| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Тогтох Гандиймаа |
| Хэргийн индекс | 183/2022/05782/И |
| Дугаар | 210/МА2025/01464 |
| Огноо | 2025-08-29 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 08 сарын 29 өдөр
Дугаар 210/МА2025/01464
*******ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, шүүгч С.Энхбаяр, Т.Гандиймаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 192/ШШ2025/04771 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: *******ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******-д холбогдох
Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 41,306,000 төгрөг гаргуулах үндсэн, олох байсан орлого 195,378,929 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Гандиймаа илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Ариунзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:
1.1. 2021 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр *******-ийн үндсэн гүйцэтгэгч *******-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, ******* нутаг дэвсгэрт баригдаж буй Гранд маршал хотхоны халаалтын зуухны барилгын суурийн ажлыг гүйцэтгэхээр тохиролцсон.
1.2. 2021 оны 9 дүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн барилгын талбайд очиж халаалтын зуухны барилгын суурийг хийж, 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдөр гэхэд оффисын барилгын сууринд 258 м.кв, оффисын барилгын 1 давхарт 258 м.кв, зуухны барилгын суурь 550 м.кв талбайн угсралтын ажил зэрэг нийт 64,570,000 төгрөгийн ажлыг хийж гүйцэтгэсэн.
1.3. Гэрээгээр тохирсон ажлыг хийж гүйцэтгэн, ажлын явц байдлыг тайлагнасан актыг үйлдэж *******-ийн чанарын инженер ажилтай *******т хүлээлгэн өгсөн. Хариуцагч компаниас урьдчилгаа төлбөрт 11,264,000 төгрөг, мөн гүйцэтгэлийн явцад 12,000,000 төгрөг нийт 23,264,000 төгрөгийг төлсөн боловч үлдэгдэл 41,306,000 төгрөгийг төлөөгүй байна.
Иймд ажлын хөлсний үлдэгдэл төлбөр болох 41,306,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.
2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:
2.1. Манай байгууллага нь *******-тай 2021 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, гэрээгээр ******* дөрвөн улирлын цогцолбор хотхоны халаалтын зуухны барилгын суурийн ажил гүйцэтгэхээр тохирсон.
2.2. Уг гэрээний дагуу *******ыг халаалтын зуухны барилгын суурийн ажилд туслан гүйцэтгэгчээр ажиллуулахаар 2021 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. ******* нь 2021 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр ажлыг хүлээлгэн өгч манай компанитай тооцоо нийлэх ёстой байсан боловч гэрээгээр тохирсон хугацаанд ажлыг гүйцэтгэж дуусалгүй 20 хоног хэтрүүлсэн. Мөн ажлын байранд архи согтууруулах ундаа байнга хэрэглэдэг байсан. Энэхүү нөхцөл байдлаас үүдэн *******-тай байгуулсан 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 126-1 дугаартай 1,052,139,000 төгрөгийн ажил гүйцэтгэх гэрээний нэмэлт гэрээ цуцлагдсан.
2.3. Шүүхэд гаргаж өгсөн нэхэмжлэгчийн тооцоо нийлсэн акт, баримтууд нь худал баримт байх тул хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Учир нь уг тооцоо нийлсэн актад *******-ийн инженер ******* тооцоо нийлж, гарын үсэг зурсан байна. Гэвч *******-ийн тооцоо нийлэх эрхтэй эрх бүхий этгээд нь тус компанийн барилгын ажлыг хариуцан гүйцэтгэж байсан ерөнхий инженер ******* юм. ******* нь тооцоо нийлэх эрхтэй этгээд биш учраас энэхүү тооцоо нийлсэн актийг хүлээн зөвшөөрөхгүй. Мөн тооцоо нийлсэн актад Зохиогчийн хяналтын гүйцэтгэгч *******ын гарын үсэг зурагдаагүй. Барилгын ажлыг хүлээн авч буй акт нь нэр дурдагдсан бүх хүний гарын үсэг зурагдсан байж хүчин төгөлдөр болдог тул дээрх баримтууд нь ажил гүйцэтгэсэн гэх баримтын шаардлагыг хангахгүй юм.
2.4. Гэрээгээр ******* нь манай байгууллагатай хийсэн ажлын акт, баримтыг үндэслэн тооцоо нийлэх ёстой боловч нэг ч удаа тооцоо нийлээгүй. Гэрээний дагуу ажлыг хийж гүйцэтгэсэн гэх боловч акт үйлдээгүй. Манай компани нь *******т өр төлбөргүй. Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү.
3. Хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:
3.1. Гэрээний дагуу *******ыг халаалтын зуухны барилгын суурийн ажилд туслан гүйцэтгэгчээр ажиллуулахаар 2021 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. ******* нь 2021 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр ажлыг хүлээлгэн өгч манай компанитай тооцоо нийлэх ёстой байсан боловч гэрээгээр тохирсон хугацаанд ажлыг гүйцэтгэж дуусалгүй 20 хоног хэтрүүлсэн. Мөн ажлын байранд архи согтууруулах ундаа байнга хэрэглэдэг байсан бөгөөд өөрийн танил *******тай ярилцаж компанийн захирал *******ыг охиноо аваад эмнэлэгт хэвтэж байхад нь манай компанийг уг ажлаас гаргасан. Энэхүү нөхцөл байдлаас үүдэн *******-тай байгуулсан, 2021.09.06-ны өдрийн 122,606,512 төгрөгийн халаалтын зуухны барилгын суурийн ажил гүйцэтгэх гэрээ, 2021.10.19-ний өдрийн 126-1 дугаартай Хавсралт 2-т заасан 599,250,000 төгрөгийн халаалтын зуухны барилгын ажил гүйцэтгэх гэрээ, Хавсралт 3-т заасан 1,052,139,000 төгрөгийн халаалт, хэрэглээний халуун усны узелийг хийж гүйцэтгэх гэрээ, нийт 1,773,995,512 төгрөгийн үнэ бүхий гэрээ цуцлагдсан.
3.2. Манай компани нь уг гүйцэтгэж байсан ажлаас буюу *******-иас 108,966,199 төгрөгийг хүлээн авсан боловч *******ын буруутай үйлдлээс болж гэрээ цуцлагдаж олох ёстой байсан орлогоо алдсан. Манай компани *******-тай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээнд санхүүгийн шинжээчээр тооцоолол хийлгэхэд олох ёстой байсан үлдэгдэл орлого 195,378,929.64 төгрөг байна. Иймд компанийн олох ёстой орлого алдагдсан тул 195,378,929.64 төгрөгийг гаргуулж өгнө үү.
4. Сөрөг нэхэмжлэлд нэхэмжлэгчийн гаргасан тайлбар, татгалзлын агуулга:
4.1. Хариуцагчийн *******-тай байгуулсан гэрээ цуцлагдсан нь надад хамааралгүй, хариуцагч компаниас нэг ч хүн ирээгүй, материал нь ирээгүй, би ажлаа хийх байтал материал хөөцөлдөөд явж байдаг байсан. Ийм шалтгаанаар хугацаа хоцорсон, зөвхөн надаас болж гэрээ цуцлагдана гэж байхгүй, сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй.
5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т зааснаар хариуцагч *******-иас ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл төлбөр 41,306,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******т олгож, Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-т зааснаар хариуцагч *******-ийн нэхэмжлэгч *******т холбогдуулан гаргасан олох байсан орлого болох 195,378,929 төгрөгийг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч *******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 364,480 төгрөг, хариуцагч *******-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн 1,134,844 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 364,480 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******т олгож шийдвэрлэжээ.
6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:
6.1. Нэхэмжлэгч нь 2021 оны 10 дугаар сарын 24-ний өдөр *******-тай, 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр *******-тай тус тус тооцоо нийлсэн байдаг.
Гэтэл анхан шатны шүүх 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн тооцоо нийлсэн актыг үндэслэсэн боловч нэхэмжлэгчийн *******-тай тооцоо нийлсэн актаар бодит байдал дээр 67.9 м.кв ажил гүйцэтгэсэн нь харагддаг, иймд уг актад дүгнэлт өгөөгүй нь хэрэгт цугларсан нотлох баримт, хэргийн бодит байдлыг тогтоолгүй хэргийг шийдвэрлэсэн.
Иймд *******ын гүйцэтгээгүй ажлын оффисын барилгын 1 давхрын 148.1 м.кв суурийн ажил буюу 8,145,500 төгрөгийг төлөх үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагаас 8,145,500 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.
7. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:
7.1. 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр нэхэмжлэгчийн хийж гүйцэтгэсэн ажлыг талууд дүгнэсэн. Уг ажлын гүйцэтгэлээр нүүрсний агуулахын суурийн ажлын оронд оффисын 1 давхрын арматурчлалын ажилд тооцож, үлдэгдэл төлбөр 41,306,000 төгрөгийг төлнө гэж тохиролцсон. Хариуцагч талаас уг тохиролцоог хүлээн зөвшөөрч гарын үсгээ зурж баталгаажуулсан. Анхан шатны шүүх хуралдааны явцад хариуцагч талаас ажил гүйцэтгэх гэрээний хугацаа хэтрүүлсэн, ажлын байранд согтууруулах ундаа хэрэглэсэн гэх үндэслэлээр гэрээг цуцалсан гэж татгалзлаа тайлбарладаг. Харин ажлын гүйцэтгэл дутуу, *******ын гарын үсэг биш гэх агуулгаар маргаагүй.
7.2. Тухайн хоёр тооцоо нийлсэн актаас харахад, нэхэмжлэгчийн хүлээлгэж өгсөн ажлын гүйцэтгэлээр ******* нь *******-иас 108,000,000 төгрөг авахаар байна. Гэтэл хариуцагч тал 148.1 м.кв талбайг дутуу гүйцэтгэсэн тул 8,145,500 төгрөгийг хасаж тооцно гэж тайлбарласан нь үндэслэлгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 41,306,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, олох байсан орлого 195,378,929 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.
3. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлээд дараах үйл баримтыг зөв тогтоосон байна. Үүнд:
3.1. ******* нь *******-тай 2021 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр “Ажил гүйцэтгэх гэрээ”-г байгуулж, уг гэрээгээр ******* нь ******* байрлах ******* дөрвөн улирлын цогцолбор хотхоны Халаалтын зуухны барилгын ажлыг түлхүүр хүлээлгэж өгөх нөхцөлөөр барилгын суурийн ажил, буцаан булалт, гар тэгшилгээ, суурийн дулаалга, ус тусгаарлалт, халаалтын зуухны барилгын ажлуудыг 2021 оны 9 дүгээр сарын 10-ны өдрөөс 2021 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэлх хугацаанд гүйцэтгэх, ******* нь ажлын хөлс төлөх, материал нийлүүлэх үүргийг тус тус хүлээжээ. /хх-ийн 4-7 дугаар тал/
3.2. Дээрх гэрээний дагуу хариуцагч байгууллагаас 23,264,000 төгрөг төлсөн үйл баримтад маргаагүй, талуудын маргааны зүйл нь гэрээгээр тохирсон ажлыг нэхэмжлэгч бүрэн гүйцэтгэсэн эсэх, ажлыг хүлээлгэн өгсөн эсэх асуудал болжээ.
4. Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тодорхойлж, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болсон боловч зарим нотлох баримтыг үнэлээгүй орхигдуулсныг давж заалдах шатны шүүхээс нэмж дүгнэж, тогтоох хэсэгт хууль хэрэглээний болон найруулгын өөрчлөлт оруулна.
4.1. Талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр гэж шүүх зөв дүгнэсэн.
Хэргийн 7 дугаар талын ар хэсэгт авагдсан 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн гар бичвэрт “...агуулах -216 м.кв х 55 000=11,880,000, зуух-550 м.кв х 70,000=38,500,000, оффис-258 м.кв х 55,000=14,190,000 нийт 64,570,000, урьдчилгаа-11,264,000, данс руу нь-12,000,000 нийт 23,264,000 төгрөгийг өгсөн байгаа. Зөрүү 41,306,000 төгрөгийг *******тай тооцоо нийлж, актаа хүлээлцчихээд төлбөрөө аваад өгнө. Нүүрсний агуулахын суурийн ажлын оронд оффисын 1-р давхрын арматурчлалын ажилд тооцов.” гээд талууд гарын үсэг зуржээ.
Дээрх баримтад хариуцагч тал гарын үсэг зурсан үйл баримтад маргаагүй боловч агуулахын суурийн ажлыг дутуу гүйцэтгэсэн, ажлын гүйцэтгэлийг хүлээн авсан баримтад эрхгүй этгээд гарын үсэг зурсан тул ажлыг хүлээлгэн өгсөн гэж үзэхгүй гэх агуулгаар маргасан.
Хариуцагч байгууллагын татгалзалтай холбогдуулан талуудын хүсэлтээр дараах гэрчүүдээс мэдүүлэг авсан, *******-ийн ерөнхий инженер гэх ******* “...******* нь халаалтын тогооны барилгын А, В блокийн суурийн ажлыг гүйцэтгэсэн, одоо яг алийг нь *******, ******* хийж гүйцэтгэснийг сайн санахгүй байна, ямар ч байсан нэг нь эхлүүлсэн, нөгөө нь үргэлжлүүлсэн“, мөн компанийн чанарын инженер гэх ******* “ ...халаалтын барилгын В, С суурийг бүрэн хийсэн, С блокийн 1 давхрын ханын арматур, хэв хашмалыг *******-тай хамтарч ажиллахаа больсон байхдаа хийж дуусгасан, ******* өөрөө ирж акт үйлдэн хүлээлгэн өгсөн“, талбайн даамал гэх ******* “...оффисын барилгын суурь, уурын зуухны барилгын суурийн ажлыг 100 хувь хийж гүйцэтгэсэн, зоорийн давхрын ажлыг хийж гүйцэтгэх байсныг харилцан тохиролцоод оффисын барилгын 1 давхрын бусад хэсгийг хийсэн, 40-50 хувьтай хийж гүйцэтгэсэн, акт үйлдэж талбайн инженер *******, ерөнхий инженер ******* нарт хүлээлгэж өгсөн“, *******-ийн инженер гэх ******* “...*******ын бригад суурийн бетоноо цутгачихаад, хэвээ хуулчихаад хаяад явчихсан байсан, ...ажлын зургийг харахгүйгээр м.кв-ыг бодож гаргах боломжгүй, ...******* гэж хүн ******* гэдэг хүнтэй м.кв-ыг хэдэн төгрөгөөр тохиролцоод хэдэн төгрөг авсан өгсөн гэдгийг мэдэхгүй” гэж тус тус мэдүүлжээ. /хх-ийн 127-128, 138-139, 150-151
Мөн хэргийн 8-21 дүгээр талд оффисын С блокийн суурийн ажил, халаалтын зуухны В блокийн суурийн ажил, цутгамал төмөр бетон бүтээцийг арматурчилсан ажлын актууд авагдсан байх ба уг актаар гүйцэтгэсэн ажлыг зургийн дагуу болсон гэж тэмдэглэн хүлээн авч, захиалагчийг төлөөлж *******, даамал *******, гүйцэтгэгчийг төлөөлж ******* нар гарын үсэг зурсан байна.
Түүнчлэн, ******* нь *******-тай 2022 оны 6 дугаар сарын 29-ний өдөр гүйцэтгэлийн акт үйлдэж, уг актаар ******* нь суурийн ажлаас оффисын 258м2, зуухны хэсгийн 550м2, С блокийн 1-р давхрын 271.56 м2 байхаас 67.9 м2 ажлыг тус тус гүйцэтгэсэн болохыг харилцан баталж, эрх бүхий этгээдүүд гарын үсэг зуржээ. /хх-ийн 79 дүгээр тал/
Хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг харьцуулан дүгнэвэл ******* нь оффисын 258 м.кв, халаалтын зуухны 550 м.кв, С блокийн 1 давхрын 67.9 м.кв талбай бүхий суурийн ажлын гүйцэтгэлийг 2022 оны 6 дугаар сарын 29-ний өдөр хүлээлгэн өгсөн байх ба уг ажлыг нэхэмжлэгч гүйцэтгэсэн болох нь талуудын 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр үйлдсэн баримт болон гэрч *******, *******, ******* нарын мэдүүлгээр нотлогдож байх ба дээрх ажлыг хүлээлгэн өгсөнд тооцохгүй гэх хариуцагчийн тайлбар, татгалзал үгүйсгэгдэж байна.
Харин гэрч ******* нь нэхэмжлэгчийг ажлаа хаяад явсан гэх агуулга бүхий мэдүүлэг өгсөн боловч түүний мэдүүлэг нь хэрэгт авагдсан өөр баримтаар давхар нотлогдоогүй, бусад бичгийн баримт болон гэрч нарын мэдүүлгийг үгүйсгэж чадаагүй байх тул нэхэмжлэгч ажлыг бүрэн гүйцэтгээгүй гэх хариуцагчийн тайлбарыг нотолсон гэж дүгнэхгүй.
Мөн гэрч ******* нь талуудын маргаанд хамааралтай мэдүүлэг өгөөгүй байх тул түүний мэдүүлгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар ач холбогдолгүй гэж дүгнэнэ.
Иймд хариуцагч байгууллага нь нэхэмжлэгчийн гүйцэтгэсэн ажлын хэмжээг баталгаажуулж, уг ажлын хэмжээгээр *******-д ажлыг хүлээлгэн өгсөн атлаа ажлын явцыг баталгаажуулж, ажлыг хүлээн авсан актуудад гарын үсэг зурсан этгээдүүд нь эрх бүхий этгээд биш гэж маргасан нь үндэслэлгүй болжээ.
Улмаар, талууд гэрээгээр гүйцэтгэхээр тохирсон 216 м.кв талбай бүхий 11,880,000 төгрөгийн ажлын хөлс бүхий агуулахын суурийн ажлын гүйцэтгэлийн оронд нэхэмжлэгчийн гүйцэтгэсэн өөр ажил болох оффисын /С блок/ 1 давхрын ажлыг харилцан тооцохоор тохиролцсон болох нь 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн баримтаар тогтоогдож байна. Иймд нэхэмжлэгч ажлыг бүрэн гүйцэтгээгүй гэх хариуцагчийн тайлбар, татгалзал болон дутуу гүйцэтгэсэн 148.1 м.кв суурийн ажлын төлбөрийг хасаж тооцно гэх гомдол үндэслэлгүй.
5. Анхан шатны шүүх талуудын тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үндэслэн нэхэмжлэгчийг гэрээнд заасан ажлыг хийж гүйцэтгэн, хүлээлгэн өгсөн гэж дүгнэж, үлдэгдэл ажлын хөлс 41,306,000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь нотлох баримт үнэлэх зарчмыг зөрчөөгүйгээс гадна Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 351 дүгээр зүйлийн 351.1.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.
Харин шүүх талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан гэж дүгнэж, уг гэрээний зохицуулалтаар маргааныг шийдвэрлэсэн тул үүргийн харилцаа үүсэх ерөнхий үндэслэлийг тайлбарлах шаардлагагүй байсныг дурдах нь зүйтэй.
6. Анхан шатны шүүх сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ *******-ийн *******-тай байгуулсан гэрээнүүд нэхэмжлэгчийн буруутай үйл ажиллагааны улмаас цуцлагдсан гэх байдал хэргийн баримтаар нотлогдоогүй гэж дүгнэсэн нь нотлох үүргийн зарчмыг зөрчөөгүй, энэ шийдэлд хариуцагч байгууллага гомдол гаргаагүй тул давж заалдах шатны шүүхээс нэмж эрх зүйн дүгнэлт хийхгүй байх нь талуудын зарчимд нийцнэ.
Сөрөг нэхэмжлэлийн шаардах эрхийн үндэслэлийг гэрээний нэг тал үүрэг зөрчсөнөөс нөгөө тал гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирол шаардах зохицуулалтыг баримталсан нь оновчтой бус болсныг залруулж, зохих хууль хэрэглээний өөрчлөлт оруулна.
7. Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний болон найруулгын өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 192/ШШ2025/04771 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн
1 дэх заалтыг “Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч *******-иас 41,306,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******т олгож, *******т холбогдох 195,378,929 төгрөг гаргуулах тухай хариуцагч *******-ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.” гэж өөрчлөн найруулж, бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт заасны дагуу хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 145,270 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЦЭНД
ШҮҮГЧИД С.ЭНХБАЯР
Т.ГАНДИЙМАА