Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 08 сарын 25 өдөр

Дугаар 210/МА2025/01428

 

******* нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, шүүгч С.Энхбаяр, Т.Гандиймаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 192/ШШ2025/04227 дугаар шийдвэртэй, 

Нэхэмжлэгч: ******* нэхэмжлэлтэй,   

Хариуцагч: *******-д холбогдох 

Ажлын хөлс болон хохирол 20,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Гандиймаа илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. *******-тай амаар тохиролцож, ******* нутаг дэвсгэрт барьж байгаа 15 давхар орон сууцны барилгын 1-3 давхрын барилга угсралтын хэв угсралтын ажлыг 2024 оны 8 дугаар сарын 20-ны өдрөөс 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн хугацаанд хийж гүйцэтгэн, гүйцэтгэсэн ажлыг хүлээлгэж өгсөн.

1.2. Дээрх ажлын хөлсний үлдэгдэл төлбөр 18,000,000 төгрөгийг ******* нь төлөөгүй учир итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ажлын хөлс 2,000,000 төгрөгийн хамт нийт 20,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1. ******* нь 2024 оны 7 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн *******-тай гэрээ байгуулж, ******* нутаг дэвсгэрт “М” апартмент орон сууцны барилгын карказ угсралтын ажлын ерөнхий гүйцэтгэгчээр ажиллах болсон. Тус барилгын шат, лифт, хучилтын ажлыг иргэн ******* болон түүний бригадтай тохиролцон 2024 оны 8 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн угсралтын ажилд туслан гүйцэтгэгчээр ажиллуулсан.

2.2. ******* болон түүний бригад гэрээний дагуу барилга угсралтын ажлыг хийж гүйцэтгэх явцад ажлын доголдол гаргаж ажлын чанар, стандартад нөлөөлөхүйц хэмжээний алдааг илрүүлж /заасан хэв хашмал хуулаагүй, гүйцэтгэсэн ажлын дараах цэвэрлэгээ хийлгүй/ засахыг шаардтал захиалагчийн шаардлагыг биелүүлэлгүй, улмаар тохирсон ажлаа хаяж явсан.

2.3. Иргэн ******* болон түүний бригадын гүйцэтгэсэн ажлын хэмжээ, орхигдуулсан ажлыг нөхөж гүйцэтгүүлэхэд гарах зардал, тэдний гүйцэтгэсэн ажлын доголдлыг арилгахад гаргах зардал, ХХОАТ зэрэг хасагдах зардлыг тооцоолж гаргасан ба нэхэмжлэлийн шаардлагаас 10,000,000 төгрөгийг хүлээж болох юм гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******-иас 18,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид *******д олгож, үлдэх 2,000,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 257,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 247,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

4.1. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “иргэн ******* бригадад Лексус 570 автомашин зарагдсан тохиолдолд тохиролцсон 18,000,000 төгрөгийн 50 хувь болох 9,000,000 төгрөгийг өгөх болно. Үлдсэн төлбөр 9,000,000 төгрөгийг барилгын санхүүжилт олгоход төлнө гэж төлбөр төлөхөө хүлээн зөвшөөрч байжээ... хариуцагч нь дээрх гар бичвэрийг үгүйсгэж чадаагүйгээс гадна, доголдол 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөс хойш илэрсэн, түүнийгээ төлбөр төлөхөө илэрхийлж байхдаа мэдээгүй болохоо, тохиролцсон дүнгээс ХХОАТ суутгахаар тохиролцсон болохоо баримтаар нотлоогүй байна” гэж дүгнээд нэхэмжлэлийн шаардлагаас 18,000,000 төгрөгийг хангаж шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалд нийцсэнгүй.

Тухайлбал, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчаас нэхэмжлэгчийн гүйцэтгэсэн гэх ажил доголдолтой байгаа талаар, уг доголдлыг арилгахад гарах зардлын талаар тухайн ажлыг захиалсан *******-ийн албан бичиг, нэхэмжлэх зэргийг нотлох баримтаар гарган өгсөн. Мөн нэхэмжлэгч, хариуцагч нараас гэрч оролцуулсан ба шүүхийн хэлэлцүүлэгт гэрчээр оролцсон этгээдүүд нь 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн байдлаар нэхэмжлэгч буюу ******* хэлцлээр хүлээсэн үүрэг дуусгавар болоогүй байсныг, өөрөөр хэлбэл гүйцэтгэсэн ажлын үр дүнг хүлээлгэж өгөөгүй байсныг гэрчилдэг. Иргэн ******* бригад барилгын карказ угсралтын ажлыг гүйцэтгэсэн ба тухайн үед төмөр бетон карказ бүрэн бэхжээгүй, хамгаалалтын бэхэлгээ хавтан, тулгуурыг аваагүй байсан гэдгийг хэн хэн нь гэрчилж байсан болно.

4.2. Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 3 дугаар зүйлд хуулийн үйлчлэх хүрээг тодорхойлсон ба мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д зааснаар ******* нь татвар төлөгч юм. Мөн хариуцагч ******* нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.8-д зааснаар “суутган төлөгч” буюу хувь хүний орлогын албан татвар төлөгч ******* орлогоос татварт ногдох орлогыг суутгаж, төсөвт шилжүүлэх, тайлагнах үүрэг бүхий ах ахуйн нэгж юм. Өөрөөр хэлбэл, ******* бригадад төлсөн төлбөрийг тайлагнаж, түүний төлөх татварыг орлогоос нь суутгаж төсөвт төлөхөөр үүрэг хүлээсэн.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт нэмэлт, өөрчлөлт оруулж, гүйцэтгэсэн ажлын доголдлыг арилгахад гарах зардалд 3,400,000 төгрөг, хувь хүний орлогын албан татварт 3,300,000 төгрөг нийт 6,700,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

5.1. Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд зааснаар ******* нь оршин суугаа газрынхаа татварын байгууллагад хүсэлтээ гаргаж, татвар төлөгчөөр бүртгэгдсэн учир 10 хувийг суутгаж төлөхөд асуудалгүй.

5.2. ******* гаргаж өгсөн баримтаар ажлын хөлсөнд нийт 22,000,000 төгрөг авах байснаас алдаа, доголдол зэргийн төлбөрийг хасуулж 18,000,000 төгрөг дээр тогтсон. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тул шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв. 

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******-д холбогдуулан ажлын хөлс 18,000,000 төгрөг, хохирол 2,000,000 төгрөг нийт 20,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч зарим хэсгийг эс зөвшөөрч маргажээ.

3. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлээд дараах үйл баримтыг зөв тогтоосон байна. Үүнд:

3.1. ******* нь ******* нутаг дэвсгэрт барьж буй 15 давхар орон сууцны барилгын 1-3 давхрын барилга угсралтын хэв угсралтын ажлыг 2024 оны 8 дугаар сарын 20-ны өдрөөс 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн хугацаанд хийж гүйцэтгэх, ******* нь хөлс төлөхөөр талууд аман хэлбэрээр харилцан тохиролцжээ.

3.2. Дээрх гэрээний ажлын хөлсний үлдэгдэл төлбөр 18,000,000 төгрөг байгаа асуудлаар талууд маргаагүй, уг төлбөрийг хариуцагч төлөх эсэх маргааны зүйл болжээ.

4. Анхан шатны шүүх маргааны үйл баримтыг зөв тогтоож, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болсон боловч зарим нотлох баримтыг үнэлээгүй орхигдуулсныг давж заалдах шатны шүүхээс нэмж дүгнэх боломжтой байна.

4.1. Талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр гэж анхан шатны шүүх зөв дүгнэсэн.

Хэргийн 4 дүгээр талд авагдсан 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн баримтад ******* иргэн ******* бригадад Lexus-570 автомашин зарагдсан тохиолдолд тохиролцсон 18,0 сая төгрөгийн 50 хувь болох 9,0 сая төгрөгийг өгөх болно. Үлдсэн төлбөр 9,0 сая төгрөгийг барилгын санхүүжилт олгоход төлнө.” гэж тусгагдсан байх ба уг баримтад *******-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд болох ******* гарын үсэг зурж баталгаажуулжээ.

Дээрх баримтыг бичиж өгснөөс хойш нэхэмжлэгч талын гүйцэтгэсэн ажлын доголдол илэрсэн, тухайн доголдлыг арилгахад гарах зардлыг хасаж тооцно гэх агуулгаар хариуцагч татгалзлаа тайлбарлаж, үүнтэй холбогдуулан *******-ийн менежер гэх ******* гэрчийн мэдүүлэг авсан, тэрээр “...ажилд доголдол байсан, ...доголдлын талаар *******, *******хоёр ярьсан, нарийн юу гэж ярьсан гэдгийг мэдэхгүй, ...18,000,000 төгрөгийг хувааж төлөх яриа л явагдсан” гэж мэдүүлжээ. /хх-ийн 57 дугаар тал/  

Мөн хэргийн 40-41 дүгээр талд *******-ийн огноо тодорхойгүй 3,400,000 төгрөгийн нэхэмжлэх, *******-иас доголдолтой ажлыг засах үнийг 3,400,000 төгрөгөөр тогтоосон гэх баримт авагдсан байна.

Хариуцагчийн татгалзалтай холбогдуулан нэхэмжлэгч тал “ажлын гүйцэтгэлд тодорхой доголдол гарч, энэ талаар *******тэй ярилцаж ажлын хөлснөөс 4,000,000 төгрөгийг хасаж, 18,000,000 төгрөгөөр тохирсон” гэж тайлбарлаж, энэ талаар гэрч *******ийн мэдүүлэгт “...баримтыг хийхэд би хажууд нь байсан, ...хэв хашмал буугаагүй, арзгар байна гээд хассан, мөнгөө өгвөл бид засаад хийгээд өгье гэсэн, тэгээд 3-4 цаг ярилцаад 18,000,000 төгрөг дээр тохиролцсоны үндсэн дээр ******* гарын үсгээ зурсан” гэжээ. /хх-ийн 56 дугаар тал/

Хэрэгт авагдсан дээрх баримтуудыг харьцуулан дүгнэвэл нэхэмжлэгчийн гүйцэтгэсэн ажилд тодорхой хэмжээний доголдол байсан талаар талууд хэн аль нь тайлбарласан байх боловч гэрч ******* ажлын гүйцэтгэлд хэзээ, ямар хэмжээний доголдол илэрсэн талаар тодорхой мэдүүлээгүй, *******-ийн доголдолтой ажлыг засах үнэ тогтоосон гэх баримтад дурдсан доголдол нь нэхэмжлэгчийн гүйцэтгэсэн ажилд хамааралтай эсэх нь тодорхойгүйгээс гадна цаг хугацааны хувьд 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөс хойш тогтоогдсон гэж үзэхээргүй байна. Өөрөөр хэлбэл, эдгээр баримт нь *******-ийн 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн баримтыг үгүйсгэж чадахгүй байна.    

Иймд Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1, 39.2, 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар *******-ийн 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн хүсэл зоригийн илэрхийллээр талуудын хооронд эрх, үүргийн харилцаа үүсэх тул хариуцагч байгууллага ажлын хөлсөнд 18,000,000 төгрөг төлөх үүрэгтэй гэж шүүх зөв дүгнэсэн. 

4.2. Түүнчлэн, нэхэмжлэгч нь ажил гүйцэтгэх гэрээний орлогыг Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 15 дугаар зүйл, 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт зааснаар албан татвар ногдох орлогоо өөрөө үнэн зөв тодорхойлж, хуульд заасан хугацаанд холбогдох төсөвт төлөх үүрэгтэй тул хариуцагч байгууллага нь дээрх орлогоос хувь хүний орлогын албан татвар суутган авах эрхгүй. Энэ асуудлаар талууд тохиролцсон нь хэргийн баримтаар тогтоогдоогүй гэж шүүх дүгнэснийг буруутгахгүй. Иймд энэ талаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхино.

4.3. Анхан шатны шүүх нэхэмжлэлээс хохирол гэх 2,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд нэхэмжлэгч гомдол гаргаагүй тул энэ талаар давж заалдах шатны шүүхээс нэмж эрх зүйн дүгнэлт хийхгүй байх нь талуудын зарчимд нийцнэ.

5. Иймд анхан шатны шүүх хариуцагч байгууллагаас ажлын хөлсөнд 18,000,000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт нийцжээ. 

6. Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 192/ШШ2025/04227 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт заасны дагуу хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 122,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                             Ч.ЦЭНД

 

                                             ШҮҮГЧИД                                             С.ЭНХБАЯР

 

                                                                                                           Т.ГАНДИЙМАА