Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 08 сарын 29 өдөр

Дугаар 210/МА2025/01462

 

*******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхбаяр даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Т.Гандиймаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 192/ШШ2025/02872 дугаар шийдвэртэй, 

Нэхэмжлэгч: *******ын нэхэмжлэлтэй,   

Хариуцагч: *******-д холбогдох 

Урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх, ******* тоот орон сууцны өмчлөх эрхийг  шилжүүлэхийг даалгах, 2023 оны 4-7 дугаар сарын цалин гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Гандиймаа илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Ариунзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. *******-ийн *******-т 2019 оны 8 сараас 2023 оны 7 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл Ерөнхий мэс заслын эмчээр ажилласан. 2020-2021 оны байгууллагын шинэ жилээр захирал ******* нь хамт олны өмнө шилдэг ажилтан ******* надад баяр хүргэж, байгууллагын үйл ажиллагаанд оруулсан хувь нэмрийг тодотгож 2 өрөө байраар шагнасныг хүлээн авч, уг шагналын 2 өрөө байр болох *******тоот хаягт гэр бүлийн хамт амьдарч байна.

1.2. Тухайн үед орон сууцны гэрчилгээ гараагүй байсан ба гэрчилгээ гарах явцад захирал ******* эмнэлгийн санхүү хүнд байна, чиний орон сууцны гэрчилгээг зээлийн барьцаанд тавьж зээл авах шаардлагатай байна гэж хэлээд гэрчилгээг *******-ийн нэр дээр гаргуулж, зээлийн барьцаанд тавьсан байсан. Дараа нь гэрчилгээ юу болсон талаар тодруулахад удахгүй чөлөөлөөд шилжүүлнэ, санаа битгий зовоорой гэсэн. Гэвч *******ын үйлдэл, харьцах харьцаа нь таарамжгүй болж 2023 оны 7 дугаар сарын 27-ны өдөр намайг ажлаас чөлөөлсөн.

1.3. Иймд мэс заслын эмчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлж, ******* тоот орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг шилжүүлэхийг даалгах, 2023 оны 4-7 дугаар сарын цалин хөлсийг гаргуулж өгнө үү.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1. *******тай 2020 оны 6 дугаар сарын 02-ны өдрөөс 2023 оны 7 дугаар сар хүртэл хөдөлмөрийн гэрээ байгуулж, ерөнхий мэс заслын эмчээр ажиллуулсан. Нэхэмжлэгч нь ажиллах хугацаандаа 2023.06.19, 2023.07.19-ний өдрүүдэд үйлчлүүлэгч *******ээс хувийн дансаар үйлчилгээний төлбөр авсан сахилгын зөрчил гаргасан. Уг үйлдлийг хөдөлмөрийн дотоод журам зөрчсөн үндэслэлээр өөрт нь хаалттай хэлбэрээр сануулах арга хэмжээ авсан.

2.2. 2023 оны 7 дугаар сарын 27-ны өдөр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох тушаал гарсан. Энэ тушаал гарах болсон үндэслэл нь үйлчлүүлэгчээс хувийн дансаар мөнгө авсан үйлдлээ нуун дарагдуулахыг оролдож, үйлчлүүлэгч ******* рүү залгаж нөхцөл байдлыг хэлж дарамтлахыг оролдсон, эмнэлгийн нэр хүндийг унагаахыг оролдсон үйлдэлд сахилгын шийтгэл оногдуулсан. Иймд тушаал хууль зүйн үндэслэлтэй тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй.

2.3. Шагнал олгохоор олон нийтэд амлах гэдэг зүйл заалтаар шаардах эрхийнхээ үндэслэл болгон орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ олгохыг шаардсан нэхэмжлэлийн шаардлагыг мөн хүлээн зөвшөөрөхгүй. Харин хариуцагчаас Иргэний хуулийн 276 дугаар зүйлд заасан бэлэглэлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэж, энэ нь орон сууцны өмчлөх эрх шилжих хэлцлийн хуульд заасан хэлбэрийн шаардлага хангаагүй хэлцэл болсон. Иймд хэлбэрийн шаардлага хангаагүй хэлцлийн үр дагаврыг хүлээн зөвшөөрөх боломжгүй.

Мөн 2021 оны шинэ жилийн арга хэмжээн дээр нэг өрөө орон сууц олгохыг амласан. Нэг өрөө орон сууц нь ашиглалтад ороогүй тул 2 өрөө орон сууцанд нэхэмжлэгчийг оруулсан тул нэхэмжлэгчийн шаардаж буй орон сууц нь түүнд амласан орон сууц гэж үзэж болохгүй. Иймээс 2 өрөө орон сууц амласан болох нь нотлогдохгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй.

2.4. Хэрэгт 2021 оны 1 дүгээр сараас 2023 оны 7 дугаар сар хүртэл цалин олгосон нийгмийн даатгалын шимтгэлийг төлсөн баримт авагдсан тул 4-7 сарын цалин 6,400,000 төгрөг гаргуулах шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1 заасныг баримтлан *******ыг мэс заслын эмчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 26,836,884 төгрөгийг *******-иас гаргуулж *******т олгож, 2023 оны 4, 5, 6, 7 сарын цалин гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 420 дугаар зүйлийн 420.1-д заасныг баримтлан *******, Эрхийн улсын бүртгэлийн ******* дугаартай, *******тоот хаягт байршилтай, 2 өрөө орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг *******ын өмчлөлд шилжүүлэхийг хариуцагч *******-д даалгаж, Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7, Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1, 8 дугаар зүйлийн 8.2.1-т зааснаар нэхэмжлэгч *******ын ажилгүй байсан 2023 оны 7 дугаар сарын 27-ны өдрөөс 2025 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэлх хугацаанд төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг хариуцагч байгууллагаар бүрэн төлүүлж, харин эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг ажил олгогч, даатгуулагч нараас тэнцүү хэмжээгээр нөхөн төлүүлж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч *******-д даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч *******ыг улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагч *******-иас 292,134 төгрөг гаргуулж улсын төсөвт оруулж шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

4.1. 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдөр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь үйлчлүүлэгч *******ээс хувийн дансаар төлбөр хүлээн авсан *******ын ******* дахь ******* тоот дансны 2023 оны 6 дуслар сарын 20-ны өдрөөс 2023 оны 7 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацааны хуулгыг нотлох баримтаар гаргуулах хүсэлт гаргасан боловч шүүх ажил олгогч анхнаасаа нотлох баримтыг бүрдүүлсэн байх ёстой гэж үзэн үндэслэлгүйгээр татгалзсан. ******* нь *******ын хувийн дансаар мөнгө хүлээн авсан тухай баримтыг өөрөө нотлох баримтын шаардлага хангуулан шүүхэд гаргаж өгөх боломжгүй бөгөөд шүүхээр уг нотлох баримтыг бүрдүүлэх хүсэлт гаргасан атал хэрэгт ач холбогдолгүй гэж татгалзсан.

Мөн *******-ийн зүгээс 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдөр болон 10 дугаар сарын 23-ны өдөр үйлчлүүлэгч *******ийг гэрчээр оролцуулах хүсэлт гаргасныг шүүгчийн 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 22666 дугаар захирамжаар хангаж шийдвэрлэсэн. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс 2025 оны 2 дугаар сарын 10-ны өдөр гэрч ******* болон бусад гэрчээс мэдүүлэг авч, хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан боловч 2025 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн хурлаар *******ээс гэрчийн мэдүүлэг аваагүй бөгөөд 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 22666 дугаар захирамжийн биелэлт хангагдаагүй байхад хэргийг шийдвэрлэсэн.

4.2. Шүүх иргэний хэргийг шийдвэрлэх хуульд заасан дээд хугацаа нь 97 хоног байна. Үндэслэлгүйгээр халагдсан бол ажил олгогч болон ажилтны саналын зөрүүтэй уг асуудлыг шийдэх эрх бүхий этгээдийн шийдвэр хуульд зааснаар 155 хоногийн дотор гарах ёстой. Хууль тогтоогчийн зүгээс Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсгийг ажил олгогч ажилтны 155 хоногт ногдох дундаж цалин хөлстэй тэнцэх нөхөн олговрын хариуцлагыг хүлээхээр зохицуулсан. Гэвч *******ын нэхэмжлэлтэй *******-д холбогдох иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хэт удааширч, шүүхээс ажилгүй байсан гэх 428 хоногийн дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг гаргуулахаар шийдвэрлэсэн шийдвэрийг зөвшөөрөхгүй.

4.3. Нэхэмжлэгчийн зүгээс тухайн үед шинэ жилийн арга хэмжээнд оролцож байсан гэх *******, ******* нарыг гэрчээр оролцуулсан бөгөөд 2025 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн гэрчийн мэдүүлгийн үеэр хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагад дурдсан орон сууцыг бэлэглэхээр амласан эсэх, хэдэн өрөө байр олгохыг амласан, 2 өрөө байр олгохыг амласан уу гэж асуухад гэрч нар нь мэдэхгүй, санахгүй байна гэж хариулсан. Мөн 2025 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн шүүх хурлаар ******* нь орон сууцтай холбоотой асуудлаар гэрчийн мэдүүлэг өгөхдөө шинэ жилийн арга хэмжээний үеэр *******-тас 1 өрөө байр олгохоор амлаж байсан гэж мэдүүлсэн.

Гэвч шүүхээс нэхэмжлэлийн шаардлагад дурдсан орон сууцыг олгохоор амласан эсэх нөхцөл байдал тодорхойгүй, эргэлзээтэй байхад нэхэмжлэлийн шаардлагад дурдсан орон сууцын өмчлөх эрхийн гэрчилгээг шилжүүлэхийг даалгаж шийдвэрлэхдээ хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, гэрч *******, *******, ******* нарын мэдүүлгийг хэрхэн үнэлж буй талаар шүүхийн шийдвэрт тусгаагүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү.

5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:

5.1. Хариуцагч байгууллага үйлчлүүлэгчээс төлбөр авсан нь тогтоогдсон гэх үндэслэлээр ажлаас халсан бол ажлаас халах тухай тушаал гаргаж байх үедээ уг зөрчил тогтоогдсон байх ёстой. Өөрөөр хэлбэл, зөрчил тогтоогдоогүй байхад ажлаас халаад, дараа нь уг зөрчлийн талаар нотлох баримтыг шүүхийн журмаар бүрдүүлнэ гэж үзэх нь үндэслэлгүй гэж хүсэлтийг хангахаас татгалзсан. 2025 оны 3 дугаар сарын 18, 2025 оны 4 дүгээр сарын 08-ны шүүх хуралдаанд хариуцагч тал гэрч *******ийг оролцуулах, шүүгчийн захирамжийн биелэлтийг хангуулах хүсэлт гаргаагүй. Уг шүүх хуралдаанд талууд эвлэрэх хүсэлт гаргаж шүүх хуралдааныг 3 хоногоор хойшлуулсан. 2025 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр дахин шүүх хуралдаан товлогдсон. Уг шүүх хуралдааны явцад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* “ирээгүй гэрчүүдээс татгалзаж байна, харин ирсэн гэрч болох *******ыг оролцуулаад хурлаа үргэлжлүүлье” гэх байр суурь илэрхийлсэн тул шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн. Гэтэл давж заалдах шатны шүүхэд гэрч *******ийг асуугаагүй нь процессын алдаа мэтээр тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй.

5.2. Хууль хэрэглээний хувьд хариуцагч талын тайлбарласан шиг уг харилцаа нь бэлэглэлийн гэрээ гэж үзэх боломжгүй. Учир нь бэлэглэлийн гэрээний гол шинж нь хариу төлбөргүй буюу сайн дурын үндсэн дээр хийгддэг. Харин нэхэмжлэгч ажиллаж байх хугацаандаа сайн ажилласан учраас байгууллагаас түүнийг шагнаж орон сууц олгосон. Нэхэмжлэгч тухайн орон сууцыг хүлээж аваад өнөөдрийг хүртэл амьдарч байгаа. Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх буруу хуулийг тайлбарлаж хэрэглээгүй буюу шүүхийн шийдвэр үндэслэлтэй гарсан. Иймд хариуцагч талын гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн нэхэмжлэгчийн гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаав.

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******-д холбогдуулан урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх, ******* тоот орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэхийг даалгах, 2023 оны 4-7 дугаар сарын цалин гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

3. Анхан шатны шүүх нотлох баримтыг дутуу бүрдүүлж хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болж байна.

3.1. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь *******ээс гэрчийн мэдүүлэг авхуулах хүсэлт /хх-ийн 83/ гаргасныг шүүгчийн 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 183/ШЗ2024/22666 дугаар захирамжаар хангаж шийдвэрлэсэн атлаа гэрч *******ээс мэдүүлэг авалгүй хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт нийцэхгүй байна. /хх-ийн 89 дүгээр тал/

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3, 43.4, 43.5 дахь хэсэгт зааснаар гэрчээр дуудагдсан этгээд шүүхэд заавал хүрэлцэн ирж, үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэгтэй ба хүрэлцэн ирээгүй нь хүндэтгэн үзэх шалтгаантай бол байгаа газарт нь очиж мэдүүлэг авах, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бол албадан ирүүлж гэрчээс мэдүүлэг авах журамтай.

Ийнхүү гэрчээс мэдүүлэг авах талаарх журмыг хуулиар тогтоосон байх бөгөөд хариуцагч тал гэрчээс мэдүүлэг авхуулах хүсэлтээсээ татгалзаагүй нөхцөлд дээрх журмыг шүүх хэрэгжүүлнэ.

Хэргийн 139 дүгээр талд авагдсан шүүх хуралдааны тов мэдэгдсэн баримтад 2025 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн шүүх хуралдааны товыг гэрч *******т утсаар мэдэгдсэн талаар тэмдэглэгдсэн байна. Үүнээс хойш буюу 2025 оны 4 дүгээр сарын 08, 2025 оны 4 дүгээр сарын 11-ний өдрүүдийн шүүх хуралдааны товыг мэдэгдсэн талаарх баримт хэрэгт авагдаагүй байна. Иймд гэрчээс мэдүүлэг авах талаар хуулиар тогтоосон журмыг шүүх биелүүлсэн боловч хэрэгжих боломжгүй болсон нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдсонгүй.

Мөн 2025 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлээс үзэхэд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс “...*******ыг гэрчээр оролцуулах хүсэлтэй, ...гэрч ******* нь шүүхэд биечлэн ирээгүй тул *******ийг гэрчээр оролцуулах хүсэлтээсээ татгалзаж байна” гэсэн байх ба *******ээс гэрчийн мэдүүлэг авхуулах хүсэлтээсээ татгалзсан хүсэл зориг илэрхийлсэн гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй. 

4. Давж заалдах шатны шүүхээс дээрх ажиллагааг нөхөн гүйцэтгэх боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 192/ШШ2025/02872 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 931,100 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                             С.ЭНХБАЯР

 

                                             ШҮҮГЧИД                                             Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

                                                                                                           Т.ГАНДИЙМАА