| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Тогтох Гандиймаа |
| Хэргийн индекс | 101/2024/06245/И |
| Дугаар | 210/МА2025/01477 |
| Огноо | 2025-09-01 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 09 сарын 01 өдөр
Дугаар 210/МА2025/01477
*******-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Ч.Цэнд, Т.Гандиймаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 191/ШШ2025/05142 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: *******-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******, *******-д холбогдох
******* хаягт байрлах, 2,347 м.кв хувийн сууц, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийн 1 давхрын 271 м.кв талбайг *******-ийн, 7 давхрын 271 м.кв талбайг *******-ийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хариуцагч *******-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Гандиймаа илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, *******, хариуцагч *******-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, түүний өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Нинжбадгар нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:
1.1. ******* хаягт байрлах, 2,347 м.кв хувийн сууц, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр *******-ийг бүртгэж, улсын бүртгэлийн байгууллагаас 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдөр гэрчилгээ олгосон.
1.2. Тус объектын 1 болон 7 дугаар давхарт хариуцагч байгууллагууд өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр хууль бусаар үйл ажиллагаа явуулж, өмчлөгчийн хөрөнгөө биет байдлаар эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд халдаж байгаа тул тус үл хөдлөх хөрөнгийн 1 давхрын 271 м.кв талбайг *******-ийн, 7 давхрын 271 м.кв талбайг *******-ийн хууль бус эзэмшлээс тус тус чөлөөлж өгнө үү.
2. Хариуцагч *******-ийн тайлбар, татгалзлын агуулга:
2.1. ******* нь маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг эзэмших эрхгүй этгээд юм. *******, *******, *******-ийн хооронд байгуулсан хэлцэлд төлбөрийг ******* нь ******* руу шилжүүлэх, ******* нь манайд шилжүүлэх, ******* нь 50 хувийн хувьцаа шилжүүлэх байсан.
2.2. ******* үл хөдлөх эд хөрөнгийг *******-ийн өмчлөлд шилжүүлсэн байгааг мэдээгүй. Гэрээ ёсоор ******* нь үл хөдлөх эд хөрөнгийг буцаан худалдаж авах эрхтэй байсан мөртлөө энэ эрхээ хэрэгжүүлэлгүй *******-д худалдсан гэх үйл баримт байна.
2.3. ******* нь 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хууль ёсны өмчлөгч болсон гэх боловч 2018 оны 6 дугаар сарын 30-ны өдөр хүртэл бусдад шилжүүлэхгүй гэдгийг мэдэж байснаас үзэхэд ******* болон ******* нь нэг компани байна. Иймд *******-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй.
3. Хариуцагч *******-ийн тайлбар, татгалзлын агуулга:
3.1. ******* хаягт байрлах орон сууцны 1 давхрын 271 м.кв талбайг *******-ийн гүйцэтгэх захирал *******оос 2012 оны 4 сард 1 м.кв талбайг 1,500 ам.доллараар тооцож, 400,500 ам.доллараар худалдаж авсан.
3.2. Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1-т зааснаар *******-ийн өмчлөлд үл хөдлөх эд хөрөнгийг бүртгэснийг үнэн зөв гэж үзэхгүй, өмчлөх эрхийг хууль ёсны дагуу олж авсан эсэх нь тодорхойгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.
4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч *******-ийн өмчлөлийн, Эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэгдсэн, ******* хаягт байршилтай, 2,347 м.кв талбайтай, хувийн сууц, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн 1 давхрын 271 м.кв талбайг хариуцагч *******-ийн, 7 давхрын 271 м.кв талбайг хариуцагч *******-ийн хууль бус эзэмшлээс тус тус чөлөөлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч *******-иас улсын тэмдэгтийн хураамжид 140,400 төгрөг нөхөж гаргуулан улсын орлогод оруулж, хариуцагч *******-иас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг, хариуцагч *******-иас 70,200 төгрөг, нийт 140,400 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******-д олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
5. Хариуцагч *******-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:
5.1. Шүүхэд *******ийн нэхэмжлэлтэй, *******, *******, *******, *******, ******* нарт холбогдуулан Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.10-т зааснаар 2012 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн ******* болон ******* нарын хооронд хийсэн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, 2015 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн ******* болон *******-ийн хооронд байгуулагдсан үл хөдлөх эд хөрөнгийг худалдах, худалдан авах, 2015 оны 7 дугаар сарын 21-ний өдөр ******* болон *******-ийн хооронд байгуулагдсан эвлэрлийн гэрээнүүд дүр үзүүлсэн хэлцэл, хүчин төгөлдөр бус байх хэлцэл тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 56.5-д зааснаар хариуцагч *******-ийн өмчлөлөөс ******* хаягт байрлах оффисын зориулалттай барилгын 1 дүгээр давхрын 267 м.кв талбайг *******-ийн өмчлөлд шилжүүлэхийг даалгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүх хүлээн авсан мэдээлэл бүхий баримтын хамт, өмнө нь шийдвэрлэсэн шүүгчийн хүлээн авахаас татгалзсан захирамжийн хамт гаргаж өгсөн.
Өөрөөр хэлбэл, эдгээр нотлох баримтууд нь энэ хэргийг шийдвэрлэх боломжгүй, маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийн талаар нэхэмжлэгч *******-д шилжин очсон гэх гэрээгээр хариуцагч *******-ийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирал ******* нь шүүхэд хандаж маргасан гэдгийг нотолсон баримтууд юм.
Тухайн үед энэ нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэх хугацаа болоогүй тул шүүх хуралдааныг хойшлуулж өгөөч гэсэн хүсэлтийг тавьсан. Шүүх хүсэлтийг хангахгүй орхиж шийдвэрлэхдээ “...хэрэг үүсгэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа буюу хянан хэлэлцэгдэж байгаа хэрэг маргаан байхгүй, иргэний хэрэг үүсээгүй...” гэсэн үндэслэлийг заах боломжгүй юм.
Дээрх нөхцөл байдлыг тодруулж хэргийг шийдвэрлэх нь ******* нь эд хөрөнгийн шударга эзэмшигч, өмчлөгч гэж үзэхэд хамаарал нөлөөлөх эсэхийг тодруулах нь зүйтэй гэж үзсэн. Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар нэхэмжлэгч нар орон сууцны өмчлөгч байхаас гадна хариуцагчийн эзэмшил хууль бус байхыг шаардана гэсэн хуулийн зохицуулалтыг хэрэглэхэд чухал ач холбогдолтой.
5.2. Маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх *******-д шилжиж улсын бүртгэлд бүртгэгдсэн боловч энэ хэргийн тухайд зөвхөн улсын бүртгэлийн үнэн зөв байдлаар нэхэмжлэгчийг өмчлөх эрхтэй этгээд гэж үзэх, түүнчлэн хариуцагч *******, ******* нарын ******* хооронд тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөлийн болон шилжсэн гэрээний талаар маргаан байгаа тохиолдолд хариуцагчийн эзэмшлийг хууль бус гэж шууд дүгнэх боломжгүй.
5.3. Шүүгчийн хүчин төгөлдөр захирамжаар хариуцагчийн төлөөлөгчийн хүсэлтийг хангаж маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн хувийн хэргийг бүхэлд нь гаргуулахаар шийдвэрлэсэн боловч энэ захирамжийн биелэлт хангагдаагүй, нотлох баримтыг ирүүлээгүй байхад шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зөрчсөн. Хариуцагч нар нотлох баримтыг гаргуулах, маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийн талаар болон өмчлөл шилжсэн гэрээний талаар маргасан баримтуудыг өгсөөр атал шүүх хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх хууль бусаар нэхэмжлэгчийн өмчлөлд шилжсэн гэж тайлбарыг баримтаар няцаагаагүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй юм.
Иймд шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөнөөс гадна хэргийн нөхцөл байдал бүрэн тогтоогдоогүй байхад хэргийг шийдвэрлэсэн байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү.
6. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:
6.1. Хариуцагчийн гаргаж өгсөн баримт нь тус шүүхийн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан захирамж болон дахин нэхэмжлэлийг шүүхэд гаргасан баримт буюу хариуцагч *******-ийн хувьцаа эзэмшигч *******ийн нэхэмжлэлийн дагуу хэрэг үүссэн, хянан хэлцэгдэж байгааг нотолсон баримт биш. Түүнчлэн хариуцагчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь тухайн хэрэг маргааныг шийдвэрлэхэд зайлшгүй урьдчилсан нөхцөлийг хангах үндэслэлтэй болохыг хариуцагч нотлоогүй.
6.2. 2025 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн шүүх хуралдаанд *******-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* “2015 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн шүүгчийн захирамж, эд хөрөнгийн лавлагааг ирүүлсэн. Эдгээр баримтаар ******* нь ямар гэрээний дагуу өмчлөгч болсон нь харагдахгүй байна. Иймд Улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгийн Улсын бүртгэлийн газраас өмчлөх эрхийн гэрчилгээний хувийн хэргийг бүхэлд нь гаргуулж өгнө үү” гэх хүсэлтийг гаргасан. Шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д зааснаар хүсэлтийг шийдвэрлэж, шүүх хуралдааныг хойшлуулсан.
Захирамжийн захирамжлах хэсгийн За-д “Эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэгдсэн, Нийслэлийн ******* хаягт байршилтай, 2,347 м.кв талбайтай, хувийн сууц, үйлчилгээ зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөл бүртгэгдсэн талаарх бүхий л баримт болно” гэжээ. Ийнхүү ******* захирамжийн биелэлтийг хангаж *******-д үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөл үүссэн баримт, материалуудыг ирүүлсэн нь хавтаст хэрэгт авагдсан.
Шүүгчийн зүгээс 2025 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн шүүх хуралдаанаар эд хөрөнгийн улсын бүртгэлийн лавлагаанд дээрх үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч бүртгэгдсэн талаарх бүртгэл тусгагдсан буюу шүүгчийн захирамжийн биелэлт бүрэн хангагдсан болохыг тодорхой тайлбарлаж, *******-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******ы шүүгчийн захирамжийн биелэлтийг хангуулахаар дахин гаргасан нэмэлт хүсэлтийг хангахгүй орхиж шийдвэрлэсэн. Иймд шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч *******-ийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж өгнө үү.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад хариуцагч *******-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******, *******-д холбогдуулан ******* хаягт байрлах, 2,347 м.кв хувийн сууц, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийн 1 давхрын 271 м.кв талбайг *******-ийн, 7 давхрын 271 м.кв талбайг *******-ийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.
3. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлээд дараах үйл баримтыг зөв тогтоосон.
3.1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 6314 дугаар шүүгчийн захирамжаар ******* нь шаардлагын 9,388,000,000 төгрөгт тооцож, Эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, ******* тоотод байрлах 2,347 м.кв талбайтай хувийн сууц, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг, доорх газар /газар эзэмших эрх/-ын хамт буцаан худалдаж авах нөхцөлтэйгөөр, *******-ийн, эсхүл түүний нэр заасан этгээдийн өмчлөлд энэ гэрээг байгуулагдсанаас хойш ажлын 10 хоногийн дотор шилжүүлэх, үлдэх 1,000,000,000 төгрөгийг ******* нь энэ гэрээг байгуулснаас хойш дараагийн сараас эхлэн 25 сарын турш сар бүрийн 15-ны өдөр тус бүр 40,000,000 төгрөгөөр төлж мөнгөн хэлбэрээр барагдуулах, энэ төлбөрийг мөнгөн хэлбэрээр бүрэн төлж барагдуулаагүй тохиолдолд төлбөрийг *******-ийн өмчлөлийн Норд бенз 2538 маркийн 10 ширхэг авто чиргүүлийн хамт машин чирэгч, чиргүүлийн хамт, Howo-371 маркийн 50 ширхэг авто чирэгчийг чиргүүлийн хамт болон хариуцагчийн бусад хөрөнгөөс шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар гаргуулах, эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй ******* тоотод байрлах 2,347 м.кв талбайтай, хувийн сууц, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө *******-ийн, эсхүл түүний нэр заасан этгээдийн өмчлөлд шилжсэн тохиолдолд барьцаалуулагчийн өмчлөлийн бусад барьцаа
а. *******-ийн өмчлөлийн Улсын бүртгэлийн *******, гэрчилгээний ******* дугаартай, ******* тоот хаягт орших 250 м.кв талбайтай, аялал жуучлалын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,
б. *******-ийн өмчлөлийн Улсын бүртгэлийн *******, гэрчилгээний ******* дугаартай, ******* тоот хаягт орших 250 м.кв талбайтай, аялал жуучлалын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,
в. *******-ийн өмчлөлийн Улсын бүртгэлийн *******, гэрчилгээний ******* дугаартай, ******* тоот хаягт орших 250 м.кв талбайтай, аялал жуучлалын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,
г. *******-ийн өмчлөлийн Улсын бүртгэлийн *******, гэрчилгээний ******* дугаартай, ******* тоот хаягт орших 250 м.кв талбайтай, аялал жуучлалын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдийг ******* барьцаанаас бүрэн чөлөөлөх, ******* нь сар бүрийн 15-ны өдөр 40,000,000 төгрөг төлөх үүргээ зөрчөөгүй тохиолдолд эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй ******* тоотод байрлах 2,347 м.кв талбайтай, хувийн сууц, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 2018 оны 6 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд 9,388,000,000 төгрөг дээр НӨАТ /10%/ болон үл хөдлөх эд хөрөнгө борлуулсаны татвар /2%/ төлж буцаан худалдаж авах эрхтэй бөгөөд энэ хугацаанд ******* уг хөрөнгийг бусдад шилжүүлэхгүй байх үүрэг хүлээж, ******* үл хөдлөх эд хөрөнгийг *******-ийн нэр дээр шилжүүлэхэд шаардлагатай холбогдох бичиг баримтыг нэхэмжлэгчид энэ гэрээг байгуулсан өдөр шилжүүлэн өгөхийг зөвшөөрч, энэ гэрээг байгуулснаар *******, ******* нарын хооронд байгуулсан 3Г/951500008 тоот зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалсанд тооцохоор тохирсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ. /хх-ийн 126-135 дугаар тал/
3.2. *******-ийн 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 01/227 дугаартай албан бичигт *******-ийн *******тай 2015 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр байгуулсан Эвлэрлийн гэрээ, эвлэрлийн гэрээг баталгаажуулсан 6314 дугаар шүүгчийн захирамжийн дагуу *******-ийн өмчлөлийн улсын бүртгэлийн *******, ******* тоот хаягт байршилтай, 2,347 м.кв талбай бүхий хувийн сууц, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг *******ны өмчлөлд эсхүл түүний нэр заасан этгээдэд шилжүүлэхээр шүүхээс шийдвэрлэсэн. ******* нь дээр дурдсан шийдвэрийн дагуу үл хөдлөх эд хөрөнгийг өөрийн нэр заасан этгээд болох *******-ийн нэр дээр шилжүүлэх болсон тул холбогдох бүртгэлийг хийж, уг компанийн нэр дээр үл хөдлөх эд хөрөнгүүдийн өмчлөх эрхийг бүртгүүлж өгнө үү” гэжээ. /хх-ийн 123 дугаар тал/
3.3. ******* тоот хаягт байршилтай 2,347 м.кв талбайтай, хувийн сууц, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт *******-ийн өмчлөх эрхэд бүртгэж, 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдөр гэрчилгээ олгожээ. /хх-ийн 148 дугаар тал/
4. Анхан шатны шүүх үйл баримтыг зөв тогтоож, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй боловч зарим нотлох баримтыг хуульд заасан журмаар үнэлж чадаагүй алдааг давж заалдах шатны шүүхээс залруулан дүгнэж, шийдлийг хэвээр үлдээнэ.
4.1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасан шаардах эрхийг хэрэгжүүлэхэд нэхэмжлэгч нь шаардаж буй хөрөнгийн хууль ёсны өмчлөгч байхаас гадна хариуцагчийн эзэмшил хууль бус болох нь тогтоогдсон байх учиртай.
Дээрх шүүгчийн захирамжаар баталгаажуулсан эвлэрлийн гэрээнд дурдсанаар ******* нь *******-ийн өмчлөлд бүртгэлтэй ******* тоот хаягт байршилтай 2,347 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй хувийн сууц, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг *******-ийн нэр дээр бүртгүүлэх хүсэлт гаргасныг үндэслэн улсын бүртгэлийн байгууллага бүртгэж, өмчлөх эрхийн гэрчилгээ олгосноор нэхэмжлэгчийн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх баталгаажсан байх тул энэ талаарх шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 182 дугаар зүйлийн 182.1, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хууль /2003 оны/-ийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт нийцжээ.
Хариуцагч ******* нь нэхэмжлэгч байгууллагыг дээрх эрхийг шударгаар олж аваагүй гэж маргасан боловч *******-ийн нэр дээр бүртгэгдсэн бүртгэл буруу ташаа болох нь хэргийн баримтаар тогтоогдоогүй байх тул улсын бүртгэл үнэн зөв байх зарчмын хүрээнд нэхэмжлэгчийн эрхийг үгүйсгэх үндэслэлгүй байна.
Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхгүй этгээдээс шилжүүлэн авсан, энэ талаар мэдсэн буюу мэдэх боломжтой байсан гэж дүгнэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдсонгүй.
Иймд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасан шаардлагыг гаргах эрх бүхий этгээд нь нэхэмжлэгчийг гэж шүүх зөв дүгнэжээ.
4.2. Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1 дэх хэсэгт зааснаар хүсэл зоригийн дагуу эрх, эд юмсыг хууль ёсоор мэдэлдээ авах замаар эзэмшил үүснэ. Энэхүү эзэмшил нь хууль болон гэрээний дагуу үүссэн нөхцөлд хууль ёсны гэж үзэх үндэслэл болох юм.
Хэргийн 173-175 дугаар талд авагдсан *******, ******* нарын байгуулсан 2012 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ”-гээр ******* нь *******-иас ******* тоот хаягт орших оффисын зориулалттай 6 давхар 2,200 м.кв талбайтай барилгын 1-р давхрын 267 м.кв талбайг 1 м.кв-ыг 1,500 ам доллар, нийт 400,500 ам доллароор худалдан авахаар тохирч, 400,500 ам долларыг бэлнээр өгөв гэж тусгажээ.
Мөн 267 м.кв талбай бүхий 1-р давхрын төлбөрт 400,500 ам долларыг төлсөн гэж төлбөрийн баримт үйлдэж, гарын үсэг зуржээ. /хх-ийн 176 дугаар тал/
Дээрх гэрээгээр *******-ийн захирал ******* нь талуудын маргаж буй үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авсан нь хариуцагч *******-ийн эзэмшлийг хууль ёсны гэж үзэх үндэслэл болохгүй. Учир нь
Хариуцагч ******* нь *******, ******* нарын байгуулсан гэх 2012 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ”-ний оролцогч биш бөгөөд энэ тохиолдолд Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1 дэх хэсэгт заасны дагуу эзэмшил үүссэн гэж дүгнэхгүй, түүний эзэмшлээс үл хөдлөх эд хөрөнгийг чөлөөлсөн нь зөв байна.
Харин анхан шатны шүүх ******* нь *******-тай байгуулсан худалдах, худалдан авах гэрээний үндсэн дээр өмчлөх эрхтэй болох нь тогтоогдсонгүй гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн боловч хэргийн шийдэлд нөлөөлөхгүй.
5. Анхан шатны шүүх хариуцагч ******* нь 7 давхрын 271 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхтэй болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдоогүй тул эзэмшил хууль бус гэж дүгнэж, хариуцагчийн эзэмшлээс чөлөөлж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болсон, энэ талаар хариуцагч гомдол гаргаагүй байх тул талуудын зарчимд нийцүүлэн давж заалдах шатны шүүхээс нэмж эрх зүйн дүгнэлт хийхгүй.
6. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбогдуулан гаргасан дараах гомдлыг хангахгүй орхино. Үүнд:
6.1. Хариуцагч *******-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийг үндэслэн шүүгчийн 2025 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 191/ШЗ2025/13991 дугаартай захирамжаар ******* тоот хаягт байршилтай 2,347 м.кв талбайтай, хувийн сууц, үйлчилгээний зориулалттай, эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөл бүртгэгдсэн талаарх бүхий л баримтыг нотлох баримтаар гаргуулахаар шийдвэрлэжээ. /хх-ийн 113-115 дугаар тал/
Дээрх захирамжийн дагуу ******* *******-д холбогдох хувийн хэргийг /хх-119-149/ ирүүлсэн байхаас гадна тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх хэнээс, хэзээ, ямар үндэслэлээр шилжсэн талаарх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа /хх-64-65/ хэрэгт авагдсан байна. Иймд дээрх баримтуудыг хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай гэж шүүх үзсэнийг буруутгах үндэслэл тогтоогдоогүй тул шүүгчийн захирамжийн биелэлт хангагдаагүй гэж үзэхгүй, энэ талаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол хангагдахгүй.
6.2. Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь 2025 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн шүүх хуралдаанд ******* нь *******, *******, *******, *******-д холбогдуулан маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгөтэй холбогдох асуудлаар 2025 оны 6 дугаар сарын 04-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргасан байх ба уг хүсэлтэд дурдсан үндэслэл нь шүүх хуралдааныг хойшлуулах үндэслэл болохгүй тул хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй.
7. Дээрх үндэслэлээр хариуцагч *******-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 191/ШШ2025/05142 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч *******-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт заасны дагуу хариуцагч *******-иас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ
ШҮҮГЧИД Ч.ЦЭНД
Т.ГАНДИЙМАА