Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 09 сарын 03 өдөр

Дугаар 210/МА2025/01478

 

 

*******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Лхагвасүрэн даргалж, шүүгч О.Одгэрэл, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 191/ШШ2025/05374 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: *******

Хариуцагч: *******, *******

Үндсэн нэхэмжлэлийн шаардлага: Орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг шилжүүлэн өгөхийг даалгах тухай

Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: Хууль бус эзэмшлээс орон сууц чөлөөлүүлэх, олох ёстой байсан орлого 46,800,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч *******ын өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалан илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагч *******, түүний өмгөөлөгч *******, хариуцагч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Нинжбадгар нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1 Миний бие *******, ******* нарын хамтран барьж байсан *******, *******ны нутаг дэвсгэрт байрлах, 55 айлын орон сууцны барилгаас 21 м.кв талбайтай, 1 өрөө орон сууцыг 22,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон. Уг мөнгөнөөс 14,000,000 төгрөг нь орон сууцны үнэ, үлдэх 6,000,000 төгрөгийг нь зээлдүүлсэн. Хариуцагч ******* манай хүргэн ах, түүний найз нь *******. Тийм учраас мөнгө хүлээлгэн өгсөн баримт үйлдээгүй, мөнгийг хүлээлгэн өгсөн.

1.2 Хариуцагч нар орон сууцны барилгыг 2018 оны 9 сард ашиглалтад оруулж, намайг ...ирж байраа сонго гэсний дагуу би *******, *******, ******* гудамжинд байрлах, ******* байр, од байрлах, 1 өрөө орон сууцыг сонгож, түлхүүрийг хүлээн авсан бөгөөд орон сууцаа хүлээн авснаас хойш өнөөдрийг хүртэл бусдад хөлслүүлж ирсэн. Харин миний орон сууцны гэрчилгээ 2019 оны 03 дугаар сард *******ын нэр дээр гарсан байсан.

1.3 2022 оны 11 дүгээр сард манай орон сууцанд амьдарч байсан хөлслөгч над руу утасдан ...Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас хүмүүс ирээд хаалган дээр бичиг наагаад явлаа гэснээр хариуцагч ******* нь миний орон сууцыг -ийн зээлийн барьцаанд тавьсан, зээлээ төлөөгүй учраас шүүхийн шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байсныг мэдсэн.

Иймд *******ыг орон сууцны өмчлөгчөөр тогтоож, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг шилжүүлэн өгөхийг даалгаж өгнө үү гэжээ.

2. Хариуцагч *******ын тайлбар, татгалзлын агуулга:

2.1 ******* бид хоёр тус бүр 100,000,000 төгрөг гарган 2017 онд *******, *******нд 55 айлын орон сууцыг хамтран барихаар тохиролцсон ба барьсан орон сууцнаас нэг өрөө орон сууцыг хямдралтай буюу өөрийн өртөг болох 15,000,000 төгрөгөөр ******* өөрийн дүү д, би өөрийн эхнэрийн дүү д тус тус өгөхөөр тохиролцсон. Тухайн үед өөрийн гэр болон бусад зүйлийг зарж бидэнд 9,000,000 төгрөг өгсөн боловч ******* манай дүүг байрнаас нь гаргаж мөнгийг нь авсан байсан. Би үүнийг нь мэдээд *******ын байрыг бас өгөх боломжгүй гэдгээ хэлсэн. Харин ******* надад нэг ч төгрөг бэлнээр өгөөгүй, бидний хооронд ямар нэгэн хэлцэл байгуулагдаагүй.

2.2 2019 онд барилга ашиглалтад орж ******* миний нэр дээр тус бүр нь 20 м.кв талбай бүхий 54 айлын гэрчилгээ гарсан. ******* нь Орон сууц захиалгын гэрээ-ний дагуу мөнгөө төлсөн айлуудын тооцоог хөтөлдөг бөгөөд надад ...одоо энэ, энэ айлууд төлбөрөө төлсөн гэрчилгээг нь гаргаж өг гэдэг байсны дагуу тухайн айлуудын үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг шилжүүлж өгдөг байсан. Байр баригдах явцад бид хоёрын мөнгө хүрэхгүй болохоор нь дутуу төлсөн 12 айлын гэрчилгээг банк бус санхүүгийн байгууллагад барьцаанд тавьж барилгаа дуусгасан. Гэтэл зээлээ төлж чадахгүйд хүрч тус орон сууцнуудыг хураан авсан.

2.3 Орон сууцыг нь барьцаанд тавьсан айлууд гомдол гаргаснаар уг хэргийг цагдаагийн байгууллагаас шалгасан. Шалгалтын явцад 2023 оны 11 сард -ийн аудитын шинжилгээний тайлан гарсан. Тус дүгнэлтээр ******* бид хоёрын банк дахь дундын тоот данснаас нэхэмжлэгч ******* руу 5,430,000 төгрөг, мөн түүний эхнэр гийн данс руу 5,800,000 төгрөгийг шилжүүлсэн байсан. ******* нь өөрийн банк дахь тоот данснаас 29,854,218 төгрөгийг *******ын данс руу шилжүүлэхдээ 20,000,000 төгрөгийг цалингийн зээл гэж буцаан шилжүүлсэн байна. Мөн өөрийн дахь тоот данснаас 9,341,000 төгрөг, нийт 50,425,218 төгрөгийг *******ын данс руу шилжүүлсэн байдаг.

Дээрхээс үзэхэд ******* нь өөрийн хүргэн ах *******т цалингийн зээл авч өгөөд буцаагаад тэр мөнгөө авчихсан байна.

2.4 Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.2 дахь хэсэгт заасан шаардлага гаргах хөөн хэлэлцэх 6 жилийн хугацаа дууссан байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Хариуцагч *******ийн тайлбар, татгалзлын агуулга:

3.1 ******* нь орон сууцны захиалга өгч байсан хүмүүсийн нэг. Тухайн үед санхүүжилт авахын тулд хямдрал зарласан байсан. *******оос 20,000,000 төгрөгийг бэлнээр авсан, дараа нь АТМ-д орлого хийж, би өөрийн бүртгэлд тэмдэглэсэн. Үүний 14,000,000 төгрөг нь маргаан бүхий 1 өрөө орон сууцны төлбөр, үүнийг ******* маш сайн мэдэж байгаа. Бидний барьсан орон сууцны 55 айлын гэрчилгээ бүгд *******ын нэр дээр гарсан. Тэр айлуудад гэрчилгээг нь шилжүүлж өгч байсан.

3.2 Орон сууцыг нь барьцаанд тавьсан айлууд гомдол гаргаснаар уг хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа бөгөөд шүүх шинжилгээний газрын шинжээчийн дүгнэлтээр ******* нь хувийн хэрэгцээндээ их хэмжээний мөнгө авч хэрэглэсэн болохыг тогтоож, дүгнэлт гарсан.

Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

4. Хариуцагч *******ын сөрөг шаардлага, үндэслэлийн агуулга:

4.1 Би 2019 онд маргаан бүхий 1 өрөө орон сууцны өмчлөгч болсон. Нэхэмжлэгчийн гарган өгсөн түрээсийн гэрээгээр миний өмчлөлийн байрыг бусдад 2018 оны 10 сараас 2025 оны 3 сар хүртэл сарын 600,000-800,000 төгрөгөөр, нийт 78 сар түрээсэлж ашиг орлого олсон байна. ******* нь дээрх орон сууцыг огт худалдаж аваагүй, бидний хооронд тийм тохиролцоо хийгдээгүй, орон сууц худалдаж авсан гэх мөнгө огт төлөөгүй байж миний өмчлөлийн байрыг бусдад түрээслүүлж ашиг олсон.

4.2 Иймд тухайн орон сууцыг *******ын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлж, нэг сарын түрээсийг дунджаар 600,000 төгрөгөөр тооцож, нийт 78 сарын түрээсийн орлого 46,800,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

5. Нэхэмжлэгчийн тайлбар, татгалзлын агуулга:

5.1 Миний бие маргаан бүхий 1 өрөө орон сууцыг худалдаж авч эзэмшилдээ авсан цагаас хойш бусдад түрээсэлж орлого олж байна. Харин хариуцагч нар миний орон сууцны гэрчилгээг хүлээлгэж өгөх үүргээ биелүүлээгүй атлаа ******* нь өөрийн нэр дээр өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулсныг зөвшөөрөхгүй. Иймд сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

6. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

6.1 Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар нэхэмжлэгч *******ыг Баянзүрх дүүргийн *******, ******* гудамж, байрны од байрлах, 21 м.кв, нэг өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоож, уг орон сууцны өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг нэхэмжлэгчийн нэр дээр шилжүүлэн өгөхийг хариуцагч *******, ******* нарт даалгаж, Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 497 дугаар зүйлийн 497.1, 229 дүгээр зүйлийн 229.1-д зааснаар нэхэмжлэгч *******од холбогдох хууль бус эзэмшлээс орон сууц чөлөөлүүлэх, олох ёстой байсан орлого 46,800,000 төгрөг гаргуулах тухай хариуцагч *******ын сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч *******ын тэмдэгтийн хураамжид төлсөн 267,950 төгрөг, хариуцагч *******ын сөрөг нэхэмжлэлийн тэмдэгтийн хураамжид төлсөн 659,900 төгрөгийг тус тус улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч *******, ******* нараас 267,950 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж нэхэмжлэгч *******од олгож шийдвэрлэсэн.

7. Хариуцагч *******ын өмгөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

7.1 Анхан шатны шүүх *******, *******, ******* нарын хооронд худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан, бэлэн мөнгөөр төлбөрийг хийсэн гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй юм. ******* нь *******ийн төрсөн дүү тай суусан хүргэн дүү нь бөгөөд эд нар хоорондоо үгсэн тохирч нэг нь нэхэмжлэл гаргаж нөгөөдөх нь хүлээн зөвшөөрч *******ын өмчлөлд байгаа байрыг *******ын нэр дээр шилжүүлэхийг оролдож байна. ******* нь нэг ч төгрөг бэлнээр *******од өгөөгүй, харин өөрийн хүргэн ах *******т цалингийн зээл авч өгөөд орон сууц худалдаж авч байгаа мэт дүр үзүүлж байрны түлхүүр аваад дараа нь өөрийн өгсөн мөнгөө *******оос буцаан авсан. Хариуцагч ******* нь хүргэн дүү *******од уг цалингийн зээлийг нь буцаан төлсөн нь аудитын шинжилгээний тайлангаар нотлогддог.

Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт зааснаар талууд худалдаж буй хөрөнгийг Үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн газарт бүртгүүлэх ёстой байсан гэтэл талуудын хооронд огт худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаагүй, бэлэн мөнгө төлөгдөөгүй тул дээрх маргаан бүхий байрыг *******ын нэр дээр шилжүүлээгүй.

7.2 Анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд нэхэмжлэгч нь бэлэн мөнгө өгсөн газраа барилга баригдаж байхад гадаа тоосгоны хажууд өгсөн гэж удаа дараа давтан би маш сайн санаж байна гадаа барилга баригдаж байхад буулгасан тоосгоны хажууд *******т өгсөн хариуцагч ******* нь хажууд нь зогсож байсан гэж тайлбарласан. Харин ******* /хүргэн ах нь/ байшин дотор орон сууцанд байхад бэлэн мөнгө надад өгсөн гэж зөрүүтэй мэдүүлэхээс гадна нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ 22,000,000 төгрөг бэлнээр өгч орон сууц авсан гэж бичдэг атлаа шүүх хуралдааны явцад 15 саяар авсан,... 14 саяар авсан, ... 20 сая төгрөг бэлнээр өгсөн 14 сая нь байрны мөнгө байсан 6 сая нь зээл байсан гэхчлэн 3, 4 өөрөөр шүүгчийн болон нэхэмжлэгчийн асуултад хариулдаг. Бодит байдал дээр орон сууц авах зорилгоор өөрийн хүргэн ах *******т хувьд нь бэлэн мөнгө өгчхөөд байрны түлхүүр авсан, тэрийг нь ******* нь миний дүү мөнгөө өгсөн шүү гэж хэлээд дараа нь түүний өгсөн мөнгийг нь буцаагаад өөрт нь шилжүүлчихсэн үйл баримт -аудитын шинжилгээний дүгнэлтээр тогтоогдсон.

Гэтэл анхан шатны шүүхээс ямар ч хууль зүйн дүгнэлт хийлгүйгээр тусгай зөвшөөрөл бүхий -ийн аудитын санхүүгийн шинжилгээний дүгнэлтийг хэрэгт хамааралгүй гэж үзсэн нь хуулийг ноцтой зөрчиж үнэлэгдвэл зохих нотлох баримтыг үнэлээгүй гэж үзэж байна.

7.3 Анхан шатны шүүхээс сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон хууль зүйн үндэслэлээ тайлбарлаж чадаагүй ба зөвхөн Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өмчлөгчөөр тогтоосон тул сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болголоо гэсэн бичвэр байдаг. Түүнээс өөрөөр ямар нэгэн хууль зүйн үндэслэл бүхий тайлбар хийгээгүй болно.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

8. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбарын агуулга:

8.1 ******* нь өөрийн эхнэрийн дүү д 1 өрөө орон сууцыг хямдралтай үнээр худалдсан, ******* нь өөрийн төрсөн дүүгийн нөхөрт 1 өрөө орон сууцыг хямдралтай үнээр худалдан борлуулсан талаар хариу тайлбартаа тайлбарласан. Өмчлөгч мөн гэх бичгийг гараараа бичиж өгсөн. Үүгээр талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан болох нь нотлогдоно.

8.2 Нэхэмжлэгч ******* нь 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдөр 22,800,000 төгрөгийн цалингийн зээл авсан. 2018 оны 03 дугаар сарын 24-ний өдөр хариуцагч нартай уулзаж 20,000,000 төгрөгийг бэлнээр өгсөн. 6,000,000 төгрөгийг зээл хэлбэрээр, үлдэгдэл 14,000,000 төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээг байгуулж тохиролцсон. Хариуцагч ******* нь 6,000,000 төгрөгийг 5 удаагийн гүйлгээгээр буцаан нэхэмжлэгчийн дансанд зээлийн төлөлтийг шилжүүлсэн. Нэхэмжлэгчийг зөрүүтэй, худал тайлбар гаргасан гэж маргадаг боловч энэ нь үндэслэлгүй. 20,000,000 төгрөгийг бэлнээр хүлээлгэж өгсөн, хариуцагч ******* нь мөнгийг хүлээж авсан тухай өөрийн хар дэвтэртээ тэмдэглэсэн. Мөн хүлээж авсан болохоо хүлээн зөвшөөрсөн. Хэрэгт авагдсан үзлэгийн тэмдэглэлээр нотлогдоно. Зээлийг буцаан төлсөн болох нь шилжүүлгийн баримтаар тогтоогдсон.

Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан. Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаав.

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******, ******* нарт холбогдуулан орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг шилжүүлэхийг даалгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хариуцагч ******* нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн тайлбар гаргасан.

2.1 Хариуцагч ******* нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, хууль бус эзэмшлээс орон сууц чөлөөлүүлэх, олох ёстой байсан орлого 46,800,000 төгрөг гаргуулахаар сөрөг шаардлага гаргасныг нэхэмжлэгч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

3. Анхан шатны шүүх хэргийн үйл баримтыг тодруулалгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

4. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ ...Баянзүрх дүүргийн *******ны нутаг дэвсгэрт байрлах 54 айлын орон сууцны барилгаас 21 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууцыг 22,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон гэж тайлбарласан. /1хх 1/

4.1 Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2025 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгч нь ...Би 2018.08.23-ны өдөр наас тухайн үедээ 20,000,000 төгрөгийн цалингийн зээл авч, хариуцагч нарыг хамт байхад бэлнээр өгсөн. Энэ мөнгөнөөс 14,000,000 төгрөг нь байрны үнэ, 6,000,000 төгрөгийг нь зээлсэн гэж тайлбар гаргасан байна.

4.2 Мөн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан шинжээчийн дүгнэлт нь иргэний хэрэгт нотлох баримт болох бөгөөд тус -ийн 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөс 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн хооронд хийсэн шинжээчийн дүгнэлтээр хэрэг бүртгэлийн дугаар бүхий гэмт хэрэгт яллагдагч *******ын банкны , банкны , банкны тоот данс, яллагдагч *******ийн хаан банкны , Худалдаа хөгжлийн банкны тоот данс, *******, ******* нарын хаан банкинд дундын данс нээсэн гэх тоот дансны орлого зарлагын дүгнэлт гаргасан. Тус дүгнэлтийн зээл-нэгтгэл гэх баримтад ... авсан зээл 39,000,000 төгрөг гэж, зээл, хүү төлөлт 29,854,218 төгрөг, тайлбарт 20,0 сая цалингийн зээл гэж тусгасан байна. /2хх 49/

5. Дээрх баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч нь орон сууцыг хэдэн төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон эсэх үйл баримт тодорхойгүй байна. Өөрөөр хэлбэл, гэрээний гол зүйл нь үнэ бөгөөд энэ талаарх үйл баримтыг тодруулах шаардлагатай, талууд энэ талаар бүрэн мэтгэлцээгүй байна. Мөн эрүүгийн хэргийн шинжээчийн дүгнэлтэд тусгасан 20,000,000 төгрөг нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлдээ дурдаад байгаа мөнгөн хөрөнгө мөн эсэх үйл баримтыг тодруулах шаардлагатай.

5.1 Түүнчлэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа эсэх, дууссан эсэх үйл баримтыг тодруулах нь хэрэгт ач холбогдолтой байхад уг нөхцөл байдлыг анхан шатны шүүх тодруулахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасанд нийцээгүй байна.

6. Дээрх ажиллагааг давж заалдах шатны шүүхээс зөвтгөн залруулах, нөхөн гүйцэтгэх, хэрэгт авагдсан баримтын хүрээнд маргааныг хянан шийдвэрлэх боломжгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж шийдвэрлэсэн тул хариуцагч *******ын өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд эрх зүйн дүгнэлт өгөх боломжгүй юм.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 191/ШШ2025/05374 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч *******оос төлсөн 658,150 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ЛХАГВАСҮРЭН

ШҮҮГЧИД О.ОДГЭРЭЛ

М.БАЯСГАЛАН