Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 679

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ц.Оюунчимэг даргалж,

Нарийн бичгийн дарга Ш.Жаргалмаа,

Улсын яллагч Х.Онолт,

Шүүгдэгч Ж.О, түүний өмгөөлөгч Ч.Даваасүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар У овогт Ж-ын.От холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1908019500669 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 6 дугаар сарын 4-ний өдөр хүлээн авч, 2019 оны 6 дугаар сарын 19-ний өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Урианхай овогт Ж-ын.О, Монгол Улсын иргэн, 1993 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Баян-Өлгий аймаг Алтанцөгц суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, дээд боловсролтой, механик инженер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл-2, аавын хамт Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо Капитал хорооллын 6 дугаар гудамж 81 тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, регистрийн дугаар ...,

ТОДОРХОЙЛОХ нь

Шүүгдэгч  Ж.О 2019 оны 4 дүгээр сарын 3-наас 4-нд шилжих шөнө 2 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт  үйл ажиллагаа явуулдаг “Вест” баарны орчимд иргэн Ш.Дгийн цүнхтэй эд зүйлсийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар дээрэмдэн авч, бусдад  291.520 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.О мэдүүлэхдээ:

Мэдүүлэг өгөхгүй, мөрдөн шалгах явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн. Гэм буруу дээр маргахгүй, их согтуу байсан тул энэ хэргийг үйлдсэн. Хохирогчид эд зүйлсийг буцаан өгсөн, мөнгийг нь биет байдлаар буюу 100.000 төгрөгийг нь өгсөн. Үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

Хохирогч Ш.Д  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ:

Би 2019 оны 04 дүгээр сарын 03-нд Огэх найзындаа очсон...О-тай гэрт нь архи пиво ууж байгаад орой 21 цагийн үед найзынхаасаа гараад 1 дүгээр хороолол орсон...Вест гэх нэртэй баар луу орсон. Тэгээд тэндээ пиво ууж байгаад Вест баарны ширээн дээр хэсэг унтсан байсан юм. Тэгтэл нэг намайг унтаж байхад тухайн баарны зөөгч намайг сэрээгээд Вест баарнаас гарч байхад араас үл таних нэг залуу ирээд намайг таксинд суулгаж өгнө гэсэн юм. Тэгээд би Вест баарнаас гараад зам гарч байтал намайг таксинд суулгаж өгнө гэсэн залуу миний цүнхийг гэнэт булаагаад шүүрч аваад хойд зүг рүү гүйгээд яваад өгсөн...Зодож, цохиж хүч хэрэглэсэн асуудал байхгүй, харин зүгээр гэнэт миний цүнхийг аваад зугтаасан...гэжээ. /хх-9-11/,

Шүүгдэгч Ж.О мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ:

Би 2019 оны 04 дүгээр сарын 03-нд...Вест гэх нэртэй баар луу ганцаараа явсан...бааранд ороход нэг согтуу эмэгтэй сандал дээр суугаагаараа хойшоо сандалны түшлэг налаад унтаж байсан...Баарны зөөгч ирээд...юм захиалахгүй бол гар гэсэн...Би тэр эмэгтэйтэй баарнаас цуг гарсан, би тэр эмэгтэйгээс хоёулаа өөр газар орох уу гэсэн чинь тэр эмэгтэй надад хэлэхдээ би чамтай өөр газар орохгүй гэхээр нь би цүнхийг аваад зугтаагаад явсан...гэжээ. /хх-58-59/,

“Дамно ” ХХКомпанийн №СХЗ 19-297 дугаар үнэлгээний тодорхойлолт /хх-30-32/, эд зүйл хураан авсан, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-21,24/, зургаар таньж олуулах ажиллагаа хийсэн тэмдэглэл /хх-47-53/,  иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-66/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-65/, бусад лавлагаа /хх-67-70/, Хаан банкны дансны хуулга /хх-73/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгч  Ж.От холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд:

Шүүгдэгч Ж.О 2019 оны 4 дүгээр сарын 3-наас 4-нд шилжих шөнө 2 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт  үйл ажиллагаа явуулдаг “Вест” баарны орчим иргэн Ш.Дгийн 291.520 төгрөгийн үнэ бүхий эд зүйлстэй байсан цүнхийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан болох нь мөрдөн шалгах ажиллагаанд

Хохирогч Ш.Дгийн өгсөн “...Тэгээд би Вест баарнаас гараад зам гарч байтал намайг таксинд суулгаж өгнө гэсэн залуу миний цүнхийг гэнэт булаагаад шүүрч аваад хойд зүг рүү гүйгээд яваад өгсөн...” гэх мэдүүлэг /хх-9-11/,

Шүүгдэгч Ж.Оын яллагдагчаар өгсөн “...би тэр эмэгтэйгээс хоёулаа өөр газар орох уу гэсэн чинь тэр эмэгтэй би чамтай өөр газар орохгүй гэхээр нь би цүнхийг аваад зугтаагаад явсан...” гэх мэдүүлэг /хх-30-33/ зэрэг хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.

Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 хэсэгт зааснаар хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан бол ял шийтгэл оногдуулахаар хуульчилсан байх ба шүүгдэгч Ж.О хохирогч Ш.Дг таксинд суулгах гэж явахдаа түүний хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан болох нь хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон бөгөөд түүний энэ үйлдэл нь дээрх хуулийн нэр томъёонд хамаарч байна.

Иймд шүүгдэгч Ж.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан улсын яллагчийн саналыг хүлээн авч тус зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч эд хөрөнгөө алдаж хохирол учирсан нь энэ гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагаварт тооцогдох бөгөөд шүүгдэгч Ж.Оын гэмт үйлдлийн улмаас хохирогчид учирсан хохирол бүрэн төлөгдсөн байх тул хохирогч шүүгдэгч Ж.Оаас энэ тогтоолоор гаргуулах төлбөргүй байна.

Шүүгдэгч Ж.От Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байх ба шүүгдэгч нь хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж буй хувийн байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан зэргийг харгалзан шүүгдэгч Ж.От дээрхи зүйл, хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх боломжтой байна гэж үзлээ.

Шүүгдэгч Ж.О цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, хэрэгт авагдсан эд мөрийн баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдаж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.12, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. ШүүгдэгчУовогт Ж-ын.Оыг бусдын 291.520 төгрөгийн үнэ бүхий

эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ж.Оыг хорих ял оногдуулахгүйгээр  2 жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Ж.От Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д  зааснаар зан үйлээ засах сургалтанд хамрагдах, мөн зүйлийн 2.5-д заасан оршин суух газар, ажил өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэсүгэй.

4. Ж.О цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

           5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоол гардаж авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.           

              6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрх бүхий этгээд, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд Ж.От урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Ц.ОЮУНЧИМЭГ