар сарын 13-ны өдөр уг урагдсан гэх хантаазанд шинжилгээ хийлгэх гэж байгаа нь ямар учир шалтгаантай эсэхийг тогтоох, мөн уг хантаазыг хэзээ хурааж авсан эсэх нь тодорхойгүй байна. Уг хантаазанд үүссэн урагдал нь шинэвтэр гэсэн байх тул шинжилгээ хийхээс ямар хугацааны өмнө урагдсан гэмтлийг шинэвтэр гэх, 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр урагдсан гэмтлийг шинжилгээ хийх үеийн байдлаар шинэвтэр гэж үзэх эсэх нь илт эргэлзээ төрүүлж байна. Иймд үүнийг тодруулах нь зүйтэй.

Мөн яллагдагч *******ийг цагдаагийн албан хаагчийн хууль ёсны шаардлагыг эсэргүүцсэн зөрчлийн улмаас эрүүлжүүлсэн гэжээ. Хавтаст хэрэгт ******* нь цагдаагийн хэзээ, юу гэж шаардсан шаардлагыг биелүүлээгүй нь хөндлөнгийн ямар нэгэн нотлох баримтаар тогтоогдоогүй. Тухайлбал 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 23 цагийн үеийн Баянхонгор сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр Титэм дэлгүүрийн урд талын замын байдлыг харуулсан камерын бичлэгийг хуулбарлан авч хэрэгт хавсаргах бүрэн боломжтой байхад аваагүй байна.

Харин цагдаа цохиулсан гэсэн байдлаар хандаж зөвхөн эрүүлжүүлэх, баривчлах байрны 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн камерын бичлэгийг хуулбарлан авсан байгааг хэт нэг талыг барьж мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан гэж үзнэ. Энэ талаар цагдаагийн газрын холбоо мэдээллийн инженер Г.Мөнгөнсүхээс “яагаад нэг өдөр бичигдсэн 2 өөр газрын камерын бичлэгийн нэгийг нь хуулбарлаж аваад нөгөөг нь хуулбарлаж аваагүй устгуулсан эсэхийг" асууж тодруулах нь зүйтэй. Мөн цагдаагийн энгэрийн камер зүүж хэрэглэдэг эсэх, албаны үүрэг гүйцэтгэж байхдаа хэрэглэж байсан тээврийн хэрэгсэл нь дуу болон дүрс хураадаг камертай эсэхийг тогтоох, яллагдагч *******ийн эсэргүүцсэн гэх үйлдэл нь дуу дүрсээр бичигдсэн эсэх нь ач холбогдолтой.

*******ын жолоодож явсан гэх 21-22 УНИ улсын дугаартай Ландкрузер маркийн тээврийн хэрэгслийг зогсоож шалгах гэхэд шалгуулаагүй зугтаасныг үүрэг гүйцэтгэж байсан цагдаагийн алба хаагч нараас өөр хүн харсан эсэх, тухайн цаг хугацаанд замын хөдөлгөөнд өөр бусад тээврийн хэрэгсэл оролцож байсан эсэх, тэдгээр нь тухайн үйлдлийг харсан эсэхийг тогтоох боломжтой байхад энэ талаар ямар ч ажиллагаа хийгээгүй байна.

Мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих дээрх ажиллагааг хийгээгүй байна гэж шүүхээс үзэв.

Иймд дээр дурьдсан ажиллагааг шүүх нөхөн гүйцэтгэх боломжгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэхгүй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих дээрх ажиллагааг хийгээгүй байна гэж үзэн, уг ажиллагааг шүүх нөхөн гүйцэтгэх боломжгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэхгүй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчихгүй гэж хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаан шийдвэрлэжээ.

Прокурор В.Дэлгэрмаа 2017 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 12 дугаар эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийн зарим заалт нь хууль ёсны ба үндэслэлтэй байх шаардлагыг хангаагүй, захирамжид дурдсан дүгнэлт нь хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй, хэт нэг талыг барьж хянасан гэж үзэхээр байна.

1. Захирамжинд Баянхонгор аймгийн прокурорын газраас 38 дугаартай яллах дүгнэлтийг үйлдэж яллагдагч *******өд холбогдох 201705000053 дугаартай хэргийг шийдвэрлүүлэхээр Сум дундын эрүүгийн хэргийг шилжүүлсэнийг Шүүх байгуулах тухай хуулийн 2 дугаар зүйл "Анхан шатны байршил тэдгээрийн нутаг дэвсгэрийн харьяаллыг доор дурдсанаар тогтооно" гэсэн заалтыг хүлээн зөвшөөрч байгаа хэдий ч эрүүгийн 201705000053 дугаартай хэргийг шүүхэд шилжүүлсэн байхад захирамжинд эрүүгийн 20170500053 дугаартай буюу өөр дугаартай хэргийг шилжүүлсэнээр бичсэн гэж заасан нь үндэслэлгүй байна.

2. 2017 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 27 дугаартай “байцаан шийтгэх ажиллагаанд оролцогчоос гаргасан хүсэлтийг хангахаас татгалзах тухай” прокурорын тогтоолын 1 дэх заалтаар “өмгөөлөгч *******гаас танаас гаргасан хүсэлтийг хэсэгчлэн хангасугай" гэж шийдвэрлэсэн байгаа нь хууль ёсны болж чадаагүй гэсэн заалтыг хүлээн авах үндэслэлтэй байна. Харин мөн тогтоолын 3 дахь заалтаар "Энэ шийдвэрийг хүсэлт гаргагч нь эс зөвшөөрвөл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 106 дугаар зүйлд заасны дагуу тогтоолтой танилцсан өдрөөс хойш 7 хоногийн дотор дээд шатны прокурорт гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай” гэж шийдвэрлэсэн атлаа тухайн хэргийг 2017 оны 5 дугаар сарын 9-ний өдөр шүүхэд шилжүүлсэн байгаа нь хүсэлт гаргасан оролцогчийн дээд шатны прокурорт хандан гомдол гаргах эрхийг ноцтой зөрчиж эдлүүлээгүй байна. Уг тогтоолд хүсэлт гаргагч болон бусад этгээд 7 хоногийн дотор гомдол гаргаж түүнийг нь эрх бүхий албан тушаалтан Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасны дагуу шийдвэрлэхээр хуульчилсан байхад хэргийн оролцогчийн уг эрхийг нь эдлүүлээгүй нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчсөн гэсэн заалт нь үндэслэлгүй.

Учир нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1 дэх хэсэгт “Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүхийн шийдвэр, үйл ажиллагааны талаарх гомдлыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үед шатанд гаргаж болно” 109.2 дахь хэсэгт заасан “Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан, хэргийг хэрэгсэхгүй болгосон бол энэ хуульд заасан хугацаанд гомдол гаргаж болно” гэж тус тус хуульчилсан байдаг бөгөөд прокурор эрүүгийн хэрэгт яллах дүгнэлт үйлдэн гэм буруутай эсэхийг нь шүүхээр тогтоолгохоор шилжүүлж буй эрх зүйн хэлбэр учраас тухайн хэргийг эцэслэн шийдвэрлэсэн шийдвэр гэж үзэхгүй байна.

Тиймээс байцаан шийтгэх ажиллагаанд оролцогч буюу хүсэлт гаргагч нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасны дагуу хэргийн оролцогчийн гомдол гаргах эрх нь хэвээр хадгалагдаж байгаа тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчөөгүй гэж үзнэ.

3. 2017 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 9 дугаартай "сэжигтэнд холбогдох зарим хэргийг хэрэгсэхгүй болгох тухай" прокурорын тогтоолын огноо болон гарчиг нь гараар засварласан засвартай, зарим сэжигтэнд холбогдох үйлдлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж байгаа гэж ойлгож болохоор байгаа ч энэ нь уг тогтоолын шийдвэрлэх гэж байгаа асуудал биш юм. Уг прокурорын тогтоолоор зарим сэжигтэнд холбогдох үйлдлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзсэн нь үндэслэлгүй. Учир нь эрүүгийн 201705000053 дугаартай *******, ******* нарт холбогдох хэргээс сэжигтэн *******ын 2016 оны 12 дугаар сарын 26-наас 2016 оны 12 дугаар сарын 27-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Номгон 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Титэм дэлгүүрийн урд талын зам дээр албан үүргээ гүйцэтгэж байсан замын цагдаагийн зохицуулагч Б.Содномдаржаагийн зогсоох шаардлагыг биелүүлээгүй, цагдаа Т.Манал, А.Батхуяг, Б.Содномдаржаа нарыг албан үүргээ гүйцэтгэж байхад нь хэл амаар доромжилсон гэх хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн бөгөөд яллагдагч *******өд холбогдох хэргээс түүний зарим үйлдлийг хэрэгсэхгүй болгосон тогтоол биш юм. Мөн прокурорын тогтоолын огноо, гарчиг засвартай байгаа нь хэргийг эцэслэн шийдвэрлэхэд ач холбогдолтой гэж үзэхгүй юм. Шүүгч зарим сэжигтэнд холбогдох үйлдлийг хэрэгсэхгүй болгуулах нь гэж байгаа нь огт буруу буюу ******* нь эрүүгийн хуулийн тусгай ангийн 230 дугаар зүйлийн 230.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн сэжигтэн бөгөөд түүнийг өөр гэмт хэргүүдэд сэжиглэн шалгаагүй. Тиймээс түүний холбогдсон хэргийг хэрэгсэхгүй болгож байгаа тул хэргийг хэрэгсэхгүй болгох нь хуульд нийцнэ.

4. Хавтаст хэргийн 227-232 дугаар талд авагдсан баримтууд болох 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 2 дугаартай прокурорын "байцаан шийтгэх ажиллагаанд оролцогчоос гаргасан хүсэлтийг хэсэгчлэн хангах тухай" тогтоол, прокурорын газрын хариу мэдэгдэх хуудас, 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл зэргийг оролцогч нарт танилцуулаагүй байна гэжээ.

2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 2 дугаартай прокурорын "байцаан шийтгэх ажиллагаанд оролцогчоос гаргасан хүсэлтийг хэсэгчлэн хангах тухай" тогтоол, прокурорын газрын хариу мэдэгдэх хуудас зэргийг хавтаст хэрэгт хавсаргасан бөгөөд тухайн хүсэлт гаргагч этгээдэд нь албан ёсоор хариуг Прокурорын газрын хариу мэдэгдэх хуудсаар хүргүүлсэн учир хэргийг оролцогч нар танилцаагүй байх учиргүй, мөн хэргийн материалыг хэргийн оролцогч нар нь бүрэн танилцсан эсэхийг шүүх хуралдааны явцад оролцогчдоос тодруулан асуун эрхээ эдэлсэн үгүйг нь тогтоох боломжтой. Мөн хэрэгт торгох ялын биелэлтийг хангуулах үүднээс яллагдагч *******ийн эд хөрөнгийг битүүмжлэн өөрт нь хариуцуулан өгсөн байхад хэргийн оролцогч нар уг эд хөрөнгө битүүмжилсэн тогтоолтой бүрэн танилцсан гэж үзнэ. Мөн эрүүгийн 201705000053 дугаартай хэргийг шийдвэрлүүлэхээр шилжүүлсэн байхад шүүхээс буцаасан захирамжид эрүүгийн 20170500053 дугаартай буюу өөр хэргийг прокурорт шилжүүлсэнээр бичсэн байгаа нь үндэслэлгүй байна.

5. Баянхонгор аймгийн Засаг даргын тамгын газрын дэргэдэх эд хөрөнгө үнэлэх орон тооны бус комиссын 2017 оны 3 дугаар сарын 4-ний өдрийн шинжээчийн дүгнэлтээр яллагдагч ******* болон иргэн ******* нарт учирсан хохирлыг тогтоосон байна. Уг хохирлыг хэн учруулсан, хэн хэрхэн барагдуулсан болон барагдуулах эсэх тодорхойгүй байна. Энэ талаар ямар нэгэн ажиллагаа огт хийгдээгүй гэж үзэх үндэслэлгүй. Учир нь сэжигтэн *******, яллагдагч ******* нар нь мөрдөн байцаалтын ажиллагааны явцад тухайн хэрэг учрал болох үед өмсөж байсан хувцас нь урагдсан гэж мэдүүлэг өгсөн бөгөөд хэргийг тал бүрээс нь бодитой нотолж шийдвэрлэхийн тулд урагдсан гэх хувцаснуудад шинжээч томилж дүгнэлт гаргуулсан, урагдсан гэх хувцаснуудыг хэн урсаныг тогтоох зорилгоор гэрч нараас сайтар тодруулж асуусан бөгөөд сэжигтэн, яллагдагч нар нь цагдаагийн албан хаагчийн тавьсан хууль ёсны шаардлагыг эсэргүүцсэн үйлдлийн улмаас урагдсан байх үндэслэлтэй хэдий ч албан үүргээ гүйцэтгэж яваа төрийн албан хаагч нь тухайн этгээдэд учирсан хохирлыг нөхөн төлөх үүрэггүй.

6. Шинжээч томилж шинжилгээ хийлгэх мөрдөн байцаагчийн тогтоолыг шинжээч нь хэзээ хүлээн авсан нь тогтоолд тодорхой байгаа төдийгүй шинжээчийн дүгнэлт гаргахдаа нүдээр үзэн гаргасан урагдсан хувцаснууд, тэдгээрийг хүлээн авч дүгнэлт гаргасан нь шинжээчийн дүгнэлтэнд дагалдах гэрэл зургийн үзүүлэлтээр тогтоогдож байгаа.

Мөн мөрдөн байцаагчийн зүгээс тухайн дүгнэлт гаргуулсан хувцаснуудыг сэжигтэн, яллагдагч нараас түр хураан авч шинжилгээ хийлгүүлсэний үндсэн дээр эд зүйл хүлээлгэн өгөх тэмдэглэлээр буцаан хүлээлгэн өгсөн баримтууд хавтаст хэрэгт бүрэн авагдсан болно.

7. Хэрэг 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр болсон байхад 2017 оны 3 дугаар сарын 13-ны өдөр уг урагдсан гэх хантаазанд шинжилгээ хийлгэсэн байна гэжээ. Шинжээч нь тухайн урагдсан гэх хантаазыг нүдээр үзэж дүгнэлтийг гаргасан бөгөөд тухайн урагдлыг харуулсан гэрэл зургийг дүгнэлтэд хавсаргасан, ямар учраас хантаазны урагдлыг шинэ гэж гаргасан болохыг шинжээч П.Хонгорзулаас тодруулж асуусан бөгөөд хэргийг тал бүрээс нь бүрэн нотлохын тулд тухайн үед замын цагдаагийн эргүүлд гарч байсан Т.Маналыг хантаазанд шинжилгээ хийлгэсэн болно.

8. Яллагдагч *******ийг албадан саатуулах үед шаардлага тавьсан цагдаагийн албан хаагчийг эсэргүүцэн, албадан саатуулагдаж байгаадаа дургүйцсэн үйлдлээ илэрхийлж хохирогч *******ын нүүрэн тус газар нь санаатайгаар саатуулах өрөөний сараалжин хаалганы засвараар гараа гарган цохиж байгаа үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 230 дугаар зүйлийн 230.1 дэх хэсэгт зааснаар ял сонсгон яллагдагчаар татсан бөгөөд тухайн өдрийн 23 цагийн орчимд Титэм дэлгүүрийн урд талын зам дээр зогсоох шаардлага тавьсаныг биелүүлээгүй гэж үзээгүй болно. Мөн тухайн үед саатуулах байранд жижүүрийн үүрэг гүйцэтгэж байсан хохирогч ******* нь албан үүргээ гүйцэтгэж цохиулсандаа гомдолтойгоо илэрхийлсэн учраас уг гомдлыг хянан шийдвэрлэхийн тулд үндэслэл бүхий нотлох баримт болох хяналтын камерын бичлэгийг хуулбарлаж авсан байдаг бөгөөд Титэм худалдааны төвийн хяналтын камерын бичлэг нь ямар учраас устсан, яагаад хуулбарлаж аваагүй зэргийг Цагдаагийн газрын холбооны инженер болох Г.Мөнгөнсүхээс тодруулж түүнийг хэрэгт гэрчээр асуун энэ талаар сайтар тодруулж асуусан, мөн гэрч нарын мэдүүлэгт тухайн үед үүрэг гүйцэтгэж байхдаа энгэрийн камер зүүгээгүй байсан талаар мэдүүлсэн байдаг. Мөн тухайн үйл явдал нь 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 23 цагийн орчимд болсон бөгөөд захирамжинд 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 23 цагийн үед буюу болоогүй ирээдүй цаг хугацаанд болсон үйлдэл биш гэж үзэхээр байна.

9. Тухайн цаг хугацаанд замын хөдөлгөөн хэр байсан, хэн нэгэн этгээд тухайн үйл явдлыг харсан эсэх талаар гэрчүүдээс сайтар тодруулж асуусан бөгөөд дээр дурдсан асуудал нь хэрэгт ямар ч ач холбогдолгүй гэж үзнэ. Учир нь яллагдагч *******ийн саатуулагдах үедээ цагдаагийн албан хаагчийн тавьсан хууль ёсны шаардлагыг эсэргүүцсэн үйлдэлд гэм буруутай эсэхийг тогтоолгох гэж байгаа бөгөөд тухайн тээврийн хэрэгслийг зогсоох шаардлага биелүүлээгүй гэж үзээгүй болно.

Иймд шүүгчийн захирамжийн заалтууд нь үндэслэл муутай байх тул захирамжид эсэргүүцэлд дурьдсан үндэслэлүүдээр өөрчлөлт оруулуулахаар эсэргүүцэл бичсэн гэв.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхээс *******өд холбогдох хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр буцаасан шүүгчийн захирамжийг үндэслэл тус бүрээр нь хянан үзлээ.

Шүүгчийн захирамжид “...2017 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 9 дугаартай “сэжигтэнд холбогдох зарим хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” прокурорын тогтоолын огноо болон гарчиг нь гараар засварласан засвартай, зарим сэжигтэнд холбогдох үйлдлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж байгаа гэж ойлгож болохоор байгаа ч энэ нь уг тогтоолын шийдвэрлэх гэж байгаа асуудал биш юм. Уг прокурорын тогтоолоор зарим сэжигтэнд холбогдох үйлдлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй...” гэжээ.

Хавтаст хэргийн 1 дүгээр хавтасны 1-2-р талд авагдсан Баянхонгор аймгийн прокурорын газрын 2017 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн Аймгийн прокурор, хууль цаазын итгэмжит зөвлөх Ж.Уранцэцэгийн 03 тоот тогтоолоос үзвэл *******, ******* нарт тус бүр Эрүүгийн хуулийн 230 дугаар зүйлийн 230.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж сэжигтэнээр татан байцаалт авчээ. /хх-ийн 1-р хавтас 136-141-р тал/

*******т холбогдох Эрүүгийн хуулийн 230 дугаар зүйлийн 230.1 дэх хэсэгт заасан хэргийг Баянхонгор аймгийн прокурорын газрын прокурорын 2017 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 9 тоот тогтоолоор Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.1, 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв байна. /хх-ийн 1-р хавтас 237-р тал/

Учир нь *******т цагдаагийн албан хаагчийн тавьсан шаардлагыг эсэргүүцсэн гэх үйлдэлд нь эрүүгийн хэрэг үүсгэсэн, энэ хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдоогүй, гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж үзэн хэргийг нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй бөгөөд прокурорын тогтоол үндэслэлтэй гэж үзнэ. Хэдийгээр энэ талаар гарсан прокурорын тогтоолын огноо болон шийдвэрлэх асуудлын гарчигт гараар засвар хийсэн нь тухайн хэргийг шийдвэрлэхэд сөргөөр нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдохгүй байгаа болно.

Хэдийгээр хавтаст хэргийн 233-234 дүгээр талд мөрдөн байцаалтын ажиллагааг дуусгаж, хэргийн материалыг байцаан шийтгэх ажиллагаанд оролцогчдод танилцуулсан тэмдэглэлд оролцогч нарт 1-ээс 226 хүртэл дугаартай 226 хуудас бүхий 1 хавтастай хэргийн материалыг танилцуулсан гэсэн боловч 227-232 дугаар талд авагдсан баримтууд болох 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 2 дугаартай прокурорын “байцаан шийтгэх ажиллагаанд оролцогчоос гаргасан хүсэлтийг хэсэгчлэн хангах тухай" тогтоол, прокурорын газрын хариу мэдэгдэх хуудас, 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл зэрэг нь тухайн хэргийн яллагдагч *******ийн өмгөөлөгч *******гаас гаргасан хүсэлтийг шийдвэрлэсэн талаарх прокурорын тогтоол, түүнд хүсэлтийг нь хэрхэн шийдвэрлэсэн талаарх прокурорын газрын мэдэгдэх хуудас зэрэг авагдсан байгаа ба мөн яллагдагч *******ийн эд хөрөнгийг битүүмжилсэн тогтоол, хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл авагдсан, уг битүүмжилсэн тогтоол, тэмдэглэлтэй яллагдагч ******* нь танилцаж гарын үсэг зурсан байх тул хэргийн материалыг бүрэн гүйцэт танилцуулаагүй буюу Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 212 дугаар зүйлийг зөрчсөн гэж үзэх боломжгүй байна.

Хэрэгт авагдсан 2017 оны 5 дугаар сарын 9-ний өдрийн 38 тоот яллах дүгнэлт /хх-ийн 1-р хавтас 242-245-р тал/-ээс үзвэл прокуророос *******ийг согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2016 оны 12 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газрын саатуулах байранд албадан саатуулах үед саатуулах байрны цагдаа *******ыг хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэж байхад нь нүүрэн тус газар нь гараараа нэг удаа цохиж хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлсэн гэж ялласан бөгөөд тухайн хэрэгт замын цагдаагийн тасгын цагдаа, зохицуулагч Т.Маналыг хохирогчоор тогтоогоогүй, энэ үйлдэлд нь яллах дүгнэлт үйлдээгүй байх тул Т.Маналын өмсөж явсан гэх хантаазанд шинжилгээ хийсэн шинжээчийн дүгнэлтийг үнэлэхгүй байж болохоор Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 85 дугаар зүйлийн 85.4 дэх хэсэгт хуульчилсан байгааг анхаарвал зохино.

Мөн ******* болон *******т нарт учирсан хохирлын талаар тухайн этгээдүүд холбогдох газарт нь хүсэлтээ гаргуулан шийдвэрлүүлэх хуулийн бүрэн боломжтой, уг асуудлыг заавал энэ хэрэгтэй нэгтгэн шалгах шаардлагагүй болно.

Иймд хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр буцаасан шүүгчийн захирамжийн ******* болон иргэн ******* нарт учирсан хохирлыг тогтоосон, уг хохирлыг хэн учруулсан, хэрхэн барагдуулсан болон барагдуулах эсэх тодорхойгүй энэ талаар ямар нэгэн ажиллагаа хийгдээгүй гэх, шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тогтоолоос шинжээчид ямар баримт материал, эд зүйл хүлээлгэн өгсөн, шинжээч юуг хүлээн авч байгаа нь тодорхойгүй гэх шинжилгээ хийсэн гэх хувцасыг хэзээ хурааж авсан эсэх талаар баримт хэрэгт авагдаагүй, шинжилгээ хийлгэх гэж байгаа хантаазыг шинжилгээний албанд хүргүүлээгүй, шинжээч ямар нэгэн материал, эд зүйл хүлээж аваагүй атлаа шинжээчийн дүгнэлт гаргасан, хэрэг учрал 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр болсон байхад 2017 оны 3 дугаар сарын 13-ны өдөр уг урагдсан гэх хантаазанд шинжилгээ хийлгэх гэж байгааг тогтоох, мөн уг хантаазыг хэзээ хурааж авсан эсэх нь тодорхойгүй, уг хантаазанд үүссэн урагдал нь шинэвтэр гэсэн нь ямар хугацааны өмнө урагдсан гэмтлийг шинэвтэр гэх, 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр урагдсан гэмтлийг шинжилгээ хийх үеийн байдлаар шинэвтэр гэж үзэх эсэх нь илт эргэлзээ төрүүлж байна гэх, ******* нь цагдаагийн шаардсан ямар шаардлагыг биелүүлээгүйг тогтоох, Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр Титэм дэлгүүрийн урд талын замын байдлыг харуулсан камерын бичлэгийг хуулбарлан авч хэрэгт хавсаргуулах, зөвхөн эрүүлжүүлэх, баривчлах байрны 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн камерын бичлэгийг хуулбарлан авсан нь хэт нэг талыг барьж мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан, цагдаагийн газрын холбоо мэдээллийн инженер Г.Мөнгөнсүхээс нэг өдөр бичигдсэн 2 өөр газрын камерын бичлэгийн нэгийг нь хуулбарлаж аваад нөгөөг нь хуулбарлаж аваагүй устгуулсан эсэхийг тодруулах, цагдаагийн энгэрийн камер зүүж хэрэглэдэг эсэх, албаны үүрэг гүйцэтгэж байхдаа хэрэглэж байсан тээврийн хэрэгсэл нь дуу болон дүрс хураадаг камертай эсэхийг тогтоох, *******ийн эсэргүүцсэн гэх үйлдэл нь дуу дүрсээр бичигдсэн эсэх, *******ын жолоодож явсан гэх 21-22 УНИ улсын дугаартай Ландкрузер маркийн тээврийн хэрэгслийг зогсоож шалгах гэхэд шалгуулаагүй зугтаасныг үүрэг гүйцэтгэж байсан цагдаагийн алба хаагч нараас өөр хүн харсан эсэх, тухайн цаг хугацаанд замын хөдөлгөөнд өөр бусад тээврийн хэрэгсэл оролцож байсан эсэх, тэдгээр нь тухайн үйлдлийг харсан эсэхийг тогтоох гэсэн заалтууд нь үндэслэл муутай зарим нь нөхөн гүйцэтгэх боломжгүй заалтууд байгаа болно.

Одоо Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр Титэм дэлгүүрийн урд талын замын байдлыг харуулсан камерын бичлэг нь устсан, хуулбарлан авах боломжгүй талаар мэдүүлсэн Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газрын Төлөвлөлт зохион байгуулалтын тасгийн холбоо мэдээллийн инжинер цагдаагийн ахмад Г.Мөнгөнсүхийн мэдүүлэг хавтаст хэргийн 1 дүгээр хавтасны 88-90-р талд авагдсан байгааг анхаарвал зохино.

Дээр дурдсан зүйлүүд нь шүүхэд хэрэг хэлэлцэх ажиллагаа нь түүнийг шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор явагдахаар заасан хуулийн заалттай зөрчилдөхөөр байх тул дээрх заалтуудыг тус тус хүчингүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.

Харин анхан шатны шүүхийн “яллах дүгнэлтэд Шүүх байгуулах тухай хуулийн 2 дугаар зүйлийг зөрчсөн, яллах дүгнэлтийн хавсралтыг үйлдэхдээ хэд дугаартай яллах дүгнэлтийн хавсралт эсэх нь тодорхойгүй, утга агуулгын хувьд алдаатай, ойлгомжгүй бичигдсэн, байцаан шийтгэх ажиллагаанд оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг хязгаарласан” талаарх заалтууд үндэслэлтэй болсон байх тул эдгээр нөхцөл байдлуудыг зөвтгөсний эцэст хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Харин шүүгч захирамж гаргаж хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаахдаа хэргийн дугаарыг 20170500053 гэж буруу бичсэн, зарим үйл баримтын он дарааллыг 2017 гэж ирээдүй цагт бичсэн зэрэг техникийн алдаа гаргасан, энэ талаар прокурорын эсэргүүцэлд дурдсан нь үндэслэлтэй байгааг тэмдэглэв.

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 308 дугаар зүйлд заасны дагуу хэрэгт авагдсан материалыг үндэслэн зөвхөн прокурорын эсэргүүцэлд дурдсан зүйлээр хязгаарлахгүй хэргийг бүхэлд нь хянан үзсэн бөгөөд *******өд Цагдаагийн газрын замын цагдаагийн тасгийн зохицуулагч цагдаагийн ахлагч Т.Манал, цагдаагийн ахмад А.Батхуяг, цагдаагийн ахмад Б.Содномдаржаа нарын тавьсан шаардлагыг биелүүлээгүй, цагдаагийн албан хаагчийг хэл амаар доромжилсон, шуурхай албаны автомашины хаалгыг өшиглөсөн албадан саатуулах байрны цагдаа *******ын хамар тус газар цохиж хэл амаар доромжилсон гэж Эрүүгийн хуулийн 230 дугаар зүйлийн 230.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэсэн атлаа түүний замын цагдаагийн тасгийн зохицуулагч цагдаагийн ахлагч Т.Манал, цагдаагийн ахмад А.Батхуяг, цагдаагийн ахмад Б.Содномдаржаа нарын тавьсан шаардлагыг биелүүлээгүй, цагдаагийн албан хаагчийг хэл амаар доромжилсон, шуурхай албаны автомашины хаалгыг өшиглөсөн гэх үйлдлүүдийг хэрхэн шийдвэрлэсэн талаар ямар нэгэн баримт хэрэгт авагдаагүй байгааг мөн нэг мөр шийдвэрлэвэл зохино.

Иймд *******өд холбогдох хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр буцаасан анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид магадлалд дурдсан хэсэг болон энэ магадлалд заасан үндэслэлээр нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Цаашид нэгэнт хүчин төгөлдөр болж хэрэгт авагдсан нотлох баримтуудад ямар нэгэн байцаан шийтгэх ажиллагаа явуулж байгаа эрх бүхий этгээдүүд харандаа болон ямар нэгэн зүйлээр доогуур нь зурж, баллахгүй байх нь зүйтэйг дурдав.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар

зүйлийн 315.1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 133 дугаар захирамжийн Тодорхойлох хэсгийн энэ магадлалд дурдсан хэсгийг хүчингүй болгож, прокурор В.Дэлгэрмаагийн бичсэн 2017 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 12 тоот эсэргүүцлийн хянавал хэсгийн 3, 4, 5, 6, 7, 8, 9 дэх хэсгүүдийг хүлээн авч 1, 2 дахь хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 326 дугаар зүйлийн 326.1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн магадлалыг уншиж сонсгомогц нэн даруй заавал биелүүлэх бөгөөд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхгүй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ М.МӨНХДАВАА

        ШҮҮГЧИД Д.ЭРДЭНЭБИЛЭГ

                     Т.ДАВААСҮРЭН