Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 08 сарын 25 өдөр

Дугаар 210/МА2025/01430

 

*******-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхбаяр даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Т.Гандиймаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 192/ШШ2025/04698 дугаар шийдвэртэй, 

Нэхэмжлэгч: *******-ийн нэхэмжлэлтэй,   

Хариуцагч: *******т холбогдох 

Ажилтны тогтвортой байдлын гэрээ болон аяллын гэрээний үүрэгт 29,476,253 төгрөг гаргуулах үндсэн, цалин 1,882,740 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Гандиймаа илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Минжин нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. ******* нь *******-ийн түгээлтийн ахлах менежерийн албан тушаалд ажиллаж байсан.

Талууд 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 25,000,000 төгрөгийг буцаан төлөх нөхцөлтэйгээр тогтвортой байдлын гэрээ байгуулж, уг гэрээгээр компаниас ажилтанд санхүүгийн дэмжлэг 25,000,000 төгрөгийг олгох ба ажилтан хариу төлбөрт нь 5 жилийн хугацаанд тогтвор суурьшилтай, үр бүтээлтэй ажиллаж гэрээний хавсралтад зааснаар сар бүр ажилласан хугацаандаа ногдох үндсэн төлбөр болон хүүгээ хасуулахаар харилцан тохиролцсон.

Гэтэл хариуцагч 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдөр өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан тул 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 03-Б/472 дугаар тушаал гаргаж, хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Иймд дээрх гэрээний 2.4, 4.4-т зааснаар санхүүгийн дэмжлэгийг буцаан шаардах эрх үүссэн тул уг гэрээний үндсэн төлбөрийн үлдэгдэл 20,833,333 төгрөг, хүү 3,125,000 төгрөг нийт 23,958,333 төгрөгийг гаргуулж өгнө үү.

1.2. Мөн хариуцагч нь ажиллаж байх хугацаандаа ******* улсад компанийн зардлаар 7 өдрийн аялалд явсан. Энэхүү аялалд хамрагдахдаа 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдөр аяллын зардал төлүүлэх гэрээг байгуулсан ба уг гэрээгээр аяллын зардал болон алданги төлөхөөр тохиролцсон тул аяллын зардал 3,678,613 төгрөг, алданги 1,839,306 төгрөг нийт 5,517,920 төгрөгийг гаргуулж өгнө үү.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1. 25,000,000 төгрөгийг хариуцагчид зориулан олгосон шагнал, урамшуулал байсан. Харин тогтвортой ажиллах гэрээг нөхөн хийж, гарын үсгийг дуурайлган хийсэн гэрээ гэж үзэж байна. Аяллын зардлын хувьд дансаар шилжүүлэн өгөөгүй, урсгал зардал байсан. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй.

3. Хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

3.1. 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдөр ажлаас чөлөөлсөн тушаал гаргахдаа тойрох хуудсыг бүрэн зуруулж дуусаагүй үндэслэлээр үлдэгдэл цалин олгоогүй тул 2023 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн хооронд олгох ёстой цалингийн үлдэгдэл 1,882,740 төгрөгийг гаргуулж өгнө үү.

4. Сөрөг нэхэмжлэлд нэхэмжлэгчийн гаргасан тайлбар, татгалзлын агуулга:

4.1. Тухайн ажилтны хувьд ажил хүлээлцэх сүүлийн өдрийг ажлаас халагдсан өдөр гэж ойлгодог, тойрох хуудсаа зуруулах гэдэг нь тооцоо нийлсэн баримт байдаг. Тушаалаа ирж авсан боловч тойрох хуудсаа зуруулаагүй байсан учраас 1,882,740 төгрөгийн цалинг олгоогүй нь үнэн. Цалин 1,882,740 төгрөгийг олгоход татгалзахгүй, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байна.

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д зааснаар хариуцагч *******ээс санхүүгийн дэмжлэг 20,833,333 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******-д олгож, нэхэмжлэлээс нийт 8,642,920 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч ******* нь хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага болох цалин 1,882,740 төгрөгийг төлөхийг маргаагүйгээр хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч *******-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 383,010 /279,773+103,237/ төгрөг, хариуцагч *******ийг сөрөг нэхэмжлэлийн шаардлагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 45,073 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******ээс 262,117 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******-д, нэхэмжлэгч *******-иас 45,073 төгрөгийг гаргуулж хариуцагч *******т тус тус олгож шийдвэрлэжээ.

6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

6.1. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг хэргийн материалтай танилцах боломжоор хангалгүй шүүх хурлыг хийсэн.

6.2. Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг дутуу үнэлж үндэслэлгүйгээр 20,833,333 төгрөгийг хангаж шийдвэрлэсэн. Учир юу вэ гэвэл шагнал урамшууллын зориулалтаар олгосон мөнгө болох нь хангалттай нотлох баримтыг хариуцагч гаргаж өгсөн байдаг, мөн гэрээнд зурагдсан гарын үсгүүд хариуцагч *******ийн мөн гэхэд үнэхээр эргэлзээтэй байдаг бөгөөд 3 өөр янзаар зурагдсан байдаг, шинжээчийн дүгнэлтээр зөвхөн ганцхан гарын үсгийг харьцуулсан байдаг.

6.3. Нэхэмжлэгч талаас дарамт шахалт их үзүүлдэг байсан талаар хангалттай тайлбар баримт гаргасаар байтал үндэслэлгүйгээр 20,833,333 төгрөгийг хангасан байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйл, мөн хуулийн 105 дугаар зүйлийн 105.2 дахь хэсэгт заасныг зөрчиж шүүх хурлыг хийж шийдвэр гаргасан.

Иймд, анхан шатны шүүхийн шийдвэрийн 20,833,333 төгрөгийг хангасан хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

7. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:

7.1. Хариуцагчийн хүсэлтээр шүүх хуралдаан удаа дараа хойшлогдож байсан. 2025 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн шүүх хуралдааны үед хариуцагч нь өмгөөлөгч *******аас татгалзаж, итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр *******ыг томилсон талаар мэдэгдсэн. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хэргийн материалтай танилцах хүсэлтийг хангаж, шүүх хуралдааныг 2025 оны 6 дугаар сарын 02-ны өдрийг хүртэлх хугацаагаар хойшлуулсан. Шүүх хариуцагчийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.3-т заасан эрхээр нь хангасан бөгөөд дараагийн шүүх хуралдаан болох хүртэлх хугацаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хэргийн материалтай танилцах бүрэн боломжтой байсан. Гэтэл 2025 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн шүүх хуралдаан эхлэхэд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүй хэргийн материалтай танилцаж чадаагүй гэх шалтгаанаар шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргасан. Шүүх тус хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн бөгөөд тус шийдвэр нь үндэслэлтэй.

7.2. ******* нь ажиллаж байх хугацаандаа санхүүгийн дэмжлэг авах хүсэлт гаргасан тул тогтвортой ажиллах гэрээний хүрээнд 25,000,000 төгрөгийн санхүүгийн дэмжлэг олгосон. Талууд гэрээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан бөгөөд хариуцагч нь гэрээнд зурагдсан гарын үсэгтэй маргадаггүй. Харин аяллын гэрээнд зурагдсан гарын үсэгтэй маргаж, дүгнэлт гаргуулж байсан. Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу шагнал урамшуулал нь цалин хөлсний бүрэлдэхүүнд хамаардаг. Санхүүгийн дэмжлэгийг шагнал урамшууллын зорилгоор олгосон тохиолдолд ажил олгогчоос хувь хүний орлогын албан татвар, нийгмийн даатгалын шимтгэл зэргийг төлж, тайлагнах байсан. Хариуцагчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаагаас үзвэл санхүүгийн дэмжлэгтэй холбоотой тайлагнасан татвар байхгүй болох нь харагддаг.

7.3. Манай байгууллагаас хариуцагчид дарамт шахалт үзүүлж гэрээ байгуулаагүй. Шагнал урамшууллын журмаар олгосон мөнгө мөн болохыг нотолсон баримтуудыг хэрэгт гаргаж өгсөн гэж хариуцагч маргадаг боловч нотлох баримтаар фото зураг гаргаж өгсөн байдаг.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******т холбогдуулан тогтвортой байдлын гэрээ үүрэгт 20,833,333 төгрөг, түүний хүү 3,125,000 төгрөг, аяллын гэрээний үүрэгт 5,517,920 төгрөг нийт 29,476,253 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, 2023 оны 10 дугаар сарын цалин 1,882,740 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

3. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлээд дараах үйл баримтыг зөв тогтоосон байна. Үүнд:

3.1. Талууд 2022 оны 3 дугаар сарын 01-ний өдөр “Хөдөлмөрийн гэрээ”-г байгуулж, уг гэрээгээр ******* нь түгээлтийн менежер, ахлах менежерээр ажиллаж байсан. /хх-ийн 25-26, 29-35 дугаар тал/

3.2. Мөн 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 22/02-02 дугаартай “Ажилтны тогтвортой байдлын гэрээ” байгуулж, уг гэрээгээр ******* нь ажилтан санхүүгийн дэмжлэг авснаас хойш 5 жилийн хугацаанд компанид үр бүтээлтэй, тогтвор суурьшилтай, жилийн дундаж гүйцэтгэлийн үнэлгээ 90% буюу түүнээс дээш үнэлгээтэй ажиллах болзолтойгоор 25,000,000 төгрөгийн санхүүгийн дэмжлэг олгох, ******* нь сар бүрийн гүйцэтгэлийн үнэлгээгээр 3 сар дараалан 79% болон түүнээс доош гүйцэтгэлтэй үнэлэгдсэн тохиолдолд үлдэгдэл төлбөрөөс 1,5% тооцон хүү төлөх, сар бүрийн гүйцэтгэл 90% дээш үнэлгээтэй болсон тохиолдолд хүү тооцож суутгал хийхгүй байх  нөхцөлөөр харилцан тохиролцжээ. /хх-ийн 7-10 дугаар тал/

3.3. Мөн ******* нь хариуцагч *******тэй 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдөр “Аяллын зардал төлүүлэх гэрээ” байгуулж, ажилтан ******* улс руу 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдрийг дуустал нийт 7 өдрийн аялалд хамрагдах, аялалд хамрагдахдаа ажил олгогчтой харилцан тохиролцож гэрээнд заасан замын зардал, байр, хоолны зардал буюу танилцах аялалтай холбоотой зардлыг компаниар урьдчилан гаргуулж, гэрээнд заасан нөхцлийн дагуу буцаан төлөхөөр 2 жилийн хугацаатай байгуулжээ. /хх-ийн 78-79 дүгээр тал/

3.4. *******-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 03-б/472 дугаартай “Хөдөлмөрийн гэрээг ажилтны санаачилгаар цуцлах тухай” тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.9, 79 дүгээр зүйлийн 79.1, ажилтны гаргасан хүсэлтийг тус тус үндэслэн түгээлтийн ахлах менежер албан тушаалтай *******ийг өөрийнх нь хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан тул 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгож, хөдөлмөрийн гэрээг цуцалжээ. /хх-ийн 36 дугаар тал/

4. Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тогтоож, нотлох баримтыг хуульд заасан журмаар үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангажээ.

4.1. Талуудын хооронд 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 22/02-02 дугаартай “Ажилтны тогтвортой байдлын гэрээ”-гээр Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт заасан үүргийн харилцаа үүссэн гэж шүүх дүгнэснийг буруутгах үндэслэлгүй байна.

Дээрх гэрээ нь хөдөлмөр эрхлэлтийн харилцаанаас үүдэлтэй, гэрээний агуулгын хувьд Хөдөлмөрийн тухай хуульд заасан ажилтны гүйцэтгэх үүргийн хүрээнд боловч ажил олгогч нь ажилтныг тодорхой хугацаанд, тогтвортой, үр бүтээлтэй ажиллах болзолтойгоор санхүүгийн дэмжлэгийг мөнгөн хөрөнгөөр олгох, ажилтан нь уг мөнгөн хөрөнгийг ажлын гүйцэтгэлийн үнэлгээнээс хамаарч хүүтэй болон хүүгүй ашиглах, тохирсон болзлыг хангасан тохиолдолд буцаан төлөхгүй байх, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажилтны санаачилгаар цуцлах, мөн гэрээгээр тохирсон тодорхой үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар цуцлах тохиолдолд хүүтэй буцаан төлөх үүргийг тус тус хүлээсэн зэргээр Хөдөлмөрийн тухай хууль болон Иргэний хуулиар зохицуулаагүй, өвөрмөц онцлог бүхий тохиролцоо нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.5 дахь хэсэгт заасан нэрлэгдээгүй гэрээний шинжийг агуулжээ.  

4.2. Хариуцагч нь нэхэмжлэгч байгууллагаас 25,000,000 төгрөгийг хүлээн авсан, түүний гаргасан хүсэлтийн дагуу хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болсон үйл баримтад талууд маргаагүй, дээрх мөнгөн хөрөнгийг тогтвортой байдлын гэрээний дагуу олгосон эсэх, шагнал урамшуулал эсэх буюу буцаан төлөх эсэх асуудлаар маргасан. 

Гэрээний 2.4-т “Энэхүү гэрээний 5.2.1, ...заасан нөхцөлөөр хугацаанаас нь өмнө цуцлах болсон тохиолдолд ажилласан хугацаанд оногдох тусламжийн дүнг дүйцүүлэн хасаж, ажиллаагүй үлдсэн хугацаанд дүйцэх хэмжээний дэмжлэгийн хүүгийн хамтаар ...буцаан төлүүлнэ”, 5.2.1-д “ажилтан Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 буюу өөрийн санаачилгаар ажлаас гарах хүсэлтээ гаргасан бол тогтвортой байдлын гэрээг цуцална” гэж тус тус зохицуулжээ. 

Хэргийн 38-39, 62 дугаар талд авагдсан *******ийн өргөдөл, хүсэлтүүдээс үзэхэд тогтвортой ажиллах нөхцөлийн дагуу санхүүгийн дэмжлэг 25,000,000 төгрөгийг авах, хөдөлмөр эрхлэлтийн харилцаа хугацаанаасаа өмнө дуусгавар болсон тохиолдолд буцаан төлөх хүсэл зоригийг илэрхийлжээ. Иймд тогтвортой байдлын гэрээнд гарын үсэг зураагүй, уг гэрээгээр санхүүгийн дэмжлэг авах хүсэлт гаргаж байгаагүй, шагнал урамшуулал гэж ойлгосон гэх хариуцагчийн тайлбар үгүйсгэгдсэн талаарх шүүхийн дүгнэлт нотлох баримт үнэлэх зарчмыг зөрчөөгүй байна.  

Түүнчлэн, тогтвортой байдлын гэрээнд гарын үсэг зураагүй, өөрийнх нь гарын үсэг биш гэж хариуцагч маргасан боловч энэхүү тайлбараа баримтаар нотолж чадаагүй гэж шүүх дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасантай нийцсэн. 

Хариуцагчийн нотлох баримтаар гаргаж өгсөн хэргийн 52-53 дугаар талд авагдсан 25,000,000 төгрөгийн батламж авч буй гэрэл зураг нь талуудын маргааны зүйлд хамааралтай эсэх нь тодорхойгүйгээс гадна ажил олгогчийн зүгээс уг мөнгөн хөрөнгийг шагнал урамшуулал хэлбэрээр олгосон гэж дүгнэхэд хангалтгүй. Өөрөөр хэлбэл, тухайн гэрэл зургаар хариуцагчийн тайлбарыг нотлогдсон гэж дүгнэхгүй.

Дээрхийг нэгтгэвэл, хариуцагч нь нэхэмжлэгч байгууллагаас тогтвортой байдлын гэрээний дагуу санхүүгийн дэмжлэг 25,000,000 төгрөг хүлээн авсан, түүний хүсэлтээр хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болж, гэрээний зорилго биелэгдээгүйгээс гэрээгээр тохирсоны дагуу санхүүгийн дэмжлэгийг буцаан төлөх үүрэг үүссэн гэж шүүх дүгнэсэн нь Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт нийцжээ. Иймд хэрэгт авагдсан нотлох баримтуудыг дутуу үнэлж, үндэслэлгүйгээр 20,833,333 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол хангагдахгүй.   

5. Анхан шатны шүүх нэхэмжлэлээс хүү 3,125,000 төгрөг, аяллын гэрээний үүрэгт 5,517,920 төгрөг нийт 8,642,920 төгрөгийн шаардлагад холбогдох хэсгийг хэрэгт авагдсан баримтаар нотлогдоогүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй, энэ шийдэлд нэхэмжлэгч тал гомдол гаргаагүй тул талуудын зарчмыг үндэслэн давж заалдах шатны шүүхээс нэмж эрх зүйн дүгнэлт хийхгүй.  

6. ******* нь сөрөг нэхэмжлэлийн шаардлага болох 2023 оны 10 дугаар сарын цалин 1,882,740 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн байх тул шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасантай нийцсэн, энэ талаар нэхэмжлэгч гомдол гаргаагүй.

7. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбогдуулан гаргасан дараах гомдлыг хангахгүй орхино. Үүнд:

7.1. 2025 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн шүүх хуралдааныг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******ы хэргийн материалтай танилцах, шинээр нотлох баримт гаргаж өгөх хүсэлтийг үндэслэн хойшлуулж, шүүх хуралдааныг 2025 оны 6 дугаар сарын 02-ны өдөр товлосон байна. /хх-ийн 151, 155 дугаар тал/

2025 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******ы зүгээс хэргийн материалтай танилцах хүсэлт гаргасныг мөн өдрийн 192/ШЗ2025/24901 дугаартай шүүгчийн захирамжаар хангахаас татгалзаж  шийдвэрлэснийг буруутгах үндэслэл тогтоогдсонгүй. Иймд шүүх хариуцагч талын хэргийн материалтай танилцах эрхийг хязгаарласан гэх байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй тул энэ талаарх гомдол хангагдахгүй.

7.2. Хариуцагчийн өмгөөлөгчийн зүгээс аяллын зардал төлүүлэх гэрээнд гарын үсэг зураагүй үндэслэлээр гарын үсгийн шинжээч томилуулах хүсэлт гаргасныг шүүгчийн 2024 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 183/ШЗ2024/19042 дугаартай захирамжаар хангаж, Шүүх шинжилгээний ерөнхий газрыг томилж, шинжээчийн дүгнэлт гарсан байна. /хх-ийн 92, 95-99, 104-112 дугаар тал/

Харин тогтвортой байдлын гэрээнд холбогдох маргаанд гарын үсгийн шинжээч томилуулах хүсэлт гаргаагүй байх тул энэ талаарх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хүлээн авахгүй.  

7.3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг татгалзаж буй талаарх тайлбараа бичгээр гаргаж өгөх үүрэгтэй ба ингэснээр талууд хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар мэтгэлцэх учиртай. 

Хариуцагч нь нэхэмжлэгч байгууллагаас дарамт шахалт үзүүлдэг байсан талаар хангалттай тайлбар, баримт гаргасаар байтал үндэслэлгүйгээр төлбөрийн үүрэг ногдуулсан гэх агуулга бүхий гомдол гаргажээ. Энэ талаар хариуцагчийн зүгээс бичгээр тайлбар гарган мэтгэлцээний байр суурь илэрхийлээгүй байх тул гомдолд дурдсан асуудлаар талуудын хооронд мэтгэлцэх зарчим хэрэгжсэн гэж үзэхгүй.  

8. Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 192/ШШ2025/04698 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт заасны дагуу хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 262,120 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                             С.ЭНХБАЯР

 

                                             ШҮҮГЧИД                                             Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

                                                                                                           Т.ГАНДИЙМАА