| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Тогтох Гандиймаа |
| Хэргийн индекс | 192/2025/02113/И |
| Дугаар | 210/МА2025/01463 |
| Огноо | 2025-08-29 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 08 сарын 29 өдөр
Дугаар 210/МА2025/01463
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхбаяр даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Т.Гандиймаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 192/ШШ2025/05366 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: *******гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******д холбогдох
Сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг хүчингүй болгуулах иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Гандиймаа илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Ариунзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:
1.1. Замын дарга *******г эзгүйд Замын нэгдүгээр орлогч дарга ******* нь хууль зүйн үндэслэлгүйгээр 1 сар 20 хувиар үндсэн цалинг бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан.
2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр гэсэн огноотой боловч 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдөр үйлдсэн Б/II/211 дугаар тушаалыг гаргаж мөн өдрөө гардуулсан. Энэ тушаал нь дотоод хяналт шалгалтыг зохион байгуулах журмын 2.2 “...ил тод шударга, бодит байх”, мөн журмын 6.1.1-д заасан “удирдамж”-гүй, мөн журмын 7.26, 7.27-д зааснаар шалгаж байгаа асуудлаараа ямар нэг тайлбар аваагүй, мөн журмын 7.12.1 “шалгалт явуулах удирдамж танилцуулаагүй” зэрэг нийт 13 заалтыг зөрчсөн. Мөн дээрх тушаалыг Хууль зүйн албаны даргаар хянуулаагүй гаргасан байх бөгөөд энэ нь албан бичиг хэрэг хөтлөлт болон дотоод хэм хэмжээг зөрчсөн.
1.2. Дотоод аудит хяналт шалгалтын албаны тайлан гэх зүйлийг тус албаны дарга *******, хяналт шалгалтын байцаагч ******* нар нь Нийгмийн асуудал хариуцсан замын орлогч даргын өрөөнд уншиж танилцуулсан бөгөөд энэ тайлан гэх зүйл нь ******* бичиг явуулсан нь албан хаагч албаны эрх мэдлээ хэтрүүлсэн, урвуулан ашигласан гэсэн зүйлийг уншсан. Энэ асуудлаар тухайн өрөөнд *******-д бичиг явуулаагүй гэх зүйлийн талаар яригдсан. Гэтэл Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3-т сахилгын шийтгэл ногдуулахаас өмнө ажилтанд мэдэгдэж, тайлбар авна гэсэн заалтыг хэрэгжүүлээгүй.
Иймд 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн Б/II/211 дугаартай тушаалыг хүчингүй болгож өгнө үү.
2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:
2.1. *******-ийн Дотоод аудит, хяналт шалгалтын албанаас Замын даргын баталсан Т/64/01/44 дугаар удирдамжийн дагуу 2024.08.21-нээс 2024.08.28-ны өдрүүдэд ******* өртөөний санхүү болон тээврийн орлого бүрдүүлэлтэд төлөвлөгөөт шалгалтыг хийсэн. Шалгалтаар ******* өртөөнөөс ******* өртөөнд хаяглагдсан *******-ийн ачилтад тавигдах ачааны вагоноос сэлгээний хөлс болох 29,250,000 төгрөгийг *******-ийн даргын 2022.03.23-ны өдрийн А/233 дугаар тушаалын 1-р хавсралтаар батлагдсан “Тарифын 1-р мөрдлөг”-ийн 2.4.б-д заасны дагуу хурааж аваагүй зөрчил илрүүлсэн. Уг зөрчилд тус албаны орлогын ахлах байцаагч *******ын Т-64/03/103 дугаар төлбөрийн акт бичигдсэн. Тус төлөвлөгөөт шалгалтын тайланг хэлэлцэх хурал 2024.09.19-ний өдөр цахимаар болсон бөгөөд хурлыг *******-ийн Тээвэрлэлт хөдөлгөөн хариуцсан замын орлогч дарга удирдан холбогдох албадын төлөөлөл оролцсон.
Тухайлбал, Хууль зүйн албаны ******* нь тус хурлын дэг дээр цохолт хийж тус хуралд тээвэр болон дэд бүтэцтэй холбоотой гэрээ хэлцэл хариуцсан хуулийн зөвлөх *******г оролцох тухай үүрэг өгсөн байдаг. Гэтэл уг хуралд ******* оролцохгүй эрүү, зөрчил хариуцсан хуулийн зөвлөх ******* оролцсон. Дотоод аудит, хяналт шалгалтын албаны орлогын ахлах байцаагчийн Т/64/03/103 дугаар төлбөрийн акттай холбогдуулан *******-иас 2024.09.05-ны өдрийн 3/239 дугаар “...64/03/103 дугаартай төлбөрийн актыг манай байгууллага төлөх нь үндэслэлгүй тул тус актыг хянаж үзнэ үү” гэх албан бичгийг ирүүлсэн.
Тус албан бичгийг Хууль зүйн албаны бичиг хэргийн ажилтан 2024.09.06-ны өдөр хүлээн авч, тус албаны орлогч дарга ******* нь хэлтсийн дарга *******эд санал бэлдэж хариу явуулах үүрэг өгсөн, Хэлтсийн дарга ******* нь тээвэр болон дэд бүтэцтэй холбоотой гэрээ хариуцсан хуулийн зөвлөх *******д өртөө хүлээлгийн төлбөр тооцож нэхэмжлэх үндэслэлтэй талаар судалж хариу өгье гэсэн үүрэг өгсөн. Гэтэл ******* нь уг албан бичгийг ******* цахим системд ******* хуульч над руу шилжүүл гэсэн тул өөрийнх нь зөвшөөрсний дагуу шилжүүлэв гэж тэмдэглэл үйлдэн тус албаны эрүү, зөрчил хариуцсан хуулийн зөвлөх *******д шилжүүлсэн.
2.2. *******гийн гаргасан дээрх үйлдлүүд нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөрт олгогдоогүй эрхийг эдэлж, өөрт хуваарилагдаагүй албан бичгийг дур мэдэн өөртөө шилжүүлэн авч, үндэслэлгүй буруу дүгнэлт бүхий илтгэх хуудас, албан бичиг боловсруулж нийгэмлэгт илтэд хохиролтой үйлдэл гаргасан нь албаны шалгалтаар тогтоогдсон тул Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.3-т заасныг үндэслэн үндсэн цалинг 1 сар 20 хувь бууруулах сахилгын шийтгэл оногдуулсан. Иймд *******гийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй .
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.5 дахь хэсэгт заасныг баримтлан *******2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн Б/II/211 дугаар тушаалыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч *******гийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:
4.1. Шүүх хуралдаанд ******* замын даргын тушаал шийдвэрийн бүртгэлийн дэвтрийн хуулбарыг шинжлэн судалсан бөгөөд тухайн дэвтэрт засвар хийж байгаад 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн тушаал шийдвэрийн бүртгэлийн дундуур 11 дүгээр сарын 27 гэсэн бичвэр хийсэн байдаг. Энэ баримт нь Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.4 дахь заалтыг заалтыг зөрчиж гаргасан байгааг нотлох бөгөөд хариуцагч талын итгэмжлэгдсэн төлөөлөгчид энэ талаар маргаж мэтгэлцээгүй байгааг шүүгч анхаарсангүй.
4.2. Хариуцагч талаас ******* дүрмийг гаргаж өгсөн бөгөөд энэ дүрмийн заалтыг хуурамчаар үйлдсэн гэмт хэрэг гарсан тул албан ёсны хувийг *******наас гаргуулах хүсэлтийг шүүхэд гаргасан. Шүүх Гадаад харилцааны яамнаас дүрмийг гаргуулсан ба шүүх хуралдаанаар “Замын даргын эзгүйд замын орлогч дарга нь түүний үүргийг бүрэн хариуцан биелүүлнэ” гэсэн заалтыг судалсан. Гэтэл энэ талаар шүүхийн шийдвэрт огт тусгаагүй. Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь заалтыг шүүх зөрчсөн.
4.3. Дотоод хяналт шалгалтыг зохион байгуулах журмын 13 заалтыг зөрчсөн. ******* албан бичиг явуулсан гэж намайг шалгахдаа тайлбар аваагүй, албан бичиг төлөвлөсөн гэж удирдах бүрэлдэхүүнээ хууран мэхлэх аргаар худал мэдээлэл бичиж сахилгын шийтгэл ногдуулсан байгааг шүүгч анхааран үзээгүй байна.
Дотоод аудит, хяналт шалгалтын албанд явуулсан албан бичгийг хууль зүйн албаны орлогч дарга хянаад, албаны дарга гарын үсэг зурсан байхад “******* намайг салбар нэгжид бичиг явуулсан” бичгийг төлөвлөсөн гэжээ. Шүүхийн энэ дүгнэлтэд дурдаад байгаа “бичиг төлөвлөсөн” гадагш явсан албан бичиг биш. 2024 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 10/502 дугаартай “Дотоод аудит, хяналт шалгалтын алба”-нд хаягласан дотооддоо илгээсэн албан бичгийг салбар нэгжид явуулсан гэсэн нь шүүгчийн алдаа болжээ. *******-т салбар нэгж байхгүй. Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-д заасан улсын бүртгэлийн байгууллагад бүртгэлтэй салбар нэгж байхгүй болохыг шүүгч анхаарсангүй.
4.4. Мөн сахилгын шийтгэл ногдуулсан гэх 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр гэсэн хуурамч огноотой Б/11/211 дугаар тушаалыг гаргах үед хууль зүйн албаны дарга зөвшөөрөөгүй байхад тушаал гаргасан нь дотоод журам зөрчсөн гэж марган мэтгэлцсэн ба шүүх хуралд “лист согласвания” шинжлэн судалсан байхад шүүхийн шийдвэрт огт тусгаагүй байна. Шүүх хэт нэг талыг барьсан.
4.5. Албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэсэн байх бөгөөд хуулийн зөвлөх нь удирдах албан тушаалтан биш болохыг огт анхаараагүй. Тухайн ******* өртөөний асуудлаар болсон шуурхай хуралд оролцсон хуульч нь би тул “энэ асуудлаар тийм албан бичиг ирсэн байна, та авчих” гэж нэг өрөөнд сууж байгаа хуулийн зөвлөх нь шилжүүлсэн. Энэ үйлдлийг Хууль зүйн албаны орлогч ба дарга нь хянаад зөрчил гэж үзээгүй байхад “өртөө зөрлөгийн байрлалаа ч мэдэхгүй ажилтан” зөрчил гэх эрх байхгүй бөгөөд албан дотоод бичиг нь ямар нэг эрх зүйн үр дагавар үүсгэхгүйг мэдэхгүй шүүгч гэж байж болохгүй.
4.6. Мөн “аудитын тайлангийн хуралд орсон” гэсэн байх бөгөөд тухайн хурлыг Тээвэрлэлт хөдөлгөөн хариуцсан замын орлогч дарга ******* удирдан хийхдээ төмөр замын тээврийн хөдөлгөөн ба дүрэм журмын мэргэшсэн хуульчаа оролцуулсан байгааг хэн нэг этгээд “өөрт олгоогүй эрхийг эдэлсэн” гэж дүгнэх эрх хэн нэгэн дурын этгээд болон шүүхэд байхгүйг шүүх анхаараагүй ба шүүхэд худал мэдүүлдэг “шүүхийг үл хүндэлдэг” үнэн зөв мэдүүлэг өгөх үүргээ зөрчдөг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн үгээр шүүгч дүгнэлт хийх ёсгүй. Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2, мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.1 дэх заалтыг зөрчсөн гэж үзнэ. Худалч хулгайчийн үг хуульчийн үгнээс үнэтэй байж болохгүй.
4.7. Мөн хөдөлмөрийн гэрээг хариуцагч талаас гаргаж өгсөн бөгөөд түүнтэй танилцаад хуурамч баримт гаргаж өгсөн байгааг танилцах хуудсанд бичсэн байхад түүнийг шүүх анхаарсангүй. Хариуцагч тал нотлох баримтыг гаргах бүрдүүлэх талаарх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 38 дугаар зүйлийн 38.4, 38.5 дахь заалтыг зөрчсөн байгааг шүүх анхаарсангүй.
4.8. Мөн шүүхийн шийдвэр ийн 14-т “...123.3-т заасныг зөрчөөгүй байна” гэсэн дүгнэлт хийсэн байх бөгөөд энэ Монгол хэлээр “...сахилгын шийтгэл ногдуулахаас өмнө ажилтанд мэдэгдэж, тайлбар авч, сахилгын зөрчлийн шинж, үр дагаврыг харгалзан...” гэсэн заалтыг шүүгч ойлгоогүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийг хангасан өөрчлөлт оруулж өгнө үү.
5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:
5.1. Анхан шатны шүүх хуралдаанд ******* тушаал, шийдвэрийн бүртгэлийн дэвтрийн хуулбарыг шинжлэн судалсан бөгөөд тус бүртгэлийн дэвтэрт ямар нэгэн засвар хийсэн зүйл байхгүй.
5.2. ******* 1968 оны дүрмийг хариуцагчаас анхан шатны шүүхэд гаргаж өгсөн. Анхан шатны шүүхэд *******наас 1949 он, 1957 онд баталсан нийгэмлэгийн дүрмийг ирүүлсэн байна. Өөрөөр хэлбэл, ******* нь 1968 онд баталсан дүрмийг үйл ажиллагаандаа мөрддөг. Түүнчлэн тус нийгэмлэгийн дарга ******* нь өөрийн эрх, үүргийг Иргэний хуулийн 62 дугаар зүйлд заасны дагуу итгэмжлэлээр Замын 1 дүгээр орлогч дарга *******т шилжүүлсэн байна.
5.3. *******-иас 2024.09.05-ны өдрийн 3/239 дугаар “...64/03/103 дугаартай төлбөрийн актыг манай байгууллага төлөх нь үндэслэлгүй тул тус актыг хянаж үзнэ үү” гэх албан бичиг Хууль зүйн албанд ирсэн байсан. Тус албан бичгийг Хууль зүйн албаны бичиг хэргийн ажилтан 2024.09.06-ны өдөр хүлээн авч, тус албаны орлогч дарга ******* рүү шилжүүлсэн ба ******* нь хэлтсийн дарга *******эд “санал бэлдэж явуулах” гэсэн үүрэг өгсөн. Хэлтсийн дарга ******* нь тээвэр болон дэд бүтэцтэй холбоотой гэрээ хариуцсан хуулийн зөвлөх *******д “өртөө хүлээлгийн төлбөр тооцож нэхэмжлэх үндэслэлтэй талаар судалж хариу өгье” гэх үүрэг өгсөн. Гэтэл ******* нь уг албан бичгийг “*******” цахим системд “******* хуульч над руу шилжүүл гэсэн тул өөрийнх нь зөвшөөрсний дагуу шилжүүлэв” гэж тэмдэглэл үйлдэн тус албаны эрүү, зөрчил хариуцсан хуулийн зөвлөх *******д шилжүүлсэн байсан.
Өөрөөр хэлбэл Хууль зүйн албаны удирдлага *******-ийн ирсэн бичгийг хуулийн зөвлөх *******д судалж хариу өгөх үүрэг өгсөн байхад хуулийн зөвлөх ******* нь дур мэдэн өөртөө шилжүүлж авч “******* өртөөний тээврийн орлого бүрдүүлэлтэд хийсэн төлөвлөгөөт шалгалтын хүрээнд Тарифын 1-р мөрдлөгийн 2.4.5 заалтыг баримтлан *******-иас 117 удаагийн сэлгээний хөлс 29,250,000 төгрөгийг төлүүлэх нь үндэслэлгүй” тухай дүгнэлт бүхий 2024.09.23-ны өдрийн 10/502 дугаартай албан бичгийг боловсруулж, нийгэмлэгийн харьяа төлбөр авагч байгууллага болох ******* өртөөнд явуулсан байна. Үүнээс үүдэн ******* өртөө нь *******-иас 117 удаагийн сэлгээний хөлс 29,250,000 төгрөгийг авах ажиллагааг зогсоосон байсан.
5.4. *******-ийн дарга нь тушаал шийдвэр гаргахдаа аливаа нэг этгээдээс зөвшөөрөл авах талаар ямар нэгэн эрх зүйн зохицуулалт байхгүй байна. Түүнчлэн *******д сахилгын шийтгэл ногдуулсан 2024.11.27-ны өдрийн Б/11/211 дугаар тушаал боловсруулагдаж байх үед тус нийгэмлэгийн хууль зүйн албаны дарга ******* хүндэтгэн үзэх шатгааны улмаас эзгүй байсан.
5.5. ******* өртөөний тээврийн орлого бүрдүүлэлтэд хийсэн шалгалтын тайланг хэлэлцэх хурал 2024.09.19-ний өдөр цахимаар болсон. Хууль зүйн албаны дарга ******* нь тус хурлын дэг дээр цохолт хийж тус хуралд тээвэр болон дэд бүтэцтэй холбоотой гэрээ хэлцэл хариуцсан хуулийн зөвлөх *******г оролцох үүрэг өгсөн байхад *******г оролцуулалгүй эрүү, зөрчил хариуцсан хуулийн зөвлөх ******* дур мэдэн оролцсон. Өөрөөр хэлбэл, Хууль зүйн албаны удирдлагаас эрүү, зөрчил хариуцсан хуулийн зөвлөх *******д хуралд оролцох үүрэг чиглэл өгөөгүй байтал ******* дур мэдэн Хууль зүйн албыг төлөөлөн хуралд оролцож гадны байгууллага болох *******-ийн албан бичгийн талаар болон актын талаар үг хэлсэн байна. /2хх-ийн 70-78/
5.6. Хууль зүйн албаны эрүү, зөрчил хариуцсан хуулийн зөвлөх *******г шалгасан шалгалтын тайланг Замын даргын үүргийг түр орлон гүйцэтгэж байсан Хөдлөх бүрэлдэхүүн хариуцсан замын орлогч даргад 2024.10.25-ны өдөр танилцуулсан бөгөөд тус илтгэх хуудсанд “Нийгмийн асуудал хариуцсан замын орлогч дарга ******* зохих арга хэмжээ авах” гэж цохолт хийсэн. Үүний дагуу Нийгмийн асуудал хариуцсан замын орлогч дарга ******* 2024.10.29-ний өдөр *******гийн гаргасан зөрчил дутагдлын талаар хэлэлцсэн. Тус хуралд ******* нь биечлэн оролцсон бөгөөд шалгалтын тайланг түүнд уншиж танилцуулан, түүнээс холбогдох тайлбарыг авсан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гарсан.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч “*******”-д холбогдуулан 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн Б/II/211 дугаартай “сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаалыг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.
3. Анхан шатны шүүх нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүйн улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байх тул давж заалдах шатны шүүхээс дараах байдлаар залруулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангасан өөрчлөлтийг оруулна.
3.1. *******ын даргын 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн Б/II/211 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.3, ******* дүрмийн 22 дугаар зүйлийн “а”, “и” заалт, 24 дүгээр зүйл, Нийгмийн асуудал хариуцсан замын орлогч дарга *******ын 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдөр удирдан хийсэн шуурхай хурлын тэмдэглэлийг тус тус баримтлан Хууль зүйн албаны хуулийн зөвлөх ******* нь “******* хувь нийлүүлсэн нийгэмлэгийн албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаанд мөрдөх журам”-ын 6.3.7-д заасан “удирдлагын заалтаар цохогдож ирсэн бичгийг үйл ажиллагааны чиг үүргийн хамаарал болон ажлын хэрэгцээ шаардлагын улмаас эрх бүхий удирдлагын зөвшөөрлөөр алба, хэлтэс, төв, тасаг, салбар нэгж, ажилтнуудын хооронд шилжүүлж болно” гэсэн заалтыг зөрчиж өөрт олгогдоогүй эрх мэдэл эдэлж, удирдлагаас үүрэг өгөөгүй асуудлыг судалж, бодлогын шинж чанартай асуудал эцэслэн шийдвэрлээгүй байхад салбар нэгж рүү чиглэл бүхий шинж чанартай албан бичиг явуулсан нь ******* хувь нийлүүлсэн нийгэмлэгийн албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаанд мөрдөх журмыг зөрчсөн гэх үндэслэлийг заан үндсэн цалинг 1 сарын хугацаагаар 20 хувь бууруулах сахилгын шийтгэл ногдуулжээ. /1хх-ийн 4 дүгээр тал/
Ийнхүү сахилгын шийтгэл ногдуулахад дээрх тушаалд заасан зөрчил тогтоогдсон байхыг шаардах бөгөөд үүнийг ажил олгогч нотлох үүрэгтэй.
3.2. Ажил олгогчоос ажилтны гаргасан хэд хэдэн буруутай гэх үйлдлийг хамааруулан албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаанд мөрдөх журмыг зөрчсөн сахилгын зөрчил гаргасан гэж буруутгасан боловч хэрэгт авагдсан баримтуудаар дараах байдлаар нотлогдоогүй гэж дүгнэв.
3.2.1. Ажил олгогч нь “...*******-ийн 2024 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 3/239 тоот албан бичигт дурдсан Т-64/03/103 актаар тавьсан төлбөрийн асуудлыг судалж, дүгнэлт хийлгэхээр албан хэрэг хөтлөлтийн журмын дагуу өөр этгээдэд хуваарилсан албан бичгийг нэхэмжлэгч нь журам зөрчиж эрх бүхий этгээдийн зөвшөөрөлгүйгээр өөртөө шилжүүлэн авсан, тухайн асуудлаар албан бичиг боловсруулж, салбар нэгж рүү явуулсан...” гэсэн зөрчид гаргасан гэжээ.
Хэргийн 2хх-ийн 69 дүгээр талд авагдсан Бүртгэл хяналтын картад тусгаснаар *******-аас ирсэн албан бичгийг 2024 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр хууль зүйн албаны бичиг хэргийн ажилтан хүлээн авч, тус албаны орлогч дарга *******ид, орлогч даргаас хэлтсийн дарга *******эд шилжүүлсэн байх ба дээрх албан бичигт дурдсан төлбөрийг судалж, хариу өгөхийг хуулийн зөвлөх *******д даалгасан боловч *******гаас “******* хуульч над руу шилжүүл гэсэн тул өөрийнх нь зөвшөөрсний дагуу шилжүүлэв” гэж тэмдэглээд хуулийн зөвлөх *******д шилжүүлсэн үйл баримт тогтоогдсон, энэ талаар зохигч маргаагүй.
Дотоод аудит, хяналт шалгалтын албанаас *******гийн ажилд хийсэн шалгалтын тайланг хэлэлцсэн 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн хурлын тэмдэглэлд НЮи *******гаас: ...Энэ оны 9 дүгээр сард ******* даргын цохолттой *******-тай холбоотой бичиг орж ирсэн. Яг энэ өдрийн өмнөх өдөр ******* *******-тай холбоотой вагоны тээврийн тарифыг ******* илүү авч байна гэдэг асуудал яригдаж байна гэж өрөөнд ярьж байсан. Ингээд маргааш нь энэ бичиг над руу орж ирэнгүүт ******* хуульчаас “Үүнийг яах вэ? Тань руу шилжүүлэх үү? Би өөрөө хариу өгөх үү? гэж асуусан. Тэгэхэд “Над руу шилжүүлчих, би дүрэм журмыг судлаад хариу өгье” гэж зөвшөөрсөн болохоор би шилжүүлсэн. ...Шилжүүлсний дараа хэлтсийн дарга *******эд уг бичгийг шилжүүлсэн талаар хэлсэн. Надад тухайн үед ******* дарга “Чи ******* руу шилжүүлж болохгүй, өөрөө хариу өг гэдэг үүрэг өгөөгүй, за ойлголоо” гэж хэлсэн.” гэж, *******гаас: “...надад үүрэг өгсөн...” гэж тусгагджээ. /2хх-ийн 50, 58/
Дээрх хурлын тэмдэглэлээс үзэхэд *******-ийн 2024 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 3/239 тоот албан бичгийг хуулийн зөвлөх *******гаас *******д шилжсэнийг хэлтсийн дарга нь мэдэж байсан, мөн эрх бүхий этгээдээс “үүрэг өгсөн” гэх нөхцөл байдал тогтоогдож байхад энэ талаар шалгаж тогтоох ажиллагаа явуулаагүй атлаа Бүртгэл хяналтын картыг үндэслэн албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаанд мөрдөх журмыг зөрчсөн гэж нэхэмжлэгчийг буруутгасан нь үндэслэлгүй болжээ.
3.2.2. Хариуцагч байгууллагын сахилгын шийтгэл ногдуулахаар заасан үндэслэл нь хоорондоо шалтгаант холбоотой байх ба нэгэнт дээрх зөрчлийг нэхэмжлэгч гаргасан нь тогтоогдоогүй нөхцөлд *******-ийн вагоны тээврийн тарифын асуудлаар чиглэл бүхий шинж чанартай албан бичиг боловсруулж, салбар нэгж рүү явуулсан гэх үйлдэлд буруутгах үндэслэлгүй юм.
Мөн дээрх хурлын тэмдэглэлд /2хх-ийн 52, 54/ НЗс *******: “...Бичиг явахдаа тарифын хариултыг танай албанаас шууд явуулсан байна” гэхэд НЮи *******гаас: “НЗд болон Д албаны даргатай зөвшилцсөн, ...албаны даргаар хянуулсан” гэжээ. Үүнээс үзэхэд нэхэмжлэгчийн боловсруулж, явуулсан гэх албан бичгийг эрх бүхий этгээдтэй зөвшилцсөн, хянуулсан талаар тайлбарласан байхад мөн шалгаж тогтоох ажиллагаа явуулаагүй байна.
Түүнчлэн, ******* Хууль зүйн албаны 2024 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 10/502 тоот Дотоод аудит хяналт шалгалтын албанд хаягласан Т-64/03/103 актын талаарх албан бичигт /2хх-66/ тус албаны дарга гарын үсэг зурсан байх тул тухайн албан бичгийг хянуулаагүй гэж нэхэмжлэгчийг буруутгасан нь буруу болжээ.
4. ******* өртөөнд хийсэн төлөвлөгөөт шалгалтын тайланг хэлэлцсэн 2024 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн хуралд Хууль зүйн албанаас ******* оролцох байтал нэхэмжлэгч оролцож өөрт олгогдоогүй эрх мэдэл эдэлсэн гэх боловч энэ талаар сахилгын шийтгэл ногдуулах тушаалд заагаагүй байхаас гадна нэхэмжлэгчийн ажилд хийсэн шалгалтын тайланг хэлэлцсэн 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн хурлын тэмдэглэлээс үзэхэд дээрх үйлдэлтэй холбогдох асуудал хэлэлцэгдээгүй байна. Иймд хуралд оролцсон гэх үйлдлийг тушаалын үндэслэл болгоогүй гэж үзэхээр байна.
Нөгөөтэйгүүр, хэргийн 2хх-ийн 71-78 дугаар талд авагдсан 2024 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн хурлын тэмдэглэлээс үзэхэд нэхэмжлэгч нь хурлаар хэлэлцэгдэж буй асуудлаар санал бодлоо илэрхийлж оролцсон байх ба уг хурлыг удирдан явуулж байгаа эрх бүхий этгээдээс нэхэмжлэгчийг хуралд оролцуулахаас татгалзсан нөхцөл байдал тогтоогдсонгүй.
5. Ажилтныг сахилгын зөрчил гаргасан гэж үзвэл ажил олгогч нь сахилгын шийтгэл ногдуулахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.4 дэх хэсэгт заасан хугацааг баримтлах учиртай. Энэ хугацааг ажил олгогч баримтлаагүй хууль зөрчсөнийг анхан шатны шүүх анхаараагүй байгааг дурдах нь зүйтэй.
2024 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн хуралдаанаар нэхэмжлэгчийн ажилд хийсэн шалгалтын 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн тайланг хэлэлцэж, түүнд 1 сарын хугацаагаар цалингийн 20 хувь бууруулах сахилгын шийтгэл ногдуулахаар шийдвэрлэж, энэ талаарх тушаал 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.4 дэх хэсэгт заасан хугацааг баримтлаагүй байна.
Тодруулбал, 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн тайлан хэлэлцсэн хуралдаанаар нэхэмжлэгчийн гаргасан гэх зөрчлийг илрүүлээгүй тул энэ өдрөөс хугацаа тоолохгүй, шалгалтын тайлан гарсан өдрөөр буюу 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрөөр нэхэмжлэгчийн гаргасан гэх сахилгын зөрчлийг ажил олгогч мэдсэн буюу илэрсэн гэж үзнэ.
6. Ажил олгогч нь 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн Б/II/211 дугаартай Сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалд дурдсан сахилгын зөрчил гэж үзсэн үйлдлүүд нь зөрчилд хамаарахгүй байх тул тушаалыг хүчингүй болгоно.
7. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 192/ШШ2025/05366 дугаар шийдвэрийн
тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан *******ын даргын 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн Б/II/211 дугаартай *******д сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг хүчингүй болгосугай.” гэж өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5, 44 дүгээр зүйлийн 44.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЭНХБАЯР
ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ
Т.ГАНДИЙМАА