| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мянгаагийн Баясгалан |
| Хэргийн индекс | 102/2022/02905/И |
| Дугаар | 210/МА2025/01480 |
| Огноо | 2025-09-03 |
| Маргааны төрөл | Үндэслэлгүйгээр хөрөнгөжих, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 09 сарын 03 өдөр
Дугаар 210/МА2025/01480
*******-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Алтанцэцэг даргалж, шүүгч Д.Золзаяа, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 192/ШШ2025/04684 дугаар шийдвэртэй
Нэхэмжлэгч: *******
Хариуцагч: *******
Үндсэн нэхэмжлэлийн шаардлага: үл хөдлөх эд хөрөнгө чөлөөлүүлэх, түрээсийн төлбөр болон гэрээ цуцлагдсанаас хойш түрээсийн зүйлийг ашигласан төлбөрт 1,801,800,000 төгрөг гаргуулах,
Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулж, *******-ийн үйл ажиллагаа явуулж буй барилгын дулаан, халуун хүйтэн усыг таслахгүй байх, үйл ажиллагаанд аливаа хэлбэрээр саад учруулахгүй байхыг даалгах, ашиглаж байсан үл хөдлөх эд хөрөнгийг засварлахад зарцуулсан зардал, оруулсан хөрөнгө оруулалтад нийт 5,457,540,493 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалан илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Нинжбадгар нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:
1.1 ******* нь *******-тай 2017 оны 07 дугаар сарын 07-ны өдөр 01 дугаартай Түрээсийн гэрээ байгуулсан. Гэрээгээр түрээслүүлэгч ******* нь *******, ны нутаг дэвсгэрт байрлах, байсан, 1,764 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг соёл, үйлчилгээний цогцолборын зориулалтаар *******-д 10 жилийн хугацаагаар түрээслүүлэхээр харилцан тохиролцсон. Түрээсийн төлбөрийг түрээслэгчийн нөхцөл байдалд нийцүүлэн засварын хугацааны түрээсийн төлбөр авахгүй, төлбөрийг 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн үе шаттайгаар, 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдөр хүртэл сар бүр 11,500,000 төгрөг, энэ хугацаанаас 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл сар бүр 23,000,000 төгрөг, энэ хугацаанаас 2024 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл сар бүр 27,000,000 төгрөг, энэ хугацаанаас 2027 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл сар бүр 30,000,000 төгрөг байхаар тохиролцсон.
1.2 Түрээслэгч ******* нь 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс өнөөдрийг хүртэл түрээсийн төлбөрт нэг ч төгрөг төлөөгүй. Бид төлбөр төлөхийг хариуцагчид удаа дараа шаардлага тавьж, 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдөр бичгээр мэдэгдэл хүргүүлэн, гэрээг цуцалж байгааг албан ёсоор мэдэгдэж, мөн оны 05 дугаар сарын 15-ны өдөр түрээсийн зүйлийг чөлөөлөх хугацааг олгосон. Хариуцагчид дахин бичгээр мэдэгдэл хүргүүлж, хариуцагч талын хүсэлтээр талууд уулзаж хуралдсан ба энэ хуралд хариуцагч тал гэрээг цуцалж байгааг хүлээн зөвшөөрсөн. 2022 оны 05 дугаар сарын 24-ний өдөр түрээсийн зүйлийг чөлөөлөх мэдэгдэл хүргүүлэхэд хариуцагч тал мөн өдрийн 40 дугаартай хариу мэдэгдлээр түрээсийн зүйлийг чөлөөлөхгүй болохоо мэдэгдэж, сайн дураар чөлөөлж өгөхөөс татгалзсан. Тус хөрөнгө нь манай компанийн үндсэн хөрөнгө бөгөөд санхүүгийн тайлан балансад үндсэн хөрөнгөөр тусгагддаг.
1.3 Хариуцагч нь нийт 58 сарын хугацааны түрээсийн төлбөр 891,000,000 төгрөг төлөөгүй ба гэрээ 2022 оны 06 дугаар сарын 01-ний өдөр цуцлагдсанаас хойш түрээсийн зүйлийг чөлөөлж өгөхгүй ашиглан, үндэслэлгүй хөрөнгөжиж байх тул 2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийг хүртэлх хугацаанд үнэ хөлсгүйгээр эзэмшиж, ашиглан үндэслэлгүй хөрөнгөжсөн 910,800,000 төгрөг, нийт 1,801,800,000 төгрөгийг гаргуулж, *******, хорооны нутаг дэвсгэрт байрлах, байсан, суурийн 1,764 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг чөлөөлөхийг *******-д даалгаж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:
2.1 ******* нь *******-ийн захирал ******* тухайн компанийн хөрөнгө болох нурсан барилгыг гүйцээн барьж засаад, хөрөнгө оруулалт хийж, уг барилгыг түрээсэлж, соёл олон нийтийн арга хэмжээ зохион байгуулах талаар тохиролцсон. *******-ийг ******* төлөөлж түрээсийн гэрээ гэх бичгийг үйлдэж, гарын үсэг зурсан.
Нурсан барилгыг түрээслэх гэрээг Үл хөдлөх эд хөрөнгийн газар бүртгүүлэх, түрээслэн үйл ажиллагаа явуулахад шаардлагатай бичиг баримт зөвшөөрөл авах хэрэгтэйн улмаас энэ барилгын өмчлөх эрхийн гэрчилгээ, холбогдох бичиг баримтыг *******-аас шаардахад гаргаж өгөөгүй. Уг барилгыг түрээсэлж ашиглах боломжгүй байдлыг бий болгосоор ирсэн. 1,764 м.кв талбай бүхий нурсан барилгад хөрөнгө оруулалт хийж 2,500 м.кв талбай газарт асфальтан зам тавьж, олон тэрбум төгрөгийн хөрөнгийн зардал гаргаж барилгыг ашиглах боломжтой болгосон. Түрээсийн зүйл болсон үл хөдлөх хөрөнгө нь нэхэмжлэгчийн өмчлөлийнх бус, мөн гэрээ хуульд заасан хэлбэрийн шаардлагыг хангаагүй, хүчин төгөлдөр бус гэрээ тул түрээсийн төлбөр гаргуулах үндэслэлгүй.
2.2 *******-ийн зөвшөөрлийн дагуу ******* нь хөрөнгө оруулалт хийж, засан сайжруулалт хийж байгаа учир хууль бус эзэмшил гэж үзэхгүй. Түрээсийн гэрээ хэрэгт нотлох баримтаар авагдаагүй, зохигч талуудад байдаггүй тул талуудын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлд заасан хүчин төгөлдөр гэрээ байгуулагдаагүй гэж үзэж байгаа. Иргэний хуулийн 90 дүгээр зүйлд зааснаар хариуцагч нь тухайн хөрөнгийн шударга эзэмшигч учраас хууль бус эзэмшил гэж үзэхгүй. Иргэний хуулийн 94 дүгээр зүйлийн 94.6 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгийг эрх бүхий этгээдэд буцааж өгөхөөс татгалзах эрхтэй гэж заасан учир хууль бус эзэмшлээс чөлөөлөх боломжгүй.
2.3 Маргааны явцад уг гэрээнд гэдэг хүн гарын үсэг зурсан байсан. Хариуцагч байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээгээр нь хариуцагчийг төлөөлөх эрхгүй этгээд болох нь тогтоогдсон. Түрээсийн төлбөр гаргана гэж үзвэл хугацааг хэзээнээс эхэлж тооцох вэ гэдэг нь тодорхойгүй, төлбөрийн хэмжээг баримтаар нотлоогүй. Нэхэмжлэлийн үндэслэлээ нотлоогүй тул зөвшөөрөхгүй гэжээ.
3. Сөрөг шаардлага, үндэслэлийн агуулга:
3.1 Түрээсийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгөд гэрчилгээ гараагүй, ******* өмчлөгч биш гэдэг нь илэрхий болсон. Өөрийн өмчлөлийн бус хөрөнгийг *******-д шилжүүлсэн нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт нийцэхгүй. 1,764 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг түрээслэх гэрээг улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлээгүй нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8 дахь хэсэгт заасан хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн тул 2017 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн түрээсийн гэрээ хүчин төгөлдөр бус хэлцэл.
3.2 Тус барилгын цахилгаан, дулаан, халуун хүйтэн ус нь бүгд *******-аас хамааралтай ба тус компани нь манай үйл ажиллагааг тасалдуулах зорилгоор цахилгаан таслах, халуун хүйтэн ус таслах зэргээр манай компанийн ажилд байнга хүндрэл учруулж ирсэн. Гэтэл 2023 оны 08 дугаар сарын 29-ний өдөр ******* нь манай цахилгаан, усыг тасалж, улмаар харуул хамгаалалтын үйл ажиллагаа явуулдаг -ийн 50 орчим залуучуудаар барилгын хаалгыг эвдүүлэн хүчээр дайран орж, манай үйл ажиллагааг бүрмөсөн зогсоосон.
3.3 Барилга болон түүний гаднах зам талбайг засан сайжруулахад нийт 4,456,153,493 төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн. Нэхэмжлэгч нь уг барилгаас хариуцагчийг албадан гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа тул нэхэмжлэгч нь засварын зардлын дүнгээр үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэн, уг гарсан зардлыг *******-аас шаардаж байна. ******* нь *******-ийн зөвшөөрснөөр тухайн барилга, зам талбайг өөрийн эзэмшилдээ авч, их засварын ажил хийж гүйцэтгэн барилгыг ашиглалтад оруулж одоо үйл ажиллагаа явуулж байгаа тул манай компани уг барилга, зам талбайн шударга эзэмшигч.
Иймд 2017 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн Түрээсийн гэрээ-г хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, *******-ийн үйл ажиллагаа явуулж буй барилгын дулаан, халуун хүйтэн усыг таслахгүй байх, үйл ажиллагаанд аливаа хэлбэрээр саад учруулахгүй байхыг *******-д даалгах, ашиглаж байсан үл хөдлөх эд хөрөнгийг засварлахад зарцуулсан зардал, оруулсан хөрөнгө оруулалтад нийт 5,457,540,493 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
4. Нэхэмжлэгчийн тайлбар, татгалзлын агуулга:
4.1 Маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг ******* нь соёл, үйлчилгээний цогцолборын зориулалтаар ашиглуулахаар 10 жилийн хугацаатайгаар түрээслэхээр тохиролцсон. Энэ түрээсийн гэрээ нь нотлох баримтын шаардлага хангасан байдлаар авагдаагүй, талуудад тус гэрээ эх хувиар байхгүй боловч тухайн гэрээ байгуулагдсан гэдэгт талууд маргадаггүй. Нэхэмжлэгч нь түрээсийн зүйлийг хариуцагчийн эзэмшил, ашиглалтад бүрэн шилжүүлсэн. Энэ үйл баримтад өнөөдрийг хүртэл гуравдагч этгээд шаардлага гаргаагүй байх тул *******-ийн өмчлөх эрхийн асуудал маргаангүй гэж үзнэ. Мөн хариуцагч нь түрээсийн зүйлийг хүлээн авч, хуулийн этгээдийн зорилгодоо нийцүүлэн засан сайжруулах үйл ажиллагаа явуулж байгаа тул түрээсийн гэрээг хүчин төгөлдөр гэж үзэж байна.
4.2 *******-ийг 4,456,153,493 төгрөгийн зардал гаргасан гэдэг нь нотлогдоогүй. Иргэний хуулийн 318-3 зүйл болон талуудын байгуулсан түрээсийн гэрээнд засан сайжруулалтын улмаас барилгын нэмэгдсэн үнэ цэнийг нэхэмжлэгчээс шаардах эрх хариуцагчид олгогдоогүй байна. Хариуцагчийн үндэслэл болгож буй Иргэний хуулийн 94 дүгээр зүйлийн зохицуулалт нь талуудын хооронд үүсээд буй гэрээний харилцаанд хамааралгүй, эрх зүйн өөр харилцааг зохицуулсан хуулийн зохицуулалт.
Иймд сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
5.1 Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан, нэхэмжлэгч *******-ийн өмчлөлийн хороо, ний зүүн урд байрлах, байсан 1,746 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч *******-ийн хууль бус эзэмшлээс чөлөөлж, Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч *******-иас 1,801,800,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч *******-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 318 дугаар зүйлийн 318.4 дэх хэсэгт заасныг баримтлан *******, ******* нарын 2017 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн Түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1, 95 дугаар зүйлийн 95.2, 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч *******-иас 5,044,262,202 төгрөг гаргуулан хариуцагч *******-д олгож, сөрөг нэхэмжлэлээс 413,278,741 төгрөг гаргуулах, *******-ийн үйл ажиллагаа явуулж буй барилгын дулаан, халуун хүйтэн усыг таслахгүй байх, *******-ийн үйл ажиллагаанд аливаа хэлбэрээр саад учруулахгүй байхыг *******-д даалгах тухай нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 9,711,050 төгрөг, шинжээчийн зардалд төлсөн 8,000,000 төгрөг, хариуцагч талаас сөрөг нэхэмжлэлийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 28,591,955 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******-иас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******-д, нэхэмжлэгч *******-иас 25,379,261 төгрөг гаргуулан хариуцагч *******-д олгож шийдвэрлэсэн.
6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:
6.1 Сөрөг нэхэмжлэлийн шаардлага ойлгомжгүй, тодорхойгүй буюу хэргийн материалд байхгүй гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар шаардсан байхад шүүх хангаж шийдвэрлэсэн нь ойлгомжгүй. Учир нь, хариуцагч шүүхэд анх гаргасан тайлбартаа талуудын хооронд 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдөр түрээсийн гэрээг байгуулсан болохыг хүлээн зөвшөөрч бичсэн. Нэхэмжлэгч талд түрээсийн гэрээ эх хувиар байхгүй болохыг хариуцагч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад мэдсэн даруй өөрт ашигтай байдлаар гэрээг хүчин төгөлдөр бус гэж маргаж эхэлсэн.
Цаашлаад нэхэмжлэгч талын гаргасан түрээсийн гэрээг нотлох баримтын шаардлагаас хасуулах тухай хүсэлтийг гаргасан. Гэтэл анхан шатны шүүх хэргийн үйл баримтыг тогтоох гол нотлох баримт болох талуудын хооронд 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдөр байгуулагдсан түрээсийн гэрээг хууль бусаар хэргийн оролцогчийн буюу хариуцагчийн хүсэлтээр нотлох баримтаас хассан. Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсгийг зөрчсөн.
6.2 Хэрэгт бичгийн хэлбэрээр авагдсан гэрээ байхгүй, хариуцагч сөрөг нэхэмжлэлдээ ямар нэгэн гэрээ хавсарган өгөөгүй байхад ямар гэрээнд үнэлэлт дүгнэлт өгч Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.4, 56 дугаар зүйлийн 56.1.8 зэрэг гэрээнд тавигдах шаардлага хангаагүй үндэслэлээр сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь ойлгомжгүй байна.
Ийнхүү гэрээг хүчин төгөлдөр бусд тооцсон бол Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт зааснаар үр дагаврыг шийдвэрлэх байтал шүүх үр дагаврыг шийдвэрлээгүй орхисон.
6.3 Гэрч нь түрээсийн гэрээ байгуулах, үл хөдлөх эд хөрөнгийн засвар хийх үйл ажиллагаанд хариуцагчийг бүрэн төлөөлөн ажиллаж байсан болохоо гэрчилсэн бөгөөд түүнийг хариуцагч үгүйсгээгүй. Харин ч хариуцагч нь шүүхэд бичгээр гаргасан удаа дараагийн хариу тайлбартаа т бүрэн итгэл хүлээлгэн ажиллуулж байсан талаараа тодорхой дурдсан байдаг. Гэрээ байгуулах үед хариуцагч нь гэрээнд тамга дараад аваад ирнэ гэж хэлээд гэрээний эх хувиудыг авч яваад нэхэмжлэгчид буцааж өгөөгүй. Энэ талаар нэхэмжлэгч шүүх хуралдаан дээр ч тодорхой хэлсэн. Үүнийг ч хариуцагч үгүйсгээгүй. Иргэний хуулийн 65 дугаар зүйлийн 65.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэл үнэмшил хамгаалагдах учиртай.
Шүүх хэрэгт цугларсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдэн шинжлэн судлагдсан бүх баримтад үнэлэлт дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэх ёстой байтал хэрэгт цугларсан нотлох баримтуудад огт үнэлэлт дүгнэлт өгөөгүй. Тодруулбал, нэхэмжлэгч нь гэрээ цуцлах мэдэгдлийг хариуцагчид өгч, хариуцагч хариу мэдэгдэл өгсөн, талууд хамтран уулзалт хийсэн, нэхэмжлэгчээс түрээсийн гэрээ байгуулах үед засварын зардлыг тооцож байсан талаарх баримтаа өгснийг хэрхэн үнэлсэн нь тодорхойгүй байна. Хэрвээ бидний хооронд түрээсийн гэрээний харилцаа үүсээгүй бол эд хөрөнгө хөлслөх гэрээний харилцаа үүссэн нь талуудын тайлбараар тодорхой байна.
6.4 Шүүх Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.4 дэх хэсэгт заасныг буруу тайлбарлан хэрэглэсэн. Бид өмчлөх эрхийн 1 гэрчилгээтэй үл хөдлөх хөрөнгийг бүхэлд нь хариуцагчид түрээслүүлээгүй, тодорхой хэмжээний талбайг түрээсэлсэн. Энэ тохиолдолд хуулийн дээрх заалт хамаарахгүй.
6.5 Нэхэмжлэгчээс 5,044,262,202 төгрөгийг үндэслэлгүйгээр гаргуулж шийдвэрлэсэн. Манай компанийн ийн зориулалттай барилгыг хариуцагч компани нь үзэж харж, танилцаж, байгаа байдалтай нь танилцсаны үндсэн дээр түрээслэхээр шийдсэн. Улмаар, түрээсийн гэрээ байгуулагдсан 2017 оны 07 дугаар сараас хойш хариуцагч нь манай үл хөдлөх хөрөнгөнд өөрийн үйл ажиллагаандаа зориулж засвар хийж, ашиглаж, ашиг орлого олсоор ирсэн. Гэтэл хариуцагч нь нэг ч төгрөгийн түрээсийн төлбөрийг төлөөгүйн дээр манай барилгыг чөлөөлж өгөхгүй эзэмшиж ашигласаар байна. Үл хөдлөх хөрөнгийг маань бодитоор хариуцагч эзэмшиж ашиглаж, гэрээний үүргээ биелүүлэхгүй, үл хөдлөх хөрөнгийг чөлөөлж өгөхгүй байсаар байна.
6.6 Түрээсийн гэрээ аливаа хэлбэрээр дуусгавар болоход түрээслүүлэгч нь зөвхөн зайлшгүй гарах зардлыг түрээслэгчид төлөх ёстой байдаг. Гэтэл хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй, зайлшгүй зардал юу болох нь ойлгомжгүй, баримтаар нотлогдоогүй байхад хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Хариуцагчаас санхүүгийн баримт гаргуулах хүсэлт гаргахад нэг ч баримт байдаггүй, хариуцагч хариу тайлбар сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа нотолж чаддаггүй. Нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчийн гаргасан зайлшгүй зардлыг тогтоолгохоор шинжээч томилуулах хүсэлтийг гаргасан ч шүүх шинжээчээр тогтоолгох асуудлыг тодорхой тавьж чадаагүй.
6.7 Захирамжийн биелэлт хангагдаагүй байхад хэргийг хянан шийдвэрлэсэн. Шүүгчийн 2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 192/Ш32025/15875 дугаартай захирамжаар шинжээч Барилгын төсөвчдийн холбоо, , , р нараас хөрөнгийн үнэлгээний үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн нотариатаар батлуулсан хуулбарыг гаргуулахаар шийдвэрлэсэн. Гэтэл шинжээч нар нь шүүхийн шаардсан зөвшөөрлийн хуулбарыг шүүхэд ирүүлээгүй. Нэхэмжлэгч нь шүүх хуралдаан дээр шинжээч нарын тусгай зөвшөөрлийн хуулбар шүүхэд ирээгүй, захирамжийн биелэлт хангагдаагүй байгаа талаар тодорхой дурдаж тайлбарласан. Гэтэл анхан шатны шүүх захирамжийн биелэлтийг хангуулж, шинжээч нараас тусгай зөвшөөрлийн хуулбар гаргуулалгүйгээр шүүх хуралдааныг явуулж, хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн.
Үнэлгээ хийх эрх олгогдоогүй этгээдийг шинжээчээр томилж, барилгын засварын ажлын нэр төрөл, тоо хэмжээ, зардлын хэмжээг тогтоолгосон. Шүүгчийн 2024 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 102/Ш32024/16816 дугаар захирамжаар шинжээч томилохдоо Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1, 8 дугаар зүйлийн 8.2.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон Барилгын төсөвчдийн холбоог шинжээчээр томилсон. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2, Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 8.2, 11 дүгээр зүйлийн 11.3, Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2, 16 дугаар зүйлийн 16.1,16.3 дахь хэсэгт тус тус заасны дагуу шинжээч Барилгын төсөвчдийн холбоо болон , , р нар нь шинжээчээр ажиллах тусгай зөвшөөрөлтэй байх ёстой. Гэтэл шинжээч нарын алинд нь ч тусгай зөвшөөрөл олгогдоогүй, шинжээчээр ажиллах эрхгүй байсан.
6.8 Шинжээчийн дүгнэлтээр барилгын засварын ажилд зарцуулсан бодит зардлын хэмжээг үнэн зөв тогтоож чадаагүй. Шинжээч нь төсөв зохиодог стандарт дүрэм, норм аргачлалаар зардлын хэмжээг тогтоосон байгаа тул бодит зардал үнэн зөв тогтоогдоогүй. Хариуцагч нь барилгын утга засварын ажилд 1,818,752,228 төгрөгийн бодит зардал гаргасан байна.
6.9 Эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй, хууль зөрчиж барьсан барилгын 3 дахь давхрын зардлыг нэхэмжлэгчээс гаргуулахаар шийдвэрлэсэн. Хариуцагчийн түрээсээр эзэмшиж, ашиглаж байсан барилга нь 2 давхар. Гэтэл хариуцагч нь Барилгын тухай хуулийн зүйлийг ноцтой зөрчиж, эрх бүхий байгууллагын ямар ч зөвшөөрөлгүй, өөрийн дураар нэмээд 3 дахь давхрыг барьсан. Зөвшөөрөл аваагүй гэдгийг шинжээч нар нотолсон, хариуцагч өөрөө хүлээн зөвшөөрсөн. Хууль зөрчиж барьсан, зөвшөөрөлгүй 3 дахь давхрыг ашиглах боломжгүй, улсын бүртгэл бүртгэхгүй, зохих журмаар өмчлөх боломжгүй, ямар нэгэн байдлаар захиран зарцуулах боломжгүй. Зөвхөн буцаан нураах л ёстой зүйл юм.
Энэ 3 дахь давхар нь шинжээчийн дүгнэлтэд В блок нэртэйгээр 720,819,726 төгрөгөөр үнэлэгдэн тусгагдсан. Шинжээч нар нь шүүх хуралдаан дээр В блокийн барилгыг нэмж барьсан, зөвшөөрөл байгаагүй, шүүгчийн захирамжид дурдсан зардлын хэмжээ тогтоолгох 1,764 м.кв талбай бүхий барилгад хамаарахгүй гэдгийг тодорхой хэлсэн. Хэрэв шүүх 3 дахь давхрыг барихад зарцуулсан зардлыг нэхэмжлэгчээс гаргуулахаар шийдвэрлэх гэж байгаа бол эхлээд тус 3 дахь давхрыг нэхэмжлэгч цаашид зохих ёсоор эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах боломжтой эсэх, хууль ёсны эсэхийг тогтоох ёстой. Гэтэл ийм ажиллагаа огт хийгдээгүй.
6.10 Хариуцагчийн хийсэн гэх гадна зам талбайн тохижилтын ажил нь нэхэмжлэгчийн эзэмшлийн газар дээр хийгдсэн эсэх, түрээсийн барилгад буюу нэхэмжлэгчийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгөнд хамаарах эсэх, тэр нь одоо бодитой байгаа эсэх, эсвэл эвдэрч хэмхрээд, бороо усанд урсаад алга болсон эсэх, байлаа гэхэд түүнийг нь цаашид нэхэмжлэгч бодитой эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах боломжтой эсэх зэрэг шаардлагатай нөхцөл байдлуудыг огт тодруулалгүйгээр 650,584,239 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулахаар шийдвэрлэж байгаад гомдолтой байна.
6.11 Хариуцагч нь барилгын засварын ажлын зардлаа санхүүгийн тайлан балансдаа тусгаагүй, татварын байгууллагад тайлагнаагүй, анхан шатны баримт бүрдүүлээгүй хэмээн тайлбарлаж, холбогдох баримтуудыг шүүхэд гаргаж өгөхөөс татгалзаж байгаа явдал нь хариуцагчийг 4 тэрбум төгрөгийн зардал гаргасан гэдэгт эргэлзээ төрүүлж байна. Барилгын засварын ажлыг хариуцан гүйцэтгэж байсан гэх гэрч нь 700 сая төгрөгийн зардлын баримтыг хариуцагчид хүлээлгэн өгсөн гэдэг боловч хариуцагч түүнийг шүүхэд гаргаж өгөөгүй.
6.12 Шинжээч барилгын засварын ажлын зардлын дүнг тогтоож гаргасан дүгнэлтдээ эд хөрөнгийн элэгдэл хорогдол тооцоогүй. Хариуцагчийн хийсэн барилгын засвар нь 9 жилийн хугацаанд элэгдэлд орж, зарим нь эвдэрч хэмхэрч, зарим нь бүр ашиглах боломжгүй ч болсон байгаа. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсэгт заасны дагуу барилга байгууламж, газрын тохижилтод ашиглах нийт хугацааг 25 жилээр тогтоосон байгаа тул хариуцагчийн ашигласан 9 жилийн хугацааны элэгдэл хорогдлыг тооцон хасах ёстой.
6.13 Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэлээс өөр үндэслэлээр хэргийг шийдвэрлэсэн нь ойлгомжгүй байна. Нэхэмжлэгчээс хариуцагчтай байгуулсан түрээсийн гэрээгээ цуцалсан учраас түрээсийн зүйлээ буцаан авах шаардлага гаргасан атал шүүх хариуцагчийн хууль бус эзэмшлээс түрээсийн зүйлийг гаргуулж шийдвэрлэсэн нь ойлгомжгүй байна.
Түрээсийн төлбөрийн талаар талууд тохиролцсон бөгөөд хариуцагч нь нэхэмжлэгчид түрээсийн төлбөр төлөх үүрэг хүлээгээгүй, түрээсийн төлбөрийн хэмжээг буруу тооцсон гэж маргаагүй. Нэхэмжлэгч нь түрээсийн гэрээ болон тус гэрээний нэгдүгээр хавсралтын дагуу хариуцагчаас түрээсийн төлбөр гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Харин хариуцагч нь барилгын засварын ажил удааширсан, үйл ажиллагаа хожуу эхлүүлсэн, ковид гарч хөл хорио тогтоосон зэрэг шалтгаанаар үйл ажиллагаагаа хэвийн явуулж, ашиг орлого олж чадаагүй тул түрээсийн төлбөр төлөөгүй гэж тайлбарлаж маргасан болохоос биш түрээсийн төлбөр төлөх үүрэг хүлээгээгүй, нэхэмжлэлд дурдсан түрээсийн төлбөрийн хэмжээ тооцоо буруу гэдэг агуулгаар огт маргаагүй. Гэтэл анхан шатны шүүх нь түрээсийн төлбөр гаргуулах нэхэмжлэлийн шаардлага хангалттай нотлогдохгүй байна гэх үндэслэлээр түрээсийн төлбөрт 891,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж байгаа нь үндэслэлгүй байна.
6.14 Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлд заасныг үндэслэн хариуцагчаас 910,800,000 төгрөгийг нэхэмжилсэн байхад түүнийг мөн хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт нийцээгүй хэмээн тайлбарлаж, хэрэгсэхгүй болгож байгаа нь үндэслэлгүй байна. Шүүх нэхэмжлэгчийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч хууль бусаар эзэмшиж байсан гэж үзсэн. Тэгвэл хариуцагч түрээсийн барилгыг хууль бусаар эзэмшиж, ашиглах хугацаандаа хэдэн төгрөгийн ашиг орлого олж үндэслэлгүй хөрөнгөжиж байгааг тогтоож, төлбөрийн хэмжээг тооцоход ач холбогдолтой, хэрэгт хамааралтай нотлох баримт хэрэгт авагдсан байхад түүнийг анхан шатны шүүх үнэлээгүй. Анхан шатны шүүх нь нэхэмжлэлийн 910,800,000 төгрөгийн шаардлагатай холбогдуулан үндэслэлгүй хөрөнгөжсөн эсэх талаар ямар ч үндэслэл тайлбар хийлгүй, шууд түрээсийн төлбөр мэтээр тайлбарлаж хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж байгаа нь үндэслэлгүй байна.
Нэхэмжлэгчийн зүгээс түрээсийн гэрээгээ цуцлах талаар хариуцагчид мэдэгдэж, хариуцагчтай уулзалт хийснээр харилцан тохиролцож гэрээгээ цуцалсан. Цуцалснаас хойш хариуцагч түрээсийн талбайг ашигласаар байх тул ашигласан хугацааны түрээсийн төлбөрийг нэхэмжлэгч шаардах эрхтэй. Гэтэл анхан шатны шүүх үндэслэл тодорхойгүйгээр хангахгүй орхисонд гомдолтой байна.
6.15 Шүүх хуралдаан даргалагч нь шүүхийн шийдвэрийг танилцуулахдаа талуудын хооронд 2017 оны 07 дугаар сарын 07-ны өдөр байгуулсан түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож шийдвэрлэсэн талаар огт хэлж танилцуулаагүй. Гэтэл бичгээр үйлдсэн шийдвэрийн тогтоох хэсгийн 3-т заасан заалт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1 дэх хэсэгт заасныг ноцтой зөрчиж байна. Нэхэмжлэгчийн зүгээс шүүх хуралдааны шийдвэр танилцуулсан хэсгийн бичлэгийг авч, гомдолдоо хавсарган өгөхийг хүссэн боловч анхан шатны шүүхийн тамгын газар бичлэг өгөхөөс татгалзаж, давж заалдах шатны шүүхэд хүсэлтээ гаргаад шүүхийн журмаар авхуулах боломжтой гэсэн тул анхан шатны шүүх хуралдааны шийдвэр танилцуулсан хэсгийн бичлэгийг шүүхийн тамгын газраас авхуулах хүсэлтэй байна. Түүнээс гадна 2025 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэл өнөөдрийг хүртэл бичигдэж гараагүй байгаад ч гомдолтой байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.
7. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга:
7.1 Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт зааснаар шүүх өөрийн эрх хэмжээний хүрээнд захирамж гаргаж нотлох баримтыг хассан. Давж заалдах шатны шүүх нотлох баримтыг хассан эсэх талаар шийдвэрлэх боломжгүй.
7.2 Барилгын төсөвчдийн холбооноос гаргасан шинжээчийн дүгнэлтэд дэлгэрэнгүй дурдсан. Шинжээчийн дүгнэлт буруу гарсан гэх агуулгаар нэхэмжлэгч тал маргадаг. Тусгай мэдлэг бүхий этгээдийг шүүх томилж дүгнэлт гаргуулсан. Шинжээчийн дүгнэлтийг зөв, буруу эсэхийг тайлбарлах боломжгүй. Нэхэмжлэгч тал шинжээчийн гаргасан дүгнэлтийг тодруулах эсхүл дахин шинжээч томилуулж дүгнэлт гаргуулах тухай хүсэлтийг анхан шатны шүүх хуралдааны явцад гаргаагүй буюу өөрт олгогдсон эрхээ хэрэгжүүлээгүй. Шинжээч шүүх хуралдаанд оролцож мэдүүлэг өгч дүгнэлтээ тайлбарласан. Барилгын төсөвчдийн холбооны 3 шинжээчийн тусгай зөвшөөрөл олгогдсон баримтыг хэрэгт ирүүлээгүй гэж давж заалдах гомдолд дурдсан. Хөрөнгийн үнэлгээний дүгнэлт гараагүй. Хөрөнгийн үнэлгээний болон Шүүх шинжилгээний тухай хуульд зааснаар хөрөнгийн үнэлгээний дүгнэлт гаргах тохиолдолд тусгай зөвшөөрөл эзэмших ёстой. Барилгын төсөвчдийн холбооноос төсвийн үзүүлэлтийг гаргасан. Хөрөнгийн үнэлгээ хийгээгүй болохыг шинжээч нар шүүх хуралдааны явцад тайлбарласан учраас нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй.
7.3 Сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж үндэслэлээ нотлохын тулд -аар хөрөнгийн үнэлгээ хийлгэж дүгнэлт гаргуулсан. Уг дүгнэлтийг нэхэмжлэгч тал хүлээн зөвшөөрөхгүй байсан учраас Барилгын төсөвчдийн холбооноос дүгнэлт гаргаж 4,000,000,000 төгрөгөөр үнэлсэн. Мөн хөрөнгө оруулалтын үнэлгээг гаргасан. Нэхэмжлэгч тал энэ талаар маргаагүй, хүлээн зөвшөөрсөн.
7.4 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-т заасан үндэслэлээр гомдлын шаардлага гаргасан. Улсын Дээд шүүхийн 2019 оны 20 дугаартай зөвлөмжид зааснаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-168.1.7-т заасан үндэслэл тогтоогдвол ноцтой зөрчил гаргасан гэж үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцаах ёстой. Нэхэмжлэгч талын давж заалдах гомдол дурдсанаар аль үндэслэлийг зааж байгаа нь тодорхойгүй. Шүүх хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлаагүй.
Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******-д холбогдуулан, *******, хорооны нутаг дэвсгэрт байрлах, байсан, суурийн 1,764 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг чөлөөлөхийг *******-д даалгах, түрээсийн төлбөрт 891,000,000 төгрөг, гэрээ цуцлагдсан 2022 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс түрээсийн зүйлийг чөлөөлж өгөлгүй ашиглаж, 2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийг хүртэл үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 910,800,000 төгрөг, нийт 1,801,800,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
2.1 Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, 2017 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн Түрээсийн гэрээ-г хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, *******-ийн үйл ажиллагаа явуулж буй барилгын дулаан, халуун хүйтэн усыг таслахгүй байх, үйл ажиллагаанд аливаа хэлбэрээр саад учруулахгүй байхыг *******-д даалгах, ашиглаж байсан үл хөдлөх эд хөрөнгийг засварлахад зарцуулсан зардал, оруулсан хөрөнгө оруулалтад нийт 5,457,540,493 төгрөг гаргуулахаар сөрөг шаардлага гаргасныг нэхэмжлэгч эс зөвшөөрч маргажээ.
3. Хэрэгт авагдсан бичмэл нотлох баримт болон талуудын тайлбарыг үндэслэн анхан шатны шүүх дараах үйл баримтыг зөв тогтоосон.
3.1 *******-ийн 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Үндсэн хөрөнгийн жагсаалт-д 2003 оноос хойш цутгуурын цех бүртгэлтэй байсан. /1хх 32/ *******-ийн итгэлцүүрийг өөрчилсөн хөрөнгөд цутгуурийн цехийн барилга бүртгэлтэй. /3 хх70/
3.2 Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаагаар *******-ийн гүйцэтгэх удирдлагаар 2007 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс захирлаар бүртгэгдсэн, 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрөөс гүйцэтгэх захирлаар бүртгэгдсэн байна.
3.3 Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр *******, хороо, //, гудамж тоот хаягт байршилтай, 2,872.67 м.кв талбайтай, үйлдвэрлэлийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр *******-ийг 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдөр бүртгэсэн. /3хх 153/
3.4 Талуудын тайлбараар 2017 оны 07 дугаар сарын 07-ны өдөр түрээсийн гэрээ гэх баримтыг үйлдэн, уг хөрөнгийг ******* нь засан сайжруулж, мөн өдрөөс эзэмшиж, ашиглаж байгаа.
3.5 ******* нь *******-д түрээсийн төлбөр төлөөгүй.
3.6 ******* нь *******-д 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдөр 01 дугаар мэдэгдлээр ...Бидний хооронд байгуулсан түрээсийн гэрээний 10.4 дүгээр зүйлийн 10.4.1, 10.4.2-т зааснаар түрээслүүлэгчийн санаачилгаар гэрээг энэ өдрөөс эхлэн цуцалж байна. Түрээсийн объектыг 2022 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн дотор бүрэн чөлөөлж өгнө үү. Түрээсийн гэрээний дагуу түрээсийн төлбөрийг энэ өдрөөр буюу 2022.05.06-ны өдрөөр тасалбар болгон тооцож нэн даруй төлөхийг шаардаж байна гэх мэдэгдлийг хүргүүлсэн. /1хх 18/
3.6.1 *******-ийн 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 39 дугаар Хариу мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгээр ...танайхаас ирүүлсэн түрээсийн гэрээг цуцлах үндэслэл нь үндэслэлгүй тул гэрээг цуцлахыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Харин дээрх асуудлуудыг хэлэлцэхээр албан ёсны уулзалтыг 2022 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 14:00 цагт уулзалт товлон хоёр талын албан тушаалтнуудыг байлцуулан ярилцаж эвийн журмаар шийдвэрлэх хүсэлтэй байна гэх хариуг *******-д хүргүүлсэн. /1хх 19-20/
3.6.2 *******-ийн 2022 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 22/02 дугаар албан мэдэгдлээр ...түрээсийн төлбөрийг 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн үе шаттайгаар төлж байхаар тохиролцсон. ...Танай хариу мэдэгдэлд дурдсан нэг ч асуудлыг бид хүлээн зөвшөөрөхгүй гэсэн. /1хх 21/
3.6.3 ******* 2022 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 15 цагт *******-ийн хүсэлтээр цутгуурын цехийн өрөөнд уулзалт хийж, уулзалт хийсэн болохоо баталгаажуулж талууд гарын үсэг зурсан байна. /1хх 22-26/
3.6.4 *******-ийн 2022 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 03 дугаар Мэдэгдэл-ээр Манай байгууллагын зүгээс түрээсийн гэрээг үргэлжлүүлэх боломжгүй байна. Иймд түрээсийн объектыг 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн дотор чөлөөлнө үү гэх мэдэгдлийг хүргүүлсэн. /1хх 27/ ******* 2022 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 40 дугаар Хариу мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгээр ...оруулсан хөрөнгө оруулалтын асуудлаа бүрэн шийдэгдэж дуусах хугацаанд байгуулсан түрээсийн гэрээний харилцааг ямар нэгэн байдлаар цуцлах, дуусгавар болгохгүй болохоо албан ёсоор мэдэгдэж байна гэсэн. /1хх 29/
4. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2022 оны 08 дугаар сарын 03-ны өдөр гаргасан хариу тайлбартаа ...*******-ийн бүх эрх мэдлийг хэрэгжүүлдэг той түрээсийн гэрээ хийнэ, дараа нь бүх юмны учир олдоно хэмээн яаруулж гэрээ гэх бичгийг үйлдэж тэр хоёр хүн гарын үсэг зурсан гэх тайлбарыг гаргасан. /1хх 81-84/
4.1 Талуудын хооронд түрээсийн гэрээ байгуулагдсан гэж гэрч мэдүүлсэн боловч хэргийн 1 дүгээр хавтаст хэргийн 29-31 дүгээр талд авагдсан түрээсийн гэрээ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан бичгийн нотлох баримтад тавигдах шаардлагад нийцээгүй байна.
4.2 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр хариуцагч нь дээрх түрээсийн гэрээ гэх баримтыг нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргасныг мөн өдөр шүүгчийн 102/ШЗ2023/07108 дугаар захирамжаар хангаж, 1 дүгээр хавтас хэргийн 29-34 дүгээр талд авагдсан дээрх түрээсийн гэрээ гэх баримтыг хэргийн нотлох баримтаас хассан байна. /2хх 15/ Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхээс гэрээг нотлох баримтаар гаргуулахаар талуудаас шаардсан боловч талуудын хэн аль нь гэрээг нотлох баримтын шаардлага хангасан байдлаар гаргаж өгөөгүй байна. Иймд шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт зааснаар тухайн баримтыг хэргийн нотлох баримтаас хассан нь үндэслэлтэй байх тул энэ талаарх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй.
4.3 Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3 дахь хэсэгт хуульд өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээг бичгээр байгуулах бөгөөд үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлнэ гэж, мөн хуулийн 318 дугаар зүйлийн 318.4 дэх хэсэгт энэ хуулийн 318.3-т заасан шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байхаар заасан. Талууд түрээсийн гэрээг бичгээр байгуулаагүй боловч хэлцэл байгуулсан үйл баримтад маргаагүй. Тухайн үйл баримтаар талуудын хооронд хүчин төгөлдөр түрээсийн гэрээ байгуулагдсан гэж үзэх боломжгүй. Учир нь, энэ тохиолдолд тухайн хэлцэл нь хуульд заасан бичгээр байгуулж, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлэх шаардлагыг хангахгүй байх тул анхан шатны шүүх тухайн хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.4 дэх хэсгийг зөрчөөгүй байна. Иймд гэрээ хүчин төгөлдөр гэх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй.
5. Анхан шатны шүүх хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг шийдвэрлэхдээ үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй байна. Өөрөөр хэлбэл, хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаварт аливаа этгээд үндэслэлгүй хөрөнгөжих учиргүй бөгөөд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт зааснаар хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй.
5.1 Талуудын тайлбараар хариуцагч нь маргааны зүйл болох нэхэмжлэгчийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг 2017 оны 07 дугаар сарын 07-ны өдрөөс өөрийн эзэмшилд байлгах хугацаандаа засан сайжруулсан. Улмаар, 2021 оны 12 дугаар сараас аж ахуйн зориулалтаар ашиглаж байгаа үйл баримт хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байна.
5.1.1 Талуудын хооронд байгуулсан дээрх хэлцэл нь нэгэнт хүчин төгөлдөр бус тул нэхэмжлэгч нь хариуцагчаас түрээсийн гэрээний төлбөр болон ашигласан хугацааны төлбөрийг гэрээнд заасан хэмжээгээр буюу гэрээний үүргийг шаардах боломжгүй. Харин Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 493 дугаар зүйлийн 493.1 дэх хэсэгт зааснаар хөрөнгийг хариуцагч ашигласан хугацаагаар үр шимийг нь нэхэмжлэгч шаардах эрхтэй. Тодруулбал, нэхэмжлэгч нь хариуцагчаас 1,801,800,000 төгрөг гаргуулах шаардлагаа хүчин төгөлдөр бус хэлцэлд заасан үнийн дүнгээр тодорхойлсон. Хариуцагч уг үнийн дүнг баримтаар үгүйсгэн маргаагүй. Энэ нөхцөлд тухайн үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч ашигласан хугацаанаас хамаарч уг үнийг тодорхойлсон хэмжээгээр нэхэмжлэгч нь үр шимийг шаардах эрхтэй. Өөрөөр хэлбэл, 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдөр хүртэл 11,500,000 төгрөгөөр, 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөс 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл 23,000,000 төгрөгөөр, 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс 2024 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл 27,000,000 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс 2027 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл 30,000,000 төгрөгөөр үр шимийн хэмжээг тодорхойлох боломжтой.
Иймд 2021 оны 12 дугаар сараас 2024 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр хүртэлх үр шимийг сарын 27,000,000 төгрөгөөр тооцож, 33 сарын 891,000,000 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр хүртэлх үр шимийг сарын 30,000,000 төгрөгөөр тооцож, нийт 8 сарын 240,000,000 төгрөг, бүгд 1,131,000,000 төгрөгөөр хариуцагчийг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэхээр байх тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас 1,131,000,000 төгрөгийг гаргуулахаар шаардах эрхтэй. Энэ талаарх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт хариуцагчаас 1,131,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосон өөрчлөлт оруулна.
5.2 Хариуцагч нь маргааны зүйл болох тухайн үл хөлдөх эд хөрөнгийг 2017 оны 07 дугаар сарын 07-ны өдрөөс хойш өөрийн эзэмшил, ашиглалтад байлгах хугацаандаа нийт 4,042,875,202 төгрөгийн засан сайжруулалт хийлгэсэн нь шинжээч Барилгын төсөвчдийн холбооны 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн дүгнэлтээр нотлогдож байна. Тодруулбал, шинжээчийн дүгнэлтэд *******-ийн хийсэн засварын ажлын тоо, хэмжээг барилгын засварын ажил /А, Б, В блок/ 2,671,471,237 төгрөг, өргөтгөлийн барилгын ажил /В блок/ 720,819,726 төгрөг, гадна тохижилтын ажил 650,584,239 төгрөг, нийт 4,042,875,202 төгрөг гэж тогтоосон. /4хх 144-239/ Уг дүгнэлтийг нэхэмжлэгч нь маргаж, дахин шинжилгээ хийлгэх хүсэлтийг шүүхэд гаргаагүй. Мөн тухайн дүгнэлтэд дурдсан гадна тохижилт нь нэхэмжлэгчийн эзэмшлийн газарт хамаарахгүй талаар нэхэмжлэгч маргаагүй. Түүнчлэн, В блок нь 3 дугаар давхарт хамаарах ажил байх бөгөөд уг 3 дугаар давхрыг зохих эрх бүхий этгээдийн зөвшөөрөлгүй хийж гүйцэтгэсэн эсэх нь хариуцагчийн буцаан шаардах эрхийг үгүйсгэхгүй.
5.2.1 Анхан шатны шүүх сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 4,042,875,202 төгрөгийг хангаж шийдвэрлэсэн нь шийдлийн хувьд зөв байх боловч хууль хэрэглээний хувьд Иргэний хуулийн 95 дугаар зүйлийн 95.2 дахь хэсгийг тайлбарлан хэрэглэсэн нь оновчгүй болжээ. Учир нь, дээрх тохиолдолд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй. Хариуцагч нь маргааны зүйл болох тухайн хөрөнгөд 4,042,875,202 төгрөгийн засан сайжруулалт хийсэн, үүнийг харилцан буцаан өгөх боломжгүй тул тэр хэмжээгээр нэхэмжлэгчийг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзнэ. Өөрөөр хэлбэл, хариуцагчийн шаардах эрхийн үндэслэл нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 493 дугаар зүйлийн 493.1 дэх хэсэгт заасан зохицуулалт хамаарна. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 4,042,875,202 төгрөгийг эс зөвшөөрсөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй.
5.3 Харин анхан шатны шүүх сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас хөрөнгө оруулалтын үнэлгээ 1,001,387,000 төгрөгөөр нэмэгдсэн гэх шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ. -ийн 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний тайлангаар маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн үнэ цэнийг 14,153,461,000 төгрөг болохыг тогтоож, өнөөгийн үнэ цэнээс анхны хөрөнгө оруулалтын үнэ цэнийг хасч, хөрөнгө оруулалтын өнөөгийн үнийг тооцоход 2,219,949,000 төгрөг болохыг дурдаад, нийт хөрөнгө оруулалтын 45.1 хувь нь хариуцагчид ногдох хөрөнгө оруулалт гэж үзээд, түүнд ногдох үнэ цэнийг 1,001,387,000 төгрөг болохыг тайлагнасан. /5хх 141-1664/
5.3.1 Иргэний хуулийн 493 дугаар зүйлийн 493.1 дэх хэсэгт заасан буцаан шаардах шаардлагад өөр этгээдэд шилжүүлсэн хөрөнгө, түүнээс олсон орлого, үр шим, түүнчлэн тухайн хөрөнгийг эвдсэн, устгасан, гэмтээсэн буюу хураалгасан бол нөхөн төлбөрт авах бүх зүйл хамаарна гэснээс үзвэл сөрөг шаардлагын зарим хэсэг болох 1,001,387,000 төгрөг нь буцаан шаардах шаардлагад хамаарахгүй зүйлс байна. Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, шийдвэрт уг хэсгийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлт оруулна.
6. Анхан шатны шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас маргааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагчийн хууль бус эзэмшлээс чөлөөлж шийдвэрлэсэнд хариуцагч давж заалдах гомдол гаргаагүй тул давж заалдах шатны шүүх шийдлийн тухайд дүгнэлт хийх шаардлагагүй байна. Харин хууль хэрэглээний хувьд анхан шатны шүүх Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсгийг тайлбарлан хэрэглэсэн нь оновчгүй болжээ. Учир нь, нэхэмжлэгчийн дээрх шаардах эрх нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт хамаарч байх тул энэ талаар шийдвэрт өөрчлөлт оруулна.
6.1 Түүнчлэн, анхан шатны шүүх сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас *******-ийн үйл ажиллагаа явуулж буй барилгын дулаан, халуун хүйтэн усыг таслахгүй байх, үйл ажиллагаанд аливаа хэлбэрээр саад учруулахгүй байхыг *******-д даалгах хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд хариуцагч давж заалдах гомдол гаргаагүй тул талуудын зарчимд үндэслэн энэ талаар дүгнэлт хийгээгүй болно.
6.2 Мөн анхан шатны шүүх хэлцлийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцох сөрөг шаардлагыг бие даасан шаардлага гэж үзэн, шийдвэрийн тогтоох хэсэгт шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ. Учир нь, дээрх шаардлага нь 5,457,540,493 төгрөг гаргуулах сөрөг шаардлагын үндэслэл болж байх тул шийдвэрийн тогтоох хэсгийн 3 дахь заалтыг хүчингүй болгоно.
7. Шинжээч , , р нарт Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.2, 13, 14 дүгээр зүйлд заасан эрх, үүргийг тайлбарлан, 15 дугаар зүйлд заасан шинжээчийн үйл ажиллагаанд хориглох зүйлийг тайлбарлан өгсөн, Шинжээчийн танилцуулга болон хууль тайлбарласан тухай баримт-д гарын үсэг зуруулсан байна. /4хх 233-239/
7.1 Нэхэмжлэгчээс шинжээчийн дүгнэлт гаргасан , , р нарыг шүүх хуралдаанд оролцуулах, мөн шинжээчдээс хөрөнгийн үнэлгээний үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлүүдийг баримтаар гаргуулах хүсэлт гаргасныг шүүгчийн 2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 192/ШЗ2025/15875 дугаар захирамжаар хангаж шийдвэрлэсэн. Барилгын төсөвчдийн холбооны 2025 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 33/02 дугаар албан бичгээр тус холбооны гишүүн шинжээч нарын мэргэжлийн гэрчилгээний хуулбарыг хавсарган хүргүүлсэн байна. /5хх 37-41/ Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн Үнэлгээ хийх эрх олгогдоогүй этгээдийг шинжээчээр томилж, барилгын засварын ажлын нэр төрөл, тоо хэмжээ, зардлын хэмжээг тогтоолгосон гэх давж заалдах гомдлыг хангахгүй.
Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 192/ШШ2025/04684 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн
1 дэх болон 2 дахь заалтыг нэгтгэн, 1 гэж дугаарлан, уг заалтыг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч *******-ийн өмчлөлийн, *******, хороо, ний зүүн урд байрлах, байсан 1,746 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг чөлөөлж өгөхийг хариуцагч *******-д даалгаж, хариуцагч *******-аас 1,131,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 670,800,000 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. гэж өөрчилж,
3 дахь заалтыг хүчингүй болгож,
4 дэх заалтыг 2 гэж дугаарлаж, уг заалтыг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч *******-аас 4,042,875,202 төгрөг гаргуулан хариуцагч *******-д олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1,001,387,000 төгрөг гаргуулах хэсгийг, *******-ийн үйл ажиллагаа явуулж буй барилгын дулаан, халуун хүйтэн усыг таслахгүй байх, *******-ийн үйл ажиллагаанд аливаа хэлбэрээр саад учруулахгүй байхыг *******-д даалгах тухай хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгосугай. гэж,
4 дэх заалтыг 3 гэж өөрчлөн дугаарлаж, уг заалтын 25,379,261 гэснийг 20,372,326 гэж өөрчилж,
5 дахь заалтыг 4 гэж өөрчлөн дугаарлаж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч *******-аас төлсөн 38,373,210 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах бөгөөд энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гом дол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.АЛТАНЦЭЦЭГ
ШҮҮГЧИД Д.ЗОЛЗАЯА
М.БАЯСГАЛАН