Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 12 сарын 17 өдөр

Дугаар 221/МА2019/0668

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

“Р” ХХК-ийн гомдолтой

зөрчлийн хэргийг хянасан тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Д.Батбатар даргалж, шүүгч О.Номуулин, Э.Лхагвасүрэн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Отгон-Өлзий, гомдол гаргагч “Р” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Э нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 613 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч “Р” ХХК-ийн захирал Б.С давж заалдах гомдлоор, тус компанийн гомдолтой, Оюуны өмчийн газрын улсын байцаагч Б.Ц холбогдох зөрчлийн хэргийг шүүгч Э.Лхагвасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцээд,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. “Р” ХХК-ийн захирал Б.С 2019 оны 7 дугаар сарын 22-ны өдөр шүүхэд гаргасан гомдлын шаардлагадаа:

“Оюуны өмчийн газрын хяналтын улсын байцаагч Б.Ц 2019 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 1453118 дугаар шийтгэлийн хуудсыг илт хууль бус болохыг тогтоолгох”-ыг хүсчээ.

Хоёр. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 613 дугаар шийдвэрээр:

“Зөрчлийн тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан “Р” ХХК-ийн Оюуны өмчийн газрын хяналтын улсын байцаагч Б.Ц 2019 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 1453118 дугаар шийтгэлийн хуудсыг илт хууль бус болохыг тогтоолгох” гомдлыг шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

Гурав. “Р” ХХК-ийн захирал Б.С дээрх шийдвэрийг эс зөвшөөрч 2019 оны 11 дүгээр сарын 1-ний өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:

“... 1.Маргаан бүхий 1453118 дугаар “Шийтгэлийн хуудас”-ын 5 дахь хэсэгт тусгагдсан “А”, “Р” бүтээгдэхүүнийг хураан авсан шалтгаан нь барааны тэмдгийн зөрчилтэй гэдэг үндэслэл гаргасан байна. Энэ нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.1.2-д заасан “шинжилгээнд зориулж”, 4.5.1-д заасан “ач холбогдол бүхий эд зүйлийг хураан авна” гэсэнтэй зөрчилдөж байна.

Тухайн үед “А” вафлийн хувьд 56 ширхэг нэг бүр нь 790 төгрөгийн үнэ бүхий нийт 39,760 төгрөг, “Р” чихрийн хувьд 117 ширхэг нэг бүр нь 1370 төгрөгийн үнэ бүхий нийт 160,290 төгрөг. Нийлээд 200,050 төгрөгийн их хэмжээний тавиур дээр байсан бүх бүтээгдэхүүнийг үндэслэлгүйгээр хураан авсан.

Мөн Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.5.2-т заасан нөхцөлийн дагуу эд зүйлийг хураан авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 24.4 дүгээр зүйлд заасан журмыг баримтлаагүй буюу прокурорын зөвшөөрөлгүй хураан авсан.

Түүнчлэн эд зүйл, баримт бичгийг хураан авсан тухай тэмдэглэл нь ямар нэгэн гэрч, оролцогчгүйгээр явуулсан байна.

2. 2019 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 1453118 дугаар бүхий “Шийтгэлийн хуудас”-д эрх эзэмшигчийн зөвшөөрөлгүй “Км”, “К”, “М, “М, “А”, “К”, “Са”, “З”, “Р”, “К” зэрэг бүтээгдэхүүнийг эрхийн зөвшөөрөлгүй худалдаалсан гэсэн үндэслэлээр хяналтын улсын байцаагч шийтгэл оногдуулсан.

Энэхүү шийтгэлийг оногдуулахдаа 2019 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн “Зөрчлийн хэрэг нээх тухай тогтоол”-ын дагуу прокурорт бүртгүүлэн, зөрчлийн хэрэг нээсэн. Манай компаниас 2019 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр “Эд зүйл, баримт бичгийг хураан авсан тухай” тэмдэглэл дээр дурдсан 2 нэр төрлийн бүтээгдэхүүнийг хурааж авсан байна.

Энэхүү бүтээгдэхүүнүүд нь Беларусь Улсын “Спартак” үйлдвэрийн “А”, “Рачки с арахисом” нэртэй чихэрүүд байсан ба энэ нь 1902000168 дугаартай “Зөрчлийн хэрэг нээх тухай” тогтоолд дурдсан “К”, “К”, “М”, “П”, “М”, “А”, “К”, “С”, “З”, “Р”, “К” нэртэй адилхан бүтээгдэхүүн биш, гадна өнгө үзэмжээрээ ялгагдах чадвартай бүтээгдэхүүн байхад Зөрчлийн тухай хуулийн 8.5 зүйлийн 1 дэх хэсэгт заасан шийтгэлийг шинжээчийн дүгнэлт, хүчин төгөлдөр баримт нотолгоогүй буюу үндэслэлгүй оногдуулсанд манай компанийн зүгээс гомдолтой байна.

3. Шийтгэлийн хуудсанд “...Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.1-т заасан заалтын хүрээнд “К”, “К”, “М”, “П”, “М”, “А”, “К”, “С”, “З, “Р”, “Кс” нэртэй бүтээгдэхүүний хүрээнд асуудлыг шалгасан боловч үндэслэлгүйгээр “А” бүтээгдэхүүнийг зөвшөөрөлгүй худалдсан болох нь тогтоогдсон байна” гэсэн нь хамааралгүй зүйлийг тогтоож, шийтгэл оногдуулсан гэж үзэж байна.

4. Улсын байцаагчийн зүгээс 2019 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр “Эд зүйл, баримт бичгийг хураан авсан тухай тэмдэглэл” үйлдсэн. Үүний дараагаар Зөрчлийн хэргийн оролцогчтой уулзаж, нэмэлт тайлбар аваагүй, шинжээчийн дүгнэлтийг танилцуулж хэргийн материалд хийгээгүй. Шийтгэл оногдуулах тухай шийтгэлийн хуудсыг 2019 оны 5 дугаар сарын 17-ны өдөр гаргасан боловч тус хуудсыг хэргийн оролцогчид танилцуулаагүй нь Зөрчлийн хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан зөрчлийн хэргийг шийдвэрлэх дараалал, хавтаст хэргийн бүрдэлд байх ёстой баримтыг бүрдүүлээгүй байна.

Энэ нь эрх зүйн хэлбэрийн жагсаалтын хувьд хууль ёсны шаардлагыг хангахгүй.

5. “Раковые шейки” барааны тэмдгийн хувьд “Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д “Төрийн захиргааны байгууллага барааны тэмдгийг бүртгэх шийдвэр гаргасан бол түүнийг барааны тэмдгийн улсын бүртгэлд бүртгэж, гэрчилгээ олгоно” гэж заасны дагуу Оюуны өмчийн газарт бүртгүүлж гэрчилгээ авсан эсэх талаар баримтыг нотлох баримтаар нэмж гаргуулах хүсэлтэй байна. Монгол Улсын хуулиар улсын бүртгэлд бүртгүүлснээр барааны тэмдэг эзэмшигчийн онцгой эрх үүсдэг байна” гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүхийн шийдвэрийг дараах үндэслэлээр хэвээр үлдээв.

Зөрчлийн тухай хуулийн “Барааны тэмдэг эзэмшигчийн эрх, …-ийг зөрчих” гэсэн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Барааны тэмдэг эзэмшигчийн эрх, …-ийг зөрчсөн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйлс, …-ийг хурааж, …хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасан, харин Зөрчил шалгах шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.14-т “оюуны өмчийн улсын байцаагч Зөрчлийн тухай хуулийн 8.5 дугаар зүйлд заасан зөрчлийг хянан шийдвэрлэх”-ээр харьяалуулсан, иймд маргаан бүхий шийтгэлийн хуудсыг хариуцагчаас дээрх хуулиар олгогдсон эрхийн хүрээнд гаргасан байх тул үндэслэлтэй эсэхээс үл хамааран “илт хууль бус” гэж үзэхгүй.

Учир нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлд захиргааны акт илт хууль бус байх шинжийг тодорхойлсон бөгөөд 47.1.6-д заасан “иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй” гэдэгт энэхүү маргаан бүхий шийтгэлийн хуудас үл хамаарна.

Өөрөөр хэлбэл илт хууль бус актын бусад шинжүүд болох утга агуулгын хувьд илэрхий алдаатай, баталсан байгууллага тодорхойгүй, эрх хэмжээгүй этгээд гаргасан, гүйцэтгэх этгээд нь тодорхой бус, хууль бус үйлдэл, эс үйлдэхүйг гүйцэтгэхийг шаардсан гэсэнтэй адилтгах хэмжээний буюу илэрхий алдаатай, мөн бодит байдалд хэрэгжих боломжгүй нөхцөлийг үүсгэсэн байх тохиолдолд “эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй” гэдэгт хамааруулж болох боловч энэ тохиолдолд хариуцагчийг илт хууль бус шийтгэлийн хуудас гаргасан гэж дүгнэх боломжгүй.

“Р” ХХК-иас 2019 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 1453118 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар 6 дугаар сарын 18-ны өдөр буюу хуульд заасан хугацаанд гомдлоо гаргасан ч, бүрдүүлбэр хангаж 7 дугаар сарын 22-ны өдөр дахин гаргахдаа шаардлагаа “илт хууль бус болохыг тогтоолгох” гэж тодорхойлсон тул шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох үндэслэл байсан эсэхээс үл хамааран шүүх гомдлын шаардлагын хүрээнд хэргийг хянана. 

Мөн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа холбогдох хуульд нийцээгүй, тухайлбал дэлгүүрт байсан 2 нэр төрлийн бүтээгдэхүүнийг хураан авахдаа прокурорын зөвшөөрөл аваагүй, хөндлөнгийн гэрч оролцуулаагүй, баримт нотолгоогүйгээр, хамааралгүй зүйлийг тогтоон шийтгэл ногдуулсан, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан процесс зөрчсөн зэрэг зөрчил гаргасан зэргээр давж заалдах гомдол “үндэслэлтэй” байх тохиолдолд шүүхээс шийтгэлийн хуудсыг хүчингүй болгохоос бус илт хууль бусд тооцохгүй.

Түүнчлэн “Раковые шейки” барааны тэмдгийг Оюуны өмчийн газарт бүртгүүлж гэрчилгээ авсан эсэх талаар баримтыг нотлох баримтаар гаргуулах хүсэлтийг давж заалдах шатны шүүх шийдвэрлэх эрхгүй, өөрөөр хэлбэл нотлох баримт цуглуулах ажиллагаа зөвхөн анхан шатны шүүхэд явагддаг, магадгүй энэхүү барааны тэмдгийг бүртгүүлээгүй байх тохиолдолд энэ нь шийтгэлийн хуудсыг дээр дурдсанчлан хүчингүй болгох үндэслэл болохоос бус “илт хууль бус” актад хамаарахгүй.

Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3.4-т зааснаар “бүртгэгдсэн барааны тэмдгийг бусад этгээд зөвшөөрөлгүйгээр ашигласан бол уг үйлдлийг таслан зогсоохыг шаардах”, 12.3.5-д зааснаар “бүртгэгдсэн барааны тэмдэгтэй төсөөтэй барааны тэмдгийг бусад этгээд ашигласан нь хэрэглэгчийг төөрөгдөлд оруулахаар бол уг үйлдлийг таслан зогсоохыг шаардах”, 12.3.6-д зааснаар “Энэ хуулийн 12.3.4, 12.3.5-д заасан үйлдлээс учирсан хохирлыг нөхөн төлүүлэхийг гэм буруутай этгээдээс шаардах” зэрэг нь тухайн барааны тэмдэг эзэмшигчийн онцгой эрх бөгөөд хэдийгээр уг хуулийн 13.1.2-т “барааны тэмдэг бүхий барааг нийлүүлсэн, худалдаанд гаргасан буюу энэ зорилгоор хадгалсан, үйлчилгээ үзүүлсэн”-ийг барааны тэмдгийг ашигласанд тооцохоор зохицуулсан ч, харин энэ тохиолдолд Рачки чихэр, Артек вафлийг үйлдвэрлээгүй, өөрөөр хэлбэл зөвхөн импортоор оруулж, дотоодын зах зээлд худалдсан “Р” ХХК-ийг “Красные октябрь” компанийн барааны тэмдэг эзэмшигчийн онцгой эрхийг зөрчсөн гэж буруутгах нь хэр зэрэг үндэслэлтэй эсэх нь эргэлзээтэй, гэвч гомдлын шаардлагын хүрээнд шүүхийн шийдвэрийг хянасан болохыг тэмдэглэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.6.1, 119 дүгээр зүйлийн 119.2-т заасныг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 613 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, “Р” ХХК-ийн захирал Б.С гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.  

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар “Русбел” ХХК-иас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 5 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                           О.НОМУУЛИН

ШҮҮГЧ                                                           Э.ЛХАГВАСҮРЭН