Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 508

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: Т.Сарантуяа,

Улсын яллагч: Ж.Энхжаргал,

Хохирогч: Ч.М , түүний өмгөөлөгч О.Цэвэлмаа,

            Шүүгдэгч: С.О , түүний өмгөөлөгч М.Хувцагаан нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Тээврийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт С.О д холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1903001760158 дугаартай хэргийг 2019 оны 5 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

     Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, С.О, Улаанбаатар хотод төрсөн, ... настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, нөхөр, 3 хүүхдийн хамт ......... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, ...... тоот регистртэй,

Шүүгдэгч С.О  нь 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдөр 17 цаг 10 минутын үед Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг, Өргөө кино театрын зүүн замд Тоёота Приус-20 маркийн ..... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1-д заасан “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана” 8.18-д заасан “Гэрэл буюу зохицуулагчийн хориглосон дохиогоор жолооч Зогс-шугам (1.11 тэмдэглэл буюу 5.32 тэмдэг)-ийн өмнө ...зогсоно” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч Ч.М г мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч С.О ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би гэм буруугаа ойлгосон. Хохирогчоос уучлалт гуйж байна. Хохирогчийг гэмтээснээ хүлээн зөвшөөрч байна...” гэв.

Хохирогч Ч.М гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би Өргөөгийн уулзвар дээр 17 цагийн үед очсон. Уулзвар түгжрээтэй байсан. Намайг гарцаар гарахад хойно зогсож байсан машин хөдлөөд намайг 2 удаа мөргөөд би газарт унасан. Би банк орох гээд явж байгаад осолд орсон. Миний хоёр хөл гэмтээд ажлаа хийж чадахгүй гэртээ байгаа. Шүүгдэгч над руу 470.000 төгрөг шилжүүлсэн. Шүүгдэгчийн өгсөн мөнгийг хохирол төлбөрөөс хассан. Би өмгөөлөгчтэйгээ ярилцаж байгаад наашаа цаашаа машинаар явсан бензиний мөнгө болох 226.900 төгрөгийн баримтыг хохирол төлбөрөөс хассан байгаа. Одоо өмгөөлөгчийн хөлс болон ажилгүй байсан цалингаа нэхэмжилж байна. Нийт 8.114.448 төгрөгийг нэхэмжилж байна...” гэв.

Хохирогч Ч.М гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2019 оны 02 дугаар сарын 18-ны өдөр 17 цагийн орчим би хорооллын Москва рестораны баруун талын Голомт банк орохоор Баянгол дүүргийн 13 дугаар хороо, Өргөө кино театрын зүүн урд талын явган хүний гарцаар ертөнцийн зүгээр баруунаас зүүн зүгт гарахаар явган хүний гарцны гэрэл дохио ногоон асчихсан байсан ба би гарцаар гарахад уулзвар руу 3 алхам алхсан санагдаж байна. Тэгтэл 1 дүгээр эгнээнд хойноосоо урагшаа чиглэлд явахаар зогсож байсан улаан өнгийн Тоёота Приус 20 маркийн автомашин явган хүний гарц өнгөрөөд зогсож байсан бараан өнгийн суудлын автомашин араас мөргөхдөө намайг 2 машины дунд хавчуулан зүүн хөлний өвдөг, шилбэ, шагай хэсэг рүү мөргөөд, мөн баруун хөлний өвдөг, гуя, шилбэ рүү давхар мөргөсөн. Намайг мөргөсөн улаан өнгийн Тоёота Приус 20 маркийн автомашины жолооч сандарсандаа хаазаа гишгээд 2 дахин мөргөсөн...” гэсэн мэдүүлэг /хх-н 25-29/,

Гэрч С.Б-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Тоёота Приус 20 маркийн ..... улсын дугаартай автомашиныг би 2019 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр худалдан авсан ба урьдчилгаа 30 хувийг төлөөд үлдэгдэл мөнгийг нь Инвескор ББСБ-аас гаргуулан авсан.... Би 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Дундговь аймгийн Хангийн боомт руу ажилдаа явахдаа өөрийн төрсөн дүү С.О ыг хүүхдүүдээ цэцэрлэг, сургуульд нь зөөж байгаарай гээд автомашинаа үлдээсэн. ...Автомашинд учирсан хохирлыг төрсөн дүү С.О аас нэхэмжлэхгүй. Өөрсдөө засуулж янзлуулна...” гэсэн мэдүүлэг /хх-н 50/,

Насанд хүрээгүй гэрч А.Б-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...2 дугаар эгнээ рүү орохоор урагшаа хөдлөхөд гэнэт явган зорчигч авто машины урдуур ороод ирж мөргүүлээд урд зогсож байсан авто машин болон манай автомашин хоёрын дунд хавчуулагдан манай машины копут дээр унасан. ...ээж бид хоёр машинаасаа буутал мөргүүлсэн явган зорчигч эмэгтэй хөл өвдөөд байна, хөлгүй болчихлоо гээд орилоод байхаар нь 102, 103-т дуудлага өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх-н 48-49/,

Шинжээчийн 2530 тоот дүгнэлт: “...Ч.М н биед зүүн өвдөгний үений дотор жийргэвчийн ургадал, зөөлөн эдийн няцрал, баруун өвдөгний үений дотор жийргэвч, гадна жийргэвчийн урагдал, өвдөгний үенд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун тахилзуур ясны далд хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр тухайлбал автомашинд мөргөгдөх үед үүсэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаа эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтийн байдлаас хамаарна. Дээрх гэмтэл нь 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдөр үүсэх боломжтой шинэ гэмтэл байна...” гэсэн дүгнэлт /хх-н 56/,

Мөрдөгчийн 115 дугаар магадлагаа: “...Тоёота Приус-20 маркийн ..... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан С.О нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1. Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана. Мөн 8.18. Гэрэл буюу зохицуулагчийн хориглосон дохиогоор жолооч Зогс шугам (1.11 тэмдэглэл буюу 5.31 тэмдэг)-ийн өмнө ...зогсоно” ...гэсэн заалтуудыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна. Явган зорчигч Чогдон овогтой Магнай нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 5.7. Хөдөлгөөний зохицуулгатай хэсгээр явган зорчигч зам хөндлөн гарахдаа явган хүнд зориулсан гэрлэн дохио буюу зохицуулагчийн зөвшөөрсөн дохиогоор зорчих хэсэг рүү орох бөгөөд зорчих хэсгийг хөндлөн гарч амжаагүй байхад дохио өөрчлөгдвөл энэ дүрмийн 8.21-д заасныг баримтална.” гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна...” гэсэн магадлагаа /хх-н 72-73/,

Камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд: “...Өргөө кино театрын зүүн урд талын явган хүний гарцаар цагаан өнгийн малгайтай, хар бараан өнгийн хувцастай эмэгтэй ертөнцийн зүгээр зүүнээс баруун тийш гарахаар алхаж явахад нь хойноосоо урагшаа чиглэлтэй явж байсан бараан өнгийн суудлын автомашин тормос гишгэхгүй явган зорчигчийг мөргөн урд талд зогсож байсан авто машинтай хавчуулан мөргөж байлаа...” гэсэн тэмдэглэл /хх-н 21-22/,

Яллагдагчаар С.О ын мөрдөн байцаалтад өгсөн: “...2019 оны 02 дугаар сарын 18-ны өдөр 17 цаг 10 минутын үед би өөрийн төрсөн ах С.Б-ын унаж хэрэглэдэг Инвекстор ББСБ-ын нэр дээр бүртгэлтэй лизингээр худалдан авсан Тоёота Приус 20 маркийн ..... улсын дугаартай автомашинтайгаа өөрийн охин Г.Билэгжаргал, охин Г.Аминзул нарын хамт Баянгол дүүргийн 13 дугаар хороо, Өргөө кино театрын зүүн талын замаар ертөнцийн зүгээр хойноосоо урагшаа чиглэлтэй 1 дүгээр эгнээгээр зорчиж байгаад гэрлэн дохиотой уулзвараар баруун гар тийш эргэнэ гэж бодоод аажуухан явж байхад явган хүний гарц өнгөрөөд зогсчихсон байсан хар хөх өнгийн автомашины араас орж зогсохоор 2 дугаар эгнээ рүү орох гэж байхад буруу талаар буюу нэгдүгээр эгнээгээр нэг автомашин яваад өнгөрсөн ба хойноос ирж байгаа тээврийн хэрэгслүүд сигналдаад байхаар нь би нэгдүгээр эгнээг бүрэн чөлөөлөхөөр явж байхад явган хүний гарц буюу гэрлэн дохио дээр зогсож байсан цагаан малгайтай эмэгтэй ертөнцийн зүгээр баруунаас зүүн зүг зам хөндлөн гарахаар алхаж машины урдуур орж ирэхэд явган зорчигчийн зүүн хөлийн өвдөг рүү мөргөж урд талд зогсож байсан хар хөх өнгийн авто машины араас нь буюу дунд хавчуулж унагаасан...” гэсэн мэдүүлэг /хх-н 83-84/,

Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-н 3-10/, тээврийн хэрэгсэл түр саатуулсан тухай тэмдэглэл /хх-н 14/, жолооч, явган зорчигчийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх-н 15-16/, техникийн шинжээчийн 28 дугаар дүгнэлт /хх-н 62-68/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 86-90, 183/, Хохирлын баримтууд /хх-н 110-118, 148-151, 195-198, 202-205/, дипозит дансны дэлгэрэнгүй хуулганууд /хх-н 121-138/, амбулаториор эмчлүүлэгсдийн карт /хх-н 139-147/, хохирогчийн өвчний түүх /хх-н 152-182/ зэрэг болно.

          Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

          Гэм буруу болон хохирол, хор уршигийн талаар:

Шүүгдэгч С.О  нь 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдөр 17 цаг 10 минутын үед Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг, Өргөө кино театрын зүүн замд Тоёота Приус-20 маркийн ..... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1-д заасан “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана” 8.18-д заасан “Гэрэл буюу зохицуулагчийн хориглосон дохиогоор жолооч Зогс-шугам (1.11 тэмдэглэл буюу 5.32 тэмдэг)-ийн өмнө ...зогсоно” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч Ч.М г мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэм буруутай болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч Ч.М гийн: “...би гарцаар гарахад уулзвар руу 3 алхам алхсан санагдаж байна. Тэгтэл 1 дүгээр эгнээнд хойноосоо урагшаа чиглэлд явахаар зогсож байсан улаан өнгийн Тоёота Приус 20 маркийн автомашин явган хүний гарц өнгөрөөд зогсож байсан бараан өнгийн суудлын автомашин араас мөргөхдөө намайг 2 машины дунд хавчуулан зүүн хөлний өвдөг шилбэ, шагай хэсэг рүү мөргөөд, мөн баруун хөлний өвдөг, гуя, шилбэ рүү давхар мөргөсөн. Намайг мөргөсөн улаан өнгийн Тоёота Приус 20 маркийн автомашины жолооч сандарсандаа хаазаа гишгээд 2 дахин мөргөсөн...” гэсэн мэдүүлэг /хх-н 25-29/, насанд хүрээгүй гэрч А.Б-ын: “...2 дугаар эгнээ рүү орохоор урагшаа хөдлөхөд гэнэт явган зорчигч авто машины урдуур ороод ирж мөргүүлээд урд зогсож байсан авто машин болон манай автомашин хоёрын дунд хавчуулагдан манай машины копут дээр унасан. ...ээж бид хоёр машинаасаа буутал мөргүүлсэн явган зорчигч эмэгтэй хөл өвдөөд байна, хөлгүй болчихлоо гээд орилоод байхаар нь ...102, 103-т дуудлага өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх-н 48-49/, шинжээчийн 2530 тоот дүгнэлт, мөрдөгчийн 115 дугаар магадлагаа, камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч С.О ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч С.О ын үйлдэл нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон тул гэм буруутайд тооцох нь зүйтэй.

Шүүгдэгч, түүний өмгөөлөгч нь гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

Уг гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Ч.М гийн биед хүндэвтэр хохирол учирсан болох нь шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна.

Хохирогч нь шүүхийн хэлэлцүүлэгт эмчилгээний зардалд 1.314.448 төгрөг, авах ёстой байсан цалин 6.500.000 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 300.000 төгрөг нийт 8.114.448 төгрөг шүүгдэгчээс нэхэмжилсэн бөгөөд шүүх хавтаст хэрэгт баримтаар авагдсан хохирлын баримтуудаас архи, рашаан цай авсан зардал мөн утасны төлбөр төлсөн баримт болох 191.396 төгрөгийн баримтыг хасч шүүгдэгчээс 1.022.763 төгрөг гаргуулж хохирогч Ч.М д олгохоор шийдвэрлэв.

Эрүүгийн хариуцлагын шүүх хурал эхлэх үед шүүгдэгч нь хохирогчид 1.023.000 төгрөгийн хохирол төлсөн болохыг дурдах нь зүйтэй.

Хохирогчийн нэхэмжилсэн хохирлын баримтуудаас 191.396 төгрөгийн баримт, өмгөөлөгчийн хөлс 300.000 төгрөгийн баримт нийт 491.396 төгрөгийг энэ гэмт хэргийн улмаас учирсан хохиролд оруулан тооцох үндэслэлгүй гэж үзсэн болно.

Хохирогч нь өөрийн хүсэл зоригоо илэрхийлж, хуулиар олгогдсон эрхийнхээ хүрээнд өмгөөлөгчөө сонгон, хууль зүйн туслалцаа авахдаа талуудын чөлөөт байдал, тэгш эрхийн зарчмын үндсэн дээр төлбөртэй хийгдсэн хэлцлийн төлбөрийг энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол гэж үзэх үндэслэлгүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд заасан хохирол, хор уршигт өмгөөлөгчийн хөлсийг тооцох боломжгүй гэж үзсэн болно.

Хохирогчийн нэхэмжилсэн нэхэмжлэлээс 491.396 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

Хохирогч нь ажилгүй байсан хугацааны цалин 6.500.000 төгрөг нэхэмжилсэн бөгөөд Урбан менежмент буйлдинг ХХК-ний хохирогч Ч.М тай байгуулсан 1/23 дугаар Хөдөлмөрийн гэрээний 4.4-д “Татвар ба даатгал: Ажил олгогч Ажилтны цалин хөлснөөс хуульд заасан орлогын албан татвар, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг суутган авч холбогдох байгууллагад төлнө”, 6.3 “Ажилтны нэг сарын үндсэн цалин 1.500.000 (нэг сая таван зуун мянган) төгрөгийг орлогын албан татвар, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлүүд, бусад хуульд заасан татвар, шимтгэлүүдийн тооцон олгоно” гэж тус тус заажээ.

Дээрх хөдөлмөрийн гэрээгээр хохирогчийн ажиллаж байсан Урбан менежмент буйлдинг ХХК нь нийгмийн даатгал болон бусад даатгалыг төлөх бөгөөд өвчтэй байсан хугацааны цалинг нийгмийн даатгалын сангаас авах ба тухайн олгосон цалин, авах ёстой байсан цалин хоёрын зөрүүгээр хохирлыг тооцож нэхэмжлэх хууль зүйн үндэслэлтэй болно. 

Иймд нийгмийн даатгал төлсөн гэх баримт, тухайн цалинтай холбоотой баримт хавтас хэрэгт авагдаагүй тул энэ талаарх нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь хохирол, хор уршгийн талаарх нотлох баримтаа бүрдүүлж жич иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хариуцлагын талаар:

   Шүүх шүүгдэгч С.О ыг гэм буруутайд тооцсон бөгөөд энэ талаар шүүгдэгч маргаагүй тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцов.

Шүүгдэгчид ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийг 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, шүүгдэгчийн өмгөөлөгч шүүгдэгч нь бага насны хүүхдүүдтэй тул нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах боломжгүй байх тул торгох ял оногдуулж өгнө үү гэсэн санал тус тус гаргасан болно.

Шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, эрхэлсэн тодорхой ажилгүй зэргийг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч нь шүүгдэгч нь бага насны хүүхдүүдтэй гэх боловч үүнийг нотолсон нотлох баримтыг хэрэгт болон шүүхэд гаргаж өгөөгүй болно.

Мөн дээрх нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2, 3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нь хасах нэмэгдэл ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдэх нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч С.О д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хассан нэмэгдэл ялыг тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолж эдлүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй.

Шүүгдэгч С.О  нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, хураагдаж ирсэн бичиг баримтгүй болно.

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч С.О ыг “автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.О ыг 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2, 3-т зааснаар шүүгдэгч С.О ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ял оногдуулж, уг нэмэгдэл ялыг тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.О  нь шүүхээс оногдуулсан 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.
  5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, 1.023.000 төгрөгийн хохирол төлсөн болохыг тус тус дурдсугай.
  6. Хохирогч Ч.М гийн нэхэмжлэлээс 491.396 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, 6.500.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхисугай.
  7. Хохирогч Ч.М  нь хохирол, хор уршгийн талаарх нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
  8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сидийг хэрэгт хавсаргасугай.
  9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  10. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.О д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ч.ОТГОНБАЯР