| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Багашарын Азбаяр |
| Хэргийн индекс | 102/2016/06171/И |
| Дугаар | 102/ШШ2016/04788 |
| Огноо | 2016-08-02 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 08 сарын 02 өдөр
Дугаар 102/ШШ2016/04788
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 6 дугаар хороо,10 дугаар хороолол, Дилав хутагт Жамсранжавын гудамж, АОС-44 дүгээр байрны 9 тоот оршин суух, Баавай овогтой Дашдэлэгийн Нямхүү /РД:ФМ70092611/-ийн нэхэмжлэлтэй Б.Баасанхүүг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Нямхүү, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Хишигсүрэн нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Нямхүү шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Б.Баасанхүүтэй 2016 оны 3 сарын 31-нээс 5 сарын 20-ны өдөр хүртэл 45 хоногийн хугацаатай алданги тооцохоор харилцан тохиролцож зээлийн гэрээ байгуулсан. Зээлийн гэрээгээ 147 тоот Г.Тунгалаг гэдэг нотариатчаар гэрчлүүлсэн. Зээлийн гэрээний хугацаа дуусахаас өмнө болон хугацаа дуусангуут Баасанхүүтэй уулзах гэж Баянгол дүүргийн 8 хороо, 4 хороолол, 11 байрны 98 тоотод очиж уулзахад н.Баасанхүү гэж хүн байхгүй, хэнийх гэдэг айл вэ гэхээр хэлж өгөхгүй байна. Энэ байранд 2 удаа очиж уулзах гэсэн боловч иргэний үнэмлэхийн лавлагаан дээрх хаяган дээрээ байдаггүй. 2016 оны 4 сарын 29-нд утсаар ярьж гэрээгээ цуцлах талаар ярихад тэгье, байшин барьж байна, тооцоогоо 2016 оны 5 сарын 03-нд хийнэ мөнгөтэй болчихоод 05 сарын 04-нд уулзаж өөртэй чинь уулзаж тооцоогоо хийе гэчихээд алга болсон. Өнөөг хүртэл утас нь холбогдохгүй, өөрөө олдохгүй, шүүхэд нэхэмжлэл гаргах гэхээр албан ёсны хаяг нь олдохгүй байна. Иймд Б.Баасанхүүгийн оршин суугаа газар мэдэгдэхгүй байгаа тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 зүйлийн дагуу эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Д.Нямхүү нь Б.Баасанхүүг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Б.Баасанхүү нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд мөн болох нь хавтаст хэрэгт авагдсан Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 05 сарын 21-ний өдрийн “Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” 102/ШЗ2016/20252 дугаар захирамж, Д.Нямхүү, Б.Баасанхүү нарын хооронд 2016 оны 03 сарын 31-ний өдөр байгуулсан зээлийн гэрээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, нэхэмжлэгчийн тайлбар зэргээр тогтоогдож байна.
Б.Баасанхүүгийн оршин суух хаяг нь мэдэгдэхгүй байгаа нь хавтаст хэрэгт авагдсан Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 05 сарын 21-ний өдрийн “Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” 102/ШЗ2016/20252 дугаар захирамжаар нотлогдож байна.
Иймд Ашгабад овогтой Банзрагчийн Баасанхүүг эрэн сурвалжлах нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Нэхэмжлэгч нь Б.Баасанхүүгийн хаягийг тогтоох ач холбогдол бүхий баримт байхгүй гэсэн болохыг дурдав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 155 дугаар зүйлийн 155.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9-т заасныг баримтлан Ашгабад овогтой Банзрагчийн Баасанхүү /РД:ЧЛ78051279/-ыг эрэн сурвалжилсугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т заасныг баримтлан Б.Баасанхүүг эрэн сурвалжилж, оршин суух хаягийг олж тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг Баянгол дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст даалгасугай.
3.Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Нямхүүгээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.АЗБАЯР