Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 677

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Оюунчимэг даргалж,

нарийн бичгийн дарга Э.Энх-Учрал,

улсын яллагч А.Мөнхзул,

шүүгдэгч Д.М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй  хийсэн шүүх хуралдаанаар,

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1808058030720 дугаартай 1 хавтаст хэргийг 2019 оны 6 дугаар сарын 7-ны өдөр хүлээн авч, 2019 оны 6 дугаар сарын 19-ны өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Бовогт Д.М, Монгол Улсын иргэн, Сэлэнгэ аймгийн Мандал суманд 1975 оны 5 дугаар сарын 12-ны өдөр төрсөн, эрэгтэй, 44 настай, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, “Шивээ говь” ХХК-д харуул ажилтай, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт амьдардаг, Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, Зүүн Баян-Уулын 16б-51 тоотод оршин суух, 1995 оны 06 дугаар сарын 02-ны өдөр 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 01 жилийн хорих ялаар, 1996 оны 07 дугаар сарын 26-ны өдөр 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3, 211 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил 6 сар хорих ялаар шийтгүүлж, 1997 оны 12 дугаар сарын 10-ны өдөр эдлээгүй үлдсэн 09 cap 19 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан, 2004 оны 7 дугаар сарын 2-нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 сар 10 хоног баривчлах ялаар, 2009 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 03 жил 05 сарын хорих ялаар шийтгүүлж, 2012 оны 03 дугаар сарын 28-ны өдөр эдлээгүй үлдсэн 08 cap 25 хоногийн ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан, регистрийн дугаар: ...

Шүүгдэгч Д.М2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, Зүүн Баян-Уулын 16б гудамжинд гэр бүлийн хамаарал бүхий этгээд болох хамтран амьдрагч Д.Стэй ямар ч шалтгаангүйгээр хэрүүл маргаан үүсгэн, улмаар нүүрэн тус газар нь тортой архиар цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч  Д.Ммэдүүлэхдээ:

2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Д.С-ийг 1 шил архи авч өгөөч гэхэд авч өгсөн, орой дахин нэг архи аваад өгөөч гэхэд зөвшөөрөөд бид хоёр дэлгүүр лүү явсан. Би дэлгүүр орсон, тэгээд дэлгүүрээс 1 шил архи аваад гараад иртэл Мийн хамт зогсож байгаад намайг Мтэй архиа уу гэхээр нь би уухгүй гээд тороо савтал Д.С оногдсон. Бид хоёр хамтдаа хоёр жил гаран амьдарч байна. Д.Сд учруулсан гэмтлийг би учруулсан гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

Хохирогч Д.С мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ:

2018 оны 12-р сарын 12-ны өдөр миний хамтран амьдрагч М бид хоёр хашаан дотроо нүүрсний амбаар барьсан бөгөөд М надад дотор эвгүйтээд байна, ганц шил архи аваад өгөөч гэхээр нь...би Мтэй хамт гарсан бөгөөд би Мтэй дэлгүүр явж байх замдаа уурлаад маргалдсан бөгөөд дэлгүүр ороод архи аваад буцаж явах замд манай хажуу айлын хүн болох Цтэй тааралдахаар нь би Цд “М архи уух гээд байна, бүтэн шил архи авчихсан байгаа, чи хамт хуваалцаад уучих” гэж хэлсэн чинь М уурлаад тортой архиараа миний толгой руу нэг удаа цохьсон...Д.Мбид хоёр 2017 оны 08-р сараас манай гэрт хамтран амьдарч байгаа бөгөөд гэр бүлээ батлуулсан бичиг баримт байхгүй...Надад одоо ямар нэгэн санал гомдол байхгүй...гэжээ. /хх-13-18/,

Гэрч О.М мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ:

2018 оны 12-р сарын 12-ны өдөр гудамжинд байдаг дэлгүүр ороод архи авах гээд зогсож байтал манай хажуу айлын М ах, Д.С эгч хоёр бас нэг шил архи авч байсан, бид гурав дэлгүүрээс гарсан чинь Д.С эгч намайг “чи Мтэй хамт архи уучих” гэж хэлсэн. Тэгснээ М ахад хандаж “чи энэ Мтэй архиа хуваагаад уучих” гэж хэлсэн чинь М ах юу ч хэлэлгүй тортой архиараа намайг цохих гэтэл Д.С эгчийн толгой руу нь цохьсон, Д.С эгч жалга руу унасан, М цаашаа яваад өгсөн...гэжээ. /хх-19-20/,

Шүүх эмнэлгийн 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 165 дугаар дүгнэлт:

Хэсэг газрын үзлэгт: зүүн нүдний дээд зовхинд 2х2 см, доод зовхинд Зх2см, зүүн хацарт 7х5см, хамрын нуруунд Зх2 см хөхөлбөр өнгийн цус хуралтуудтай. Зүүн хацар нилэнхүйдээ хавдартай. Дээд уруулын дотор салстад 2хЗ см улаан ягаан өнгийн цус хуралттай. Духны зүүн талд 1,5х0,1см Зш оёдол бүхий шархтай.

ДҮГНЭЛТ

1. Д.С-н биед зүүн нүдний дээд, доод зовхи, хацар, хамрын нуруу, дээд уруулын цус хуралт, духны няцарсан шарх бүхий гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.

5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой гэжээ. /хх-34/,

 Шүүгдэгч Д.М яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ:

2017 оноос Д.Стэй хамтран амьдарч эхэлсэн юм. Би 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Д.С бид хоёр хашаандаа нүүрсний амбаар барьж байхдаа нэг шил архи аваад уусан бөгөөд архиа дусчихаад Д.Сэс ахиад нэг шил архиа аваад өгөөч гэж хэлсэн чинь Д.С тэг тэг гэж хэлсэн. Д.С бид хоёр дэлгүүр явж байтал дэлгүүрийн үүдэнд манай тэр хавьд амьдардаг Ц гэх эмэгтэйтэй тааралдсан юм. Тэгээд Д.С Цтэй дэлгүүрийн гадаа уулзаад үлдсэн. Би Д.Сэс мөнгө аваад дэлгүүр орж нэг шил архи, ундаа, зайрмаг аваад гараад ирсэн чинь Д.С чи архиа Цэцэгээтэй хуваагаад уучих гэж хэлсэн. Тэгэхээр нь Д.Сд би наадахтай чинь архи уухгүй гэж хэлээд Цг цааш нь түлхээд Цг цохих гээд тортой зүйлээрээ цохих гэтэл Д.С голоор орж ирээд Сийн толгой руу нь цохьчихсон чинь торонд байсан архи хагарсан...гэжээ. /хх-73-76/,

Өргөдөл /хх-9/, аюулгүй зэргийн үнэлгээний маягт /хх-40-43/, гэр бүлийн хүчирхийлэлийн нөхцөл байдлын үнэлгээний маягт /хх-44-48/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-51/,  эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-52/, бусад лавлагаа /хх-53-57/, шинжээч эмчийн мэдүүлэг /хх-34/  зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгч  Д.Мд холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд:

Шүүгдэгч Д.М2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, Зүүн Баян-Уулын 16б гудамжинд гэр бүлийн хамаарал бүхий этгээд болох хамтран амьдрагч Д.Стэй ямар ч шалтгаангүйгээр хэрүүл маргаан үүсгэн, улмаар нүүрэн тус газар нь тортой архиар цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж , хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн болох нь:

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Д.Сийн өгсөн “...М уурлаад

тортой архиараа миний толгой руу нэг удаа цохьсон, тэгээд М  зугтаачихсан...” гэх мэдүүлэг,

         гэрч О.Мийн өгсөн “...М ах юу ч хэлэлгүй тортой архиараа намайг цохих гэтэл Д.С эгчийн толгой руу цохьсон. Тэгсэн чинь Д.С эгч жалга руу унасан...” гэх мэдүүлэг,

“...Д.Сийн биед зүүн нүдний дээд доод зовхи, хацар, хамрын нуруу, дээд уруулын цус хуралт, духны няцарсан шарх бүхий гэмтэл тогтоогдлоо...” гэх Шүүх эмнэлгийн 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн шинжээчийн №165 дугаар дүгнэлт, шүүгдэгч Д.Мгийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.

Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан бөгөөд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх замаар хөнгөн хохирол учруулсан тохиолдолд хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэж үзэж мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулахаар хуульчилсан байна.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д “энэ хуулийн үйлчлэлд дараах этгээд хамаарна”, 3.1.1-д “...хамтран амьдрагч”, 5 дугаар зүйлийн 5.1.6-д “хамтран амьдрагч” гэж гэрлэлтээ бүртгүүлээгүй ч харилцан тохиролцсоны үндсэн дээр гэр бүлийн харилцаа үүсгэн хамтран амьдарч байгаа этгээдийг хэлнэ” гэж  заасан бөгөөд хохирогч Д.С, шүүгдэгч Д.Мнар нь гэр бүлийн харилцаа бүхий хамтран амьдрагч болох нь өөрсдийнх нь өгсөн мэдүүлгээр батлагдаж байх тул дээрх хуулийн нэр томъёонд хамаарч байна.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “энэ хуульд заасан дараах үйлдлийг гэр бүлийн хүчирхийллийн хэлбэр гэж үзнэ”, 6.1.1-д “бие махбодийн хүчирхийлэл”, 6.2-д “....энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний амь нас, эрүүл  мэндэд гэм хор учруулсан, эсхүл учруулж болзошгүй аливаа үйлдэл, эс үйлдэхүйг бие махбодийн хүчирхийлэл гэнэ” гэж тус тус заасан.

Хууль зүйн хувьд Д.М нь хамтран амьдрагч Д.Сний толгой тус газар цохих зэргээр бие махбодийн хүчирхийлэл үйлдэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан  байгаа нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн” гэх гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзнэ.

Иймд шүүгдэгч Д.Мг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан улсын яллагчийн саналыг хүлээн авч тус зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.  

Энэ гэмт хэргийн улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь энэ гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагаварт тооцогдох бөгөөд хохирогч Д.С гэм хорын хохирол нэхэмжлээгүй болно.

Шүүгдэгч Д.Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байх ба шүүгдэгч нь хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж буй байдал зэргийг харгалзан шүүгдэгч Д.Мд дээрхи зүйл, хэсэгт заасан  торгох ялыг оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Д.Мд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсан ба цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдсон эд зүйл, хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.12, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч БовогтД.Мг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хамтран амьдрагч Д.Д.Сархины шилээр цохиж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Д.Мг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр  торгох  ялаар  шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар  Д.М торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1  хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Д.М цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, хохирогч Д.С нэхэмжлэх зүйлгүй гэснийг,  Д.Мгийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих  эрхтэйг дурдсугай.

6. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Д.Мд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Ц.ОЮУНЧИМЭГ