| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мянгаагийн Баясгалан |
| Хэргийн индекс | 101/2024/00210/И |
| Дугаар | 210/МА2025/01479 |
| Огноо | 2025-09-03 |
| Маргааны төрөл | Тээвэрлэлт, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 09 сарын 03 өдөр
Дугаар 210/МА2025/01479
*******-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч О.Одгэрэл даргалж, шүүгч Ц.Алтанцэцэг, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 191/ШШ2025/05839 дугаар шийдвэртэй
Нэхэмжлэгч: *******
Хариуцагч: *******, *******
Нэхэмжлэлийн шаардлага: 973,949,601 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч *******ын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалан илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч *******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Нинжбадгар нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:
1.1 ******* Япон улсаас автомашин оруулж худалдан борлуулах ажиллагаа явуулдаг бөгөөд үйл ажиллагааны хүрээнд өөрийн ажилтан буюу автомашины борлуулагч *******ийн нэрээр олон улсын тээвэр зуучийн *******-аар зуучлуулан, Япон улсаас 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдрөөс 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэл нийт 92 чингэлэг ачааг тухайн чингэлгийн жингээс шалтгаалан тогтсон үнээр Монгол улсад зуучлуулан тээвэрлүүлсэн. Талуудын тохиролцсоны дагуу ******* нь *******-аар зуучлуулж тээвэрлүүлсэн чингэлгийн хөлсийг дараа төлөх нөхцөлтэйгөөр буюу ачааг эцсийн хүлээн авах газар болох Улаанбаатар хотод ирсний дараа төлөхөөр харилцан тохиролцсон.
1.2 ******* нь *******ын илгээсэн 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдрөөс 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэл нийт 92 чингэлэг ачааг *******, ******* нарт хүлээлгэн өгсөн. ******* нь *******-д нийт 92 чингэлгийн тээвэр зуучлалын хөлс болох 284,550 ам.доллароос 80,000 ам.долларыг төлж, үлдэгдэл 204,550 ам.долларыг төлөөгүй. Улмаар талууд харилцан тохиролцож 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдөр 2019/051 дугаартай Тээврийн хөлсний төлбөр барагдуулах гэрээ-г байгуулсан. Гэрээний 2.1-т Төлбөр төлөгч тал буюу хариуцагч ******* нь гэрээгээр тохирсон нийт тээврийн хөлс болох 204,550 ам.долларыг үл маргах журмаар 2019 онд 50,000 ам.доллар, 2020 онд 50,000 ам.доллар, 2021 оны эхний хагас жилд 50,000 ам.доллар, 2021 оны 2 дугаар хагаст 54,550 ам.долларыг төлбөр авагч талд буюу нэхэмжлэгч *******-д төлөхөөр хоёр тал харилцан тохиролцов гэж заасан.
Дээрх Тээврийн хөлсний төлбөр барагдуулах гэрээ-ний дагуу ******* 204,550 ам.доллар төлөх үүргээс 15,000 ам.доллар төлсөн, үлдэгдэл 189,550 ам.долларын төлбөр төлөх үүргээ гүйцэтгэлгүй. *******-ийн зүгээс удаа дараа хариуцагч *******од хандан компаниар зуучлуулж тээвэрлүүлсэн чингэлгийн төлбөрөө төлөхийг утсаар болон фейсбүүк зурвасаар мэдэгдэж байсан.
1.3 Тээврийн хөлсний төлбөр барагдуулах гэрээ-ний 2.2-т Төлбөр төлөгч тал нь тус гэрээний 2.1-т заасан хугацаанд төлбөрийг төлөөгүй, гэрээнд заасан үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутам 0.5 хувийн алданги төлбөр авагч талд үл маргах журмаар төлнө гэж заасны дагуу Ковид-19 цар тахлын жилүүдийг хасаж, 2023 оны 07 дугаар сарын 12-ны өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл нийт 154 өдрийн 947,75 ам.доллароор тооцож нийт 145,953.5 ам.доллар тооцогдсон бөгөөд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасны дагуу 94,775 ам.долларыг *******-д төлөх хууль зүйн үндэслэлтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.2 дахь хэсэгт заасны дагуу алданги тооцож дууссан өдрийн Монголбанкны албан ёсны ам.долларын төгрөгтэй тэнцэх ханш болох 3,425.48 төгрөгөөр тооцож, нийт 284,325 ам.доллар буюу 973,949,601 төгрөгийг *******-д төлөх үндэслэлтэй.
Иймд талуудын хооронд байгуулсан Тээврийн хөлсний төлбөр барагдуулах гэрээ-ний 2.1, 2.2-т заасны дагуу тээврийн хөлсний зардалд 189,550 ам.доллар, алданги 94,775 ам.доллар, нийт 284,325 ам.доллар буюу 973,949,601 төгрөгийг *******оос гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч *******ийн тайлбар, татгалзлын агуулга:
2.1 ******* нь *******-тай гэрээ байгуулж байгаагүй, аливаа тээврийн үйлчилгээ авч байгаагүй. ******* нь 2017 оны 03 дугаар сарын 11-ний өдрөөс 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэл гаалийн бүрдүүлэлтээр огт автомашин оруулж ирээгүй байна.
Иймд нэхэмжлэлийн шаардлагаас *******ид холбогдох хэсгийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Хариуцагч *******ын тайлбар, татгалзлын агуулга:
3.1 Миний бие *******-тай тээвэр зуучлалын гэрээ байгуулаагүй тул алдангийг төлөхгүй.
3.2 ******* нь 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдөр албан тоотоор шүүхэд нэхэмжлэл гаргасан, хөөн хэлэлцэх хугацаа дууссан.
3.3 Мөрдөн шалгах ажиллагаагаар нийт 243 ширхэг тээврийн хэрэгсэл эдгээр хүмүүсийн нэр дээр Монгол улсын гаалийн бүрдүүлэлтээр бүрдүүлээд Авто тээврийн үндэсний төв бүртгэсэн байна гэдгийг арлын дугаартай, машины тээврийн хэрэгслийн марктай байдлаар нэг бүрчлэн авагдсан. Бид 60 ширхэг чингэлэгт маргахгүй.
3.4 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр *******-ийн шүүхэд гаргасан 7 хуудас баримтаар 92 чингэлэг тээвэр 280 удаа Монгол улсын гаалиар орж гарсан. Үүнтэй холбоотой Улаанбаатар хот дахь гаалийн газраас 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 01/620 дугаартай албан тоот ирүүлсэн. Тухайн 92 чингэлгээс зөвхөн 1 чингэлэг нь 6-аас дээш 9 удаа Монгол улсын гаалиар бүрдүүлэлт хийсэн байна гэсэн. 280 удаа орж ирсэн 92 чингэлгээс хэдийг нь *******од хамааруулж төлбөр нэхэмжилж байгаа нь ойлгомжгүй. ******* төлбөр төлсөн талаарх баримт авагдаагүй.
3.5 *******ын өмнөөс 92 чингэлгийн төлбөрийг төлж, үлдэгдэл 60 ширхэг чингэлгийн төлбөрийг нэхэмжилсэн боловч уг төлбөрийг *******ын өмнөөс төлсөн эсэх, бусдын өмнөөс төлсөн эсэх нэг ч баримтгүй.
3.6 *******-тай би хамтран ажиллаж байсан бөгөөд ******* нь энэ чингэлгүүдийн асуудалтай огт хамаагүй тул нэхэмжлэлтэй холбоотой бүх асуудал хариуцлага надтай шууд хамааралтай гэжээ.
4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
4.1 Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******оос 973,949,601 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******-д олгож, хариуцагч *******ид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 5,027,700 төгрөгийг Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн тоот дансанд хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 5,027,698 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн.
5. Хариуцагч *******ын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:
5.1 Би 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдөр *******гийн шахалт, гуйлтаар архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Тээврийн хөлсний төлбөр барагдуулах гэрээ гэх зүйл дээр гарын үсэг зурснаа 2024 онд Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дээр очиж мэдсэн. Шүүх дээрх хууль бус гэрээг хууль ёсны дагуу үр дагаврыг мэдэж үйлдсэн гэж дүгнэсэн нь хуулийг буруугаар тайлбарлаж хэрэглэсэн. ******* нь *******гээр 60 ширхэг чингэлгийг 2017-2019 оны хооронд тээвэрлүүлсэн байдаг бөгөөд ******* надаас авсан 95,000 ам.долларыг нэг ширхэг чингэлэг тээвэрлүүлэх бодит үнэ ханшнаас 200-300 ам.доллароор илүү бодож надаас авдаг байсан нь маргааны гол шалтгаан болсон. ******* нь миний тээвэрлэлт хийлгээгүй, хүлээж аваагүй 32 ширхэг чингэлгийн үнийг надаас нэхэмжилж байх хугацаанд Төмөр замын цагдаагийн газар нь түүний хүсэлтээр маш шуурхай мөрдөн шалгах ажиллагаа явуулж нийт 243 ширхэг автомашин Монгол улсын хилээр импортоор оруулж ирсэн талаар олж тогтоосон байдаг.
Дээрх мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдсон 243 ширхэг суудлын автомашиныг нэг ширхэг чингэлэгт дөрвөн ширхэг автомашин байршуулан, зөөвөрлөхөд нийт 60 ширхэг чингэлгийг би *******гээр тээвэрлүүлэн оруулж ирсэн юм. Гэвч шүүх нотлох баримт болон үйл баримтыг буруугаар үнэлж 128 ширхэг Монгол улсын хилээр импортоор оруулж ирээгүй автомашиныг 32 ширхэг чингэлгээр оруулж ирсэн гэж ямар ч хууль зүйн үндэслэлгүй нэхэмжлэгчийн эрх ашгийг шууд хамгаалж нийт 368 ширхэг автомашиныг 92 чингэлгээр намайг оруулж ирсэн гэж хууль бус шийдвэр гаргасан.
5.2 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн Монголбанкны ханш болох нэг ам.долларыг 3,425.48 төгрөг гэж тодорхойлсон нь ******* *******гээр 2017-2019 оны хооронд тээвэр зууч хийлгэсэн нь нэхэмжлэгчид ашигтай байдлаар хууль тайлбарлаж хэрэглэсэн байдаг.
5.3 Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасан үндэслэлээр үндсэн төлбөр болох 189,550 ам.доллар 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн хууль бус Тээврийн хөлсний төлбөр барагдуулах гэрээ-ний 2.2-т зааснаар 94,775 ам.долларын хүү алданги төлөх ёстой гэж хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн.
5.4 Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг няцааж, татгалзлаа нотлоогүй, нотлох баримт гаргаж өгөөгүй гэж дүгнэсэн боловч нэхэмжлэлийг хууль бус болохыг нотолсон 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 1/3366 дугаартай Тээврийн прокурорын газрын тогтоол болон хавсаргасан 20 хуудас нотлох баримт мөн 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 01/620 дугаартай Гаалийн Ерөнхий газрын Улаанбаатар хот Гаалийн газрын албан бичиг зэрэг нотлох баримт байхад дээрх нотлох баримтыг шүүх үнэлэлгүй орхигдуулан нэхэмжлэгчид ашигтай байдлаар хуулийг буруу тайлбарлан шийдвэрлэсэн.
5.5 *******-аар ******* ямар нэгэн чингэлэг тээвэр хийлгүүлээгүй бөгөөд *******тэй амаар хэлэлцэж чингэлэг тээвэр хийлгэсэн мөн ******* чингэлэг тээврийн дээрх есөн жилийн өмнөх харилцааг шүүх хүлээн авч шийдвэрлэж байгаад эргэлзэж байна.
5.6 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн зүгээс шүүхээс тус хуулийн 25 дугаар зүйлд зааснаар төрийн байгууллага болох Гаалийн Ерөнхий газрын Улаанбаатар хотын Гаалийн газар-аас нэхэмжлэлд дурдагдсан 92 ширхэг чингэлгийг 2016-2019 оны хооронд Монгол улс руу хэдэн удаа гаалийн бүрдүүлэлт хийж орж ирсэн талаар лавлагаа авах хүсэлт гаргасан ч шүүх нэг ч удаа хүлээж авалгүй хариуцагчийн татгалзлаа нотлох хуулиар олгосон эрхийг хүлээн авалгүй тухайн хэрэг маргааныг шийдвэрлэсэн. Учир нь 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 01/620 дугаартай Гаалийн Ерөнхий газрын Улаанбаатар хот Гаалийн газрын албан бичиг-т дурдагдсан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн хавсралт дугаар бүхий чингэлэг нь Монгол улсын хилээр нэг чингэлэг нь 7-9 удаа импортоор орж ирсэн тухай тодорхойлолт ирүүлсэн нь дээрх 92 ширхэг чингэлэг нь 2016-2019 оны хооронд 828 удаагийн давтамжтай 3312 ширхэг суудлын автомашин Монгол улсын хилээр тээвэрлэн оруулж ирсэн.
Иймд анхан шатны шүүхийн хууль бус шийдвэрийг бүхэлд нь мөн хууль бус нэхэмжлэлийг бүхэлд нь тус тус хүчингүй болгож өгнө үү гэжээ.
6. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга:
6.1 Талуудын хооронд байгуулсан 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 2019/051 дугаартай Тээврийн хөлсний төлбөр барагдуулах гэрээ-г Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.7 дахь хэсэгт заасан хүчин төгөлдөр бус гэж маргасан боловч тэрхүү үйл баримтаа нотлох үүднээс нотлох баримт гаргаж өгөх, бусад хэлбэрээр нотлох үүргээ хэрэгжүүлээгүй нь шүүхийг буруутгах үндэслэл болохгүй. Мөн 2025 оны 06 дугаар сарын 04-ний өдөр нэхэмжлэгчийн хуулийн этгээдийн гүйцэтгэх захирал *******гийн ******* дугаараас хариуцагч *******ын ******* дугаартай утас руу илгээсэн цахим зурваст хийсэн үзлэгийн тэмдэглэлээр хариуцагч нь Тээврийн хөлсний төлбөр барагдуулах гэрээ-г байгуулахаас өмнө болон дараа төлбөр төлөх үүрэгтэй болохоо хүлээн зөвшөөрч төлөхөө илэрхийлж байсан зэргээс үзэхэд дээрх гомдол нь үндэслэлгүй болох нь тогтоогдож байна.
6.2 Талуудын хооронд байгуулсан Тээврийн хөлсний төлбөр барагдуулах гэрээ-ний хугацаанд буюу 2017 оны 03 дугаар сарын 11-ний өдрөөс 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэл нийт 92 чингэлэг тээвэрлэлтийн үйлчилгээг нэхэмжлэгч хуулийн этгээдээс үзүүлснээс хариуцагч нь гэрээ байгуулахаас өмнө болон дараа нь нийт 95,000 ам.доллар гэрээ байгуулахаас өмнө 82,950 ам.доллар, гэрээ байгуулснаас хойш 12,050 ам.долларыг төлсөн бөгөөд үлдэгдэл 189,550 ам.долларыг төлөөгүй талаар анхан шатны шүүх зөв дүгнэсэн. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нийт 60 чингэлгийг ачуулсан гээд үүнээс 32 чингэлэг ачааны төлбөрийг төлсөн гэх боловч нэхэмжлэгч талын 61 чингэлэг ачааг хүлээн авсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон болохыг шүүхээс зөв үнэлж дүгнэсэн тул хариуцагчийн дээрх гомдол нь үндэслэлгүй болно.
6.3 Нэхэмжлэгч талын зүгээс нэхэмжлэлийн үнийн дүн болох 284,325 ам.долларыг нэхэмжлэх хугацааны Монголбанкны ханш нь 3,425.48 төгрөгөөр тооцож Иргэний хуулийн 63 дугаар зүйлийн 63.2 дахь хэсэгт заасны дагуу үнийг тодорхойлон тэмдэгтийн хураамжийг мөн тэр хэмжээгээр төлсөн зэргээр үзэхэд анхан шатны шүүх нэхэмжлэлийн үнийн дүнг зөв тодорхойлсон, нийтэд илэрхий үйл баримтыг үнэлж дүгнэсэн гэж үзэж байна.
6.4 Шүүх Иргэний хуулийн анз, түүний алдангийн зохицуулалт нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаар тодорхойлсон тооцоолол нь зөв бөгөөд анзын хэмжээ нь дээд хязгаараас хэтрээгүй хуулийн хүрээнд байсан тул хангаж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий бөгөөд харин хүү гаргуулахаар шийдвэрлээгүй.
Нэхэмжлэгч талаас 5 хавтаст хэргийн материалын 5 хавтаст хэргийг бүхэлд нь нэхэмжлэгч талаас шаардлагын үндэслэлээ нотлох зорилгоор гаргаж өгсөн бөгөөд дээрх хариуцагчийн дурдаад байгаа 20 хуудас Прокурорын тогтоол болон түүний хавсралт гэх баримт нь ч нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн байдаг.
6.5 Талуудын хооронд байгуулсан Тээврийн хөлсний төлбөр барагдуулах гэрээ-ээс өмнө тээвэр зуучлалын үйл ажиллагааг явуулж байсан бөгөөд тус ажиллагааг хувь хүн эрхлэн явуулах боломжгүй юм. Учир нь, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.15.3-т төмөр замын тээвэрлэлтийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн үйл ажиллагааны чиглэлд хамаарах бөгөөд тусгай зөвшөөрлийн 22/А110/05 дугаартай Ү-8 кодтой Төмөр замын тээвэр зуучлал гэх тусгай зөвшөөрлийн төрлөөр нэхэмжлэгч хуулийн этгээдийн эрхэлдэг үйл ажиллагааг хувь иргэн явуулах боломжгүй нь нийтэд илэрхий үйл баримт юм.
6.6 Хариуцагч нотлох баримт гаргуулах хүсэлтийг 2025 оны 07 дугаар сарын 02-ны өдөр гаргасан буюу шүүх хуралдаан эхлэхээс өмнө гаргасан нь хүндэтгэн үзэх шалтгаангүй, нөгөө талаас дээрх хүсэлт нь хэргийн үйл баримт, хэрэгт ач холбогдолтой хамааралтай биш гэдэг нь хүсэлтийн агуулгаас тодорхой харагдана. Дээрх чингэлэг нь Монгол улсын хилээр хэдэн удаа ч орох, гарах боломжтой бөгөөд гагцхүү хариуцагч этгээдэд холбогдох хэсэгт нь хамааралтай бөгөөд хэргийн материалд цугларсан *******-аас нэхэмжлэгч талаас гаргуулан авсан 730 хуудас баримтаар Тээврийн хөлсний төлбөр барагдуулах гэрээ-ний чингэлгийн дугаар нь автомашины гаалийн бүрдүүлэлт дээрх баримтуудтай нийцдэг тул дээрх баримт нь хэрэгт ач холбогдолгүй, хамааралгүй болох нь тодорхой бөгөөд дээрх хүсэлтийг хүлээн аваагүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил биш болно.
Иймд хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд шийдвэрт өөрчлөлт оруулав.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******, ******* нарт холбогдуулан, Тээврийн хөлсний төлбөр барагдуулах гэрээ-ний 2.1, 2.2-т заасны дагуу тээврийн хөлс 189,550 ам.доллар, алданги 94,775 ам.доллар, нийт 284,325 ам.долларыг 3,425.48 төгрөгөөр тооцож, нийт 973,949,601 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.
3. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******ид холбогдох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг шүүх баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв. Харин анхан шатны шүүх уг хэсэгт холбогдох хуулийн зохицуулалтыг баримтлаагүйг залруулан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг баримталсан өөрчлөлт оруулна.
4. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан зохигчдын тайлбар болон нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу харьцуулан үнэлж, дараах үйл баримтыг зөв тогтоосон.
4.1 ******* нь *******той амаар харилцан тохиролцож, ******* нь *******ын Япон улсаас худалдан авсан автомашиныг Монгол улсад тээвэрлэн хүргэх, ******* нь тээвэр зуучлалын хөлсийг төлөхөөр харилцан тохиролцсон.
4.2 Улмаар, ******* 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдрөөс 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн хооронд *******ын 92 ширхэг чингэлгийг Монгол улсад тээвэрлэн ирсэн.
5. Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1 дэх хэсэгт заасан тээвэрлэлтийн гэрээний харилцаа гэж зөв тодорхойлжээ. Тээвэрлэлтийн гэрээгээр тээвэрлэгч нь зорчигч буюу ачаа, тээшийг тогтоосон газар хүргэх, тээвэрлүүлэгч нь хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээдэг.
5.1 Талууд 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдөр 2019/051 дугаар Тээврийн хөлсний төлбөр барагдуулах гэрээ гэх баримт үйлдэж, төлбөр төлөгч ******* нь гэрээгээр тохирсон нийт тээврийн хөлс болох 204,550 ам.долларыг үл маргах журмаар 2019 онд 50,000 ам.доллар, 2020 онд 50,000 ам.доллар, 2021 оны эхний хагас жилд 50,000 ам.доллар, 2021 оны 2 дугаар хагас жилд 54,550 ам.долларыг төлбөр авагч *******-д төлөхөөр харилцан тохиролцсон байна. /1хх 10-12/
Дээрх баримт нь Тээврийн хөлсний төлбөр барагдуулах гэрээ гэх нэртэй боловч талууд өмнө нь үүссэн тээвэрлэлийн хэлцлийн үлдэх үүргийг дүгнэн тооцоо нийлж, үлдэх төлбөрийг хэрхэн төлж барагдуулах талаар акт үйлдсэн гэж үзэхээр байна.
5.2 Тус тооцоо нийлсэн актын хавсралт хуудсанд 92 чингэлэг нийт 284,550 ам.доллар, төлсөн 80,000 ам.доллар, үлдэгдэл 204,550 ам.доллар гэж бичсэн байх тул нэхэмжлэгч нь уг төлбөрийг хариуцагчаас шаардах эрхтэй гэж үзэн хариуцагчаас 649,299,734 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1 дэх хэсэгт нийцсэн байна. Иймд энэ талаарх хариуцагч талын давж заалдах гомдлыг хангахгүй.
6. Тээврийн хөлсний төлбөр барагдуулах гэрээ-д зааснаар хариуцагч нь төлбөрийг 2021 оны 2 дугаар хагаст төлж дуусгах үүрэг хүлээсэн. Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1 дэх хэсэгт зааснаар уг хугацаанаас мөн хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх хэсэгт заасан 3 жилийг тоолж эхлэх бөгөөд нэхэмжлэгч нь 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь хуульд заасан дээрх хугацааг хэтрүүлээгүй гэж үзэхээр байна. Энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.
7. Харин анхан шатны шүүх нэхэмжлэгчийг алданги шаардах эрхтэй гэж дүгнэн, хариуцагчаас алданги 324,649,867 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 232 дугаар зйлийн 232.6 дахь хэсэгт нийцээгүй байна.
7.1 Учир нь, Тээврийн хөлсний төлбөр барагдуулах гэрээ-ний 2.2-т Төлбөр төлөгч тал нь тус гэрээний 2.1-т заасан хугацаанд төлбөрийг төлөөгүй, гэрээнд заасан үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутам 0.5 хувийн алданги төлбөр авагч талд үл маргах журмаар төлнө гэж заасан боловч тус баримт нь талуудын өмнөх харилцааг дүгнэсэн тооцоо нийлсэн акт байх тул нэхэмжлэгч нь хариуцагчаас алданги шаардах эрхгүй. Өөрөөр хэлбэл, талууд өмнөх тээвэрлэлтийн хэлцлийн үүргийн харилцаандаа алдангийн талаар тохиролцсон баримт хэрэгт авагдаагүй. Тээврийн хөлсний төлбөр барагдуулах гэрээ-д хэдийгээр алдангийн талаар заасан боловч үндсэн суурь гэрээний харилцаа болох тээвэрлэлтийн хэлцэл нь бичгээр байгуулагдаагүй буюу Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байх тул нэхэмжлэгч дээрх гэрээний дагуу алданги шаардсан нь үндэслэлгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт алдангийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлт оруулна.
8. Хариуцагч нь ...243 ширхэг суудлын автомашиныг нэг ширхэг чингэлэгт дөрвөн ширхэг автомашин байршуулан, зөөвөрлөхөд нийт 60 ширхэг чингэлгийг би *******гээр тээвэрлүүлэн оруулж ирсэн гэх тайлбар, татгалзлаа баримтаар нотлоогүй, уг байдал нь хэргийн баримтаар тогтоогдохгүй байна.
9. Анхан шатны шүүх 1 ам.долларыг 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн Монгол төгрөгтэй харьцах ханшаар тооцож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1 дэх хэсэгт нийцсэн байна. Иймд хариуцагчийн нэхэмжлэгчид ашигтай байдлаар хууль тайлбарлаж хэрэглэсэн гэх давж заалдах гомдлыг хангахгүй.
10. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчээс 92 чингэлгээс төлөгдөөгүй 61 чингэлэг ачааны гаалийн бүрдүүлэлт орсон бичиг баримт, гаалийн мэдүүлгүүд, татвар төлсөн баримт зэргийг Улаанбаатар хот дахь гаалийн газар-аас гаргуулахаар хүсэлт гаргасныг тус шүүхийн шүүгчийн 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 101/ШЗ2024/03508 дугаар захирамжаар хангаж шийдвэрлэсэн. /2хх 27, 37-42/
10.1 Гаалийн Ерөнхий газрын Улаанбаатар хот дахь гаалийн газрын 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 01/620 дугаар Нэмэлт мэдээлэл ирүүлэх тухай албан бичгээр ...гаалийн газарт бүрдүүлэлт хийгдсэн гаалийн бүрдүүлэлтийн мэдээ, мэдүүлгийн дугаарыг зөвхөн чингэлгийн дугаараар шүүн гаргах нь хүндрэлтэй байдаг. ...Иймд чингэлгийн дугаараас өөр нэмэлт мэдээлэл, тухайлбал, 61 чингэлэг бүрийн гаалийн бүрдүүлэлт хийсэн огноо, хүлээн авагчийн нэр, регистрийн дугаарыг ирүүлэхийг хүсье гэжээ. Улмаар, нэхэмжлэгчээс Тээврийн хэрэгслийг бүртгэх маягт, тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ, Гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг зэргийг нотлох баримтын шаардлага хангасан байдлаар шүүхэд гаргаж өгсөн байна. /2хх 143-5хх 122/
10.2 Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2025 оны 07 дугаар сарын 02-ны өдөр хариуцагч *******ын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Гаалийн Ерөнхий газрын харьяа Улаанбаатар хот дахь гаалийн газраас хүсэлтэд хавсаргасан дугаар бүхий 92 ширхэг ачаа чингэлгийн дэлгэрэнгүй мэдээллийг 2017 оноос 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн хооронд дахь байдлаар гаргуулахаар хүсэлт гаргасныг тус шүүхийн шүүгчийн 2025 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 191/ШЗ2025/28738 дугаар захирамжаар ...шүүх 2023 оны 12 дугаар сарын 26-нд иргэний хэрэг үүсгэснээс хойш өнөөдрийг хүртэл 2 жил 6 сарын хугацаа өнгөрсөн, шүүх хуралдаан удаа дараа хойшилсон, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хангалттай хугацаанд явагдсан, зохигчид баримтуудаа хэрэгт өгсөн, шүүхийн журмаар нотлох баримт бүрдүүлсэн байх ба хэрэгт авагдсан баримт, талуудыг мэтгэлцүүлж хэргийг шийдвэрлэх боломжгүй гэх нөхцөл хүсэлтэд тодорхойгүй гэх үндэслэлээр хүсэлтийг хангахгүй орхиж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6, 105 дугаар зүйлийн 105.2 дахь хэсгийг зөрчөөгүй байна. Иймд энэ талаарх хариуцагч талын давж заалдах гомдлыг хангахгүй.
11. Дээрх үндэслэлээр хариуцагч *******ын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, хариуцагчаас 649,299,734 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 324,649,867 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 191/ШШ2025/05839 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн
1 дэх заалтыг Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч *******оос 649,299,734 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 324,649,867 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. гэж,
2 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******ид холбогдох шаардлагаасаа нэхэмжлэгч ******* нь татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай. гэж,
3 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч *******-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 5,027,700 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******оос улсын тэмдэгтийн хураамжид 3,404,448 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******-д олгосугай. гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч *******оос төлсөн 5,028,000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.ОДГЭРЭЛ
ШҮҮГЧИД Ц.АЛТАНЦЭЦЭГ
М.БАЯСГАЛАН