Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 08 сарын 01 өдөр

Дугаар 102/ШШ2016/04782

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 5 дугаар хороо, 8 дугаар байрны 34 тоотод оршин суух, 1980 онд төрсөн, 36 настай, эмэгтэй, Гучид овогт Нэргүйн Нарансүрэн /РД:СЮ80040626/-ийн нэхэмжлэлтэй,

            Хариуцагч: Баянгол дүүрэг, 16 дугаар хороо, Энхтайваны өрөн чөлөө, Баруун дөрвөн зам өөрийн байранд байралах Барилгын политехникийн коллежид холбогдох ажилгүй байсан хугацааны цалин 8,997,135 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.Нарансүрэн, хариуцагч Барилгын политехникийн коллежийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Энхжаргал, түүний өмгөөлөгч Б.Өлзийбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Булган нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Н.Нарансүрэн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н.Нарансүрэн би 2 шатны шүүхийн шийдвэрээр Барилгын  Политехник коллежийн тооцооны нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоох болсон. Хариуцагч хяналтын журмаар гомдол гаргах хугацаа хэтэрч гомдол гаргах эрхгүй болж шүүх ажиллагаа зогссон. Хөдөлмөрийн тухай хуулийн 69.1-д “Энэ хуулийн 36.1.2-т ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон/ заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговорыг олгоно”  гэсний дагуу ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг авах ёстой гэж үзэж байгаа. Иймд ажилгүй хугацааны цалинг Нийгмийн хамгаалал, Хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 тоот тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журмын 7-д “ажилтны цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын  дундаж  цалингаас тооцно” гэж заасны дагуу тооцоход 7 дугаар сард  ажилтны дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалингаас тооцно”  гэж заасны дагуу 7 дугаар сард 1,267,795 төгрөгийн цалингаас амралтын мөнгө 933,566 төгрөгийг хасаад 334,299 төгрөг, 8 дугаар сард 2,710,918 төгрөгөөс удаан жилийн тэтгэмж 2,433,828 төгрөгийг хасаад 277,090 төгрөг, 9 дүгээр  сард 608,457 төгрөг нийт гурван сарын цалин 1,219,776 төгрөг , 7 дугаар сард ажлын арван өдөр 8 сард ажлын 6 өдөр, 9 сард ажлын өдөр, нийт гурван сарын ажлын 11 хоног , 9 сард ажлын 22 хоног, 10 сард ажлын 22 хоног, 11 сард ажлын  21 хоног, 12 сард ажлын 22 хоног, 2016 оны 1 сард ажлын 20 хоног, 2 сард ажлын 18 хоног, 3 сард ажлын 22 хоног, 4 сард ажлын 21 хоног, нийт ажлын 166 хоног, ажилгүй хугацааны цалин хөлсний олговорт 76,236 төгрөг 180 хоног 13,722,480 төгрөг болж байна. Үүнээс шүүхийн шийдвэрийн 764,832 төгрөг хасаад 12,957,648 төгрөгийг хасаад гарт олгох 10,551,695 төгрөгөөс 2 сарын гэнэт халагдсаны тэтгэмж 1,554,560 төгрөгийг хасаад 8,997,135 төгрөгийг гарт авах  нь зүйтэй гэж тооцож шүүхэд нэхэмжлэл гаргасан гэтэл сүүлд нь тооцож үзэхэд шүүхийн шийдвэрийн 764,832 төгрөгийг хасаад 12,957,648 төгрөгийг гаргуулан холбоглох суутгал, нийгмийн даатгалыг шимтгэл 12,957,648 төгрөг, Хүн амын орлогын албан татвар 1,110,188 төгрөг нийт суутгал 2,405,953 төгрөгийг хасаад гарт олгох 10,551,695 төгрөгөөс 2 сарын гэнэт халагдсаны тэтгэмж 1,554,560 төгөргийг хасаад 8,997,135 төгрөгийг гарт авах нь зүйтэй гэж тооцож байна. Үүн дээр нийгмийн даатгалын нөхөн олговорыг нэмээд нийт 10,795,672 төгрөгийг гаргуулах хүсэлтэй байна гэжээ.

 

Хариуцагч Барилгын политехникийн коллежийн итгэмжлгдсэн төлөөлөгч М.Энхжаргал шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа. Н.Нарансүрэн нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “Ажилгүй байсан хугацаа 8 дугаар сард ажлын 11 хоног, 9 дүгээр сард ажлын 22  хоног, 10 дугаар сард ажлын 22 хоног, 11 дүгээр сард  ажлын 21 хоног, 12 дугаар сард ажлын 23 хоног, 2016 оны 01 дүгээр сард ажлын 20 хоног, 2 дугаар сард ажлын 18 хоног, 3 дугаар сард ажлын 22 хоног, 4 дүгээр сард ажлын 21 хоног, нийт 166 хоногийн  цалин хөлсөнд  8,997,135 төгрөгийг гарт авна” гэжээ. Н.Нарансүрэн  нь Баянгол, Хан-уул, Сонгинохайрхан  дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 102/ШШ2015/07177 дугаартай шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 277  дугаартай магадлалаар  ажилдаа эгүүлэн тогтоогдож, ажилгүй байсан хугацаа 2015 оны 8 дугаар сарын 14-ний өдрөөс 2015 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны олговорт 2,319,392 төгрөг олгохоор шийдвэрлэснийг нэхэмжлэгч эс зөвшөөрч  хяналтын журмаар  гомдол гаргаагүй тул дээрх  шүүхийн шийдвэр, магадлал хуулийн хүчин төгөлдөр болсон байна.  Барилгын Политехник Коллежийн зүгээс Хөдөлмөрийн хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-т заасны дагуу 2 сарын тэтгэмж болох 1,554,560 төгрөг магадлалын дагуу 764,832 төгрөг тус тус Н.Нарансүрэнд олгосон. Өөрөөр хэлбэл шийдвэр, магадлалыг бүрэн  биелүүлсэн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6 нэхэмжлэлд дурьдсан үйл баримт  зохигчийн гэм буруугийн талаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр ... байгаа бол шүүгч захирамж гарган  нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзахаар зохицуулсан байх ба энэ хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 Энэ хуулийн 65.1.3-65.1.8-д заасан үндэслэл хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед тогтоогдвол хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж заажээ. Н.Нарансүрэнгийн нэхэмжлэлийн шаардлагад бичигдсэн ажилгүй байсан хугацааны цалин хөлсний зарим хэсэг буюу 2015 оны 08 дугаар сарын14-ний өдрөөс 2015 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны олговорт 764,832 төгрөг олгохоор шийдвэрлэсэн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр магадлал байгаа тул нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Харин Н.Нарансүрэнг ажилд эгүүлэн тогтоосон шүүхийн шийдвэр, магадлалын дагуу Барилгын Политехник коллежийн  захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч П.Нарандалайгын 2016 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн “ажилд томилох тухай” Б/033 дугаартай тушаал гарч ажилдаа эргэн орсон. Иймд Баянгол, Хан-уул, Сонгинохайрхан дүүргийн  Иргэний хэргийн анхан шатны шүүхээс  Н.Нарансүрэнг ажилд эгүүлэн тогтоосон шийдвэр гарсан 2015 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөс ажилд эгүүлэн томилсон тушаал гарсан  2016 оны 5 дугаар сарын 4-ний өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны олговрыг олгоно. Ажилгүй байсан хугацаа нь 2015 оны 11 дүгээр сард ажлын 9 хоног , 12 дугаар сард ажлын 22 хоног, 2016 оны 1 дүгээр сард 20 хоног, 2 дугаар сард 18 хоног, 3 дугаар сард 22 хоног, 4 дүгээр сард 21 хоног буюу нийт 122 хоног болж байна. Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр магадлалд дүгнэгдсэнээр Н.Нарансүрэнгийн  нэг өдрийн цалин хөлс нь 34,617  төгрөг байх ба ажилгүй байсан 112 хоногт үржүүлэхэд 3,877,104 төгрөг болж байна. Үүнээс нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын 10 хувийн шимтгэл болох 387,711 төгрөг, Хүн амын орлогын албан татвар болох 10 хувийн татвар болох 387,711 төгрөгийг тус тус хасч  тооцоход 3,101,682 төгрөгийг Н.Нарансүрэнд олгох боломжтой байна. Иймд Н.Нарансүрэнгийн гаргасан нэхэмжлэлийг шаарлагаас ажилгүй байсан 2015 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөс ажилд нь эгүүлэн томилсон тушаал гарсан 2016 оны 05 дугаар сарын 04-ний өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны олговорт 3,101,682  төгрөгийг олгохыг зөвшөөрч байгаа тул нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Н.Нарансүрэн нь Барилгын политехникийн коллежид холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалин 8,997,135 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч Барилгын политехникийн коллеж нь 3,101,682 төгрөгийг төлөх үндэслэлтэй, үлсэнийг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх 2015 оны 11 сарын 17-ны өдөр нэхэмжлэгч Н.Нарансүрэнгийн нэхэмжлэлтэй хариуцагч Барилгын политехникийн коллежид холбогдох иргэний хэргийг хэлэлцээд Барилгын политехникийн коллежийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2015 оны 06 сарын 05-ны өдрийн 2/056 тоот сахилгын шийтгэл ногдуулсан тушаалыг хүчингүй болгож, Н.Нарансүрэнг Барилгын политехникийн коллежийн тооцооны нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 2,319,392 төгрөгийг олгож шийдвэрлэснийг Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 02 сарын 15-ны өдрийн 227 дугаар магадалаар Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх 2015 оны 11 сарын 17-ны өдрийн 102/ШШ2015/07177 дугаар шийдвэрт өөрчлөлт оруулж, 764,832 төгрөгийг хариуцагч Барилгын политехникийн коллежоос гаргуулан нэхэмжлэгч Н.Нарансүрэнд олгохоор шийдвэрлэж, шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болжээ.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д “Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно” гэж заасан байх тул Н.Нарансүрэнд ажилгүй байсан хугацааны цалинг олгох үндэслэлтэй байна.

 

Н.Нарансүрэнг 2015 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн Б/079 дугаар тушаалаар ажлаас халсан байх бөгөөд шүүхийн шийдвэрийн дагуу Барилгын политехникийн коллеж нь Н.Нарансүрэнг 2016 оны 05 сарын 04-ний өдөр Б/033 дугаар тушаалаар буцаан ажид томилжээ.

 

Нэхэмжлэгч Н.Нарансүрэнгийн ажилгүй байсан хугацааны цалинг түүний 000148185 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийг үндэслэн сүүлийн бүтэн ажилласан хугацаа болох 2015 оны 05, 06, 07 дугаар сар, ажилгүй байсан хугацаа 2015 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр буюу шүүхийн шийдвэр гарсан өдрөөс 2016 оны 05 сарын 04-ний өдөр буюу ажилд эгүүлсэн томилсон өдөр хүртэл нийт 113 хоногт /3 сарын цалин нийт 2850914 төгрөг : 3 сар буюу ажилын 61 хоног = 1 хоног 46739 төгрөг х 113 хоног = 5281168 төгрөг/ 5281168 төгрөг болж байна.

            Иймд Барилгын политехникийн коллежоос 5,281,168 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Н.Нарансүрэнд олгож, нэхэмжлэийн шаарлагаас үлдэх 3,715,967 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.  

           

 Нэхэмжлэгч 8,997,135 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаарлага  гаргасан боловч шүүх хуралдаанд 10,795,672 төгрөгийг хариуцагчаас гаргуулна гэж тайлбарлсан байна. Гэвч нэхэмжлэгч нэмэгдүүлүүлсэн шаардлага, түүний үндэслэлийг бичгээр гаргаагүй, “тооцож үзээгүй” гэж тайлбарлан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагаа дэмжээгүй болохыг дурдав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан хариуцагч Барилгын политехникийн коллежоос 5,281,168 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Н.Нарансүрэнд олгож, нэхэмжлэлийн шаарлагаас үлдэх 3,715,967 төгрөгт  холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Н.Нарансүрэнгээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсвөөс буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгож, хариуцагчаас 99,449 төгрөг гаргуулан улсын төсөвт оруулсугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

  

 

 

 

 

 

                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Б.АЗБАЯР