Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 678

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Оюунчимэг даргалж,

нарийн бичгийн дарга Э.Энх-Учрал,

улсын яллагч А.Ганзориг ,

шүүгдэгч Э.Тнарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй  хийсэн шүүх хуралдаанаар,

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Т-т холбогдох эрүүгийн 1808043960631 дугаартай 1 хавтаст хэргийг 2019 оны 6 дугаар сарын 4-ний өдөр хүлээн авч, 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Д овогт Э-ийн Т, Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1982 оны 6 дугаар сарын 15-ны өдөр төрсөн, эрэгтэй, 37 настай, бүрэн бус дунд боловсролтой, автын слесарь мэргэжилтэй, “БТЖ багана” ХХК-д жолооч ажилтай, ам бүл 4, ээж, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, 32-20 дугаар байрт оршин суудаг, 2004 оны 05 дугаар сарын 07-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3 жил 6 сар хорих ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан, 2006 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1, 147 дугаар зүйлийн 147.2-д зааснаар 9 жил 6 сар хорих ялаар шийтгүүлж, 2008 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр хуулийн тэтшитгэлд хамруулах тухай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 2 жил 6 сар 16 хоногийн хорих ялаас чөлөөлөглсөн, 2013 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 6 жил 6 сар хорих ялаар шийтгүүлж, 2015 оны 11 дүгээр сарын 6-нд шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 3 жил 4 сар 8 хоногийн хорих ялаас Өршөөл үзүүлэх тухай хуулиар 2 жил хорих ялыг өршөөн хасч,  2016 оны 6 дугаар сарын 15-нд эдлээгүй үлдсэн 6 сар 28 хоногийн хорих ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзсан, регистрийн дугаар ...,

ТОДОРХОЙЛОХ нь

Шүүгдэгч Э.Т2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Баянхошууны тойрог орчим байрлах Төрийн банкны урд төв зам дээр иргэн Б.Б-тай“...машин шахаж салаавч гаргалаа..." гэх шалтгааны улмаас маргалдаж, улмаар түүний зүүн гарын эрхий хурууг хойш дарж, хүний эрүүл мэндэд зүүн сарвууны эрхий хурууны 2-р шивнүүрийн далд хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Т мэдүүлэхдээ:

Мэдүүлэг өгөхгүй, яллах дүгнэлтэнд бичигдсэн бүх зүйл үнэн зөв. Хохирогчид би гэмтэл учруулсан нь үнэн, хохирогчид 600.000 төгрөгийг эмчилгээнд нь өгсөн. Гэм буруу дээр маргахгүй, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

Хохирогч Б.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ:

2018 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр би 15 цагийн орчим Баянхошууны Жанцангийн гэрлэн дохион дээрээс хөдлөөд нэгдүгээр эгнээгээр уруудаад явж байтал 2 дугаар эгнээнд явж байсан машин гэнэт нэгдүгээр эгнээ рүү намайг шахаж орж ирсэн. Би огцом тоормоз гишгэсэн бөгөөд нөгөө намайг шахсан машин буцаад 2-р эгнээндээ ороод чигээрээ явчихсан бөгөөд Баянхошууны тойргийн хажуугийн замын цагдаагийн постны гэрлэн дохион дээр зогсож байтал миний ард явсан машинтай хүн гэрлээрээ дохиод сигналдаад байхаар нь цонхоо онгойлгосон чинь нэг эрэгтэй хүн лалар минь яаж яваад байгаан бэ? гэхээр нь би салаавч өгчихөөд машинаа хөдөлгөөд явчихсан юм. Тэгээд урагшаа эргэсэн чинь зам түгжирсэн бөгөөд арын машины жолооч бууж ирсэн ба тухайн үед миний машины цонх онгорхой байсан чинь намайг шууд нэг удаа гараараа миний нүүр лүү цохьсон, би машинаас буух гээд хаалгаа нээсэн чинь машины хаалга буцааж түлхэж миний хөлийг хавчсан, би буугаад нөгөө залуутай муудалцаад маргалдаж байтал тэр залуу намайг миний машины хамар дээр гаргаж шидсэн, бас тэр хүн өөрийнхөө машины хамар дээр бас ахиад шидсэн, тэгээд би хоёр гараараа түлхсэн чинь зүүн гарын эрхий хуруу дээрээс атгаж аваад хойш нь дарсан...Би Э.Тгэх хүнээс 600.000 төргөр нэхэмжилмээр байна. 2018 оны 09-р сарын 17-ны өдөр намайг гараа гэмтээлгэсэн гэдгийг манай эхнэр Х мэдэж байгаа би маргааш  нь эхнэртэйгээ хамт гэмтлийн эмнэлэгт очиж үзүүлсэн юм...гэжээ. /хх-15-17, 19/,

Гэрч Д.М мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ:

2018 оны 09-р сарын 17-ны өдөр би гадуур таксинд явж байтал манай найз Т над руу залгаад...би Т-тай уулзаад Т-ын авч СХД-ийн Хилчин хотхон орохоор явсан бөгөөд тухайн үед миний машинд манай найз А явж байсан...Баянхошууны Жанцангын орчим явж байтал нэг машинтай залуу шахаад байсан... Баянхошууны тойрог эргээд түгжрэлд ороод зогссон, тэгсэн чинь манай найз Т тэр залуутай машин дотроосоо маргалдсан бөгөөд маргалдаж байтал нөгөө машинтай залуу нь Т луу салаавч гаргасан ба Т машинаас буугаад нөгөө залуугын машины хажууд яваад очсон бөгөөд маргалдаад байсан...Т тэр залуутай түлхэлцээд л байгаад байсан...Т тэр залууг миний машины хамар луу түлхэж унагасан...гэжээ. /хх-22-24/,

Гэрч М.Хмөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ:

2018 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр би гэртээ байж байтал манай нөхөр Б 18 цагийн үед манай дүү М-тэй хамт ирсэн бөгөөд ирэхдээ манай дүү М надад хэлэхдээ “машинтай шахалцаад, маргаан гарсан, тэгээд ахыг нэг залуу заамдаад бөөн юм боллоо” гэж хэлж байсан, манай нөхөр Б болохоор миний зүүн гар эвгүй болчихлоо гээд байсан юм. Тэр шөнөө гар нь өвдөөд байна гэж хэлээд байхаар нь... маргааш өглөө нь босоод үзсэн чинь гар нь хавдсан байсан. Гэмтлийн эмнэлэгт очиж үзүүлээд гарынх нь зургийг авахуулсан, эмч гарын эрхий хурууны яс хугарсан байна гэж хэлсэн, гарт нь гипс тавиулчихаад цагдаагийн хэлтэст ирж өргөдөл гаргасан юм...гэжээ. /хх-25-27/,

Гэрч Э.С мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ:

2018 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр үүрэг гүйцэтгэж байх үед...дуудлага ирсэн...очиж шалгахад зам дээр хоёр залуу маргалдаад зогсож байсан...машинтай хооронД шахалцсан...тэр хоёр хэрэлдэж байгаад нэг нэгнийгээ заамдаж авч түлхэлцсэн гэж ярьж байсан...гэжээ. /хх-32-33/,

Шүүх эмнэлгийн 2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 11459 дугаар дүгнэлт:

Хэсэг газрын үзлэгт: Зүүн гар сойлттой. Зүүн бугуй, эрхий хурууны эргэн тойронд гөлтгөнөн аравч боолттой. Биед өөр ил харагдах гэмтэлгүй.

ДҮГНЭЛТ:

1. Б.Б-ын биед зүүн сарвууны эрхий хурууны 2-р шивнүүрийн далд хугарал гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шинэ гэмтэл байна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

5 .Тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

6 .Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2 3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна гэжээ. /хх-38/,

Шинжээч эмч Ц.Бадрал мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ:

...Дээрх гэмтэл нь хүний гарыг хойш нь дарахад илүү үүсэх боломжгой...үзүүлэгч нь 2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр Гэмтлийн эмнэлэгт очиж үзүүлэн рентген зураг авахуулсан байсан ба...рентген зургаар шинэ гэмтэл болох нь тодорхой байсан...мөн рентген зурагт бороолж эдгээгүй гэмтэл байсан тул шинэ гэмтэл болох нь харагдаж байсан...гэжээ.  /хх-39-42/,

Шүүгдэгч Э.Т мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ:

2018 оны 09-р сарын 17-ны өдөр...Жанцангын гэрлэн дохион дээр зогсож байгаад Дшоо хөдөлсөн чинь саарал өнгийн Аванте XT маркын машинтай үл таних эрэгтэй хүн машинаараа Мөнгөншагай бид хоёрыг шахаж эхэлсэн...би тэр шахаад байсан хүн рүү цонхоороо толгойгоо гаргаж байгаад “муу пиздаа минь чи яаж яваад байгаан” гэж хэлтэл нөгөө машины жолооч нь над руу салаавч гаргаад май пиздаа минь гэж хэлсэн...би тэр залууг буулгаж ирээд заамдсан. Тэгтэл тэр залуу бас намайг заамдсан, тэгээд тэр залуу бид хоёр бие биенийгээ түлхэж байтал тэр залуу хоёр гараараа сарвайгаад намайг түлхэх гэхээр нь би гарын сарвуун дээрээс нь атгаж аваад хойшоо дарчихсан чинь тэр залуу Дшоо өвдөглөөд суусан...Б.Бнамайг түлхэх гээд хоёр гараа сарвайгаад над руу дайрахаар нь би хоёр гараараа Б-ын хоёр гар дээрээс атгаж аваад хойш нь дарчихсан чинь БДшоо өвдөглөөд суучихсан...гэжээ. /хх-51-57/,

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл /хх-56-58/, осол гэмтлийн тохиолдын бүртгэх хуудас /хх-59/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-67/ зэрэг нотлох баримтуудыг  шинжлэн судлав.

Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгч Э.Т-тхолбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Э.Т2018 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Баянхошууны тойрог орчим байрлах Төрийн банкны урд төв зам дээр иргэн Б.Б-тай“...машин шахаж, салаавч гаргалаа..." гэх шалтгааны улмаас маргалдаж, улмаар түүний зүүн гарын зрхий хурууг хойш дарж, хүний эрүүл мэндэд “...зүүн сарвууны эрхий хурууны 2-р шивнүүрийн далд хугарал гэмтэл...” бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь  

Хохирогч Б.Б-ын өгсөн “...тэр залуу намайг миний машины хамар дээр гаргаж шидсэн, бас тэр хүн өөрийнхөө машины хамар дээр бас ахиад шидсэн, би хоёр гараараа түлхсэн чинь зүүн гарын эрхий хуруун дээрээс атгаж аваад хойш нь дарсан...” гэх мэдүүлэг /хх-15-17, 19/,

Гэрч Д.М өгсөн “...Т тэр залуутай түлхэлцээд л байгаад байсан...Т тэр залууг миний машины хамар луу түлхэж унагасан...” гэх мэдүүлэг /хх-22-25/,

Гэрч М.Х-ийн өгсөн “...манай дүү М надад хэлэхдээ машинтай шахалцаад маргаан гарсан, тэгээд ахыг нэг биеэрхүү залуу заамдаад бөөн юм боллоо гэж хэлж байсан ба манай нөхөрБболохоор миний зүүн гар эвгүй болчихлоо гээд байсан...шөнөө гар нь өвдөөд байна гэж хэлээд байхаар нь... маргааш өглөө нь босоод үзсэн чинь гар нь хавдсан байсан. Гэмтлийн эмнэлэгт очиж үзүүлээд гарынх нь зургийг авахуулсан, эмч гарын эрхий хурууны яс хугарсан байна гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-25-27/,

Шинжээч эмч Ц.Бадралын өгсөн “...Дээрх гэмтэл нь хүний гарыг хойш нь дарахад илүү үүсэх боломжгой...шинэ болох нь хэрэг гарснаас хойш нэг өдрийн дараа рентген зураг авахуулсан байсан ба рентген зургаар шинэ гэмтэл болох нь тодорхой байсан...” гэх мэдүүлэг /хх-39-42/,

Шүүгдэгч Э. Т-ын яллагдагчаар өгсөн “...би гарын сарвуун дээрээс нь атгаж аваад хойшоо дарчихсан чинь тэр залуу Дшоо өвдөглөөд суусан...” гэх мэдүүлэг,

“...Б.Б-ын биед  зүүн сарвууны эрхий хурууны 2-р шивнүүрийн далд хугарал гэмтэл тогтоогдлоо...” гэх шүүх эмнэлгийн 2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн шинжээчийн №11459 дугаар дүгнэлт зэрэг хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.

Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хооронД агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлд хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйлдэлд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан бөгөөд  хууль зүйн хувьд Э.Тхохирогч Б.Б-ын гарын сарвуун дээрээс атгаж аваад хойш дарж зүүн сарвууны эрхий хурууны 2-р шивнүүрийн далд хугарал учруулан  бие махбодийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан байгаа нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзнэ.

 Иймд шүүгдэгч Э.Тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан улсын яллагчийн саналыг хүлээн авч тус зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Дээрх гэмт хэргийн улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан нь энэ гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагаварт тооцогдох бөгөөд хохирогч Б.Батбаатарт шүүгдэгч эмчилгээнд нь зориулж 600.000 төгрөгийг төлсөн тул шүүгдэгчээс гаргуулбал зохих хохирол төлбөргүй гэж шүүх дүгнэлээ.

Шүүхээс Э.Т-тЭрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байх ба шүүгдэгч нь хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж буй хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, учруулсан хор уршгийн шинж чанар зэргийг харгалзан шүүгдэгч Э.Т-тнийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Э.Тнь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болно.

Шүүгдэгч Э.Т-тхувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсан,  хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдсон эд зүйл, хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг,  36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.12, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Д овогт Э-ийн Тыг хохирогч Б.Б-ыг зодож, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.Тыг 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх  хэсэгт зааснаар Э.Тнийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгсүгэй.

4. Э.Тцагдан хоригдсон хоногггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, Э.Т-ын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих  эрхтэйг дурдсугай.

6. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Э.Т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          Ц.ОЮУНЧИМЭГ