| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Тогтох Гандиймаа |
| Хэргийн индекс | 197/2025/07991/И |
| Дугаар | 210/МА2025/01476 |
| Огноо | 2025-09-01 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 09 сарын 01 өдөр
Дугаар 210/МА2025/01476
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Т.Гандиймаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 197/ШШ2025/06883 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: *******-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******-д холбогдох,
5,350,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Гандиймаа илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Нинжбадгар нар оролцов.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******-д холбогдуулан түрээсийн гэрээний үүрэгт шилжүүлсэн төлбөрөөс 1,350,000 төгрөг, ковшийг тээвэрлэхэд гарсан зардал 4,000,000 төгрөг, нийт 5,350,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч зарим хэсгийг эс зөвшөөрч, маргажээ.
3. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлээд дараах үйл баримтыг зөв тогтоосон.
3.1. ******* нь *******-тай 2024 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр “Механизм түрээслэх гэрээ” байгуулж, уг гэрээгээр ******* нь ******* сумын нутаг дэвсгэрт баригдаж буй авто замын төсөлд 2024 оны 9 дүгээр сарын 03-ны өдрөөс 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдрийг дуустал хугацаанд ******* ******* авто ачигч /ковш/-ийг ашиглуулахаар *******-ийн эзэмшилд шилжүүлэх, ******* нь нэг сарын төлбөр 15,000,000 төгрөг төлөх үүргийг тус тус хүлээжээ. /хх-11-14 дүгээр тал/
3.2. Дээрх гэрээний дагуу нэхэмжлэгч ******* нь урьдчилгаа төлбөрт 4,500,000 төгрөг төлсөн, гэрээний зүйл болох ковшийг 2024 оны 9 дүгээр сарын 09-ний өдрөөс мөн оны 9 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэл ашигласан, төлбөрийг мото цагаар тооцохоор тохирсон болох нь гэрээ болон талуудын тайлбараар тогтоогдсон, энэ асуудлаар талууд маргаагүй.
Талууд ковш ажиллаагүй өдрийн цагийг ажилласанд тооцох эсэх, ковшийн тээврийн зардлыг хэн хариуцах асуудлаар маргажээ.
4. Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тодорхойлж, маргааныг шийдвэрлэсэн боловч нотлох баримтыг хуульд заасан журмаар үнэлж чадаагүйн улмаас цагийн болон төлбөрийн тооцоолол алдаатай болсныг залруулж, нэхэмжлэлийн шаардлагаас хангасан хэсэгт өөрчлөлт оруулна.
4.1. Талуудын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан түрээсийн гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр гэж шүүх зөв дүгнэсэн.
Дээрх гэрээний дагуу нэхэмжлэгч байгууллага нь түрээсийн зүйл болох ковшийг 2024 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр 5 цаг, мөн оны 9 дүгээр сарын 10-12, 16-17-ны өдрүүдэд тус бүр 10 цаг, 9 дүгээр сарын 15-ны өдөр 8 цаг, нийт 63 цаг ажиллуулж ашигласан үйл баримтад талууд маргаагүй, харин 9 дүгээр сарын 13-14-ний өдрүүдэд бороо орж, газар чийгтэй байсны улмаас ажиллаагүй 20 цаг, 9 дүгээр сарын 15-ны өдөр талбай бэлдээгүй үндэслэлээр ажиллаагүй 2 цагийг ажилласанд тооцох эсэх талаар маргажээ.
Талуудын байгуулсан гэрээний 2.10-т “..., цаг агаарын байдал зэргээс машин механизм ажиллаагүй тохиолдолд нөхөж ажил гүйцэтгэнэ” гэж тохирсоноос үзвэл дээрх нөхцөл байдлаас шалтгаалан ковшийг ажиллуулаагүй бол ажлыг нөхөн гүйцэтгэхээр байх тул 2024 оны 9 дүгээр сарын 13-14-ний өдрүүдэд бороотой, газар чийгтэй байсны улмаас ажиллаагүй 20 цагт түрээсийн төлбөр тооцох үндэслэлгүй байна. Иймд дээрх хугацааны 20 цагийг ажилласанд тооцсон шүүхийн дүгнэлт нотлох баримт үнэлэх зарчмыг зөрчсөн.
Харин талбай бэлэн болоогүйгээс ковш ажиллаагүй нь хариуцагчийн буруу биш тул 2024 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн ажиллаагүй 2 цагийг ажилласан хугацаанд тооцох талаарх шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.
Иймд нэхэмжлэгч байгууллагыг түрээсийн төлбөрт 65 мото цагийн төлбөр төлөх үүрэгтэй гэж дүгнэв.
4.2. Анхан шатны шүүх 1 мото цагийн түрээсийн төлбөрийг тооцохдоо талуудын гэрээний тохиролцоог анхаараагүйгээс урьдчилгаа төлбөрийг ковшийн ажилласан цагт харьцуулж гаргасан нь алдаатай болсон.
Гэрээний 2.1-д “...1 сарын түрээсийн үнэ 15,000,000 төгрөг”, 3.2.1-д “...өдрийн ажиллах цаг 10 цаг ...” гэж тохирсоноос үзэхэд 1 мото цагийн түрээсийн төлбөрийг 50,000 төгрөгөөр /15,000,000 : 30 өдөр : 10 цаг =50,000/ тооцох нь талуудын зарчимд нийцнэ. Энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол хангагдана.
Иймд нэхэмжлэгч нь түрээсийн төлбөрт 3,250,000 төгрөг /65 цаг х 50,000/ төлөх үүрэгтэй байх тул илүү төлсөн 1,250,000 /4,500,000 – 3,250,000/ төгрөгийг буцаан шаардах эрхтэй.
4.3. Нэхэмжлэгч нь түрээсийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлаж, дуусгавар болсонд хариуцагч буруутай буюу үүрэг зөрчсөн үндэслэлээр ковшийг ажлын талбайд тээвэрлэн ирсэн зардлыг шаардсан.
Хэрэгт авагдсан баримтуудаар хариуцагчийг үүрэг зөрчсөн буруутай гэж дүгнэх үндэслэл тогтоогдоогүй бөгөөд хугацааны өмнө гэрээ цуцлагдаж, дуусгавар болсон үйл баримтад талууд маргаагүй тул Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1, 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан журмаар талууд харилцан тохиролцож гэрээг дуусгавар болгосон гэж дүгнэнэ.
Энэ тохиолдолд нэхэмжлэгч хохирол шаардах эрхгүй тул гэрээний 3.2.7-д “Түрээслэгч тал нь техникийн тээврийн нэг талын зардлыг хариуцна” гэж заасны дагуу гарсан тээврийн зардлыг нэхэмжлэгч шаардах эрхгүй гэж шүүх дүгнэж, 4,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй, энэ талаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдол хангагдахгүй.
5. Дээрхийг нэгтгэвэл, хариуцагчаас 1,250,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэлээс үлдэх 4,100,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Нэхэмжлэлийн шаардлагаас хангасан дүн өөрчлөгдсөнтэй холбогдон улсын тэмдэгтийн хураамжийн хуваарилалтад өөрчлөлт орно.
6. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 197/ШШ2025/06883 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн
1 дэх заалтыг “Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******-иас 1,250,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 4,100,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж,
2 дахь заалтын “…20,395” гэснийг “34,550” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 90,000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дугаар зүйлийн 7511.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх учир магадлалд хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.ГЭРЭЛТУЯА
ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ
Т.ГАНДИЙМАА